Д.Мөнх-Очир
/Монгол Упсын Аюулгүй байдлыг хангах газрын Дээд сургуулийн Эрх зүй, нийгэм судлалын тэнхимийн багш/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: Балканы хямрал, Цагиргийн онол, Гурвалжингийн онол, өөр хоорондын тэмцэл, гегемони, дистанцчилал, өнөө ба ирээдүй
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Балканы хойг, түүний дотор хуучин Югослав дахь хямрал баруунаас зүүншлэх замаар найм дахь жилдээ даамжран ужиграж, эцэстээ тивийн хэмжээний дайн дэгдээсэн нь цаашид дэлхийн шинэ дайн гарах уу, үгүй юү гэдэг асуулт өөрөөсөө ургуулав. Энэ процессыг улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн өөр өөрийнхөөрөө тайлбарлахыг оролдон, буруутныг эрж хайх давлагаан газар аваад байгаа ийм цаг үед бий болсон нөхцөл байдалд геостратегийн түүхчилсэн анализ хийж, дайн гарах болсон учир шалтгааныг Милошевич, Клинтон, Ругово нараас бус, өөр хүчин зүйлээс эрэх сонирхол судлаач нарт төрж байгаа нь ойлгомжтой. Эл илтгэлийн зорилго нь Балканы хойгийн хямралд өртөмтгий байдлыг хүний хүчин зүйлээр бус, хүнээс үл хамаарах өгөгдсөн нөхцөлийн хүчин зүйлээр тайлбарлах оролдлого хийхэд орших ба үүнд шаардагдах судалгааг геостратегийн судалгаанд хэрэглэдэг “цагиргийн онол”, “гурвалжингийн онол”-ыг үндэслэн тухайн бус нутгийн хямралын түүхийн хронологид тулгуурлан хийсэн болно.
- Балканы хямрал ба “цагиргийн онол”
Түүхээс үзэхэд, Балканы хойг нь Европ тив дэх хямралд хамгийн их өртөмтгий бүс нутаг болох нь харагддаг. Энэ нь цэрэг – дайны аюулд хамгийн өртөмтгий гэсэн үг ба цэрэг дайны аюул нь юуны түрүүнд геополитикийн хүчин зүйлээс хамаардаг байна. Энэхүү геополитикийн хүчин зүйл нь ерөнхийдөө газар зүйн байршил гэсэнтэй утга дүйх боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, шашин – соёлын хүрээ, улс төрийн үзэл суртал, улс төрийн систем, аж ахуй, эдийн засгийн хэв шинж зэрэг олон хэлбэрээр илэрч болдог ажээ.68 Геополитикийн орон зайг тодорхойлохын тулд “цагиргийн онол”-ын дагуу аливаа улс үндэстэн тухайн бүс нутгийнхаа хямралын тэнхлэг, хонгилд багтдаг эсэх, ямар эрэмбийн цагиргийн голомтод орж байгааг тодорхойлох хэрэгтэй болно. Ингэхийн тулд соёл иргэншлүүдийн өлгий Евразийн эх газрын өрнөд хэсэг буюу Европ, Дорнод хэсэг – Азийн улс төрийн хямралын түүхэн зүй тогтлыг судалж үзье.
Эрт цагаас өнөөг хүртэл Европ тивд гарсан олон тооны дайныг авч үзвэл бараг бүгд тухайн үеийн зонхилох хүчнүүдийн хоорондын орон зайн төлөө тэмцлийн хурцадсан хэлбэр болж иржээ.
Умард Өрнөдийн эсрэг
Умард Европын вайкинг, норманууд болон тэдний ур удам, эртний Ромын эзэнт гүрний суурин дээр буй болсон шинэ залуу улсуудын хооронд гарсан удаа дараагийн дайнууд нь Төв болон Дундад Европын орон зайн төлөө тэмцэл байв. Энэ бол Европ тивд гарсан босоо тэнхэлгийн хямрал. Орон зай гэдгээр хүн амьдардаггүй, зэлүүд нутаг гэдэг утгаар нь бус, харин үзэл суртал, шашин – соёл, улс төрийн нөлөөг тусгахаар зэхэж буй харьцангуй бие даасан орон зайг ойлгож байна. Энэхүү орон зай нь юу байв?
- Газар зүйн талаас энэ нь баруунаасаа Бельгийн франкофон, фламандчуудын хил, зүүншлээд Альпын нуруу, Паннонийн тал, Дунайн хөндий хүртэл үргэлжилнэ. Ой шугуй зонхилсон Умард Европын сэрүүн бүсийн нам дор гадаргуутай район, дундаж өндөртэй уулархаг бүс зонхилсон үржил шимт, Газар дундын тэнгисийн халуун дулаан уур амьсгал бүхий Өмнөд Европын заагтай энэ зурвас газар давхацна.
- Соёл ахуйн хэв шинжийн хувьд энэ нь протестантизм, католицизмын зааг, аж үйлдвэржсэн Умард, феодалын абсолютизм хадгалагдсан Өмнөдийн хязгаар болно.
- Харин угсаатны хувьд герман язгуурт немц, голланд, скандинав, англи болон роман язгуурт итали, испани, франц үндэстний хаяа нийлэх орон зай мөн. Энэ гурван категориор ангилагдах Умард, Өмнөд хоёрын зааг нь алийг нь ч тооцсон Райний хөндийгөөр тогтсон ба чухам энэ л зурвас газар Ромын эзэнт гүрний умарт хил байсныг санахад илүүдэхгүй байх.
Энэхүү ангилалд орж буй Райний хөндийн дагуух босоо тэнхлэгийн дайны тоонд Англи – Францын 100 жилийн дайн, реформаци болон контрреформаци, вайкингүүдийн довтолгоон, Ромын пап VII Григорий, Германы эзэн хаан IV Хайнрих нарын сөргөлдөөнийг оруулж болох ба энэ жагсаалтыг ч бас цааш нь үргэлжлүүлж болно.69
Өрнөд Дорнодын эсрэг
Протестант Умард, католик Өмнөд хоёр өөр хоорондоо ийнхүү тэмцлийн голомт үүсгэж ирсэн боловч униат – үнэн алдарт Дорнод Европтой тулахад Өрнөд Европ гэсэн нэгдмэл орон зайг үүсгэж хэвтээ тэнхлэгийн сөргөлдөөнд орсоор ирсэн байна. Хэвтээ тэнхлэгээр гарсан бүх дайны явцыг ажиглавал, төв тэнхлэгийн Герман, дорнод Европын славянчууд, нэн ялангуяа Орос хоёрын хооронд олонх нь болж өнгөрчээ. Үүнд газар зүйн ямар хүчин зүйл үйлчлэв?
Баруун Европ их далайн шууд гарах нөхцөл бололцоотой учир цэргийн хүчээр орон зайгаа тэлэх зорилгоо далайн чанадад хэрэгжүүлэх нь олонтаа байв. Харин Ромын Эзэнт гүрний залгамжлагч гэж өөрийгөө зарласан хоёр улс (Их Карлын эзэнт гүрний үлдэгдэл, хожим нь ариун Ромын эзэнт гүрнийг байгуулж, Ромын бүргэдийг сүлд бэлгэдлээ болгосон Герман үндэстэн, түүний голлох хүч болох Прусс, нөгөө талаас Византийн их гүрэнтэй соёл ба хаадын удам ургаар ч холбогдож өөрийгөө “гурав дахь Ром” хэмээн тунхаглаж Византийн хоёр толгойтой бүргэдийг сүлдээ болгосон Орос) Дорнод Европын слав болон слав бус үндэстний орон зайн төлөөх ил далд хэлбэрийн тэмцэлд орж ирсэн байна.
- Энэ орон зай бол газар зүйн хувьд хойноосоо урагшлан Балти, Польш, Чех, Словак, Балкан хүрэх буюу Вислын хөндий – Карпатын нуруу гэсэн зурвас газар үүсгэнэ.
- Үзэл суртлын хувьд өрнөдийн католик – протестант шүтлэг, дорнодын үнэн алдарт ёсны тэмцлийн талбар болно. Үүнд Украины баруун хэсэг нь Католик сүсэгтэй болохыг саная.
- Соёл – ахуйн хэлбэрийн хувьд мөн л харьцангуй хөгжсөн Өрнөд, хоцрогдсон Дорнодын эзэрхэг маягийн төрт ёсны зааг, улс төрийн нөлөө тогтоохын төлөө тэдний тэмцлийн талбар байлаа.
XIII зуунд Тевтончууд Александр Невскийтэй байлдсанаас эхлэн Грюнвальдын тулалдаан, Польшийн дайн, Орос – Шведийн хооронд гарч 21 жил үргэлжилсэн Умардын дайн, долоон жилийн дайн, Дэлхийн I, II дайн гэх зэргээр үүнийг дурдаж болно. НАТО-д Чех, Унгар, Польш гурвыг элсүүлэхийг тойрсон асуудлаас үзвэл саяхан болтол энз эрх ашгийн тэмцэл хурц биш боловч аядуу хэлбэрээр үргэлжилсээр байна.70
Загалмай Хавирган сарын эсрэг
Баруун Евразийн хэвтээ тэнхлэгийн энэхүү хямрал дараагийн шатны сөргөлдөөнд ороход Христосын шашинт Европ гэсэн нэгдмэл цогцолбор болж өмнө зүгт лалын ертөнцтэй тулж ирнэ. Лалын ертөнц, Христосын ертөнц хоёрын тэмцлийн орон зай нь баруунаас зүүн тийш Газрын дундад тэнгис, Балкан, Бага Ази- Кипр, Кавказ гэсэн хонгил үүсгэнэ.
Дээрх бүх тэнхлэгүүдийг нэгтгэн цагирган эрэмбэд оруулбал Баруун Евразид хямралын нэгдүгээр эрэмбийн голомт буюу цэрэглэсэн түрэмгийлэлд хамгийн өртөмтгий район нь Балкан болж таарч байна.
Балканаас зүүнтээ
Нэгэнт хямралын голомт, цагиргийн тухай дурдсан тул гарч буй дүр зургаа бүр тодруулахын тулд өгүүлэн буй асуудалд шууд хамааралгүй боловч Евразийн төв ба зүүн хэсэгт хямралын ямар голомт байгааг дээрх аргачлалаар товчлон гаргаж үзье.
Оросоор төлөөлүүлсэн Христосын шашинт өрнө дахин, лалын ертөнц хоёрын тэмцлийн орон зай баруунаасаа Кавказ, Ижил- Уралын район, Казахстан, Дундад Ази (үүнд Орос-Туркийн дайн, Чечений дайн гэх мэт жишээ дурдаж болно) гэсэн байрлал эзэлж байхад Хятадаар төлөөлүүлсэн Зүүн Азийн буддизм – күнзийн соёлын лалын ертөнцтэй хиллэх зааг нь хойноосоо урагшаа Шинжаан, Кашмир, Хойд ба төв Энэтхэг гэж сунаж тогтжээ. Пакистан – Энэтхэгийн хооронд Кашмирт дэгдсэн дайн, хямрал ба Гималайн нурууны орчмын Хятад- Энэтхэгийн сөргөлдөөн бол энэ хоёр гипер бүс нутгийн шууд хиллэх, улмаар бие биедээ тулж гарах гэсэн тэмцлийн илрэл болсон байна.
Харин Европ (өргөн утгаараа) Зүүн Ази хоёр, тухайлбал Орос, Хятад хоёр дундаа асар том буфер орон зайтай. Тэр нь Төв Ази буюу Монгол. Хоёр талаар нь Дундад Ази, Зүүн хойд Ази хоёр мөн л жийргэвч бүс болно.
Одоо эдгээр тэнхлэгүүдийг цагирган эрэмбэд оруулж үзэхэд Зүүн Еврази дахь хямралын нэгдүгээр эрэмбийн голомт бол
Дундад Ази, ерөөс Еврази дахь хямралын нэгдүгээр эрэмбийн хүрээнд Балкан – Бага Ази, Кавказ – Дундад Ази гэсэн хонгил үүсч байна.71 Үүнд сүүлийн зуугаад жилийн үйл явдлыг сөхөхөд л хангалттай нотолгоо болох билээ. Балканы хойг бол өөрийн геополитикийн хүчин зүйлээс хамааран Европ тив дэх хямрал хамгийн өртөмтгий район болох нь тогтоогдлоо.
Харин Балканы хойгийг хямралд өртүүлэх ямар орчин нөхцөл үйлчилдгийг илрүүлэхэд геостратегийн судалгааны өөр нэгэн аргачлалыг сонирхон үзэх шаардлагатай болж байна.
2. Балканы хямрал ба “гурвалжингийн онол”
Өмнөх хэсэгт Балканы хойг нь Еврази дахь хямралын голомтын нэг хэсэг ба Европ тивийн хямралын цагаригийн төв голомт болох тухай өгүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд энэ бүс нутаг геополитикийн дөрвөн хүчин зүйлийн уулзвар дээр оршин
тогтнож ирсэн байна. Харин эдгээр дөрвөн хүчин зүйл нь:
- түүхийн бүх үеийн турш Балканы хойгийн асуудлыг тодорхойлж ирсэнгүй, харин энэ бүс нутаг өнгөрсөн хугацаанд эдгээрийн дотроос хоёр буюу гурван хүчин зүйлээс нь хамааралтай байсан болох нь түүхэн процессоос харагдана,
- эдгээр нь тогтмол хэмжигдэхүүн бус, хувьсагч байсан нь хямралт байдлын үүсэл, өрнөлд маш тодорхой нөлөөлжээ гэсэн хоёр дүгнэлт хийж болохоор байна.
Гурвалжин хамаарлын эерэг шалгуурууд нь:
- гурван хүчин зүйл зэрэг оршин тогтнож байх,
- тус бүрийн хүчин чадал, нөлөө, идэвхжилтийн ялгаа хэт их биш байх,
- хоорондын харьцаа нь адилхан найрсаг, эсхүл адилхан дайсагнасан байх.
Харин сөрөг шалгуурууд нь:
- Гурван хүчин зүйлийн аль нэг нь түүхэн үйл явдлын тавцангаас хөндийрсөн буюу өөр хүчин зүйлд байраа тавьж өгөх явцад “геополитикийн цоорхой” үүссэн,
- Аль нэг нь илт давамгайлах буюу хүчин хэт мөхөстөх (гэхдээ үүнийг аль нэгийнх нь хүч суларсантай адилтгаж болохгүй,
- Хоорондын харьцаа тэнцвэртэй бус, тухайлбал, хоёр нь бүлэглэн эвссэн тохиолдолд.
Гурвалжин хамаарлын эерэг ба сөрөг шалгууруудыг тус бүрд нь комбинаци болгон ангилж үзье. Ингэхдээ нэгдэх шалгуур буюу хүчин зүйлийн тоо 3 байвал (+), 2 буюу 1 байвал (-) гэж тэмдэглэнэ. Хоёр, гурав дахь шалгуурыг нэгтгэн хүчин зүйлсийн хүчний тэнцвэрт харьцаа хэмээн томъёолж мөн (+), (-) гэж тэмдэглэе.72
1-р 2-р 3-р 4-р
комбинаци комбинаци комбинаци комбинаци
тоо : + тоо : + тоо : – тоо : –
хүч : + хүч : – хүч : + хүч : –
Өнөөгийн цаг үед бидний ажиглан буй хямралын зүй тогтлыг илүү тодорхой бөгөөд оновчтой томьёолохын тулд Балканы хойгийн улс төрийн түүхийг он дарааллын зарчмаар мөшгиж үзье. Ингэхдээ энэ бүс нутгийн бүх түүхийг тэр чигт нь үйл явдлын хураангуй маягаар тоочихдоо бус, түүхэн эргэлтийн мөчлөгүүдийг буюу өмнөд славяны ард түмнүүд хөндлөнгийн хүчнүүдийн эрхшээлд байсан, өөрийн туурга тусгаар төр улсаа байгуулж ирсэн үеүдийн ээлж дарааллыг системчлэн сонирхох болно. Энэ нь тухайн цаг үе тус бүр аль комбинацид хамаарахыг тогтоох замаар 1990-ээд оны түүхэн үйл явдлыг өмнөх үеүдэд болж өнгөрсөн үйл явдлуудын категориор хэмжих оролдлого болох юм.
Македон Эллиний үе
Ромын гегемони
Балканы хойг, ялангуяа Савва, Дунай мөрний дагуух буюу одоогийн Югославын нутагт нэн эртнээс нааш иллир, дак, фрак үндэстэн нутаглаж ирсэн ба энэ район нь бүхэлдээ македон- эллиний соёлын хүрээнд хамаарч байсан юм. Харин хөндлөнгийн буюу Ромын, варварын хэмээгдэгч Умард Европын хүчин зүйл тийм ч нөлөөтэй бус байсан нь газар зүйн алслалт, тухайн цаг үеийн үндэстэн, угсаатны тархалтаар тайлбарлагдах болно. Юутай ч, Ромын төр дорнын ертөнц буюу эллинизмийн соёлоор өрнөтэй хиллэсэн Персийн нутгийг эзлэх оролдлого удаа дараа хийж байсан боловч тэр нь төдийлөн амжилттай болж байгаагүй юм. Харин Македоны
Александрын төрсөн нутаг болох Европоос Ази уруу гарах стратегийн түшиц газар – Балканы хойг, ялангуяа түүний төв хэсэг буюу Дунайн хөндийг эзэлснээр Ромын нутаг дэвсгэр дорно зүгт тэлэх бололцоотой болсон юм. МЭ 115 онд эзэн хаан Траян Савва – Дунайн хөндийг эзэлснээс хойш Өрнөдийн бүх хүчнүүд энэ бүс нутгийг стратегийн хувьд чухалчлах болсон ба энэ үйл явдлыг Балканы хойг дахь давтагдсан хямралын эх үүсвэр байсан гэж үзэж болно.
Хүчин зүйлсийн хувьд Ром, Перс гэсэн хоёр хүчин зүйлээс хамаарсан ба гуравдагч хүчин зүйл үгүй, Ромынх Персийнхээс илт давуу байсан зэргээр тухайн үеийн хүчний харьцааг үзвэл 4-р комбинаци буюу (- -) хамаарал үүсч байна.
Өөрөөр хэлбэл, гурван хүчин зүйлийн нэг нь огт үгүй, нэг нь сул, нэг нь хүчтэй буюу хүчний тэнцвэр алдагдсаны улмаас төв район хамгийн хүчтэйгийнх нь эрхшээлд орж, тусгаар байдлаа алдаж байна.
“Ромын-Византи-Варварууд” гурвалжин
Дараагийн хоёр зуугаад жилд Балкан дахь геополитикийн орчинд язгуурын өөрчлөлт орсон нь юуны түруүнд, Райн- Дунайн сав газар буюу Ромын эзэнт улсын умарт хилээс хойших нутагт варварууд хэмээгдсэн герман аймгууд хүчирхэгжиж, Европ дахь геополитикийн нэгэн тогтвортой хүчин зүйл болсонтой холбоотой. Нөгөөтээгүүр, герман аймгуудын хүчирхэгжилтийг дагаад хүч нь аажмаар суларсан Ромын их гүрэн 390 онд хоёр хуваагдан Ром, Византийн төрийн уламжлалыг үүсгэсэн нь газар зүйн хувьд Дунайн хөндий буюу Балканы хойгийн төв дундуур таарлаа74. Хуучны эллинизмийн соёл – ахуйн хэв шинж романчлалын давлагаанд тэсч үлдсэн төдийгүй, өөрийн өвөрмөц өнгө төрхөө хадгалан дахин сэргэсэн нь Европ дахь геополитикийн хоёр дахь хүчин зүйлийн орыг эзлэн тогтжээ. Хүчний тэнцвэрийн тухайд бол, хэдийгээр шинээр мандаж байсан ч варварын хүчин зүйл Ромын болон Византийнхтай зэрэгцэж очихоор хүчирхэгжих түүхэн цаг нь болоогүй байв75.
Ийнхүү Балканы хойгийн бидэнд мэдэгдэх түүхэнд анх удаагаа геополитикийн хувьд гурвалжин хамаарал үүсч байна. Хүчний тэнцвэрийн хувьд гурван хүчин зүйлийн нэгийнх нь сул, нөгөө хоёр нь хүчтэй байсан ба хүчтэй хоёр нь хоорондоо дайсагналцсан бус, найр тавьсан харьцааг хадгалж байсан нь гуравдах хүчин зүйл болох варвар аймгуудын хувьд Балкан уруу орон зайн тэлэлт хийх бололцоог хязгаарлаж ирсэн гэж үзэж болохоор байна.
Энэ нь ч анхны гурвалжингийн үед Балканы хойгт тусгаар тогтносон төр улсууд үүсч чадаагүй, зөвхөн хоёр эзэнт улсын хилийн район болоход хүргэжээ. Гэхдээ германы хүчин зүйлийг огт идэвхгүй ажиглагчийн байр сууринаас хандаж байсан гэж үзэж болохгүй ба Гот, Вандал, Свев аймгууд Ромын төрийг мөхөөх их аянаа өөрийн уугуул нутгаас шууд Райнийг гатлан өмнөд Европ уруу цөмрөн орох замаар бус, нуман хэлбэрийн маршрутаар буюу Балканаар дайран тэнд мөн дорно зүгээс довтолгон байсан хүннү, славяны аймгуудтай хүч хавсран хийж байсныг санахад илүүдэхгүй байх76. Ром, Византи нь варвар аймгуудын эсрэг нэг эвсэлд багтаж байсны улмаас бүхэлдээ тусгаар тогтносон улсууд үүсэх процессийг хязгаарлан барьсан байна. Энэ үеийг 2-р комбинаци буюу (+ -) хамааралд багтааж болно.
Византийн гегемони
476 онд Ромын төр мөхөж, сүүлчийн эзэн хаан Ромул Август (түүхийн өвөрмөц сонин давтагдлын нэгэн жишээ энэ юм. Ромын өвөг дээдэс гэгдэх Ромул, Эзэнт гүрний анхны хаан Август хоёрын нэрийг нэгэн зэрэг авсан хааны үед Ромын төр мөхөх тавилантай байжээ) германчуудад хороогдсон ба франк, вандал, вестгот болон остготын төр буурин дээр нь тогтов. Шинэ улсууд буй болсон анхны өдрөөс шахам л герман язгууртны уламжлалыг Ромын бюрократ ёс дээр суурилсан синтезийн процесс явагдаж, христосын шашин дээр тулгуурласан өрнөд Европын хэмээн нэгдмэл соёл иргэншил бий болсон юм77. Мутант хэлбэртэй энэ нэгдлийн цаашдын хувьсал Ром – Германы гэж нэрлэгдсэн төр эрх, соёл, ахуй, үйлдвэрлэлийн нэгдмэл цогцолбор болж хөгжсөөр өнөөг хүрчээ. Иймээс VI зуун гэхэд Европ дахь геополитикийн орчинд нэгэн томоохон өөрчлөлт гарсан нь тэр үеийг хүртэл хоёр салангид явж ирсэн хоёр хүчин зүйл нэгдэж эхэлсэн явдап байлаа. Харин зүүн талд нь буюу герман аймгуудын хуучны түнш славянчууд “варварын” гэгдэх нэгдмэл орчноос тусгаарлагдсан биеэ даасан хүчин зүйл болох процесс эхэлсэн байна. Дээрх хоёр явц Франкийн ханлиг үүсч, славянчууд Балкан уруу довтолсноор оргил цэгтээ хүрсэн юм.
Өөрөөр хэлбэл, Балканыг тойрсон геополитикийн хүчин зүйлүүдээс нэг нь задралд орж, хоёр хуваагдаж байхад тэрхүү хоёр хуваагдсаны нэг нь нөгөөтэй нийлэх процессын явцад “геополитикийн цоорхой” үүсч, хүчний тоо алдагдахад хүргэсэн байна. Тэнцвэрийн хувьд шинээр үүсэн буй болон үеэ өнгөрөөж буй хүчин зүйлийн аль аль нь ч тогтвортой оршин буй хүчин зүйлээс давуутай буюу тэнцүү байх магадлал туйлын бага гэдэг нь ойлгомжтой. Ийнхүү Византи дангаар ноёрхох бололцоо бий болсон нь (- -) хамаарал буюу 4-р комбинацид багтахаар байна. Үүний үр дүнд Византийн Юстиниан эзэн хааны үед буюу V зуунд Балканы хойг бүхэлдээ эрхшээлд нь орж, түүний эсрэг зогсч, стратегийн ашиг сонирхлын орон зайгаа хамгаалах хүч германуудад ч Ромын үлдэгдэлд ч, славчуудад ч байсангүй, Балкан дахь үндэстнүүдийн тусгаар байдал дахин алдагдсан билээ79.
“Франк-Славян-Византи” гурвалжин
VIII – IX зуун гэхэд Европын газрын зураг, хүчний харьцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан нь өрнө зүгт Ромын төрийн өв уламжлалыг залгамжлан авсан Ром – Германы гэгдэх Франкийн ханлиг, түүний халааг авсан Ариун Ромын Эзэнт улс хүчирхэгжиж, дорно этгээдэд Славяны хамгийн хүчирхэг улс болох Киевийн Орос байгуулагдсантай холбоотой80. Византийн урьдын сүр хүч буурсан ч Франк, Оростой эн зэрэгцэхүйц хэвээр байсан ба Европ тивийн улс төрийн орчинг тодорхойлох болсон энэ гурван их гүрний хоорондын харьцаа ч тогтвортой байсан нь Балканы хойгийн уугуул оршин суугчид болох албани болон нүүдэллэн ирсэн славчуудын хувьд үндэсний төр улсаа байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлжээ. (+ +) Хамаарал буюу 1-р комбинацид багтааж болох энэ үед Само гүрэн, Их Моравын ханлиг Төв Европын славчууд болон бусад үндэстнийг харьяандаа багтаан багагүй хөгжил дэвшилд хүрсэн юм81. Энэ улсын хил хязгаарын дотор өнөөгийн серб, словен, хорват үндэстэн үүсэн бүрэлдэж эхэлсэн байна. Гурван хүчний тэнцвэртэй харьцаанд тулгуурлан хөгжиж ирсэн энэ үеийн түүх үндэсний тусгаар тогтнолын дараа дараагийн сэргэлтүүдийн загвар болсон гэж үзэж болохоор байна.
Германы гегемони
XII зуун гэхэд Орос дотроо феодалын бутралд орж өөр хоорондын болон гадны хүчний довтолгоонд өртөн хүч нь эрс суларч, славяны ард түмнүүдийн нэгдэл сарниснаар Балкан тийш анхаарлаа хандуулах бололцоогүй болсон юм. Түүнчлэн, Византийн хүчин зүйл шинэзр түрэн орж ирсэн сельжүкийн түрэгт байр сууриа алдаж зхэлсэн тул Балканыг тойрсон орчинд “геополитикийн цоорхой” үүссэн гэж тооцох хэрэгтэй. Үүний үр дүнд хүчин зүйлсийн зохистой тоо алдагдсан, хүчний тэнцвэрт харьцаа мөн алдагдсан бөгөөд (- -) хамаарал буюу 4 дүгээр комбинацид багтах нөхцөл байдал үүсчээ. Эцэст нь загалмайтны аян дайн буюу хяналтгүй болсон орон зайн төлөө Ром – Германы хүчин зүйлийн экспанси явагдаж, Балканы хойг дахь өмнөд славяны анхны төр улс тусгаар тогтнолоо бүрмөсөн алдсан байна. Энэ үед германы соёлын нөлөө Словени, Хорватад Унгараар дамжин нэвтэрч, энэ хоёр үндэстнийг славяны бусад ард түмнүүдээс ялгарахуйц аж ахуй, шашин – үзэл суртлын хэв шинж бүхий католик ертөнцийн хүрээнд багтах үндэстэн болгон хувиргасан байна82. Мөн мөхөж буй Византийн хүчин зүйл аажмаар дорнод славяныхтай уусан нийлж, Оросын хүчин зүйл хэмээх шинэ орон зай үүсгэсэн нь Орос өөрийн төрийн болон үзэл суртлын уламжлалыг Византийн төрөөс мөхөхийн нь өмнөхөн өвлөн авч амжсантай холбоотой. Ийнхүү ваваруудын нийтлэг орчноос тасарсан славяны хүчин зүйл эдүгээ Византийнхтай нийлэн нэгдмэл орон зайг үүсгэн буй болгов. Энэ үйл явдал нь ч түүхийн дараагийн процессуудыг тодорхойлжээ.
“Герман – Орос – Түрэг” гурвалжин
XIV зуунд Ром – Германы хүчин зүйлд халаа сэлгээ гарлаа. Ариун Ромын эзэнт улс Европын, ялангуяа Төв ба Дорнод Европын улс төрийн амьдралд дорвитой үүрэг гүйцэтгэхээ больж, аажмаар шинээр үүсэн хүчээ авсан Австрийн Хабсбургийн династид байр сууриа тавьж өглөө. Яг энэ үеэр дорнодод Оросын ванлигууд аажмаар Монголын нөлөөнөөс ангижирч нэгдэн нийлэх түүхэн процесс эхлэв. Үүнийг “Киевийн Оросоос Москвагийн Орос болох үе” гэж нэрлэдэг ба Оросын шинэ
этноцентризм Москвагаар төвлөрөн бүрэлдэж эхэлсэн гэсэн үг юм. Сельжүкийн нүүдэлчин түрэгүүд ч Османы династийн суурин төр улсаар солигдон хүчээ базааж байлаа. Тэдгээр нь өөр хоорондоо ч боломжтой цагийг хүлээн дайтахад бэлэн байсан авч хүч тэнцүү байлаа. Ийнхүү гурван шинэ этнос, гурван шинэ төр, гурван хүчээ авч буй системийн хоорондын эвлэршгүй тэмцэл, орон зайн төлөө өрсөлдөөний дунд Сербийн ванлиг, Далмаци83, Черногор улсууд богино хугацаанд боловч өөр өөрийн үндэсний төрт ёсыг сэргээж авсан байна84. Өөрөөр хэлбэл, (+ +) хамаарал буюу 1-р комбинаци үүссэн байна.
Оросын дистанцчилал “Австри – Түрэгийн сөргөлдөөн
Дээрх нөхцөл байдал удаан үргэлжилсэнгүй. Австри болон Османы эзэнт улсуудын хүч түрэн буй давлагааг Оросын хөгжил гүйцсэнгүй. XV зууны дунд үе гэхэд Австри, Түрэг хоёр Төв Европын төлөө өрсөлдөөндөө саад болох гуравдагч хүчнээс үндсэндээ ангижирсан байна. Энэ нь Османы Түрэгийн цэрэг богинохон хугацаанд Серб, Хорват, Унгарыг эзлээд Венад тулж очсон боловч төдөлгүй ухарч Хорват, Унгараа Хабсбургийнханд алдахад хүргэлээ85. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүй хоёр их хүч Балканыг дундуур нь хуваан эзэмшсэнээр Серб, Болгар, Албани, Черногор нь Түрэгийн эрхшээлд, Хорват, Словени, Унгар нь Австрийн эрхшээлд орж тусгаар тогтнолоо 400 гаруй жилийн туршид алдсан ажээ86. Энэ зурвас үе буюу Балканы түүхэн дэх хамгийн урт үргэлжилсэн тогтвортой боловч бусдын эрхшээл дэх үе бол хэт хүчирхэгжсэн хоёр хүчин зүйлсийн хоорондын буфер орон зай болж хувирсан үе байлаа. Хамаарлын хувьд бол хүч тэнцүү, дайсагнасан хоёр хүчин зүйлийн (- +) хамаарал буюу 3-р комбинацид багтана.
Туркийн доройтол Австри-Оросын сөргөлдөөн
400 жилийн үсрэлт хийж 1878 онд ирье. Османы эзэнт улсын урьдын хүчин чадал эрс доройтсон ба хамжлагат ёсыг халсан Орос геополитикийн ашиг сонирхлоо эн
тэргүүнд тавьдаг болсноор Балканы хойг дахь славян үндэстнүүдийг өөрийн өмгөөлөлд авч, стратегийн орон зайгаа тэлэх эрмэлзэлдээ хөтлөгдөн Түрэгт дайн зарласан байна. Бисмаркийн нэгтгэсэн Германы эзэнт улс, Австри – Унгар хоёр ч Түрэгийг цохиж сулруулах сонирхолтой байсан нь давхцан Оростой дунд хугацааны эвсэл байгууллаа. Ийнхүү Балканыг тойрсон геополитикийн орон зайд Түрэг доройтсон төдийгүй ганцаардаж, Серб, Черногор, Румыныг алдлаа87. Харин энд Орос өөрийн соёлын нөлөөг үнэн алдартны шашнаар дамжуулан баттай тогтоож чадсанаар өмнө нь германы соёлын нөлөөнд орсон Хорват, Словенитэй зэрэгцүүлэн төрт ёс болон үзэл суртлын альтернатив хувилбар буй болгосон юм. Хамаарлын хэлбэрийн хувьд гурван хүчин зүйлээс хамаарах болсон боловч хүчний харьцаа (хүчтэй Орос, Өрнөд болон суларсан Түрэг), хүч хоорондын харьцаа (Орос, Өрнөд хоёр Түрэгийн эсрэг) тэнцвэргүй болсон нь 2-р комбинаци буюу (+ -) хамааралд багтана.
Харин XX зуун эхлэхэд геополитикийн хүчин зүйл гэдгээр өмнө нь зөвхөн нутаг дэвсгэрийн буюу газар зүйн хүчин зүйлийг ойлгодог байсан нь улирч, шашин – үзэл суртал, эдийн засгийн харилцан хамаарал голлох үүрэг гүйцэтгэх болсон нь дараагийн жишээнүүдээс харагдана. Түүхэн үйл явдлууд, түүний дотор геополитикийн хүчин зүйлүүдээс хамааралтай прецессүүд газар нутгаас бага хамаарал бүхий виртуаль шинжтэй болсон нь глобальчлагдах гэж буй XX зууны анхны дохио байсан гэж хэлж болно.
Туркийн дистанцчилал Өрнөд-ЗХУ-ын сөргөлдөөн
Түүхэн үйл явдал асар хурдацтай өрнөдөг болсон XX зуун гарснаар Балкан дахь хүчнүүдийн харьцаа, тэдгээрийн дунд өмнөд славянуудын үндэсний төр улсын түүх нэн ээдрээтэй түргэн өөрчлөгдөх болсон. Тухайлбал, 1878 онд Түрэгийг ялж Балканы хойгт өөрийн нөлеөг тогтоосон Орос 1905 оны хувьсгалаас үүдсэн дотоодын тогтворгүй байдлаас болж тивийн хэмжээний асуудалд тавих төрийн анхаарлаа сулруулсан нь Өрнөдийн католик соёлын экспансийн бодлогыг тодорхой хэлбэрээр урамшуулсан хэрэг байжээ. Австри – Унгарын эрх баригчид Османы эзэнт улсын мэдэлд үлдээд байсан Босни – Герцеговин, Албанийн төлөө дайнд зэхэж
байсан бол Түрэгийн 400 жилийн ноёрхлын үр дүнд лалын шашинд орсон Боснийн славянчууд, Албаничуудын зарим хэсэг нь Түрэгээс үл хамаарах Европ дахь лалын хүчин зүйл болж амжсан байна88. Энэ нь Түрэгийн эзэнт улсын газар нутгийн хүчин зүйл суларч доройтсон боловч орыг нь газар нутгаас үл хамаарах виртуаль хүчин зүйл буюу шашин – үзэл суртлын хүчин зүйл орлосон гэсэн үг билээ.
Дотроо хувьсгал, улс төрийн тогтолцооны өөрчлөлтөд нэрвэгдээд байсан Түрэг, Орос хоёр Балкан дахь үйл явдлаас зай барих болсон нь Австри – Унгарын экспансионист бодлогыг хэрэг дээрээ урамшуулсан мэт болсон боловч Сараевод гарсан аллагын89 дараа Австри – Унгарын хүч, шинээр буй болсон лалын хүчин зүйлтэй мөргөлдөхөд хүргэсэн ба хүчний хувьд эхнийх нь хавьгүй й илүү давуутай байсан тул геополитикийн орон зай үүссэн, хүч султай нэг хүчин зүйлийн эсрэг хүчтэй хоёр дахь хүчин зүйл цохилт өгсөн зэргээс (- -) хамаарал буюу 4-р комбинаци үүсч, Балканы славянчууд бүхлээрээ Өрнөдийн гүрнүүдийн эрхшээлд орох магадлалтай байлаа. Гэвч Балкан дахь геостратегийн ашиг сонирхлоо гэнэт санасан Орос дайнд татагдан орсноор хүчин зүйлийн тоо гурав буюу тэнцвэрт хэмжээнд хүрч, лалын хүчин зүйлээс үл хамаарсан Орос (Антант) – “Герман – Австри – Унгар” гэсэн тэнхлэгээр дэлхийн нэгдүгээр дайн гарахад хүргэлээ. Дайны эцсийн үр дүнд 1918 онд өмнед Славянчуудын анхны нэгдмэл төр улс болох “Серб, Хорват, Словенчуудын Нэгдсэн Вант Улс” нэртэй зохиомол шинжтэй улс буй боллоо. Энэ улсын бүрэлдэхүүнд дээрх гурван үндэстнээс гадна Македон, Боснийн мусульманчууд, Черногор, Косовогийн албанчууд, Воеволинагийн мажаарууд оржээ90. Харин ялагч тал нь Антант болсон тул энэ улсын хаан ширээ Оросын нөлөөний Сербийн Карагеорговичийн династид очсон байна91. Ийнхүү XX зууны туршид энэ шинэ улсын төрийн дээд эрх сербүүдийн гарт байх нөхцөл үүсэн бүрэлдсэн юм.
1929 онд энэ улс Югослав нэртэй боллоо92. Бүр эхнээсээ энэ нь Оросын славяны
хүчин зүйлийн залгамжлагч ЗХУ-ын коммунист систем, Өрнөд Европын протестант – католик хүчин зүйлийг өвлөсөн аж үйлдвэржсэн капиталист систем хоорондын тэнцүү өрсөлдөөн болон маш сулхан лалын хүчин зүйлийн хоорондын буфер орон зай болж ирсэн. Гурвалжин хамаарлын хувьд (+ -) буюу 2-р комбинацид орохоор байна. Харин 1936 онд энэ тэнцвэр эвдэгдсэн нь Итали Албанийг эзэлснээр Европ дахь лалын хүчин зүйл алга болсонтой холбоотой. Үүний дараахан буюу 1939 оны 4 дүгээр сард Герман Словени уруу цэргээ оруулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн ийнхүү Балканаас эхэлсэн нь энэ районы стратегийн ач холбогдлыг дахин харуулсан юм93. Хамаарлын хувьд хүч тэнцүү 2 хүчин зүйлийн хооронд үүссэн энэ дайны үр дүнд (- +) хамаарал буюу 3-р комбинаци үүсч Югославын тусгаар тогтнол, нэгдмэл байдал дахин алдагдахад хүргэсэн бөгөөд энэ улсын хүн ам дотроо хоёр хуваагдаж, Серб, Черногор нь ЗХУ-ын талд, Словени, Хорват Германы талд орох байдлаар талцсан ажээ.
“ЗХУ – АНУ – Хятад” гурвалжин
Дэлхийн хоёрдугаар дайн дуусахдаа мөн л Балканы хойгоор дамжсан. ЗХУ-ын Улаан Армийн Европ уруу хийсэн хамгийн анхны том давшилт бол Яссы – Кишинёвын операци байлаа. Хитлер ч Хорватын батальоны тусламжтайгаар Белградын чиглэлд хамгийн том хориглолт хийсэн. Иосип Броз Тито эзлэгдсэн орнуудын дотроос хамгийн том улаан арми болох Югославын Ардын Чөлөөлөх Армийг байгуулж тэдний эсрэг тулалдаж байсан бол У.Черчилль хоёрдугаар фронтыг Нормандад бус Югославт нээхийг уриалж байв. Дайны эцсийн тулалдаанууд ч Берлинд бус, Загребын орчим болсон байна94. Энэ бүхэн дайтагч талуудын аль алиных нь хувьд энэ район ямар ач холбогдолтой байсныг харуулна.
Дайны дараа бүрэлдсэн хоёр туйлт системд Югослав улс онцгой байр суурь эзэлсэн юм. Геополитикийн улам бүр виртуальжиж буй хүчин зүйлсийн тоонд XX зууны 30-аад онд орж ирсзн улс төрийн үзэл суртал дайны дараа шийдвэрлэх хүчин зүйл болж хувирлаа. Коммунист эвсэл, түүний интеграцийн байгууллагууд болох Варшавын Гэрээ, ЭЗХТЗ нь Орос – Зөвлөлтийн хүчин зүйлийн халааг авсан бол Германаар төлөөлүүлсэн Баруун Европын хүчин зүйлийн халааг АНУ тэргүүтэй капиталист ертөнц, түүний интеграцийн байгууллагууд – ЕЭЗХН (хожим Европын Холбоо), НАТО авлаа. Хүчний хувьд ч тэнцвэртэй болсон тул хоёр хүчин зүйлээс хамаарах (- +) хамаарал буюу 3-р комбинаци үүссэнээр хоёр системийн аль нэгэнд харьяалагдах магадлал байсан боловч газар нутгийн хувьд алслагдмал боловч үзэл суртлаар нөлөөлөх гуравдагч хүчин зүйл цоо шинээр гарч ирсэн байна. Энэ нь нэгэнтээ “варварын” гэгдэх хүчин зүйл германы болон славяны гэж задарсантай адил жишгээр коммунист блок марксист (ЗХУ), маоист (Хятад) гэж хоёр хуваагдсан үзэгдэл юм95. Гурван хүч тэнцүү, бие биедээ адил дайсагнасан хүчний дунд аль алинтай нь хөндийвтөр харьцаатай социалист Югослав улс үүсч 40 гаруй жил хөгжсөн нь хөгжлийн хамгийн таатай нөхцөл буюу (+ +) хамаарал бүхий 1-р комбинаци бүрэлдсэнтэй холбоотой ажээ. Үнэндээ ч дайны дараах жилүүдэд гарсан Югославын улс төрийн туйлын тогтвортой байдал, социалист зах зээлийн асар хурдацтай хөгжил зэрэг нь гадаад таатай орчин бүрэлдсэнтэй холбоотойгоор тайлбарлагдах ажээ96. ЗХУ-тай сөргөлдөх байр суурьтай Югославын коммунист удирдагчдыг Унгар, Чехословакт цэргээ оруулсантай адил замаар залхаан цээрлүүлэх бус, зээл тусламж олгож өөртөө татах замаар тогтоон барьж байсан нь Балкан дахь гурвалжингийн тэнцвэр алдагдвал социалист систем өөрөө нурна гэдгийг зөвлөлтийн нам, төрийн удирдлага ойлгож байсных болов уу.
Социалист систем задралд орж түүний марксист блок нуран унасан жилүүдэд маоист блок нь Югославын туршлагаар социалист зах зээлийн тогтолцоог байгуулах замаар хөгжиж, дотоодын асуудлаа олон улсын тавцан дээрх амбициасаа дээгүүр тавьсан прагматик бодлого баримталж эхлэв. Хятадын өрсөлдөгч ЗХУ оршин тогтнохоо больсноор Албани, Югославын хэрэгцээ геополитикийн хувьд үгүй болсон гэж үзэж болно98. Ингэснээр Хятад улс өөрийгөө Балкан дахь тоглоомоос татан авснаар энэ бүс нутагт “геополитикийн цоорхой” дахин үүсэв. ЗХУ-ын хүчин зүйл ч байхаа болилоо. Ийм нөхцөлд өрнөдийн блокийн дангаар ноёрхох сонирхлоо хэрэгжүүлэх бодлого цэрэглэсэн түрэмгийллээр бус, Югославын холбоог задлан, өөрийн нөлөөний Словени, Хорватыг бие даалгах чиглэлээр явагдаж эхэлсэн ба 1991 онд ЕХ, НАТО-д элсүүлэх, эдийн засгийг нь хөгжүүлэхэд чиглэсэн үлэмж хэмжээний зээл тусламж олгох зэрэг амлалтаар Словений удирдагчдыг турхиран тусгаар тогтнолыг нь зарлуулахад хүргэлээ99. Хоёр, гуравдагч хүчин зүйлийн нөлөө оргүй шахам болсон тохиолдолд улсынхаа бүрэн бүтэн байдлыг хөндлөнгийн нөлөөллөөр бус өөрийн хүчээр хамгаалах шаардлагатай тулгарсан Югославын эрх баригчид Словенийн салан тусгаарлагчдыг тогтоон барихын тулд илгээсэн цэргийн хүч нь Хорватын нийслэл Загреб хотын дундуур гарч явахдаа хэзээнээс Германы нөлөөнд явж ирсэн хорватуудын дургүйг хүргэсэн тул иргэний дайны гал Словенид хүрэлгүй, замд нь буюу Хорватаас эхлэн дүрэлзлээ100. Удалгүй Өрнедийнхний илэрхий дэмжлэгтэйгээр Югославын бүрэн байдал (энэ нь үнэн хэрэг дээрээ тусгаар тогтнол гэсэн үг) алдагдсан нь ганц хүчин зүйлээс хамаарсан (- -) хэлбэрийн буюу 4-р комбинаци үүссэнээр тайлбарлагдах юм.
Харин XX зууны эхээр дарагдсан лалын хүчин зүйл дэлхий нийтийн лалын тулгуур үзлийн хөгжлийн хаялгаар Европт дахин сэргэж, Боснийн мусульманчуудыг дайнд татан оролцууллаа.
Гэсэн ч хүчний харьцаанд өөрчлөлт орсонгүй, шинээр үүссэн улсууд тусгаар тогтнолоо бодит байдлаар нь олж авч чадаагүй ба хагас колонийн систем үүслээ101. Нэгдмэл улсаа хадгалж үлдэх найдлага нь нэгэнд тасарсан сербүүд 1993 оноос эхлэн өөрийн үндэстний оршин суудаг районуудын төлөө тэмцэлд орсон нь хуучин Югославын нутаг дахь дайны эволюциас харагдана102.
Эцэст нь өмнөд славянчуудыг хагас колонийн байдалд оруулахын тулд дэлхийн өөр ямар ч бүс нутагт эвлэршгүй дайснууд гэгддэг өрнөдийн болон лалын хүчнүүд эвсэн нэгдсэнээр Сербийг доройтуулан унагах бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрэлдсэн юм103. Дейтоны дараа ээлжит алхмаа хийж болно гэж тооцоолсон энэ хоёр хүч Сербийн соёл иргэншлийн өлгий нутаг болох Косовод XIX зууны сүүлээр шилжин суурьшсан албаничуудыг турхиран дайн өдөөсөн нь балканы хойгийг Өрнөдийн интеграцийн бүрэлдэхүүнд оруулах, ингэснээр ОХУ-ын Балкан дахь стратегийн түшиц газрыг үгүй хийх зорилготой бололтой104. Харин ОХУ-ын удирдлагын байр суурь геополитикийн гурвалжин хамааралд зарим өөрчлөлтийг оруулснаар хүч тэнцвэргүй боловч гурван хүчин зүйл зэрэгцэн орших системийг дахин сэргээж байна. Өөрөөр хэлбэл, “Өрнө дахин – Панславян – Ислам’’-ын (+ -) хамаарал бүхий 2-р комбинаци бүрэлдэж байгаа юм.
III. Балканы өнөө ба ирээдүй
Өнгөрсөн үеүдийн түүхэн эргэлтүүдийг нэгтгэн үзэхэд, Балкан дахь гурвалжин хамаарал дөрвөн комбинаци тус бүрийн алинд багтахаас тухайн цаг үед оршин тогтнож ирсэн улсуудын статус болон бүс нутгийн тогтвортой байдал хамаарч ирсэн нь харагдаж байна. Тухайлбал, дараахь хамаарлыг энэхүү судалгааны ажлаар илрүүлсэн болно:
1-р комбинаци: Тусгаар тогтносон төр улсууд хөгжих таатай орчин
2-р комбинаци: Тусгаар тогтнолоо хадгалах боловч дайны талбар болж буй
3-р комбинаци: Тусгаар тогтнолоо бүрэн алдаж, хоёр хүчний дунд хуваагдана
4-р комбинаци: Нэг хүчний дангаараа эзэмших колони болно.
Өнөөгийн Югослав дахь хямрал 3-р комбинацийн хамаарлаас эхэлсэн ба Орос улс татагдан орсноор 2-р комбинацид шилжиж байна. Энэ нь нэг талаас, Югослав болон Балканы бусад улсын улс төрийн, эдийн засгийн тусгаар тогтнол алдагдахгүйн баталгаа болж байгаа боловч, тивийн болон дэлхийн хэмжээний дайны талбар дахин болох магадлалтай байна.Ийм сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд нэг бол 1-р комбинацид шилжих буюу бүх гурван хүчний тэнцвэртэй байдлыг буй болгох, эсвэл 3,4-р комбинацид шилжих буюу Югославын холбооны улс дахин задарч, Черногор, Косовын Албан, Словен, Хорват, цаашдаа Серб өөрөө ч Өрнөдийн талыг баримтлагч улс болон хувирч болзошгүй. Харин дэлхийн нөлөө бүхий их гүрнүүд болон Балканы хойг дахь улсууд өөрсдөө аль хувилбарыг сонгон авахаас их зүйл шалтгаалахаар болоод байна.
Нэгдүгээрт, виртуаль шинжтэй хүчин зүйлүүд үйлчлэх XX зууны эцсээр тусгаар тогтнол нь өөрөө виртуаль шинжтэй болсныг хүлээн зөвшөөрч, Өрнөдийн экспансийг хүлээн зөвшөөрөх буюу системийн хувьд “дагаар орох” нь ерөөс тэнцвэргүй гурвалжин хамаарлыг үгүйсгэн, нэг хүчний ивээл дорхи тогтвортой байдлыг хангаж болно. Балканы хойгийн өөр нэгэн улс – Унгар ийм замыг нэгэнт сонгоод байгаа билээ.
Хоёрдугаарт, ОХУ-ын болон лалын ертөнцийн хүчин чадал өсөн нэмэгдэхийн хирээр тэнцвэртэй гурвалжин хамаарал дахин буй болж болох авч энэ нь ойрын ирээдүйд магадлал багатай зүйл билээ.
Гуравдугаарт, өнөөдрийн хүч тэнцвэргүй сөргөлдөөнийг цаашид даамжруулах нь бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй юм.
Дөрөвдүгээрт, Балканы хэрэг явдалд стратегийн ашиг сонирхлоо олох өөр нэгэн хүчин зүйл гарч ирэх буюу Югославын удирдлага тийм хүчнийг бүс нутгийн асуудалд татан оролцуулбал, шинээр тэнцвэртэй гурвалжин үүсгэж болох боловч дахин “геополитикийн цоорхой” үүсгэх аюултай.
Тавдугаарт, Өрнөдийн хүчин зүйл гэгч нь АНУ-ын, Европын Холбооны гэж задрах магадлал байгаа бөгөөд үйл явдлын ийм эргэлтээс ч нааштай чиг хандлага гарах магадлал бага байна.
Олон орны улс төрчид, судлаачдын нэг хэсэг нь өнөөдөр хоёр туйлт тогтолцооны оронд дэлхий хэрэг дээрээ нэг туйлтай болов. АНУ-тай тэнцүү өрсөлдөгч үгүй, мөддөө ч гарахгүй гэж байхад нөгөө буюу дийлэнх нь үүнийг үл зөвшөөрөн олон туйлт тогтолцоонд шилжиж байна, харин шинэ ертөнцөд эдийн засаг, хэдэн төв байх нь одоогоор төдийлөн тодроогүй гэсэн байр суурьтай байна. Харин нэг ба хэд хэдэн туйлт тогтолцоо гэгч нь хүн төрөлхтний түүхийн туршид хэлбэрээрээ өөрчлөгдсөн хэдий ч агуулгаа хадгалан ирсэн тогтвортой ойлголт бөгөөд нэгээс олон уруу, олноос нэг рүү шилжих шилжилтийн давтагдах эргэлтэд хамгийн түрүүнд өртөмтгий бүс нутгуудыг бид эдүгээ “халуун цэг” гэж нэрлэж заншжээ105.
Шинэ зууны геополитик, геостратегийн тодорхойлогч хүчин зүйл нь эдийн засаг, шинжлэх ухаан, технологи байх нь бараг ойлгомжтой болов. Гэхдээ цэрэг – улс төр, үзэл суртлын хүчин зүйл устаж үгүй болохгүй нь ч тодорхой. Тиймээс хямралт бүс нутгуудын ирээдүйг түүхчид, улс төр судлаачид бидэнтэй зэрэгцэн эдийн засагчид ба байгалийн шинжлэлийн эрдэмтэд цогцолбороор нь судалж, сургамж авахад хамтран ажиллаасай билээ гэж хүсч байна. Түргэн өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд “халуун цэг” гэгч нь биднээс асар хол юм шиг ханддаг сэтгэлгээнээсээ ч ангижрах цаг нэгэнт болсон болов уу гэж бодож байна. Юутай ч Балканы хойг дахь хямралын түүхэн зүй тогтолыг судлах оролдлого хийж үзэхэд, ирээдүй нь нэн бүрхэг байгаа бөгөөд ямар замаар замнах нь хүнээс хамаарах ч, эс хамаарах ч зүйлсээс адил хамааралтай болох нь харагдаж байна.