Х.Пүрэвтогтох
/УТБА-ийн багш/
Шинэ толь №25, 1999
Өмнөх үг
Миний өчүүхэн бие энэхүү бэсрэгхэн хийгээд нүднээ үл тусагч эгэлхэн өгүүллэгээ бичих үү, болих уу хэмээн удаан эргэлзсэний эцэст за алдвал ч алдаг, оновол ч оног хэмээн зүрх гарган дэлгэн хэлхвэй. Мэргэн уншигч та бээр өөрийн оюун билиггээ шүүн тунгааж, мөхөс миний алдаа дутагдлыг өршөөн хэлтрүүлэх буй заа хэмээн дорд би бээр итгэн хүсэмжлэх авай.
Чухам үүнийг бээр бичих болсон шалтгаан хэмээвээс Монголчуууд бид өнө эртнээс өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сэтгэхүй, зан заншил, угсаа гарал, ёс суртахуун, түүх, ахуй амьдрал, аж төрөхүйн хэв хэвшил, түүн лүгээ нэн зохицсон гүн ухааны баялаг өв уламжлалтай ард түмэн гэдгээ хэнээр хэлүүлэх юун. Гэвч түүхийн гэрэлтэй сүүдэртэй, цагаантай хартай орчлонгийн хэлхээсэнд бусад улс үндэстний адилаар нэгэн үе мандан бадарч, нэгэн үе бөхөн доройтож явсан лугаа адил монголчууд бидний философи сэтгэлгээний хөгжил ч мөн түүн лүгээ адил бид саяхныг хүртэл шашин гэхээр буддизм, буддизм гэхээр шарын шашинг, философи гэхээр марксизмыг хэлдэг юм шигээр хэтэрхий явцуу хүрээнд ойлгодог бас төсөөлөн боддог байсан маань эдүгээ хэнд ч нууц биш болжээ.
“Алтыг нь аваад авдрыг нь…” гэгчээр миний бие энд бидний уламжлан тогтсон философи сэтгэхүй, сэтгэлгээний арга барил болсон диалектик материализмыг гутаан доромжлох хийгээд, түүнийг үгүйсгэх гэсэн өчүүхэн төдий ч үнэр үгүй гэдгээ юу юуны түрүүнд онцлон хэлэх байна.
Гагцхүү, бидний үнэн хэмээн итгэн биширч, даган баримталдаг байсан марксизм маань буруудан доройтсондоо биш харин Социализм, Коммунизм хэмээх нэрэн дор нэг намын үзэл суртал, бүхнийг тэгшитгэн үзэх аливаа хандлагыг халж, ардчилал, тэгш эрх, олон ургальч үзлийг гарган дэвшүүлж байгаатай холбогдон, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөн даган баримталж буй философийн бусад салбар ухааныг хийгээд үзэл онол, номлол сургаалуудын цоморлигийг хэвшин тогтсон мэргэжлийн түвшинд нь хэрхэн авч үздэг юм бэ гэдгийг цухас төдий гарган таниулахыг зорихын ялдамд, өнөөгийн бидний монголын нийгэм дэх философи сэтгэлгээ, түүнд өгөх үнэлэлт дүгнэлтийг дахин хянаж үзэх нь зайлшгүй болоод байгааг орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ, иргэний ухамсар, ертөнцийг үзэх үзэл төдийгүй бүр цаашилбал, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөв, философи сэтгэлгээний тогтсон түвшин, уламжлалт хэллэг, зан үйл биднээс нэхэн шаардаж байгааг хэн бүхэн дор бүрнээ илхэнээ мэдэх билээ.
Гэтэл дээрх тулгамдсан асуудлын үнэ цэнийг хэт орхигдуулан цалгардуулснаас шууд хамааран (үнэн хэрэг дээрээ үүнийг ойлгож байгаа хүн тун цөөхөн байгаад хэргийн учир нь байгаа юм) нийгмийн ухамсрын түвшин, ард иргэдийн ертөнцийг үзэх үзэл бүр цаашилбал, улс төр, нийгмийн сэтгэлгээнд төдийгүй, Монголын үндэсний сэхээтний философи сэтгэлгээний хүрээнд томоохон хямрал ажиглагдах боллоо.
Хэрвээ энэ хямрал цаашид энэ чигээрээ үргэлжлэх юм бол ардчилал, олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг… зэрэг бидний яриад байгаа бүх юмс ямар ч утга учир, хэм хэмжээгүй замбараагүйдэл, цөөнхийн ашиг харсан балчиг намаг, улс төрийн улайрсан өс хонзон болох болно гэдгийг философи гадарладаг хэн бүхэн мэдэж байгаа бизээ.
Энд чухам ямар хямралын тухай яриад байна вэ гэвэл манай иргэдийн ухамсрын түвшин, ертөнцийг үзэх үзэлд өөрийн гэсэн итгэл үнэмшил, зорилго чиглэл, боловсролын хэм хэмжээ, ёс суртахууны зохист байдал илтээр доголдон дутагдаж байгаа нь дан ганц улс төр, нийгэм, эдийн засгийн хямралаас шалтгаалж байгаад бус харин үндэстний цөөнх болох сэхээтнүүдийн маань олж авсан боловсролын хэлбэр, гүн ухааны чөлөөт сэтгэлгээнээс буюу бүр шулуухан хэлбэл, фиолософич хэмээн нэрлэгддэг эрдэмтэн багш нараас маань ихээхэн зүйл хамаарч байгаа гэдгийг би энд онцлон хэлэх гэсэн юм.
Тэд нар маань аман дээрээ марксизмаас татгалзлаа хэмээх боловч үнэн хэрэг дээрээ өнөөх л хуучин үзэл бодол, хэвшин тогтсон философи сэтгэлгээнээсээ гарч чадахгүй байгаад асуудлын гол нь оршино. Энэ нь ч тэдний буруу биш.
Дээрх учир шалтгааныг зүйрлэн хэлвээс амьдралын хатуу хөтүү нугачаанд үздэгээ үзэн, хийдгээ хийсэн өвгөн буурлын үзэл бодлыг өөрчилнө гэдэг нь тэнхлэгээ тойрогч цэнхэр нүдэнг (дэлхийг) нөгөө тийш нь эргүүлэх лүгээ адил үл гүйцэлдэх санаархал болох бизээ.
Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгчээр бид өөрсдийн зарим нэгэн учир дутагдалтай, хэт явцуу (өөрөөр хэлбэл, зөвхөн марксист байр сууринаас ертөнцийг үзэгч) үзэл бодлоосоо ангижран салах явдал нь өнөөгийн бидний философи сэтгэлгээний хүрээнд нэн хурцаар тавигдаад байна.
Энэ нь нэгдүгээрт, бүхнийг эзэгнэгч он цагийн эрхээр буюу эргэлдэн улирагч хорвоогийн жамаар, хоёрдугаарт, үзэгдэл юмсын дотоод зөрчил, эргэн шилжих хуулийн дагуу өнөөгийн монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л хүрээнд үзэгдээд байгаа тулгамдсан асуудлуудын мөн чанарыг зүй зохистойгоор олж харах, сэтгэх, тайлбарлан таниулж, улмаар асуудлыг шийдвэрлэж чадах философийн шинэ сэтгэлгээг шаардаж байгаад, гуравдугаарт, монголын нийгмийн хөгжлийн чиг хандлага, хувиралт өөрчлөлт, зайлшгүй хэрэгцээг даган дэлхий дахины философи сэтгэлгээний жишигт түвшинд ойртон нэгдэх шаардлага буюу гадаад хүчин зүйлс зэрэг гурван үндсэн шалтгаан бүрэлдэн тогтсоны үндсэн дээр өнөөгийн монголын нийгмийн амьдрал, улс төр, эдийн засаг, соёл боловсролын бүхий л салбарт төдийгүй иргэдийн ухамсар, тэдний ертөнцийг үзэх үзэлд, тэр тусмаа нийгмийн ухааны багш нарын дунд хэвшин тогтсон марксист философийн сэтгэхүйг ганхуулан няцааж, хүн төрөлхтний философи сэтгэлгээний жишигт түвшинд сэтгэх асуудал нэн хурцаар тавигдаад байна.
Учир иймийн тулд бодит байдал, нийгмийн эрэлт хэрэгцээ хийгээд, дээрх шаардлагаас үндэслэн энэхүү бэсрэг өгүүллэгтээ дэлхий дахины философи сэтгэлгээний түвшинд бидний төсөөлөл, үзэл бодол буюу уламжлан тогтож, хэвшин дадсан философийн тулгуур ойлголтууд маань чухам ямар түвшинд, хаана нь явна вэ гэдэг асуудлыг онцлон хөндөхийн үүднээс эхний удаад марксизм, метафизик, онтологи хэмээх гурван үндсэн ухагдахуунаар жишээ болгон тайлбарлан гаргахыг зорилоо.
Чухам яагаад энэхүү гурван ойлголтыг жишээ болгон авахад хүрсэн юм бэ гэвэл: нэгдүгээрт, зарим хүмүүсийн сэтгэлгээнд философи гэхээр гагцхүү марксист философийн тулгуур ойлголт болох “Философийн үндсэн асуудал”, “Диалектикийн үндсэн гурван хууль”, “Хос категориуд” хэмээн явцуу төсөөлөх хандлага өнөөдрийг хүртэл хүчтэй хэвээр байгаад, хоёрдугаарт, метафизик, онтологи зэрэг философийн үндсэн тулгуур ойлголтыг хэт явцуу төсөөлөх, улмаар энэ нь дэлхий дахины философи сэтгэлгээн дэх уламжлан тогтсон тулгуур ойлголт, ухагдахуунуудтай зөрчилдөх хандлага манай философийн сургалтад бодитойгоор оршиж байгаа төдийгүй одоо ч гэсэн оюутан сурагчид, шавь нартаа дээрх ойлголтыг хуучин байдлаар нь зааж сургах хандлага хүчтэй хэвээр байгаа учраас дээрх гурван категорийг сонгон авсан болно.
Хэл, сэтгэхүй хоёр нь бие биенээс үл хамаарагч салангид зүйл бус харин тэдгээр нь нэгэн зүйл болох тухай бид сайн мэдэх тул элдвийг тайлбарлан нуршилгүй шууд л “философи” хэмээн тогтон нэршсэн үгнээсээ эхэлье.
Нэг. Философи буюу философийн тухай энгийн хүүрнэхүйд
Философи хэмээх үгийн тухай өгүүлэхүйд
Гүн ухаан, философи гэж чухам юу вэ? хэмээн өөрийн дотны найз нөхөд болон багш нараасаа би нэгэн удаа лавлан асуухуйд тэд их л номын дүрийг эсгэнгээ “Байгаль, нийгэм, хүмүүсийн сэтгэхүй хийгээд танин мэдэхүйн үйл явц нэгэн адил захирагдан байдаг түгээмэл зүй тогтолын тухай шинжлэх ухаан буюу нийгмийн ухамсрын нэгэн дээд хэлбэр, энэ нь эцсийн дүндээ нийгмийн эдийн засгийн харилцаагаар тодорхойлогдогч шинжлэх ухаан буюу түгээмэл зүй тогтол, ерөнхий хуулиудын тухай судалдаг ухаан болохынхоо хувьд шинжлэх ухаануудын шинжлэх ухаан юм. Энэ нь бүх шинжлэх ухаануудын эцэг болохынхоо хувьд…” гээд л арваад жилийн өмнөх чихнээ улиг болон тогтсон өнөөх л лекцээ уншиж эхэлсэн тул тэднээс хүлцэл өчөөд үгүй ээ үүнийг чинь бид гарт дайралдах дуртай номноосоо харчихаж болно шүү дээ гагцхүү энд, зөвхөн чиний үгийг, таны төсөөллийг чинь сонсон мэдэх гэсэн юм хэмээн учирласанд тэд хэсэг хугацаанд бодлогширсноо дараахь зүйлийг ярьж билээ (гэхдээ тэдний ихэнх нь багш, сэхээтэн хүмүүс байсан гэдгийг санаарай!). “Гүн ухаан гэхээр нэг л хүрж боломгүй тэнгэрлэг зүйл, эсхүл ойлгохын аргагүй гүн гүнзгий утга санаа гэж, нөгөө хэсэг нь болохоор гүн ухаан гэдэг нэг бодлын хэн хүнд ойлгомжтой, энгийн, тодорхой үзэгдэл юмсыг нэг л ойлгомжгүй болгохын тулд ойлгомжгүй хэлээр, бас нэг л ойлгомжгүй хүмүүсийн улайран маргалдаад байдаг бүдэг бадаг, утгагүй солиорол, эс бөгөөс, бодит байдал, амьдралаас тасарсан хэсэг бүлэг хүмүүсийн хэнд ч хэрэггүй номын маргаан байх. Харин Философи гэдэг үгийг өмнө нь сонссон санагдана. “Фило“- гэдэг нь дурлах, “софия”- гэдэг нь цэцэн мэргэн, ингээд нийлэхээрээ “Цэцэн мэргэнд дурлах” гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд Өрнийн философийн эцэг хэмээн алдаршсан Сократ, Плато нар анх хэрэглэсэн гэдэг. Матери, ухамсар, философийн үндсэн асуудал, метафизик, онтологи, суурь, давхрага, Гегель, Маркс ….өөр юу юу ч гэлээдээ маргалдаад л байдаг шиг санаж байна. Чухам юуны төлөө, яах гэж цэц булаацалдан маргалдаад байдгийг нь яг үнэн хэрэг дээрээ нэг сайн ойлгодоггүй шүү” хэмээн өгүүлж билээ. Энэ бол бидний дүр зураг, философи сэтгэлгээ, философийн тухай төсөөллийн маань нэгээхэн хэсэг юм гээд хэлчихвэл арай хатуудчихдаг болов уу?
Яагаад ч юм бүү мэд, философи гэхээр амьдралаас тасарсан хэсэг бүлэг мэргэжлийн хүмүүсийн хооронд хэлэлцэгддэг нэг л тийм ойлгоход хэцүү хүнд зүйл гэсэн үзэл санаа дийлэнх олонхын үзэл бодолд яагаад ч юм тогтчихсоныг би хувьдаа ойлгодоггүй бөгөөд ямарч байсан миний найз нөхдийн ихэнх нь ийм бодолтой байсан гэдгийг л баттайгаар хэлж чадах байна.
Тэгвэл гүн ухаан, философи гэж юу юм бэ? Философи гэдэг нь цэцэн мэргэнд дурлах гэсэн Грек үгнээс гаралтай гэдгийг хэн бүхэн сайн мэдэхээр барахгүй лекц болгондоо ишлэл болгон оруулдаг атлаа “Гүн ухаан” гэж юу гэсэн үг болох, хэдийд хэрхэн үүссэн хэллэг зэргийг тайлбарлан таниулалгүй ор тас орхин оддог нь нэн харамсалтай. Чухамдаа гэвэл энэхүү нэр томъёлол нь манай монголчуудын дунд уламжлан тогтож, нэрлэн дадсан түүхэн ойлголт биш харин гучаад онд “философия” хэмээх үгийг орос хэлнээс анх удаа Цэвээн гуайн орчуулсан орчуулгын үг болохыг тэр болгон хүн мэддэг гэж үү? Тэгвэл философи, гүн ухаан гэж юу гэсэн үг юм бэ? Энэ нь ерөнхийн тухай судалдаг ухаан юм уу? эсхүл, зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хооронд яригддаг ахуй, нийгэм, байгаль ертөнц, учир шалтгаан, хүмүүсийн танин мэдэхүй, тэдгээрийн харилцаа холбооны тухай бясалгагч нийгмийн ухамсрын дээд хэлбэр юм уу?… Ер нь гүн ухаан гэж юу юм бэ?… Үүнд ямар ч хариу, ямар ч тодорхойлолт өгч болох юм. Гэвч хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, амьдралыг үзэгч сэтгэлийн нүд, тэр болгон нэгэн хэвэнд цутгасан мэт байдаггүйтэй адил гүн ухаан, философийн тухай тодорхойлсон тодорхойлолтууд мөн түүн лүгээ адил байдаг юм.
Тэр ч бүү хэл агуу их сэтгэгчдийн өгсөн тодорхойлолтууд хүртэл өөр хоорондоо зөрчилдөж байдгийг энд онцлон хэлэх байна. Чухамдаа тэд өөр өөрсдийн үзэл бодол, үзэгдэл юмсыг гарган тайлбарлах арга хэлбэр, зан чанар, үйл ажиллагаагаараа ялгагдаж байгаа хэрэг болохоос бус тэдний хүрсэн цэг нь угтаа нэг байдаг хэмээх философийн үнэнд хэн ч эргэлзэхгүй бизээ. Харин их сэтгэгчдийн зохиол бүтээлүүдээс хэсэгчлэн таслаж тухайн зүйлд тодорхойлолт болохуйц өгүүлбэрүүдийг зүүлт болгон авахад хүрвэл энэ нь хэзээ ч уг үзэгдэл юмсын тухай бүрэн гүйцэд маргаангүй тодорхойлолт болж чаддаггүйгээр барахгүй, тухайн сэтгэгчийн жинхэнэ хэлэх гэсэн уг анхдагч санааг, гуйвуулахад хүргэдэг гэдгийг философи гадарладаг хэн бүхний мэдэх энгийн зүйлийг энд онцлон хэлэх байна.
Үүнд жишээ болгон үзүүлэхийн үүднээс их сэтгэгч, өрнийн философийг үндэслэгчдийн нэг Платон “философич хүн”, “философи” гэж чухам юуг хэлсэн бэ гэдгийг түүний “Төр улс” зохиолын зөвхөн нэг бүлгээс, болоод Платогийн философийн үзэл онолыг тайлбарлагчдаас жишээ болгон Альбины зохиосон “Платоны философийн сурах бичиг”, хийгээд МЭ-VI зууны үеийн их сэтгэгч, Александр хотын шинэ Платон Олимпидорын бичсэн “Платоны амьдрал” хэмээх эх зохиолуудаас “Төр улс“- аас жишээ болгон иш татсан бүлэгт холбогдох тайлбаруудыг хооронд нь харьцуулан үзэхэд л хангалттай баталгаа болох бизээ.
Жишээлбэл, Платон өөрийн Төр улс зохиолын гуравдугаар бүлэг тавдугаар номын 471 -ийн С буюу “Философич хүн гэдэг бол хаан юм” хэмээх номын 474-ийн В-с 480-н А, буюу “Филобофичийн тухай тодорхойлолт ба Хоёр ертөнц”-тн 475-д “философич хүн гэдэг бол бүхий л мэдлэг, оюун ухаанд зүрх сэтгэлээрээ татагдагч, цэцэн мэргэнд дурлагч хүнийг хэлнэ. Хэрвээ философид дурлагч хэн нэг нь дээрх мэргэн ухаан, мэдлэг оюуныг бүхэлд нь бус харин тухайн нэгэн салбар ухааныг онцлон үзэж татагдаж байна гэдэг бол угтаа тэрээр хэтэрхий залуугийнхаа хар гайгаар чухам юу нь хэрэгтэй, юу нь хэрэггүй буюу юу нь чухал юу нь чухал бусыг ялгаж чадахгүй байгаа хэрэг бөгөөд бид түүнийг мэргэн ухаанд (философид) дурлагч биш хэмээн хэлнэ” гэсэн байдаг бол 480-ын сүүлчийн өгүүлбэр нь “Философич хэмээх нэрэн дор бүхий л үзэгдэл юмс, бодит байдлын тухай итгэл, үнэн мэдлэг хоёрыг ялган таньж чаддаг хүнийг хэлнэ”, уг номын 475-В-гээс 480-ын тайлбарт (Херодийн 1-ийн 30-д) “Философи хэмээх үгийн анхдагч утга нь яг л Солон шиг дэвэн дэлхийгээр хэрэн хэсэж, хүний амьдралаар үзэн туулах шинэлэг зүйл, учрал тохиолдол, зовлон бэрхшээл, аз жаргал тэр бүхнээр батлагдан тогтогч мэдлэг, боловсролд шунан дурлахыг эс бөгөөс Периклесийн хэлснээр (Тукын 2-ын 40-д) эр хүний мөн чанараа алдахгүйгээр өөрийн оюун ухаанаа хөгжүүлэн боловсруулах буюу оюуны соёл боловсролыг эрхэмлэн дагах хүсэл шуналыг хэлнэ” хэмээн бичигдсэн байдаг бол дэлхий дахины Плато судлалд ихэд нэрд гарсан МЭ 2-р зуунд амьдарч байсан эртний Герегийн их сэтгэгч, яруу найрагч, философич Плато судлаач Альбинны бичсэн “Платоны философийн сурах бичиг”-ийн нэгийн нэгд “Философи бол мэргэн ухаанд тэмүүлэх тэмүүлэл, эсхүл үнэнхүү байгаа юмс үзэгдэл болон оюун ухаанаар таньж болох зүйл рүү эрмэлзэж буй сүнс биеэс хөндийрч, бие махбодыг таягдан хаях явдал мөн” нэгийн хоёрт, “Философич гэдэг нэр нь философи гэдэг үгнээс гарсан, зүйрлэвэл Хөгжимчин гэдэг нэр Хөгжим гэдэг үгнээс гарсан лугаа адил. Философич хүнд хоёр зүйл хэрэгтэй.
Философич хүн нь нэгдүгээрт, ойр зуурын буюу хувирч өөрчлөгдөж байдаг үзэгдэл юмсын тухай бус оюун ухаанаар таньж болох зүйлийн тухай мэдлэгийг цэгцлэн түүнийг нэгтгэн дүгнэдэг шинжлэх ухаанд дуртай байх ёстой. Хоёрдугаарт, Философич хүн ямар ч тохиолдолд худал хэлдэггүй байх, мөн төрөлхийн төлөв даруу, буюу оюун сэтгэлийн догдлолын утгаар хэлбэл өөрийн уг чанараараа намдуу тайван байх ёстой. Учир нь оршин байгаа юмны тухай шинжлэх ухаанд үнэнч байж тэдгээр ухаан руу өөрийн хүсэл эрмэлзлэлээ чиглүүлж байгаа хүний оюун бодол хийгээд хүсэл эрмэлзлэл нь бусад янз бүрийн ханамжын төлөө гүйдэггүй юм” хэмээсэн байдаг бөгөөд тус зохиолын нэгийн гуравт, “Философи эхлэн суралцаж байгаа хүн оюун санааны хувьд бусдаас үл хамаарагч чанарыг эзэмшсэн байх учир нь жижиг сажиг зүйл буюу хувиран өөрчлөгддөг зүйлсээр оролдох нь дээд бурхан хийгээд бурханы ахуй, хүн хийгээд хүний мөн чанар хоёрыг бясалган сэтгэхүй буюу философичийн оюун ухаанд хортойгоор нөлөөлдөг юм. Түүнээс гадна философич хүн төрөлхийн шударга байх ёстой, зөвхөн ийм байж гэмээ нь тэрээр үнэнд дуртай, бусдаас үл хамаарагч, тэсвэр тэвчээртэй байна. Үүнд философич хүний өөрийн авъяс чадвар, оюун ухаан нь түүнд тус болдог” гэж байдаг бол тус зохиолын гурвын нэгт “Философич хүн гурван зүйл дээр хичээнгүйлэн ажиллах ёстой. Нэгдүгээрт, тэрээр бясалган бодохуй буюу онолын мэдлэг, хоёрдугаарт, сайн үйлийг бүтээхүй буюу практик үйл ажиллагаа, гуравдугаарт, хэл ярианы утгыг онолын хувьд авч үзэх буюу диалектик хэмээх гурван зүйлийг төгс эзэмшсэн байх ёстой”, Олимпиодорын “Платогийн амьдрал” зохиолд “Философич хүн байгалийн үзэгдлийг сонирхон ажиглагч байх учиртай” хэмээн тус тус тодорхойлсон байх жишээтэй юм.
Гэтэл их сэтгэгч Платон маань өөрийн дотны найз нөхөддөө бичсэн захидалдаа энэ тухай чухам юу гэж өгүүлж байсан бэ гэдэг нь хэн хүнд сонирхолтой байж болох юм. Тэрээр дээрх бүхнийг маш энгийн хэлбэрээр өгүүлэхдээ: (7-р захидалд) Жинхэнэ философич хүн бол “Бурханаас заяасан авъяас чадвартай байх”, ёстой бөгөөд ” философи гэж юу болох, тэр нь хэр зэрэг их нарийн түвэгтэй, ямар их хөдөлмөр шаардсан зүйл байдаг зэргийг” мэддэг байх ёстой. Иймээс “Байдгаараа байх чанар, үнэнч байдал, илэн далангүй сэтгэл энэ гурвыг л би жинхэн философи гэж нэрлэдэг” хэмээн бичсэн байдаг юм (10-р захидал).
Өөрөөр хэлбэл, гүн ухаан, философи хийгээд философич гэж чухам үүнийг хэлнэ гээд дэлхий дахинаа хэвшин тогтчихсон сонгодог тодорхойлолт өнөөдрийг хүртэл хараахан гаргаагүй байгаа бөгөөд (энд гагцхүү мэргэжлийн түвшинд ярьж байгаа хэрэг болохоос бус философи эхлэн суралцагчид болон оюутан сурагчид, сонирхогчдын түвшинд зориулан бичигдсэн тодорхойлолтуудын тухай яриагүй болно. Жишээлбэл, “Oxford Advanced Learner’s Dictionary”-ийн 928-р хуудас:
1а. “Философи гэдэг нь байгаль, ертөнц, хүний
амьдралыг ойлгохуй хийгээд түүний тухай үнэн мэдлэгийг эрэхүй”,
1б. “Тодорхой системчлэгдсэн үзэл болон итгэл дээр тулгуурлагдсан мэдлэгийн цогц”,
- “Амьдралын хэв шинж, үйл байдал дээр мөрдөн дагагч тогтсон итгэл үнэмшил хийгээд үзэл бодол”.
- “Амьдралд тохиолдож болохуйц зовлон бэрхшээл хийгээд аюул осол зэрэг тааламжгүй байдлаа тайван дөлгөөнөөр хүлээн авах байдал”.
927-928. 1а. “Философич гэдэг нь философид суралцаж байгаа болон философи зааж байгаа хүнийг”.
1б. “Философийн тодорхой онол, итгэл үнэмшлээ хөгжүүлэн боловсруулсан хүнийг”.
2а. “Уур хилэн хийгээд амьдралын хатуу бэрхэд үл шантран, зовох ухааны царыг эзэмшсэн хүнийг”
2б. “Өөрийн амьдралаа утга учиртайгаар жолоодон авч явагч хүнийг”
2с. “Үзэгдэл юмсыг гүн сэтгэгч хүнийг философич гэнэ” хэмээн байдаг бол “Webster’s School Dictionary“-ийн 676-д:
- “Философи гэдэг нь үзэгдэл юмсын тухай мэдлэг, оршихуй болон ёс суртахууны хэм хэмжээ, гоо зүйн үнэт чанарыг судлагч ухааныг”,
- “Бие хүний болоод тодорхой бүлэг хүмүүсийн үндэслэсэн зүй тогтолт зарчим буюу философийн сургалт”,
- “Судлагдахууны ерөнхий түгээмэл зүй тогтолыг судлахуй”,
- “Бие хүний болоод хэсэг бүлэг хүмүүсийн Нийтлэг ерөнхий үзэл бодол, итгэл үнэмшил, зан байдлын түгээмэл цогцыг философи гэнэ”.
Философич хүн гэдэг нь
1a. “Мэргэн ухаан болон гэгээрэхүйн замыг эрхэмлэгч хүнийг”.
1б. “Философид суралцагчийг”
- “Өөрийн цэцэн мэргэн ухаан, номхотгохуй, чин зоригоороо амьдралын золгүй явдлыг хүлээн даагч хүнийг философич гэнэ” хэмээсэн байдаг бол “Философийн толь” бичгийн 461-с 463т: Ахуй (өөрөөр хэлбэл, байгал, нийгэм), хүмүүсийн сэтгэхүй, танин мэдэхүйн үйл явц нэгэн адил захирагдсан байдаг түгээмэл зүй тогтолын тухай шинжлэх ухаан. Философи бол нийгмийн ухамсрын нэгэн хэлбэр бөгөөд эцсийн дүндээ нийгмийн эдийн засгийн харилцаагаар тодорхойлогдогч шинжлэх ухааныг философи гэнэ” хэмээн байдаг бол “Философийн сурах бичиг”, “Марксист- Ленинистт философийн үндсүүд”-ийн 6-д “Философи бол ертөнцийг үзэх өөрийн агуулга, хэлбэртэй өвөрмөц үзэл мөн”, гэж тодорхойлсон байдаг бол “World Book”-ын 15 дахь боть 383 дээр “Фипософи гэдэг нь аливаа үзэгдэл юмсын оршин тогтнохуй, бодит байдлыг ухааран ойлгохуйг эрхэмлэн судлагч ухаан бөгөөд энэ нь амьдралын утга учир, мөн чанарыг хийгээд байгал ба хүний нийгэм, бие хүн ба нийгэмшилт тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, үнэн ба танин мэдэхүйн нууцыг нээн илрүүлэхийг эрхэмлэгч ухааныг хэлнэ” зэрэг оюутан сурагчид хийгээд философи эхлэн суралцагчид, сонирхогчдын түвшинд бичигдсэн тодорхойлолтын тухай яриагүй болно) энэ нь философи нь бүрэн гүйцэд цэгцлэгдэн тогтож амжаагүй гэсэн хэрэг бус гагцхүү мэргэжлийн түвшин дээр өөр өөрийн гэсэн тогтсон хэллэг, сэтгэлгээний арга барилаас хамааран, үзэгдлийн түвшинд ялгаатай мэт харагдах агаад бодит байдал, үнэн хэрэг дээрээ их сэтгэгчдийн үзэл онол нь огтхон ч зөрчилддөггүй юм.
Жишээлбэл, философи гэдэг нь И.Кантын хэлснээр “Өөрийн дотоод мөн чанарыг танин мэдэхүй”, Хегелийн хэлсэнчлэн “Туйлын оюун санаа”, Бурхан багш, Нагаржунай, Басуданду зэрэг буддын их сэтгэгчдийн нэрийдсэн “Хоосон чанар” зэрэг нь угтаа нэгэн зүйл болохыг “Мэргэд гарахын орон…” нэрт Монголын их номч нарын бүтээн туурвисан эх зохиолын “Тогтсон тааллын аймаг”-ын нэрийдсэн тодорхойлолтоор батлаж болох юм. Уг эх зохиолд заахдаа: “Тогтсон таалал (философи) хэмээх нь шүтээн, мөр, үр гурав ба үзэл, бясалгал, явдал гурвын ялгааг зохист ухаанаар шинжлээд өөрийн оюун санаандаа магад энэ болой хэмээн шийдсэн туйлын хувь нэгийг өгүүлэхүй бөгөөд түүнийг үзүүлэгч үсгэн дор тогтсон таалал хэмээн нэрийдсэнээр буй болой” хэмээсэн байх ажгуу.
Хоёр. Дэлхий дахины философи сэтгэлгээний түвшин ба бидний философи сэтгэлгээ
Марксизм ба өнөөгийн монголын философи сэтгэлгээ
Энэ нь К.Марксын үндэслэсэн диалектик материалист философийн нэгэн сургаал (Бид сайн мэдэх тул тайлбар хийсэнгүй).
Гагцхүү бидний үнэн хэмээн итгэн биширч явсан марксизм нь дангаараа философи биш, философи гэдэг нь дан ганц Марксизм биш гэдэг нь бүхэнд ойлгомжтой мэт атлаа басхүү бидний философийн тухай бодит төсөөлөлд ихээхэн зөрчилтэй санааг агуулж байгаа юм.
Дээрх асуудал нь нэн ойлгомжтой мэт атлаа чухам юугаараа зөрчилдөн гарч ирэх болсон юм бэ? гэвэл ихэнх хүмүүс философи гэхлээр марксизм гэж хэлдэггүй мөртлөө өнөөх л марксист философийн уламжлалт ойлголт, ухагдахуунуудыг нэрлэдэг юм шигээр ойлгоод байдагт байгаа юм. Өөрөөр хэлбэл, философи гэхээр өнөөх л философийн үндсэн асуудал, ахуй ба ухамсрын харилцаа, материйн тухай ойлголт, хөдөлгөөн түүний үндсэн хэлбэр, ертөнцийн нэгдэл, ухамсар, диалектик хөгжлийн түгээмэл хууль, найман хос категори, танин мэдэхүйн уг чанар, үйл явц, нийгмийн ухамсар, суурь болон давхраа… зэрэг марксист философийн тулгуур ухагдахуунуудыг ойлгодогт асуудлын гол нь оршино.
Үүнд жишээ болгон марксист философийн хэд хэдэн тулгуур асуудлыг товч хөндөн өгүүлье.
- “Философийн үндсэн асуудал гэж юу вэ?”, “Хэрвээ философийн үндсэн асуудал гэж үнэхээр байдаг юм бол үүнд чухам юуг хэрхэн хамруулан авч үзэх ёстой вэ?” хэмээх асуудлууд нь өнөөдрийн хувьд бидний хамгийн гол тулгамдсан асуудал болон гарч ирээд байна.
Гэтэл үнэн хэрэг дээрээ мэргэжлийн философийн түвшинд философийн нийтлэг, агуу их үндсэн асуудал гэсэн ойлголт байдаггүй бөгөөд философийн аливаа урсгал, тэр тусмаа тухайн философийн сонгодог төлөөлөгчид хүртэл өөр өөрсдийн арга барил, тогтон хэвшсэн номлол сургаал, үзэл бодол зэргээсээ хамааран тухай тухайн үе, судлагдахууны онцлог байдал, хэв шинж зэрэгт тохирсон өөрийн философийн үндсэн асуудлаа тодорхойлон гаргадаг. Түүгээр ч зогсохгүй философийн аливаа сонгодог эх зохиол болгон өөрийн гэсэн зорилго чиглэл, шийдвэрлэх асуудалтай байдаг тул тэдгээр нь тус тусдаа биеэ даасан өөрийн гэсэн философийн үндсэн асуудалтай байдаг төдийгүй зарим эх зохиолын бүлэг бүхэн нь тус тусдаа философийн үндсэн асуудалтай байдаг юм.
Энэ нь чухамдаа юу гэсэн үг вэ? гэвэл бидний хэвшин тогтсон ойлголт болох философийн үндсэн асуудал буюу “Аливаа философийн, тэр тусмаа шинэхэн философийн агуу их үндсэн асуудал нь матери анхдагч уу, ухамсар анхдагч уу…” хэмээх нь бүх философийн бус гагцхүү марксист философийн үндсэн асуудал болдог гэсэн үг юм.
- Тэр ч бүү хэл мэргэжлийн түвшинд материалист, идеалист, дуалист гэсэн үндсэн зааг ялгааг тэр болгон хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн философи анхлан үзэгчид болон оюутан сурагчдад ойлгомжтой болгохын үүднээс системчлэн задалж, материализм, идеализм, дуализм хэмээн судалгааны түвшинд ангилан авч тайлбарладаг болохыг энэ дашрамд хэлмээр байна.
Үүнийг бүр энгийн нэгэн жишээн дээр тайлбарлах гээд үзье.
Дорж гэдэг зураач урлагийн нэгэн Их сургуульд уран зургийн хичээл заадаг байлаа гэж төсөөлье. Онол ёсоор өнгийг үндсэнд нь дулаан, хүйтэн, завсрын хэмээн гурав ангилдагчилангаар улаан, шар, улбар, хүрэн ягаан зэрэг өнгийг дулаан өнгө, хөх, цэнхэр, цайвар ногоон зэрэг өнгийг хүйтэн өнгөнд, саарал, хүрэн, бор зэрэг өнгийг завсарын өнгө хэмээн хэдий ялгах боловч зураач хүн ямар ч өнгөөр ажиллах эрхтэй гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, Дорж хэдийгээр улбар шар өнгөнд (дулаан өнгөнд) дуртай гэх болов ч сэтгэлээ илэрхийлэхүйн үүднээс бусад бүх өнгийг хэрэглэх нь мэдээж тул шавь нартаа хичээлээ заахдаа мөн л бусад бүх өнгийн “тоныг” ижилхэн үзүүлнэ шүү дээ.
Тэгвэл бид дулаан өнгөө материализм, хүйтэн өнгөө идеализм, завсрын өнгөө дуализм хэмээн төсөөлөөд үзвэл би л дулаан өнгөнд (улбар шар) дуртай гээд бүгдийг улбар шараар будчихгүй, харин хаана нь хүйтэн, хаана нь завсрын өнгө зохицон үзэгдэнэ түүнчлэн бүтээлээ хийх болно.
Яг үүн лүгээ адил философич хүн би л материалист гээд бүхнийг улаанаар будчихгүй, харин үзэгдэл юмсын дотоод мөн чанарыг тайлбарлан гаргахдаа бусад ямар л үзэл номлол түлхүүцээр зохицно түүнчлэн тайлбарлах эрхтэй гэсэн үг юм.
Жишээлбэл, энд Платоны “Төр улс” зохиолыг авч үзье. Бид Платонг объектив идеалист хэмээн итгэдэг. Гэтэл Плато бол ямар нэгэн “ист” бус зүгээр л гүн ухаантан байсан юм гэдгийг түүний бүтээлүүд дээрээс харж болно. Жишээлбэл, Платоны “Төр улс” зохиолын хорин тавдугаар бүлэг, долдугаар номны 514а – 521в “Агуйн тухай ёгт үлгэр”, арван тавдугаар бүлэг 445в-с тавдугаар номны 457в “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” зэрэг зохиолуудыг харахад хэн ч түүнийг объектив идеалист гэж, арван гуравдугаар бүлэг 434д-441с “Сүнсний гурван хэсэг” номыг харахад хэн ч түүний объектив идеалист биш гэж хэлж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, аливаа ертөнцийн үзэгдэл юмс, түүний дотоод мөн чанар хэрхэн үзэгдэнэ вэ түүнд зохицсон тайлбар ишлэлийг Платон философич хүнийхээ хувьд чөлөөтэй хэрэглэж, бас сэтгэж байжээ гэсэн үг болно.
- Бид философич гэхээр философийн ангийг төгссөн хэн нэгэн этгээдийг, эс бөгөөд философийн хичээлийг зааж, сургаж байгаа багш нарыг нэрлэдэг нь нууц биш. Гэтэл сонгодог утгаараа философич гэдэг нь философийн хичээлийг уншигч бус харин өөрийн гэсэн үзэл онолоо боловсруулан гаргасан төдийгүй гоо зүй, ёс суртахуун, философийн мэдлэг нь тэгшрэн боловсорч түүнийгээ номлогч, уг номлолоороо амьдрагчийг нэрлэдэг ажээ.
- Диалектикийн үндсэн гурван хууль болох “Тооноос чанарт шилжих, эргэн шилжих хууль”, “Эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлийн хууль”, “Үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулиуд” нь гагцхүү марксист философийн үндсэн гурван хууль болохоос өөр бусад бүх философийн урсгалын үндсэн хууль биш юм гэдгийг бид нэгэнт дээр үзсэн тул энд дахин нуршихын хэрэг байхгүй байх гэж бодоод товчлон орхиё.
Метафизик ба марксизм
Бид метафизик гэхээр хөгжлийг үзэх нэгэн арга бөгөөд энэ нь диалектикийн эсрэг сэтгэх арга буюу, танин мэдэхүйд өрөөсгөлөөр хандаж, юмс үзэгдлийг хувиршгүй, бие биенээс хараат бусаар оршин тогтнодог, үзэгдэл юмсын хөгжлийн уг сурвалж болох дотоод зөрчлийг үгүйсгэн үзэх тогтонги, догма арга хэмээн төсөөлдөг бас итгэдэг.
Гэтэл дэлхий дахинаа тогтон хэвшсэн ойлголт ёсоор үүнийг авч үзвэл метафизик гэдэг нь хөгжлийг үзэх ямар нэгэн арга биш харин аливаа үзэгдэл юмсын дотоод мөн чанар, түгээмэл зүй тогтол, учир шалтгаан, оршихуйн үндсийг судалдаг, биеэ даасан философийн нэгэн салбар ухаан юм.
Өөрөөр хэлбэл, метафизик гэдэг нь философийн арга бус харин ахуй, оршихуйн тухай номлолыг судлагч философийн доторх шинжлэх ухаан нь юм (мэдээж философи нь шинжпэх ухаан биш). Шинжлэх ухаан нь аливаа үзэгдэл юмсыг шинжлэн “Төр улс” зохиолын хорин тавдугаар бүлэг, долдугаар номны 514а – 521в “Агуйн тухай ёгт үлгэр”, арван тавдугаар бүлэг 445в-с тавдугаар номны 457в “Эмэгтэйчүүдийн тэгш эрх” зэрэг зохиолуудыг харахад хэн ч түүнийг объектив идеалист гэж, арван гуравдугаар бүлэг 434д-441с “Сүнсний гурван хэсэг” номыг харахад хэн ч түүний объектив идеалист биш гэж хэлж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, аливаа ертөнцийн үзэгдэл юмс, түүний дотоод мөн чанар хэрхэн үзэгдэнэ вэ түүнд зохицсон тайлбар ишлэлийг Платон философич хүнийхээ хувьд чөлөөтэй хэрэглэж, бас сэтгэж байжээ гэсэн үг болно.
- Бид философич гэхээр философийн ангийг төгссөн хэн нэгэн этгээдийг, эс бөгөөд философийн хичээлийг зааж, сургаж байгаа багш нарыг нэрлэдэг нь нууц биш. Гэтэл сонгодог утгаараа философич гэдэг нь философийн хичээлийг уншигч бус харин өөрийн гэсэн үзэл онолоо боловсруулан гаргасан төдийгүй гоо зүй, ёс суртахуун, философийн мэдлэг нь тэгшрэн боловсорч түүнийгээ номлогч, уг номлолоороо амьдрагчийг нэрлэдэг ажээ.
- Диалектикийн үндсэн гурван хууль болох “Тооноос чанарт шилжих, эргэн шилжих хууль”, “Эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлийн хууль”, “Үгүйсгэлийн үгүйсгэлийн хуулиуд” нь гагцхүү марксист философийн үндсэн гурван хууль болохоос өөр бусад бүх философийн урсгалын үндсэн хууль биш юм гэдгийг бид нэгэнт дээр үзсэн тул энд дахин нуршихын хэрэг байхгүй байх гэж бодоод товчлон орхиё.
Метафизик ба марксизм
Бид метафизик гэхээр хөгжлийг үзэх нэгэн арга бөгөөд энэ нь диалектикийн эсрэг сэтгэх арга буюу, танин мэдэхүйд өрөөсгөлөөр хандаж, юмс үзэгдлийг хувиршгүй, бие биенээс хараат бусаар оршин тогтнодог, үзэгдэл юмсын хөгжлийн уг сурвалж болох дотоод зөрчлийг үгүйсгэн үзэх тогтонги, догма арга хэмээн төсөөлдөг бас итгэдэг.
Гэтэл дэлхий дахинаа тогтон хэвшсэн ойлголт ёсоор үүнийг авч үзвэл метафизик гэдэг нь хөгжлийг үзэх ямар нэгэн арга биш харин аливаа үзэгдэл юмсын дотоод мөн чанар, түгээмэл зүй тогтол, учир шалтгаан, оршихуйн үндсийг судалдаг, биеэ даасан философийн нэгэн салбар ухаан юм.
Өөрөөр хэлбэл, метафизик гэдэг нь философийн арга бус харин ахуй, оршихуйн тухай номлолыг судлагч философийн доторх шинжлэх ухаан нь юм (мэдээж философи нь шинжлэх ухаан биш). Шинжлэх ухаан нь аливаа үзэгдэл юмсыг шинжлэн судалж, ухан төнхчиж, хүртэн мэдэрч, улмаар мэдлэгийг үйлдвэрлэж, ашиглаж байдаг бол философи нь дээрх бүхнийг ухааран ойлгож, түүгээрээ амьдарч байдаг. Иймд эхнийхийг нь мэдлэгтэй хүн, хоёр дахийг нь гүн ухаантай хүн гэнэ. Энэ утгандаа метафизик нь хэдийгээр философийн нэгэн салбар ухаан болов ч үзэгдэл юмсын дотоод зүй … тогтол, учир шалтгаан, оршихуйн үндэс, түгээмэл зүй тогтол зэргийг судалдагийнхаа хувьд, шинжлэх ухаантай тодорхой хэмжээгээр нийлдгийн учир энд би албаар философийн доторх шинжлэх ухаан хэмээн зүйрлэн хэлсэн болно.
Үүнийг бүр энгийнээр хэлэхэд: метафизик гэдэг нь зарим нэг талаараа бидний өмнө хэлж заншсан онтологитой нэлээд дөхөж очих (гэхдээ өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны арга барил, үндсэн асуудал бүхий) ахуйн тухай, үзэгдэл юмсын оршихуйн тухай, объектив ба объектив бус буюу үзэгдэх хийгээд үл үзэгдэгч зүйлсийн мөн чанарын тухай, тэр бүгдийн түгээмэл зүй тогтлын тухай судалдаг философийн нэгэн салбар ухаан гэж ойлгож болно.
Бидний хэрэглэж ирсэн аливаа философийн толь бичиг хийгээд, бүхий л сурах бичиг дээр метафизик гэдэг нь физикийн дараа гэсэн герег үг хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл метафизик гэдэг нь “metaphysics” буюу meta-чанад хязгаар, цаана нь гарсан, туулсан, дараа нь physics-бодислог биет, бодит биет, физик хэмээх утгатай тул beyond to physics буюу физикийн чанад хязгаарт хүрсэн, бодит биетийн цаана нь гарсан гэсэн утгатай үг болно. Өөрөөр хэлбэл, метафизик гэдгийг бүр энгийн үгээр тодорхойлбол аливаа хүртэж буй үзэгдэл юмсыг шинжлэн судлах, ухан төнхчих замаар бус харин тухайн үзэгдэл юмсын физик чанараас халин гарч түүний дотоод мөн чанарыг нь ойлгон ухаарах, бясалгах замаар үнэнийг танин мэдэгч философийн нэгэн (үндсэн тулгуур) салбар ухаан юм.
Метафизик нь объектив бодитойгоор оршиж буй (үүнд заримдаа бурханы ахуй, туйлын санаа, төгөлдөр орших дээд ертөнц зэргийг хамруулан үзэх тал байдаг) үзэгдэл юмсын анхдагч утга, түүний мөн чанар, учир шалтгаан, орон зай, цаг хугацаа, боломжит ба гарцаагүй байдал, хөдөлгөөн, хувиралт өөрчлөлт, бодит ба шалтгаант байдал, оюун санаа ба ахуй зэргийн түгээмэл оршихуйн чанарыг тусгайлан судалдагаараа философийн бусад төрөл салбаруудаас онцлон ялгардаг.
Ингээд бид метафизик хэмээх ухагдахуунаа нарийвчлан ойлгохын үүднээс үүнд чухам юуг хэрхэн хамааруулж үзэх вэ гэдгийг тодруулахын тулд философийн үндсэн тулгуур категориудаа нэг бүрчлэн товчхон авч үзье.
Өмнө нь бид онтологийн асуудлын тухай ярихдаа материалист дилектикийн категориудын хүрээнд:
- Нэгж, онцгой, ерөнхий
- Шалтгаан үр дагавар
- Зайлшгүй ба санамсаргүй
- Бололцоо ба бодит байдал
- Агуулга ба хэлбэр
- Мөн чанар ба үзэгдэл
зэрэг категориудыг ярьдаг байсан бөгөөд эдгээр нь ч өнөөг хүртэл өөрийн байр сууриа алдаагүй билээ. Гагцхүү энд онтологийн биш харин метафизикийн категориудын тухай хэлэгдэх гэж байгаа тул зарим нэгэн зарчмын өөрчлөлт орох болно. Жишээлбэл, “Матери, түүний орших хэлбэрт” хамруулан авч үздэг байсан “Орон зай ба цаг хугацаа”, “Хөдөлгөөн” зэрэг ухагдахуунуудыг “Ухамсар бол нарийн зохион байгуулалттай материйн нэгэн хэв шинж болох” тухай асуудалд хамруулан үздэг. “Ухамсар”, “Ахуй” зэрэг тулгуур ойлголтуудыг метафизикийн категори дотор оруулан үзэхээс гадна “Ерөнхий ба Онцгой”, (үүнд зарчмын өөрчлөлт орохгүй) “Шалтгаан ба үр дагавар” (энд гагцхүү шалтгаан гэдэг нэрээрээ хэрэглэгдэхээс гадна детерминизмтэй холбогдон гарч ирнэ), “Бололцоо ба бодит байдал” (категорийн нэр нь тэр чигээрээ өөрчлөгдөж, улмаар “Гарцаагүй ба боломжит байдал” хэмээн нэрлэгдэхээс гадна боломжит үнэн, гарцаагүй үнэн, бүр цаашилбал “Аналитик ба Синтетик мэдлэг”, “Априори мэдлэг” зэрэг бидний хувьд шинэвтэр ойлголтуудтай холбогдох болно) зэрэг категорыг үзнэ.
Метафизикийн хүрээнд хамруулан яригдах үндсэн ухагдахуун
- Орон зай ба цаг хугацаа
- Учир шалтгаан
- Хөдөлгөөн ба тогтворт байдал
- Гарцаагүй ба боломжит байдал
- Ерөнхий ба онцгой
- Ухамсар ба ахуй
Орон зай ба цаг хугацаа
Аливаа философич хүн объектив бодит байдлын тухай өөрийн төсөөллөө илэрхийлэн гаргахдаа “хувиралт өөрчлөлтөөс гадуур цаг хугацаа байж чадах уу?” үгүй бол объектив бодит байдлаас ангид орон зай орших уу? зэрэг асуултад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн гаргахын зэрэгцээгээр үзэгдэл юмсын дотоод мөн чанар, анхдагч утга, хөгжлийн уг сурвалжийг хэрхэн үзэж байгааг дээрх асуултад хамруулан гаргана.
Орон зай, цаг хугацаа гэдэг ойлголт нь үзэгдэл юмсын дотоод хамаарал, оршихуйн үндсийг гарган тайлбарлана. Гэхдээ метафизикийн дээрх асуултанд материалист ба идеалист гэсэн ойлголт мэргэжлийн түвшинд хэрэглэгдэхгүй гэдгийг бид өмнөх хичээл дээрээ үзсэн тул товчлон орхиё.
Учир шалтгаан
Үзэгдэл юмсын мөн чанар, учир шалтгааныг тайлбарлан гаргахдаа тухайн зүйлс “Яагаад”, “Яаж“, “Хэрхэн” гарч ирсэн бэ? хэмээн асуултад үнэн зөв хариултыг өгөхийг чухалчилдаг бөгөөд энэ утгандаа аливаа үзэгдэл юмсын мөн чанар, шалтгаант утга нь тодорхой хэмжээгээр детерминизмтэй холбогдон, бүхий л үзэгдэл юмсын түгээмэл зүй тогтол, холбоо харилцаа, учир шалтгааныг гадаад, дотоод шалтгаант холбоонд нь авч үзэх ухагдахуун болохынхоо хувьд энэ нь дан ганц философи, метафизикийн асуудал бус бусад бүхий л шинжлэх ухааны салбаруудад ч хамаарагддаг асуудал юм.
Хөдөлгөөн ба тогтворт байдал
Аливаа философич хүн дээрх ойлголтын хүрээнд үзэгдэл юмсын хувиралт өөрчлөлт, мөн чанарыг тодорхойлон гаргахдаа бидний төсөөлөл, оюун санаанд хадгалагдан үлдэгч зүйлсийн тогтвортой шинж хийгээд, он цагийн эрхээр хувиран өөрчлөгдөх дотоод зүй тогтол хоёрын харилцан хамаарлыг үнэн зөвөөр тайлбарлахад чиглэгддэг философийн категори юм.
Жишээлбэл, Дорж гэдэг хүний нэг цээж зургийг номон дээр наасан ч, хананд өлгөсөн ч уг зураг өөрчлөгдөхгүй. Гэтэл Дорж гэдэг ийм хүн хэмээн ойлгосон миний төсөөлөл өөрчлөгдөөгүй (яг л өнөөх цээж зураг шигээ) атал хэсэг хугацааны дараа Дорж маань надад танигдахын аргагүй өөрчлөгдсөн байж болно.
Эс бөгөөс, юм бүхэн хувирч өөрчлөгддөг гэж саная: уул ус, газар шороо, улс гүрэн, зан заншил, итгэл үнэмшил, үзэл бодол…гэх мэт. Тиймээ, харахад бүх юм хувирч өөрчлөгдөж байдаг. Тэгвэл зуун жилийн өмнө, бас мянга мянган жилийн өмнө хүмүүс бие биенээ хайрлаж, дурлаж, бас үзэн ядаж, хорсож, атаархаж явсан өнөөдөр ч мөн адил хээл хахууль, танил тал, үзэн ядалт, бас өгөөмөр зан энэ бүхэн урьд нь ч байсан, одоо ч байна, хожим ч байх л болно шүү дээ . Өөрөөр хэлбэл, бүх юм хувирч өөрчлөгдөж байдагтайгаа адилхан бүх юм тогтворт байдлаа буюу мөн чанараа хадгалж байдаг гэсэн үг юм.
Гарцаагүй ба боломжит байдал
Бидний хэвшин тогтсон философи сэтгэхүйгээр дээрх категорийг зайлшгүй ба санамсаргүй хэмээн нэрлэдэг.
Тэгвэл энхүү категори нь зөвхөн нэрийнхээ хувьд ялгаатай бус дотоод агуулгаараа бидний өмнөх ухагдахуунаас ихээхэн ялгаатай. Үүнд үнэн ба үргэлжлэх үнэн, аналитик ба синтетик мэдлэг зэрэг ойлголтоос гадна зайлшгүй үнэн, боломжит үнэн зэрэг ухагдахуунуудыг оруулна.
Үнэн ба үргэлжлэх үнэн. Үргэлжлэх үнэн гэдэгт одоогоор үнэн хэмээн батлагдсан боловч цаашид өөрчлөгдөж болохуйц үнэнийг хэлнэ. Жишээлбэл, манай нарны аймаг есөн гаригтай гэдэг нь хэдий батлагдсан ч хэсэг хугацааны дараагаар арав дахь гаригийг ч нээн олж болох юм.
Энэ утгандаа манай нарны аймаг есөн гаригтай гэдэг нь үнэн юм. Хэрвээ арав дахь гаригийг оллоо гэвэл энэ нь үргэлжлэх үнэн болно.
Аналитик ба синтетик мэдлэг. 2+2=4 гэдэг нь аналитик мэдлэг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь орон зай, цаг хугацаанаас үл шалтгаалан бодитойгоор оршигч мэдпэг юм. Тэгвэл синтетик мэдлэг гэдэг хүний туршлага мэдлэгээс хамаарагч орон зай, цаг хугацаанд өөрчлөгдөгч мэдлэгийг хэлнэ. Тухайлбал, өнөө өглөө бороо орсноос гол үерлэлээ гэдэг нь тухайн цаг хугацаа орон зайнаас хамаарах учраас өөрчлөгдөн хувирч байдаг синтетик мэдлэг юм.
Ерөнхий ба онцгой
Дээрх категори нь бидний нэгж, онцгой, ерөнхий хэмээх категориос зарчмын хувьд ялгаагүй учир энд товчлон орхив.
Ухамсар ба ахуй
Категорит оюун санаа нь материаллаг зүйл мөн үү? Хүний оюун ухаан нь түүний уураг тархитай ижил зүйл мөн үү? гэсэн асуудлыг гарган тавьдаг. Мөн бидний уламжлан дассан матери анхдагч уу, ухамсар анхдагч уу гэдэг асуудлыг монист хийгээд дуалист үзлийн үүднээс гарган дэвшүүлдэг.
Орчин үеийн философи сэтгэлгээн дэх метафизик чиг хандлага
Метафизик нь аливаа философийн анхдагч болон гарч ирсэн бөгөөд эдүүгээ ч мөн адил аливаа философийн сургаал нь өөрийн гэсэн метафизик үзэл баримтлалаар ертөнцийг тайлбарлан эхэлдэг.
Философийн түүхнээ Аристотель, анх метафизик хэмээх ухагдахууныг гаргаж, түүнийгээ “Анхдагч философи”, “Философийн анхдагч”, “Ерөнхий философи” хэмээн нэрлэж байжээ. Хожим нь метафизик нь ертөнцийн түгээмэл зүй тогтол, учир шалтгаан, ахуй хийгээд оршихуйн мөн чанарыг судлагч философийн салбар ухаан буюу философийн доторх шинжлэх ухаан болон хөгжсөн юм (би энд яагаад метафизикийг философийн доторх шинжлэх ухаан хэмээн нэрлэсэн бэ? гэвэл метафизик нь аливаа үзэгдэл юмсын оршихуйн утга, мөн чанар, түгээмэл зүй тогтол, дотоод шалтгаан зэргийг оршихуй мөн чанар талаас нь судалдаг учраас тодорхой хэмжээгээр буюу ерөнхий онолын түвшинд бусад байгалийн шинжлэх ухаануудын ололт амжилт, нээлтүүдийг өргөн ашиглагч философийн нэгэн тулгуур салбар ухаан болохынх нь хувьд философийн доторх шинжлэх ухаан хэмээн нэрлэсэн болно).
Орчин үеийн философи сэтгэлгээний хүрээнд метафизикийн аливаа асуудлаас аль болох зайлсхийх хандлага түгээмэл болон гарч ирж байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ дэлхий дахины хөгжлийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээ, ёс суртахууны тулгамдсан асуудлаас хамааран метафизикийн аливаа асуултанд төгс төгөлдөр, үнэн зөв, туйлын зохист хариултыг өгнө гэдэг нь хүн төрөлхтний сэтгэхүйн хэм хэмжээнээс хэтэрсэн асуудал тул хэрвээ хэн нэг нь метафизикээр оролдсоор “дээд үнэн”-д хүрнэ гэвэл үл гүйцэлдэх утопи зүйл болох болно гэсэн ойлголт нийтлэг болон тогтоод байна.
Энэхүү ойлголтыг хүн төрөлхтний философи сэтгэлгээнд анх удаа оруулсан философийн төлөөлөгч бол Бурхан багш юм.
Тэрээр өөрийн дотны шавь нартаа номлохдоо: “Миний сургаалын гол зорилго нь хамаг амьтанд тусыг хичээж зовлонгоос гэтэлгэх арга замыг Зааж өгөх явдал болохоос бус орчлон ертөнцийн тухай цэцэрхэн маргалдах хэрэг бус” хэмээгээд надаас дараахь хэзээ ч үл төгсөх арван асуултыг бүү асуугаарай хэмээн номлосон байдаг.
Үүнд:
- Энэ орчлон ертөнц нь мөнхөд орших уу?
- Ертөнц нь мөнх бус уу?
- Орчлон ертөнц нь хязгаартай юу?
- Орчлон ертөнц нь хязгааргүй юу?
- Сүнс нь бие мах бодтой адилхан уу?
- Сүнс нь бие мах бодоос ялгаатай зүйл үү?
- Үхсэний дараа үнэхээр амьдрал байдаг уу?
- Үхсэний дараа амьдрал байдаггүй юу?
- Төрөл арилжсаны дараа дахин амьдрах хийгээд үл амьдрах уу?
- Төрөл арилжсины дараа дахин амьдрах бус ба үл амьдрах нь ч бус уу?
зэрэг дээрх метафизикийн арван асуултыг гарган дэвшүүлсэн бөгөөд эдгээрийг АВЯАКАТААНИ буюу үгчилбэл үл төгсөх, тодорхойлогдошгүй, шийдвэрлэгдэхгүй асуултууд хэмээн буддын гүн ухаанд тогтон нэрлэгдсэн байдаг.
Гэвч Буддизм нь ерөөсөө метафизикээс зайлсхийдэг гэж хэт явцуугаар ойлгож болохгүй. Буддын гүн ухаанд метафизикийг Авхидхарма буюу Илт онохуйн аймаг Авхидрхармапитака буюу Илт номын сав нэрийн дор бүхэл бүтэн цогц сургаалыг хөгжүүлэн гаргасан юм.
Өрнийн философи сэтгэлгээнд өнөөдрийн түвшинд метафизикээс зайлсхийх хандлага нэн хүчтэйгээр гарч ирж байгаа бөгөөд үүнийг хамгийн анх гарган тавьсан сэтгэгч бол Германы сонгодог философич И.Кант юм. Тэрээр аливаа үзэгдэл юмсын дотоод мөн чанарыг танин мэдэх боломжгүй учир метафизикийн асуудлаар хөөцөлдөх нь философийн гол зорилго бус харин ёс суртахууны хэм хэмжээг метафизикийн оронд тавих нь философийн амин чухал асуудал юм хэмээн өөрийн философио үндэслэн гаргасан болно.
Метафизик сэтгэлгээ нь аливаа зүйлд туйлшрахгүй хандах, энгийн мэдлэгийг шинжлэх ухааны өндөр түвшинд тайлбарлах, иргэдийн сэтгэлгээг хөгжүүлэх, ертөнцийг үзэх цэгцтэй үзлийг төлөвшүүлэх, хувь хүний боловсролын түвшин, ухааны цар хүрээ, ёс суртахуун, итгэл үнэмшил зэргийг хүн ёсны зохист түвшинд нь төлөвшүүлэн гаргадгаараа ач холбогдолтой юм.
Гурав. Онтологийн асуудалд чухам юуг хамруулан үзэх ёстой вэ?
Онтолог хэмээх үгийн тухай хүүрнэхүйд
Аливаа философийн өөрөөр хэлбэл, философийн ямар ч урсгал, үзэл номлолд хамгийн түрүүнд тавигддаг зарчмын ойлголтын дотор ахуйн тухай философийн үзэл тэргүүн байр суурийг эзэлдгийг бид сайн мэднэ.
Гэтэл бидний философи сэтгэлгээнд тулгараад байгаа хямралын нэгэн том зангилаа асуудал бол онтологийн тухай асуудал юм.
Иймээс бид чухамдаа дэлхий нийтийн хөгжлийн жишигт философи сэтгэлгээтэй хөл нийлүүлэн цааш алхах уу?, эсхүл өнөөх байсан байдлаараа буюу ертөнцөөс тасарсан, хэвшмэл нэгэн үзэл номлолоороо сэтгэх үү? хэмээх хоёр замын нэгийг нь сонгох гэсэн Монголын нийгэм дэх философи сэтгэлгээний түүхэн тулгамдсан үе дээр ирээд байна.
Дээрх гарцаагүй байдлаас улбаалан бидний хэвшин тогтсон философи сэтгэлгээ, хуучинсаг үзлээсээ татгалзан, дэлхий нийтийн жишигт түвшинд орох энэхүү шилжилтийн цаг үед Монголын нийгэм, философийн сэтгэлгээнд нэн хурцаар илэрч буй хямралуудыг гэтлэн давахын үндэс нь мэргэжлийн түвшинд хэрэглэгддэг философийн тогтсон ойлголтуудыг хэрхэн ухаарах, хэрэглэх, тэдгээрийн хүрээнд чухам юуг хамруулан авч үзэх зэргийг нарийн тодорхойгоор гарган шийдвэрлэх явдал нь бүхнийг шийдэхийн үндэс, гол түлхүүр нь болно гэдгийг та бид сайн ойлгож байгаа билээ.
Иймээс аливаа философийн үндсэн тулгуур ухагдахуунд “Ахуй” хийгээд бидний хувьд ахуйн тухай ерөнхий сургаалуудыг хамруулан авч ойлгодог “Онтологийн асуудал”-д чухам юуг хэрхэн хамруулан авч үзэх вэ? гэдэг талаар дэлгэрэнгүй авч үзье.
Онтолог гэдэг нь “ontos” буюу жинхэнэ, “logos” буюу сургаал, судлал гэсэн герег үгнээс гаралтай бөгөөд “Жинхэнэ сургаал”, “Жинхэнэ судлал” гэсэн үгийн утгаараа биш харин “Анхдагч философи, философийн анхдагч” гэсэн утгаар хэрэглэгддэг. Энэ дашрамд өгүүлэхэд “ахуй” гэсэн санаа бус харин “Оршихуй” гэсэн санаа илүү давамгайлж байгаа гэдгийг хэлэх байна.
Бидний уламжлан тогтсон ойлголт ёсоор бол онтолог гэдэг нь оюун санаа, ухамсраас ангид оршигч, объектив бодит ертөнц, материйг тэмдэглэсэн философийн категори болох ахуйн тухай сургаал хэмээн үздэг. Энэ нь үнэн хэрэг дээрээ гагцхүү ертөнцийн материаллаг чанарыг ахуйтай адил хэмжээний ойлголт болохыг хүлээн зөвшөөрч, улмаар ахуй анхдагч ухамсар хоёрдогч буюу бодьлог чанар, оршин байхуйн бодит байдал, объектив бодит үзэгдэл юмс, үйл явдлын тухай түгээмэл сургаал хэмээн төсөөлөхөд хүргэдэг нь хэнд ч нууц бишээ.
Гэтэл Марксизм буюу Диалектик материализмын үндэслэгчид маань өерсдөө хүртэл “онтолог” хэмээх энэ нэр томъёоноос зайлсхийдэг байсан бөгөөд зөвхөн зарим үед л ахуйн түгээмэл хөгжлийн хуулийн тухай сургаалтай адилтган авч үзсэн байдаг атал чухам яагаад бидний сэтгэхүйд “Онтолог гэдэг нь объектив бодитойгоор оршигч ахуйн тухай сургаал” гэсэн буруу төсөөлөл тогтчихсоныг би одоог ч хүртэл ойлгодоггүй юм.
Тэр ч бүү хэл бидний хэрэглээд дадчихсан философийн аливаа толь, сурах бичгүүд дээр онтолог гэсэн нэр томъёог анх Германы философич Гоклениус (1613 он) гаргасан гэсэн буруу мэдээлэл бичсэн байх юм. Гэтэл философи сэтгэлгээний түүхэнд Италийн философич Анселм (1033-1109) онтолог хэмээх энэ үгийг анх оруулсныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг дашрамд хэлэх байна.
Дэлхий дахины философи сэтгэлгээнд анх удаа Онтолог буюу түүнтэй дүйх ухагдахууныг эртний Энэтхэгийн Ведийн шашин оруулсан бол Өрнөдийн философи сэтгэлгээнд Сократ, Плато нар анх оруулж, улмаар Аристотель “Анхдагч философи” хэмээх нэрийн дор “бүхний анхдагч”, “үндсэн хөдөлгөгч”, “бурханы оршихуй”, “бурхны дээд ахуйн тухай”, түүний төрөл зүйлээс үл хамааран бүхэлд нь авч үзэх сургаал болгон гаргасан бөгөөд улмаар Италийн философич Анселм “Үнэмлэхүйн түвшин”, “Туйлын дээд”, “Төгс оршихуй” хийгээд энэ бүхний гарцаагүйгээр оршин тогтнохуйн үндэс буюу Бурханы ахуй хэмээх ухагдахууныг дэвшүүлэн гаргаад үүнийгээ онтолог хэмээн нэрлэсэн юм. Тэрээр үзэхдээ, “Аливаа үзэгдэл юмс бодитойгоор оршиж байна гэдэг нь тэдгээрийг бүтээгч нь буюу “ бүхний анхдагч”, “эх бүтээгч нь” зайлшгүй оршиж байна гэсэн нотолгоо мөн хэмээн үзсэн байдаг.
Онтологийн асуудалд чухам юуг хамруулан авч үзэх ёстой бэ?
Онтологийн асуудал нь бидний өмнө нь төсөөлдөг байсан ахуйн тухай буюу матери ба ухамсрын тухай, тэдгээрийн анхдагчийн тухай, юмс үзэгдлийн объектив бодитоор оршихуйн тухай сургаал бус харин туйлын чанар, төгс байдлаар оршихуйн бодит илрэл нь бурхан хийгээд түүний төгс оршихуйн тухай сургаалыг онтолог буюу онтологийн асуудал хэмээн үздэг юм.
Өөрөөр хэлбэл, бурханы төгс оршйхуй, дээдийн оюун санааны бодитойгоор оршихуйг үгүйсгэнэ гэдэг нь үнэн хэрэг дээрээ ертөнцийн оршихуйг, бурхны бүтээл болсон бүхий л үзэгдэл юмсыг үгүйсгэж байгаа хэрэг. Иймээс онтологийн асуудал гэдэг нь гагцхүү бурхан хийгээд бурханы ахуй бодитойгоор оршихуйн тухай сургаал юм.
Яагаад гэвэл “нэгэнт л бурханы ахуй бодитойгоор оршихуйг хүлээн зөвшөөрнө гэдэг нь бүхний ахуйг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм” хэмээн онтологийн асуудлыг анх удаагаа системчлэн гаргасан байдаг.
Анселмийн гарган дэвшүүлсэн дээрх үзлийг түүний хожмын сэтгэгчид болох Гоклениус, Вольф, Фома Аквин нар боловсруулан хөгжүүлсэн болно. Үүнд: Вольфийн үзлээр бол онтолог нь метафизикийн үндсэн категориуд болох
- Ахуй ба ухамсар,
- Ерөнхий ба онцгой
- Гарцаагүй ба бодит байдал
- Хөдөлгөөн ба тогтворт байдал
- Учир шалтгаан
- Орон зай ба цаг хугацаа
зэрэг ухагдахуунаар холбогдон гарч буй бүхий л үзэгдэл юмсын оршихуйн утгыг хэл шинжлэлийн үүднээс тайлбарлах анхны оролдлогыг гарган дэвшүүлсэн бол Фома Аквин хэл шинжлэлийн үүднээс дээрхийг тайлбарлах бус харин ертөнцийн эзэн, дээд оюун санаа, бүхнийг бүтээгч хийгээд бурханы дээд оршихуйн үндэс үнэн магад болох тухай асуудал нь онтологийн амин чухал асуудал болох бөгөөд бурхан бодитойгоор оршиж байна гэдгийг философийн үүднээс тайлбарлахад оршино хэмээн үзэж байв.
Онтологийн цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан сэтгэгчдийн тоонд Германы сонгодог философич И.Кант зүй ёсоор ордог. Тэрээр үзэхдээ Аристотелийн үндэслэн гаргасан “анхдагч философи” болон “бүхний эхлэл” хэмээх онтологийн үндсэн санааг шийдвэртэйгээр өөрчлөн, гагцхүү метафизикийн хүрээнд онтологийн асуудлыг хамруулан авч үздэг байсан уламжпалт явцуу хандлагыг халж трансцендентал философийн хүрээнд онтологийн асуудал нь зөвхөн метафизикийн ойлголтын түвшинд тавигдахгүй харин эпистемологийн хэмжээнд орж ирэх тулгуур ойлголт байж болох юм гэдгийг анх гаргаж, онтологийг зөвхөн метафизикийн асуудал биш гэдгийг харуулж өгч чадсан нь өрнийн философи сэтгэлгээний түүхэнд шинэ хандлага болсон юм.
Орчин үеийн философи сэтгэлгээний хөгжил дэх онтологийн эзлэх байр суурь, хөгжлийн чиг хандлага
Аристотелийн “Анхдагч философиос” Германы сонгодог философич И.Кантын “транцендентал философи” хүртэлх түүхэн үеийн онтологийн асуудлыг сонгодог онтолог хэмээн философийн түүхэнд нэрлэдэг. Харин түүнээс хойших үеийн сэтгэгчдийн хөндөн тавьсан онтологийн асуудлуудыг “шинэ онтолог” хэмээн одоогоор нэрлэн хэвшээд байна. Энэхүү “шинэ онтологийн” (тухайлбал Гуссерлийн “трансцендентал онтолог”, Гартманы “шүүмжлэлт онтолог”, Хайдеггерийн “үндсэн онтолог”, Жон Хикийн “уламжлалт онтолог” зэрэг) хүрээнд зөрчилтэй болон ялгаатай талууд олон байдаг боловч чухам ямар хандлага нийтлэг байдлаар давамгайлах шинжийг агуулж байна вэ гэвэл ерөөсөө онтологийн асуудалд чухам юуг хамруулан авч үзэх ёстой вэ? гэдэг асуудал дээр нэгдэн гарч ирж байгаа болно.
Ер нь түгээмэл утгандаа бол онтологийн асуудал гэдэг нь хүний ухамсар, оюун санаанаас үл хамааран ангид оршигч, объектив бодит ертөнц, материаллаг зүйлсийн түгээмэл утга, материйн хэлбэрүүдийг тэмдэглэсэн философийн категори болох (бидний төсөөлдөг) ахуй бус, харин түгээмэл утгаараа бол оршиж буй хийгээд үл оршигч бүхний ахуй ба ахуй бусын мөн чанарыг тодорхойлогч, явцуу утгаараа бол ерөөсөө дан ганц бурхан, түүний оршихуй хийгээд бурханы ахуй гарцаагүй байдлаар оршихуйн тухай сургаал хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн ойлголт болно.
Онтологийн асуудлыг бүр дэлгэрэнгүй байдлаар авч үзэх юм бол энэ нь метафизикийн түвшинд холбогдон гарч ирэхдээ нэг талаасаа орчлон ертөнцийн оршихуйн мөн чанар, учир утгыг тайлбарлагч үндсэн сургаал болох космологийн асуудалтай философийн утгаараа шууд холбогдон тайлбарлагддаг бөгөөд нөгөө талаасаа нэгэнт бурхан хийгээд бурханы оршихуйн тухай асуудалтай хөндөгдөх тул шашин судлалын нэгэн том тулгуур ухагдахуун болох тейзмтэй шууд байдлаар хамааран гарч ирдэг хоёрдмол талтай философийн ухагдахуун юм.
Өөрөөр хэлбэл, онтологийн асуудалд ямар байр сууринаас хандаж тайлбарыг өгнө яг тийм байр суурин дээрээс орчлон ертөнцийн түгээмэл зүй тогтол, оршихуйн үндсийг судлагч космологийн асуудалд төдийгүй мөнхүү тейзмийн талаар ч гэсэн нэгэн цэгцтэй (өөр хоорондоо үл зөрчилдөх) хариултыг өгнө гэсэн үг болох тул бид энд зөвхөн онтологийн тухай ярьж буй хэрэг бус харин философийн бүхэл бүтэн цогц бүтцийн тухай асуудлыг хөндөж байгаа юм гэдгийг энэ дашрамд хэлэх байна.
Дээрх бүхнээс дүгнэн үзвэл нэгэнтээ бид далан жилийн туршид оршин тогтносон социалист систем, нэг намын үзэл суртал, марксизм ленинизмээс татгалзан хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замыг эргэлт буцалтгүйгээр сонгосон явдал нь дан ганц улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал бус, харинчиг нэн тэргүүнд дэлхий дахины нийгмийн хөгжил, философи сэтгэлгээний түвшинд шилжих шилжилтийн үе буюу бидний уламжлан тогтсон буруу ойлголт болох “Матери анхдагч уу, ухамсар анхдагч уу?”, “диалектикийн хос категориуд”, “хөгжил, хөдөлгөөнийг үзэх үзэл”, “матери ба ухамсрын харилцаа”, “орон зай ба цаг хугацаа”, “ертөнцийн нэгдэл”, “диалектик хөгжлийн түгээмэл хуулиуд” зэрэг метафизикийн асуудлыг онтолог буюу ахуйн тухай философийн үзэл сургаал хэмээн үзэх хандлагаа шийдвэртэйгээр таягдан халж, дэлхий дахины философи сэтгэлгээний жишигт түвшинд хөл нийлүүлэн алхах асуудал өнөөдрийн хувьд нэн хурцаар тавигдаад байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа бүхий л тулгамдсан асуудал, зовлон бэрхшээл (“шилжилтийн үеийн” хэмээн бидний нэрлээд байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх явцад үүсэн гарч ирээд байгаа бэрхшээлийг хэлж байгаа юм) хийгээд тэдгээрийг гэтлэн давах арга зам, уг сонгосон замаараа тууштай замнах эсэх нь аль нэгэн харийн улсаас шидлэх зээл тусламж, намуудын хоорондын зөрчилдөөн, ардчилсан сонгууль, төр засгийн тогтолцооноос бус харин бидний ертөнцийг үзэх үзэл бодол, иргэний итгэл үнэмшил, өөрсдийн хуучинсаг философи сэтгэлгээ буюу дан ганц марксист философийн цонхоор бүхнийг харан тайлбарлагч нэгэн хэвийн хэвшмэл сэтгэлгээнээсээ хагацан салж чадах эсэхээс шууд хамаарна гэдгийг философи гадарладаг хэн бүхэн дор бүхнээ мэдэж байгаа шүү дээ.