Ж.Үнэнбат
/Монголбанкны ерөнхийлөгч/
Шинэ толь №26, 1999
Түлхүүр үг: Зээлийн багцын чанар, Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, инфляци, банкны хямрал, Монголбанк, Төв банк
Банк нь санхүүгийн эх үүсвэрийг зуучлагч гол байгууллагынхаа хувьд эдийн засагт гүйцэтгэх үүрэг өндөр. Тиймээс банкны нэг байгууллагын төдийгүй салбарын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хөндөнө гэдэг бол зах зээлийн эдийн засгийн үндсэн бүтцүүд дөнгөж байгуулагдаж, зүгширч эхэлж байгаа өнөөгийн нөхцөлд нэн ярвигтай, өргөн агуулгатай зүйл байх нь гарцаагүй. Нэгэнт бүх асуудлыг нэгэн зэрэг гаргаж тавих бололцоо хязгаарлагдмал учраас банкны бүтцийн өөрчлөлтийн хувьд хамгийн гол гэж үзсэн зарим асуудлаар ярилцья. Тэгэхдээ зөвхөн өнөөдөрт төдийгүй өнгөрсөнд, маргаашт хамаатай асуудлууд дээр анхаарлаа хандуулья гэж бодож байна.
Банкны салбарын өнөөгийн байдал
Банкны салбарын өнөөгийн дүр төрхийг харуулахын тулд өөр хоорондоо харилцан уялдаатай цөөн тооны гол үзүүлэлтүүдийг дурьдахад хангалттай.
Зээлийн багцын чанар
1999 оны 2 сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 92 тэрбум төгрөг байгаагаас 38 хувь нь буюу 35 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна. Үүний дотор, нийт чанаргүй зээлийн мөн 40 хувь нь буюу 14 тербум төгрөгийн зээл нь наад зах нь нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн муу зээл байна.
Үүнд нэг зүйлийг онцолж хэлэхэд, зээлийн чанарын үзүүлэлт ингэж муудахад зээлийн эргэн төлөлтөөс гадна зээлийн ангиллыг илүү үнэн зөв хийдэг болсон нь нөлөөлсөн гэж үздэг.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ
Банкны чадварыг харуулдаг хамгийн гол энэ үзүүлэлтийн хувьд системийн нийт дүнгээр өөрийн хөрөнгө сөрөг дүнтэй болж түүнийг эрсдлээр жигнэсэн зохих харьцааг хангах хүртэл нэмэгдүүлэхэд даруй системийн дүнгээр 16 тэрбум төгрөг, зөрчилтэй банкуудад 23 орчим тэрбум төгрөг шаардагдаж байна.
Банкны өөрийн хөрөнгийн дутагдал нь үндсэндээ чанаргүй зээлийн өндөр хувь, түүний болзошгүй алдагдлаас үүссэн байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар
Банкны системийн хувьд, өнөөгийн байдлаар нийт 178 орчим тэрбум төгрөгийг бусдаас татан төвлөрүүлж өөр дээрээ байршуулсны 46 тэрбум төгрөг буюу 26 орчим хувь нь түргэн борлогдох активын хэлбэрээр байгаа нь тогтоосон харьцааг хангаж байгаа мэт боловч зөрчилтэй банкуудын төлбөрийн чадварыг хангуулахад 16 орчим тэрбум төгрөг шаардагдаж байна.
Банкны салбарын хямралын үр дагавар
Банкны салбарын хямрал бол зөвхөн банкны байгууллагын хямрал биш ээ. Энэ бол юуны өмнө тухайн банкаар үйлчлүүлэгчдийн төлбөрийн чадварын хямрал юм. Үүнийг банкны эктиа буюу зээл, пассив буюу харилцагчдад төлөх өрийг тодорхойлох хэлбэрээр хялбархан үзүүлж болно.
Актив талдаа санхүү төлбөрийн чадварын хувьд хүндэрсэн банкны гол шинж нь хугацаа хэтэрч чанаргүй болсон зээлийн нийт зээлд эзлэх хувийн жин их байдаг явдал юм. Нэгэнт урьд олгосон зээл нь төлөгдөхгүй болохоор тухайн банкны эдийн засгийг шинээр зээлжүүлэх боломж хязгаарлагдахаас гадна хуучин зээлийн алдагдлыг нөхөх хандлага давамгайлах тул шинэ зээлдэгчдэд өндөр хүү оногдуулж, зээлдэгчдийн төлбөрийн чадварыг бий болгоход шаардлагатай эх үүсвэрийн зардлыг өсгөн эрсдлийг нэмэгдүүлэх, буруу сонголт хийх нөхцөлийг бүрдүүлдэг.
Пассив талдаа харилцагчид мөнгөн хөрөнгөөсөө хүссэн үедээ төлбөр хийх бусад банкинд шилжүүлэх эрх нь хэрэгжихгүй буюу хугацаа алдах явдал даамжирч энэ утгаараа алдагдалд ордог. Төлбөрийн чадваргүй банкнаас өөрийн мөнгийг авч чадахгүй харилцагч өөр банкнаас өндөр хүүтэй зээл авах тохиолдол ч гарсан. Энэ бүгд нийлээд харилцагчдын төлбөрийн чадварыг сулруулж тэдний бүтээгдэхүүнээ борлуулах, үйлдвэрлэлийн орцоо худалдан авах боломжийг хязгаарлан бодит эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Цаашилбал, банкны үйл ажиллагаанаас болоод цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж зэрэг хүмүүсийн өдөр тутмын наад захын хэрэгцээт төлбөрийн чадвар хугацаандаа хангагдахгүй байгаа нь нийгмийн бухимдлыг ихэсгэж байна.
Банкны хямралын үндсэн шалтгаан
Бидний өнөөдрийн ярилцаж байгаа асуудлын гол сэдэвтэй холбогдох чухал асуудлын нэг нь банкны хямралын шалтгаант үндсийг тодорхойлох явдал юм. Ерөнхийд нь банкны хямралын шалтгааныг дараах байдлаар ангилж болно гэж үзэж байна. Үүнд;
Макро эдийн засгийн тогтворгүй байдал
Бодит эдийн засагт учирч байгаа гадаад дотоод бэрхшээлүүд: ханш, хүү тогтворгүй, инфляци өндөр байсан зэрэг нь банкуудаас зээлийн эрсдлийг үнэлж, оновчтой шийдвэр гаргахад ямагт бэрхшээл учруулж ирсэн. Ялангуяа, манай орон шиг бодит эдийн засгийн бүтэц, цар хүрээ, өрсөлдөх чадвар султай оронд тэрхүү эрсдлийг тархаах боломж сул байсан.
Бүтцийн сул байдал
Банкны хямралын үндсэн шалтгаан нь банкны салбар оршиж тогтнох бүтэц боловсроогүй сул байгаад оршсон гэж үздэг. Үүний илрэл нь банкны удирдлага зохион байгуулалт хангалтгүй, банкны тухай бодитой мэдээлэл дутмаг, банкны дотоод үйл ажиллагаанд төрөөс хэт оролцсон, банкны гишүүд удирдлагатай холбоотой зээлүүд их байгаа, Төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа хяналтын арга хэмжээний үр дүн сул байгаа зэрэг юм.
Бүтцийн сул байдал-банкны хямралын үндсэн шалтгаан
Одоо бид бүтцийн сул байдал хийгээд түүнийг тодорхойлогч элементүүдийг аль болох товчоор тодорхойлохыг оролдьё.
Банкны удирдлагын чадвар сул
Хэдийгээр олон жил банкинд ажилласан, мэргэжлийн гэгдэх боловч зах зээлийн нөхцөлд арилжааны шийдвэр гаргах, банкны актив, пассивыг удирдах арга техникт суралцаагүй байсан удирдлага зээл, хөрөнгө оруулалтын хэт эрсдэлтэй шийдвэрүүдийг хяналттүй гаргаж байгаа.
Төрийн зохисгүй оролцоо
Банкуудад шууд ба шууд бус замаар төр хувь эзэмших, үүгээрээ дамжуулан зээлийн шийдвэрт нөлөөлөх. Засгийн газрын шийдвэрээр зээл олгуулах, төлбөрийн чадваргүй буюу дампуурсан банкны харилцагчдад санхүүгийн тусламж үзүүлэх, төлбөрийн чадваргүй банкинд Төв банкнаас зээл барьцаа, баталгаагүй зээл олгосоор байх зэргээр банкны удирдлагаас хэт эрсдэлтэй, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулах бололцоог бүрдүүлж байгаа.
Банкны тухай бодитой мэдээлэл хомс
Банкны санхүүгийн жинхэнэ дүр төрхийг үзүүлсэн бодитой мэдээлэл хомс бүртгэлийн жишиг нь хоцрогдсон. Зээлийг ангилах, түүний алдагдлаас хамгаалах санг байгуулах журам тогтоогдоогүй, мөрдөгдөөгүй байгаа зэрэг нь банкаа сонгох, банкинд харилцагчдаас тавих зах зээлийн хяналтыг сулруулах, банкны хүндрэлийг таньж, мэдэрч холбогдох арга хэмжээ авах цагийг алдуулж, үүний улмаас эдийн засагт учрах алдагдлыг нэмэгдүүлэхэд хүргэж байлаа.
Цаашилбал, зөвхөн банкны тухай бодитой мэдээлэл харилцагчдад дутагдаад зогсохгүй зээлдэгчийн тухай бодитой мэдээлэл банкинд дутагдаж байсныг тэмдэглэх ёстой.
Банкны гишүүд, удирдлагатай холбоотой зээлүүд
Банкинд хөрөнгө оруулагчид стратегийн бус шинж чанартай, банкны хууль тогтоомж сул, хэрэгжилт нь хангалтгүй байснаас банкны хувь нийлүүлэгч, гишүүд оруулсан хөрөнгөөсөө их хэмжээгээр зээл авч түүнийгээ төлөхгүй байх, дотоод хяналтын систем ажиллах нөхцлийг алдагдуулж банкны удирдлагын хяналтын зохистой хэм хэмжээг зөрчиж байгаа нь өнөөгийн банкны хямралын бодитой шалтгаан болж байна.
Төв банкнаас авч байгаа арга хэмжээний үр дүн сул
Үүнд гол нь Төв банкнаас арга хэмжээ авахгүй байгаадаа биш авсан арга хэмжээ нь хэрэгжих нөхцөл муу байгаад оршиж байна. Санхүүгийн бизнесийн эрх зүйн орчин, энэ тухай ойлголт хууль хэрэгжүүлж, хяналт тавьдаг байгууллагуудын хувьд байтугай банкны ажилтнуудын хувьд ч сул байна. Төлбөрийн чадваргүй банкийг хуулийн дагуу татан буулгасан үйл ажиллагаанаас үүдсэн маргааныг шийдвэрлэхийн тулд бүх шатны шүүхийг дамжиж Үндсэн хуулийн Цэц хүрсэн түүхтэй. Ингэхэд банкны үйл ажиллагаа, бизнесийн дампуурлын энгийн ойлголтыг төлөвшүүлэхийн тулд ихээхэн цаг хугацаа, нөөцийг хуваарилахад хүрсэн.
Хууль эрх зүйн орчин хангалтгүй
Зээлийг эргэн төлүүлэх, барьцаа баталгааг шууд хураан авч борлуулах зэрэг банкны үйл ажиллагаанаас гадна ер нь гэрээний үүргийн биелэлтийг хангуулах эрх зүйн орчин сул. Арилжааны банкууд анхнаасаа банкны хууль тогтоомж батлагдаагүй байхад байгуулагдсан, банкыг татан буулгах талаар 1996 оны эцэс хүртэл ямар ч эрх зүйн тусгай зохицуулалт байгаагүй зэрэг асуудлууд үүнд хамаарна.
Бүтцийн өөрчлөлт гэж юу вэ?
Банкны бүтцийн өөрчлөлтийг ярихын өмнө бүтцийн өөрчлөлт гэж ер нь юуг хэлээд байгааг түүний бүрэлдэхүүн хэсгүүдээр нь томъёолж үзье. Ингэхэд:
- Учирсан алдагдлыг тодорхойлох, зах зээлийн зөв тогтолцоог бэхжүүлэх, санхүүгийн харилцаанд оролцогч талуудын хариуцлагыг дээшлүүлэх зарчмаар алдагдлыг зохистой хуваарилах.
- Шинээр алдагдал гарах нүх сүвийг хаах. Энэ зорилгоор удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж шинэчлэх, активыг борлуулах.
- Бидэн шиг зөвхөн ганц нэг банкны хувьд бус банкны системийн хувьд бүтцийн өөрчлөлтийг ярьж байгаа учраас эрх зүйн шинэчлэлийг түргэтгэж хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг бүтцийн өөрчлөлт гэдэг ойлголт хамарч байна.
Эдгээрийн дотроос гурав дахь нь буюу эрх зүйн шинэтгэлийн асуудал бол хамгийн хүнд, хамгийн их цаг зарцуулсан асуудал юм. Учир нь энэ бол зөвхөн хууль тогтоомжийг шинэчлэхээр хязгаарлагдахгүй, түүнийг хэрэгжүүлэх, нийгэм хүлээж авах сэтгэлгээг бүрдүүлж бэхжүүлнэ гэсэн үг. Энгийн жишээ авахад банкнаас зээл авсан л бол заавал төлөх ёстой, ер нь бусдаас юм авч түр хэрэглэсэн л бол эзэнд нь хугацаанд нь буцааж өгөх ёстой гэсэн сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлнэ гэсэн үг.
Бид юу хийсэн бэ?
Банкны системийг эрүүлжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, Монголбанкнаас Банкны бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Азийн хөгжлийн банктай хамтран 1995 оноос эхлэн боловсруулж, 1996 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр нь банкуудын төлбөрийн чадвар, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг сайжруулах, тус салбар дахь төрийн өмчийг хувьчлах зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан.
Бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлж ирэв. Үүнд:
- Банкны хууль тогтоомжийг шинэчилж, иргэний, эрүүгийн болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулав. Ингэснээр, банкны удирдлага хямралтын тогтолцоог үндсэнд нь сайжруулж, хувь нийлүүлэгчдэд олгох зээлийг хязгаарлан, банкны санхүүгийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох зарчмыг тодорхойлов. Банкны дотоод үйл ажиллагаанд хууль бусаар оролцож ихээхэн хэмжээний хохирлыг учруулсан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болов.
- ХОТШ, ХАА, Худалдаа хөгжлийн банкуудаас Засгийн газрын шийдвэрээр олгосон боловч төлөгдөхгүй болсон (шилжсэн болон захиргаадалтын) зээлийг Засгийн газрын өрийн бичгээр сольж тэнцлийг сайжруулах арга хэмжээ авсан.
- Санхүү төлбөрийн чадварын хувьд хүндэрсэн ХОТШ, ХАА-н банкуудтай Монголбанк, Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран 1996 онд харилцан ойлголцлын меморандум байгуулж биелэлтийг улирлаар дүгнэж ирэв.
- Төлбөрийн чадваргүй болсон Ард, Даатгал банкуудыг татан буулгаж, иргэдийн хадгаламжийг 100 хувь, харилцагчдын хөрөнгийн 50-80 хувийг баталгаажуулав.
- Банкны үйл ажиллагааг зохицуулах 60 орчим эрхийн актыг боловсруулж мөрдүүлэв. Үүний дотор банкны бүртгэлийн журмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгов. Банкны санхүүгийн тайланг баталгаажуулах хөндлөнгийн хяналтын байгууллагуудад зөвшөөрөл олгов.
- Төв банкны хяналт шалгалтын ажлын цар хүрээ давтамжийг ихэсгэж хуваарилах нөөцийг нэмэгдүүлэв.
- Банк хоорондын зээлийн мэдээллийн санг байгуулж ажиллуулав.
- Монголбанкны даргад Банкны сургалтын төвийг байгуулан банкны болон хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг зохих шатны гадаад, дотоодын сургалтанд хамруулах давтан бэлтгэх төслүүдийг хэрэгжүүлж эхлэв.
- Бүх хэлбэрийн банкны бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөп олгох, шалгуур үзүүлэлт тогтоох, үйл ажиллагааг зохицуулах эрхийн актыг баталж гаргав.
Зорилго ба бодлого
Зорилго
Урт хугацаанд: Санхүүгийн нөөцийг хамгийн үр ашигтайгаар хуваарилдаг банкны системтэй болох
Богино хугацаанд: Банкны системд итгэх итгэлийг сэргээх
Банкны бүтцийн өөрчлөлтийн нийтлэг асуудлаар
- Банкны санхүүгийн тайлангийн үнэн, бодит байдлыг хангуулах, банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор нягтлан бодох бүртгэл, зээлийг ангилах, болзошгүй алдагдлын сан байгуулахтай холбогдсон заавар журмын заалтуудыг чангатгах, хэрэгжилтийг бүрэн хангуулах.
- Банкны бүтцийн өөрчлөлтийн асуудлаар Монголбанк Засгийн газартай хамтарч ажиллах, нэгэнт ихээхэн хэмжээний алдагдлыг хуваарилахад хүргэх учраас бүтцийн өөрчлөлтийг улс төрийн зөвшилцлийн хүрээнд хийх нөхцлийг хангах.
- Банкны эрх төлөөлөгч, эрх хүлээн авагчийн үүргийг бэхжүүлэх, хугацаа хэтэрсэн зээлийг шуурхай төлөөлүүлэх болон зээлдэгчдэд албадлагын арга хэмжээ авахад саад тотгор болж байгаа хуулийн заалтуудыг тодорхойлж тэдгээрийг өөрчлөх, нэмэлт оруулах.
- Хугацаа хэтэрсэн зээлтэй зээлдэгчийн нэрсийг улирал бүр хэвлэл мэдээллээр зарлах аргаар зээлийн эргэн төлөлтийг түргэтгэх, зээлчдэгчдэд албадлагын арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах
- Банкуудын актив, пассив, зээл, хөрөнгө оруулалтын удирдлагын чадавхийг хөгжүүлэх. Зээл, хөрөнгө оруулалт, түүний эрсдлийг удирдах бодлогын журмыг банкны гишүүдийн удирдах байгууллагаар батлуулж хэрэгжүүлдэг журамд шилжих, дотоодын болон хөндлөнгийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх.
- Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн өрийн бичгийн төлөгдөөгүй хүүний орлогийг барагдуулах, цаашид хүүний төлбөрийг хугацаанд нь барагдуулж байх. Бүтцийн өөрчлөлтийн өрийн бичгийг түргэн борлогдох чадвар бүхий үнэт цаасаар солих чиглэлийг баримтлах.
- Банкны үйл ажиллагаа явуулах эрх олгосон бүх зөвшөөрлийг хянаж үзэх, хууль тоггоомжийн шаардлага хангаагүй банкинд холбогдох арга хэмжээ авах.
- Банкны салбар дахь төрийн өмчийн оролцоог хувьчлах үйл ажиллагааг зохих хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх.