Ph.D Б. Намсрай
/Доктор, профессор/
Шинэ толь №1, 1991
Түлхүүр үг: Инфляци, Монетаризм, Мөнгөний үүсэл, Стагляци, Инфляцийн төрлүүд, Мөнгөний бодлого
Тас харыг цагаан болгох юм
Танаггүй муухайг сайхан болгох юм
Аймхай хулчгарыг баатар болгох юм
Ариг өтлийг залуу болгох юм
- У. Шекспир
Түмэн хүнээс ганцхан хүн мөнгөний гүйлгээний асуудлыг
ойлгодог бөгөөд бид энэ хүнтэй өдөр болгон дайралддаг
- Кин Хаббард
Мөнгийг зохиолч яруу найрагчид бүтээлдээ янз бүрзэр авч үзэж ид шидтэй зүйл мэтээр дүрсэлж байсан нэгэн жишээ бол дээр авсан У. Шекспирийн шүлэг бөгөөд энэ шүлгэнд мөнгөний муу талыг голлож бичсэн байдаг. “Мөнгө” гэдэг үзэгдэл ер нь бид бүхний мэдэх өдөр бүр тааралддаг, тэгсэн атлаа бас ямар нэгэн байдлаар ид шидтэй мэт зүйл байдаг. Хүн бүр мөнгийг мэддэг, мөнгөтэй байхыг хүсдэг. Мөнгөөр хүмүүс эд баялагийг худалдан авч оршин тогтох явдлаа баталгаажуулж, амьжиргааны түвшингээ дээшлүүлж болдог, гэхдээ мөнгийг “ажил хийж олох” ёстой, мөнгө ховор хомс, хүрэлцээгүй байдаг. Мөнгөтэй хүнийг баян гэж үздэг. Мөнгийг хүмүүс хадгалж, хуримтлуулж эсвэл зээлдүүлж болдог. Хадгаламж нь эд хөрөнгө, орлогыг нэмэгдүүлж, зээлдсэн өрөнд хүү төлж бас түүнийг буцааж төлж байдаг.
Эдгээр үзэл бодол бүхэлдээ зөв бас нэгэн зэрэг ямар байр сууринаас авч үзэж байна вэ гэдгээсээ хамаарч буруу юм. Тодорхой нэг хүний хувьд тохирч байгаа зүйл нь нийт эдийн засгийн үүднээс авч үзвэл огт буруу байдаг. Мөнгө бол ховор хомс байдаггүй, харин түүнийг зохиомлоор хязгаарлагдмал, хомс байлгадаг. Хэрэв хүн бүр их мөнгөтэй байх юм бол бүгдээрээ илүү ихийг эзэмшиж болохгүй болдог. Мөнгө бол зээлийн хэрэгсэл, гэхдээ өөрөө бас зээлийн тодорхой хэлбэр юм. Хадгаламж ихсэх нь эдийн засгийн зогсонги байдлын шалтгаан болж улмаар ингэснээрээ эд хөрөнгийг устгадаг. Хадгаламж бол үндэсний эдийн засгийн эд хөрөнгө биш, ззэл бол нийт эдийн засгийн өр биш. Авлага ба өр бол ямар нэгэн эдийн засагт бүхэлдээ харилцан бие биеэ суутгадаг.
Ингэхлээр мөнгө, зээл нь тодорхой нэгэн аж ахуй болон нийт эдийн засагт харилцан адилгүй үүрэг гүйцэтгэж, үр нөлөө үзүүлж байдаг. Эдийн засгийн нийгэмлэгт хөдөлмөрийн хуваарь байгаа учраас хөдөлмөрийн бүтээмж дээшилж, нийгмийн харилцан хамаарал бий болдог. Ийм учраас хөдөлмөрийн хуваарь хүмүүсийн хамтран амьдрах явдлыг ихээхэн өөрчилдөг. Гэвч энэ үйл явц нь бас нэгэн “шинэ бүтээл” болох мөнгөгүйгээр хэрэгжиж чадахгүй. Хөдөлмөрийн хуваарь нь эд баялагийн солилцоог шаарддаг “таваарыг таваартай” шууд солилцох нь нарийн төвөгтэй, хөшүүн болхи байдаг. Түгээмэл солилцооны хэрэгсэл болох мөнгөгүйгээр ямар нэгэн үндэсний эдийн засгийн процессыг хөдөлмөрийн хуваарьтайгаар зохион байгуулж чадахгүй юм. Шууд бараа солилцооны бэрхшээлийг энгийн жишээгээр харуулъя. “А” гэдэг ах ахуйн субъект адууны үйлдвэрлэлээр дагнасан, морио үхрээр солих хүсэлтэй байжээ. Солилцох түнш нь нэгэн зэрэг хоёр чанар эзэмших ёстой. Тухайлбал, тэр нь үхэр нийлүүлэгч, бас нэгэн зэрэг морь хэрэглэгч байх ёстой. Энэ хослол дандаа тааралаахгүй учир солилцооны түншийн сонголт бага болох юм. Үүнээс гадна бараа солилцооны үед үнэлгээний асуудал бий болдог, учир нь гэвэл өөрийн бүтээгдэхүүний өртөг гагцхүү солилцооны өвөрмөц баялагийн нэгжээр илэрхийлэгдэх байдаг, хишээлбэл, “нэг адуу гурван үхрийн адил өртөгтэй” гэх мэт энэ мэдээлэл нь бусад солилцоо арилжааны хувьд ямар ч үнэ цэнэгүй байдаг, учир нь гэвэл шууд солилцооны үед гагцхүү харьцангуй үнэ болдог бөгөөд валютын нэгжид харьцуулсан үнэмлэхүй үнэ байхгүй юм.
Ийм нөхцөлд солилцооны түгээмэл хэрэгсэл болсон мөнгө бий болдог. Мөнгө бол ямар материалаас тогтож байгаа нь гол биш, харин үндэсний эдийн засагт мөнгөний үүргийг аль болох төгс сайн гүйцэтгэж байна вэ гэдэг нь чухал юм. Мөнгө өөрөө алт шиг өөрийн материаллаг өртөгтэй байх ёстой биш, харин эдийн засгийн үйл явцад тодорхой үүрэг гүйцэтгэж байх ёстой.
- Мөнгө бол өртөгийг дамжуулах хэрэгсэл болдог, өөрөөр хэлбэл солилцоо, төлбөрийн түгээмэл хэрэгсэл болдог.
- Мөнгө бол өртөгийг илэрхийлэх хэрэгсэл болдог, өөрөөр хэлбэл үнэлж цэгнэх ерөнхий хэмжүүр, тооцооны нэгж болдог.
- Өртөгийг хадгалах хэрэгсэл, өөрөөр хэлбэл хадгаламжийн болон зээлийн хэрэгсэл болдог.
Онолын хувьд ямар ч эд баялаг буюу авлагын зүйл мөнгө болон хэрэглэгдэж болох бөгөөд гагцхүү тэр нь практик амьдралд хэр зэрэг нийцтэй байх гэдэг нь гол юм. Чухамхүү мөнгө үндэсний эдийн засгийн аж ахуйн бүх субьектэд аль болох олон эдийн засгийн трансакцид (хэлцэл, арилжаа) хэрэглэгдэж байх ёстой болохоор мөнгөний материал нь онцгой шаардлага хангаж байх ёстой. Мөнгө бол сайн хуваагдаж байдаг, найдвар баталгаатай, хялбар тээвэрлэж болдог, аль болох удаан хугацаанд хадгалж болдог, хялбархан таньж тогтоож болдог, хэн нэгэн этгээд дуртай цагтаа арвижуулж, өөрөөр хэлбэл хуурамчаар үйлдэж болдоггүй байх ёстой. Эдгээр нь мөнгөний техникийн асуудал бөгөөд харин мөнгөний онолын асуудал биш юм.
Мөнгө түгээмэл тооцооны нэгж болон үнэлгээний нэгж болох үүргээ гүйцэтгэснээр мэдээллийн боломжийг нэмэгдүүлж зардлыг нь бууруулж байдаг. Валютын нэгжээр эдийн засгийн хэмжигдэхүүний эд хөрөнгө буюу өр, зардал буюу үр дүн, мөнгөн зарлага буюу орлого, ашиг буюу алдагдал болон илэрхийлэгдэж байдаг, бас олон янзын баялаг, үйлчилгээ өртгийн хувьд нэмэгдэж байдаг. Эдийн засгийн шийдвэрийг мөнгөөр үнэлсэн хэмжигдэхүүний тусламжтайгаар гаргаж байдаг.
- Мөнгө түгээмэл солилцооны хэрэгсэл болох үүрэг, түүнчлэн харилцан тооцох боломжоор дамжуулсан баялаг, үйлчилгээг солилцох трансакцийн зардлыг бууруулж байдаг.
- Мөнгө өртгийг хадгалах хэрэгсэл болдог үүргээрээ дамжуулан зээлээр санхүүжих, хэрэглэхийг татгалзах боломж олгодог зэргээрээ хэрэглээ болон хөрөнгө оруулалтын эдийн засгийн шийдвэр гаргах эрх чөлөөний түвшин, хэмжээг нэмэгдүүлдэг.
Хэрэв үндэсний эдийн засаг эмх цэгцтэй мөнгөний тогтолцоогүй бол эдийн засгийн болхи бүдүүлэг харилцаанд эргэж ордог. Тухайлбал, солилцох худалдаа цэцэглэж, өөрөө бүх зүйлийг үйлдвэрлэх болж, орлох валютыг хайж, тамхи мэтийн орлогч валютыг олдог. Мөнгөний ач холбогдол эдийн засгийн салбараас хальж давдаг юм. Мөнгө бол нийгмийн нэгдмэл интеграцийн чухал хэрэгсэл мөн гэж үзэж болно. Мөнгөний үүргийг ямагт илүү сайн гүйцэтгэхүйцээр мөнгөний материал хэрэглэгдэхүүнийг өөрчилж ирсэн хүмүүсийн чармайлт гэж мөнгөний түүхийг тайлбарлаж болно. Мөнгөний хөгжлийн шат гишгүүр төдийгүй, орчин үеийн мөнгөний аливаа системд дайралдах мөнгө бүтээн бий болгох бүхий л элементийг товч авч үзье.
- ТАВААРАН МӨНГӨ. Солилцоо гүйлгээ нэмэгдэхийн хэрээр тодорхой таваар бүх нийтэд үнэлэгдэж гарч ирдэг. Мал, давс юмуу тариаг хүмүүс тэдгээр баялагийг хэрэглээний баялаг болгон хэрэглэхгүйгээр шууд сольж болдог бөгөөд тэдгээрийг өөр бусад баялагаар харьцангуй хялбар сольж болдог байсан, ингээд мөнгөний үүргийг гүйцэтэх болжээ.
- МЕТАЛЛ МӨНГӨ. Тавааран мөнгө нь дуртай цагтаа хувааж болдоггүй, хадгалагдах чанар хязгаарлагдмал дутагдалтай байв. Үнэт металл ийм дутагдалгүй байдаг. Цутгамал, гулууз, үрэл хэлбэрээр үнэт металл солилцооны түгээмэл хэрэгсэл болж байв.
- ЗООСОН МӨНГӨ. Металл мөнгийг төлбөрийн үйлдэл бүрт жигнэж хэмжих хэрэгтэй болдог. Түүний цэвэр байдлыг шалгаж тогтооход түвэгтэй байдаг. Энэ дутагдлыг зоосон мөнгө -арилгана. Зоос нь эхлээд металлын хэсэг байсан бөгөөд түүний цэвэр агуулга, жинг хаад ноёд, тайж зэрэг нэр хүнд бүхий хүмүүс баталгаажуулсан байдаг. Зоосон мөнгийг нэвтрүүлсэн нь хуулийн зохицуулалт, мөнгөний тогтолцооны төрийн байгуулалтыг шаардаж байв. Мөнгөний хууль дүрэм нь мөнгөний гадаад төрхийг тодорхойлж, зоос цутгах эрх, зоосны жин, бутлах явдлыг тогтоодог. Өнөөдөр энэ нь үндэсний эдийн засаг бүрт валютын байгууллагыг бий болгох ёстой болж байна.
Зоосны металлын өртөг нь эхлээд түүн дээр хэвлэсэн өртөг, нэрлэсэн өртөгтэйгээ тохирч байв. Өнөөдөр хэрэглэж буй зооснууд гол төлөв нэрлэсэн өртөгтэй нь зэрэгцүүлбэл металлын бага өртөгтэй байна. (солигдох мөнгө гэдэг нь зарчмын хувьд “металл дээр хэвлэсэн банкны тэмдэгт” юм. )
- ТЭМДЭГТ МӨНГӨ. Гэтэл чухам энэхүү “валютын нэр хүндтэй хүмүүс” өөрсдөө зоосыг муутгаж, багасгаж, эмх замбараагүйтүүлж өөрсдийн хувийн ашиг хонжоогоор хөөцөлдөж байсан бөгөөд ингэснээр зоосон мөнгийг тэмдэгт мөнгөөр халж сольсон байна. Мөнгөний систем нь тоймлон харах багцаагүй, цаг үеийн баталгаагүй байсны улмаас “зоосны мэргэжилтнүүд” бий болсон байна. Тэд гагцхүү жинхэнэ зоосыг найдвартай хадгаламжинд авдаг байна. Тэд тогтоосон мөнгөөр банкны тасалбар олгодог байсан бөгөөд энэ нь дуртай цагтаа жинхэнэ зоосоор солих явдлыг баталгаажуулдаг байв. Тэмдэгт мөнгө нь удахгүй зоосноос илүү үнэлэгдэх болсон, учир нь гэвэл энэ нь жинхэнэ зоос авах шаардлагыг баримтаар нотолж байв. Банкны тасалбар нь өөрөө төлбөрийн хэрэгсэл болон хэрэглэгдэх болжээ. Өдөр тутмын арилжаа наймаанд банкны тэмдэгтийн зөвхөн нэг хэсэг нь алтан зоосоор солигддог, нөгөө талаас бас алтаар төлөх төлбөр дахин орж ирж байдаг болохоор тэмдэгт мөнгөний үүрэг төлбөрөө зуун хувь баталгаажуулах явдал зарчмын хувьд шаардлагагүй болохыг банкныхан таньж мэдсэн байна. Хэвийн нөхцөлд банк алтны тодорхой нөөцтэй байсан бөгөөд тэр нь өдөр тутмын арилжаа солилцоонд төлбөрийн бэлэн байдалтай байхад хэрэглэгдэхгүй байв. Энэхүү “чөлөөт ликвид хэрэгсэл нь” (ликвиа чанар гэдэг нь актив хөрөнгийг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломж, нэрлэсэн өртгөө хэвээр хадгалах актив хөрөнгийн чадвар юм) нэмэлт тэмдэгт мөнгөний хэлбэртэйгээр зээл олгох үндэс суурь болж хэрэглэгдэж болох байлаа. Банкны эзэд, мөн тэмдэгт мөнгө гаргах онц эрхийг хуулиар баталгаажуулсан улсын банк төлбөрт шаардагдахгүй байгаа алтны нөөцийн үндсэн дээр зээл олгох замаар шинэ нэмэлт мөнгийг банкны тэмдэгт, солигдох зоосны хэлбэрээр гаргадаг. Үнэт металлаар баталгааждаг биет мөнгө нь зээлийн мөнгө болж хувирдаг бөгөөд зээлийн мөнгөний төлбөрийн хэрэгсэл болох нэрлэсэн өртөг нь түүний өөрийнх нь биет өртөг буюу түүний баталгаажихад агуулагдсан нөөцийн өртөгнөөс их байдгаар зээлийн мөнгө тодорхойлогдоно. Жишээлбэл, хэрэв нөөцийн баталгаажилт ердөө л тавин хувиар байхад хүрэлцэнэ гэвэл, үндэсний эдийн засаг дахь мөнгөний тоог зээл олгох замаар хоёр дахин нэмэгдүүлж болно. Зээлийн мөнгийг “хоосноос” бий болгож, зээлийн шаарлагын зээлдэх чадвараас гадуур “хоосон зүйлээр” баталгаажуулж байдаг.
Энэхүү байдал өнөөдрийн банкны системийн буй болгож байгаа зээлийн мөнгө бүтээх явдалд адилхан хүчин төгөлдөр хамаарна..
Бодит байдалд тэмдэгт мөнгө нь алгуур аажмаар алтны тодорхой нөөцийг заавал албадах явдлаас салж тасарчээ. Албан ёсны болгосон валют нь чөлөөтэй үл хөдлөх валют болжээ. Өнөөдрийн тэмдэгт мөнгө бол цорын ганц хязгааргүй, хуулиар тогтоосон төлбөрийн хэрэгсэл юм. Түүнийг төв банкнаас гаргадаг, гэхдээ үнэ цэнэ багатай биет материал цаасаар үйлддэг. Мөнгө бол өөрийн материаллаг өртөггүй, төв банкны ямар нэгэн валютын буюу алтны нөөцийг шаардаж баримтаар нотлохгүй байна.
- ЖИРАЛ БУЮУ ДАНСНЫ МӨНГӨ. Зоосон ба тэмдэгт мөнгөний зэрэгцээ бүр дундад эртний үед алс холын худалдааны онцгой аз туршилтын улмаас дансны буюу жирал мөнгө бий болжээ. Хэрэв зоосон буюу тэмдэгт мөнгийг жиро дансанд төлсөн, эсвэл ямар нэгэн арилжааны банк зээл олгосон бол энэ мөнгө үүснэ. Данс эзэмшигч өдөр бүр банкнаас авах авлагатай болдог бөгөөд үүнийг чек буюу захирамжаар нэгний данснаас нөгөөд шилжүүлж болдог. Төлбөр хийгдэж, ингэснээр төлбөр төлөгчөөс төлбөр авагчийн банкны дансанд хөрөнгө шилжиж тооцогдож байдаг. Жирал мөнгө бий болсоноор биет бус мөнгө үүсэж буй болсон, гэхдээ түүнийг дуртай үедээ тэмдэгт буюу зоосон мөнгө болгож болдог. Гэхдээ аливаа банкинд дебет ба кредитийн бичлэг, орох, гарах төлбөр өдөр тутам дээд хэмжээнд хүртэл тэнцэж байдаг болохоор арилжааны банкуудад бэлэн бус мөнгөний төлбөр гүйлгээ хийснээр илүүдэл ликвид чанар бий болдог, түүнийг арилжааны банкнууд зээлийн мөнгийг шинээр бий болгоход хэрэглэж болдог. Арилжааны аливаа банк тодорхой хэмжээнд хүртэл өөрөө жирал мөнгө бий болгож, үндэсний эдийн засгийн мөнгөний тоог нэмэгдүүлж болно.
- КОМПЬЮТЕРИЙН МӨНГӨ. Төлбөр гүйлгээ электронжих явцад сүүлийн жилүүдэд мөнгөний шинэ хэлбэр бий болсныг хүмүүс “компьютерийн мөнгө”, “бит мөнгө” эсвэл “пайзан мөнгө” гэж тэмдэглэж байна. Нарийн авч үзвэл энэ нь мөнгөний шинэ хэлбэр биш харин жирал мөнгийг тохиромжтой байдлаар эзэмших тухай яригдаж байгаа юм.
Өөрийн харилцагч, пайз эзэмшигчдэд сарын тооцоогоор банкин дахь дансанд нь дебетийн бичлэг хийж, төлбөр авагчдад үе үе кредитийн бичлэг хийж байдаг байгууллагаар дамжуулан зээлийн пайзаар хүмүүс “төлж байдаг”.
Соронзон бичлэгтэй пайзаар хүмүүс “Point of Sale” (худалдааны цэг) буюу бэлэн мөнгөний автомат дээр өөрсдийн жиро дансыг шууд эзэмшиж байдаг. Чип пайз, “электроны түрийвч” гэдгээр хүмүүс дансны мөнгөө хадгалдаг бөгөөд телбөр тооцооны явцад электрон тооцоогоор хүлээн авагчид дамжуулахын тулд банк буюу автоматын дэргэд “уригдаж ” байдаг.
Мөнгө гэж юу болох, түүний үүрэг, түүхэн хөгжлийн талаар бид товчхон авч үзлээ. Одоо мөнгөний ханш буурах инфляцийн талаар зарим ойлголтыг энд гаргая.
Инфляцийн тухай америкийн нэрт эрдэмтэн эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман: “Эхэндээ инфляцийн аятайхан үр нөлөө, эцэстээ муу үр нөлөө байдагт жинхэнэ шийдвэрлэх асуудал оршдог. Ямар нэгэн байдлаар ууж согтуурахтай адил байдаг. Инфляцийн эхний сар жилүүдэд эхлээд ууж байгаа юм шиг ухаан жолоогүй байдаг. Хүн бүр зарцуулах илүү мөнгөтэй, үнийн өсөлт нь эзэмшиж буй мөнгө шиг хурдан биш байдаг. Үнэ хөөрөхөд шарталт эхэлнэ… Инфляци бол мансууруулах бодис шиг юм. Адил хэмжээний мансууралд хүрэхийн тулд улам хүчтэй тун хэрэгтэй болдог… Инфляцийн хурц шинжийг намдаах хамгийн том бэрхшээл нь тодорхой хугацаа өнгөрсний дараа хүмүүс өвчнийг илааршуулахаасаа илүү түүнтэй эвлэрдэгт оршино” гэж өгүүлжээ.
Өнөөдөр манай Монголын эдийн засгийн эмгэг шалтгааны хамгийн хурц илрэл, хүн амын бухимдлын нэг гол шалтгаан болж буй үзэгдэл бол инфляци юм.
Мөнгөний ханш унаж, үнэ өсөх үзэгдлийг бид ерөнхийдөө инфляци хэмээн нэрлэж, аж ахуй, амьжиргаандаа яс махаараа мэдэрч байна. Гэвч эдийн засгийн шинжлэх ухаанд өөр хоорондоо ялгаатай, янз бүрийн тодорхойлолт байдаг ажээ. Инфляци гэдэг нь хөөргөх, дэвэргэх гэсэн латин үгнээс гаралтай нэр томьёо юм. Шмолдерс гэдэг эдийн засагч инфляцийг ”Мөнгөн хөрөнгийн эзэнд ногдуулсан нуугдмал гувчуур татвар” гэсэн байхад, Нобелийн шагналт Фридман “адилхан мансуурал авахын тулд улам ихээр хүртэж байгаа мансууруулах бодисын нэгэн адил зүйл”, Английн ерөнхий сайд асан төмөр леди М. Тетчер” инфляци бол ялимгүй зүйл гэж үзэж болохгүй, мансууруулах бодистой адилхан аюултай зүйл” гэж хэлсэн байдаг. Ном зохиолд нэлээд өргөн дэлгэрсэн, олон эдийн засагчдын хүлээн зөвшөөрдөг тодорхойлолт гэвэл: Инфляци гэдэг нь мөнгөний нэгжийн худалдан авах чадвар буурч улмаар үнийн түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр үргэжилсэн ужиг байдлаар өсөх явдал юм.
-Энэхүү тодорхойлолтоос үзвэл инфляци гэдэг нь ганц нэг барааны үнэ өсөж буй хэрэг бус харин үнэ дунджаар бүхэлдээ өсөж буй үзэгдэл юм.
-Энэ үйл явц хэд хэдэн сар, жилээр үргэлжлэх ужиг удаан үйл явц. Ийн учир түр зуурын конъюнктурын шинжтэй үйл явц биш харин хандлагын чанартай асуудал юм.
-Үнэ тодорхой хязгаараас хальсан өсөлтийн үед, өөрөөр хэлбэл, мэдэгдэхүйц өсөж буй үед инфляци болдог.
-Үнийн өсөлт бүхэн аж ахуйн субьектийн худалдан авах чадварт нөлөөлдөггүй. Түүхий эд буюу хөрөнгө оруулалтын баялагийн үнэ өсөх явдлыг рационалчлалын замаар хямдруулж эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй байлгаж болох юм. Ийм учраас өрнөдийн бүх оронд амьжиргааны үнийн индекс гэдгийг хэрэглэж үнийн түвшинг хэмжиж байдаг.
Амьжиргааны өртгийн индексийг тооцохдоо урьдаар дундаж айл өрх сард хэрэглэдэг тодорхой тооны баялаг үйлчилгээг тодорхой үндэс суурь хугацаанд барааны сагс гэдэгт нэгтгэн дүгнэдэг. Жишээлбэл, Германд 800 орчим нэрийн бараа, үйлчилгээг энэ сагсанд оруулж тооцдог. Энэ сагс хэд хэдэн жилийн турш өөрчлөлтгүй байдаг. Баялгийн үнийг сар бүр төлөөлүүлэн гаргаж хэрэглээний зохих тоо хэмжээгээр үржүүлж, хэрэглээний дүн хэмжээнд нэгтгэдэг. Ингэснээр тодорхой баялагийн үнийн өөрчлөлтийг айл өрхөд үзүүлэх утга холбогдлоор нь жинг гаргадаг. Мах, сүү, тос, шатахуун, түлш, сууц зэрэг баялагийн үнийн өсөлт ач холбогдол багатай зүйлийн үнийн өсөлтөөс илүү хүчтэй нөлөөлж байдаг. Хэрэв барааны сагс хэвээр байхад хэрэглээний дүн хэмжээ өөрчлөгдөж байвал энэ нь дан ганц үнийн өөрчлөлтийн үр нөлөө болох юм. Суурь сарын хэрэглээний дүн хэмжээг 100 хувь гэж үзээд дараачийн хэрэглээний дүнгээр амьжиргааны өртгийн индекс, валютын худалдан авах чадвар, инфляцийн хувийн жинг тогтоодог байна.
Валютын нэгжийн худалдан авах чадвар, баялаг, үйлчилгээний хэлбэртэй мөнгөний нэгжийн одоогийн өртгийг дараах харьцаагаар тогтооно.
Инфляцийн жилийн хувь хэмжээг сар бүр урьд оны тухайн сард харьцуулж гаргадаг.
Инфляцийн аливаа хэлбэр нийгэм, улс төрийн үүднээс авч үзвэл эд хөрөнгө, орлогын дахин хуваарилалтын сөрөг үр дагавартай байдаг. Хүн амын зонхилох хэсэг нь инфляциас алдаж, хохирч байдаг бол харьцангуй бага хэсэг нь болон төр улс энэ үйл явцад тохиромжтой байдалд ордог.
- Инфляцийн үйл явцад мөнгөн хөрөнгийн эзэд хөрөнгөө хураалгаж байдаг, дансанд хадгалуулагч, барилгын хөрөнгө хадгалагч, хатуу тогтоосон хүүтэй үнэт цаас эзэмшигч болон амьдралын даатгалын хөрөнгө хуримтлуулан хадгалагч энд өртөж байдаг.
- Нэрлэсэн байдлаар тогтмол мөнгөн орлого авагчид, жишээлбэл ажилчин, албан хаагч, түшмэл, сул цалинтан инфляциас болж хохирч байдаг. Наад зах нь инфляцийг тэгшитгэж цалин, тэтгэвэрийг зохицуулах хүртэлх хугацаанд ийнхүү хохирч байдаг. Энэ нь хэзээ ямагт баталгаатай байж чаддагүйг туршлага харуулж байна.
- Инфляци бол татвар төлөгчийг хохироож байдаг, учир нь гэвэл тэд орлого ихсэхийн хэрээр татварын тарифын прогрессив бүсэд илүү татагдан орж, пропорционалаас илүү татвар төлөх ёстой болдог. Нэгэн зэрэг баялагийн үнэ өсөхөд шууд бус татварын (жишээлбэл, нэмэгдэл өртгийн татвар) ачаалал өсөж байдаг.
Инфляци ямар хүмүүст ашиг хонжоотой байдаг вэ?
- Инфляци бол биет эд хөрөнгө эзэмшигчдэд өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн бус баталгаатай эд хөрөнгө (жишээлбэл, эртний дурсгалт зүйлс, гоёл чимэглэл, алт) зэрэг зүйлийг эзэмшигчдэд тохиромжтой байдаг. Эдгээр зүйлсийн өртөг инфляцийн хувийг дагаж өсөж байдаг.
- Инфляци бол өртэй хүмүүст ашигтай байдаг, учир нь гэвэл тэдний өр нэрлэсэн тоогоор тогтоогдож бичигдсэн байдаг. Ийм учраас удаан хугацаанд өртөг нь буурдаг арга хэрэгслээр тэмцэх явдал мөн.
Инфляцийн шалтгаан, үйл явцын нөхцөл нь И. Фишерийн гүйлгээний тэнцэтгэл, мөнгөний тооны онолоос урган гардаг. Энэ нь
- M * V = Y * P эсвэл
Хэрэв мөнгөний тоо (М) бол гүйлгээний хурдын (V) үр дүн нь, өөрөөр хэлбэл үр нөлөө бүхий мөнгөний тоо нь үндэсний бодит бүтээгдэхүүнээс (Ү) илүү өсөж байвал, эсвэл мөнгөний тоо тогтмол байхад үндэсний бүтээгдэхүүн буурч байвал, эсвэл үр нөлөө бүхий мөнгөний тоо нь үндэсний бүтээгдэхүүнээс бага хүчтэй буурч байвал инфляцийн үйл явц гардаг нь энэхүү хамаарлаас мэдэгдэж байна. Үндэсний бүтээгдэхүүний өсөлттэй зэрэгцүүлбэл, илүү хүчтэй нэмэгдэж байгаа, эсвэл багаар буурч буй мөнгөний тоо инфляцид хүргэдэг баримт нь энэхүү үзэгдлийн чухал нөхцөл мөн боловч түүний шалтгааны тайлбар биш юм. Инфляцийн шалтгааныг айл өрх, үйлдвэрийн газар, улс, тарифын түншийн араншин бас түүнчлэн төв банкны бодлого, гадаад орны эдийн засгийн хөгжилтөнд эрэх ёстой.
Инфляцийг монетар бус ба монетар шалтгаан гэж ялгаж байдаг.
- ИНФЛЯЦИЙН МОНЕТАР БУС ШАЛТГААН
Инфляци нь хэрэглэгч болон нийлүүлэгчээс шалтгаалж байдаг. Тэдний араншин, мөнгөний тоог нэмэгдүүлэх, хэрэв энэ нь боломжгүй бол мөнгөний эргэлтийн хурдцыг нэмэгдүүлэх явдлыг бий болгосонтой холбоотой. Мөнгөний тоог аж ахуйн субъектийн араншингаас хамаарах хэмжигдэхүүн гэж үздэг. Хэрэв эрэлтийг зохих мөнгийг бий болгох, түүнчлэн мөнгөний эргэх хурдыг нэмэгдүүлэх замаар санхүүжүүлж байвал нийт эдийн засгийн үйлдвэрлэлийн потенциалтай зэрэгцүүлбэл илүү хүчтэй нэмэгдэж байгаа баялаг, үйлчилгээний эрэлтийн үнэ өсөхөд хүргэнэ гэж инфляцийн эрэлтийн онол үздэг. Нийт эдийн засгийн эрэлт нь дөрвөн сектороос үүдэн гарч дөрвөн бүрэлдэхүүн хэсгээр тодорхойлогдож байдаг. Үүнд:
-улсын эзлэх хувийн жин буюу хөрөнгө оруулалтын квотыг бууруулахгүйгээр айл өрх хуримтлал, хадгаламжинд хохиролтойгоор өөрсдийн хэрэглээний хувийг нэмэгдүүлбэл инфляцид тус дөхөм болно;
-хэрэв цэвэр хөрөнгө оруулалт нь цэвэр хадгаламжнаас их байгаа, ингэснээр санхүүгийн хэрэгцээ өссөний улмаас мөнгөний тоо болон эргэх хүрд нэмэгдэж байвал үйлдвэрийн газар инфляцид тус дөхөм болно;
-хэрэв төрийн зардал нь албан татвар, хураамж, төлбөрийн хандиваас орж буй орлогоос их байвал төр улсын араншин инфляцид хүргэнэ. Хэрэв төсвийн алдагдлаас гарч буй өрийг дотоодын хуримтлалаас биш харин мөнгө бий болгох замаар, эсвэл гадаад орноос зээл авч санхүүжүүлж байвал дотоодын мөнгөний тоо хэмжээ нэмэгдэнэ. Ингэвэл адил хэмжээний үндэсний бүтээгдэхүүнд их хэмжээний худалдан авах чадвар өрсөлдөж, үнэ нэмэгдэх ёстой;
-хэрэв худалдааны болон үйлчилгээний баланс нь экспортыг илүүдэлд хүргэж байвал, өөрөөр хэлбэл, хэрэв импортолсноос илүүгээр баялаг, үйлчилгээг экспортолж байвал гадаад орноос инфляцийн үр дагавар гарч болох юм. Импортолсон инфляци нь бодит ба монетар үр нөлөөтэй байдаг. Хэрэв импорттой харьцуулбал хэт их экспортолсон бол экспортын илүүдэл баялагийг үйлдвэрлэснээр дотоодод бий болсон орлогод тохирох баялагийн нийлүүлэлт дутагддаг. Баялагийн эрэлт нь түүний нийлүүлэлтээс их байдаг. Үүний зэрэгцээ дотоодын мөнгөний тоо нэмэгдэж байдаг, учир нь гэвэл экспортын илүүдэл нь эсвэл дотоодын валютаар шууд төлөгдөнө, эсвэл экспортлогчид дотоодын валютаар солих гадаад валютаар төлөгдөж байдаг. Солилцооны хатуу ханштай олон улсын валютын систем инфляцийн импортонд таатай нөлөөлж байдаг. Тэр ч байтугай, хэрэв импортын баялагийн үнэ нь дотоодын үнээс илүү өсөж байсан ч гэсэн үнийн түвшин өсөж болно.
Импортын баялаг барааны сагсанд орохын хэрээр үнийн түвшин өсөж байдаг.
Эрэлтийн инфляци. Хэрэв үндэсний эдийн засгийн нийт эрэлт ( Д ) нийт эдийн засгийн үйлдвэрлэлийн үр дүнгээс ( Ү ) давж байвал, эрэлт нийлүүлэлтийн зах зээлийн аж ахуйн зохицуулалт нь үнийн өсөлтөнд хүргэдэг, гэхдээ бас эрэлт нь (Ро – Д1) байж болох тул үйлдвэрлэл нэмэгдэхэд хүргэж болно; Хэрэв үйлдвэрлэлийн потенциал бүрэн дүүрэн ачаалалттай байгаа бол эрэлт нь гагцхүү (Д1– Д2) гэсэн үнийн өсөлтөнд хүргэдэг. (Зураг N 1-ийг үзнэ үү)
Инфляцийн нийлүүлэлтийн онол. Нийлүүлэлтийн талаас үйлдвэрлэлийн зардал өсөх, ашгийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэх, үнийг захиргаадан тогтоох нь инфляцийн шалтгаан болдог.
Зардлын инфляци. Баялагийн үнэ нь хэвийн нөхцөлд үйлдвэрлэлийн зардалд тулгуурлан тооцогдох ёстой. Аливаа үйлдвэрийн эзэн удаан хугацаанд зардлаа нөхсөн орлого, хэвийн ашгаас цаараглаж чадахгүй. Хэрэв үйлдвэрлэлийн зардал (цалин, нийгмийн зардал, эрчим хүч, түүхий эдийн зардал, татвар, хүү) нэмэгдвэл, үйлдвэрийн газар эхлээд цаашид оновчтой болгон рационалчлахыг оролдож байдаг. Тэглээ ч гэсэн нэгжийн зардал өсөж байвал үйлдвэрийн газар цаашид оршин тогтнохыг хүсвэл үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болдог.
Хэрэв үйлдвэрийн газар зах зээлийн тодорхой эрх эзэмшиж байгаа бөгөөд өрсөлдөгч адилхан араншинтай байвал, тэгээд эрэлт харьцангуй мэдрэмжгүй байвал үнийн өсөлтийг хялбархан хэрэгжүүлж болно. Нийт эдийн засгийн нийлүүлэлтийн муруй координатын системд дээшээ (S0-S1) ахиц хийдэг. (Зураг N 2-ыг үзнэ үү)
Цалин үнийн спираль. Цалийн үнийн спиралийн сэдэв нь гэвэл дан ганц цалингийн өсөлт нь зардлын өсөлтөөр дамжин үнийн өсөлтөнд хүргэдэг. Энэ нь бас цалинг дараагийн удаа өсгөх шаардлагыг бий болгодог. Энэ нотолгоог ийм үнэмлэхүй утгаар авч үзвэл буруу юм. Хэрэв цалингийн өсөлт нь бүтээмжийн өсөлтөөс давж байвал, бас нийт зардлын дотор цалингийн зардлын хувийн жин нэмэгдсэн үед л цалин өсөх нь инфляцийн үр дагавартай байдаг. Цалин өсөх нь рационалчлалыг хүчтэй нэвтрүүлж урт удаан хугацаанд бас ажилгүйдлийг ихэсгэхэд хүргэж болох юм.
Захиргаадан тогтоосон үнэ. Олигополист болон монополист бүтэцтэй зах зээл дэх үйлдвэрийн газар их хэмжээгээр зах зээлийн эрх мэдлийг эзэмшиж байдаг бөгөөд эрх засаг нь тэдэнд ашигтай тодорхой зорилгод хүрч байхаар үнэ тогтоох боломж олгодог. Үүнтэй холбогдуулан “захиргаааан тогтоох” үнийн тухай ярьдаг бөгөөд энд эрэлтийн нөхцөл байдал хийгээд коньюнктурын байдлаас хамаарахгүйгээр үнийг ашиг сонирхлынхоо дагуу хэрэгжүүлэхийг ойлгодог. Ялангуяа зах зээлийн аж ахуйн механизмаар үнэ буурч байх ёстой буюу буурч буй эрэлтийн үед үнэ нэмэгдүүлэх бодлогоор үнийг өсгөж байдаг. Энэ үед нэгжийн зардал өсөж байх боловч үйлдвэрийн газар үнийг нэмэгдүүлж ашиг олох зорилгоо хэрэгжүүлж байдаг.
Стагфляци. Зах зээлийн хүчирхэг үйлдвэрийн газруудын үнийн бодлого, өрсөлдөөнийг хязгаарлагч үнийн тохиролцоо нь “стагфляци” гэдэг үзэгдэлд тус дөхөм болдог бөгөөд энэ нь коньюнктур буурч байгаа (стагнаци, зогсонги байдал) үед ч гэсэн үнэ өсөж байдаг үзэгдэл юм.
Төрийн байгууллагын үнийн бодлого. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагын үнийн бодлогыг дутуу үнэлж болохгүй юм. Төрийн үйлдвэрийн газар, албан газрууд нь баялагийн үнийг захиргаадан тогтоож байдаг. Тэдгээр нь олон янзын татвар, үйлчилгээ нийлүүлж байдаг бөгөөд түүнд хураамж, төлбөр шаардаж байдаг (жишээлбэл, шуудан, зам, радио, ус, хотын тээвэр, нийгмийн даатгал, эмнэлэг, оршуулга г.м ), түүнээс гадна үнийг улсаас тогтоож, улс зөвшөөрч эсвэл шууд бус албан татвараар (нэмэгдэл өртгийн, тамхины, дарсны, эрдсийн тосны татвар) нөлөөлж байдаг.
Шаардлагын инфляци. Эрэлтээс хамаарах, түүнчлэн нийлүүлэлтээс хамаарах инфляцийн шалтгаан гэж ангилах нь цэвэр онолын шинж чанартай юм. Ингэж ангилснаар зах зээлийн аль талаас инфляци үүдэн гарч болох вэ гэдгийг тодруулах гэж байгаа юм. Эрэлтийн инфляци нь гол төлөв үйлдвэрлэлийн өсөлтөөр дамжин (хязгаарт зардал өсөж) инфляци болоход хүргэдэг. Нийлүүлэлтийн инфляци нь үндэсний бүтээгдэхүүний бууралтад илүү нөлөөлдөг. Энэ хоёр үр нөлөө зах зээлийн аж ахуйн үйл явцад хамтдаа үйлчилдэг учир сүүлийн үед “шаардлагын инфляци” гэдэг сэдвийг улам хүчтэй хэрэглэх болжээ. Инфляцийн олон шалтгааны дотор нийгмийн бүлэг, эвсэл холбоо, төрийн үндэсний бүтээгдэхүүнд байх өөрсдийн хувийг нэмэгдүүлэх хүсэл шаардлага илэрч байна.
“Шаардлагын инфляци гэдэг нэр томьёо нь үүнээс үүдэн гарч байгаа шалтгааныг нэгтгэж, үндэсний бүтээгдэхүүн авах бүхий л нэрлэсэн шаардлагын нийлбэр дүн нь бодит үйлдвэрлэлээс хурдан өсөж байгаа байдлыг тодорхойлж байдаг. Тодорхой бүлгийн байр суурийг сайжруулах хүсэлт ба эдийн засгийн бодит өсөлтийн хоорондын ийм маягийн тохироогүй байдлыг олон ажиглагчид орчин үеийн үйлдвэрийн улсууд дахь инфляцийн шийдвэрлэх шалтгаан гэж үзэж байна” хэмээн Иссинг гэдэг судлаач өгүүлжээ.
Ингэж үзвэл инфляцийн үйл явц нийгмийн бүлгийн шаардлагыг ямагт үйлдвэрлэлийн бодит үр дүнд хүргэж хязгаарладаг, тэгэхдээ харин нэн нийгмийн бус арга хэрэглэдэг. Ямар нэгэн эдийн засагт чухамдаа тодорхой үеийн туршид үйлдвэрлэсэн баялагийн тоо хэмжээг л хэрэглэж, хөрөнгө оруулалтанд ашиглаж болох юм. Энэ бол эдийн засгийн үндсэн хууль мөн.
ИНФЛЯЦИЙН МОНЕТАР ШАЛТГААН
Инфляцийн монетар шалтгаан. Шаардлагын инфляцийн сэдвийг баримтлагчид үнийн өсөлтийн хариуцлагыг нийгмийн бүлэг хүлээнэ, мөнгөний тооны өөрчлөлт нь энэ араншингийн үр дагавар гэж үзэж байхад монетаристууд үүний эсрэг байр суурь баримталдаг. Тэд мөнгөний тоо бол гагцхүү төв банкнаас хамаарах бие даасан хэмжигдэхүүн гэж үздэг.
Үндэсний бодит бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү ихээр нэмэгдэж байгаа мөнгөний тоо бол монетаристуудын хувьд инфляцийн нөхцөл төдийгүй, бас инфляцийн шийдвэрлэх шалтгаан байдаг юм. Тэдний томьёолсон “шинэ тооны онолын” гол цөм нь хэрэв мөнгөний тоон өсөлтийн хувь нь үндэсний бодит бүтээгдэхүүний өсөлтийн хувиас их байвал ямар нэгэн үндэсний эдийн засагт үнийн түвшин өсөж байдаг гэсэн илэрхийлэл юм.
Монетарист сэдвийн хамгийн нэрд гарсан хамгаалагч Мильтон Фридман нэгэн ярилцлагадаа үүнийг хурцаар илэрхийлжээ. “Зардал, үнэ яагаад өсөж байна вэ?” гэсэн асуултанд тэрбээр хариулахдаа: “Эдийн шуналтай цалин авагчид, ашиг хөөцөлдөгч ажил хэрэгч хүмүүсийн улмаас болж байгаа юм биш. Сүүлийн 5 жилд үнэ 25 хувиар өссөн явдлын учир гэвэл, Вашингтонд ширээ тойрон сууж байгаа 19 таньж болох хүмүүс “хамгийн бага нөөцийн заавар”, “дисконтчилолын хувь”, түүнчлэн чөлөөт зах зээлд худалдан авах гэх мэтийн нууц зүйлийг эргэлдүүлж байгаатай холбоотой юм. Федерал улс орон гадаад, дотоод валютын хичнээн мөнгө байхыг тодорхойлох явдлыг энэхүү эрх мэдэлтэнгүүд зөвшөөрч тэд энэ хувь хэмжээг нэмэгдүүлж, багасгаж чаддаг.
Фридман бас нэгэн газарт, “Богино хугацаан дахь мөнгөний тооны шийдвэрлэх өөрчлөлт хийгээд үнийн өөрчлөлтийн хоорондын харьцаа шиг өөр эмпирик харьцаа эдийн засагт байдаггүй бөгөөд энэ шалтгаанаас үзвэл нэн олон янзын нөхцөлд ийм нэгэн хэлбэр байдлаар давтагдаж нэг хувьсах хэмжигдэхүүн нь үл хувирах байдлаар нөгөөтэйгөө холбогдсон байдаг. Иймд хоёулаа адилхан чиглэлтэй байна. Энэ нэг янзын байдал нь физикийн үндсийг бүрдүүлдэг олон зүй тогтлын адил нэгэн ижил маягтай байна. Тэгээд нэг янзын байдал нь гагцхүү нэг чиглэлийн байдлаас илүү зүйл юм”.
Мөнгөний өртөг нь ингэхлээр мөнгөний эрэлт ба мөнгөний нийлүүлэлтийн харьцаагаар тодорхойлогдож байдаг. Хэрэв мөнгөний нийлүүлэлт нь эрэлтээс давж байвал түүний өртөг, худалдан авах чадал буурдаг. Учир нь үнийн түвшин өсдөг. Ингэхдээ мөнгөний эрэлт бол орлогын түвшин, эргэлтийн хурд,хүүгийн түвшингээс хамаардаг бөгөөд мөнгөний нийлүүлэлтийн хүчин зүйлс нь удаан хугацаанд нөлөөлөгддөггүй харьцангуй тогтвортой функц гэж монетаристууд үздэг.
Харьцангуй үнийн онол. Мөнгөний тооны өөрчлөлтөөс үүдэн гарч байгаа үр дагаварыг монстарист онол хэрхэн тайлбарлах арга маяг нь нэн түвэгтэй бөгөөд маргаантай зүйл юм. Энд эд хөрөнгийн онолын баримтлал үйлчилдэг бөгөөд харьцангуй үнийн онол хэмээн нэрлэгддэг энэ онолыг товч, хялбаршуулсан байдлаар авч үзье. Аж ахуйн субъект бүхэн эд хөрөнгийг 3 янзын хэлбэрээр байлгаж болдог.
- кассын нөөц (тэмдэгт мөнгө, жирал мөнгө, квази мөнгө);
- үнэт цаас (гол төлөв хатуу тогтоосон хүүтэй);
- бодит эд хөрөнгө (хэрэглээний эд хөрөнгө, капиталын баялаг, акци).
Хүн бүр өөрийн эд хөрөнгийн зохистой бүтцийг бий болгохыг чармайдаг. Энэ нь үнэ, үр дүн, ашигт чанараар харагдаж байдаг. Хэрэв эд хөрөнгийн төрлүүдийн харьцангуй үнэ өөрчлөгдвөл, мөнгө, үнэт цаас, бодит хөрөнгийн эрэлт өөрчлөглөнө. Жишээлбэл, Төв банк мөнгө гаргалтаа өргөтгөж байна гэвэл, банкны бус газруудын кассын нөөц нэмэгдэж, эд хөрөнгийн бусад нөөц харьцангуй багасна. Мөнгөний эрэлт харьцангуй тогтвортой болохоор эхлээд хатуу хүүтэй үнэт цаасны эрэлт нэмэгдэж ингэснээр түүний ханш (үнэ) буурдаг. Энэхүү үнийн өсөлтийн үндсэн дээр капитал баялаг, түүнийг төлөөлсөн хувьцаа хямд болдог. Энэ нь капиталын баялаг, хэрэглээний баялаг, бас үйлчилгээний эрэлт ихсэхэд хүргэнэ. Ийм учраас богино хугацаанд инфляциас болж үндэсний бүтээгдэхүүн, ажил эрхлэлт нэмэгдэж, харин урт хугацаанд өсөж байгаа мөнгөний тоо нь ялангуяа хэрэв үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглаж байвал үнийн түвшин өсөхөд хүргэдэг. Хэрэв баялагийн үнэ нь үнэт цаасны үнэ, бодит эд хөрөнгийн хуучин харьцаандаа хүрч байвал энэ шинэ тэнцвэр тасалдаж зогсдог. Зохицох эл механизмаас монетаристууд мөнгөний тооны өсөлтийн хувийн урт хугацааны хандлага нь ямар нэгэн үндэсний эдийн засгийн инфляцийг тодорхойлж байдаг. Харин мөнгөний тооны өсөлтийг богино хугацаанд хурдасгаснаас бас баялагийн үйлдвэрлэлд үзүүлэх эерэг нөлөө үүдэн гарч болно гэсэн таамаглалыг уламжлан гаргаж байгаа юм. Үүнийг Фридман дараах байдлаар илэрхийлсэн байдаг.
“Асуудлын мөн чанар нь инфляцийн эхэнд таатай үр нөлөөтэй, эцэст нь муу үр нөлөөтэй байдагт оршдог. Энэ нь ямар нэгэн байдлаар ууж согтуурахтай адилхан юм. Инфляцийн эхний сар, жилүүдэд эхлээд ууж согтуурч байгаа юм шиг нэн ухаан жолоогүй байдаг. Хүн бүр зарцуулах илүү мөнгөтэй, үнэ эзэмшиж байгаа мөнгө шиг хурдан өсөхгүй. Үнэ хөөрч дээшлээд ирэхээр шарталт болно.
…Хэрэв улс төрчид инфляцийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ эхлэх л юм бол тэр даруй сөрөг үр дагаврыг мэдрэх болно. Хүүгийн хувь өснө, мөнгө ховор хомс болно. Энэ нь бүхэлдээ таатай биш байдаг. Эерэг үр нөлөө нь бүр хожуу, тухайлбал, үнэ цаашид өсөхгүй болсон үед л илэрнэ. Дахин шинээр уухыг шаардахгүйгээр шаналгаатай эмчилгээ хийх нь шийдвэрлэх асуудал юм. Инфляцийг хурцдуулахгүй байх хамгийн их бэрхшээл нь тодорхой хугацаа өнгөрсөний дараа илааршуулж эдгээхээсээ илүү эмгэг өвчинтэйгээ эвлэрэхэд хүрдэгт байна. Хэрэв анагаах эмчилгээ нэгэнт үйлчилбэл эдийн засгийн өсөлт, үнийн тогтвортой байдлын аль алинд хүрэх боломжтой гэдгийг хүмүүс мэддэггүй” гэжээ.
Бүхэлдээ инфляцийн үед “анагааж эмчлэхээсээ илүү урьдчилан сэргийлэх нь үр нөлөөтэй” гэсэн зарчим үйлчилдэг байна.
Мөнгөний бодлогын гол зорилго нь үнийг тогтворжуулахад оршдог бөгеөд монетаристууд болон фискалистуудын маргаан нь эхлээд тахиа байсан уу, аль эсвэл өндөг нь түрүүлж гарсан уу гэдэгтэй төсөөтэй байдаг юм. Монетаристууд, М. Фридманы талынхан мөнгөний тоо бол экзоген, үл хамаарах хэмжигдэхүүн, мөнгөний тоог “гаднаас” бие даасан төв банкнаас жолоодож байдаг, тэгээд тэд нийтийн эдийн засгийн эрэлт, үнийн түвшинг өөрчилж болно гэж нотолдог.
Фискалистууд, Ж. М. Кейнсийн талынхан мөнгөний тоо бол Эндоген, хамаарах хэмжигдэхүүн, мөнгөний тоо нийт эдийн засгийн эрэлтийн өөрчлөлт, баялагийн нийлүүлэлт, үнийн түвшингээс хамаардаг гэж нотолдог.
Үнийг тогтворжуулах дараах гол нөхцөлүүдийг мөнгөний бодлогод харгалзах нь чухал гэж үздэг. Үүнд:
- мөнгөний тоо нь нийт эдийн засгийн үйлдвэрлэлийн
- потенциалаас илүү ихээр нэмэгдэхгүй байх;
- цалингийн зардал нийт эдийн засгийн бүтээмжээс илүү хурдан өсөхгүй байх;
- хадгаламж нь үйлдвэрийн газар ба төрийн хөрөнгө оруулалттай тохирч байх;
- төрийн хэрэглээний зардал нь албан татвар, төлбөр, (хандив), хураамжаар санхүүжиж байх;
- төрөөс тогтоож буй үнэ дээд зах нь мөнгөний тоотой адилхан хувиар өсөж байх;
- төлбөрийн баланс, худалдааны баланс аль болох тэнцвэртэй байх;
- мөнгөний тогтолцооны ханш чөлөөтэй, хөдөлгөөнтэй байх;
- өрсөлдөөн үндэсний болон олон улсын түвшинд үр нөлөөтэй, үйлчлэх чадвартай байх зэрэг болно.
{token coin} буюу разиенная монета гэдэг бол нэрлэсэн өртөг нь түүнд агуулагдсан металлын өртгөөс давж буй зоос юм.
Дундаж айл өрхийн тухай мэдээлэл гаргахдаа статистикийн алба, жишээлбэл, Германд 4 янзын индексийг тооцдог байна.
- “Нийт айл өрхийн” амьжиргааны үнийн индекс
- “Ганцаараа мөнгө олдог өрхийн тэргүүний дунд зэргийн орлого
бүхий дөрвөн хүнтэй гэр бүлийн” үнийн индекс
- “Өндөр орлоготой албан хаагч, түшмэлийн дөрвөн хүнтэй гэр бүлийн” үнийн индекс
- “Тэтгэвэр, нийгмийн тусламж авдаг хоёр хүнтэй гэр бүлийн” үнийн индекс
Инфляцийн түвшинг хэмжихдээ гол төлөв индекс-1, индекс-2-ыг татан оруулдаг.
Fed = Federal Reserve System, Америкийн төв банкны систем.
* * *