Э.Бат-Үүл
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №30, 2000
Миний бие 1988 оны намар санаа нийлсэн хэсэг нөхдийн хамт хожим “Шинэ үе” хэмээн нэрлэгдсэн улс төрийн бүлгэм байгуулж мөн оныхоо 11-р сарын сүүлээр Улс төрийн товчооны нэр бүхий гишүүдийг огцруулах, ардчилсан сонгууль явуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах зэрэг зүйлүүдийг шаардсан ухуулах хуудсуудыг гудамжинд наасан юм. Мэдээж тухайн үеийн хууль зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзвэл бидний эдгээр үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл байлаа. Хэрэв зээ Батмөнх тэргүүтэй, нам төрийн удирдлагын “Монгол улсаа улс шиг улс болгох юмсан” гэсэн хүсэл эрмэлзэлтэй нэг хэсэг нь хүлээцтэй хандаагүй бол ямар ч ялыг хуулийн дагуу ногдуулж болох байсан юм.
Эл хэрэг явдлаас хойш 12 жил өнгөрчээ. Одооны хүүхдүүдэд тэр үеийнхээ хэрэг явдлыг хуучилбал яахаараа хүмүүс итгэл үнэмшлээрээ эвлэлдэж нэгдэхдээ нуугдах ёстой байсан, яахаараа дээд дарга нараа шүүмжилж чөлөөтэй байх эрхээ шаардахдаа үүрийн таван жингээр “Шинэ үе” гэдэг нэрээр өөрсдийнхөө нэрийг халхавчлан хуудас нааж явах ёстой байсан зэрэг олон зүйлийг ойлгохгүй, шалгалтад орохдоо уншдаг түүхийн хичээлийн нэгэн сэдэв мэт л сэтгэх бөлгөө. Энэ нь ч аргагүй. Тэднийг өсөж өндийж ухаан орох үед нь нэгэнтээ Үндсэн хууль бусад хуулиар нь хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, цуглаж жагсах, Их Хурлын дарга, Ерөнхий сайд зэрэг эрх дархтангуудаа шүүмжлэх нь бүү хэл харааж загнах, мануухай босгон шатаах ч эрхтэй болохыг заагаад, тэрээр энэ заасан ёсоор нь амьдрах нь ердийн үзэгдэл болсон байлаа.
Гэхдээ, бидний өнөөдрийн хэн нь ч гайхахаа байчихсан ердийн гэгдэх энэ амьдралд хүрэхэд багагүй бэрхшээл учирч байв. Бурхны авралаар Тяньаньмэнь-д болсон шиг, 90-оны Оросын онц байдлын хороо шиг гай барцад тохиолдоогүй ч хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх нь нийгмийн харилцааны цөм нь байдаг, ардчилсан дэг жаяг, амьдрахын сайхныг мэдрээгүй олон түмэн хуучинтайгаа зууралдах нь гайхмаар үе ч байсан юм. Биднийг ил шууд дэмжигчид нь эсэргүүцэн дайрагчдаасаа хавьгүй цөөхөн байсан. Ард иргэдтэйгээ уулзах гээд очиход нэг хэсэг нь дайрч давшилж хөөж туух, танхайдуу хэсэг нь чулуугаар нүүлгэж зодохдоо хүрдэг байлаа. Тэр үед нийтээрээ уншин итгэж сэнхэрдэг байсан “Үнэн” сонин биднийг үзэл суртлаар бөмбөгдөхийг үзүүлж билээ. Биднийг доромжлон гутааж буй энэ бүгдийг бид тоож байсангүй. Харин нэгдлийг хувьчилж малыг нь өгье гэхэд малчид нь эсэргүүцэх, иргэдээ гадаад паспорттой болгоё гэхэд “хоёрхон сая монголчуудыгаа тарааж дуусгах хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна” гэх үед л яалтай ч юм билээ гэцгээдэгсэн.
Заримдаа ч хуучинсаг хүчний нэгдмэл зохион байгуулалтанд орж шийдвэртэй үзэлцсэн бол буцаж социализм руугаа гүйхээр тийм л итгэл үнэмшил муутайгаар олон түмэн маань урагшилж байлаа. Оросын онц байдлын хороо манай хуучинсаг хүчинд горьдлого төрүүлж байсан юм шүү. Энэ мэтийг үзсэн бид өнөөдрийн байдалд сэтгэл тайвширчээ. Аргагүй л дээ. Өнөөдөр хэн бүхэн бидний сонгож авсан энэ зам зөв гэдэгт итгэх болжээ. Нэгэн удаа телевизээр “социализм руугаа буцаж ороход та зөвшөөрөх үү” гэдэг асуулт тавихад уг асуулганд оролцсон хүн бүхэн тэр дэмий гэхийг сонсож суухдаа өөрийн эрхгүй баярлаж байж билээ. Ард олны санаа сэтгэл ингэж шулуудсан нь өнгөрсөн 10 жилийн гол үр дүн мөн.
Харин сүүлийн үед ийнхүү тайвшрах чинь алдаа шүү, ардчиллын амин сүнс нь бол хүний эрх, эрх чөлөөг ханган хэрэгжүүлэх ажил хэрэг чинь урсгалаараа явж байгаа болохоос биш жинхэнэ утгаараа баталгаажиж чадаагүй байна. Ийм байдлаар цааш явбал ард олны шулуудсан сэтгэл зүг чиггүй болж, ардчиллын хамгийн бүдүүлэг хэлбэрийг өдөөгч хүчин болж мэднэ гэдгийг харуулсан сигнал сүүлийн үед дуугарах боллоо.
Казиногийн хэргээр яллагдан шоронд хоригдож буй гурван гишүүдээс намынхаа чуулганы гишүүдэд хандсан “… хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ ёсоор хэрэгжүүлээгүй цагт бид ардчилсан өөрчлөлтдөө амжилт олж байна хэмээн ярьж бичих нь үнэхээр эртэдсэн зүйл …” хэмээн захидал бичсэн болохыг онцгой анхааран үзэх ёстой. Манай нийгэмд хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах ажил ямар байдалтай байгаа, өөрсдийнх нь хүсэж тэмцсэн үйл хэрэг нь хаашихнаа болчихоод байгааг тэр гурав шиг барьж үзээд хэлж байгаа хүн бидэн дотор өөр байхгүй юм.
Өнөөдөр хэн нэгнийг тодорхой гэмт хэрэгтэй холбогдуулах сэжигтэнээр мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаатай холбогдсон гомдол саналууд улам бүр ихэсч байна. Сэжигтнийг хорьж саатуулахдаа тулгаж буй ялыг тодорхой хэлж эрх уургийг танилцуулдаггүй, өмгөөлөгчдөө хэрэг явдлын талаар дуулгаж мэдэгдэх боломж хугацаа олголгүй шууд хорьдог, өмгөөлөгчид нь өмгөөлүүлэгчээ хамгаалах үндэслэл нотолгооr сурвалжлан тогтоох эрх хэмжээ хязгаарлагдмал байдаг, мөрдөн байцаагч нь сэжигтнээ хорьчихоод олон хоног сараар сураггүй алга болдог, түүнийгээ мөрдөн байцаах ажлын тактик хэмээн бүдүүлгээр цайруулдаг, ялтан шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй иргэнийг нэг дор хорьдог зэрэг асуудлуудаар олон гомдол ирдэг байна. Нийтийн дунд дуулиан тарьсан хэргүүдийг мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагааны тухай сонин хэвлэлээр багагүй шуугиж мэргэжлийн хүмүүсийн хүрээнд ч нэлээд маргаан гараад байгаа билээ. Дуулиант хэргүүдийг шүүн таслах явцад шүүх бүрэлдэхүүн нийгмийн захиалгад автан хэргийг шүүж байгаад сэтгэл зовж байгаагаа хүмүүс илэрхийлж байна. Шүүх засаглал нь хараат бус байна гэдэг нь Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газар зэрэг төрийн бусад институтүүдээс зөвхөн хараат бус байна гэдгийг хэлсэн хэрэг төдийгүй нийгмийн захиалгад ч авталгүй бие даан шийдвэр гаргахыг хэлж байгаа юм. Ингэж чадахгүй бол шүүн таслах үйл ажиллагаа нь сонгууль мэт улс төрийн арга хэмжээ болон хувирах аюултай. Үүний хор уршигийг энд хуран цугларсан та бүхэн эрх биш ойлгож байгаа бизээ.
Энэ бүх гомдол, санал, маргааныг ажиглаад байвал одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд онцгой анхаарч үзүүштэй нэгэн согог байгаа мэт санагдана. Мэдээж нийгмийн харилцааны тоолж баршгүй олон эд эсийг хуулиар нарийвчлан зааж зохицуулах боломжгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас хуулийн олон заалтууд ерөнхий хүрээг заасан маневрлах боломжтой гардаг нь зүй ёсны бизээ. Гэвч ардчилал өндөр хөгжсөн орнуудын туршлагаас харвал хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон харилцааг зохицуулах асуудлыг туйлын нарийвчлан зааж өгсөн байдаг байна. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, тодорхой үндэслэлээр халдах шаардлага гарвал маш нарийн заасан, тодруулан хэлбэл мөрдөн байцаагч ч бай, шүүгч ч бай, прокурор ч бай тодорхой эрх мэдэл бүхий хэний ч зөн совин, таамаг сэдэл, үзэл санаа, ойлголтоос огт хамаарахгүйгээр хэргийг хэлэлцэн шийддэг байхаар хуулийг бичдэг байна. Бид ингэж хийгээгүйгээс өнөөдөр хэн нэгний хувь заяаг шийдэхдээ шийдэгч этгээдүүдийн хүсэл зоригт захируулах байдал гараад байгаа юм. Энэ завхрал цаашаа даамжирвал шударга ёсны төлөө алалдаанд ардчилал золиослогдох нь дамжиггүй.
Удахгүй бид Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг багц хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэх болно. Эдгээр хуулиудыг хэлэлцэхдээ хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах шаардлагыг хангаж байхаар хуулийн заалтуудыг тодорхой хэн ч өөрөө өөрийнхөөрөө уншиж тайлбарлахааргүй нарийвчлал-тай бичих хэрэгтэй.
Мөн хүний эрхийн асуудал ямархан байдалтай байгааг судалж үзэх ажлыг УИХ өөрийн санаачлагаар хийх хэрэгтэй юм. Бид шар сонинуудыг хараад ч юм уу, Их Хурал тар гэсэн лоозонтой цуглааныг хараад ч юм уу, манай ард иргэд эрхээ хэвийн хэрэгжүүлж байна гэж бодож байгаа маань учир дутагдалтай ажээ. Хүний эрхийг зөрчих, завхруулах явдал одоо байгаа хуулийн хүрээнд амьдрах боломжтой байна. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхэд бодит байдлыг ойлгосон байх нь хууль тогтоогч бид нарын хувьд тун хэрэгтэй.
Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа УИХ-ын ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан нэг том гавъяа нь “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийг баталсан явдал юм. Хэдийгээр энэ хуулийг сэтгүүлчид өөрсдөө ч тунхагийн шинжтэй хууль хэмээн голонгуй байгаа боловч, “хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан хууль гаргахыг хориглоно, төрөөс ямар нэгэн цензур тогтоох байгууллага байгуулж болохгүй, төрийн байгууллагууд өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй” зэрэг чөлөөт хэвлэлийг амьдран тогтоход суурь нь болсон зарчмуудыг тусгаж өгсөн нь энэ хуулийн ач холбогдол оршино. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх явцад үүсч байгаа гүтгэх, доромжлох, нэр төр гутаах зэрэг асуудлуудыг иргэний болон эрүүгийн хуулиар зохицуулах учиртай юм. Ахиад л өнөөх “Эрүүгийн байцаан шийтгэх” хуулинд гүтгэж, доромжилж, нэр төр гутаасан тохиолдолд тухайн нийтлэгч сонин хэвлэлийнхэнтэй хариуцлага тооцох дэг журмыг нарийвчлаагүйгээс хэвлэлийн эрх чөлөөнд халдах боломж байна.
УИХ-ын нэр дээр зарим нэг хэвлэн нийтлэгчдээс тэднийг хууль бусаар байцаах, яллах, бүр тэр битгий хэл баримт материалыг нь хураан авсан тухай гомдол ирсэн юм. Хэрэвзээ энэ гомдол үнэн болбол ойрын ирээдүйд эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхолд нийцсэнээс бусад сонин хэвлэлүүд хаагдахад хүрнэ. Ингэвэл бид ардчиллыг манах манаачгүй боллоо гэсэн үг.
1990 оноос хойш хөгжсөн ардчиллын өөрчлөлтийн бас нэгэн үндсэн чиглэл нь манай иргэд хувийн өмчтэй байх. Хувиараа худалдаа үйлдвэрлэл эрхлэх эрхийг хангаж, хүндэтгэх явдал байлаа. Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувь нь хувийн хэвшлийн салбарт ногдож байна гэдэг нь хичнээн амжилттайгаар бизнес эрхлэх эрхийг хэргэжүүлснийг тодоор илтгэнэ. Хэдий ийм амжилт байгаа боловч зарим нэг болсон явдлууд чөлөөт эдийн засгийн ирээдүйд эргэлзээ төрүүлж байна. Жасрай гуайг Ерөнхий сайд байх үед “Оюуны Ундраа” компани нисдэг тэрэг нийлүүлэхээр Засгийн газартай тохирон гэрээ хийсэн юм. Уг гэрээгээ тухайн компани өөрийн зүгээс хэрэгжүүлэн нисдэг тэргээ оруулж ирсэн. Гэтэл Засгийн газар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бүдүүлэг авир гаргаж нийлүүлэгдсэн барааны төлбөрийг хийгээгүйгэc “Оюуны Ундраа” компани багагүй хохирол амссан. Мэдээж Засгийн газар “Оюуны Ундраа” компанитай зүйрлэшгүй хүчирхэг нэгэн мөн боловч ардчилсан эрх зүйт ёсны үүднээс авч үзвэл хуулийн өмнө тэгш эрхтэй этгээдүүд бөгөөд Засгийн газар нь том зан гаргаж дээрэлхэлгүйгээр төлбөр, хохирлыг нөхөн төлөх ёсой байсан юм. Үүнийг шүүх ч тогтоосон билээ. Харамсалтай нь Засгийн газар даанч авч хэлэлцээгүй. Үүнийгээ зөвтгөхдөө энэ бизнес их “ноо”-той гэж ярих ч явдал гарсан. “Ноо” нь илрүүлэх нэг хэрэг, харин гэрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлэх нь өөр нэг соёл юм шүү дээ. Энэ жишээ нь “хувийн өмчид тулгуурласан чөлөөт эдийн засаг бидний эрхэм зорилго” гэж хашгирдаг улс төрчид нь амьдрал дээрээ түүнийг хүндэтгэн үзэх соёл хичнээн дутмаг байгааг харуулж байгаа юм. Ийм орчинд манай хувийн хэвшлийнхэн яаж өөрсдийн үнэ цэнийг ойлгож ирээдүйдээ итгэлтэй байх билээ. Тэр тусмаа өнөөдрийн УИХ дахь цөөнх 2000 оны сонгуульд ялбал өмч хувьчлалыг эргэж авч үзэх болно” гэснийг дээр нь тооцоод бод л доо.
Өнөөдөр энд хуран цугларсан та бүхэнд би, хүний эрх, эрх чөлөөг ханган эдлүүлэх явцад тулгараад байгаа тулгамдсан асуудлуудын талаар өөрийнхөө бодлыг толилууллаа. Миний олж харж, хэлж чадаагүй олон жишээ, хэрэг явдлууд байгаа. Аль болох хөндөж байгаа асуудлыг бүрэн бүтэн ярихын тулд ардчиллын цаашдын хувь заяанд санаа зовж байгаа хэн бүхэн өнгөрсөн амжилтаараа сэтгэлээ тайтгаруулалгүй эргэж нэг суун хэлэлцэх цаг болжээ.
Энэ удаад миний хэлэх гэсэн гол санаа бол хүний эрх, эрх чөлөөг ханган, хүндэтгэх явдлыг тооллын тэнхлэгийн эх болгон хэмжиж, нийгмийн олон талт харилцааг зохицуулж сурваас ардчиллыг жинхэнэ ёсоор ойлгож, хэрэгжүүлж чадна. Эс тэгвээс “Шударга ёсны төлөөх алалцаан” хэмээх Баабарын гайхамшигт өгүүлэлд хэлсэнчлэн “эрүүл бус нийгмийн эрүүл бус захиалгад төрийн институциуд автан, үндсэн зарчмаа хөсөрдүүлэх болно” гэдэгт оршино. Ийнхүү хохирч хөгжлийн ирээдүйгээ алдсан улс орон таван тивээр хангалттай л байна. Бид л тэр зүг рүү явж болохгүй юм шүү.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.