Франц-Лотар Алтманн
Шинэ толь №26, 1999
Түлхүүг үг: хувьчлал, социалист системийн эдийн засаг, зах зээлийн эдийн засаг, улс төрийн эргэлт, хоршоололийн өмч, хувийн өмч
Оршил
Төв болон Зүүн Европын зарим орон зах зээлийг хөгжүүлэх, үнийн өөрчлөлт хийхдээ харьцангуй богино хугацаанд их амжилт олж байгаа боловч хувьчлалын үйл явцдаа анх бодож байснаас илүү техникийн хүндрэл бэрхшээл болон үзэл суртлын эсэргүүцэлтэй тулгарч байна. Чухамхүү хувьчлалыг төржсөн социалист тогтолцооноос зах зэээлд шилжих шилжилтийн үйл явцын амин зүрх нь болохыг бараг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна. Зүүн, Төв болон Өмнөд Европын орнуудад ч тэр хувийн өмчийг зах зээлийн эдийн засгийн үйл ажиллагааг явуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгийг танин мэджээ.
Польш, Унгар, Чехословакт бүр 1989 оноос өмнө ажиглагдаж байсан өмчийн тогтолцоог өөрчлөлгүйгээр зах зээлийн эд эсийг социалист улс ардын аж ахуйд (“социалист зах зээлийн эдийн засаг”) суулгах гэсэн оролдлогууд амжилтгүй болжээ. Дээрх маягаар өөрчлөлт шинэчлэлт хийх бүхий л оролдлого хүссэн амжилтыг авчирсангүй. Үр ашигтай зах зээлийн харилцаа нь нийтийн өмчийн тогтолцоотой нийцэж өгөөгүй билээ.
Зүүн Европ дахь улс төрийн эргэлтээс хоёр жилийн өмнө зарим оронд ялангуяа либерал өөрчлөлт хийж байгаа Унгар, Польшид өмч хувьчлалын үзэл баримтлалыг авч хэлэлцэж байжээ. Тэд тухайн аж ахуйн нэгжид ажиллагсдад хувьцаа ногдуулах эсхүл төрийн нийт өмчийг нийгмийн бүх гишүүдэд (ихэвчлэн үнэгүйгээр) хуваарилах арга замыг судалж байжээ. Энэхүү ардчилсан хувьсгалаас өмнөх үед урьд өмнө нь иргэдээс хураан авч бүрдүүлсэн төрийн өмчийг хуучин эзэд нь эргүүлж өгөх тухай асуудал харин огт яригдаагүй байна.
1989 онд Зүүн Европын орнуудад улс төрийн эргэлт болоход тэдгээр нь нийгэм эдийн засаг, ялангуяа өмчийн харилцааны үндсээр нь өөрчлөх асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа боловч хувийн өмчийг өмчийн харилцааны бусад хэлбэртэй эн зэрэгцэхүйц эсхүл бүр гол хэпбэр болгоход шаардагдах улс төрийн угтвар нөхцөл дутагдаж байжээ. Польшийн хөдөө аж ахуйн салбарт хэзээнээс хувийн өмч давамгайлж байсныг энд мөн дурдах хэрэгтэй. Харин Чехословакийн байдал эрс өөр байв. 1989 он хүртэл тэнд үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмч гэхээр зүйл байгаагүй гэхдээ Төв Европт ойрхон байдаг улсын хувьд өмчийн хувийн хэлбэрийг сэхээтнүүдийн хүрээнд оюун санаандаа нааштай хүлээн авдаг байжээ. Гэсэн хэдий ч Чехословак улс ЭЗХТЗ-ийн гишүүн бусад ямар ч орноос тууштайгаар социалист өмчийн харилцааг хэрэгжүүлж байжээ. Тэр үеийн БНАГУ-д ч Чехословактай харьцуулахад хувийн өмчтөний тоо хамаагүй илүү байв. ЗХУ, Румын, Болгар, Албанид ч мөн хувийн эдийн засгийн хэвшил ихээхэн хоцрогдонгуй байв.
Мэдээжийн хэрэг Зүүн Европын орнуудад 1989 оноос хойш хэрэгжиж байгаа хувьчлал нь тухайн орны улс төрийн өөрчлөлтөөс хамаарч байна. Ардчилсан намууд засгийн эрхэнд гараад байр сууриа бэхжүүлж чадсан оронд өмч хувьчлалын бодлого хуучин засгийн эрхэнд байгаа элитүүд нь өөр нэрийн дор шийдвэр гаргах үйл явцад нөлөөтэй хэвээр үлдсэн улс орноос хамааүй гүнзгий илүү эрч хурдтэй хэрэгжиж чадаж байна. Сүүлд дурдсан байдлыг Румынд харж болно. Түүнчлэн Болгар, Украин, Белорус, Орост хуучин эрх мэдэлтнүүдийн хууль тогтоох байгууллага дахь төлөөлөл эсхүл доод шатны засаг захиргаа, удирдлагын түвшинд боловсон хүчнийг бүхлээр нь солих ажилд гарч буй хүндрэлээс үүдэн хувьчлал удааширч эсхүл бүр зогсонги байдалд орж байна.
Зах зээлийг либералчилж, үнийн үндсэн өөрчлөлт хийсний дараа засгийн газрууд нь эрчимтэйгээр үндсээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа эдийн засгийг аажимдаа хянаж чадахаа больдог. Зах зээлийн эдийн засгийг нэлээд дэвшингүй хөгжүүлж гүн гүнзгий бүтцийн өөрчлөлт хийж буй нөхцөлд үйлдвэр, сангийн яамны мэргэжилтнүүдээс эхлээд улс төрийн шийдвэр гаргадаг парламентын гишүүд хүртэл зах зээлийн зохицуулалт болон бүтцийн өөрчлөлтийн асуудлын гүнд орж чадахаа больдог. Нээлттэй болсон эдийн засаг маш олон тооны зах зээлийн дохио өгч эхэлдэг бөгөөд шаардагдах өөрчлөлт шинэчлэлийг хийхийн тулд эдийн засгийн үүднээс тал бүрээс нь бодож тунгаах хэрэгтэй болдог. Гагцхүү мөнгө эсхүл биет хэлбэрээр төдийгүй шинэ санаа, патент зэрэг материаллаг бус хэлбэрээр байж болох үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хувийн өмчид тулгуурласан төвлөрсөн бус өмчийн тогтолцоо нь өрсөлдөөнийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашгийг зөвхөн аж ахуйн нэгжийн төдийгүй нийт эдийн засгийн түвшинд нэмэгдүүлэх хамгийн сайн урьдчилсан нөхцөл гэдгээ харуулсан юм.
Хувьчлалын хэлбэрүүд
Өмч хувьчлал нь төрийн болон хоршооллын мэдэлд байгаа өмчийг хуучин эзэнд нь буцааж өгөх мөн эдийн засагт дотоод, гадаадын хувийн өмч оруулахыг зөвшөөрөх, юуны өмнө хуучин эзэн нь тогтоогдоогүй байгаа эсхүл социализмын үед бий болсон томоохон хэмжээний улсын үйлдвэрүүдийг хувьд шилжүүлэхийг агуулна. Үүнээс үүдэн хувьчлалын дараах үндсэн хоёр хэлбэрийг ялгадаг.
- Урьд өмнө нь оршин тогтнож байгаа хувийн хэвшлийг шинээр хувийн өмчид тулгуурласан аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрөх замаар өргөжүүлэн хөгжүүлэх, Тухайлбал, үүнийг Польшид бүр 1980-аад оны эхний хагасаас эхлэн хийжээ. Польшид амьдардаг буюу гадаадад амьдарч байгаа польш хүмүүс Полониа хэмээх олны мэдэх болсон аж ахуйн нэгжийг байгуулж эхэлсэн байна.
- Гадаадын капитал оруулах буюу гадаадтай хамтарсан үйлдвэр эсхүл зөвхөн гадны эзэнтэй аж ахуйн нэгжүүдийг байгуулсан.
Энэхүү хоёр хэлбэрийг зөвхөн гарааны стратеги гэж үзэх бөгөөд түүнийг 1989 оноос өмнө зарим орон амьдралд хэрэгжүүлж эхэлсэн байжээ (Жишээ нь, Польшид). Улс дотроо байгаа өмчийн үндсэн хэлбэрт өөрчлөлт хийлгүй эхлээд зөвхөн хувийн хэвшлийг болгоомжтойгоор өргөжүүлж, хувийн хамтарсан үйлдвэрүүдийг байгуулжээ. Хувьчлал нь жинхэнэ хэрэг дээрээ тухайн оронд оршин тогтнож байгаа үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх эрхийн харилцааны өөрчлөлтийг хамаарна. Үүнд;
- Хуучин хувьд байгаад улсынх болгосон байгаа хувийн өмчийг хууль ёсны эздэд нь буцааж өгөх. Үүнийг гол төлөв жижиг дэлгүүр, засварын газрууд, хөдөө аж ахуйн салбарт, түүнчлэн байшин, орон сууцны хувьд хэрэгжүүлсэн.
- Бага хувьчлал буюу гол төлөв үйлчилгээний салбарын тухайлбал, худалдааны нэгж, засварын газрууд, зочид буудал, буудлын газруудыг сонирхсон этгээдэд шууд буюу дуудлагаар худалдахыг ойлгоно. Үүнийг ихэвчлэн орон нутгийн түвшинд нээлттэй дуудлага худалдаагаар явуулсан. Жишээ нь, Чехословакт бямба гариг бүр ийм маягийн хувьчлал явагдаж байжээ.
- Их хувьчлал нь төрийн өмчит томоохон хэмжээний аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, дотоодын болон гадаадын хүнд шууд худалдах, менежментийн гэрээгээр эсхүл тухайн аж ахуйн нэгжийн ажиллагсдад худалдах зэрэг хувьчлалын олон хэлбэрийн аль нэгээр хувьд шилжүүлэхийг агуулна.
- Зохион байгуулалттай хувьчлалаас гадуур хувьчлалд өнөөг хүртэл улсын мэдэлд байгаа өмчийг хуучин социалист эрх баригчдын зүгээс зарим талаар эргэлзээтэй эрх зүйн баримт бичиг гарган хувьчлах гэсэн оролдлого хамаарна.
Зүүн Европын ихэнх орон 90-ээд оны эхний хагаст хувьчлалын олон янзын аргыг нэгэн зэрэг хэрэглэн өмч хувьчлалыг нэлээд амжилттай хэрэгжүүлсэн. Үндсэндээ бүх оронд өмнө нь хувьд байгаад төрийнх болсон байсан хуучин өмчийг эздэд нь эргүүлж өгөх арга болон бага хувьчлалыг нэг их саадгүй хэрэгжүүлсэн. Учир энд хуучин социализмын үеийн эрх мэдэлтэн болох намын болон аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын шунаад байх том хэмжээний хөрөнгө хөндөгдөөгүй байгаа. Энэ нөхцөлд жижиг нэгжүүдийг хуучин эздэд нь эргүүлж өгсөнтэй адил бүх социалист оронд удаан хугацааны турш анхаарлын гадна байсан үйлчилгээний салбарт түргэн хугацаанд бага хэмжээний хөрөнгө заран амжилтанд хүрч үзүүлэх үйлчилгээг чанар болон тооны хувьд нэмэгдүүлж шинээр ажлын байр бий болгох боломжтой байжээ.
Том аж ахуйн нэгжийг хувьчлах явцад тулгарч буй асуудлууд
Хамгийн гол хүндрэлүүд их хувьчлалын явцад буюу хуучин социалист том “динозаврууд” болох хэт том улсын үйлдвэрүүдийг өөрчлөхөд гарах нь тодорхой болжээ. Өөрчлөлт шинэчлэпт хийгдэж буй энэхүү богино хугацаанд хувьчлалын олон янзын стратеги бий болсон. Тэдгээрийн зарим нь улс төрийн болон нийгмийн асуудлыг (тухайлбал шударга ёсыг) иш үндэс болгосон байхад нөгөө нэг хэсэг нь эдийн засгийн болон бүлгийн сонирхлыг гол болгосон байдаг.
Шударга ёсыг харгалзсан хувьчлалын хэлбэрт хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах арга хамаарах бөгөөд үүгээр хувьчлах гэж байгаа аж ахуйн нэгжийг аль болох шударгаар ард түмэн, хөдөлмөрчдөд өгөхийг зорьдог. Учир нь хөдөлмөрчдийн он удаан жилийн турш бий болгосон ашиг нь эргээд эдийн засагтаа орж байгаа бөгөөд иймээс ч буй болсон үилдвэрлэлийн хөрөнгө угтаа ард түмнийх юм гэсэн ойлголт байдаг. Тухайн аж ахуйн нэгжийн өмчийг хуваахын тулд эхлээд байгаа бүх улсын үйлдвэрийг хувьцаат компани болгон өөрчлөх шаардлагатай болсон. Хувьцаа болон түүний урьдчилсан шат болох хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг улс орнуудад янз бүрээр хуваасан. Гол төлөв улс төрийн үзэл бодлын үүднээс том, дунд хэмжээни үйлдвэрийг
хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах арга замыг сонгон авсан. Энд үйлдвэрүүдэд тогтвортой, үр ашигтай хяналт тогтоох болон бүтцийн өөрчлөптийг аль болох түргэн хийх явдал гол нь биш харин эдийн засгийг төрөөс салгах, түүнчлэн үйлдвэрлэлийн хөрөнгийг аль болох өргөнөөр тараан хуваарилах явдал гол зорилго нь байжээ. Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах аргыг сонгосон өөр нэгэн шалтгаан нь дотоодын хөрөнгө мөнгө дутагдалтай, гадаадын хөрөнгө оруулагчид туйлын бага сонирхолтой байгаа нөхцөлд төр том үйлдвэрүүдтэйгээ зууралдсан хэвээр байна тэгээд ч мөн эдгээр том үйлдвэрийг хамарсан шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг төр хийж чадахгүй гэсэн үзэл бодолтой холбоотой.
Аж ахуйн нэгжийг шууд худалдах ажил нэг талаас сонирхол татахуйц төрийн өмчит аж ахуйн байгууллагуудын тоо олон, нөгөө талаас худалдан авах чадвартай хувийн хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээ байгаа цагт л ихээхэн амжилттайгаар явагдана. Энэ нь нэлээд хүчин чармайлт шаардсан үйл хэрэг бөгөөд тооны хувьд тийм их олон байгаагүй. Хуучин БНАГУ-д энэ арга зам чухал байр суурь эзэлж байсан. Сонирхол татахуйц цөөн тооны улсын үйлдвэрийг дээрх аргаар хувьчилсан эхний амжилтын дараа уг аргыг хэрэглэх хандлага тогтворжиж, төрийн өмчид үлдсэн бусад үйлдвэрийг хувьчлалд хамруулахаас өмнө тэдгээрийг шинэчлэн засварлах шаардлагатай болжээ. Энэхүү шинэчлэл засварын ажлыг төрөөс дуртайяа худалдан авагч талд шилжүүлэх сонирхолтой байх нь тодорхой.
Чех улс хувьчлалыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр амжилттай явуулсныг бид сайн мэдэх билээ. Чехослоаак улс хоёр хуваагдтал энэ арга хоёр үе шаттайгаар хэрэгжсэн. 4000 гаруй үйлдвэрийг хоёр үе шаттайгаар хувьчлалд хамруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ улсын бүх үйлдвэрийг зөвхөн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлаагүй бөгөөд нөгөө талаар нийтэд хувьчлах гэж төлөвлөсөн үйлдвэрийн хувьцааг бүхэлд нь олон нийтэд тараагаагүй байна. Чех болон Словакад хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийсэн хувьчлалыг дараах байдлаар хялбарчпан тайлбарлаж болно. Тухайн үед яамдын шууд мэдэлд байгаа улсын үйлдвэрүүдийг хувьцаат компани болгон өөрчилж Үндэсний хөрөнгийн гурван санд (Холбооны, Чех, Словакийн) шилжүүлжээ. Чөхословакийн арван найман нас хүрсэн иргэн бүр бусдад шилжүүлж үл болох 1000 оноо бүхий 1035 кронын өртөгтэй (ойролцоогоор нэг долоо крногийн дундаж цалинтай дүйцэх) хөрөнгө оруулалтын эрхийн бичиг авах эрхтэй болжээ. Эдгээр бичгийг алхам алхмаар нийтдээ 5 үе шаттайгаар явагдах арилжааны явцад хувьцаагаар сольж болох байв. Гэхдээ тухайн үйлдвэрийн үнэлгээнээс хамааран хувьцааны үнэ харилцан адилгүй байжээ. Энэ арга нь хувьчлагдаж буй үйлдвэрийг нэлээд бодитойгоор үнэлэх боломжийг олгож нийт үйл явц харьцангуй хурдан явагдсан. Шинэ маягийн арга хэлбэрт дасаагүй иргэдэд туслах үүднээс шинээр байгуулагдсан хөрөнгийн фондод тэднийг төлөөлөн арилжаа явуулах боломжийг олгожээ. Нэлээд богино хугацаань дотор 400 гаруй хөрөнгийн фонд үүсч, тэдгээр нь иргэдийн хувьцааг цаашид тэдний өмнөөс захиран зарцуулах боломжтой байв. Хэдийгээр ийм маягаар нэг талаас жижиг хувьцаг эзэмшигчдийн тоо ихэссэн ч гэсэн нөгөө талаас хүмүүст худлаа ашиг амласан залилан мэхлэгчдэд зам нээгдсэн байна. Эдгээр залилан мэхлэгчид нь хувьцааны ихэнх хэсгийг гартаа авч ингэснээрээ тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бодлогод нөлөө үзүүлэх боломж нээгдсэн байна. Үүний зэрэгцээ эдгээр хөрөнгийн фондууд албан ёсны биржийн худалдаанаас гадуур ихавчлэн шууд худалдаагаар хувьцаа арилжих тохиолдол гарч байжээ. Эдгээр байгууллагуудын ихэнх нь цэвэр ашиг хонжоо хөөсөн хуудуутай зорилготой байсныг Чехийн нэр бүхий Harvard Capital & Consulting хөрөнгийн фондын үйл ажиллагаанаас жишээ авч болно. Олон хөрөнгийн фондуудаар дамжуулан олон зуун мянган хувьцаа эзэмшигчдийг өөртөө татан овсгоо самбаатайгаар тэдэнд хадгалуулсан хувьцаагаар ашигтай ажиллаж чаджээ. Гэтэл 1997 оны 8 дугаар сарын дүндуур хуучин байгаа зургаан хөрөнгийн фрондыг нэгтгэсэн Harvard Capital & Consulting компанийг гол хувьцаа эзэмшигчдийн зүгээс татан буулгахаар шийдвэрлэжээ. Хэдийгээр богино хугацаанд ашигтай ажиллаж чадсан боловч эдгээр Фонд тэдэнд байгаа хувьцааны багцаар дамжуулан тухайн аж ахуйн нэгжийг бүтцийг өөрчлөхөд идэвхтэй нөлөө үзүүлнэ гэсэн бодол биелэгдсэнгүй.
Хувьчлалын онцгой хэлбэр нь менежментийн гэрээгээр хийх болон тухайн аж ахуйн нэгжид ажиллагсдад нь худалдах явдал юм. Ингэхдээ ихэнхдээ тухайн хамт олонд давуу эрх олгох байдлаар эсхүл нэлээд эргэлзээтэй аргаар хийж байжээ. Жишээлбэл, аль нэгэн үйлдвэрийг худалдан авах сонирхолтой нэгэн менежер үйлдвэрийнхээ хамаг сайн тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд (хамсаатантайгаа) хуйвалдан хуурамчаар худалдан, үйлдвэрээ бараг үнэ цэнэгүй болгоод ингэснийхээ үр дүнд хамгийн бага үнээр худалдаж авах арыг түгээмэл хэрэглэж байжээ. Өөр нэгэн арга бол санаатайгаар буруу менежмент хийн үйлдвэрийнхээ үр ашгийг бууруулан дампууруулж үйлдвэрээ худалдаж аваад зарим хэсгийг нь ашигтайгаар дахин худалдах явдал. Эдгээр тохиолдлын ихэнхэд улс төрийн хариуцлагатнуудын далдуур дэмжлэг шаардлагатай байжээ.
Зарим талаар дотоодын эрэлтийг дэмжиж гадаадын хөрөнгө оруулагчдыг ойртуулахгүй байх зорилгоор тухайн аж ахуйн нэгжийг ажиллагсдад нь эсхүл өөрсдийн иргэдэд давуутайгаар худалдах аргыг хэрэглэж байжээ. Үүнийг Польш, Румын, Унгарг 1994 онд мөн эдүгээ Словакт ажиглаж болно.
Нийгмийн зорилтын үүднээс ихэвчлэн өмч шилжүүлэх зорилго болон объект нь тодорхой байгаа газруудыг хөрөнгө оруулалтын эрхийн бичиг хэрэглэлгүй, үнэгүйгээр аж ахуйн нэгжийн өмчлөлийг шууд өөрчилжээ. Энд тухайлбал, төрийн мэдэлд байгаа өмчийг буцааж хуучин эздэд нь тарааж өгөх эсхүл өмчийн тодорхой хэсгийг тэтгэврийн сан буюу орон нутгийн мэдэлд шилжүүлэх аргыг дурдаж болно. Эдгээр арга нь төдийлөн газар авч чадаагүй байна.
Дунд болон том хэмжээний үйлдвэрүүдийг хувьчлах ажиллагаа үндсэндээ анх бодож байснаас илүү төвөгтэй явагджээ. Шинээр гарч ирсэн улс төрийн шийдвэр гаргагчид нь нэлээд цогцолбор бөгөөд өөр хоорондоо сөргөлдсөн хувьчлалын зорилтуудыг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай тулгарсан. Энд мөн улс төрийн дэмжлэгтэй эдийн засгийн сонирхлууд ч хоорондоо зөрчилдөж байв. Ажлын байрыг нь хадгалах үүднээс ажиллагсдад нь хувьчлах аргыг сонгоё гэхэд нөгөө талаас менежерүүдийн зүгээс улс төрчдийн дэмжлэгтэйгээр менежментийн хувьчлал явуулах шийдвэр гаргуулах боломжтой. Гэтэл хэтдээ өрсөлдөөнийг даах стратегийн үүднээс зохих хөрөнгө бэл, мэдлэг чадвар бүхий гадны ямар нэгэн хөрөнгө оруулагчид уг үйлдвэрийг худалдах нь зохистой байж болох юм. Нийт эдийн засгийн эрх ашгийн үүднээс магадгүй дотоодын нэгэн хүчирхэг концернийг өөрийн орны санхүүгийн байгууллагуудын оролцоотойгоор байгуулах нь илүү ашигтай байж болох талтай. Эдгээр санаанууд нь мөн улсын байгаа өмчийг эргээд хуучин эздэд нь тарааж өгөх асуудалтай ч зөрчилд орох түүнчлэн өр ширний байдал хүнд байгаагаас үүдэн өрийг үйлдвэрийн хувьцаа болгон шилжүүлэхийг шаардаж болох юм.
Хувьчлах явцад өөр аргаар нь хийвэл ямар байх байгаа бол гэсэн харьцуулалт хийж байх хэрэгтэй бөгөөд үр ашгийн дээшлэлтийг гол зорилгоо болгох ёстой. Дээр тайлбарласан хувьчлалын олон арга замын дийлэнхээс нь аж ахуйн нэгжийн хяналтыг сайжруулна хэмээн хүлээж болохгүй. Аж ахуйн нэгжийг тухайн хамт олонд нь өгснөөс гадаадын хөрөнгө оруулагчдад өгвөл зээл олдох боломж ихэсч эсхүл боломжийн хямд үнээр тэдний мэдлэг чадвараас суралцах боломж гарч ирнэ. Түүнчлэн төр өөрт ногдох хувь, хувьцаагаа худалдаж төсвийн орлогоо нэмэгдүүлж зайлшгүй шаардлагатай нийгмийн болон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг санхүүжүүлж болохыг мартаж болохгүй юм.
Шилжилтийг туулж буй улс орон бүр өөрийн орны эдийн засгийн онцлог, хөгжлийн түвшин, мөн улс төрийн (иргэний уламжлалт эсхүл социалист, социал демократ) тогтолцооноосос шалтгаалан хувьчлалыг янз бүрээр хийжээ. Тухайлбал, Унгар хэт их өртэй байгаа учир орлого олохын үүднээс гадаадын худалдан авагчдыг хайж байсан бол Чех, Румынд хувьчлал өөр маягаар явагдсан. Гэхдээ Чехийн хувьд гадны хөрөнгө оруулагчид хангалттай байсан. Оросын өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэгчид аль болох өнгөрсөн түүхээсээ хурдан салахыг урьдал болгосон бол Польш улс шударга ёс, тэгш хуваарилалтын тухай удаан маргалдсаар их цаг алдсан. Чехэд улс төржүүлэхгүй байхын чухлыг үргэлж харгалзаж (энэ нь аль болох төр болон аж ахуйн нэгжийн хоорондын холбоог салгах гэсэн оролдлого), Эстони хувьчлалын явцдаа шинэ хөрөнгө менежментийн мэдлэг чадвар бүхий “жинхэнэ” хөрөнгөтнийг олохыг оролдож байв.
Зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд урьтал болгож буй асуудлууд төдийгүй мөн улс төрийн болон нийгмийн урьдчилсан нөхцлүүд нь улс орнуудад хувьчлалын харилцан адилгүй хэлбэрийг сонгон авахад нөлөөлжээ. Гэхдээ үүнд бас улс төрийн зорилгодоо хүрэх боломжийн асуудал байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Энд тухайлбал, аль нэгэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагчид шууд худалдахын тулд тухайн аж ахуйн нэгжийн хамт олон, менежерүүдийн саналыг үл харгалзан улс төрийн аргаар зорилгоо хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Энэ нөхцөлд Top down хувьчлал уу эсхүл тухайн аж ахуйн нэгжид өнөөг хүртэл ажиллаж байсан хүмүүсийн сонирхлыг харгалзсан, тэднийг урамшуулаж хувьчлал уу гэсэн хоёр сонголт тулгарч байв. БНАГУ болон Чехословакт төвлөрүүлэн удирдах бүтэц, захиргааны тогтолцоо хүчтэй хөгжсөн байсан учраас Top down хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дөхөмтэй байгаа. Уламжлал ёсоор хүчтэй хөгжсөн, зохион байгуулалт сайтай үйлдвэрчний байгууллагатай Польшид, ажиллагсад нь өмчлөгч болсон Словенид байдал огт өөр байв. Чехословак улсад үйлдвэрчний байгууллага нь улс төрийн эргэлтийн үед хуучин коммунист эрх барих байгууллагын нэгд хамаарч байсны хувьд нэр хүндээ алдсан байсан учир ямар ч нөлөө үзүүлэх чадваргүй байв. Чехословак улсад хийсэн шиг дээрээс нь удирдан зохион байгуулсан, нийт эдийн засгийг хамарсан хувьчлалыг (хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр) хувьчлалыг Польш, Словак, Орос зэрэг менежерүүд нь хэмжээлшгүй их нөлөөгөө хадгалж үлдсэн орнуудад хэрэгжүүлэхийг төсөөлөхөд амаргүй юм. Эдгээр оронд хэтэрхий олон оролцогчид хувь хүртэх сонирхолтой байснаас гадна шийдвэр гаргах явцад нөлөөлөхийг оролдож байснаа хувьчлал сунжирчээ.
Хувьчлалын олон янзын аргын эерэг болон сөрөг талуудыг Дэлхийн банкнаас гаргадаг “Дэлхийн хөгжлийн тайлан”- гаас харж болно. 1 дүгээр хүснэгтээс дээр дурьдсан дунд болон том аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын олон янзын хувилбарууд шилжилтийг туулж буй улс орнуудад ямар нөлөө үзүүлснийг хялбархнаар харж болно. Ялгаа нь тодорхой харагдаж байна.
Сүүлийн хэдэн жилд Чех, Унгар, Балтын орнууд, тэдгээрээс ялангуяа Эстонид хувьчлалын явцад нэлээд амжилт олсон бол Словак, Румын, ялангуяа Болгарт хувьчлал сунжирч саад тотгортой тулгарчээ. Чехтэй харьцуулбал Словакт хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийсэн хувьчлалын 2 дугаар үе шат зогсож, өмнө нь худалдсан байгаа эрхийн бичгийг төрөөс 1 ширхэг нь 10.000 Ск бүхий үнэтэй өрийн бичиг болгон өөрчилж түүний хажуугаар аж ахуйн нэгжүүдийг ажиллагсдад болон нэгжийн удирдлагад нь худалдахыг оролджээ. Зарим нөхцөлд, ялангуяа шууд худалдах явцад засгийн газар сөрөг хүчний хооронд давуу эрхийн талаар ширүүн маргаан өрнөсөн нь хувьчлалыг цаашид үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болгожээ. Төрөөс нэн даруй салгах шаардлагатай банкны салбарт энэ тухайд тохиролцоонд хүрээгүй байна. Словакт тэгэхлээр ойрын үед төрөөс, өөрөөр хэлбэл улс төрийн хэлхээ холбоогоор дэмжсэн эдийн засгийн чухал салбаруудад засгийн газраас үзүүлэх нөлөө хадгалагдсан хэвээр байх төлөвтэй байна. Хэтдээ тэдгээр нь жинхэмэ хувийн өмчит эдийн засгийн салбар болон хөгжих магадлалтай. Гэсэн хэдий ч ирээдүйд мөн стратегийн чухал ач холбогдол бүхий томоохон аж ахуйн нэгжүүд төрийн мэдэлд байх юм байна. Энэхүү тодорхой бус байдал нь Словакт хийгдсэн хувьчлалын хоёрдугаар үе шатанд, ялангуяа өмч шилжүүлэх шинэ журмын дагуу худалдаанд оролцоход хүндрэлтэй болсон гадны хөрөнгө оруулагчдын сонирхол буурахад хүргэжээ.
Румынд хувьчлал эхлээд бага хувьчлалаар эрчимтэй өрнөсний эцэст зогсонги байдалд оржээ. Шинэ засгийн газар 1997 оны эхээр хувьчлалыг дахин үргэлжлүүлэн явуулахаа зарлажээ. Ийм байдал мөн Болгарт ажиглагдсан бөгөөд Виденовын социалист засгийн газрын хугацаанд хэдийгээр Олон улсын валютын сангаас олон дахин сануулга өгч шаардлага тавьж байгаа боловч аж ахуйн том нэгжүүдийн хувьчлал зогсонги байдалд оржээ.
Тиймээс 1997 оны зун засгийн эрхэнд гарсан Костовын Засгийн газар хөтөлбөртөө алдагдалтай ажиллаж буй улсын аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудлыг эхний ээлжинд хийхээр тусгажээ.
Хувьчлалын одоогийн явц, түүний дэвшлийн талаар
Шилжилтийг туулж буй улс орнууд хувьчлалын явцад мөн түүнтэй хамт явагдах аж ахуйн нэгжүүдийн бүтцийг өөрчлөх ажилд ямар амжилтанд хүрч байгааг харуулсан зэрэгцүүлэлтийг 1997 оны 4 дүгээр сард Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гаргасан (ЕСБХБ) тайлангаас харж болно. Тэдний гаргасан амжилтыг нэгээс (бага амжилт) дөрөв хүртэл тоогоор (өрнөдийн аж үйлдвэржсэн орнуудын түвшин) дүгнэжээ (2 дугаар хүснэгт).
ЕСБХБ-аас 1995 онд гаргасан тайланд шилжилтийн орнуудын хувьчлалын асуудлыг харьцуулан дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг гаргахдаа тэд гол төлөв сангийн яам, статистикийн албад, өмч хувьчлалын байгууллагуудаас гаргасан мэдээнүүдийг иш үндэс болгожээ. Статистикийн зарим хүндрэл, тухайлбал, банкнаас өгсөн тоо баримтууд ч ихэнх тохиолдолд баримжаа тоо байдгийг энд анхаарах ёстой.
Үүнээс гадна шилжилтийн явцад оршиж байгаа орнуудын статистикийн албад хувийн буюу улсын биш хувийн хэвшлийг өөр өөрөөр томъёолон ойлгодгийг анхааралдаа авах нь чухал. Зарим үндэсний статистикийн газрууд үүнд хувийн өмч зонхилсон бүх аж ахуйн нэгжийг хамруулдаг. Өөр нэг нь хувийн хэвшилд холимог өмч бүхий аж ахуйн нэгжүүдийг багтаадаггүй байна. Эцэст нь хувийн аж ахуйн нэгж гэж үздэг олон тооны завсрын хэлбэрүүд байдаг. Тухайлбал, хувьд түрээслүүлсэн төрийн өмчийн ямар нэгэн аж ахуйн нэгжийг хувийн гэж үзэн албан ёсны статистикт хувийн секторт хамааруулан үздэг болжээ.
Хуучин төрийн өмчлөлд хамрагдаж байгаа хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллыг өнөөдөр олон оронд өөрөөр авч үзэх болжээ. Ихэнх тохиолдолд хоршоолол, нэгдэлд төрөөс тавих хяналт хуулийн дагуу эрс суларсан буюу бүр үгүй болсон. Зарим улс оронд төрөөс хоршооллын салбарт үзүүлэх нөлөө хэвээр байна.
Статистикийн өөр нэгэн зовлон бол далд эдийн засгийн мэдээг хамруулах явдал юм. Ингэхгүйгээр нийт эдийн засагт, ялангуяа хувийн секторт явагдаж буй үйл ажиллагааны үзүүлэлт буурах учраас Болгар, Эстони, Латви, Румын, Орос, Унгар зэрэг орны статистикийн албад далд эдийн засгийн багцаа тоо мэдээллийг тус тусынхаа дотоодын нийт бүтээгдэхүүн болон хувийн хэвшлийн мэдээнд хамааруулан үздэг байхад Хорват, Чехийн БНУ-д ингэдэггүй байна. Ерөнхийдөө далд эдийн засгийн хувь хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 10-25 хувь гэж тооцдог боловч нэг улсаас нөгөө улсад энэ үзүүлэлт ялгаатай байдаг.
Унгарт түүнийг ойролцоогоор 30 хувь гэж үздэг бөгөөд түүний хагасыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд албан оруулж тооцдог. Эстонид 1994 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь далд эдийн засгаас орж байгаа гэж үзсэн нь Словентэй мөн таарч байна. Болгарт 1994 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 16,8 хувь, Румынд 10 хувь гэж тооцоолжээ.
Урьд өмнө нь материаллаг бус салбар гэгддэг байсан үйлчилгээний салбарт мөн статистикийн алдаа гарч байгаа ЕСБХБ-аас тогтоосон байна. Социализмын үед энэ салбар хайхардаггүй байгаа нь шилжилтийн үед эрчимтэй хөгжиж буй салбарын үзүүлэлтүүдийг гаргахад хүндрэл учруулж байна.
Хэдийгээр статистикийн мэдээг олон янзаар гаргасан ба ерөнхийдөө улс орон бүрт хөдөө аж ахуйн салбарт хувь хамгийн хурдацтай явсныг ажиглаж болно. Шилжилтийн явцад байгаа бараг бүх оронд төрийн бус сектор 70 гаруй хувийг байгаа бөгөөд түүнд хөдөө аж ахуйн хоршооллуудыг оруулсан байна. Үүний хажуугаар мөн үйлчилгээний салбар түргэн хөгжиж байгааг анхаарах хэрэгтэй боловч бас ялгаа байгаа юм байна. Жишээлбэл, хувийн үйлчилгээний газрууд Польшид нийт үйлчилгээний салбарын 89 хувийг эзэлж байхад нөгөө туйлыг Украин 23 хувиар харуулж байна. Энэ үзүүлэлт Молдавт 34 хувь, Румынд 35 хувь байна.
Аж ахуйн нэгжид ажиллагсдын тоог хувьчлалын түвшингийн нэгэн үзүүлэлт болговол хамгийн дээд үзүүлэлтүүдийг хөдөө аж ахуйн салбарт олж болно. Тухайлбал, Литвад хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвхөн 4 хувь нь төрийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа бол Орост 15 хувь, харин Белоруст 87 хувь байгаа юм байна. Уг үзүүлэлт Болгарт 34, Чех 23, Румынд Молдавт 70 хувь, Гүржид 17 хувьтай байна. Ялангуяа хөдөө ахуйн салбарт төрийн бус секторт хөдөө аж ахуйн хоршоо нэгдлүүдийг хамааруулж байгааг харгалзаж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Чехэд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын бараг тэн хагас нь хөдөө аж ахуйн хоршооллуудад ажиллаж байна.
Үйлчилгээний салбарт зарим өрнөдийг хөгжилтэй оронд ч тэр төрийн өмчид байдаг шуудан харилцаа, нийтийн тээвэр зэргийг эс тооцвол ер нь ихэнх оронд хувийн өмч давамгайлжээ гэж хэлж болж байхад аж үйлдвэрийн салбарын хувьд байдал өөр байна. Тухайлбал, нийт аж үйлдвэрийн салбарт төрийн бус нэгжүүдийн эзлэх хувь хэмжээ Чехэд 59, Сповакт 54, Унгарт 54 хувь, Орост 55 хувь, Польшид 38 хувь байхад Румынд дөнгөж 15 хувь, Болгарт 18 хувь байна. Болгар, Румын зэрэг оронд их хувьчлал жинхэнэ утгаараа эхлээгүй байна гэж үзэж болно.
Үүний адил аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын бүтэц мөн ялгаатай байна. Аж үйлдвэрийн салбарт ажиллагсдаас Чехэд 48, Литвад 62, Унгарт 57 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байхад Орост энэ үзүүлэлт дөнгөж 21 хувь байна. Энэ нь Оросын хувийн хэвшилд (бүтээгдэхүүний 55 хувийг гаргадгийг нь харгалзвал) хөдөлмөрийн бүтээмж өндөр байгааг гэрчилж буй хэрэг юм. Румын, Гүржид аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 21, Болгарт дөнгөж 8 хувь нь хувийн хэвшилд байна.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэж хэлэхэд 1996 он гэхэд шилжилтийг туулж буй орнуудын талаас илүү хувьд нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг болжээ. Гэхдээ энэхүү дүгнэлтийг нийтэд нь хавтгайруулж болохгүй юм. Ялангуяа 3 дугаар хүснэгтээс ерөнхийлж авсан тоо тун хурдан алдаанд хүргэж болохыг харж болно. Жишээлбэл, Албаний дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшил давамгайлж байгааг тэнд хэдийгээр хөдөө аж ахуй бараг бүхлээрээ хуучин эзэддээ онож хувьчлагдсан, үйлчилгээний салбарт нь гол төлөв ганц хүний аж ахуйн нэгж болох заримд нь зөвхөн нэг л төрлийн бараа худалдаалдаг мухлагууд үүссэн, мөн жижиг баарууд нээгдэн ажлын байр бий болгосон, харин аж үйлдвэрийн салбарт тун цөөн тооны аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ явуулж уг салбар эргэлтийн өмнөх түвшингийнхээ дөнгөж 15-20 хувьд хүрч байгаагаар тайлбарлаж болох юм. Түүнчлэн Польшид хувийн хэвшил харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсныг тэнд хөдөө аж ахуй, үйлчилгээний 90 гаруй хувь нь хувьд байгаагаар тайлбарлаж болно. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын их хувьчлалыг эрчимжүүлэх шаардлага тэнд өндөр байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх байр суурь тухайн орны амьдралын түвшний үзүүлэлт биш болохыг тухайлбал Словенийг Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгт (ТУХН) багтах Украин, Казахстан, Узбекистан, Молдав, Белорустай харьцуулсан зэрэгцүүлэлтээс харж болно. Словенид 1996 оноос эхлэн хувьчлахаар төлөвлөсөн 1400 гаруй аж ахуйн нэгжийн ихэнхэд хувьчлах зөвшөөрөп олгосон. Словенид ийнхүү хувьчлал ид өрнөж байхад Белорус, Украинд эхлээ ч үгүй байна.
ТУХН-ийн орнуудын төрийн өмчийн хэвшилд ажиллагсдын тоо өндөр байгаа нь тухайн улсын үйлдвэрүүдэд ажиллагсдын ихэнх нь цалингүй амралттай байгаа мөртлөө тэнд ажиллаж байгаагаар тооцогдож байгаад оршино. Нөгөө талаас дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувийн жин мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Орон бүрт хэрэглэдэг тодорхойлолтууд өөр өөр байдаг учраас улс хоорондын зэрэгцүүлэлт хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал, Болгарт хоршооллыг хувийн хэвшилд оруулж тооцдоггүй байхад Орос, Латви хамруулдаг.
Түүнчлэн зарим орон гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах сонирхол багатай, нөгөө талаас барууны хөрөнгө оруулагчид зарим нэгэн оронд үйл ажиллагаа явуулах сонирхолгүй байдаг талтай. Гэсэн хэдий ч шилжилтийг туулж буй орнуудад хувийн хэвшил улам нөлөөтэй болсоор байна. Өргөн хувьчлал ер нь хэр зэрэг явагдаж байгаагаар орон бүрийн онцлог тодорхойлогдож байна. Их хувьчлалыг өргөн хэмжээгээр хэрэгжүүлсэн эдийн засагт зөвхөн шинээр үйлдвэр байгуулах, оршин тогтнож байгаагийг нь өргөжүүлэн хөгжүүлэх замаар л хувийн хэвшлийн цаашдын өсөлтийг хангана. Бүх салбарыг хамарсан өргөн хувьчлап удаашралтай явагдаж байгаа улс орныг бодвол дээрх оронд гадаадын хөрөнгө оруулалт илүү байх болно.
Хувьчлалын арга хэлбэрүүдийн эерэг ба сөрөг нөлөө
Арга хэлбэр | Зорилгууд | ||||
Аж ахуйн нэгжийн менежмент ба хяналтын сайжралт | Хувьчлалын хурд ба улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломж | Хөрөнгө мөнгө ноу- хау-д илүүгээр хүрэх боломж | Татварын өндөр орлого | Илүү шударга зарчим | |
Гадны хүнд худалдах | + | – | + | + | – |
Менежментийн гэрээгээр тухайн нэгжийн ажиллагсдад хувьчлах | – | + | – | – | – |
Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах | ? | + | ? | – | + |
Урсгал хувьчлал | ? | ? | – | – | – |
Эх: The World Bank (Hrsg,) From Plan to Market. World Development Report 1996, NewYork 1996, S,52
Шилжилтийн долоон оронд дунд болон том аж ахуйн нэгжүүдийг хувьчласан арга хэлбэр, 1995 оны эцсийн байдлаар Хүснэгт 1
Тэмдэглэлийн тайлбар: голлон хэрэглэсэн арга хэлбэрийг тодоор бичив.
- Орон нутгийн удирдлага, нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн өмч дампууруулан худалдсан өмч багтана.
- Урьд нь улсын өмчид байгаа аж ахуйн бух нэгжийн тоонд хувийн үйлдвэрүүдийн эзлэх хувь хэмжээ. Үүнд мөн хувьчлалаас өмнө бүтцийн өөрчлөлтөнд орсон аж ахуйн нэгжүүдийн хэсгүүд хамрагдана.
- Урьд нь улсын өмчид байсан аж ахуйн нэгжүүдийн нийт өртөгт хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь хэмжээ, хувиар, Польш Оросын хувьд энэ үзүүлэлт олдоогүй болно.
- Зарим нэгэн дэд бүтцийн нэгжүүдийг хамруулаагүй Менежментийн гэрээгээр хувьчилсан бүх тохиолдолд тендер зарласан. 13 тохиолдолд иргэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ тухайн нэгжид гол хөрөнгө оруулсан худалдан авагчтай хувьцаагаар сольсон.
- 1994 оны 6-р сард хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хийгдэх хувьчлалын хөтөлбөрийн нэгэн хэсэг болон мөнгөөр арилжаалагдсан хөрөнгийг оролцуулан.