Ч.Сайханбилэг
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №30, 2000
Түлхүүр үг: ОНМХ, Чөлөөт өрсөлдөөн, Хараат байдал, Данида, Нэр төр, эрх чөлөөг хамгаалах
Та бид ердөө хэдхэн хоногийн өмнөх үйл явдлыг эргэн санацгаая.
“Казино”-гийн гэгдэх хэргийг шүүн хэлэлцэж байсан тэр 14 хоногийн турш сонин хэвлэл, радио, телевиз бүтэн бүтэн нүүрээ, эфир, долгионы цагаа авилгал авсан гэгдэх 3 гишүүнд зориулж байсан.
Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулинд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох язгуур зарчим тунхаглагдсан ч шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол уншигдах тэр мөчөөс хамаагүй эрт сонин хэвлэлийн хуудаснаа дээрх 3 гишүүн аль хэдийнээ яллагдсан байлаа.
Сонин хэвлэлүүд тэднийг урьдчилан эчнээ яллаж, нийгмийн уур амьсгал түүнд хөтлөгдсөн нөхцөл байдалд хэнээс ч, юунаас ч үл хамааран, хараат бус байх ёстой шүүх засаглал, түүнийг бодитоор хэрэгжүүлэгч-шүүх бүрэлдэхүүний оронд ямар ч зоригтой аавын хүү байсан аливаа өөр шийдвэр гаргах зүрх зориг, бололцоо хумигдсан нөхцөл байдал шүүх хуралдаан дуусах үед бий болсон байлаа.
Үүгээр би шүүх засаглалыг хараат байна гэж гол нь хэлэх гээгүй, харин хэвлэл мэдээлэл 4 дэх засаглалын хувьд хэр хүчтэй, нөлөөтэй болсныг л хэлэх гэсэн юм.
Өнөөдөр хэн нэгэн нь алдар цол авахыг хүсвэл, аливаа хүсэл сонирхлоо биелүүлье гэвэл, аль нэгэн шийдвэрийг өөрт ашигтайгаар гаргуулъя гэвэл, хэн дургүйгийнхээ нэр хүндийг сэвтээе гэвэл хэвлэл сонингоор хэд хэдэн удаа урьдчилан “бөмбөгдсөн”-ий дараа, “хөрөг найруулал”-аа нийтлүүлсний дараа, худал үнэн материалууд захиалгаар хэвлүүлсний дараа өөрт ашигтай шийдвэрээ гаргуулахаар хөөцөлдөж эхэлдэг жишиг тогтсоныг энгийн ажиглалтаар түвэггүй мэдэж болохоор болжээ.
Гурван засаглалын аль нь ч тэр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй ойр байх, ойлголцож байхыг эрмэлзэж байна.
Хэвлэл мэдээлэл 4 дэх засаглалын хувьд үнэ цэнэ, байр суурь хүч мэдэл нь ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байна
Ер нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар бид 1996 оноос хойш чухам юуг хийж, юуг амжуулав?
Сонгогдсоныхоо дараахан 1996 онд парламентын танхимд сонины эрхлэгчээ дуудан авчирч, хариуцлага тооцон халж, сольж байсан парламентын энэ бүрэлдэхүүн хөгжиж хувьсаж үүнээс ердөө хоёрхон жилийн дараа Монголын түүхнээ анх удаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хуульчлан тунхаглаж төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байлгахыг хориглож, аливаа цензурыг устган, Парламент, Засгийн газар аль нь ч тэр сонины нийтлэлийн бодлогыг шүүн хэлэлцэж, татварын мөнгөөр татаас өгч, таалагдахгүй эрхлэгчээ хольж сольж байх хүсээд байхааргүй ажлаас хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын байгууллагыг эгнэгт чөлөөлсөн.
Монополийн эсрэг хуулийн үзэл санаа хэвлэл мэдээллийн салбарт өөрийн өвөрмөц өнгө төрх, дүр зургаар хэрэгжиж, хэдэн сонин, сэтгүүлчид хоорондоо холбоо эвсэл болон хоёр талцан ширүүн үзэлцэж, хэд хэдэн удаа шүүхийн хаалга татацгаасны үр дүнд “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинууд “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” болон төрөл арилжсаныг та бид санаж байгаа.
Чөлөөт өрсөлдөөний тэнцүү нөхцөлд төр, засгийн монополь эрхтэй байсан хэвлэлүүдийг аваачих үйл ажиллагаа хэлбэрийн хувьд дээрх байдлаар хэрэгжиж, одоо агуулгын хувьд буюу уг сонингуудын өмч хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр удахгүй худалдах гэж байна.
Хараат байдлаа халсны хамгийн наад захын жишээ гэхэд л Ерөнхий сайдынхаа сувдан нулимсыг магтан дуулж байсан “Засгийн газрын мэдээ” сонин өнөөдөр Засгийн газрын бодлого, шийдвэрийг хамгийн халуухан шүүмжилдэг сонингуудын нэг “Зууны мэдээ” болсныг дурдахад л хангалттай юм.
Өнөөдөр манай чөлөөт гэгдэж байгаа сонингуудын дийлэнх нь сонины хэвлэх ганц үйлдвэрээсээ ихээхэн хамааралтай. Хэд хэдэн Засгийн газар дамжин хэрэгжсэн “Данида” төсөл амжилттай дуусч, чөлөөт хэвлэлийнхэн, сэтгүүлчид өөрсдийн удирдлага бүхий төрийн бус байгууллага – Холбоогоо байгуулж, хамтын удирдлага бүхий сонины хэвлэх үйлдвэртэй боллоо.
Монголд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа 800 илүү Төрийн бус байгууллагаас зөвхөн дээрх 2 төрийн бус байгууллагын аз нь түшиж Данийн Засгийн газар төслийн хүрээнд нийлүүлсэн хэвлэлийн бүх тоног төхөөрөмжөө хоёр Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу үнэ төлбөргүй шилжүүлж, Монголын Засгийн газар ямар ч Төрийн бус байгууллагын мөрөөдөл, үйл ажиллагаагаа бодитой явуулах гол баталгаа – үндсэн хөрөнгө болох сонины барилгыг дээрх 2 байгууллагад бэлэгдлийн үнээр худалдан, өмчлөлд нь шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Үргэлж л муулж, муухайг нь дуудаж байдаг Монголын Засгийн газартаа баярласан талархсанаа илэрхийлэхгүй байгааг нь ойлгоё гэж бодъё. Гэтэл хаа холын харийн Данийн Засгийн газар хаях газар нь олдохгүйдээ биш харийн Монголд чөлөөт хэвлэл нь хөгжиг гэж бага биш дойлуур хаясанд нь баярладаггүй юмаа гэхэд ядаж энэ тухай энгийн мэдээ нийтэлсэн сонин өдөр тутмын 2,3 сонинг эс тооцвол “Данида”-гийн үйл ажиллагаа голлож чиглэгдсэн, чөлөөт нэртэй нэг ч сонин дээр гараагүйд одоо хүртэл би хувьдаа гайхаж л явна.
Ажил эрхлэгчид, үйлдвэрчний эвлэлтэйгээ нэгдэн хэдэн арван жилийн нөр их тэмцлийн дунд Засгийн газраасаа, ажил олгогчдоосоо тэмцэн олж авдаг ажлын 5 өдрийг Засгийн газар нь зүгээр өгчихсөнд талархах байтугай тачигнатал шүүмжилж суудаг бидний авир, манай парадоксыг тооцож үзвэл сонины барилгыг зүгээр шахам өгчихлөө гээд зүсэн зүйлээр дайрахгүй байгаад нь чөлөөт хэвлэлийнхэнд харин эрх баригчид энэ утгаараа баярлах учиртай болох нь.
Ердөө хэдхэн зүйлтэй хамгийн товч хууль мэт боловч, агуулга ач холбогдлоороо суурь хуулийн хэмжээнд хүлээн зөвшөөрч болохуйц “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь араасаа “Монголын Үндэсний Радио Телевизийн тухай хууль”, “Мэдээлэл олж авах эрх, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийн тухай” зэрэг хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх дуу хуулиудаа дагуулах нь гарцаагүй боллоо.
Хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар хийсэн зүйл, хийж бүтээхээр төлөвлөж байгаа хууль, төслүүдийг нь авч үзвэл парламентын энэ бүрэлдэхүүн дээрх хуулиудыг хэлэлцэн баталж амжина гэсэн итгэлийг төрүүлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өнгөрч буй 3 илүү жилийн хугацаанд хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар бид гар хумхин суугаагүй бөгөөд бага биш зүйлийг хийж амжуулжээ гэж хэлж болохоор байна.
Хэлэх үгийнхээ 2 дахь хэсгийг би хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба хариуцлагын асуудалд хандуулахыг хүсэж байна.
Дийлэнх чөлөөт хэвлэлүүдийн ерөнхий дүр зураг, сонины макетыг нь авч үзэх юм бол эхний 2-3 нүүр улс төр, эдийн засгийн сэдэв рүү, дундах 2-3 нүүр хүн унших аргагүй айдас, жигшил төрүүлэхүйц гарчигтай аллага, хүчирхийлэл, садар самуун, гэмт хэргийн ертөнц, түүнийг тойрсон сэдэв рүү, арын нүүрнүүд урлаг соёлын амьдрал руу хандсан дүр зураг ажиглагддаг.
Эхний, эцсийн 2 хэсгийн үндсэн сэдэв, мөлжүүрийг нь энд суугаа хэдэн улс төрчид, Их Хурал, Засгийн газрын гишүүд, намуудын удирдлага, олны танил бизнесменүүд, “одод” нэртэй дуучид, жүжигчид, хамтлагууд л голлон өгч байдаг.
Чухамхүү дээрх хүмүүстэй холбогдсон тэр мэдээ, нийтлэлд л манай чөлөөт хэвлэлийн эрх чөлөө, түүний алдаа оноо, дутуу дулимаг нь хамгийн хурцаар илэрдэг юм.
Буруу ташаа мэдээлэгдсэн, нэр төр гутаасан доромжилсон, сэргээсэн гээд л бүх зөрчил, маргаан дээрх хүмүүс, сонин хэвлэлийн хооронд үүсч, шүүхийн шат дамжсан нэхэмжлэл, хэрэг болон хувирдаг.
“Баренц” бүлгийн ажилтан Д.Гантуг 1990 оны 1-р сарын 1-нээс 1999 оны 6-р сарын 1 хүртэлх хугацаанд иргэний нэр төр сэргээх зорилгоор хэвлэлийн эсрэг шүүхэд гаргасан гомдлын талаар сонирхолтой судалгаа хийжээ.
Дээрх хугацаанд гутаагдсан нэр төрөө сэргээлгэх 116 өргөдөл ирсний зөвхөн 18,8 хувьд нь сэтгүүлчид ялалт байгуулж, 45,6 хувьд нь сэтгүүлч буруутай нь тогтоогдсон байна. Энэ бол зөвхөн иргэний журмаар шүүхэд хандсан нэхэмжлэлийн хэмжээнд гаргасан үзүүлэлт юм.
Харин би өөр санаа зовж явдаг зүйлийнхээ талаар энд саналаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Нэг хэсэг манайд “моод”-нд орж, гутаагдсан нэр төрөө мөнгөөр үнэлж, нэрлэсэн үнэ шүүх рүү нэхэмжлэх нь жил дараалан өсч байснаа энэ жилийг ноднингийн мөн үетэй харьцуулахад анх удаа 30 гаруй хувиар буурчээ. Энэ нь мэдээж шүүхийн олон шат дамжих, цаг заваа зарцуулах, тэмдэгтийн хураамж төлөх зэрэг хүндрэлээр тайлбарлагдаж болох болов чиг гол нь өнөөдөр иргэний журмаар нэр төрөө сэргээлгэх нь ордон тойрон жилийн 4 улирлын турш огцор, тар хэмээн өлсгөлөн зарлаж, суулт хийхтэй нэгэн адил нэр хүндээ алдсантай болон нэр төрөө сэргээлгэхийг зорьсон нэхэмжлэгчийн шаардлага, хүслийг хангахаа больсонтой гол нь холбоотой гэж үзэж болох юм.
Нэр төрөө гутаалгаснаа илүүтэй батлах гэж, эсвэл удаа дараа гүтгэлгийн шинжтэй мэдээ нийтлэл гаргасанд нь эсхүл хэдхэн төгрөгөөр торгуульсандаа сонингууд тоодоггүйд нь үндэслээд заримдаа нэхэмжлэгчид нь иргэний журмаар шүүхэд хянуулах биш эрүүгийн хариуцлагад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг, сэтгүүлчийг татаж болох эсэхийг тодруулж өгөхийг хүсч хууль, хяналтын байгууллагад хандах нь ихсэх хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо.
Монгол улсын Эрүүгийн хуулиас 2-хон зүйл анги уншихад л дээрх аюул занал хэр бодитой болох нь харагдах болно.
Эрүүгийн хуулийн 117-р зүйл. Гүтгэх.
- Бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал гүжирдлэг тараасан бол 1 жил хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, 10.000-аас 50.000 хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
- Гүтгэлгийг хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан тараасан, эсхүл нэргүй захидлаар ирүүлсэн буюу гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол 2 жил хүртэл хугацаагаар хорих буюу 1 жил 6 сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл 25.000-аас 100.000 мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
- Хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэсэн бол 4 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 118-р зүйл. Доромжлох.
- Бусдын нэр төр, алдар хүндийг амаар, бичгээр буюу бусад хэлбэрээр зориуд доромжилсон бол 6 сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, 10.000 хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
- Энэ хэргийг доромжлох гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн буюу хэвлэлд нийтлүүлэх замаар бусдыг доромжилсон бол 1 жил 6 сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу 20.000-80,000 хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Манай сонин, сэтгүүлчдийн хувьд баримтыг нягталж шалгадаггүй, аман мэдээлэл, бусдын яриаг үндэслэн зохиож бичдэг, сенсаац хөөдөг, мэдээллийг баримтжуулдаггүй зэрэг нийтлэг дутагдал түгээмэл байгаа тохиолдолд дээрх хоёр зүйл анги үе үе хэрэглэгдээд байх аюул бодитой байсаар байх болно. Иргэний журмаар шүүхийн хаалга татсан сэтгүүлчдийн 45,6 хувь нь ялагдсан гэж бодохоор үүний магадлал хичнээн өндөр болох нь харагдаж байна.
Саяхан хэсэг сэтгүүлч чухамхүү дээрх асуудалд холбогдсон учир УИХ-ын гишүүдэд ил захидал хаяглан энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамгаалахыг хүсч, нэр бүхий 7 сонины ерөнхий эрхлэгч ийм асуудал газар авч буйд эмзэглэн мэдэгдэл гаргажээ.
Өөрөөр хэлбэл, эрх чөлөө гэдэг хариуцлагыг дагуулж байдаг, хариуцлагаа алданаа гэдэг нь эргээд эрх чөлөөгөө боомилуулах шалтгаан нь болж болохыг дээрх жишээ харуулж байна.
Хэвлэлийн эрх чөлөөг тууштай хамгаалах чиглэлээр бид ойрын хугацаанд юу хийх шаардлагатай вэ?
Үндэсний Радио, телевизийн тухай хууль батлагдсанаар бид хэвлэл мэдээллийн чухал салбар дахь өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх бололцоотой болох юм.
Үндэсний радио, телевизийн Удирдах зөвлөлийг хэрхэн байгуулах нь гол асуудлуудын нэг нь мөн боловч түүнийг л гол хэрүүлийн алим болгон тойрч ярих, эсвэл одоо хүртэл зохицуулалт нь хангалтгүйгээс нэг мөр ч ойлгогддоггүй хуулийн зүйл заалтаар зохицуулахаар шийдвэрлэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Үндэсний Радио, телевизийн жинхэнэ утгаар бие даасан байдалтай ажиллах гол нөхцөл болсон санхүүжилтын эх үүсвэр, техник тоног төхөөрөмжөө ашиглах нөхцөлийг зөв зохицуулж өгөхгүй бол энэ нь эргээд уг асуудлынхаа мөн чанарт хүрэлгүй дутуу дулимаг шийдвэр болно гэсэн үг.
Үндэсний Радио, Телевизийн жил бүр 2-3 тэрбум төгрөгөөр хэмжигддэг сүлжээ долгионы шугам ашигласны төлбөр зэрэг тогтмол зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлж байхаар хатуу хуульчилж өгөхгүй бол Парламент, Засгийн газар руугаа бие даасан, хараат бус гэдэг утгаараа шүүжлэлтэй хандаад байх телевиз радиогийн төсөв жил бүр тэр хэмжээгээрээ буураад байх боломжтой. Яваандаа зар сурталчилгаа, хандивын мөнгө нь ч дээрх тогтмол том зардлуудаа хүчрэхээ болиод ирэх цагт телевиз, радиогийн бие даасан байдал, бодлого нь асуултын тэмдэг араасаа чирэх нь ойлгомжтой. Өөр байгууллагаас томилогдсон техник тоног төхөөрөмжөө мэддэг дарга нь телевиз, радиогийн удирдлагатай яаж харилцах нь ч тодорхойгүй байгаа юм.
Чөлөөт телевизийнхнийг чөлөөт өрсөлдөөний тэнцүү нөхцөлд аваачих, тэдэнд үндэсний эфирийн тодорхой цагийг өрсөлдөөний журмаар олгож байх асуудлыг ч зохицуулж өгөх нь манай нөхцөлд зохимжтой байх болно.
- Сэтгүүлчдийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас шаардлагатай мэдээллээ авах эрхээр хангах нь хэвлэлийн эрх чөлөө бодит байдлаар биеллээ олоход чухал нөлөөтэй.
- Харин мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхээр хангах асуудлыг ул суурьтай шийдэхгүй бол амьдралд буухдаа эсрэгээрээ үйлчилж мэдэхээр байгаа юм. Учир нь аливаа нягтлаагүй, баримтжуулаагүй, зохиож бичсэн, хүний нэр төртэй холбоотой асуудлуудаа мэдээллийн эх сурвалжийг нууцлах гэдэг сайхан зүйлээр хаацайлах, зугтаалгах байдал манай нөхцөлд газар авч болзошгүй.
- Ийм тохиолдолд хэвлэлийн үйл ажиллагааг хянан зохицуулдаг төрийн бус байгууллага зайлшгүй шаардагдана. Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг хуульчлахдаа энэ байгууллагыг байгуулах асуудлыг заавал хамт шийдвэрлэх учиртай. Учир нь уг байгууллагыг байгуулснаар сэтгүүлч нарын баримтлах ёс зүйн хэм хэмжээг боловсруулан гаргаж мөрдүүлэх, хэвлэл мэдээлэлтэй холбогдон гарсан аливаа маргааныг заавал шүүхийн шат хүртэл явуулалгүй шийдвэрлэх боломжтой болох юм. Уг байгууллагад нийгэм улс төр, хууль, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбараас төлөөлөл түлхүү оруулах нь зүйтэй.
Өнөөдөр нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй хүмүүсийн хувьд шүүхээр нэхэмжлэл нь шуурхай шийдэгдэх эсэх, тэмдэгтийн хураамж төлөх, хууль зүйн зөвлөлгөө авах, цаг заваа зарцуулах зэрэг асуудлуудаас шалтгаалан шүүхэд тэр бүр ханддаггүй. Дээрх төрийн бус байгууллага бий болсноор энэхүү хүндрэлүүд үгүй болж, асуудал шуурхай, хялбар шийдэгдэх болно. Харин нэхэмжлэгч талын хүсэлд уг шийдвэр нь нийцээгүй бол цаашид шүүхэд хандах эрх нь мэдээж хэвээр хадгалагдах юм. Сонин хэвлэлүүд ч уг байгууллагын шийдвэрийг зайлшгүй сахин мөрдөх олог төрлийн механизмыг дүрэм, хэм хэмжээ болгон ажиллуулж болно. Ийм туршлага ч гаднын орнуудад байдаг.
Дээрх 3 асуудлыг хуульчлан, түүнтэй уялдан дагалдах хуулийн санкцийг нь тогтоож өгсөнөөр сая бид хэвлэл мэдээллийн эрх чөлөө Монгол Улсад бодит биеллээ олсон гэж хаана ч бардам хэлэх бололцоо нөхцөл нь бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, төр засгийн мэдэлд байж, түүнээс аливаа дарамт шахалт авдаг хэвлэл мэдээлэлгүй, хяналт цензургүй, мэдээлэл авах болон түүнээ нууцлах эрхээр хангагдсан, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээгээ чанд сахин баримталдаг, зөрчил маргаанаа хууль, журмын дагуу шударга шуурхай хянан шийдвэрлэдэг тогтолцоотой, хамтын төлөөллийн удирдлагаар хангагдсан ашгийн төлөө бус хэвлэх үйлдвэр, техник тоног төхөөрөмж, материаллаг баазтай, чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр үйл ажиллагаа нь явагддаг эрх чөлөөт хэвлэл мэдээллийн тогтолцоо бүрэлдэн бий болох юм.
Бид дээрх ажлуудаас дийлэнхийг нь амжуулсан. Одоо байгаа багахан хугацаанд амжуулах ажил маань тодорхой болжээ. Бид ч үүний төлөө зорих болно.
Бид дээр хэлсэн хэвлэл мэдээллийн шинэ тогтолцоог бий болгож чадсан тохиолдолд төрийн дарамт эсвэл төрөөс хүсэх элдэв зохицуулалтын асуудал аяндаа алга болно.
Яагаад гэвэл бид Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиндаа “Монгол Улсын Их Хурал хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглохоо” хуульчилсан билээ.
Ийнхүү өнгөрсөн 3 жил хагасын хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар сүүлийн 10 жилийн турш ярьж, дүрсэлж, тэмцэж, зорьж явсан зүйлүүдээс нэлээдийг нь нугалжээ.
Магадгүй 1996-2000 оны парламент нэг талаас чөлөөт хэвлэлийнхнээр хамгийн их хараалгаж, муулуулж, гүтгүүлсэн парламентаар, нөгөө талаас чөлөөт хэвлэлийнхний төлөө хамгийн их зүйл хийж амжуулсан парламентаар түүхэнд үлдэхийг үгүйсгэхгүй.
Эцэст нь нэгэн хошин яриагаар үгээ өндөрлөхийг хүсэж байна. Өрнөдийнхөн Монголын ардчиллын мөн чанарын талаар дүгнэлт өгсөн гэнэ. Барууны нэг нэртэй улс төрч Монголд ирж, буцаад нутагтаа ярьж байна гэнэ. Манайд бол democracy байна. Харин Монголд бол freedom байна гэж толгой сэгсрэн гайхширсан гэдэг.
Энэ утга санаа миний үгээ зориулж хэлсэн хэвлэл мэдээллийн салбарт бүрэн тохирно гэж бодож байна.
Тийм ээ, бид дээрх гайхшралыг засахын тулд хэвлэл мэдээллийн хийсвэр хоосон, хариуцлагаас ангид эрх чөлөөний тухай ярихыг хүсээгүй, бид ардчиллын хэм хэмжээгээр илэрхийлэгдсэн, хариуцлагын тогтолцоо бүхий жинхэнэ эрх чөлөөг бий болгохыг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.