Р.Гончигдорж
/УИХ-ын дарга, академич, доктор/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: Хаант засаглал, БНМАУ-ын үе, парламентат ёс, эрх баригч, эрх мэдэл, хуульчлал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үндсэн асуудлын нэг нь Монгол оронд парламентат ёсыг үнэнхүү ард түмнээр байгуулагдсан, ард түмний төлөө, ард түмний засаг гэсэн утгаар нь тогтоох явдал байсан билээ. Өдгөө ардчилсан Монголд парламентат ес жинхэнэ утга чанараараа төлөвшин хөгжих үйл явц үргэлжлэн өрнөж байна. Энэ бол ардчиллын үндсэн ололтын нэг төдийгүй гол тулгуур нь мөн.
Монгол оронд парламентат ёс үүсч, төлөвшсөн хийгээд түүний цаашдын хандлага нь байгаль, нийгмийн алив үзэгдлийн нэгэн адил, өөрийн өмнөх болон өнөө, ирээдүйтэй билээ.
- Монголын парламентат ёсны өмнөх үе гэвэл чамгүй урт түүхийг учир шалтгаан, уг чанартай нь холбон өгүүлэх хэрэгтэй. Цаг цаас хэмнэн хураангуйлбал Хүннүгийн (МЭӨ 209) үеэс Богд хаант улсын үе (1921-1924) шувтартал 2000-аад жилд Монгол нутагт байсан эртний, дундад эртний болон шинэ түүхийн үеийн феодалын улсууд нь өөр өөрийн онцлогтой боловч эцсийн дүндээ хаант засагтай байсан ажгуу. Иймээс тэнд хууль тогтоох дээд эрхийг хэрэг дээр хаан эдэлж байсан нь ойлгомжтой. Харин хаант засагт улсуудад хааны хэмжээгүй эрхийг зарим талаар хязгаарлахын үүднээс язгууртан – төлөөлөгчдийн байгууллага түр, байнга, нарийн, тойм аль нэгэн хэлбэрээр үүсч, ажиллаж байсныг түүх мэднэ. Тэр бүхнийг парламент хэмээх орчин үеийн ойлголттой хутгаж болохгүй. Хүннүгийн үеийн “24-ийн зөвлөл”, Чингисийн үеийн мянгат түмтийн “Ноёдын Хурилдай”, манжийн хаанчлалын үеийн 4 аймгийн “Ноёдын чуулга”, Богд хаант төрийн үеийн Улсын дээд, доод хурал эд бүхэн парламент бус. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийнх нь хэлбэрүүдийг яг л парламент байсан мэтээр дүрсэлж болохгүй. Парламентын төрөлх эх орон гэгддэг Англид XIII зуунд “Parliament” нэрээр үүссэн “хагас” язгууртан төлөөлөгчдийн байгууллагаас энэ байгуулал үүсэлтэй гэдэг. XVII-XIX зуун бол улс гүрнүүдэд хаант засаг халагдаж парламентат ёс түгсэн гол түүхэн үе мөн. Энэ үзэгдлийг Монгол орон тойрч өнгөрөөгүй, түүний нөлөө Монголд Богд хаант төрийн үед туссаны илрэл нь 1914 онд байгуулагдаж хэсэгхэн хугацаанд ажилласан Улсын Дээд, доод хурал мөн билээ. Гэр энэ бол ард түмнийг төлөөлсөн сонгуулийн байгууллага байгаагүй, хамгийн гол нь хууль тогтоох газар бус эцсийн дунд төр, шашныг хослон баригч – Богд хаанд зөвлөх эрхтэй, гоn төлөв язгууртны төлөөлөлтэй байсан билээ. Харин феодалын түрүү болон дундад эртний улсуудынхаас ялгаатай нь улсын Доод Хуралд язгууртны угсаагүй бичиг цэргийн түшмэд орж, төрийн хэрэг хэлэлцэх болсон явдал юм.
1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараахан Ардын засгийн газарт зөвлөх эрхтэй Улсын түр цагийн хурал (1921 оны 9 дүгээр сараас 1924 онд томилолтын журмаар байгуулагдан ажиллах болсон. Үүнийг Хаант засгаас Үндсэн хуульт ёс, бүгд найрамдах засагт шилжих үеийн парламентын урьдач хэлбэр гэж үзэж болох юм.
1924 онд Бүгд найрамдах засгийг тунхаглан зарласан Анхны үндсэн хууль баталснаар Монгол угтаа социалист чиг баримжаатай Зөвлөлт маягийг дагасан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага бүрэлдэн тогтсон байна. Хаант засгаас Үндсэн хуульт байгуулалд шилжсэн төлөөлөгчдийн дээд байгууллага бий болгож түүнээс Засгийн газар бусад төв байгууллагыг үүсгэн байгуулах үндсэн дээр төрийн бүгд найрамдах хэлбэрийг тогтоосон зэрэг нь түүхийн өмнөх үеэс үлэмж урагшилсан дэвшилт үйлс мөн юм. Гэвч энэ байгуулал хөгжлийн жам ёсны бус, харин дур зоргын (субъектив) замыг баримжаалсны уршгаар монголчууд тоталитар буюу захиргаадлын дэглэмд автан, орчин цагийн улс гүрнүүдээс улс төр, эдийн засгийн хөгжлийн олон жилийн хоцрогдол хүлээсэн билээ.
1924 оны Үндсэн хуулиар бататгасан хууль тогтоох байгууллагын тогтолцоо БНМАУ-ын Их Хурал (түүний чөлөөт цагт) –Их Хурлын Тэргүүлэгчид, (түүний чөлөөнд) –Улсын Бага хурлын Тэргүүлэгчид гэсэн гурван шатны байгууллагаас бүрдэж байлаа. Улсын Их Хурал 1951 он хүртэл олон шатат сонгуулиар сонгогдож бүгд 9 удаа (1924, 25, 26, 27, 28, 30, 34, 40, 49 онд) цөөн хоногоор, Улсын Бага Хуралд жилд 1-2 удаа цөөн хоногоор, бүгд 23 жилд 20 гаруй удаа цөөн хоногоор хуралдсан байна. Тэр дундаа Их, Бага Хурлын чөлөөт цагт 1940-өөд он хүртэл хууль тогтоох бүрэн эрхийг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газар (1932 оноос Ардын Сайд нарын зөвлөл) хоёр хамтран эдэлж байв. Энэ бүтэц 1949 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийж, Зөвлөлт маягийн сонгуулийн шинэ тогтолцоог тогтоон явуулах болсонтой уялдуулан Улсын Бага Хурлыг татан буулгаж, бараг ажиллахаа больсон. (1940-1949 он хүртэл нэг ч удаа хуралдаагүй) Улсын Их Хурлыг иргэд саналаа нууц гарган шууд сонгох депутатын бүрэлдэхүүнтэй болгожээ. БНМАУ-ын Их Хурлыг 1951 онд анх энэ зарчмаар байгуулсан бөгөөд 1960 оны Үндсэн хуулиар БНМАУ-ын Ардын Их Хурал болгон өөрчлөн нэрлэсэн. Бүгд 11 удаа сонгогдож жилд гол төлөв 1 удаа 1-2 хоног чуулж, чөлөөгөөр нь Улсын Их Хурлын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны удирдамж, байнгын хяналтад эрх барих байгууллагын үүргийг хэлбэрийн төдий гүйцэтгэх болсон аж. Бодит эрх мэдэл гүйцэтгэх дээд байгууллагад түүнийг бүрдүүлдэг Намын Төв Хороо, түүний Улс Төрийн Товчоонд байсныг Монголын төр дэх гол гажуудал гэж үзэж болно.
Иймээс ардчиллын шинэ нөхцөлд тавьсан язгуур зорилтын нэг нь “төрт ёсыг сэргээх” явдал болсон билээ. Энэхүү Ардын Их Хурал 1990 он хүртэл нэгэн намын хэвээр. 1990 оны 7 дугаар сараас 1992 оны 6 дугаар сар дуустал хугацаанд олон намын тогтолцоонд анхлан шилжиж, зарим талаар шинэчлэгдсэн байдлаар ажилласан түүхтэй. Энэ бүхнийг Монголын парламентат ёсны өмнөх үе гэж үзэж болох юм.
Тэр үеийн парламентын оршин тогтнол, хөгжлийн бүх тал учир шалтгааныг тайлахыг энд зориогүй. Харин БНМАУ-ын үед парламент нь социалист хэв шинжийн байсан бөгөөд нэг намын монополь ноёрхсоны улмаас нийгмийг жолоодох төв болж хараахан чадаагүй ихээхэн хэлбэрдэлд орсноор үеэ өнгөрөөсөн гэдгийг цухас боловч тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, энэ үед парламент байсан боловч парламентат ёс жинхэнэ утга чанараараа байж чадсангүй. Юуны учир ийнхүү өгүүлэв гэдгийг дор өгүүлсүгэй.
ІІ. “Парламент”, “парламентат ёс” гэдэг бол уг гарал нэгтэй ч утга чанарын ялгаатай ухагдахуун. “Ярих”, “хэлэлцэх” гэсэн утгатай, англи-parliament, франц-раrler гаралтай олон улсад түгсэн “Парламент” гэх нэр томъёогоор улс орнуудын хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлж ойлгодог (Их Хурал, Улсын Хурал, Конгресс, Альтинг, Кнессет, Фолкетинг, Верховный Совет, Дума, Бундестаг, Бундесрат гэх мэт дэлхийн улс орнууд өөр өөрийн хэлээр нэрлэдэг ч, Парламент гэхийг дэлхийн улс бүр дээрх нэг утгаар ойлгоно. Монголын хувьд парламент нь Монгол Улсын Их Хурал юм гэдгийг одоо ард түмэн сайн мэдэх болжээ.
Харин нийгмийн амьдралд ялангуяа, төрийн байгуулалт, засаг төрийн байгууллагын тогтолцоонд түүний эзлэх байр, чухал үүрэг хандлагыг тэр бүр нарийн ухаарахгүй нь бий. Энэ тухайд л парламентат ёс гэдгийг судалж үзэх, тайлж ойлгохын чухал нь байгаа юм. Парламентат ёс гэдэг нь ерөнхийдөө парламент гэдэгт суурилсан түүнээс үүсмэл ойлголт гэсэн хэдий ч энэ бол нэгэн байгууллага гэсэн явцуу утгаас ихэд өргөн, гүн гүнзгий агуулгатай, улс төрийн харилцааны нарийн түвэгтэй сүлжээ асуудлыг илэрхийлдэг нэр томъёо билээ.
Нэн хураангуйлбал: Парламентат ёс гэдэг нь улс нийгмийг парламентын тогтолцоогоор дамжуулан жолоодох гэсэн утгатай аж.
Улс нийгмээ жолоодно гэдэг хичнээн их цар хэмжээтэй, нарийн түвэгтэй үйл ажиллагаа байдаг нь эргэцүүлэн бодогч хүн бүрт ойлгомжтой билээ. Нийгмийг жолоодно гэдэг нь мөн ард түмнийг ч жолоодно гэсэн тоталитар агуулгаар ойлгогдохгүй бизээ. Тэгэхдээ гол нь парламент тийм жолоодох төв болж чадсан эсэхэд оршино. Энэ үүднээс үзэхэл Байнгын парламент нэг нам засаг барьсан нөхцөлд Монгол Улсад прaламентат ёс өөрөөр хэлбэл, парламентын тогтолцоогоор нийгмийг жолоодох ёс дээр байсангүй. Гагцхүү түүхэн ёсоор тулж ирсэн 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монголд парламентат ёс байгууллагын хувьд төдий бус төр нийгмийг Жолоодох тогтолцооны утга чанараар бүрэлдэж эхэлсэн билээ.
Монголын 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын нөхцөлд Парламентат ёс үүсч, төлөвшсөн үйл явцыг хоёр зурвас үед хувааж болох юм.
Нэгдүгээр үе. Байнгын парламентад шилжих үе 1990 оны IX сараас 1992 оны VII сар. Энэ үед төрийн хуучин тогтолцоог эвдэж, шинэ тогтолцооны анхны бүдүүвчийг хуульчлан төлөвшүүлсэн юм. Тухайлбал, Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл гэсэн эрх барих, гүйцэтгэх байгууллагын тогтолцооноос Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар (танхим) гэсэн бүтцэд шилжсэн. Энэ бол дээр бүдүүвчилсэн зөвхөн хэлбэрийн бус харин үйл ажиллагааны хувьд зарчмын шинэтгэл байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Хоёрдугаар үе нь 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан Монгол улсын шинэ Үндсэн хуулийн ёсоор дээрх шинэ тогтолцоог түшиглэн, хуучныг бүрэн халж, Монгол Улсын Их Хурлыг өөр ямар ч байгууллагатай хууль тогтоох эрх мэдэл хуваалцдаггүй орчин цагийн парламентат ёсонд нийцүүлэн байгуулснаас эхэлж одоо үргэлжилж байна.
Ардчилсан шинэтгэлийн эхэнд парламентат ёсны үндсийг тавих талаар ардчилсан хүчнийхний тавьсан бодлого, чармайлтын үр дүнд Монгол Байнгын парламентын шилжилтийн хэлбэр тохиосон билээ. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль (1990.5.12-ны)-ийн байгуулагдан ажилласан БНМАУ-ын Бага Хурал мөн.
Улс төрийн хуучин тогтолцоог халж, түүний орон зайд шинэ тогтолцоог тодорхойлон хэлбэршүүлэх нь хуучин шинийн хоорондын хурц сөргөлдөөний голомт болж байлаа.
Нэг талаас Ардын Их Хурал гэх мэт хуучнаа хэвээр хадгалах, ямар ч үнээр атугай авч үлдэх, нөгөө талаас түүнийг шууд халж хүчээр ч атугай (сонгуулийн бус) ард түмний “Онц зөвлөл байгуулах” гэсэн хоёр хандлага халз мөргөлдөж байв. Харин Ардчилсан Социалист хөдөлгөөнөөс улс төрийн хүчнүүдийн адил тэгш оролцоотой сонгуулиар байгуулагдаж Үндсэн хуулийг батлан өөрөө тарах Ардын түр хурлыг бий болгох зорилт дэвшүүлсэн юм. Яг энэ үед буюу 1990 оны хавар эрх баригчдад МоАХ-ны зүгээс гарсан тулган шаардлага, Ардчилсан Социалист Хөдөлгөөний санаачлагаар тэр үед шинээр сонгогдоод байсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зохицуулалттайгаар хэрэг дээр эрх баригч МАХН, шинээр байгуулагдсан МАН, МСДН, МҮДН-ын хооронд явуулсан олон удаагийн дугуй ширээний ярилцлага, улс төрийн хэлэлцээний дүнд харилцан ойлголцож, ухаалаг буулт хийх замаар төрийн дээд байгууллагуудын тогтолцооны шилжилтийн чанартай хэлбэрийг сонгож хуульчлахаар тогтсон билээ. Энэ тохиролцоог 1990 оны 5 дугаар сарын 5-6-нд баталсан Протокол хэмээх улс төрийн чухал баримт бичгээр мөн анхлан бэхжүүлж 5 дугаар сард АИХ-аас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хууль” нэртэй (зарим оронд “Бага Үндсэн хууль” гэж ч нэрлэдэг) шилжилтийн хуулиар тунхагласан юм.
Энэ үндсэн дээр мөн оны 7 дугаар сард анхны ардчилсан сонгууль явуулж нэмэлтийн хуулийн дагуу БНМАУ-ын Ардын Их Хурлыг шинэчлэн сонгохын хамт Үндсэн хууль ёсоор бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж анхны байнгын парламентыг шууд ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөл бүрдүүлсэн юм. (Мэдээж өөр бусад олон хүчин зүйлсийг тооцож үзсэн л дээ).
Дээр дурьдсан нэмэлтийн хуулинд БНМАУ-ын төрийн эрх барих (Ах, түүний тэргүүлэгчид) ба төрийн захиргааны дээд төв байгууллагуудын тухай 1960 оны Үндсэн хуулийн бүх заалтыг хүчингүй болгосны дотор “БНМАУ-д Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна” гэсэн үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх журмуудыг халж тус Ардын Их Хурлын Хууль тогтоох онц эрхийг хэрэг дээр хязгаарласан. Харин түүний оронд “БНМАУ-ын Бага Хурал нь хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага мөн” гэсэн Үндсэн хуулийн статустай байнгын парламент бий болгов. Улсын Бага Хурал нь намуудын нэрсийн жагсаалтаар Монголын бүх сонгогчийн санал хураасны дүнд тэдний 5, түүнээс дээш хувийн санал авсан намд Бага Хурлын гишүүний (5 хувьд 1) мандат буюу суудал хувь тэнцүүлэн хуваарилах, суудал авсан нам бүр мандатынхаа тоогоор нэр дэвшүүлэн хүн бүр дээр Ардын Их Хурал саналаа нууцаар хурааж сонгосон билээ. Хууль ёсоор Улсын Бага Хурал дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга 50 гишүүн (бүгд 53 мандат)-ээс бүрдэж байв. Дарга, дэд дарга нарийн бичгийн дарга гурав нь намын суудалгүй учир шууд Ардын Их Хурлаас нэр дэвшин сонгогдсон. Харин бусад бүрэлдэхүүний хувьд намууд авсан мандатынхаа тоогоор дэвшүүлж сонгогдсоны:
МАХН 38
МАН 7
ОУСБХ 3
МҮДН 3
суудалтай буюу олонхийн 38, цөөнхийн 13 гишүүн байв.
Монголын түүхэнд анх удаа олон намын тогтолцоо, түүнд үндэслэсэн байнгын парламент буюу хууль тогтоох байгууллага бүрэлдэн тогтсон нь энэ байлаа. Эдийн засаг, нийгмийн хуучин байгуулал бүхэлдээ хөндөгдөөгүй, улс төрийн шинэ тогтолцоо нялхаараа байсан энэ үед ийм парламентын тогтолцоо үүссэн нь хуучныг биш шинийг бэлгэдэж байсан боловч түүний дотоодод хуучин шинийн зөрчил үе үе ихээхэн хурцдаж байсныг үгүйсгээд яахав. Ийм зөрчлөө зөвшилцлөөр шийдэж чадаж байснаа мартаад ч бас хэрэггүй.
Гэхдээ Бага Хурлын Үндсэн хуулийн Нэмэлт хуулийнхаа дагуу 1 жил 9 сар ажиллахдаа жилд 75-аас доошгүй хоног чуулж, тоталитар дэглэм, нийгэм эдийн засаг дахь төрийн төвлөрсөн тогтолцоог эвдэн, шинэ ардчилсан байгууллын үндсүүдийг тавьж шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулж ардчилсан хувьсгалын ялалтыг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Улсын Бага Хурлын өмнөх үе шат, залгамж үеэсээ ялгарах гол онцлог нь юу вэ?
1924-1949 он хүртэл Улсын 9 удаагийн Их Хурлаас сонгогдсон Улсын Бага хурал 2 удаагийн (1924, 1940 оны) Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага гэж байсан бөгөөд эхэн үедээ жилд 1-2 удаа цөөн хоногоор чуулж, бодлогын чанартай асуудлууд хэлэлцдэг, түүний чөлөөт цагт Улсын Бага Хурал, Засгийн газар хоёр хамтран засгийн эрх барьж хууль тогтоодог (1924 оны Үндсэн хууль ёсоор) учир биеэ даасан байнгын парламент биш байв. Тэр нь харин Улсын Их Хурлын доод шатны, Тэргүүлэгчдийн дээд шатны ингэхээр завсрын шатны байгууллага байсан аж. Тэр үед Бага Хурал байнгын бус ажиллагаатайн дээр нэг намын тоталитар дэглэм улам хүчтэй болсон 1930-аад оны эцэс, шинэ Үндсэн хууль гарсан 1940 оны үеэс бараг чуулахаа больж, сүүл сүүлдээ хэлбэрийн төдий болсноор 1040 онд татан буугдсан байна.
Тэгвэл 1900 онд байгуулагдсан Улсын Бага хурал нь хэдийнээр Ардын Их Хурлаас байгуулагдсан ч Үндсэн хуулиас бусад асуудлаар хууль тогтоох дээд эрхийг юутай ч хуваалцахгүй эдэлдэг, олон намын мандатаас бүрдсэн, төрийн эрх барих дээд байгууллага байлаа. Харин энэ үед БНМАУ-ын Ардын Их Хурал нь хуучин тогтолцооноос хараахан эцэслэн салаагүй дөнгөж тасарч байсан учир хувьсгалын ялалтад хүргэж шинэ Үндсэн хууль батлах хүртэл хуучин тогтолцооны нэг ёсны бэлгэдэл болж үлдсэн бөгөөд улс төрийн хуучин, шинэ хүчний эвлэрлийн дүнд зарим талаар шинэчлэгдсэн байнгын бус байгууллага байсан юм. Үндсэн хуулийн нэмэлтийн хуульд түүнийг “Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага мөн” гэж заагаад хууль гаргахын хувьд зөвхөн Үндсэн хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах” бүрэн эрхийг үлдээж бусад хууль тогтоох эрхийг Улсын Бага Хуралд шилжүүлсэн байна.
Энэхүү Ардын Их Хурлыг нэмэлтийн болон сонгуулийн шинэ хуулийн ёсоор 1990 оны 7 дугаар сард болсон анхны ардчилсан сонгуулиар олон намын төлөөлөгчдөөр бүрдүүлэн шинэчлэн сонгосныг бас тэмдэглэх хэрэгтэй.
Түүнчлэн Улсын Бага Хурал олон намын төлөөлөлтэй, байнгын ажиллагаатай ардчилсан дэглэмийн хүрээний гол байгууллага байсан зэргээр өмнөхөөс эрс ялгаатай. Гэхдээ дээрээ өөрийг нь байгуулсан Ардын Их Хуралтай учир төрийн эрх мэдлийг засгийн гурван салаанд хуваарилсан үеийн парламент шиг бүрэн бие даасан байгууллага байж хараахан чадаагүй. Үүгээрээ дараахь залгамж үеийнхээсээ ялгаатай юм. Иймээс шинэ хуучны хоорондын хурц зөрчил, тэмцлийн үед хуучинсаг хүчнээс голдуу бүрэлдсэн Ардын Их Хурлын зүгээс дарамтад орох явдал үзэгдэж байлаа. Иймээс төрийн байгууллагын хуучин тогтолцоог бүрэн халж, парламентат ёсыг жинхэнэ утга чанараар нь тогтоох явдал ардчилсан шинэтгэлийн ээлжит зорилт болсоор байв. Энэ зорилтыг шийдвэрлэх арга замыг Улсын Бага хурал өөрөө тодорхойлж, эрх зүйн зохих орчныг бүрдүүлсэн билээ.
Улсын Бага Хурал түүхэн хором гэж болох хоёр жил хүрэхгүй хугацаанд ихээхэн хүчин чармайлт гаргаж, нөр их ажил хийж гүйцэтгэснийг нэгэн өгүүлэлд тоочиж барахгүй харин түүнийг хураангуйлж хэлбэл, Улсын Бага Хурал нь ардчилсан хувьсгалын төгс ялалтыг хангаж, Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх тулгуур үндсүүдийг тавьсан буюу хэрэг дээрээ эхлүүлсэн гэж болно.
- Өөрөөр олон намын тогтолцооны анхдагч биелэл, байнгын парламентын анхны дүр зураг болж өгсөн Ерөнхийлөгч Засгийн газар ирээдүйн Улсын Их Хурлын зэрэг хууль гаргаж, төрийн байгууллагын шинэ тогтолцооны эрхийг тавьсан гэхчлэн улс төрийн ардчиллын цогцолсон илэрхийлэл болж, улс төрийн “шинэ өртөнц”-ийг ард түмэндээ харуулсан, бэлтгэсэн,
- Хувийн ба нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч төрийн ба төржсөн хоршооллын өмчийг задалж, хувьчлах, иргэд хувийн аж ахуйг олон хэлбэрээр эрхлэх эрх зүйн үндсийг анхлан тогтоосон. Хоёр шатат банкны тогтолцоог бүрдүүлсэн, төсөв, гаалийн албан татварын хуулиудыг шинэчилсэн зэргээрээ чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих орчин бүрдүүлэхэд суурь болохуйц зарчмын үндсэн асуудлуудыг шийдвэрлэсэн;
- Хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан ноцтой зарим хуулийг хүчингүй болгож, боловсрол, нийгмийн хамгаалал (тэтгэвэр, эрүүл мэндийн холбогдолтой шинэ хуулиуд гаргаж нийгмийн хүрээний шинэтгэлийг эхлүүлсэн;
- Олон улсын эрх зүйн харилцаан дахь коммунист хандлагыг халсан чухал шийдвэрүүд гаргаж, гадаад харилцааг либералчлан Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг хангах улс төр, эрх зүй, дипломатын нөхцөлийг бүрдүүлэхэд анхдагч алхмууд хийсэн зэрэг түүний бүтээсэн үйлсийн гол гол чиглэлийг өгүүлж болно.
Хамгийн гол нь нийгмийн хуучин байгуулал, тогтолцоог бүрмөсөн халж, шинэ байгууллагыг тогтоох эх үндсүүдийг тогтоож, ирээдүйн дүр зургийг үзүүлсэнд түүний түүхэн гавъяа орших буй заа.
Бага Хурлын удирдлага дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нар өөр өөр намын гишүүний харъяалалтай байсан хэдий ч намын суудалд хамааруулахгүйгээр тогтоосон хуулийн заалт, Үндсэн хуулийн нэмэлтийн хууль өмнө дурьдсан улс төрийн тохиролцооны үзэл санаанд үнэнч байж, шинэтгэлийн зарчмыг баримталж Бага Хурлын олонхи, цөөнхийн үйл ажиллагааг санал нэгтэй зохицуулж байсан билээ. Мөн энэ үйлсэд Нэмэлтийн хуулийн дагуу сонгогдсон БНМАУ-ын (тэр үеийн нэрээр) анхны Ерөнхийлөгч ээдрээтэй үед зөв байр сууринаас нөлөөлдөг байсныг дурсах нь зүйтэй. Энэ парламентат ёсны төлөвшлийн эхлэл үе дэх уламжлагдвал зүйтэй нэг онцлог байсан.
Улсын Бага хурал 1990 оны 9 дүгээр сарын 13-нд сонгогдож, 14-нөөс үйл ажиллагаа эхлэн шинэ Үндсэн хуулийн ёсоор сонгогдон 1992 оны 7 дугаар сарын 29-нд ажлаа эхэлсэн Монгол Улсын Их Хуралд эрх мэдлээ залгамжлуулсан билээ.
Парламентат ёсыг төлөвшүүлэх үйл явцын хоёр дахь зурвас үе нь 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталж, сонгуулиар Монгол Улсын Их Хурлыг сонгосноор эхэлсэн гэж болно.
Улсын Бага Хурал ажил үйлсээ эхэлсний дараахнаас Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн билээ. Тухайлбал, Бага Хурал Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах Комиссыг байгуулан ажиллуулсан, энэ шугамаар боловсруулсан төслийг ард нийтээр хэлэлцүүлэн түүний өмнө ба хойно чуулганаараа дөрвөн удаа шүүн тунгааж, Ардын Их Хурлын ээлжит II хуралдаанд оруулан “хамгаалж” билээ. Ардын Их Хурал уул төслийг 70 шахам хоног хэлэлцэн Улсын Бага хурлын өргөн мэдүүлсэн төслийг хүлээн зөвшөөрч зарим нэмэлт тодруулалт хийж баталснаар 1992 оны 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль (өмнөх Үндсэн хуулиуд бол социалист маягт хамаарах) мэндэлснийг бид мэднэ.
Өгүүлэн буй сэдэвт шууд холбогдох талаас нь онцлон тэмдэглэхэд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын нэг нь Монгол Улсад Парламентын засгийг тогтоох явдал байв. Энэ үзэл баримтлалыг Үндсэн хуульд тусган бэхжүүлэх нь тийм ч амар хялбар байгаагүй мөнөөхөн хуучин шинийн зөрчил тэмцлийн хурцадмал асуудлын нэг байлаа. Иймээс засаг төрийн удирдлагын парламентын юм уу Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Улсын аль хэлбэрийг тогтоох асуудал 1990 оны 5 дугаар сард Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг хэлэлцэн батлах үед ч шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, ард нийтээр хэлэлцүүлэх, Улсын Их, Бага Хурлаар хэлэлцэхэд ч хурц маргаантай асуудал байсан. Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төслийг анхлан хэлэлцэж, ард нийтийн хэлэлцүүлэгт толилуулахдаа Улс төрийн намуудын зөвшил, төсөл боловсруулах комиссын саналыг харгалзан улс орныхоо нөхцөл байдлыг иш үндэс болгон Парламентын Бүгд Найрамдах хэлбэрийг санал болгосон юм. Үүнийг ард түмнээр хэлэлцээд түүнд оролцсон 900.000 гаруй сонгогчдын 60 хувь нь дэмжсэн юм. Үүний дээр эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн дунд социологийн судалгаа явуулахад мөн л олонхи нь парламентын ардчиллыг дэмжсэн. Дараа нь Улсын Бага Хурал, Ардын Их Хурлаар нийт 4 удаа хэлэлцэхэд төслийг зөвшөөрөн баталсан бөгөөд харин Ардын Их Хурал Ерөнхийлөгчийг төсөлд тусгасны дагуу парламентаас бус харин сонгогчид (“ард түмэн”) шууд сонгох тэгэхдээ 2 дахь шат болгож Улсын Их хурлаас бүрэн эрхийг зөвшөөрөх (эсэх!?) тухай хэлэлцэж хууль гаргах болгон өөрчилсөн түүхтэй. Үүнээс үүдэн одоо зарим эргэлзээ маргаан гардаг талтай ч “Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална” (20-р зүйл) гэсэн Үндсэн хуулийн төслийн гол үндэслэл хэвээр батлагдсан юм. Энэ Монгол Улсад парламентат ёсыг ялсныг Үндсэн хуулиар баталгаажуулсан явдал даруй мөн.
Жолоодлого бол нийгмийн удирдлагын дээд түвшний ойлголт гэж үздэг билээ. Энэ үүднээс үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн ёсоор “Улсын Их Хурал нь өөрийн эрх мэдэл юуны өмнө бүрэн эрхийн хувьд түүнхүү нийгмийг тэргүүлэн жолоодох дээд түвшний байгууллага юм. Энэ тухайд олон шалгуур тоочиж болно. Юуны өмнө тус улсад хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хэрэгжүүлэх бөгөөд түүний онцгой ач холбогдол нь эрх зүйт төр, нийгмийн амьдралыг хуулиар тохируулан жолоодох явдал жолоодлогын үндсэн гол арга зам болж буйд оршино. Хэрэв ингэж чадваас парламентат ёс тогтнон хөгжиж, хэрэгжин байгаагийн гол шалгуур болно.
Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд заасан ёсоор “төрийн дотоод, гадаад бодлогын ямар ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”. Үүнд:
- хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
- төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;
- Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;
- Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;
- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
- төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;
- хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;
- улсын хил тогтоох;
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;
- Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх;
- нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох;
- улсын цол, одон, медаль, цэргийн дээд шагнал бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;
- өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;
- Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;
- ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;
- Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бүхий байдал зарлах, цуцлах;
- онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох.
Дээр зааснаас үзвэл “Хууль тогтоох” эрх мэдэл гэдэг бол зөвхөн хууль гаргах (санаачлах, хэлэлцэх, батлах нийтлэх) төдий биш, харин түүний биелэлтэд хяналт шалгалт тавих, юуны өмнө хуулийг биелүүлэх ажил эрхлэн “Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагыг байгуулж, өөрчлөх, түүний тогтолцоог бүрдүүлж үйл ажиллагааг нь хянаж, шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн үндсийг тогтоож, хараат бус байдлыг нь баталгаажуулах, төрийн санхүү зээл мөнгөний бодлого тодорхойлох, улсынхаа засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх зэрэг эрх, эдийн засаг зохион байгуулалтын олон талт үйл ажиллагааг хамарсан ойлголт болно. Нэг үгээр хэлбэл, Улсын Их Хурал нь сая дурьдсан агуулга бүхий хууль тогтоох замаар нийгмийг жолоодох тогтолцооны төв нь болж байна.
Улсын Их Хурал бол төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлон биелэлтэд нь хяналт тавих бүрэн эрхийг эдэлж биелүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдал (суверинитет)-ыг улсынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгээд олон улсын тавцанд илэрхийлэн хэрэгжүүлдэг.
Улсын Их Хурал өмнөх үеийнхээс нийгмийн байгууллын, эдийн засаг, улс төр, социал зэрэг суурь шинжүүдээр төдийгүй өөрийн хувь шинжээрээ эрс ялгаатай. Түүнийг товчлон тоочвоос төр нь нэг намын засаглалаас ангид зөвхөн Үндсэн хуульд захирагдан ажилладаг бүрэн эрхийн хугацаанд байнга ажиллах (хууль тогтоогчийн бүрэлдэхүүнтэй, чөлөөт цагт нь хууль тогтоох өөр бүрэлдэхүүн буюу товчлон орлосон бүтэц байхгүй, гүйцэтгэх байгууллагаас хараат бус гишүүд нь чөлөөт мандаттай зэрэг улс төр, зохион байгуулалтын шинжээрээ өмнөх үеийн Ардын Их Хурлаас зарчмын ялгаатай. Ажиллагааны хувьд ч Улсын Их Хурал нь АИХ шиг жилд 1 удаа 1 хоног бус 2 удаа тус бүр ажлын 75-аас доошгүй хоног ээлжит чуулган хийж хууль гаргах болон, улс орны дотоод гадаад бодлогын тулгамдсан асуудлыг тогтмол шийдвэрлэж хяналт тавих үүргээ биелүүлдэг бөгөөд чуулганы завсарт гишүүд болон бүтцээрээ дамжиж үйл ажиллагаа нь явагддаг. Үүнээс гадна зохих шаардлага гарвал ээлжит бус болон онцгой чуулган хийж шаардлагатай асуудал хэлэлцэнэ. Үүгээрээ нийгмийг жолоодох төв болж, парламентат ёс тогтож буйг голлон илтгэнэ.
Түүнчлэн УИХ байгуулагдах арга, төлөөлөх зарчим, бүрэлдэхүүн улс төр-зохион байгуулалтын бүтэц, асуудал шийдвэрлэх зарчим, үйл ажиллагааныхаа үндсэн арга хэлбэрээр ард түмний шууд хийгээд төлөөлөх ардчиллын дээд хэлбэр, тэдний бүрэн эрхийг илэрхийлэгч олон намын тогтолцооны бодит биелэл, удирдлагын ардчилсан ёсны эхлэл болдог зэрэг бусад шинжийг дурьдаж болно.
ІІІ. Монгол Улсын Их Хурал нь парламентат ёсны биелэл болж байгааг зөвхөн Үндсэн хуулийн статус, зохион байгуулалт, үйл ажиллагааны гол зарчмуудаар нь, ерөнхий хандлагаар нь энд илэрхийлж байна. Харин төр нь практик үйл ажиллагаагаараа парламентат ёсыг аль болох гүйцэд өндөр түвшинд хэрэгжүүлж байна уу гэдэгт арай өөрөөр хандах учиртай.
Алив организм төрмөгц бүтэн бие цогцолж, бүрэн чадавхийг эзэмшдэггүй билээ. Түүнд бас үүсэх, өсч өндийх үе шатууд байдагчлан төр нийгмийн амьд бие цогц болсон Улсын Их Хуралд ч тийм хувь зохиол байх ёстой. Үндсэн хууль дагаж мөрдсөнөөс хойш мөн хуулиарх Улсын Их Хурлыг 1992, 1996 онд хоёронтоо сонгож, нэг дэхь нь бүрэн эрхийн хугацаа элээж, хоёрдахийг дүүргэх гэж байна.
1992 онд Улсын Их Хурлыг 2-4 мандат бүхий томсгосон тойргуудаас олонхийн зарчмаар сонгож МАХН 70. “Ардчилсан холбоо” эвсэл 6 суудал авсан юм. Харин 1996 онд нэг мандат бүхий 76 тойргоос олонхийн зарчмын нэгж хувилбараар сонгосноор парламентад МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авч ардчилсан хүчнийхэн Монголын түүхнээ анх удаа олонхи, MAXн анх удаа цөөнх болж Засгийн эрхэнд гарсан нь нам хүчний байр суурьт эргэлт болсон билээ.
МҮАН-МСДН-ын хувьд анх удаа парламентын олонхи болж, Засгийн газрыг эвслээсээ (дангаар) бүрдүүлж, улс орныг жолоодон удирдахад гол хариуцлагыг анх удаа үүрч хүлээсэн нэг талаар ардчиллын чухал ололт, парламентат ёсыг төлөвшүүлэн гүнзгийрүүлэх томоохон алхам, нөгөө талаар тэдний хувьд түүхэн чухал сургамж болж байна.
Цөөнхийн хувьд ч бас “цөөнх байж сурах” чухал үе болж байна. Энэ мэт зарчмын ялгаа өгүүлж болох авч өнгөрч буй 2 бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурал хууль тогтоох замаар нийгмийг жолоодох үүргээ бителүүлж парламентат ёсыг төлөвшүүлэх анхны туршлага, сургамж хуримтлуулав.
Парламентат ёсыг цаашид гүйцэд төлөвшүүлэн бэхжүүлэхэд улс төрийн нам хүчнүүд, сонгогчид, Улсын Их Хурлын тухайн үеийн бүрэлдэхүүн, засаг төрийн бусад байгууллага ч хүчин чармайж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй билээ. Энэ талаар практикийн холбогдолтой олон чиглэл тодорхойлж болно. Тэдгээрийн дотроос миний нэн чухал хэмээн үзэж тооцож буй чиглэл гэвэл:
- Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг парламентат ёсыг илүү сайн төлөвшүүлэхэд чиглүүлэн Үндсэн хуулийн хүрээнд төгөлдөржүүлэх шаардлагатай. Өнөө үед улс төрийн намаас хамаарал хамгийн багатай, олонхиор, тэгэхдээ нэлээд болхи хувилбараар сонгогчдын саналын дүнг тодорхойлж байна. Юу гэвэл намаас нэр дэвшүүлдэг боловч санал хурааж оролцогчдын олонхийн (50+1) санал авснаар биш харин оролцогчдын 25 хувиас дээш хамгийн олон санал авсныг нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцдог. Ингэснээр зарим тойрогт санал хураалтад оролцогчдын 49 хувийн санал авсан хүнийг ялагдсанд тооцсон байхад нөгөө тойрогт нь 30 хүрэхгүй хувийн санал авсныг нь ялсанд (сонгогдсонд) тооцдог нь дэндүү бүдүүвч, шударга бус юм. Ядаж 50+1 хувийн санал авснаар тооцох бол тойргуудад адил тэгш байх, тухайн гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн чанарын өөр түвшинд гарч ирсэн байх болно.
Нөгөө талаар нэгэнт олон намын тогтолцоонд оршиж буйн учир нам, хүчнүүдийн “шилдгийн шилдгийг сонгож парламентын бүрэлдэхүүнд олонхи цөөнхийн харьцааг бодитой тогтоох, уул бүрэлдэхүүний чанар чансаа, бүтээлч чадавхи, хамтын хариуцлагыг дээшлүүлэхэд сонгуулийн одоогийн тогтолцоо дөхөмгүй зохимж муутай байна Сонгогчид улс төрийн ямар хүчнийг дэмжиж байгаа, нам нь нэр дэвшүүлж ард түмэнд нэгэнт томилуулсан хүмүүсээс авсан мандатын тоонд тохируулан урьд тогтоосон дараалал, эсхүл сонгогчдоос өгсөн саналын үнэлэмжээр дарааллуулж нэр дэвшигчээ хуваарилан суулгах боломжтой сонгуулийн тогтолцоонд тухайлбал, хувь тэнцүүлэн сонгох юм уу, эсхүл холимог тогтолцоонд шилжмээр.
- Улсын Их Хурлын гишүүний болон олонхи, цөөнхийн статус, тэдгээрийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, Их Хуралд байнга сууж ажиллах нөхцөлийг нь сайжруулах, тэдэнд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх механизм тогтоох шаардлага байгаа нь практикаас илт байна. Тэд бол жирийн ажилтан бус, засаг барьж, улсын хувь заяа, ард нийтийн язгуур ашиг сонирхлыг хамгаалан илэрхийлж ажиллах өндөр хариуцлагатай. Энэ талаар тавих шаардлага, хариуцлага энгийнээс нарийнд шилжих цаг болсон.
- Хуулийн төсөл боловсруулах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль бүтээх үйл явцын үндэслэл журмыг сайжруулах, ялангуяа хууль санаачлах эрхийг Засгийн газар, Парламентын гишүүд хэрхэн эдлэх нөхцөл журам, уг ажлын чанарын төлөө хүлээх улс төрийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй юм. Энэ талаар Байнгын хороодын шургуу, шуурхай ул суурьтай ажиллагаа, гишүүдийн “хөлс дуслуулан ажиллах идэвх ч чухал.
- Улсын Их Хурлын чуулганаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд ер нь түүний ажлын үр дүнгийн төлөө хүлээх олонхи, цөөнхийн эцсийн хариуцлага адил байх зарчмыг ч төлөвшүүлэх ёстой. Аль ч бүлэгт багтсан гишүүн ард нийтийн элч, хууль тогтоогч гэсэн нэгэн статустай атал бүхнийг олонхид тохож, тэднээр даажигнан, ямар ч аргаар атугаа ажил хойш татаж нэр хүндийг нь унагах гэдэг явдал газар авч буйг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Цөөнх хяналт тавьж, түүнээ ил тод гаргах нь зүйн хэрэг боловч “хариуцлага бидэнд хамаагүй” гэх, хүссэн цагтаа үл ялих шалтгаар буюу дур зоргоороо хуралдаан “хаян” төрийн үйл ажиллагааг олон, цөөн цаг хоногоор хийдүүлдэг гаж хандлагыг эхэлсэн дээр нь эцэслэх цаг болжээ. Энэ мэт чухал хэрэгцээнд хууль, дэгийг тохируулан сайжруулах нь зүйтэй.
- Хуулийг биелүүлэхийн тулд, нийгмийн амьдралыг зөв жолоодохын тулд гаргадаг. Энэ ажил үүргийг төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу Үндсэн хууль ёсоор
- Парламентын өмнө Засгийн газар, Ерөнхий сайд шууд хариуцдаг. Иймд хуулийн биелэлтийг зохион байгуулж, үр дүнг хариуцан тайлагнах талаар Засгийн газарт тавих хяналт, шаардлагыг улам өндөржүүлж, үзүүлэх нөлөө туслалцааг оновчтой болгох илүү сайн арга замыг бодож боловсруулах хэрэгцээ их байна. Хэдийгээр огцрох огцруулах нь “магтан дуулах” үзэгдэл явдал биш ч гэсэн энэ удаагийн парламент засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, олон цалгар явдалд улс төрийн хариуцлага тооцож чадахыг зарим талаар харуулж хүчтэй сургамж үлдээсэн билээ.
- Парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн арга хэлбэрийг маш тодорхой хуульчилж, асуулга мөрдөн шалгах (импичмент) мэт бусад орны парламентын хэрэглэдэг хэлбэрдэгч бус шийдвэрлэгч нөлөөтэй аргуудыг зохих түвшинд нь хүргэж нэвтрүүлбэл парламентаар дамжуулах жолоодох хүч нөлөө дээшлэх болно.
- Улсын Их Хурал дотооддоо улс төрийн өргөн шүүмжлэл явуулах замаар өөрийн үйл ажиллагаанд гишүүд байнгын ба түр хороодын ажилд үнэлэлт дүгнэлт хийдэг болж, өөртөө тавих шаардлагыг дээшлүүлэхийн хамт төрийн бусад байгууллага институт, юуны өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, прокурортой харилцан ажиллах арга хэлбэрээ илүү тод журамлан сайжруулах шаардлага ажиглагдсаар байна.
- Парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг аль болохоор өргөтгөж, өргөн олон нийт, өөрийн гаднах сөрөг хүчний болон олон түмний хэвлэл мэдээллийн байгууллагын хяналт, нөлөөллийг зөв зохицуулан тусгаж, ард түмний санаа бодлыг төрийн шийдвэр үйл ажиллагаанд оновчтой олж харж тусгах, тэдэнтэй хэлхээ холбоогоо бэхжүүлэх нь парламентын ардчиллын үндсэн шаардлага мөн. Өргөн олон түмний ер нь иргэний нийгмийн олонхийн дэмжлэггүйгээр ард түмний төлөөлөгчдийн байгууллагын нэр хүнд ажлын эцсийн үр нөлөө дээшлэхгүй гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Ард түмний саналаар сонгогдож тэдний нийтлэг санаа бодлоор амьсгалж, тэдний дэмжлэгээр ажиллахад парламентат ёсыг сайтар төлөвшүүлэх, илүү хүч нөлөөтэй болгохын үндэс оршино.
Нийгэм улс төрийн ийм тохироог чухамхүү ардчилсан хувьсгал бий болгосон билээ.