Х.Эрдэнэбат
/УАБГ-ын Дээд сургуулийн багш/
Шинэ толь №31, 2000
Түлхүүр үг: эрх зүй, баривчлах ажиллагаа, хоригдсон этгээд, захиргааны зөрчил, хүний эрхийн зөрчил
Баривчлах ажиллагааны тухай ойлголт. Дэлхий нийт енөөдөр хөгжлийн 3 дахь чиглэлийг хамгийн дэвшилттэйд тооцох хандлагатай байгаа бөгөөд улс төрийн шинжлэх ухаанд хөгжлийн 3 дахь чиглэл гэдгийг хамгийн товчоор ардчилал, тэгш эрх, иргэний нийгэм, нийгмийн өндөр хамгаалал гэж тодорхойлоод байгаа билээ. Монгол улс шинэ Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорилгоо болгосон нь дээрх ойлголттой дүйцэж байна. Эрх зүйн онолын эрх зүйт төр гэдэг ойлголтонд энэхүү асуудал хамаарч байдаг. Энэ утгаараа Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх явдал нийгмийн бодит шаардлагаар эргэлт буцалтгүй болсон билээ. Ийм ч учраас Монгол улс 1998 онд эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр боловсруулсан бөгөөд энэ асуудлын хүрээнд эрх зүйн зөрчил ялангуяа, эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хүний эрхэд халдаж байгаа төрийн хууль ёсны албадлагыг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нийгмийн амьдралд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна.
ЦЕГ-ын мэдээгээр 1998 онд улсын хэмжээнд нийт 22.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнд нийт 19.6 мянган хүн холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсын төрөөс, өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болон үйлдсэн байж болзошгүй 19.6 мянган хүний эрхэнд хууль ёсоор халдсан гэсэн үг юм.
1948 оны Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд зааснаар “хүн халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” байдаг билээ. Тэгвэл Монгол Улсын төрөөс хүний эрхэд халдаж байгаа хууль ёсны албадлагын эрх зүйн зохицуулалт туйлын хангалтгүй байна. Түүнчлэн, баривчлах ажиллагаа нь онолын хувьд харьцангуй бие даасан ойлголт гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Үндэсний хууль тогтоомжид албадан саатуулах, цагдан хорихын өмнө хийгддэг баривчлах ажиллагааг тодорхойлон заагаагүйн дээр Эрүүгийн байцаан шийтгэх албаны оролцогчдыг албадан ирүүлэх ажиллагаатай адилтгасан, нэр томъёог оновчтой бус хэрэглэсэн гэх мэт хэд хэдэн янзаар тодорхойлсон нь сонйрхол татаж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг, 16 зүйлийн 13 дахь хэсэгт “…Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. …баривчлагдсан шалтгаанд үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.” гэж заасан байна. Үндсэн хуулийн энэ заалтаас харахад баривчлах ажиллагааг бие даасан байдлаар тодорхойлсон байна.
Хоёрдугаарт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 50 зүйлд “…уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь буюу үйлдсэн дор нь барьсан, үзсэн хүн буюу хохирогч гэмт этгээдийг шууд заасан, бие, хувцас, орон байранд нь гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон …” зэрэг тохиолдолд сэжигтэнээр тооцож, эрх бүхий албан тушаалтан үндэслэл бүхий тогтоол гаргахаар заасан байдаг. Эдгээр үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах үндэслэл байж болно. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж байх үед нь буюу үйлдсэн дор нь барьсан үндэслэл нь эрх бүхий албан тушаалтан төдийгүй иргэдэд хамаарч байна.
Гуравдугаарт, “сэжигтэн, яллагдагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөн байцаалтанд ирээгүй бол тэднийг мөрдөн байцаагчийн даалгавраар цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ” гэж мөн хуулийн 138, 146 дугаар зүйлүүдэд заасан байдаг. Түүнчлэн гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний, хариуцагч, шинжээч зэрэг оролцогчдийг мөрдөн байцаалтанд зарлан дуудах хуудсаар дуудах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрхэх тухай заана гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгагдсан нь сэжигтэн, яллагдагчийг албадан ирүүлэх явдал дээрх оролцогч нар нэгэн адил хамаарна гэсэн ойлголтыг шууд агуулж байна.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хүнээс энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсэн бол аргагүй хамгаалалттай адилтган үзнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хохирогч буюу бусад хүмүүс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх бүхий албан тушаалтныг ирэх хүртэл саатуулж барих цаашилбал хүч хэрэглэх эрхтэй.
Тавдугаарт, Эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнө хийгддэг ажиллагаанд “гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөн хөөх” (ЭБШХ 116 дугаар зүйл), Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-т “…захиргааны зөрчил, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх, отолт хийж баривчлах…” гэх зэргээр баривчлах ажиллагааг тодорхойлсон байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4- т, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 11 зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 9, 10, 11 дугаар хэсгүүдэд зааснаар эрх бүхий албан тушаалтан ялтан, цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан тохиолдолд зэвсэг хэрэглэх, мөн амь нас, эрүүл, мэндэд аюултайгаар эсэргүүцэж болох сэжигтэн, яллагдагч, ялтанг баривчлах үед нэг бүрийн тусгай хэрэгсэл, албаны нохой хэрэглэх эрхтэй.
Зургаадугаарт, Хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол улсын хил нэвтрэх журмыг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэж үзнэ. Гэтэл 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д хил зөрчигчийг эрэх, саатуулах гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна.
Долдугаарт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 зүйлд захиргааны шийтгэлийн үндсэн төрөл нь баривчлах шийтгэл гэж заасан байна.
Наймдугаарт, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 7, Засгийн газрын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийг нь нотлох баримттайгаар баривчилна гэж заасан байна. Үүнээс гадна дээрхээс бусад тохиолдолд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, гэр, албан өрөө, биед нь нэгжлэг хийхийг хориглоно. Мөн УИХ- ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийнхээ газар баривчлагдсан, тухайн гишүүнийг сэжигтэнээр болон яллагдагчаар цагдан хорих зөвшөөрөл олгохыг эрх бүхий байгууллага хүссэн бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан нь түүний ажил, албан тушаалын онцлогтой холбогдуулан тогтоосон хуулийн үндэслэл болно.
Эндээс дүгнэн үзвэл эрх зүйн зөрчил ялангуяа гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байгаа этгээдийг буюу оргон зугатсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, түүнчлэн хил зөрчигчийг баривчлах ажиллагаа нь хүний халдашгүй чөлөөтэй байх, цаашилбал амьд явах эрхэд халдаж байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна. Ард иргэд, УМБГ, ЭЦГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын дунд санал асуулга явуулж “Таны бодлоор хүнийг хэзээнээс эхлэн баривчлагдсан гэж үзэж болох вэ” гэсэн асуултанд хариулт авахад асуулгад оролцсон ард иргэдийн 32.6 хувь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын 75.8 хувь нь “хүний чөлөөтэй зорчих, бусадтай чөлөөтэй харьцах зэрэг халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, түүнийг эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс” гэж хариулсан байна.
Асуулгад оролцсон ард иргэдийн 24.4 хувь нь эрх бүхий байгууллагад хүргэгдсэн үеэс, 8.1 хувь нь албадан саатулах байранд саатуулах байранд хорьсон үеэс, 26.5 хувь нь цагдан хоригдсон үеэс, 10.2 хувь нь хариулахад түвэгтэй гэж хариулсан байна.
“Баривчлах ажиллагаанд төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчимаас гадна ямар зарчмыг удирдлага болгож болох вэ” гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын 64.7 хувь нь “ямар нэгэн ялгаваргүйгээр эрх тэгш байх, хяналттай байх, ямар этгээдийг хэзээ хэн баривчлах нь нууцлагдсан байх” зарчмыг удирдлага болгох нь зүйтэй гэж хариулсан байна.
НҮБ-ын Еренхий Ассамблейн 1998.12.09-ны өдрийн 43/173 тогтоолоор батлагдсан “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц” хэмээх олон улсын баримт бичигт “баривчлах” гэдэг үг нь эрх зүйн аливаа зөрчил үйлдсэнд сэжиглэгдсэн буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр уг этгээдийг саатуулахыг хэлнэ” гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр “саатуулагдсан этгээд гэдэг нь эрх зүйн зөрчил үйлдэж шийтгүүлэгдсэнээс бусад, хувийн эрх чөлөөгөө хасуулсан аливаа этгээдийг хэлэх” бөгөөд “саатуулах” гэдэг нь үүнтэй дүйцсэн ойлголт.
“Хоригдсон этгээд гэдэг нь эрх зүйн зөрчил үйлдэн шийтгүүлж хувийн эрх чөлөөгөө хасуулсан этгээдийг хэлнэ” гэж тайлбарласан байна. Уг баримт бичигт зааснаар баривчлах, саатуулах, түүнчлэн хорих ажиллагааг хуулиар бүрэн эрх олгогдсон албан тушаалтан явуулах бөгөөд эрх зүйн зөрчил үйлдсэнд сэрдэгдсэн этгээдийг баривчлахад тэмдэглэл үйлдэх ёстой ажээ.
Уг тэмдэглэлд:
- Баривчилсан шалтгаан
- Тухайн этгээдийг баривчилсан цаг, түүнийг саатуулах болон бусад газарт хүргэсэн цаг
- Уг ажиллагааг явуулсан албан тушаалтнуудын овог нэр
- Хорих газартай холбогдолтой мздээлэл зэргийг тусгаж тэмдэглэлийг уг этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулах ёстой.
Энэ бүхний эцэст дүгнэн үзэхэд эрх зүйн зохицуулалтгүйгээр явагдаж байгаа гэж болох баривчлах ажиллагааг хуулиар тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Иймд баривчлах ажиллагааг онолын хувьд: албадан саатуулах, цагдан хорихын өмнө эрх зүйн зөрчил үйлдсэн болон үйлдсэн байж болзошгүй этгээдийн чөлөөтэй зорчих, бусадтай чөлөөтэй харьцах зэрэг халдашгүй чөлөөтэй байх хувийн эрх нь хязгаарлагдаж эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс эхлэн зохих байгууллагад хүргэх хүртэлх ажиллагаа гэж тодорхойлж болно. Харин гэмт хэргийн хохирогч бусад хүнээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх бүхий албан тушаалтаныг ирэх хүртэл саатуулах нь баривчлах ойлголт биш бөгөөд үүнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг барих явдал гэж ойлгоно. Энэ хоёр ойлголт нь субъектээрээ ялгагдана.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдийг албадан ирүүлэх явдлаас зорилгоороо ялгагдана. Тодруулбал баривчлах ажиллагаа нь эрх зүйн зөрчил үйлдсэнд сэжиглэж шалгах зорилготой байдаг бол албадан ирүүлэх явдал нь хэргийг шалгаж тогтоох ажиллагааны хэвийн явагдах нөхцлийг хангахад чиглэгдэнэ.
Мөрдөн хөөх, отолт хийх зэрэг нь баривчлах ажиллагааны тактик аргууд бөгөөд баривчлах төрөл биш юм. Түүнчлэн баривчлах ажиллагаа нь “хүн бүр аливаа ялгаваргүйгээр хууль, нийгмийн өмнө эрх тэгш байх,” хяналттай байх, нууцлагдсан байх, хулиар эрх олгогдсон байгууллага гүйцэтгэх зэрэг зарчимд үндэслэх ёстой. Нөгөөтэйгүүр баривчлах ажиллагаа ямар үндэслэл журмаар явагдах ямар тохиолдолд зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэж баривчлах зэргийг хуульчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Ингэхгүйгээр бид хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, түүнийг баталгаатай эдлүүлэх нөхцлийг бүрдүүлэх эрх зүйт төрийн тухай, Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөний аюулгүй байдлын тухай ярих нь хөөрхийлөлтэй бөгөөд илүү зүйл болно гэж үзэж байна.
Захиргааны хариуцлагын нэг төрлийг баривчлах гэж хуульчилсан нь нэр томъёоны хувьд оновчтой бус байсаар байтал Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулж УИХ-д өргөн бариад байгаа төсөлд эрүүгийн ялын төрөлд баривчлах гэж оруулсан нь хачирхалтай зүйл юм. Захиргааны журмаар баривчлах нь эрх зүйн зөрчил үйлдсэнийх нь төлөө хүний хувийн эрх чөлөөг хязгаарлаж, тусгай дэглэм бүхий байранд байлгаж, нийгмээс тусгаарлаж байгаа төрийн албадлагын онцгой төрөл учраас “захиргааны журмаар хорих шийтгэл’’ гэж томъёолох нь түүний агуулга, мөн чанарт илүү нийцэж байна.
Баривчлах ажиллагаа нь тухайн эрх зүйн зөрчлийн нийгмийн хор аюулын хэр хэмжээнээс шалтгаалж
- захиргааны зөрчилд холбогдуулан баривчлах
- эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан баривчлах гэсэн хоёр үндсэн төрөлтэй байна.
Хүнийг эрх зүйн зөрчилд холбогдуулан баривчлах үндэслэлүүдэд:
- хохирогч буюу бусад хүн зөрчил гаргасан этгээдийг зөрчлийг үйлдэж байхад нь буюу үйлдсэн дор нь барьсан
- хохирогч уг этгээдийг эрх зүйн зөрчил үйлдсэн гэж шууд заасан
- оргон зугатсан болохыг нь нийтэд зарласан буюу эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр гарсан
- бие, хувцас, орон байранд нь гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон
- эрх зүйн зөрчил үйлдсэн тухай бусад үндэслэл байгаа зэрэг тохиолдлыг хамруулан ойлгох нь оновчтой байж болохоор байна.
Баривчлах ажиллагааг эрх зүйн зөрчил үйлдсэн болон байж болзошгүй этгээдийг, уг ажиллагааг гүйцэтгэж байгаа эрх бүхий албан тушаалтан өөрийн хяналтанд авсан даруйд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчид нь уг үндэслэл, аль байгууллагад хүргэх гэж байгааг мэдэгдэн, сонирхогч байгууллагад хүргэх гэсэн журмаар явуулах нь зүйтэй байна. Энэ ажиллагааны тухай тэмдэглэл үйлдэж уг этгээдийг саатуулсан байгууллага, албан тушаалтанд өгнө гэсэн журмаар явуулах нь оновчтой байх магадлалтай гэж үзэж байна.
Энэ бүхний эцэст дүгнэн хэлэхэд эрдэмтэн судлаачид болон холбогдох байгууллага эдгээр зүйлийг анхааралдаа авч нарийвчлан судлаж үзэхийг хүсч байгаа бөгөөд ЭБШХуулийн шинэчлэн найруулсан төсөлд энэхүү ажиллагааны талаар заалт оруулж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах нь зохистой гэж үзэж байна.
Иргэдийн Үндсэн хууль, Олон улсын гэрээнд заагдсан эрх, эрх чөлөө бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, баталгаа байх ёстой.