Б.Батбаяр (БААБАР)
/УИХ-ын гишүүн/
Шинэ толь №34, 2001
1936 од Испанид иргэний дайны гал дөнгөж эхлэн дүрэлзэж байлаа. Залуу бүгд найрамдах улсыг багалзуурдан дарахаар дотоодод цэргийн хэнээтнүүд, хуучнаа санагалзагчид, хаант ёсыг эргэж тогтоохыг санаархагчид, хувьсгалаар эрх ямбаа алдагсад бөөгнөрч төрийг дэнчигнүүлж байсан бол гаднаас Фашист, Итали, Нацист Герман “ах дүүгийн гараа” сунган зэр зэвсэг тагнуул төлөөлөгч илгээж байв. Чухам энэ үед генерал Франка буй болсон юм. Тэр үед залуухан цэргийн хэнээтэн байсан түүний өмнө нь гишгигсэд ээлж дараалан үхэж, гэмтэж, хорлогдсоор түүний аз дайран арми командлах ээлж нь иржээ. Ердөө л тохиолдлын хүн. Чадахаас хүний толгой эргэтэл мунхруулах авъастай нэгэн аж. Тэрээр цэрэг удирдан Мадрид руу довтолж Бүгд найрамдах засгийг сөнөөхөөр хөдөллөө. Харин түүний цэргийн хүч төдийлөн базаалтай байж чадсангүй. “Дөрөвхөн цуваа цэрэгтэй байж Бүгд найрамдах засгийг чи яаж унагаж чадах юм бэ? Мадридыг чи эзэлж чадахгүй” хэмээн бусад нь анхааруулахад “Мадрид хот дотор миний тав дахь цуваа бий” гэж бардам хариулав. Энэ үгийг генерал Мол радиогоор давтаж бүр ч алдаршуулжээ. Үнэхээр ч Франко Мадридыг эзэлж чадсан ба үүний дараа ХХ зууны хамгийн том иргэний дайн Иберийн хойг дүрэлзэн олон зуун сая хүн, хэдэн мянган хот тосгоны дэнчингээр Испанийн Бүгд найрамдах засгийг устгасан юм. Тав дахь цуваанынхан гэж хэн байв? Урвагчид! Ердөө л урвагчид! Дарга даамлуудтайгаа муудалцагсад өшөө хонзон өвөрлөгчид, үнэ хүрвэл хэнийг ч хэдээр зарахад бэлэн шаарнууд, хувьсгалаар баяжина гэсэн мөрөөдөл нь замхрагчид, албан тушаалаа гологсод, шарыг үзэж шарвагсад, нийгмийн шинэ хөдөлгөөн үүсвэл дахин азаа туршихаар шийдэгсэд, амьдралдаа арчаагүй амьтад, ашиг хонжоо харагсад айсандаа өмдөндөө сур харвагсад, архичид, эрүүл галзуугийн хоорондынхон, биеэ үнэлэгсэд. Нэг д үгэндээ хорвоогийн хамаг адаг шавхруунууд!
Үе үеийн турш эд хүн төрөлхтөнтэй хамт оршсоор ирсэн юм. Тэд Юлий Цезарийн нугас руу хутга бүлж, Троян хотын хаалгыг нээж Неронд хов зөөж, Назартын Исүсийг 30 мөнгөн зоосоор зарж, Моцартын хундага руу хор хийж, Сократыг барьж өгч, Франц-Германы дайныг өдөөж, Ерүсалемийг найр тавин өгч, атомын бөмбөгийн нууцыг Москва руу илгээж, Марат, Дантоныг гильотины хутган дор аваачиж, гэр бүлийг салгаж, эд хөрөнгийг зувчуулж, эрдэм номыг шатааж байлаа. Эд байсан, эд байгаа, эд цаашид ч байх болно. Үлгэрлэвээс бөөс, жоом, жорлонгийн ялаа, бясаа хүнтэй хамт буй болсон, цаашид ч хүн төрөлхтнийг мөнхөд дагана. Франко нэр хайрласнаас хойш ХХ зуунаас эднийг “Тавдугаар цуваанынхан” гэх болжээ. Амандаа бал бурам, зүрхэндээ хутга мэс агссан тэдний буянгаар хүн төрөлхтөн болгоомжлол гэсэн ухагдахуунтай болсон юм.
За энэ ч яахав, гол нь Н.Багабанди маань л ерөнхийлөгчид дахин нэр дэвшлээ. Тэрээр Мадрид хотод ороод ирлээ. Асар, басар нохойгоо туусаар, хоринтавдугаар тасгийнхаа араасаа дагуулсаар, төрийн ордон, медалиудыг тэвш тэвшээр нь ачсаар ороод ирлээ. Ороод ирэнгүүт нь одоо түүний тавдугаар цуваанынхан хөдөлж эхлэв. Өмсөж байсан баг сэлтээ хөсөр хаяад Цезерийн нуруу руу хутга барин дөхнө, Моцартын хүндага руу хор чимхэн дөхнө. Боргоно, ээрнэ, гүтгэнэ, довтолно, элдэнэ, гутаана, доромжилно, агсарна.
Эх орноо элгэн садангаа, ариун нэр төрөө, алаг хорвоо дэлхийг, үнэн шударгыг үхэн хатан магтан дуулна. Ард түмнээ хайрлана, алаг дэлхий, манай нарны аймаг, бүхий л галактикийг өмөөрнө. Шударга үнэний төлөө хийж буй өөрийн үйлдлээ эрэлхэг зориг эх оронч үзлээр тайлбарлана. Эдийн засагч гэж өөрийгөө нэрлэгч нэгэн бээр сүүлийн арван жилд бас сүрхий улс төрчөө харуулж бараг арван нам сэлгэж, таван сонгуульд хүчээ үзжээ. Эдийн засагтай холбогдолтой байж магадгүй гэж сэжиглэсэн үгсийн цуглуулгаа баадагнан цүнхэлсэн тэрээр сүүлийн хэдэн жил дотоодын үйлдвэрлэлийн төлөө цохилох зүрх, сэтгэл тархи (тэр нь байдаг бол?)-аа зориулахаар шийдсэн байна. Дотоодын үйлдвэрлэл гэж чухам юуг нэрлээд байгааг сонссон хүн битгий хэл өгүүлэгч тэрбээр өөрөө ч ойлгоогүй. Лав л АПУ-ын пивийг ёслол төгөлдөр авсалж ирээд оршуулж байгааг үзэхүл пиво дотоодын үйлдвэрлэл бололтой. Үйлдвэрлэл нь биш борлуулалт нь гол юм гэж ирээд л амьтантай маргаж суултай нь биш, залхуу л байна. Харин саяхнаас “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжигч Багабандийг бүх талаар дэмжин хөгжөөх дотоодын байгууллага” буй болгон зарласан тэрээр бараг одонорхуу юм зохиогоод түүнээ сахалтай хүнд ёслол төгөлдөр гардуулсан төдийгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тэдний дотоодын байгууллага маш их дэмжиж байгааг илэрхийлээд, энэ хүнтэйгээ байвал цаашид дотоодын үйлдвэрлэл вандан тас гэж ухуулж байх юм. Одон л лав вандан тас болох шиг боллоо. Эх орноо арваад жил тасралтгүй хайрласны эцсийн зорилго энэ л байж дээ. Пиво оршуулж сүржигнээд байсан чинь Н.Багабандийн мэргэжлийг та нар үнэлэхгүй байна л гэж цаагуураа сануулаад байсан хэрэг юм болов уу? 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр нэг айл дундаа ганц гутал өмсөөд ээлжилж жорлонддог тухай (Заавал жорлон байдаг нь?) Н.Багабанди уйлагнан байж орой болгон зурагтаар минь ярьдаг байж билээ. Хөөрхий тэр айл одоо дотоодын үйлдвэрлэлийнхнээ байг гэхэд хужаа кээттэй болж чадсан болов уу?
Эрлийн үзүүрт эрдэнэ бат байж байдаг гэдгийг сүүлийн хоёр гурван жил манайхан сайн тогтоосон. Үзүүрт нь байгаа нөхрөө ч олж аваад сонгож УИХ-даа амьдаар нь залхчихсан. Харин чухамдаа хэн эрээд байсан нь саяхнаас бүхэнд ил тодорхой боллоо. Алтны экспорт дээр хориг тавин байж эрсэн болж таарлаа. Олон арван сая доллар зээлэн, зээлэн байж эрсэн болж таарлаа. Эрвэл олдоно гэдэг, гээсэн ч олдог юм байна, албаар гээвэл бүр ч амархан олддог бололтой. Харийн тагнуул хүний шаар шар Зоригоос эхлэн (Хөх толбоо тонгойж харна уу?) амраг садан алтан хараацай эрэлхэг Зориг хүртэл (Хөх толбоо харна уу?), дэлхийн тэргүүний луйварчин Ш.Отгонбилэгээс эхлэн (Хөх толбоо харна уу?) эх орны үнэнч хүү Ш.Отгонбилэг хүртэл (Хөх толбоо харна уу?), ху намын толгойлогч сахал Н.Багабандиас эхлэн (Хөх толбоо харна уу?) хорвоогийн бүх эрээн барааныг өнгөтэй өөдтэй нь туулсан нэгэн бээрийг энхнийхэд нь үхэл, дараагийнхад нь мөнгө, гурав дахьд нь одон магнайг нь тэнийлгэжээ. Тэнэгэр магнайт тэрээр өнөөдөр шүлс цэртэйгээ зажилсан, зажилсан парампаашган сумтай пулемётоор бүхий л хорвоог шүршин буудна. Сонгууль ер нь гоё байдаг юм, хүмүүсийн авирыг харан шоолж суухад. Маргааш нь үхчих гэж байгаа юм шиг мулт мулт авна. Сонгогдонгуутаа Ангараг гаригруу зугтаачих гэж байгаа юм шиг хоёр гурав хоногийн дараа яахыгаа мэдэхгүй бүдэрнэ. Анхалж байгуулагдсанынхаа хувьд “Ардчилсан холбоо”-нд наян есөн онд элдэв эрээвэр хураавар улс нэлээд цугласан нь их. Э.Бат-үүл, С.Зориг, Б.Сосорбарам энэ тэр шиг тодорхой зорилготой, итгэл үнэтшилтэй нэг хэсэг нь байсан боловч аль ч нийгэмд шаарлагдаж явдаг адгууд (хожим тэдний ихэнх нь Шариков болцгоосон) юу ч байсан эсэргүүцэж явдаг мөнхийн хувьсгалчид (Танина даа, бүгдээрээ л танина) нэлээд тоогоор нэгдэн орсон нь нүцгэн үнэн.
Гэхдээ хамгийн адаг шавхруу нь тэр үеийн тусгай албадынхан даалгавраа хов зөөж тагнан турших гэж хэдэн бор юмны төлөө хэрэг болбол “тав дахь цуваа” болохоор шургалсан новшнууд юм. Тэдний нэг нь өнөөдөр өөрийнх нь цаг нь ирсэн гэж үзээд гэнэтхэн аминлчихаж. Сүрхий наймаачин болох гэж гадаад дотоодынхныг худхидаад орон шорон хүртэл дамжиж, шүүх цагдаагийн үүд сахиж байсан тэрээр луйварчны бараан замдаа энэхүү сонгуулийн сургаар улс төрийн алтан шаргал замаар солихоор нэгэнт шийджээ. Давшихаар шийдсэн Монгол улсаа хөө хөө гэгчээр… Энэ залуу ч улам өндөрт ниснэ дээ. Одон ч мэдээж амлагдчихсан нь тоодорхой, төрийн шагнал хусах вий дээ. Би анхны арван гурав гэж бүлтэрч байхаар, би анхын илэрсэн НАХ-ын туршуул гэж зарлаж очоод хүндэт Чехист горилбол үнэнд нийцэх юмсан.
Ерэн найман оны шуугиант үйлс Ерөнхийлөгчийн Тамгын газарт цоо шинэ улс төрийн хүчирхэг намыг тавдугаар цуваа болгон урслан бүтээх бололцоо олгосноороо онцлог юм. Хүсэл бүрэн биелээгүй ч юутай ч байгаа онолоо. Санал хуваагчийг өрсөлдөгчийн нутгаас илрүүлэх нь энэ эрлийн үзүүрийн эрдэнэ нь байжээ. Харин хоринтавдугаар тасгийнхантай орой бүр манай зурагтаас салахгүй хуурч хөөрөгч тэрхүү соён гийгүүлэгч (өөрөө өөртөө өгсөн чимэг нь) мэргэжлийн эх оронч үнэт эрдэнэ нь үнэндээ өөрөө юу хийж байгаагаа төдий л ойлгодоггүй нэгэн юм. Өөрөөр хэлбэл цаад ёзоор нь нэг их муу хүн биш, жаахан итгэмтгий гэнэн л юм биз дээ? Хөөрхийг шараа түлээ хийж байгаа цаад гарууд бол харин ланжгарууд шүү. Тавдугаар цуваанынхан нэр хэнд ч, хэзээ ч муугаар хэлэгддэг нь харин хувь заяаны шоглоом юм даа. Хөлслөгчид нь хүртэл муугаар хэлнэ, эргүүлээд зарчиж чадна, нүдэн дээр нь доромжилно, хэргээ бүтээлгээд мартана. Дараа нь цаг түүх мань нөхдийг балбаж өгнө. Үр хүүхэд нь өмнөөс нь ичих гэж олон жилийн явдал болно. Удам судрынхан нь мах цусан холбоо сүлбээгээ нууна. Тэд үргэлж муу юмны жишээнд бичигдэнэ. Түүхийн ном сурах бузарлана. Гэвч тэд гудийдаггүй. Амьдралын утга учир, хорвоогийн гоо сайхныг хоолоор хэмждэг болохоор гэдэс цадсандаа л урамшина. Хойд урдахаа тэд боддоггүй, бодох чадваргүй учраас тэд хүн төрөлхтөнтэй бүх түүхийн турш хамт оршсоор иржээ. II Фридрих хаан нэгэнтээ тулалдааны талбарт орхин өмдөндөө шингэн савируулан зугтаж буй хэсэг цэргийг хараад араас нь “Ноход оо, та нар өөрсдийгөө мөнх амьдарна гэж бодоо юу?” гэж хашгирчээ. Тэд үнэндээ ноход учраас л мөнх оршиж хүн төрөлхтэй үргэлж зууралдаж байдаг юм. Хаан харин энэ үгийг ойр хавьдаа буй хүмүүст хандан хэлжээ. Гэгээн үг. Ийм нандин үгийг хүмүүст л хандаж хэлдэг юм. Энэ өгүүллээ ч би хүмүүст зориуллаа.