Ц.Элбэгдорж
/Монгол улсын ерөнхийлөгч асан/
Шинэ толь №30, 2000
ХОРИН НЭГДҮГЭЭР ЗУУНЫ БОСГОН ДЭЭРХИ МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ХӨГЖИЛ, ХАНДЛАГА
Түлхүүр үг: ардчилсан хувьсгал, Үндсэн хууль, сонгууль, парламент, ерөнхйилөгч
ХХ зууны хаалга хаагдах цаг мөч ойртох тутам хүн бүр энэ зууны тухай эрэгцүүлж оюун бодлоо чилээх нь нэмэгдэж байгаа бололтой. Өнөөдөр Та бид XXI зууны босгон дээрхи Монгол улсын улс төрийн хөгжил, хандлагын тухай цухасхан ярилцах гэж байна.
ХХ зуун. Энэ зууныг хүмүүс янз бүрээр нэрлэдэг. ХХ зууныг аугаа их нээлтийн зуун гэж нэрлэхэд хүмүүс санал нэгдэх байх. ХХ зуун үсрэнгүй хөгжлийн зуун байлаа.
ХХ зууныг улс төрийн өнцгөөс харах юм бол улс төрийн бодлогын хамгийн хүсэмгүй үр дагавар болсон “дэлхийн” хэмээх хоёр их дайныг үзсэн зуун болж байна. Энэ хоёр дайны эхлэл, өрнөл, үйл явц, үр дагавар ХХ зууны эхний хагаст хамаарах бол түүний хоёрдох хагасын түүх бүхэлдээ “хүйтэн” хэмээх дайны шонгоос уяатай байлаа гэж хэлж болно. Одоо “хүйтэн дайн” нэгэнт дуусаж түүний үр дагавар үлджээ.
Гэхдээ ХХ зууны эхний болон дараагийн хагасыг хамарсан улс төрийн хоёр системийн өрсөлдөөн, сөргөлдөөний тухай ярихгүйгээр энэ зууны дүр зураг бүтэн харагдахгүй нь ойлгомжтой. Мөн энэ зуун улс төрийн үзэл баримтлалын зүүн болон баруун чиглэлийн туйл нь болсон коммунизм, фашизмын туршилтад өртсөнөөрөө өмнөх болон магадгүй хойтох зуунуудаасаа ялгаран харагдах байх.
Гэвч улс төрийн утгаар нь авч үзвэл ХХ зууны сүүлчийн 10 жил шиг дэлхий дахины нүүр царайг өөрчилсөн үйл явцыг хүн төрөлхтний хөгжлийн түүхийн хуудсыг хичнээн шүүрдсэн ч олоход түвэгтэй байж магадгүй. Зөвхөн энэ 10 жилд хүн төрөлхтөн “ЗХУ” хэмээх импери хэрхэн нурж байгаагийн түүхэн гэрч боллоо. “ЗХУ” хэмээх энэ байгууламжийг нийгмийн тоталитар байгууламжтай адилтгаж болох боловч энэ нь Нийгмийн байгуулал, үзэл суртал гэхээсээ илүү шинэ империйн байлдан дагуулалт түүний эмгэнэлт төгсгөл гэж хэлбэл үнэнд ойртох юм. “Зөвлөлт” маягийн нийгмийн байгууллын мөхөл нь урт удаан үйл явц байсан боловч 1989, 1990, 1991-н онууд бол уг байгуулалтын задрал бутарлын оргил жилүүд байсан юм.
1989 оны эхээр Афганистанаас Зөвлөлтийн сүүлчийн цэрэг гарсаныг “Зөвлөлт маягийн империйн давшилт зогслоо”, “ухралтанд орлоо” гэж зарим судлаачид үзэж түүний задрал ойртож байгаа тухай таамаг дэвшүүлж байжээ. Яг энэ үеэр Афганд цэрэг оруулахыг эрс эсэргүүцэн цөлөгдөж байсан нэрт эрдэмтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаров депутатаар сонгогдож байжээ. ЗХУ-ын дотоодод ч, гадаадад ч нийгмийн тоталитар байгууллыг өнгө заслын аргаар засварлах бус түүнийг бүрмөсөн өөрчлөхийг шаардсан дуу хоолой нэмэгдэж байлаа.
Зөвлөлт маягийн импери нь зөвхөн нэг гүрний хөгжлийн загвар төдий зүйл бус тив бүхэнд бараг улс бүхэнд өөрийн талархан дэмжигчид, даган дууриагчдыг бий болгосон маш хүчтэй суртал, амь бөхтэй түрэмгийлэл байсан юм. Иймээс зөвхөн ЗХУ-ын хүрээнд болон социалист систем гэж нэрлэгдэж байсан орнуудад эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн гарч байсан төдийгүй бусад тив, улс гүрэнд ч ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөж байсан юм.
Үүний тод шинж нь Никарагуад ардчиллын төлөөх олон нийтийн байгууллага болох Үндэсний холбоо сонгуульд ялж, Арабын ертөнцөд хөгжлийн чиглэлээр хуваагдсан хоёр Йемен нийлж, Африкт Этиоп, Мозамбик, Зааны ясан эрэгт хүртэл Коммунист чиг хандлагтай хөгжлийг эсэргүүцсэн үйл явц өрнөсөн юм. Европ тив дэх социалист хэмээх орнуудад өрнөсөн нийгмийн чөлөөт байгуулал, жам ёсны хөгжлийн төлөөх тэмцэл түүний ялалт, амжилт нь бусад орон, эрх чөлөөг эрхэмлэгч зон олны хувьд үлгэр дууриалал болж байлаа.
Тиймээс ч 1989 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө тус тивд хүйтэн дайны фронтын шугам болж байсан Берлиний ханыг Германчууд хоёр талаасаа нураасныг дэлхий дахинд хүйтэн дайн дуусаж байгаагийн билэгдэл гэж үзэж хүн төрөлхтөн нийтээрээ баярлаж бахархан угтацгаасан юм. Европ тивд болсон энэ том үйл явцыг Монголчууд биднийг олон жилийн нойрноосоо сэрэхэд нөлөөлсөн их гэрэл гэгээтэй зүйрлэж болох юм.
1989 оны эхээр Польшид Солидарность ил гарч, Чехэд Иргэний форум, Унгарт Ардын форум, Ардчилсан Германд Шинэ форум, Болгарт Ардчилсан холбоо, Румынд Үндэсээ аврах фронт гэсэн ардчилалыг тугаа болгосон олон нийтийн хөдөлгөөнүүд чамгүй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч амжилтанд хүрч байгааг монголчууд хараад зүгээр суугаагүй юм. Энэ бүхэн бол монголд 1989 оны сүүлээр коммунист бус анхны олон нийтийн байгууллага болох МоАХ үүсэн байгуулагдах гадаад хүчин зүйл байсан юм. Одоо яг гурван хоногийн дараа Ардчилсан холбоог эмхлэн байгуулж нийтэд тунхаглан зарласны 10 жилийн ой болох гэж байна.
Энэ 10 жилийн хугацаанд Монгол орны амьдралд гарсан өөрчлөлтийг утга агуулга, чанар хэлбэрийн аль ч талаас нь аваад үзсэн, энгийн үед бүтэн зуунд багтааж бодоход ч боломжгүй мэт санагддаг. Гэвч өнгөрөгч жилүүдийн хувьд монголчууд Та бид үр бүтээлтэй ажиллаж чадсан цаг хугацаа нь чадаагүйгээсээ 2 дахин бага байгаа нь заримдаа харамсал төрүүлдэг юм (1990-1992, 1996-1997). Гэхдээ энэ 10 жилийг, өнгөрсөн түүхийг хэн ч тасдаж хаяж чадахгүй бөгөөд цаг хугацааны эргүүлгэнд Монгол түмний нийтлэг ололт амжилт болж улам тодорсоор байх болно.
Аливаа түүхэн үйл явц тодорхой цаг хугацааны орчил, шатлалын хүрээнд илүү тодордог юм. Өнгөрсөн 10 жилийг түүний дотор Монголын улс төрийн амьдралыг тодорхой шатлалаар хувааж авч үзье.
Нэг. 1989 оны XII сараас 1990 оны 6 дугаар сар:
Энэ үеийг Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын өрнөлтийн оргил үе гэж тодорхойлж болно.
Энэ хооронд ардчилал эрх чөлөөний төлөөх тэмцэл, үйл ажиллагааг зорилгоо болгосон олон нийтийн шинэ хөдөлгөөн, улс төрийн гол намууд байгуулагдаж идэвхтэй ажиллаж эхэлсэн.
Ардчилсан хүчний тайван тэмцлийн үр дүнд МАХН-ын УТТ огцорч, МАХН-ын төр нийгмийг удирдан чиглүүлэгч гэсэн үүргийг 1960 оны Үндсэн хуулиас хуулиар халсан. Энэ нь Монгол улсад олон намын тогтолцоо бүрэлдэн буй болох улс төр, эрх зүйн орчинг нээж өгсөн юм.
Мөн оны 6 дугаар сард олон намын оролцоотой анхны чөлөөт сонгууль болсон нь Монгол оронд төрийн ардчилсан тогтолцоог бий болгох, төрийн түвшинд ардчилсан дэг жаягийг мөрдөх эхлэл болсон юм.
Хоёр. 1990 оны VII сараас 1992 оны V сар:
Энэ хугацаа бол ардчилсан хувьсгалын ололтыг эрх зүйн хүрээнд баталгаажуулж, нээлттэй нийгэмд шилжих шилжилтийг хэрэгжүүлэхэд зарцуулагдсан гэж үзэж болно.
АИХ-аас хувь тэнцүүлэн сонгосон сонгуулийн дүнг харгалзан, байнгын ажиллагаатай анхны парламент болох УБХ-ыг байгуулсан. УБХ эрх зүйт төрийн тогтолцоог бүрдүүлэх, улс орноо ардчилсан нийгэмд шилжих шилжилтийг хангах түүхэн үүргээ амжилттай биелүүлсэн.
1991 оны 5 дугаар сард Монгол улсын өмч хувьчлалын тухай хууль батлагдсан нь эдийн засаг дахь хувийн өмчийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлж Монгол улсын эдийн засаг зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг нээсэн. Энэ нь улс төрийн салбарт гарсан ардчиллын ололтыг баталгаажуулах, нийгмийн нийт салбарт монголчуудын хөгжил дэвшлийг хангах гол хөшүүрэг болсон юм.
Энэ хугацаанд УБХ Монгол улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж АИХ-ын чуулганд оруулан хэлэлцүүлсэний дүнд 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдаж, мөн оны 2 дугаар сарын 12 –ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Монгол улс шинэ Үндсэн хуулиа мөрдөж хэрэгжүүлж эхэлснээр нийгмийн бүх хүрээнд ардчилсан зарчмыг баримтладаг, нийгмийн харилцаа нь хуулиар зохицуулагддаг, хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлдэг улс болж хөгжих боломж бүрэлдсэн юм. Энэ боломжоо монголчууд хэрхэн ашиглаж, яаж ажиллаж амьдарч байгаа нь ялангуяа монгол хүн бүрээс, ямар нэг хэмжээнд төрөөс шалтгаалах болоод байна.
Дээр өгүүлсэн 2 жил 6 сар орчмын үйл явцыг дүгнэн хэлбэл энэ хугацааг Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн, үр дүнд хүрсэн он жилүүд гэж хэлж болно.
Дээрхи үйл явцыг хувьсгал гэсний учир бол энэ түүхэн богино хугацаанд Монголын нийгмийн бүхий л салбарт эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийгдэж Үндсэн хуулиар баталгаажсанд оршино. Уг хувьсгалыг ардчилсан хэмээн тодотгох болсны учир нь хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангаж хэрэгжүүлэхийг зорилгоо болгож байсанд оршино.
Ардчилсан хувьсгалын гол ололт юу байв?
Улс үндэснийхээ нэр төдий байсан бие даасан байдал, тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь сэргээж баталгаажуулж чадлаа Монгол улс ардчилсан зарчмаар төрийн байгуулалтаа бүрдүүлж, төрийн бодлогоо бие даан тодорхойлдог боллоо. Монгол улсын иргэд оюун санааны эрх чөлөөтэй болж өөрийн сонголтоор ажил амьдралаа авч явах боломжтой боллоо. Манай орны эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж түүнд хувийн хэвшлийн оролцоо нөлөөлөл давамгайлах болж үр ашиг бүхий эдийн засгийн тогтолцоотой болох боломж бүрдэж байна. Манай улс нээлттэй гадаад бодлого хэрэгжүүлэх болсноор Монголыг талархан дэмждэг, хамтран ажилладаг улс орон, хүн зон, байгууллагуудын тоо эрс өслөө.
Мэдээж энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлж болох боловч Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын онцлогийн талаар хоёр зүйл хэлье.
- 1990-ээд оны эхээр Монголд болсон үйл явдал нь Ази тивийн хүрээнд Монголын хувьд өвөрмөц боловч социалист лагерт хамаарч байсан Европын орнуудынхтай мөн Зөвлөлтийн эзэмшилд байсан Балти орчмын улсуудынхтай олон талаараа ижил төстэй байгаа юм. Монгол улс Азийн улс болохын хувьд зарим судлаачдын үздэгээр Азийн бус хөгжлийн замыг сонгож багагүй амжилтад хүрсэн гэж хэлж болно. Ер нь улс төрийн болон эдийн засгийн реформыг нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь Азийн зам биш гэсэн хэвшмэл шинжтэй ойлголтыг монголчууд ардчилсан хувьсгалынхаа үр дүнгээр эвдсэн.
Дээрхи ололтыг зөвхөн бүс нутгийн хүрээнд, бас зөвхөн Монголчуудад хамааруулж ойлгох нь учир дутагдалтай мэт санагдана. Улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангаж баталгаажуулахтай холбон нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь зөвхөн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн зам биш энэ бол хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлага, үнэт ололт юм гэдгийг монголчууд ардчилсан хувьсгалаараа нотолж чадсан юм.
Иймээс ч дотроо бид дээрхи ололтоо хичнээн чамлаж, харааж зүхэвч дэлхийн хөгжилтэй улс орнууд буурай Монголын энэхүү ололтыг тун ч өндрөөр үнэлж тоож хандаад, тусалж дэмжих гээд байдаг юм болов уу гэж би хувьдаа боддог юм. Та бидэнд хийсэн ажил байна, бага боловч үр дүн байна. Түүнийгээ хэрхэн чулуу болгох нь монголчуудаас л шалтгаална.
- Дээрхи зүйлийн угтвар гэж хэлж болох, одоо ч зарим хүний толгойг өвтгөдөг нэг асуудалд монголчууд шинэ сонголт хийснээрээ хариулсан гэж боддог.
Манай орон улс төрийн өөрчлөлтөө нэг хэсэг хугацаанд бариал эдийн засгаа эхлээд өөрчилж яагаад болоогүй юм бэ? Гэх маягаар асуудаг бас иймэрхүү дүгнэлт хийж хүмүүс харамсах нь байдаг. Монгол улс, улс төр, эдийн засгийн хувьд ЗХУ-аас хараат байснаар би үүнийг тайлбарлах гэсэн юм. Улс төрийн хувьд аль нэг орноос хараат гэдэг бол эдийн засгийн хувьд бие даасан өөрчлөлт хийх, нэг үгээр хэлбэл бие дааж хүчтэй хөгжих боломжгүй тийм орчинд Монгол улс байсан. Энэ нь эдийн засгийн хувьд бид өөрчлөлт хийе гэвэл, улс төрийнхөө салбарт өөрчлөлт хийхээс өөр аргагүй байсан гэж хэлж болно.
Иймээс ч манай оронд улс төрийн хүрээний өөрчлөлт зарим талаараа эдийн засгийн салбарынхаас түрүүлж явсан тал бий.
Та бид бүгдээрээ өнгөрсөн богино хугацааны үйл явцын гэрчүүд. Монголчуудын хувьд хөгжлийн ардчилсан зам зайлшгүй зүйл мөн байсан уу? Гэсэн асуулт заримдаа дээрхийг эрэгцүүлж байхад гардаг юм. Ардчилсан холбооны анхны өргөн барих бичигт (олон намын тогтолцоо, чөлөөт сонгууль, хэвлэлийн болон шүтэн бишрэх эрх чөлөө, хувийн өмчийн эрх, хүний эрхийн асуудал… гээд нийгмийн ардчилсан хөгжлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж эхлэхийг эрх баригчдаас шаардсан байгаа. Дээрхи шаардлагыг хүмүүс дэмжиж байсан. Гэхдээ тэд ардчиллын суурь шаардлагуудыг ойлгож дэмжсэнээсээ илүүтэй түүний цаана төр улсынхаа бие даасан байдлыг сэргээн баталгаажуулах гэсэн монголчуудын зүрхний дуудлага оршин байгааг хүмүүс илүүтэй мэдэрсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс бие даан хөгжих хэрэгтэй байсан. Энэ зорилгоо хэрэгжүүлэх арга нь ардчилал байсан. Өөр сонголт тухайн үед байгаагүй. Одоо ч харагдахгүй л байна. Энэ тухай яриа өрнүүлснийхээ төгсгөлд Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосон нь хэсэг хүний санаа зоргын асуудал, эсвэл аль нэг холбоо, намын тулгалт биш нийт монголчуудын зайлшгүй хэрэгцээ, тэдний ухамсартай үйлдэл байсан гэж хэлэх гээд байгаа юм. Дээр дурдсан хоёр зүйлээр Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын зарим өвөрмөц талыг хэлэх гэж оролдлоо.
Гурав. 1992 оны 6 дугаар сараас 1996 оны 6 дугаар сар хүртэл:
1992 оны 6 дугаар сард шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлыг сонгох анхны сонгууль олон намын оролцоотой томсгосон 26-н тойрогт болсон юм. Уг сонгуулиар МАХН Улсын Их Хуралд 71 суудалтай болж, шинэ намуудаас 5 хүн УИХ-д сонгогдсон юм. Энэ бол тухайн үед ардчилсан хүчний хувьд маш том шок байлаа. Үнэн чанартаа уг сонгуулийн дүнгээр дийлэнх олонхиор ирц нь бүрдэж ердийн олонхиор асуудлаа шийддэг манай парламентын хувьд ардчилсан хүчин төрийн хэрэг шийдвэрлэхэд Нэг субъект болон оролцож ирсэн эрхээ алдсан гэж хэлж болно.
Сонгуулийн ерөнхий хорооноос тухайн үед гаргасан дүнгээр нийт сонгогчдын 56 хувийн санал авсан МАХН УИХ-ын суудлын 90 гаруй хувийг эзлэх болсон нь тухайн сонгуулийн системд байсан гажигтай холбоотой боловч ардчилсан сонгуулийн тэр дүн дараачийн 4 жилдээ хадгалагдсан юм.
Сонгуулийн дүн ардчилсан намуудад хүчээ нэгтгэхийг сануулсан том сургамж болсон учраас тус намууд нэгдэж тухайн үедээ (Шинэ Үндсэн хуулийн нам) нэртэй нам байгуулах тухай ярьж тохирч байсан боловч тодорхой учир шалтгааны улмаас МСДН гадна үлдэж, МоАН, МҮДН, МСМН, МНН нийлж МҮАН-ыг 1992 оны 10 дугаар сард байгуулсан юм.
Үүнээс өөр эерэг үр дүн тухайн 4 жилд Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд бараг гараагүй гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийдэг. 1992 – 96 он бол Монголын нийгмийн шилжилтийн хэмээх жилүүдэд алдагдсан он жилүүд байсан гэж үздэг хүмүүстэй өнөөдрийн өндөрлөгөөс харахад санал нийлэхээс өөр аргагүй байдалд улам хүрэх юм. Нийгэм, эдийн засгийн их хувьсал, өөрчлөлтийн үед шийдвэрлэх шаардлагатай маш олон асуудал байхад бүтэн 4 жилийг байтугай 4 сарыг зоргонд нь тавьж юу ч хийлгүй алдах гэдэг төсөөлөхөд бэрхтэй санагддаг юм. Тэр тусмаа тухайн он жилүүдэд манай экспортын гол бараа, бүтээгдэхүүний үнэ өнөөгийнхөөс 2 дахин илүү байсан нь шаардлагатай реформ хийхэд гадаад болон дотоод зах зээл, санхүүгийн орчин асар тааламжтай байсныг харуулдаг юм.
1992-96 оны хооронд төр, засгийн бүх шатны бүтцэд тодорхой үүрэг хүлээгээгүй шахам байсан шинэ намууд ардчиллын үйл хэрэгт суралцах, намаа бэхжүүлэх, эгнээгээ өргөтгөх ажилд ихээхэн анхаарал хандуулж байсан. Улсын Их Хурлаар Сонгуулийн хууль шинэчлэгдэн батлагдсан явдал, өмнөх сонгуулийн сургамж, хэрэгжүүлэх зорилго, шийдвэрлэх асуудал гэх мэт олон зүйлд нухацтай дүгнэлт хийснээр МҮАН, МСДН хамтарч эвсэл байгуулахаа 1996 оны хаврын шинийн нэгэнд зарласан юм. Уг эвсэлд дараа нь МНН, МШАН нэгдэн орсон.
Дөрөв: 1996 оны VI сараас оноог хүртэл:
Энэ үеийг улс төрийн өнцөгөөс харах юм бол Монголд парламентын засаглал бодитой хэрэгжсэн үе гэж нэрлэж болно. Энэ нь өнөөгийн улс төрийн тогтолцоон дахь эерэг сөрөг талууд илрэх, түүнээс сургамж авч илэрсэн гажгуудыг эрх зүйн хүрээнд засварлах үүд хаалгыг нээж байна.
1996 оны 9 сард УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, УИХ-д Ардчилсан холбоо эвсэл 50, МАХН 25, МУНН 1 суудал авсан юм. Энэ харьцааг дурьдсан нь УИХ-ын бүрэлдэхүүн дэх улс төрийн хүчний хуваарилалт харьцангуй тэнцвэртэй, нэг үгээр хэлбэл олонхи нь цөөнхийн ямар нэг оролцоогүйгээр асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй парламент бүрдсэнд онцлог нь байгаа юм.
Сонгуулийн дүнгийн өөр нэг онцлог тал бол 75 жил тасралтгүй эрх барьсан МАХН парламентад анх удаа цөөнх болж 6 жил сөрөг хүчний байр сууринаас үйл ажиллагаа явуулсан Ардчилсан холбоо эвсэл олонхийн суудлыг авсанд оршино. Энэ нь улс төрийн намууд жинхэнэ утгаараа төлөвших, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чадах хүч тэнцвэртэй намуудын тогтолцоо төлөвшихөд сайн нөлөө үзүүлж байна. Эл байдал парламентын засаглалын төлөвшилд ч эерэг хандлагыг бий болгож байна.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчин нь хүчний тэнцвэр бүхий парламент бүрэлдсэн нөхцөлд түүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа нь улс төрийн амьдралаас тодорхой харагдлаа.
Ардчилсан Холбоо эвслийн хувьд бодлого, үйл ажиллагаагаа парламент, гүйцэтгэх засаглалын дээд шатанд хэрэгжүүлэх боломжоор хангагдсан хугацаа бол зөвхөн нэг жил байсан. Энэ нь 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 10 дугаар сар хүртэлх хугацааг хамарч байгаа юм. АХЗ-ийн Засгийн газрыг огцруулах тухай асуудал анх тавигдсан өдрөөс эрх баригч хүчний Засгийн газар хүчний тэнцвэр бүхий парламентын нөхцөлд тун хэврэг зүйл болох нь ил болсон.
Бусад салбарын харилцаанд жижиг мэт харагддаг зүйлийг тодорхой хугацааны дотор бага уршигтайгаар ямар нэг зардал гаргаад засч залруулж болдог. Харин улс төрийн харилцаанд нуугдмал байсан жижиг ч атугай гажиг заавал туршилтад өртөж байж уршигт үр дагаврыг нь тухайн харилцаанд оролцогчид үзэж байж дараа нь түүнийг давтахгүй байх талаар зөвшил, хэлцэл дөнгөж явагдаж эхэлдгээрээ онцлог юм.
Дээрхитэй холбогдуулж маш жижиг нэг зүйлийг жишээ болгон авч үзье. Тухайлбал, УИХ дахь санал хураалтын асуудал байна. Ил санал хураалтын үед парламентад хэн олонхи байгаа нь тодорхой байдаг, нууцаар санал хураахад улс төрийн шийдлийг баримтлах, хариуцлага ярих боломж алга болдог. Энэ тохиолдолд эрх баригчид Засгийн газраа алдах магадлал бараг 100 хувь болж байгаа юм. Энэ нь эргээд улс төрийн бус хувь хүмүүсийн ааш авир, атаа жөтөөнд хөтлөгдсөн утгагүй орчинг үүсгэдэг. Тухайлбал, Засгийн газрыг байгуулах, огцруулахтай холбогдсон санал хураалтыг ил болгохгүйгээр хүчний тэнцвэр бүхий парламентад байгуулагдсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж жинхэнэ утгаар ажиллах боломж өнөөдөр манайд алга. Дээрхи байдлыг тойрч гарахын тулд эрх баригч Эвсэл цөөнхийн шаардлагаас урьтаж Засгийн газраа огцруулж байсан. Мөн Эвслийн Засгийн газрыг Эвсэл огцруулахгүй тухай шийдвэр гаргаад байхад л цөөнхийн шаардсанаар нууц санал хураалтын дүнд огцорч байсан.
Өнгөрсөн хугацаанд улс төрийн харилцаанд гарсан бас нэг гажиг бол эрх баригч хүчин бусдын оролцоогүйгээр Засгийн газраа байгуулах, ялангуяа Ерөнхий сайдаа тодорхойлох боломжгүй юм байна гэдгийг харуулсанд оршино. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг Их Хуралд оруулж хэлэлцүүлэг хийлгэдэг механизмыг эрх зүйн хувьд тодорхой болгохгүй бол аль ч нам, эвсэл УИХ-д олонхи суудал авч, Засгийн газраа байгуулж бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд оролцохын утга учир алдагдаж болохоор байна. Энэ нь Үндсэн хуулиар сонгож авсан парламентын засаглал, түүний хэрэгжилтийн хооронд маш том зай, зөрчил агуулагдаж байна гэсэн үг.
Ерөөс манай парламентад олонхийн ардчилал бүрэн төгс хэрэгжих эрх зүйн орчин хаалттай байдалтай байгаа нь УИХ-ын өнгөрсөн үйл ажиллагаанаас харагдлаа. УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам ба эвсэл хуулийн дагуу олонхи болж Засгийн газраа бүрдүүлж ажиллаж болохоор байгаа. Гэтэл УИХ-ын өөрийнх нь шийдвэр гаргадаг ирцийн түвшин заавал дийлэнх олонхи буюу нийт гишүүдийн гуравны хоёроос дээших оролцоог шаарддаг юм. Энэ нь УИХ-д 39 суудалтай ердийн олонхи болсон улс төрийн хүчин бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх боломжоор хаалттай байна гэсэн үг. Иймээс ч манай ардчилсан парламентад Олонхийн ардчиллын хэрэгжилт эрх зүйн хувьд үе үе мухардалд ордог юм. УИХ-аар асуудал шийдвэрлүүлж бодлогоо хэрэгжүүлэх гэвэл УИХ-д аль нэг нам эвсэл 51 суудал буюу 66.6 хувиас дээш хувь эзэлж байж уг эрх нээлттэй болохоор байгаа юм. Ийм эрх зүйн орчинд УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа өнөөгийн Ардчилсан холбоо эвсэл бодлогоо хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан гэх дүгнэх аргагүй юм.
Өнөөгийн улс төрийн харилцаанд байгаа энэ мэт хүндрэл бэрхшээлээс үүдээд улс төрийн түвшинд шийдлээ олоогүй эсвэл зүй тогтлоос гажсан шийдэлтэй асуудлуудын үнэ цэн эргээд эдийн засгийн харилцаанд хүндрэл учруулж өртөг нь хэд дахин нэмэгддэг хандлага ажиглагдаж байна. Үүний тодорхой жишээ нь банк санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг тойрсон хоосон хардалт, улс төржилтөөс тодорхой харагддаг юм. Өртөг нь тэг байсан энэ салбарын реформ жил гаруй хугацаагаар хойш хаягдаж байгаагаас хорь гаруй тэрбум төгрөгийн наад захын зардлыг өнөөдөр шаардаж байна. Ийм жишээг бусад салбар дахь бүтцийн өөрчлөлтийн явцаас дурьдаж болох юм.
Зөвхөн парламентын засаглалыг хэрэгжүүлэх явцад зарим ноцтой алдаа гажуудал байгаа төдийгүй ерөөс засаглалыг хувааж хэрэгжүүлэх ардчилсан зарчим манайд доголдолтой байна. Монголд төрийн гурван өндөрлөг гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэж ойлгодог. Үүнээс үүдээд төрийн засгийн эрх мэдлийн хуваарилалт Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраар дамжиж хэрэгжиж буй мэт ойлголт газар авчээ. Гэтэл үүний цаана шүүх засаглал бүрмөсөн хаягдсан байдалтай байна.
Улс төрийн хүрээн дэх өөрчлөлт, түүний чиг хандлагыг эрх зүйн хүрээний өөрчлөлтөөс салгах аргагүй юм. Монголчууд бид улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээний өөрчлөлтийг чамгүй үр дүнтэй хэрэгжүүлж байгаа боловч шүүх засаглал, хууль хяналтын байгууллага, уг институттэй холбоотой эрх зүйн орчин агуулга, чанарын хувьд бүрэн шинэчлэгдэж чадаагүй байна. Ардчилсан нийгмийн амин сүнс болох, ерөөс Монголын улс төрийн амьдралын хөгжил, чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл болох, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хангах, түүнийг хөндөхтэй холбогдсон асуудал манай нийгмийн өөрчлөлтийн хамгийн эмзэг зүйл болж хувираад байна. Энэ нь Нийгмийн уур амьсгал бохирдох, хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлэх хандлагыг гааруулахад ташуур болж байна.
Ерөнхийлөгчийн институтын манай орны улс төрийн харилцаанд эзлэх ёстой байр суурийн талаар ярилцах цаг болжээ. Парламент нь ард түмнээс сонгогддог, гүйцэтгэх засаглал нь түүнээс үүсэлтэй байдаг манай улс төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог нь засаглалын хүрээнд зохисгүй байдлыг үүсгэсээр удаж байна. Нийтийн жишгийн дагуу Ерөнхийлөгч нь парламентаас сонгогддог хэлбэрт шилжихгүй бол аажмаар эрх мэдэл багатай мэт төрийн засгийн аль ч эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй субъектэд бүх эрх төвлөрч, түүнийг мөн санаатайгаар төвлөрүүлж болохоор байгаа нь тод ажиглагдах боллоо. Энэ байдал нь эргээд Монголд ардчиллын үнэт ололтууд салхинд хийсэж дахин ямар нэг донсолгоонд аваачиж магадгүй юм. Засаглалын тэнцвэр хадгалагдсан, тогтвортой, динамик хөгжил бол ардчилсан тогтолцоотой улс орны амьдрах чадварын баталгаа гэдгийг байнга санахад илүүдэхгүй.
Улс төр дэх Монголд гарч байгаа болон нийтлэг шинжтэй зарим нэг хандлагын тухай дээрхээс үүдэн яриа өрнүүлж болох юм.
Дэлхийн хөгжлийн хандлагаас үзэхэд улс төр дэх үзэл баримтлалын ялгаа улам бүр бүдгэрэх байдалтай байна. Улс төрийн нам, хүчнүүд тэдний өмнө тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, нийтийн баялагийг бий болгох, түүнийг хэрхэн үр ашигтай хуваарилах гэх мэт асуудалд илүү ялгамжтай байр суурь баримтлахыг хичээх болжээ.
Манай улсын хувьд сүүлийн 80 гаруй жил зүүний, тэр тусмаа хэт зүүний бодлого явуулсан орны тоонд багтдаг. Тэгвэл ойрын жилүүдэд баруун чиглэлийн бодлого хэрэгжүүлж, баялаг бүтээх шинэ эх үүсвэртэй болохоос өөр аргагүй болсон мэт харагддаг. Тухайлбал, өнөөдөр хувийн өмчийн давуу тал, өмч хувьчлалын бодлогоос Монголд татгалзаж байгаа улс төрийн хүчин нэг ч алга байна. Татварын бааз суурийг өргөтгөх, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх татварын хувь хэмжээг багасгах бодлого хэрэгжүүлэх гэж бүгд л оролдож байна.
Дэлхий нийтэд хөгжлийн аль нэг хэт туйлширсан чиг хандлага орон зайгаа алдаж байна. Хөгжил бол нэг л чиг хандлагатай. Тэр нь хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлсэн хүний хөгжлийг урамшуулдагт л оршдог аж.
Монголд улс төрийн хүчнүүд коммунист, ардчилсан, эсвэл шинэ, хуучин гэж хуваагддаг байсан ойлголт ач холбогдолгүй болж байна. Энэ нь өнөөгийн шинэ Монголын ололт амжилт бүхэн нийт монголчуудын, тэр тусмаа нийт улс төрийн нам, хүчнүүдийн ололт болж тэр нь улмаар нийтлэг үнэт зүйл болон төлөвших таатай орчинг үүсгэж байгаа юм.
ХХ зуунд гарсан ялангуяа улс төрийн амьдралын хүрээнд гарсан үйл явдлууд хүн төрөлхтний хувь заяанд хэрхэн нөлөөлөв, үүнд ямар нэг нийтлэг гэхээр ололт амжилт байна уу гэдгийг өнгөцхөн эрэгцүүлж болох юм.
Хүйтэн дайн дууслаа, сөргөлдөөн өрсөлдөөн алга боллоо, нэг үгээр хэлбэл хөгжлийн хөдөлгөгч хүч унтарлаа, түүхийн төгсгөл ирлээ гэж гадаадад зарим нь дүгнэж байсан. Социализм нурлаа, ЗХУ тарлаа, бид тэжээгчээ алдлаа, сайхан цаг дууслаа гэж манайд зарим нь харууслын нулимс унагаж байсан.
Гэтэл ХХ зуун бол сайн сайхан амьдрахын төлөө хүн төрөлхтөн Консенсуст хүрсэн зуун болон өндөрлөж байна. XXI зуун бол энэ консенсусыг хэрэгжүүлэх зуун болох байх гэж найдаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.