В.Удвал
/Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/
Шинэ толь №28, 1999
Түлхүүр үг: Бие даасан байдал, Шүүхийн ерөнхий зөвлөл, иргэний нийгэм, бүрэн эрх
Ардчилсан улс орон бүр дагаж мөрдөж буй Үндсэн хуулийнхаа үзэл санааны дор нэгдэж, түүнийг хэлбэрэлтгүй биелүүлэх механизмыг хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Үндсэн хууль хэрхэн хэрэгжиж байгааг хянах механизм нь шүүх бүрэн эрх бөгөөд Үндсэн хуулийг сахин хамгаалагч Үндсэн хуулийн шүүх (Үндсэн хуулийн цэц), Шүүхийн үндсэн тогтолцоо нь энэхүү механизмын хөдөлгөгч хүч нь юм. Энэ бүлгийг авч үзэхийн өмнө шүүх бүрэн эрх гэдэг нь юун тухай ойлголт болох, шүүхийн бүрэн эрхийн баталгаа нь юу болох, шүүх бүрэн эрх ямар үүрэг рольтой болохыг тодруулахын зэрэгцээ Монгол улсын Үндсэн хуулиар тухайн асуудлыг хэрхэн зохицуулсныг тайлбарлах нь чухал юм.
Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бүрэн эрхээр дамжин илэрхийлэгддэг бөгөөд ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөт байдлын үндсэн баталгаа нь бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ шийдсэн байвал зохино” гэсэн нь эрх зүйн актуудыг хүндэтгэн үзэх үүрэгтэйг илэрхийлж байдаг. Үндсэн хуулиар тогтоосон заавал биелэгдэх энэхүү эрх зүйн нөхцөл нь хараат бус шүүх эрх мэдлээр баталгаажсан байдаг. Тиймээс хууль зүйн чадвар бүхий шүүхийн байгууллагатай байх явдал нь эрх зүйт төрийн үндсэн шинжүүдийн нэг юм. Шүүх эрх мэдэл нь нийгмийн дотор хууль тогтоогчдоос тогтоосон хэм хэмжээг гүйцэтгэж биелүүлэх явцад зөрчигдсөн тохиолдолд шүүж эцсийн шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна. Шүүх бүрэн эрх нь хэрэгжихдээ бусад бүрэн эрхүүдийн адил өөрийн онцлог шинжүүдтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх бүрэн эрхэд :
- Маргааны үндсэн дээр асуудлыг шийдэх эрх
- Бусдаас хараат бус байж бие даан асуудлыг шийдэх эрх
- Шийдвэрлэж буй асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх
- Гаргасан шийдвэр нь заавал биелэгдэх хүчинтэй байх эрх
- Шүүн таслах эрх зэрэг бусад бүрэн эрхүүдэд ордоггүй эрхүүд хамаарна.
Тухайн улс оронд амьдарч буй хэн боловч тогтоосон эрх зүйн хэм хэмжээнд (хууль, эрх зүйн бусад акт) захирагдан тэдгээрийг дагаж биелүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагууд тухайлбал, хууль тогтоох, гүйцэтгэх бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагууд ч хууль, эрх зүйн бусад актуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон биелүүлэх үүрэгтэй. Нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон заавал биелэгдэх шинж чанар бүхий улс орны хэмжээн дэх эрх зүйн дээрхи орчин нь хараат бус шүүх эрх мэдлээр баталгаажиж түүний бүрэн эрхийг тодорхойлдог. Энэ нь улс орон бүр Үндсэн хуулиндаа төрийн эрх мэдлийг зөв тэнцвэртэй хуваарилж, харилцан бие биенийгээ хянах механизмыг хэрхэн хуульчилснаар илэрхийлэгдэнэ.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бүрэн эрхүүдэд хуваарилж, бие биеэ хянаж, харилцан тэнцлээ хангах механизмыг бий болгосноор шүүх эрх мэдэл сонгодог утгаараа манай улсад хэрэгжих боломжтой болсон билээ. Өмнө нь бусад бүрэн эрхээс хараат, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт гаднаас нөлөөлөх боломжтой шүүхийн тогтолцоо байсан бөгөөд үйл ажиллагааны зарчим нь ч өөр байсан билээ. Түүнчлэн шүүгчдийг сонгож, шүүхийг ардын шүүх гэж нэрлэж байлаа.
Шүүхийн байгууллага нь шүүн таслах ажиллагаа, шүүхийн аж ахуй, боловсон хүчин буюу хүний нөөцийн асуудал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хамтад нь эрхлэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Олон нийтийн сэтгэл зүйд шүүх нь шүүн таслах үйл ажиллагаагаараа нөлөөлдөг байсан ч хараат бус байх үндсэн шинж нь бүрэн биелэх эрх зүйн орчин байхгүй байлаа. Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх түүхэн үед эрдэмтэн судлаачид, хуульчдын дотроос олон хүн шүүх бүрэн эрхийн талаар сонирхолтой өгүүлэл нийтлэл, энэ асуудлыг зохицуулах Үндсэн хуулийн альтернатив төслийг ч боловсруулан нийтлүүлж байв.
Эдгээр нь Монгол улсад шүүх бүрэн эрх засаглалын нэг салаа мөчрийн хувьд бие даасан, хараат бус байж өөрт олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлсэн юм.
Өнөөдөр Монгол улсад шүүх эрх мэдлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх зорилтыг шийдвэрлэж байна. Ардчилсан нийгмийн нэг гол шинж бол шүүх эрх мэдэл зөв төлөвшсөн байх, шударга шүүх – шүүгчдэд нийгмийн нийтлэг хэм хэмжээний хэмжүүрийг Дэнс болгон бариулж итгэл найдвараа өгөх боломж юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шуугчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан нь шүүгчид аливаа нөлөөнд үл автах, шударга шүүхийг бүрэлдүүлэх эрх зүйн чухал үндэс, баталгаа болсон байна. Монгол улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Энэхүү эрх мэдэл хэрэгжих хэд хэдэн онцлогийг Үндсэн хуульд тодорхойлсон байна. Үүнд:
- Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглосон.
- Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.
- Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
- Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд:
- Шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн хэмээн тодорхойлсон байна.
Эдгээрээс авч үзвэл шүүх нь хэргийг шийдэхдээ, байцаан шийтгэх ажиллагааг зохицуулсан хуулийн дагуу, гуравдагч этгээдийн хувьд хараат бус байж, тал засахгүй, алагчлахгүй байх бодит, бие даасан байгууллага юм.
Шүүхийн үндсэн тогтолцоог
- Улсын дээд шүүх
- Аймаг, нийслэлийн шүүх
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэж байхаар тогтоосон байна.
Монгол улсын шүүх нь эрх хэмжээгээрээ:
- Анхан шатны
- Давж заалдах шатны
- Хяналтын шатны гэсэн гурван шаттай байна.
Шүүх байгуулах эрхийг гагцхүү Монгол Улсын Их Хурал эдэлнэ. Монгол улсын Үндсэн хуульд тодорхойлсноор эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг аймаг, нийслэлийн Засаг даргатай дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй зөвшилцөн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэж Улсын Их Хурал байгуулж, өөрчилж, татан буулгана. Шүүхийн тухай хуульд зааснаар, харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан шүүхийг байгуулж болно. Монгол Улсад хүн, аж ахуйн нэгж, байгууллага хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшлах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх талаар хуулиар тогтоосон нийтлэг журмыг үл баримтлах шүүх байгуулахыг хориглосон байдаг байна.
Хуулиар шүүхэд харъяалуулсан хэрэг, маргааныг шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх эрхгүй. Энэ нь манай улсын түүхэнд тохиолдсон шүүхээс гадуур шүүн таслах үйл ажиллагаа явуулж байсан гашуун дурсамжийг дахин гаргуулахгүй байх үндсэн баталгаа болох юм.
Монголд Улсад шүүх нь шүүгчдээс бүрдэнэ. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын 35 нас хүрсэн иргэнийг, бусад шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол улсын 25 нас хүрсэн иргэнийг томилдог (Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3).
Шүүгч нь өөрийн шийдвэрийг Үндсэн хуульд заасан үнэт зүйл, зарчмыг үндэслэн, үйлчилж буй хуулийг баримтлан, эрх зүйт төрийн ба иргэний нийгмийн үндсэн эрх зүйн зарчимд нийцүүлэн гаргана.
Хэдийгээр шүүгч зөвхөн хуульд захирагдах боловч тэрээр шүүх эрх мэдлийг хараат бус хэрэгжүүлж, иргэдийг төрөөс болон бусад иргэдээс хамгаалах эрх зүйн хамгаалалтын баталгаа болдог.
Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмуудыг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”
- Шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчим. Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн дур зоргоор хандахгүй, бусдын нөлөөнд автахгүй, хэнийг ч алагчлан үзэхгүй, зөвхөн хуулийн хүрээнд түүнийг дээдлэн үзэж, шударга байх зарчим юм.
- Мэтгэлзэх зарчим. Урьд нь манайд хэрэгжиж байгаагүй энэхүү зарчим “Шүүн таслах ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” (Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйл) гэсэн хуулийн заалтаар баталгаажиж байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хуулиар эрх олгосон бусад оролцогч хэрэг, маргааны үйл баримт, шүүгдэгчийн болон зохигчдын гэм буруу байгаа эсэхийг шүүхэд нотлох замаар мэтгэлзэнэ.
- Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Энэ нь хэнийг ч үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтаар баталгаажна. Хүн бүр эрх зүйн этгээд байна.
- Гэм буруутайд тооцож үл болох зарчим. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14. Шүүхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”. Түүнчлэн шүүхээр гэм буруутайд тооцсон бол түүний ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглодог юм.
- Хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцох зарчим. Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэжээ. Хуулийн дагуу шүүх анхан шатны журмаар хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. Иргэдийн Төлөөлөгчид нь хуульд заасан тодорхой бүрэн эрхүүдтэй байна.
- Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах зарчим. Шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах, хэргийн баримт сэлттэй танилцах, шүүх хуралдаанд биеэр оролцох эрхтэй. Шүүх энэхүү эрхийг тайлбарлаж түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэг хүлээнэ.
- Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулах зарчим. Үндсэн хуулийн 53 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна” гэжээ. Монгол хэл мэдэхгүй хүн хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцах, шүүх хуралдаан дээр эх хэлээрээ үг хэлэх, хэлмэрч авах эрхээр хангагдана.
- Шүүх хуралдааныг нээлттэй явуулах зарчим. Хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хаалттай хянан хуульд шийдвэрлэхээр хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
- Шүүхээс хууль хэрэглэх зарчим. Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ. Шүүх Үндсэн хуульд нийцээгүй, хэрэг, маргаан гарах үед хүчин төгөлдөр болоогүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй. Шүүх тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал оруулна. Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ мэдүүлэх журамтай юм.
Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх, хараат бус шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоосон. Шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангаж, улсын төсвөөс санхүүжүүлдэг. Шүүхийн төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгадаг байна. Шүүхийн төсөв нь Улсын дээд шүүхийн төсөв, орон нутгийн шүүхийн ба дагнасан шүүхийн төсөв, Ерөнхий зөвлөлийн төсвөөс бүрдэх бөгөөд тэдгээрийг Улсын Их Хурал тус, тусад нь батална. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн төсөв нь шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Түүнчлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хамгаалах зорилготой тусгай байгууллагууд ажилладаг байна. Хуульчдын дотроос шүүгч болох хүнийг шилж, сонгон шалгаруулах, эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах, шүүгчид нэр дэвшигч болон шүүгчийн мэргэжлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж дүгнэлт гаргах, сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн мэргэшлийн хороо, Шүүгчийн сахилгын хороо зэрэг орон тооны бус байгууллага ажиллаж байна.
Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагууд нь бидний дээр үзсэнээр гурван шатны шүүх болно. Монгол Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгуулага мөн. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Улсын дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хуралд танилцуулж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Тодорхой бус хугацаагаар Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилж байгаа нь шүүгчийн хараат бус байх нэг үндсэн нөхцөл болдог байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар, Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, арван зургаан шүүгчээс бүрдэж байна Шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй Иргэний хэргийн танхим, Эрүүгийн хэргийн танхим гэсэн хоёр танхимтай Танхимын бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн санал болгосноор Улсын дээд шүүх батална. Харин Танхимын тэргүүн шүүгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
Монгол Улсын дээд шүүх Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар олгогдсон дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлдэг
- Хуулиар харъяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх Өөрөөр хэлбэл, хэрэв хуулиар харъяалуулсан бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим хэрэг, маргааныг Улсын дээд шүүх анхан шатны журмаар авч хэлэлцэж болох юм.
- Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх. Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхэд давж заалдаж болно. Түүнчлэн бусад шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу хянан үздэг.
- Хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын Ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх. Иргэдийн гаргасан, хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тухай маргааныг харъяаллын дагуу Үндсэн хуулийн Цэц Улсын Ерөнхий прокурор Улсын дээд шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлж болно. Тухайлбал, Үндсэн хуульд нийцэж буй бусад хуулиар зохицуулсан хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон маргаан Үндсэн хуулийн Цэцэд ирвэл Үндсэн хуулийн шууд заалттай холбоогүй учраас Улсын дээд шүүхэд харъяаллын дагуу шилжүүлж хянан шийдвэрлэдэг байна.
- Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Үндсэн хуулиас бусад тухайн хуулийг хэрэглэх албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхийн хуралдаанаас гаргадаг. Улсын дээд шүүхийн тайлбарыг тухайн хуулийг хэрэглэж байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
- Улсын дээд шүүхийн дэргэд шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлахад хууль зүйн онолын асуудлаар зөвлөмж өгөх, шүүхийн тоо бүртгэл, практикийг нэгтгэн дүгнэж, санал гаргах үүрэг бүхий судалгааны төв ажилладаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах шүүгчийн тухай санал гаргах Улсын дээд шүүхийн хуралдаанаас Ерөнхий шүүгчээр томилуулах шүүгчийн тухай санал гаргадаг бөгөөд зөвхөн Улсын дээд шүүхийн шүүгчдийн дотроос Ерөнхий шүүгчид нэр дэвшинэ.
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хүний тухай санал гаргах
- Нэр дэвшсэн шүүгчдээс Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох.
- Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар заавал хянан шийдвэрлэх
- Хуульд заасан бусад бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг байна.
Аймаг, нийслэлийн шүүх нь анхан шатны, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг. Аймаг, нийслэлийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Энэ шатны шүүхийн шүүгчдийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаагүйгээр томилно. Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилдог. Монгол улсад одоогоор аймаг, нийслэлийн 2 шүүх ажиллаж байна.
Аймаг, нийслэлийн шүүх дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх. Сум буюу сум дундын шүүхийн шийдвэрийг аймгийн шүүхэд, дүүргийн шүүхийн шийдвэрийг нийслэлийн шүүхэд давж заалдах буюу хянуулж болно. Давж заалдах хугацаа 10 хоног байна.
- Хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх. Тухайлбал, нэхэмжлэлийн үнийн дүн нь 10 сая төгрөгөөс дээш иргэний хэрэг, Эрүүгийн хуульд заасан онц хүнд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн “r”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид 25 жил хүртэл хугацаатай хорих ял буюу цаазаар авах ял оногдуулахаар заасан санаатай гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэдэг байна.
- Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй. Аймаг, нийслэлийн шүүх энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ сум буюу сум дундын, дүүргийн шүүх тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хутгалдан оролцож, чиглэл зааварчлага өгөхийг хориглодог.
- Хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх бол анхан шатны шүүх мөн. Эдгээр шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийн дотроос 6 жилийн хугацаагаар, бусад шүүгчдийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус томилдог. Монгол улсад сум буюу сум дундын 29, дүүргийн 8 шүүхэд 200 гаруй шүүгч ажиллаж байна.
Сум буюу сум дундын, дүүргийн шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Хуулиар Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд харъяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг (хамтын зарчмаар) шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасны дагуу оролцуулдаг.
- Хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Дагнасан шүүх, Монгол Улсын Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болохыг заасан. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй. Одоо манай улсад шүүн таслах ажлын төрлөөр Захиргааны шүүхийг байгуулах, энэ талаархи нийгмийн харилцааг зохицуулах хуулийг батлан гаргах бэлтгэл ажлыг хангаад байна. Дагнасан шүүхийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хэлбэрээр байгуулж болох юм. Дагнасан шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ. Дагнасан шүүх нь хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Зарим оронд төрөлжсөн шүүхүүдийн зэрэгцээ тодорхой мэргэжлийнхэнд хамаарагдах онцгой шүүх эрх мэдэл байдаг. Жишээ нь, Германд түшмэлийн сахилга батыг шүүх, эрх зүйт төрд ч төрийн удирдлагыг хэрэгжүүлж, хуулийг биелүүлж, гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэх хувь хүн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж ямар нэг байдлаар (үйлдэл, эс үйлдлээр) хууль зөрчих тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засаг дарга, улсын байцаагчид, янз бүрийн эрх олгох чиг үүрэгтэй албан тушаалтнууд их бага хэмжээгээр хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэтрүүлж хууль зөрчдөг. Энэ нь гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаатай нь холбогдсон байдаг. Иргэний нийгэмд эдгээр зөрчил, маргаанд иргэд гомдол гаргаж хянуулдаг механизм болох захиргааны шүүхийг чухалчлан үздэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх бүрэн эрхийг хэрэгжүүлэгчид хуулийг хэрхэн сахин биелүүлж буйг иргэд хянаж, түүнийгээ захиргааны шүүхээр шийдвэрлүүлж байдаг байна. Энэ нь иргэдийн өргөдөл гомдлоор гүйцэтгэх бүрэн эрхийг хэрэгжүүлэгч субъектын хууль зөрчиж буй эсэхийг хянах хамгийн энгийн тогтолцоо юм.
Захиргааны шүүх нь эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй адил процессын хуультай байх нь зүйтэй юм. Үүнд хэд хэдэн онцлог зарчмыг хуульчлах ёстой.
- Захиргааны шүүх бусад шүүхийн адил нэхэмжлэл буюу гомдол маргааны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх.
- Зөвхөн нэхэмжлэл буюу өргөдөл гомдолд буй шаардлагыг авч үзэх. (Өөрөөр хэлбэл, өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн буюу өргөдөл гомдолд дурдагдаагүй шаардлагыг авч үзэхгүй)
- Нотлох баримтыг бүрдүүлэхэд шүүх оролцох (нийтийн эрх зүйн буюу захиргааны давуу эрхтэй талын хувьд материалыг шаардаж гаргуулах эрх)
- Захиргааны дээд шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх зэрэг болно.
Манайд захиргааны шүүх байгуулах тухай асуудал хэдийгээр маргаантай байгаа ч нэгэнт Үндсэн хуульд тодорхойлсон эх сурвалжтай, иргэний нийгмийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас нэн даруй байгуулах нь зүйтэй юм.
Хэдийгээр шүүх байгуулж зардал мөнгө гарган төсвийг хүндрүүлж буй мэт сэтгэгдлийг одоохондоо төрүүлж буй боловч хэрэв байгуулагдаад ажиллавал иргэний нийгэм төлөвшиж хуучин сэтгэлгээнээс салж чадаагүй захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг зогсоож хавьгүй их зардал хэмнэх болно.
Эрх зүйт төрийн нэг үндсэн баталгаа нь Захиргааны шүүх бөгөөд хуулийн дагуу ажиллаж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг иргэдийн хяналтад оруулах явдал юм.
Шүүх эрх мэдэл хэрэгжихэд шүүн таслах эрхийг хэрэгжүүлдэггүй боловч шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай салшгүй холбоотой үйл ажиллагаа, бүрэн эрх нь хэрэгждэг байгууллагууд байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд Прокурорын байгууллагын талаар заасан байдаг. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
Түүнчлэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан үндэслэлээр Монгол Улсын иргэн “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийн дагуу шүүн таслах үйл ажиллагаанд өмгөөлөгчид оролцдог.
Монгол Улсын өмгөөлөгчдийн холбоо нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, шүүх бүрэн эрх хэрэгжихэд мэтгэлзэх зарчмаар оролцдог байгууллага юм.