С.Баярцогт
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: Сонгууль, УИХ, гишүүний байр суурь, паралмент дахь асуудлууд, холимог систем, Эрх ашиг
1990 оны Ардын Их Хурал, Улсын Бага Хурлыг сонгох анхны челөөт сонгуулиас хойш бид 2 удаа парламентын (Улсын Их Хурлын) сонгууль явуулж, 4 дэх удаагийн сонгуульд тулж ирээд байна. Энэ 10 жилийн үйл явц дахь иргэдийн улс төрийн боловсролын хөгжил төлөвшил ардчиллын тухай ойлголт, хүний үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэхийн хүсэл илэрхийллийн үндэс нь чөлөөт ардчилсан сонгуулиас эхлэлтэй, үүдэлтэй гэдгийг гүнээ ойлгосон билээ.
Монголчууд бид 1989 онд эхэлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, төрийн эрх барих байгууллагад нэрээ дэвшүүлж, бүх нийтээрээ тэгш, шууд, чөлөөтэй байж, саналаа нууцаар гаргаж, төрийн эрх барих байгууллагаа сонгон, сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан төрийн эрхийг барилцаж байгаа билээ.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн хуулиудад сонгуулийн ардчилсан зарчим тусгалаа олсон билээ. Үүнд:
- Сонгууль “бүх нийтийн” байна гэсэн зарчим буюу улсын насанд хүрсэн нийт иргэд сонгуульд оролцох эрхтэй гэсэн үзэл санаанд үндэслэдэг бөгөөд зарим хязгаарлалтууд байдаг. Жишээ нь, сонгуулийн идэвхгүй эрх буюу сонгогдох эрх 25 наснаас эхэлнэ. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу сонгуулийн идэвхтэй эрхээ эдэлдэггүй г.м.
- Тэгш эрхийн зарчим нь сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр ижил жинтэй байхын баталгааг бүрдүүлдэг.
- Шууд байх зарчим гэдэг нь сонгуулийн эцсийн үр дүн нь нийт иргэдийн санал хураалтаар шийдэгддэг буюу ямар нэгэн төлөөллийн шатлалгүй байхын илрэл юм.
- Чөлөөтэй байх зарчим нь сонгуулийн идэвхтэй эрхээ эдлэх эсэх нь сонгогчийн өөрийн хувийн асуудал бөгөөд түүнийг ямар нэгэн байдлаар албадахгүйг баталгаажуулна. Мөн сонгуульд оролцоогүйн төлөө ямар нэгэн ял шийтгэл хүлээлгэхгүй, сонгуульд нам, эвсэл болон бие даасан нэр дэвшигчид чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлнэ.
- Санал нууцаар гаргах зарчим нь сонгуульд оролцохдоо гадны шахалт нөлөөгүй, чөлөөтэй сонголт хийх, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоогоор хангана. Сонгогч чухам аль нам, эвслийн нэр дэвшигчийн төлөө саналаа өгч байгаа нь нууц байх нь чухал юм.
Улсын Их Хурал буюу төрийн эрх барих дээд байгууллагын сонгууль нь эдгээр зарчмуудыг бүрэн дүүрэн тусгасан сонгуулийн хуулийн дагуу явагддаг тул иргэд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэх явц ардчилсан эрх зүйт төртэй бусад улсуудын нэгэн адил байгаа билээ. Эдгээр зарчмын алийг нь ч зөрчихийг ардчилал, иргэний улс төрийн эрхийг мэдэрсэн, эдэлсэн Монголчууд зөвшөөрөхгүйгээр үл барам энэ эрхийнхээ төлөө тэмцэнэ гэдэг нь ойлгомжтой юм.
Сонгуулийн хуулиуд нь олон улсын ардчилсан хуулиудын жишигт нийцэж байгаа эсэх дээр маргах зүйлгүй. Гэтэл ямар шалтгааны улмаас бид сонгууль хийх болгоны өмнө шинэ хууль баталж байна вэ? Өнөөдөр ч сонгуулийн шинэ хуулийн талаар ярьсаар л байна. Асуудлын мөн чанар юунд байна вэ?
1990 оны анхны чөлөөт, ардчилсан сонгуулиар парламентын дээд танхим буюу Ардын Их Хурлыг мажоритар системээр, парламентын доод танхим буюу Улсын Бага Хурлыг пропорционал (хувь тэнцүүлсэн) системээр сонгож, сонгуулийн үндсэн хоёр системийн сонгодог гэж хэлж болох хувилбаруудыг хэрэглэснээр Монголын улс төрчид болон улс төр судлаач, сонирхогчдыг сонгуулийн үндсэн хоёр системтэй жинхэнэ утгаар нь танил болгосон юм.
Сонгуулийн мажоритар болон хувь тэнцүүлсэн гэсэн хоёр үндсэн арга нь дотроо маш олон хувилбартай байдаг бөгөөд аль аль нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн дутагдалтай болон ололттой талуудыг агуулна. Мөн энэ хоёр аргын нэгнийх нь дутагдалтай талыг нөгөөгийнх нь ололттой талаар нөхөн сэлбэж, уялдуулсан холимог аргыг хэрэглэдэг бөгөөд энэ арга нь мөн л дотроо олон хувилбартай байдаг.
Ардчилсан улс орон болгон өөрийн түүхэн хөгжлийн онцлог, уламжлалт ёс заншил, холбооны болон унитар улсын шинж, парламент нь нэг болон хоёр танхимтай эсэх, төрийн улс төрийн засаглалын хэлбэр, тухайн орны улс төрийн элитийн хүсэл зорилго зэрэг олон учир шалтгаанаас үүдэн сонгуулийн хоёр системийн гурван үндсэн аргын олон хувилбараас сонгож хэрэглэдэг байна.
Энэ олон хувилбар дотроос аль аргын ямар хувилбар нь Монгол улсад илүү тохиромжтой талаар улс төрч, хуульч, улс төр судлаач эрдэмтэд, улс төрийн чиглэлээр бичдэг сэтгүүлч, улс төрийн намуудын төлөөлөгчид өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр болон сонгуулийн хуультай холбоотой онол практикийн бага хурлуудад илэрхийлж байна.
Энэ талаар өөрийн санал бодлыг Та бүгдтэй хуваалцъя. Ингэхдээ би сонгуулийн мажоритар уу? Хувь тэнцүүлсэн үү? Эсвэл холимог арга уу? Гэж асуудалд хандмааргүй байна, Биднийг зовоож буй асуудлыг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэж үзэж байгаа бол асуудлаа гаргаж тавиад тэдгээрийг шийдвэрлэхэд сонгуулийн хуулийн ямар арга, хувилбар нь илүү оновчтой болохыг тодорхойлж, асуудал, бэрхшээлийг үнэлж цэгнэсний үндсэн дээр сонголт хийх нь илүү чухал гэж үзэж байна.
Ингээд өөртөө чухал гэж үзэж буй дараахь онолын бус, прагматик шинжтэй хэд хэдэн асуудлыг хөндье. Энэ нь зөвхөн Миний хувийн үзэл бодол бөгөөд санаа нийлэхгүй аваас хүлцэл өчье. Үүнд:
- Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтвортой байх
- Сонгуулийн хууль хоёр намын системийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх
- Сонгогчдын санал парламентад бүрэн тусгалаа олсон байх
- Нэр дэвшигчид намын нэрсийн жагсаалтанд нэгдүгээрт бичигдэх сонирхолтой байх
- Сонгуулийн шинэ хууль батлагдах магадлал буюу Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн байр суурь
- “Ардчилсан холбоо” эвсэл задрахын хүндрэл, бэрхшээл
- Популист лидертэй нэг хүн дээр тогтсон жижиг болон шинэ намуудын хүсэл, хясал
- Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн намын сахилга батын асуудал
- Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ба жендерийн асуудал эдгээр багтана.
Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтвортой байх
Сонгуулийн хууль нь тухайн улс орны хөгжил, улс төрийн намуудын төлөвшилд маш их нөлөөтэй, харилцан шүтэлцээтэй гол хуулиудын нэг юм. Иймээс сонгуулийн хууль нь тогтвортой, сонгогч олон түмэн болон намуудад ойлгомжтой, тэдгээрийн зүгээс сонгуулийн талаарх хүлээлт, үйл хөдлөлөө урьдчилан тооцоолох боломжийг олгож, олон жилийн турш өөрчлөгдөхгүй байх нь чухал юм. Сонгуулийн хууль тогтвортой байх нь зөвхөн сонгуулийн сурталчилгааны үед бус улс төрийн үйл ажиллагааны бүхий л цаг хугацаанд улс төрийн нам болон нэр дэвшигч-Улсын Их Хурлын гишүүн өөрийн сонгуулийн тойрогтоо байнга ажиллах, нэр дэвшигч-нам, нэр дэвшигч сонгуулийн тойрог, нам-сонгуулийн тойргийн хооронд төлөвшсөн тогтвортой харилцаа бий болох юм.
Сонгуулийн тойргийн оршин суугчид нь нийгмийн гарал, байдал, орлого, мэдээлэл авах чадвар, тойргийн байршил зэргээс үүдэн нэг нам болон тухайн намын нэр дэвшигчдэд ээлтэй, дэмжих уламжлалтай болох, өөрөөр хэлбэл тодорхой нам, хүчин тогтвортой дэмжих сонгогчдын баазтай болох асуудалд сонгуулийн хуулийн тогтвортой байдал чухал нөлөө үзүүлнэ.
Сонгуулийн хууль байнга өөрчлөгдөж байгаа явдал эрх барьж байгаа хүчнүүдийн ялалт тохиолдлын шинжтэй, улс төрийн намууд төлөвшөөгүй, улс орон нь тогтвортой хөгжлийн замд ороогүй, өнөөгийн улс төрийн элит нь улс орны хөгжлийн хандлагын талаар зөвшилд хүрээгүй байгаатай шууд холбоотой.
Сонгуулийн хууль хоёр намын системийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх
Бидний цөөхөн Монголчуудын хувьд 17-18 улс төрийн нам байгаа явдал нь тухайн намууд нь бүгд парламентад суудал авна гэж үзвэл парламент нь олон намаас бүрдсэн, нэгдсэн бодлого явуулах чадваргүй, зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй, Засгийн газар нь байнга огцордог тогтворгүй улс орон болж хувирах аюултай юм.
Иймд улс төрийн одоогийн элитийн үүрэг нь улс орондоо хоёр намын улс төрийн систем төлөвшүүлж бий болгоход чиглэгдсэн бодлого, үйл ажиллагаа явуулах ёстой.
Сонгуулийн тогтолцооны талаар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гол онол нь Дювержерийн онол юм. Энэхүү онолоор сонгуулийн болон намын тогтолцоог шууд хамааралтайгаар авч үзэн, парламентад суудал авах бодит бололцоотой намын тоо нь нэг тойргоос сонгогдох гишүүний тооноос нэгээр илүү байх зүй тогтолтой гэж үздэг. Тухайлбал, сонгуулийн нэг тойргоос зөвхөн нэг гишүүн сонгогдож буй тохиолдолд хоёр намын нэр дэвшигч парламентын нийт суудлын дийлэнх хувийг эзлэх бодит бололцоотой байдаг учир тухайн улс оронд хоёр намын тогтолцоо бүрэлдэх магадлалтай болдог.
Энэ үүднээс авч үзэх юм бол өнөөгийн сонгуулийн мажоритар системийг цаашид тогтвортой хэрэглэх нь зүйтэй.
Хэдийгээр 1990 оны АИХ, 1992, 1996 оны УИХ-ын сонгууль нь ялгаатай хувилбараар боловч бүгд мажоритар (плюрал) системээр явагдсан тул улс төрийн нам эвслүүд нэгдэж нийлэх, харилцан ойлголцож зөвшилд хүрэх нарийн төвөгтэй үйл явцын үр дүнд улс төрийн үндсэн хоёр нам эвсэлд аажмаар шилжиж, хоёр намын тогтолцооны үндэс суурийг тавьж чадлаа гэж үзэж байна.
Өөрийн онолоо М.Дюверджер нийгмийн элит болон нийт сонгогчид стратегийн сонголт хийдэгтэй холбон тайлбарласан байна. Жишээлбэл нэг тойргоос нэг л гишүүн сонгогдох тохиолдолд тухайн нийгмийн элит хэсэг нь стратегийн сонголт хийж, өөрийн мөнгө, цагаа үр ашиггүй үрэн таран хийхээс зайлсхийж, сонгогдож болзошгүй хоёр нэр дэвшигчдэд л санхүү, улс төрийн дэмжлэгээ өгч, жирийн сонгогчид ч мөн адил сонгогдох бодит бололцоотой хоёр хүнд л өөрийн саналаа голчлон өгдөг байна.
Хоёр намын систем тогтвортой байх гол үндэслэл нь парламентийн доторхи хүч хэдэн нам, эвсэл байгаагаас үл шалтгаалж, эрх баригч, сөрөг гэж хоёр хэсэгт хуваагдаж, эрх баригч болон сөрөг хүчнийг улс төрийн нэг намууд, эсвэл ижил байр суурь, платформын намуудын эвсэл бүрдүүлэх нь засаглалын тогтвортой байдлыг хангаж өгдөгт оршино. Энэ үүднээс мажоритар системийг анхлан зохиож, тогтвортой байдлыг бий болгосон АНУ, Их Британи зэрэг улс оронд хэрэглэдэг бөгөөд тухайн орны судлаачид энэхүү системийг хувь тэнцүүлсэн системээс илүү гэж үздэг байна.
Сонгогчдын санал парламентад бүрэн тусгалаа олох
Дэлхийн улс оронд хэрэглэж байгаа хувь тэнцүүлсэн системийг сонгогчдын санал болон парламент дахь намуудын суудал хоёрыг аль болох ойртуулах үүднээс боловсруулж, 1889 онд Бельгид анх хэрэглэсэн бөгөөд улмаар Швед, Австри, Герман зэрэг оронд хэрэглэж байна. Энэ системийн дагуу сонгогчдын санал бодитойгоор суудлаа олдогийг 1990 онд УБХ-ын сонгуулийн дүнгээс харж болно.
1990 оны АИХ-д 1990 онд УБХ-д
МАХН 375 буюу 84,6% 31 буюу 61,7%
МоАН 16 буюу 3,8% 13 буюу 24,3%
МҮДН 6 буюу 1,4% 3 буюу 5,9%
МСДН 4 буюу 1% 3 буюу 5,5%
Бусад 39 буюу 9,2%
Нэг цаг хугацаанд явагдсан АИХ, УБХ-ын сонгуульд намуудын авсан суудлын эзлэх хувь маш их ялгаатай байгаа нь мажоритар систем нь сонгогчдын өгсөн санал болон намуудын парламентад авсан суудал харилцан уялдаатай хуваарилагдаж чаддаггүйг харуулж байна.
1992, 1996 онд сонгуулийн дүнгээрх намуудын суудал хуваарилалт энэ аргачлалаар авч үзвэл маш их зөрөөтэй болохыг судлаачид олонтаа шүүмжлэн тэмдэглэжээ.
1992 оны сонгуулийн дараа УИХ-ын сонгуулийн хуулинд хувь тэнцүүлсэн системийг ямар нэгэн хэлбэрээр оруулахыг улс төрчид ихээхэн эрмэлзэх болсон бөгөөд тэдгээрийн зарим нь хувь тэнцүүлсэн системээр сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсээр байна.
Нэр дэвшигчид намын нэрсийн жагсаалтанд нэгдүгээрт бичигдэх сонирхолтой байх
УИХ 76 гишүүнээс бүрддэг. Нам болгон хамгийн их гэхэд мандатын тоотой тэнцүү хүний нэрийг сонгуульд дэвшүүлэх боломжтой. Хэрэв хувь тэнцүүлсэн системээр нэг улс-нэг тойрог гэж үзвэл намууд нэр дэвшигчээ 1-ээс 76 хүртэл дугаарлан, намын нэрсийн жагсаалтанд байрлуулах шаардлагатай болно.
Энэ нь өнөөгийн Монголчуудын сэтгэл зүйд төдийлөн тохирохгүй.
- Нэр дэвшигч бүр нэрсийн жагсаалтын эхэнд бичигдэх сонирхолтой байна. Учир нь нэрсийн жагсаалтын эхэнд орсноор сонгогдох магадлал ихтэй байх ба энэ асуудлыг нам дотроо зохицуулах нь ихээхэн хүндрэлтэй бөгөөд нам хагарахад хүргэх аюултай юм.
- Хэрэв намын удирдлагын нэр хүнд өндөр, дээрх асуудлаар зөвшилцөлд хүрч чадлаа гэж үзэхэд магадгүй нэрсийн жагсаалтанд 25-аас хойш бичигдсэн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа, намын ажилд оролцох сонирхол, хөшүүрэг байхгүй болно.
- Намын нэрсийн жагсаалтыг сонгуулийн өмнө гаргахгүй зөвхөн намуудад санал өгөөд сонгуулийн дүнд авсан саналын дагуу нам өөрөө УИХ-ын гишүүдийг сонгох асуудал нь эхэнд тайлбарласан хүндрэлийг авчрах бөгөөд энэ асуудал тэр даруйдаа Үндсэн Хуулийн Цэцийн асуудал болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Намын нэрсийн жагсаалтанд нэгдүгээрт буюу эхэнд бичигдэх нөхцлийг өнөөгийн мажоритар систем бүрэн хангаж байгаа учир сонгуулийн энэхүү системийг өөрчлөх сонирхол гишүүдэд тэр бүр төрөхгүй
Сонгуулийн шинэ хууль батлагдах магадлал буюу Улсын Их Хурлын эрхэм гишүүний байр суурь
Сонгуулийн хуулийн ихэнх хувилбарууд нь бусад улс орнуудад хэрэглэгдсэн байдаг учир шинээр зохионо гэсэн ойлголт үндсэндээ байхгүй. Ямар хувилбарыг сонгох вэ? Гэдэг нь одоогийн УИХ-ын эрхэм гишүүдийн ихэнхийн санаанд нийцэх буюу өөрөөр хэлбэл тухайн гишүүн өөрөө сонгогдох магадлал хамгийн өндөр байх хувилбар нь аль нь вэ гэдгээс шалтгаална. Үүнийг 1992, 1996 оны сонгуулийн хуулийг баталсан түүх гэрчилнэ.
- 1992 оны сонгуулийн хуулийг намууд хоорондоо зөвшилцөж, батлах гэж оролдсон боловч чадаагүй. Энэ хууль нь УБХ дахь ардчилсан хүчнийхэнд ашигтай хувилбар боллоо гэж тухайн үедээ үзэж байсан боловч сонгуулийн дүн 70:5:1 гэж МАХН-д ашигтайгаар гарсан.
- 1996 онд МАХН, МҮАН, МСДН-ын удирдлагууд харилцан тохиролцож, холимог хувилбарыг сонгож батлахаар гэрээ байгуулсан боловч УИХ дахь МАХН-ын бүлэг намынхаа удирдлагын шийдвэрийг үл хэрэгсэн эрхэм гишүүд өөрсдөдөө нийцүүлэн хуулиа баталсан боловч 50:25:1 гэсэн үр дүн гарч, Ардчилсан холбоо эвсэл ялсан билээ.
- 1996 оны сонгуулийн дараа тогтвортой, бүгдээрээ зөвшилцөлд хүрсэн, сонгууль ойртсон уур амьсгалын атгаг санаагүйгээр сонгуулийн хууль батлах нь зөв гэсэн байр сууринаас 1996 оны 11-р сарын 6-ны УИХ-ын даргын захирамжаар сонгуулийн хуулийн ажлын хэсгийг байгуулсан боловч өнөөг хүртэл хугацаанд УИХ дахь намуудын хооронд зөвшилцөлд хүрч чадаагүйгээс 1992, 1996 онуудын байдал дахин давтагдахад хүрээд байна.
УИХ-ын эрхэм гишүүдийн сэтгүүлчдийн асуултанд өгч буй хариулт, нам дотроо зөрчилтэй байгаа байдал, намаас нэр дэвшүүлээгүй тохиолдолд бие даан нэр дэвших хүсэл, Тоо ажиллаж байгаа байдал зэрэг нь 1996 оны мажоритар системийг дэмжих хандлагатай байгааг харуулж байна УИХ-ын сонгуулийн шинэ хууль батлагдаж гарах эсэх нь хэрэг дээрээ намын бодлогоос биш УИХ-ын эрхэм гишүүдийн хүсэл сонирхлоос шууд хамааралтай.
“Ардчилсан Холбоо” эвсэл задрахын хүндрэл, бэрхшээл
МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл нь сонгуулийн өмнөх эвсэл бөгөөд 76 тойрогт 50:26-аар тойргоо хуваан намаасаа нэр дэвшүүлсэн билээ. Эрх барихын хүнд хэцүүг даван туулж, улс орондоо эдийн засаг, улс төрийн шилжилтийг нэгэн зэрэг хэрэгжүүлэхийн сайн мууг үүрч, хөгжлийн шинэ замд гарахын тулд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Эвсэл байгуулсан тэр өдрөөс хойш зүүний болон барууны үзэлтэй намуудын эвсэл хэмээх шүүмжлэлийг үл тоон Эвслийн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Гэвч 2000 оны УИХ-ын сонгуульд эвслийн хоёр нам бие даан оролцох бөгөөд сонгуулийн өмнөх эвсэл байгуулахгүй нь ойлгомжтой юм.
МАХН Социнтернд ажиглагч гишүүнээр элсэж, нэр хүнд нь өсч, MACH, МАШСН зэрэг бараг ижил платформтой олон нам шинээр үүсч зүүний намын орон зайд ширүүн өрсөлдөөн эхэлсэн нь эвслийн нэг нам болох МСДН-ын хувьд бие даан сонгуульд оролцож, зүүний намын орон зайгаа бүрэн дүүрэн эзлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах шаардлага зайлшгүй тавигдаж байна.
Иймээс МСДН, МҮАН-ын хувьд одоогийн мажоритар систем нь ашиггүй бөгөөд энэ хуулиар сонгуульд оролцох болбол МСДН, МҮАН-тай тойргоо тохиролцохоос өөр аргагүй болно. Дан дангаараа УИХ-ын 1/3-ээс ихийг эзэлж чадна гэж зарлаж байгаа нөхцөлд энэ асуудлаар тохиролцоонд хүрнэ гэсэн итгэлийг төрүүлэхгүй байна. Хэрэв тойргоо тохиролцохгүйгээр сонгуульд оролцох аваас сонгуулийн бүхий л тойрогт МАХН-ын нэр дэвшигч төвөггүй ялалт байгуулах магадлалтай.
Энэ утгаар авч үзвэл Социнтерний жинхэнэ гишүүн МСДН, Дэлхийн Ардчилсан Холбооны гишүүн МҮАН 1996 онд Ардчилсан Холбоо эвсэл байгуулж ялалт байгуулахад сонгуулийн өнөөгийн тогтолцоо ашигтай байсан бол 2000 оны сонгуульд эвслээ задлан тус тусдаа амжилттай оролцохын тулд сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөхөөс аргагүйд хүрнэ.
Популист лидертэй нэг хүн дээр тогтсон жижиг болон шинэ намуудын хүсэл, хясал
УИХ-ын дөрвөн жилийн хугацаанд ялагдсан намууд эвсэж, хүчээ нэгтгэдэг бол, сонгуульд төдийлөн идэвхтэй оролцож байгаагүй намууд сонгууль ойртох тусам идэвхжиж, нэг лидер тойрон жижиг намууд бий болдог үзэгдэл давтагдсаар л байна.
Сонгуулийн дүн гарахаар нөгөө л нөлөө бүхий МҮАН, МАХН, МСДН УИХ-ын суудлуудыг хуваан эзэлж, бусад намууд УИХ-ын гадна үлдсээр. Учир нь УБХ, УИХ маань санаатайгаар юм уу, санамсаргүйгээр юм уу үргэлж мажоритар системийн хуулиудаар сонгууль явуулснаар жижиг намууд нөлөө бүхий том намуудад шахагдсаар УИХ-ын гадна үлдээд байна.
Өнөөгийн сонгуулийн мажоритар систем нь БНН, МАШCH болон бусад нэг хүний нэр хүндэд дулдуйдан бий болсон намуудад УИХ-ын нэгээс илүү суудал оногдохгүй нь ойлгомжтой. Тэд намын бүлэг байгуулах хэмжээний суудал авъя гэвэл хувь тэнцүүлсэн сонгуулийн системийг батлуулах хэрэгтэй. Гэхдээ 5 хувийн босгыг давах нь шинэ намуудын хувьд хүндхэн шалгуур болно.
Гэвч парламентийн 3 том нам шинэ намуудыг УИХ-д оруулахыг хүсч байгаа болов уу үгүй болов уу.
Жижиг болон шинэ намууд сонгуульд 7-14 тэрбум төгрөг зарцуулах гэж яарахын оронд сонгуулийн хуулийг хувь тэнцүүлсэн системээр өөрчлүүлэн батлуулахыг лоббидох хэрэгтэй гэж бодож байна.
Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн намын сахилга батын асуудал
Хуулийн дагуу намрын чуулгануудаар ялсан эвслийн Засгийн газар улсын төсвөө хэлэлцүүллээ. МАХН хурлаа хаячихгүй бол бүх асуудлыг өөрийнхөөрөө шийдчих боломжтой Ардчилсан холбоо эвслийнхэн Засгийн газрынхаа оруулж ирсэн төсвийг тойрогтоо тааруулан, намын бодлого, гишүүнчлэлээ үл харгалзан нутаг усаараа нэгдэж, аймаг сумандаа хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэн, бие даасан хэнээс ч хамааралгүй дархан нэг саналтай эрхэм гишүүн гэдгээ мэдэрч эхэллээ. Энд эвслийн Засгийн газрын бодлого алга болж эхэллээ.
Эвслийн нэг дэх, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх Засгийн газрууд. Нэг дэх Засгийн газрыг хэрхэх асуудлаа дотроо ярьж шийджээ. Гэвч энэ нь цөөн хэсэг хүмүүст таалагдсангүй. Хоёр, гурав дахь Засгийн газрыг хэрхэхийн хувьд нам, эвслийн бодлого байхгүй л байлаа. Намын гишүүний сахилга батын асуудал зэрэг олон зүйлээс шалтгаанаа эрлээ.
Улсын Их Хурлын хуулийн хүрээнд нам нь сонгогдсон гишүүдээ намынхаа бодлого, Мөрийн хөтөлбөрт захируулан, намын сахилга бат зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гишүүдийг УИХ-аас эгүүлэн татах хууль зүйн үндэсгүй байлаа.
Улс орон даяараа марафон хийж даргаа сонгодог байсан, одоо эрх барьж буй МҮАН-ын даргыг гишүүд нь биш Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн тэргүүн МАХН-аас хуулийн дагуу түдгэлзсэн хүн сонгож, МҮАН-ын чуулган түүнийг ёсчлон батламжилдаг уламжлал тогтлоо.
Сонгогдсон УИХ-ын гишүүнд нам нь нөлөөлж чадахгүй ийм л сонгуулийн хууль үйлчилж байна. Сонгогдсон гишүүн нь намын харьяаллаа солих, намаасаа гарсан ч дэвшүүлсэн нам нь ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Намын эрх мэдлийг нэмэгдүүлэх, сонгогдсон гишүүн дэвшүүлсэн намынхаа өмнө хариуцлага хүлээдэг механизмыг бий болгохын тулд хувь тэнцүүлсэн системийн хувилбарыг оруулахыг эрх баригч байсан намуудын удирдлага хүсч байна. Тэд намын доторхи улс төрийн боловсон хүчний хуваарилалтыг өөрсдөө хийхийг хүсч байна.
Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ба жендерийн асуудал
Сонгогчдын 50-иас илүү хувь нь хүйсний хувьд эмэгтэйчүүд юм. Гэвч эмэгтэйчүүд өөрсдийнхөө төр барилцах эрхээ эрэгтэй УИХ-ын гишүүнээр дамжуулж эдлэдэг уламжлал нь сонгуулийн мажоритар системтэй холбоотой. Парламент дахь эмэгтэй гишүүдийн хувийг нэмэгдүүлэх боломж нь намын удирдлагын зүгээс бодлогоор хүмүүсээ дэвшүүлэн гаргаж ирж болдог хувь тэнцүүлсэн системд амжилттай хэрэгждэг юм.
Дээр ярьсан зүйлээс жижигхэн дүгнэлт хийгээд үзье.
Сонгуулийн хууль тогтвортой байх, хоёр намын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэгдсэн байх, нэр дэвшигчдэд намын нэрсийн жагсаалтанд нэгдүгээрт бичигдэх боломжийг олгох, сонгуулийн шинэ хууль батлагдах магадлал буюу УИХ-ын эрхэм гишүүний байр суурь, популист лидертэй жижиг намуудыг УИХ-д оролцуулахгүй байх зэрэг асуудлыг чухалчлан үзэж, энэ бодлогыг баримтлана гэвэл мажоритар систем бүхий өнөөгийн хуулийг өөрчлөхгүйгээр сонгуульд оролцох нь МҮАН, МАХН, МСДН-д маш их ач холбогдолтой юм.
Харин сонгогчдын санал парламентад бүрэн тусгалаа олсон байх жижиг болон шинэ намууд парламентад суудалтай болохыг дэмжих, УИХ-д сонгогдсон гишүүдийн намын сахилга батыг сайжруулах, намын зүгээс тэдэнд арга хэмжээ авч эгүүлэн татах, эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, Ардчилсан Холбоо эвсэлд багтаж буй гол хоёр нам дараагийн сонгуульд салж оролцохдоо хохирол бага амсъя гэвэл одоогийн байгаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй.
Одоо яах вэ?
Сонгуулийн мажоритар системийн сайн талыг хувь тэнцүүлсэн системийн давуу талтай хослуулан хувь тэнцүүлсэнд багтдаг холимог системийг Германы Бундестагийн сонгуульд хэрэглэдэг бөгөөд энэ нь Монголын нөхцөлд маш тохиромжтой хувилбар юм. Сонгуулийн энэ системээр бид 1996 оны орон нутгийн сонгуулийг явуулсан бөгөөд үр дүнгийн хувьд амжилттай байсан юм.
Гэвч энэ хувилбарыг яг байгаа хэлбэрээр нь авч хэрэглэх гэхэд сонгуулийн дүнгээс шалтгаалж парламентийн нийт суудлын тоонд өөрчлөлт ордог бөгөөд энэ нь манай Үндсэн хуулийн III бүлгийн 21 дүгээр зүйлийн 1-т заасан “УИХ нь нэг танхимтай, 76 гишүүнтэй байна” гэсэн заалттай зөрчилддөг тул хэрэглэх боломжгүй юм.
Иймээс эвсэл задарч, гол хоёр нам оролцоход бага хохирол амсах, гэхдээ парламентад олон нам орж ирэхийг харьцангуйгаар хязгаарласан намын нэр дэвшигч нь тойрогтоо сонгогдох магадлалтайгаар эхэнд бичигддэг үл шилжих нэг санал бүхий олон мандаттай мажоритар системийг 50+1 хувийн санал авсныг сонгосонд тооцон хасаад үлдэгдэл саналыг нь намуудад хувь тэнцүүлэн хуваах холимог систем дээр ажиллаж байгаа болно.
Энэ талаар та бүхнийг үнэтэй санал өгнө гэж найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.