Б.Батбаяр (БААБАР)
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №30, 2000
ОРОС-ХЯТАДЫН ХООРОНДОХ ЖИЙРГЭВЧ БҮСЭЭС БҮС НУТГИЙН ЖИЙРГЭВЧ БҮС РҮҮ
Түлхүүр үг: Жийргэвч бүс, Явуулсан бодлого, үүрэг роль, хөрш улсуудын харилцаа, геополитик, тусгаар тогтнол
Орос, Хятадын завсар дахь Монгол улс буй болсон нь
Чин династийнхан Халхыг хараахан эзлээгүй байхдаа түүхэнд анх Орос, Хятад хоёр Нэрчүүгийн гэрээ байгуулж худалдааны системээ тогтоожээ. Европын бодлого нэлээд баримтладаг байсан их Петр хааныг үхсэний дараа I Екатерина хатан хаан дахин дорнын бодлогод анхаарал тавьж, Сава Лукич-Владиславич Рагузинский хэмээх гүнг Бээжинд илгээн хэлэлцээ хийлгэсний дүнд 1727 оны 10 дугаар сарын 31-нд Орос, Хятадын Хиагтын гэрээгээр тус хоёр орны хилийг Сэлэнгэ мөрний хавиар тогтоожээ. Энэ үед Халх нь Чин династид дагаар орсон байсан ба тун удалгүй Ойрд 1755 онд Чингийн харъяалалд орсноор Монгол гүрэн үгүй болсон юм.
Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн учир нүүдэлчин монголчууд хамаг хөрөнгө зоорьтойгоо чанагш дутаах бололцоогүй болсон байсан, Монголын дотоодын тэмцэл хэтэрхий хурц байсан, “шарын” хэмээх Буддын шашны төвд хэлбэрийн урсгал Монголд бүрэн нэвтэрч сүм хийд буй болсон байсан зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа хятадуудад газар нутагтайгаа эд хөрөнгөтэйгээ эзлэгдлээ.
Энэ үеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорондахь өвөрмөгц жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэх болсон юм.
Орос нь эхэндээ Төв Азид байсан Хасаг-хиргисийн ханатууд цаашилбал Зүүн гарын хаант улсыг сонирхож байсан болохоос Халхад ямар нэг сонирхол байсангүй. Зүүн гарын хаант улсын суурин дээр бий болсон Ойрд, Урианхайд ямар нэг сонирхолтой явж ирсэн нь ХХ зууны дунд хүртэл үргэлжилсэн билээ. Чин династийн манж цусны удирдагч нар Монголын тухайд Оросоос тусгаарласан жийргэвч бүс маягаар бодлого явуулж байлаа. Манж нар монголчуудыг зэрэг дэвийн хувьд хань үндэстнээс дээгүүрт тавьж, эзэлсэн гэхээсээ вассалийн харилцаагаар барьж байв. Монгол журган буюу Монголын асуудлыг хариуцсан аппарат байгуулж, тэндээс Монгол нутаг болон Монголын ард түмэнтэй харилцах онцгойлсон хууль тогтоомжийг гаргадаг байжээ. Үүнээс “Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг” хэмээх олон боть хууль актын бичигт хятадууд болон Хятадын төрөөс Монголд хандах харилцааг нэлээдгүй зохицуулсан байна. Юун түрүүн хятад үндэстэн Монгол нутагт суурьших явдлыг хаагаад, цаашилбал цус холилдох байдлыг хуулиар хорьжээ. Гадаад Монголын асуудлыг Хүрээ, Ховдод суух амбанаар дамжуулан гүйцэтгэх ба Улиастай жанжны газар нь батлан хамгаалах, хил хамгаалах үүрэгтэй аж. Үүнээс гадна Оростой хийх худалдааг зөвхөн Хиагтаар дамжуулан Бээжингийн нарийн хяналтанд гүйцэтгэж байв. Тал талаасаа европын булаан эзлэгсдэд шахагдаж эхэлсэн Хятадын төрийн хувьд Монгол нь Оросын санаархлыг хаагдуулж байх жийргэвч бүс байжээ.
Монголын тусгаар тогтнол
1911 оны Хятадын хувьсгал Орос-Монгол-Хятадын цаашдын харилцаанд үндсэн эргэлт үзүүлсэн юм. Энэ хувьсгалын явцад Монголчууд өөрсдийгөө тусгаарлан, тусгаар тогтнолоо зарласан нь Оросын хувьд ч Хятадын хувьд ч тун санаандгүй юм болжээ. Орос нь 1907 онд Японтой хийсэн нууц хэлэлцээр болон үүнийг тодотгосон 1912 оны нууц гэрээгээр өөрсдийнхөө Гадаад Монгол дахь онц эрхийг зөвшөөрүүлж, Японы Манжуур дахь онц эрхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ энэ нь Манжуурыг ч Монголыг ч Хятадын бүрэлдэхүүнээс бүрэн салгана гэсэн үг биш байлаа. Иймээс оросууд Монголд Хятадын бүрэлдэхүүн дэх автоном эрх олгож, өөрснөө хяналт тогтоох талын хувилбар санаачлан Хиагтын 1915 оны гэрээгээр зөвшөөрүүлсэн билээ. Үүнийг Хятад зөвшөөрсөн нь нэг талаас том гүрнүүдэд шахагдан хүч мөхөстсөн тал бий боловч нөгөө талаас, Монголын уламжлалт жийргэвч бүсийн бодит байдлыг үргэлжлүүлэхээс татгалзаагүй хэрэг бололтой.
1907-27 онд Орос/ЗХУ-ын Монголд явуулсан бодлого
1907-45 онд Монгол болон түүний эргэн тойрон дахь бүс нутгийг сонирхогч гурван гүрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон аж.
Оросын хувьд 1907-17 онд Японтой хийсэн дайнаар нөлөөллөө алдсан Манжууртай тэнцвэржүүлэх бүс нь Гадаад Монгол байлаа. Суларч буй Хятадад албан ёсоор (олон улсын утгаар) хамаарч буй Гадаад Монгол, Манжуур хоёрыг Японтой хувааж захирсан нь дайны уршгаар нөлөөллөө алдсан Дорнод Хятадын төмөр замын стратегийн бүс нутгийн алдангийн нөхвөр, тухайн бүс нутагт хяналт тавих гарц нь байв 1917 онд Октябрийн хувьсгал ялсан хийгээд хувьсгалын синдромоор хуучны нууц бичиг баримтыг дэлгэж тавьснаар бодлогын том алдаанд орж бүс нутгийг эзэмшигчийн хувьд итгэл алджээ. Зөвлөлтийн иргэний дайны үед Манжуур, Монгол аль алин нь улаан цэргийг эргэж цохих нөөц плацдарм болж байлаа. Ийм учраас цагаантныг энэ нөөц плацдармаас нь салгахын тулд залуу Зөвлөлт Орост Монгол хэрэгтэй байв.
Иргэний дайн дууссаны дараа дэлхий даяар түүний дотор Хятадад хувьсгал мандуулах коммунист мөрөөдөлдөө Монголыг ашиглах өөр хувилбар буй болсон юм. Зөвлөлтүүд Монголыг Хятадын нэг хэсэг гэдэг дээр эргэлзэж байгаагүй нь 1924 оны Бээжингийн гэрээ харуулна. Гэхдээ энэ орныг Өмнөд Хятадад буй Сүн Ят Сэний хувьсгалчдын хавсрага, умард хэсэг дэх түрлэг нь байлгаж улмаар нийт Хятадад хувьсгал хийлгэх гол түшиц бааз нь болгох сонирхолтой байлаа. Мөн Монгол нь Манжуурт ноёрхож байсан Японы гар хөл Жан Золингийн бүлгийг бусад хятадууд ялангуяа, Сун Ятсэнийг дэмжигч бүлгүүд цохиход тусламж үзүүлж байх газар болж байв. Зөвлөлтүүд Бээжингийн төв засгийн газраас гадна Кантонд байгаа гоминданы засгийн газартай нягт хамтран ажиллаж, дипломат бодлого, дэлхийн хувьсгалын синдром хоёроо зэрэг явуулж байлаа. Энэ гурван зорилгыг давхар гүйцэтгэж байгаагаа АДБНУ-ын ерөнхий сайд А.Краснощеков, Цэргийн яамны сайд Н.Буров нар Москвад мэдэгдэхдээ “…Монгол дахь манай цэргийн ажиллагаа Зөвлөлт Оросын хүч чадлыг харуулж, ар талаа хамгаалах, Жан Золинтэй тэмцэх нэг арга болохоос гадна Хятад Монгол дахь Хувьсгалт давхрагыг бэлтгэх зорилготой…” гэж байв.
Маршал Фэн Юүсян, Жан Золин нарын харилцаа муудан тулалдаанд бэлдэж эхлэх үед Зөвлөлтийн хувьд Монголын ач холбогдол улам нэмэгдсэн юм. Монголоор дамжуулан Фэнд зэвсэг нийлүүлэх, улмаар энэ ажиллагаа өргөн далайцтай болох аваас хатуу хучилттай зам, төмөр зам тавихаар төлөвлөгдөж байв. Дорнод Хятадын төмөр замын өмнөд хэсэг тэр чигээрээ Японы мэдэлд очсон, Умарт хэсэгт нь Жан Золин болон япончууд Зөвлөлтийн оролцоонд хязгаар тавьсан энэ үед параллель шугам тавих асуудал стратегийн чухал зорилт байлаа.
Дайны төгсгөл үеийн Монголын үүрэг роль
Дайны төгсгөл ойртох тутам Монгол болон түүний ойр тойрон дахь бүс нутгийн асуудалд Японы үзүүлэх нөлөө алга болон Чан Кайшигийн засгийн газар бодлогоо идэвхижүүллээ. ЗХУ нь дэлхийн дайнд ялсан голлох гүрний хувьд ирээдүйн дайснуудаас хамгаалсан цогцолбор жийргэвч бүстэй болох асуудал тавигдлаа. Финлянд, Польш, Чехословак, Иран, Түрэг, Афганистан, Монгол улсуудыг энэхүү жийргэвч бүсийн хүрээнд тооцож байсан бололтой. Энэ нь Финляндад шахалт үзүүлэх, Польш, Чехословакийг Ялтын гэрээгээр нөлөөний бүс болгох, Афганистантай найрсаг харилцах, Иран, Түрэг, Герег зэрэг орнуудад хувьсгал гаргах гэж оролцох, Монголыг тусгаар тогтнуулах, Манжуурт онцгой эрх хадгалах, Өмнөт Сахалин болон Курилийн арлуудыг эзэмших зэрэг байдлаар илэрсэн юм. Зөвлөлтийн хувьд эргэж сэргэж магадгүй Япон, цаашдын хувь заяа нь тодорхой бус Хятад хоёроос болгоомжлон Гадаад Монголд тусгаар тогтнол олгон батлагаатай жийргэвч бүс болгох, Манжуурт өөрийн хяналтыг тогтоох нь алсын стратегийн хувьд гарцаагүй алхам байлаа.
Монголд де юре тусгаар тогтнол олгоно гэдэг Чан Кайшигийн хувьд хүлээж авахын аргагүй болзол байв. Тэртэй тэргүй Японы эзэмшилд байсан Манжуур Зөвлөлтийн хяналтанд ороход болохгүй юм байхгүй, Гадаад Монгол ч гэсэн Зөвлөлтийн хяналтанд байг, гагцхүү аль алин нь Хятадын газар нутгийн салшгүй хэсэг мөн гэж л хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үзэл баримтлал барьж байв. Гэвч Сталиний хувьд энэ нь мөн л хүлээн авах бололцоогүй санал юм. Хэрэв цаашид Монгол нь Хятад-Оросын хоорондахь жийргэвч бүс байх лучиртай юм бол энэ нь де юре тусгаар улс байж л бүтэх болохоос 1915-1945 оны хоорондахь шиг албан ёсоор Хятадад харъяалагдах боловч Зөвлөлтийн нөлөөтэйгээр жийргэвч бүс болоод байх батлагаа байхгүй юм. Үүнээ Сталин 1945 онд Чан Чингод илэрхийлэхдээ “Би яагаад Гадаад Монголыг авах гээд байна вэ гэвэл ний нуугүй хэлэхэд цэрэг стратегийн байр сууринаас хэрэгтэй гэж үзээд байгаа юм.”
Удтал хэлэлцсэний эцэст Гадаад Монголд тусгаар тогнол олгох, үүний урд монголчуудаас санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө байгаа эсэхийг нь шийдүүлэхээр болж 1946 оны 1 дүгээр сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2 дугаар сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
ЗХУ, Хятадын найрамдалт үеийн Монгол
1949 онд Маогийн коммунистууд Хятадын засгийн эрхэнд гарснаар бүс нутгийн асуудал шийдвэрлэх хэлбэрт үндсэн өөрчлөлт гарчээ. 1950 оны Зөвлөлт – Хятадын найрамдлын гэрээгээр Манжуур дахь онцгой эрхээсээ ЗХУ татгалзаж, Дорнод Хятадын төмөр зам дахь тэдний онцгой эрхийг хүлээн зөвшөөрсөн юм. БНМАУ-ын тусгаар тогтнолыг хоёр тал хүлээн зөвшөөрөлд хятадууд Улаанбаатарт элчин сайдын яам байгуулахаар болжээ. Мөн Дорнод Хятадын төмөр замтай параллель замыг Байгалаас Улаанбаатараар дайруулан Бээжин рүү татахаар болсноор олон жилийн хэрүүлийн яс болж байсан Дорнод Хятадын төмөр замын ач холбогдол нэлээд буурав.
1960-аад он хүртлэх хугацаанд Монгол нь зөрчилдсөн гүрнүүдийн завсрын жийргэвч бүс гэхээсээ найрамдалт орнуудын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байлаа. Монголын засгийн газар тавиад оны эхээр өөрийн хилийн цэргээ татан буулгах шийдвэр гаргаснаар умард өмнөд талаа энхийн хил болсныг зарлав. Жараад оны эх гэхэд ЗХУ ба Хятадтай хиллэх хилээ нарийн тогтоож түүхэндээ анх удаа демаркацион хилтэй болов.
1957 онд Монголын засгийн газрын дээд хэмжээний уулзалт Москвад болсноор Монголд нэлээд хэмжээний буцалтгүй тусламж ЗХУ-аас үзүүлэх болсноос гадна их хэмжээний хөнгөлттэй зээл олгожээ. Гэтэл 1959 онд Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай Улаанбаатарт айлчлахдаа 190 сая юанийн буцалтгүй тусламж үзүүллээ. Энх цагийн бүтээн байгуулалтад найрамдалт хоёр хөршөөс туслах анхаарал улам нэмэгдэж энэ нь нэг маягийн өрсөлдөөний шинжийг олсон юм. Жараад оны эхнээс ЗХУ, Хятадын зөрчил ихсэж, харилцаа нь хүйтрэхийн хирээр Монголд хандуулах анхаарлаа улам хүчтэй нэмлээ.
Монголын жийргэвч бүсийн роль ихэссэн нь
Хятад ЗХУ-ын харилцаа хүйтрэхийн хирээр Монголыг өөртөө татах гэсэн хоёр орны өрсөлдөөн-шахалт хүчтэй болов. Чухам энэ үеийг ашиглаж Монголын засгийн газраас хоёр талаас хүлээн зөвшөөрөгдсөн демаркаци хилтэй болжээ. 1944 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон Танну Тува улсын хил яаж бүрэлдэхээс үүдсэн маргааныг явсаар хоёр талын хилийн комиссын шийдвэрээр жараад оны эх гэхэд демаркаци болгон гарын үсэг зуржээ. Мөн 1945 оны Москвагийн ЗХУ-Хятадын гэрээгээр дараа тодотгохоор орхисон Монгол – Хятадын хилийг 1962 онд хоёр орны шийдвэрээр нарийвчлан тогтоож демаркаци болгов.
Монгол-Хятадын гэрээгээр Монголд 80 мянган хятад ажилчин ажиллах ёстой байсан авч эдгээр нь 15 мянгаас хэтрээгүй ба ажиллах хүчнийг явуулахгүй боогдуулах, нэгэнт ажиллаж буй хүмүүсээрээ улс төрийн акци хийлгэх гэх мэтээр даралт шахалт байнга үзүүлж байлаа. Зөвлөлтийн тал ч чамгүй даралт үзүүлсээр эцэст нь 1964 онд Хрущев Брежневээр солигдох үест Монголын засгийн газар сөргөлдөгч хоёр хүчний ЗХУ-ыг хэлбэрэлтгүй баримтлагч тал болон хувирчээ. 1966 оны Даманы арлын, 1967 оны Казахстаны хилийн будлианы дараа ЗХУ-ын тал Монголд их хэмжээний цэргийн хүч байрлуулахаар шийджээ. 1968 оноос Монголд орж ирсэн цэргийн хүч тогтмол 70-80 мянган хүнтэй байлаа. Ийнхүү Монгол нь хүйтэн дайны үеийн хамгийн хурц, дэлбэрч магадгүй байрлалын нэг болсон юм. 1971 онд Хятад улс устөрөгчийн бөмбөгтэй болсон, ялангуяа 1979 онд Вьетнамд халдан довтлосон үед Монголын жийргэвч бүсийн роль улам ихсэж, цэргийн хүч нэмэгдүүлэх, цэргийн сургууль хийх, янз бүрийн хөрөнгө оруулалт хийх зэргээр идэвхи сэргэж байв. Ийнхүү Монгол нь Хятадын талаас Ланжуугийн, Бээжингийн 24 дүгээр тойрог гэсэн, ЗХУ-ын зүгээс Читийн, Байгалийн гэсэн цэргийн тойргуудаар хүрээлэгдсэнээс гадна дотроо Зөвлөлтийн 5 дугаар армийг байрлуулж, шүдээ хүртэл зэвсэглсэн байлаа. 1970-аад оны эцсээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цэргийн зардлаар дэлхийд тэргүүний орон болсноос гадна ЗХУ-аас өдий төдий зэвсэг техник үнэгүй авдаг байв.
Хүйтэн дайны дараахь Монгол
Наяад оны дундуур ЗХУ-д өрнөсөн перестройка нь юун түрүүн ЗХУ-Хятадын хооронд хорь гаран жил үргэлжилсэн гүнзгий зөрчлийн мөсийг хайлуулж эхэллээ. Удалгүй Горбачев Монголоос өөрийн цэргийг татан гаргах тухай түүхэн үгээ Владивостокт хэлсний дараа 1989-91 онд энэ нь хэрэгжин Зөвлөлтийн цэрэг гарсан ба үүнтэй давхцаад ЗХУ таран, дэлхийн коммунист систем задран уналаа. ЗХУ нь задарч олон субьектэд хуваагдсан боловч Оросоор хойт талаараа хүрээлэгдсэн Монголын хилийн байдалд өөрчлөлт гарсангүй. Монголын хойт хилийн ихэнхийг эзэлдэг Тува, Буриад нь өөрийн үндсэн хуультай БНУ-ыг тус бүрдээ зарласан боловч энэ нь Оросын холбооны салшгүй субъектүүд хэвээр хоцорсон тул үндсэн өөрчлөлт болоогүй юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд идэгдсэн Орос оронд Монголын тухай тухайлсан бодлого явуулалгүй мартагдан арваад жилийн нүүр үзэв. Энэ хооронд Орос-Хятадын харилцаанд үндсэн эргэлт гарч улс төр, эдийн засгийн заримдаа цэргийн хамтын ажиллагааны хэлбэрүүд шинээр үүсэх буюу сэргэх хандлагад оров. Тэнь Аньминий талбайн хэрэг, хүний эрхийн асуудал, АНУ-тай болж буй зөрчил, Төвдийн болон Тайваний салан тусгаарлагчид зэрэг өөр олон олон чухал асуудлууд үүссэнээс гадна хуучин дайсан ЗХУ-тай эвлэрэн холбоотон болох хандлагатай болж байгаа зэргээс болж Бээжингээс Монголд хандах тухайлсан бодлого явуулах нь эрс багаслаа. Харин Орос, Хятадын аль алиных нь зүгээс Буриад, Тува, Барга, Өвөр Монгол, Шинжаан зэрэгт байгаа бусад Монгол үндэстнүүдэд Монгол улсын зүгээс нармай Монголын үзлийн нөлөө үзүүлэх вий гэдгээс нэлээд болгоомжлох хандлагатай болжээ. Энэ нь тусгаар тогтносон ардчилсан Монгол улсын нөлөөгөөр дээрхи газруудад салан тусгаарлах, Нармай Монгол байгуулах зэргийн үзэл бодол сэргэх хандлага нэлээд газар авч буйтай холбоотой болов уу.
1997 оны 12 дугаар сард Монголын парламент “Гурван улсын хилийн гэрээг” соёрхон батласнаар Монгол улс нь түүхэндээ анх удаа бүтэн демаркаци хилтэй болов.
Монголын гадуурхи жийргэвч бүс
Монгол нь олон жилийн турш Орос-Хятадын хоорондахь жийргэвч бүс байснаар тус хоёр орны хоорондын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж байсан бол эдгээр орнуудтай харилцах өөрийн жийргэвч бус мөн түүхэн явцад бий болжээ. Монгол Оросын хооронд БНТува улс, Агийн Буриадын автоном тойрог, БHБуриад улс оршдог нь нэг талаас Орос улсын салшгүй субъект нөгөө талаас, монгол үндэстний муж болж байгаа юм. Мөн Хятадтай Гансу мужийн зуугаадхан км-ыг оруулахгүй бол Хань үндэстний Хятад биш бүрэлдэхүүнд нь ордог монгол үндэстний Шинжаан, Өвөр Монголын автоном мужуудаар дамжин хиллэж байгаа билээ.
Өвөр Монгол, Шинжаанд сүүлийн үед хүний эрхийн төлөөх болон улмаар салан тусгаарлах үзэл урьдахтай харьцуулбал нэлээд газар авч байгаад Бээжин ихэд санаа зовж байгаа ба энд Монгол улс, монголчуудын объектив, субъектив нөлөөлөл их байгаа явдал болгоомжлол төрүүлж байна. Мөн Далай ламын институци Монголд үйл ажиллагаагаа идэвхижүүлж, шашны шинжээсээ улс төрийн шинж руу илүүтэй хэлбийж байгааг ихэд болгоомжлон харж байгаа юм. Цаашилбал, Тайваний салан тусгаарлах үзэлтнүүд Монголын 1946 оны тусгаар тогтнолыг ижил жишээ болгон гул барих, үүндээ хүмүүнлэгийн болон бусад тусламжийн хэлбэрийг ашиглах, албан ёсны гэрээ хэлэлцээрийн хэлбэрээр бичиг баримт боловсруулахыг оролдож буйд Бээжин ихэд эмзэглэж байгаа юм.
Оросын хувьд 1990 онд Тува, Буриадад өрнөсөн үндэсний дахин сэргэх үзэл нь Нармай Монголын санааг ихээр агуулж байсанд нэлээд эмзэглэн санаа зовсон билээ. Ийм учраас демаркацион хил дээр байнга ямар нэг түгшүүр байлгаж байх сонирхол заримдаа хүчтэй цухалздаг. Энэ нь гагцхүү нутгийн иргэдийн хил зөрчин хулгай дээрэм хийхийг үл анзаарах байдлаар төдийгүй албан ёсны боомтууд дээр зориудаар хил нэвтрэх ажиллагааг хүндрүүлэх байдлаар олонтоо илэрч байна.
Дэлхийн болон бүс нутгийн геополитикт Монголын үүрэг
Азид, тэр дундаа Зүүн Хойт Азид ирээдүйд Монголын гүйцэтгэх үүргийг янз бүрээр харж байна. Харвардын их сургуулийн профессор Хантинтон Хүйтэн дайн дууссаны дараах дэлхийг иргэншлээрээ хуваагдана гэж үзээд өнөөгийн ертөнцийг хоорондоо үл эвсэх болон эвсэх байдлаар нь есөн иргэншилд хуваажээ. Үнэн алдарт загалмайн Орос, Күнзийн Хятад хоёрын хоорон дахь Монголыг Буддын гэдэг томьёололд оруулсан боловч үүнээ соёл болохоос иргэншил биш учир энэ хоёр хөршийн чадалтай нь залгах боломжийг заагаад, Орос Хятадын цэрэг улс төрийн хамсаа буй болбол хоорондын жийргэвч үүргээ гүйцэтгэсээр байх таамаглал дэвшүүлсэн байна.
Орос-Хятадын хооронд шаасан өргөс шиг чухал байрлалтай АНУ, Япон ч соргогоор ажиглаж байгаа. Энэтхэгийн профессор Ранжин Гупта Монголыг Лалын тэлэлтээс хамгаалах зүүн бэхлэлт байж болох тухай таамаглал дэвшүүлжээ. Ялангуяа ЗХУ тарж, лалын олон орон шинээр бий болсон хийгээд Хятадын Шинжааны лалынхны идэвхи сүүлийн үед эрс идэвхижсэн нь тулгуур үзэлтнүүдийн тэлэлтэнд хязгаар тогтоох АНУ, Хятад, Орос, Энэтхэгийн ашиг сонирхол нийлж энэ хязгаарыг Монголоор тогтоох боломжийг үгүйсгэх аргагүй. Монголын баруун хязгаарт нутагладаг хүн амын цөөнхи, лал шашинт хасаr үндэстнүүдэд болон тэднээр дамжуулан нийт бодлогод нөлөө үзүүлэх гэсэн оролдлого Казахстан, Түрэг, Афганистан, Пакистан, Малайзын зүгээс урьд хэзээ ч байгаагүй хэлбэрээр илэрч байгаа. Гэхдээ энэ нь өдгөө үл ажиглагдам суурь төдий хэмжээнд байгаа юм.
Монгол нь зах зээлийн хувьд гэхээсээ газар зүйн байрлалын давуу чанараараа Зүүн Хойт Азийн эдийн засгийн бүсчлэл, интеграцид чухал үүрэг гүйцэтгэх бололцоотой. 1990 онд анхны санаа нь гарсан Түмэн голын төсөл бол Номхон далайг Атланттай холбох анхны сэдэл юм. Энэ нь өдгөө Солонгосын хойгийн улс төрийн ээдрээтэй байдлаас болоод зогсонги байдалд байгаа боловч ирээдүйд хэрэгжиж болох төсөл ба хамгийн гол нь бүс нутгийн улсууд болох Солонгос, Япон, Хятад, Монгол, Оросын сонирхол давхцаж байгаа билээ. Мөн Зүүн Сибирийн газрын доорхи баялаг, ялангуяа газрын тос, байгалийн хийг Монголоор дайруулан Хятад, Солонгос, Японыг хангах төсөл нь ирэх зууны эхний арван жилд хэрэгжих магадлал их байгаа ба ингэснээр Монголын бүс нутаг дахь үүрэг улам өсөж, улам батлагаатай болно.
Монгол улс 1996 онд өөрийгөө цөмийн зэвсэггүй бус болохыг тунхаглаж, цөмийн зэвсэг бүхий бүх гүрнээр хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Үүнийг 1998 онд НҮБ-аас хүлээн зөвшөөрч, тогтоол гаргасан юм. Өнөөдөр манай гариг дээр цөмийн зэвсэг бүхий бүх гүрнүүд хүлээн зөвшөөрчихмөөр цөмийн зэвсэггүй бүс Антарктидаас өөр олдохгүй байгаа юм. Ийм санаа олон жилийн турш олон газраас олон удаа гарч байсан боловч төдий л амжилтанд хүрээгүй билээ. Энэ нь юу харуулж байна гэхээр Монгол нь цөмийн зэвсэг бүхий Орос Хятад хоёр болоод бусад хүчирхэг орнуудын сонирхол нэгдэх цэг олдож болохуйц газар гэдгийн нотлогоо юм.
Хүйтэн дайны дараахь Монгол нь зөвхөн Орос-Хятадын завсрын жийргэвч бүс болж явсан олон жилийн хавчигдмал байдлаасаа гарлаа. Хэдийгээр энэ оронд бүх хүчирхэг орнуудын сонирхол буй болоогүй байгаа ч гэсэн газар зүйн байрлалын түгжигдмэл байдал нь алдагдаж ирээдүйн улс төр-эдийн засгийн нээлттэй бүс болох хаалганд тулаад байна. Хойшид хэрэвзээ ямар нэг байдлаар жийргэвчийн үүрэг гүйцэтгэдэг юм гэхэд энэ нь зөвхөн Орос Хятадын хоорондахь хязгаарлагдмал хүрээнд биш нэлээд өргөн, бүс нутгийн хэмжээний тухайлбал, Зүүн Хойт Азийн бүсийн, Төв Азийн бүсийн, олон соёл иргэншлийн дундын бүс нутгийн жийргэвчийн үүрэг гүйцэтгэх болов уу.