О.Очиржав
/ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/
Шинэ толь №28, 1999
ПАРЛАМЕНТАТ ЁС БА ҮНДСЭН ХУУЛЬ
Түлхүүр үг : эрх чөлөө, дэг журам, тэгш байдал ,Төрийн дэглэм , капиталист, социалист, нийтийн оролцоо , улс төрийн тэгш байдал , олонхийн журам , төлөөлөх ардчилал Парламент, Хүний эрхийг зөрчдөггүй дэглэм
Парламентын засаглал бүхий ардчилсан төрийн тогтолцоог парламентат ёс гэнэ. Парламентат ёс нь төрийн тогтолцооны хэлбэр бөгөөд парламентат ёсны төрийн тогтолцоо дараахь мөн чанартай байна.
- Ардчилсан байх,
- Парламентын засаглалтай байх.
Ардчилал
Хүссэнээ хийж болдог эрх чөлөөтэй амьдарсан нь дээр үү, эсхүл хуулиар тогтоосон хатуу дэг журамтай амьдарсан нь дээр үү? Бизнес эрхлэгчид хэрэглэгчдээ өөрсдөө сонгон чөлөөтэй үйлчилсэн нь дээр үү, эсхүл бүх хэрэглэгчдэд ямар нэгэн ялгаварлалгүйгээр тэгш үйлчлэх тухай хууль гаргасан нь дээр үү?
Эрх чөлөөг хангана гээд дэг журмыг алдагдуулах уу, эсхүл дэг журмыг сахиулна гээд эрх чөлөөг алдагдуулах уу? Бизнесийн чөлөөт үйл ажиллагаа явуулна гээд тэгш байдлыг алдагдуулах уу, эсхүл тэгш байдлыг хангана гээд бизнесийн чөлөөт үйл ажиллагааг алдагдуулах уу? Эдгээр асуултын мөн чанар нь эрх чөлөө, дэг журам, тэгш байдал гэсэн үнэлэмжүүдтэй холбогдож буйг анзаарч байгаа биз ээ.
Хүмүүс эдгээр асуудлын талаар янз бүрийн бодол саналтай байдаг бөгөөд ижил бодол санал нь улс төрийн үзэл бодлын үндэс болно. Хүмүүсийн бодол санал янз бүр байдаг бол түүний дагуу улс төрийн янз бүрийн үзэл бодол байх нь ойлгомжтой.
Эрх чөлөөг үгүйсгэж хатуу чанд дэг журмыг дэмждэг бол дарангуйллын үзэл бодол гэнэ. Улс төрийн эрх чөлөөг дэмждэг бол ардчилсан үзэл бодол гэдэг бөгөөд нийгмийн ардчилсан (социалист) үзэл бодол нь эдийн засаг дахь хатуу чанд дэг журмыг дэмждэг, либерал ардчилсан (капиталист) үзэл бодол нь эдийн засагт төрийн зохицуулалт байх ёстой гэж үздэг боловч хувийн хэвшлийг түлхүү дэмжиж түүнд тулгуурладаг болно. Дарангуйллын эсрэг туйл болох үзэл бодлыг анархи үзэл бодол гэдэг бөгөөд энэ нь аливаа засаглалыг үгүйсгэдэг.
Орчин үеийн улс төрийн амьдралаас үзэхэд зарим хүн хэтэрхий туйлшран дарангуйллын болон анархи үзэл бодлыг Дэмждэг ч хүн амын олонхи туйлшралгүй, ноён нурууг барьж ардчилсан үзэл бодлыг дэмжиж байдаг байна. Хүн амын олонхи эрх чөлөөтэй байхыг хүсдэг ч дэг журам, тэгш байдлыг хангахыг мөн хүсч байдаг. Иймээс төр байх ёстой гэж үздэг ажээ.
Төр нь эрх чөлөө, дэг журам, тэгш байдлыг хангах ёстой, энэ бол төрийн дэглэмийн ардчилсан хэлбэр буюу юу хийх ёстойг зааж буй хэрэг болой. Ард түмэн төрийг бүрдүүлэхэд болон үйл ажиллагаанд нь оролцох ёстой, төр ард түмний ашиг сонирхлыг илэрхийлж, түүнд үйлчлэх ёстой, энэ бол төрийн засаглалын ардчилсан хэлбэр буюу яаж хийх ёстойг зааж буй хэрэг болой.
“Ардчилал” нь ард түмэн гэсэн утгатай “demos”, засаглал гэсэн утгатай “crates” гэдэг гeper үгсээс гаралтай, ард түмний засаглал гэсэн утгатай үг болно. Гэхдээ “ардчилал” гэдэг үгийг өнөөдөр янз бүрийн зорилгоор өргөн хэрэглэж байгааг анхаарах хэрэгтэй, тухайлбал дэлхийн улс төрийн намуудын 20 гаруй хувь нь нэрэндээ “ардчилсан” гэсэн тодотголыг хэрэглэж байна, мөн Хойд Солонгос “ардчилсан” нэртэй байна.
Ардчилсан төрийн тогтолцоо
Одоо төрийн дэглэм болон засаглалын хэлбэрүүд буюу юуг яаж хийх тухай авч үзье.
Төр юу хийх ёстой вэ? Үүнд төрийн дэглэм хариулт өгнө. Төрийн дэглэм нь төрийн бодлого, үйл ажиллагааны зорилгыг тодорхойлдог. Иймд төрийн дэглэм нь улс төрийн үзэл бодлоос үүдэлтэй. Дээр бид улс төрийн янз бүрийн үзэл бодлын талаар товч авч үзсэн билээ, үүнийг одоо төрийн дэглэмтэй холбон авч үзье.
- Эрх чөлөөг үгүйсгэж хатуу чанд дэг журмыг дэмждэг дарангуйллын үзэл бодол нь дарангуйллын дэглэмийг бүрдүүлдэг. Дарангуйллын дэглэм нь эрх чөлөөг үгүйсгэдэг тул өөр үзэл бодол, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөггүй тул ардчиллын эсрэг байдаг нь ойлгомжтой. Нэг болон цөөн хэдэн хүний, мөн цэргийн дарангуйлал байдаг.
- Эрх чөлөөг дэмждэг ардчилсан үзэл бодол нь ардчилсан дэглэмийг бүрдүүлдэг. Ардчилсан дэглэм нь эрх чөлөөг дэмждэг тул өөр өөр үзэл бодол бүхий олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан дэглэм нь эрх чөлөөг хангахын зэрэгцээ дэг журам, тэгш байдлыг мөн хангадаг. Нийгмийн ардчилсан (социалист) дэглэм (3ХУ болон хуучин социалист орнуудад байсан дэглэмийг олон хүн социализм гэж эндүүрдэг, үнэндээ бол нэг болон цөөн хэдэн хүний дарангуйллын дэглэм байсан юм), либерал ардчилсан (капиталист) дэглэм байдаг.
- Анархи үзэл бодол нь аливаа засаглалыг үгүйсгэдэг тул анархи дэглэм гэж байхгүй, харин засаглал суларснаас анархи байдалд орж болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ес, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заажээ. Төр юу хийх ёстой вэ? гэдэг асуултад Монголын төрийн ардчилсан дэглэм ийнхүү хариулж байна.
Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасан итгэл үнэмшилтэй байх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодлын үүднээс улс төрийн нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөг ардчилсан дэглэмийн илрэл гэж үзэх ёстой. Мөн 11 дүгээр зүйлийн 1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэж заасныг манай төрийн бодлого, үйл ажиллагааны нэгэн чухал зорилго гэж үзнэ.
Төр яаж хийх ёстой вэ? Үүнд төрийн засаглал хариулт өгнө. Төрийн засаглал нь төрийн дээд байгууллагуудын зохион байгуулалт, эрх зүйн байдал, тэдгээрийн харилцаа холбоог, мөн тэдгээрийг бүрдүүлэхэд болон тэдгээрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох зарчмыг тодорхойлдог. Ардчилал нь ард түмний засаглал гэсэн утгатай үг гэж бид дээр үзсэн билээ. Үүнийг одоо төрийн засаглалтай холбон авч үзье.
- Ард түмэн засаглалд оролцож чадаж байна уу? Ардчилсан онолын дагуу насанд хүрсэн бүх хүн оролцох эрхтэй бөгөөд үүнийг бүх нийтийн оролцоо гэнэ. 18 насанд хүрсэн Монгол улсын бүх иргэн Монголын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасны дагуу төрийн байгууллагад сонгох эрх эдлэх, 21 дүгээр зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу сонгуульд нийтээрээ оролцох тухай заажээ.
- Ард түмний саналыг хэрхэн тооцох вэ? Бүх саналыг эрх тэгш гэж тооцох бөгөөд үүнийг улс төрийн тэгш байдал гэнэ. Монголын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүн бүр эрх тэгш бөгөөд хүнийг ялгаварлан гадуурхаж үл болох тухай ерөнхий заасан.
- Шийдвэр гаргахын тулд хэдэн санал хэрэгтэй вэ? Оролцох эрхтэй хүмүүсийн олонхи нь оролцсон тохиолдолд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд үүнийг олонхийн журам гэнэ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 16, 27 дугаар зүйлийн 6, 31 дүгээр зүйлд олонхийн журмыг тусгасан байдаг.
Эдгээрийг ардчилсан засаглалын үндсэн зарчим гэдэг. Ард түмэн эдгээр зарчмын дагуу засаглалд шууд оролцож байгаа бол үүнийг шууд ардчилал гэдэг. Ийм шууд ардчиллын энгийн хэлбэр нь манай Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т зааснаар баг, хороодын Иргэдийн нийтийн хурал болно. Мөн 21 дүгээр зүйлд заасан УИХ-ын гишүүний сонгууль, 31 дүгээр зүйлд заасан Ерөнхийлөгчийн сонгууль, 25 дугаар зүйлийн 1-ийн 16-д заасан ард нийтийн санал асуулга нь шууд ардчиллын хэлбэрт хамаарна.
Ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан засаглалд оролцож байгаа бол үүнийг төлөөлөх ардчилал гэдэг. Төлөөлөх ардчиллын үед төлөөлөгчдийг сонгохдоо, нөгөөтэйгүүр сонгогдсон төлөлөөгчид шийдвэр гаргахдаа дээрх гурван зарчмыг баримтална. Энд мөн сонгогдсон төлөлөөгчид сонгогчдынхоо хүсэн хүлээсэн шийдвэрийг гаргаж чадаж байна уу гэсэн асуудал, өөрөөр хэлбэл сонгочдынхоо өмнө хүлээх хариуцлагын асуудал гарч ирдэг. Иймд төлөөлөх ардчиллын замаар шийдвэр гаргахдаа дараахь зарчмуудыг баримталдаг: нийтийн оролцоо, улс төрийн тэгш байдал, олонхийн журам, мөн сонгогчдын өмнө хүлээх хариуцлага.
Монгол улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заажээ. Төр яаж хийх ёстой вэ? гэдэг асуултад Монголын төрийн ардчилсан засаглал ийнхүү хариулж байна.
Гэхдээ төрийн тогтолцооны схемээс үзэхэд засгийн эрх бүгд найрамдах болон хэмжээт эрхт хаант засаглалд ард түмний мэдэлд байдаг бол хэмжээгүй эрхт хаант засаглалд нэг хүний мэдэлд байдаг байна.
Засгийн эрх ард түмний мэдэлд байна хэмээн Үндсэн хуульдаа заасан атлаа дээр дурьдсан ардчилсан засаглалын үндсэн зарчмыг зөрчдөг тохиолдол элбэг байдаг бөгөөд цөөн хэдэн хүний дарангуйллын дэглэм тогтож байсан хуучин социалист орнуудыг жишээ болгож болох юм. Нөгөөтэйгүүр, дарангуйллын дэглэмийг ардчилсан засаглалын үндсэн зарчмыг зөрчиж хүчээр тогтоодог явдал гардаг, тухайлбал 1917 оны Октябрийн хувьсгал, цэргийн эргэлт зэргийг жишээ болгож болох бөгөөд иймээс ч манай Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Эдгээрээс үзэхэд төрийн дэглэм, төрийн засаглал хоёр нь харилцан хамаарал, уялдаатай байдаг бөгөөд ардчилсан дэглэм, ардчилсан засаглал бүхий төрийн тогтолцоог ардчилсан төрийн тогтолцоо гэнэ.
Парламентат ёс
Төлөөлөх ардчиллын гол хэлбэр нь парламент юм. “Парламент” нь ярих, ярилцах гэсэн утгатай латин “parlare” гэдэг үгнээс гаралтай. Бүх улсын үндсэн хуульд парламентыг төлөөллийн дээд байгууллага гэж тодорхойлсон байдаг. Монголын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ард түмэн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөлөөгчдийн байгууллагаараа уламжлан засгийн эрх эдэлнэ гэж заасан бөгөөд 20 дугаар зүйлд УИХ нь тийм байгууллага мөн болохыг заажээ.
Төрийн тогтолцоонд парламент давамгайлах байр суурь эзэлж байгаа бол парламентын засаглал гэнэ. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж давамгайлах байр суурийг нь тодорхойлж, хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, улсын нэгдсэн төсөв батлах, Засгийн газрыг бүрдүүлж үйл ажиллагаанд нь хяналт тавих зэрэг онцгой бүрэн эрхийг нь бусад зүйлд нарийвчлан зааснаас үзэхэд Монгол бол парламентын засаглалтай улс юм.
Парламентын засаглалтай улсуудын тоонд Их Британи, Япон, Энэтхэг, Герман, Испани, Итали, Герегийг жишээ болгон дурдаж болно. Тэдний нийтлэг зүйл гэвэл төрийн тогтолцоонд парламент нь давамгайлах байр суурь эзэлдэг, харин төрийн тэргүүн ерөнхийлөгч, эсхүл хаан) нь АНУ-ын Ерөнхийлөгч буюу Саудын Аравын эзэн хаантай харьцуулвал даруухан байр суурь эзэлдэг байна. Гэхдээ тэдний дунд бас ялгаа байгааг анзаарах хэрэгтэй. Төрийн засаглалын хэлбэрийн хувьд их Британи, Япон, Испани нь парламентын хаант засаглалтай, Энэтхэг, Герман, Итали, Грец нь парламентын бүгд найрамдах засаглалтай улсад тооцогддог. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Монгол бол …бүгд найрамдах улс мөн” гэж заасныг үндэслэн Монгол бол парламентын бүгд найрамдах засаглалтай улс мөн гэж төрийн засаглалын хэлбэрийн хувьд тодорхойлно.
Ийнхүү бид парламентын ёсны ойлголт, мөн чанарын талаар Дэлгэрэнгүй авч үзлээ. Үүндээ үндэслэн парламентат ёсны үндсэн зарчмуудыг тодорхойлж болно:
- Парламент нь төлөөлөх ардчиллын гол хэлбэр байх,
- Парламент нь төрийн тогтолцоонд давамгайлах байр суурь эзэлж байх, өөрөөр хэлбэл парламентын засаглалтай байх,
- Парламентын сонгуульд ард түмний нийтийн оролцоог хангах, мөн парламентын үйл ажиллагаанд парламентын гишүүдийн нийтийн оролцоог хангах,
- Ард түмний болон парламентын гишүүдийн улс төрийн тэгш байдлыг хангах,
- Парламентын сонгуульд болон парламентын үйл ажиллагаанд олонхийн журмыг хангах,
- Олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч намуудыг парламентын сонгуульд оролцох эрхээр хангах,
- Парламент болон түүний гишүүд сонгогчдын өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлсэн байх,
- Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, эрх чөлөө, дэг журам, тэгш байдлыг хангах.
Парламентат ёс ба Үндсэн хууль
“Үндсэн хууль” гэдэг нь тогтоох гэсэн утгатай латины “constitutio” гэдэг үгнээс гаралтай ажээ. Үндсэн хууль 1787 онд АНУ-д, 1791 онд Франц, Польшид гарснаас хойш ихэнх улс оронд бүрэн эрхт байдлын нь илэрхийлэл, ард түмний бүрэн эрх, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан төрийн баталгаа болсон улс төр, эрх зүйн гол баримт бичиг болно.
Үндсэн хууль нь нийгмийн амьдралыг зохицуулдаг дээд хууль болно. Манай Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж, 10 дугаар зүйлийн 4-т “Монгол улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж тус тус заажээ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журам нь бусад хуультай харьцуулахад онцлогтой. Үндсэн хууль нь урт удаан хугацаанд тогтвортой үйлчилж байвал нийгмийн тогтвортой хөгжлийг хангаж чадна. Энэ ч учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг нэлээд түвэгтэй байдлаар өөрт нь зааж өгдөг. Энд Монголын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг түүний 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу авч үзье:
- Нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно.
- Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.
- Нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батлана,
- Нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй,
- УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.
Зарим улс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн зарчмыг нь хөндөхийг хориглодог. Тухайлбал, Грец, Итали, Франц, Алжирын Үндсэн хуульд бүгд найрамдах засаглалыг өөрчлөхийг хоригложээ. Зарим улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндөхийг хориглосон байна.
Бид парламентат ёсны тухай авч үзэхдээ манай Үндсэн хуульд хэрхэн туссантай нь давхар танилцсан билээ. Парламентат ёс нь манай Үндсэн хуулийн гол ололтын нэг, гол үзэл баримтлалын нэг болсон юм.
1992 оны Үндсэн хуулийн гол ололт, гол үзэл баримтлал нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр заасан явдал юм. Хүний эрхийг зөрчдөггүй дэглэм Монголын ард түмэнд хэрэгтэй, тийм ардчилсан дэглэмийг Үндсэн хуулиар тогтоож, эрх чөлөө, дэг журам, тэгш байдлыг хангасан. Засгийн эрхээ эдлэхэд нь саад болдоггүй засаглал Монголын ард түмэнд хэрэгтэй, тийм ардчилсан засаглалыг Үндсэн хуулиар тогтоож, нийтийн оролцоо, улс төрийн тэгш байдал, олонхийн журмыг хангасан.
Парламентат ёс нь Үндсэн хуульт ёсны нэгэн чухал бүрэлдэхүүн бөгөөд Үндсэн хуульт ёс нь парламентат ёс бодит хэрэгжих баталгаа болно.
Эцэст нь онцлон тэмдэглэхэд, парламентат ёс нь 1992 онд шинэ Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласнаас хойш Монголд ардчиллын баталгаа болон бодитоор хэрэгжиж байна.
Эртний Хүннүгийн улсад эзэн хаан Шаньюйд зөвлөх эрхтэй ард нийтийн их хуралдаан байсан. Энэ хуралдаан Сиүнбэ улсын үеэс ард нийтийн шинжээ алдаж язгууртны хуралдаан болсон бөгөөд Их Нирун улсын үеэс язгууртны Их хуралдай. Гэх болсон. Их хуралдай нь Их Монгол улсын үед төрийн дээд байгууллагын шинжийг олсон тул зарим судлаачид парламентат ёсны дээд өвөг хэмээн үздэг ажээ. Хэн чих хуралдайг алгасан хааны титэм хүртэх эрхгүй байсан нь сонирхол татдаг. Гэвч Юан улсын үеэс түүний үүрэг роль бүдгэрч, их бутралын үед түүний орыг ноёдын чуулган залгах болсон. 1911 онд Монгол тусгаар тогтнолоо олоход эзэн хаанд зөвлөх эрхтэй Дээд хурал, их хуралд санал оруулах эрхтэй доод хурлыг байгуулсан. 1924, 1940 оны Үндсэн хуулиар Улсын Бага хурал, 1960 оны Үндсэн хуулиар Ардын Их Хурлыг тус тус төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага байхаар заасан ч төрийн дэглэм, төрийн засаглал нь ардчилсан бус байсан тул жинхэнэ парламентат ёс төлөвшөөгүй юм. Харин 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хууль болон түүний дагуу явуулсан парламентын анхны ардчилсан сонгууль, түүний үр дүнд бүрдсэн Улсын Бага Хурал нь Монголд парламентат ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд шилжилтийн чухал үүргийг гүйцэтгэсэн болно.
Парламентат ёсны цаашдын хөгжил, шинэчлэлийг байнга хангаж байх нь чухал байна. Үүнд улс төрийн намуудын төлөвшилт, сонгуулийн тогтолцооны шинэчлэлт, парламентын засаглалын бэхжилт зэрэг өргөн цар хүрээтэй асуудал хамаарна. Нэн ялангуяа парламентын засаглалыг хоёрдмол байр суурьтай болгон үүрэг ролийг нь саармагжуулахгүйн тулд засгийн газрыг парламентаас (парламентын гишүүдээс) бүрдүүлэх, ерөнхийлөгч, засгийн газартай харьцах чиг үүргийг нь улам тодорхой болгох шаардлагатай.
Парламентат ёс нь Монголд үүсч хөгжөөд 10 жил болж буй ардчилсан хөдөлгөөний түүхэн үр дүнгийн нэг бөгөөд Монгол цаашдын ардчилсан улс байхын гол Хэлбэр, чухал баталгаа болж байна.