Г.Чулуунбаатар
/ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, доктор (Ph.D)/
Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг :
- Иргэншил, Ардчилал, Глобал, Улс үндэстэн, Үндэсний Аюулгүй Байдал, Иргэд
Орчин үед глобалчлал, иргэншил, ардчилал хэмээх ойлголтуудыг салгаж ярих боломжгүй боллоо. Энэ гурван ойлголтоор илэрхийлэгдэх үзэгдэл бүхэн орчин үеийн хүн, улс үндэстэн , бүс нутаг, дэлхийн хөгжлийн хувь заяатай шууд холбогдож байна. XXI зуун нийгмийн амьдралын өргөн глобалчлал, ардчиллын хөгжлийн шинэ давлагаа , олон иргэншлийн харилцан нөлөөллийн зуун болно гэдгийг шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээнд ч олон улсын харилцааны улс төрийн бодлогын практикт ч дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болов. Шинэ зууны босгон дээр шинэ эриний хөгжлийн хандлага, бодит агуулгыг тодорхойлж буй эл нөхцөл байдалд өнөөгийн хүн төрөлхтний анхаарал бүхэлдээ төвлөрч эхэллээ.
Дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлж буй “их найм” гэгдэх улс орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтаас глобалчлал шинэ зууны хөгжлийн хандлагыг илэрхийлэх гол үйл явц болохыг хүлээн зөвшөөрч түүний үндсэн параметрүүдийг нэгэнт тодорхойлсон билээ. Түүнийг энд нуршин тооцох шаардлагагүй гэж бодож байна. НҮБ-ын хамгийн нөлөө бүхий төрөлжсөн байгууллагын нэг ЮНЕСКО 2001 оныг олон иргэншлийн харилцан нөлөөлөл, эв зохицлын зуун болгон зарлав. Дэлхийн нэр хүндтэй байгууллага их сургуулиудын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажил глобалчлал ба иргэншил хоорондын харилцааны асуудалд төвлөрөн чиглэх болов. Улс төр судлаачид дээрх асуудлыг ардчиллын хөгжлийн шинэ давлагаатай холбож судлах болов.[1] Глобалчлал аль ч улс үндэстний нийгмийн амьдралын бүх хүрээ, иргэншлийн салаа мөчир бүрийг хамран өргөжсөн дэлхий нийтийн бодит үйл явц болоод байна. Иргэншил хоорондын олон талт харилцааны глобал хандлагууд нийгмийн амьдралд хэрэгжихдээ ардчиллын шинэ боломжуудыг нээж, түүний хөгжилд чанарын шинэ төлөв[2]байдлыг бий болгох болов. Энэ явцад ямар ч улсын төрийн бодлого боловсруулагчид хийгээд эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж буй дараах глобал хандлагууд нэгэнт бий болов.
- Тодорхой улс үндэстний эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломж чадавх нь дэлхийн эдийн засгийн хамтын нийгэмлэг, үндэстэн дамнасан корпорацуудын глобал шинжтэй сүлжээнд хэр идэвхтэй оролцож, зохистой байр суурь эзлэхээс шууд шалтгаалах бол байна. Энд олон улсын болон бүс нутгийн худалдаа, санхүүгийн байгууллагууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Энэ утгаар нь эдийн засгийн глобалчлалыг орчин үеийн бие даасан иргэншлийн зохистой хөгжил эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх.[3]
- Нийгэм улам бүр нээлттэй болж, дэлхийн янз бүрийн бүс нутаг, улс үндэстний иргэншил, соёл урлаг, шинжлэх ухааны ололт, чөлөөтэй харилцан нэвтрэлцэх, бүс нутгийн болон үндэсний бие даасан иргэншил хоорондын харилцааны асуудал, хүн төрөлхтний хөгжлийн зангилаа сэдэв болж байна. Иргэншлийн шинэ сүлжээнд ардчиллын хөгжлийн арга механизмууд ч амьдралын шаардлагаар бий болж эхлэв.
- Мэдээлэл, технологийн үсрэнгүй хөгжил бүс нутаг, улс үндэстний хил хязгаараас үл хамаарах тийм зааг үед хүрч, орчин үеийн хүний амьдралын наад захын ухаалаг хэрэглээний нэг болон хувирч байна. Хэрэв өнөөгийн компьютержсэн мэдээллийн технологийг бүрэн ашиглаж чадвал ямар ч хүн дэлхийн аль ч хязгаартай чөлөөтэй харьцаж, хүссэн мэдээллээ төвөггүй олж дурын зориулалтаар ашиглах боломжтой болов. Орчин үеийн мэдээллийн энэ хүчирхэг давлагааг ардчиллын шинэ давлагаа дагалдаж хангах, шийдвэрлэх хүчин зүйлийн хэмжээнд тавигдаж байна.
- Аль ч улс орны эдийн засгийн чадавхыг биотехнологи, компьютерын технологи , химижүүлэлт, генийн инженерчлэл, бичил электроник, шинэ материал, нано технологи буюу атом , молекулын түвшингийн зохион бүтээлт, фотоник буюу гэрлээр мэдээлэл дамжуулах, боловсруулах технологи, үйлдвэрлэл удирдлагын техник алсын удирдлага, эрчим хүчний шинэ салбаруудын ашиглалтаар тодорхойлох болж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн технологийн энэхүү сан хөмрөгий ямар ч иргэншлийн аюулгүй байдлыг хангах тулгуур үндэс гэж үзэхээс өөр аргагүй юм. Энэ нь улс төрийн амьдралтай холбогдохоороо ардчиллын техник, технологийн шинэ баталгааг бүрдүүлэх болов.
- Хүнийг нийгмийн хөгжлийн төвд тавьж, хүнд хөрөнгө оруулахгүйгээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэг ч асуудлыг ухаалаг шийдэх боломжгүй байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хүний хөгжлийн индексийг тодорхойлох олон улсын аргачлалыг боловсруулан дэлхийн хүний хөгжлийн илтгэлийг жил бүр гаргаж түүгээр улс орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлдог жишиг нэгэнт тогтчихоод байна. Энэ бол иргэншлийн дүр төрхийг иргэнийх нь бүх талыг хөгжил тодорхойлж байна гэсэн үг. Энэ үйл явц өөрөө иргэний нийгмийн төлөвшлийн шинэ дүр төрхийг илэрхийлж ардчиллын хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна.
- Байгаль орчинтойгоо зохицсон, экологийн тэнцвэр хангасан тогтвортой хөгжлийн нийгмийн чиг баримжаатай зохистой хослох явдал улс орон бүрийн ирээдүйн хөгжлийн стратеги боллоо. Тогтвортой хөгжил өөрөө глобалчлалын суурь үндэс төдийгүй түүний зүй ёсны үр дүнг илтгэж, үндэсний иргэншлийн хүрээн дэх ардчиллын хөгжлийн шийдвэр хүчин зүйлийн нэг болов.
- Шашин, угсаатны хямрал, эдийн засаг, нийгмийн тэгш биш байдал хэт ядуурал, ажилгүйдэл,мансууруулах бодисын худалдаа,Дох,нийгмийн халдварт өвчин, хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн нөөцийн хомстол,ардчилал,хүний эрхийн зөрчил зэрэг глобал шинжтэй сөрөг үзэгдлийн эсрэг тэмцэл нийгмийн дэвшлийн түгээмэл шалгуур боллоо. Глобал хямралын шинжтэй эдгээр сөрөг үзэгдэл маш олон шижим судлалаар аль ч үндэстний иргэншлийн хүрээн дэх ардчиллын хөгжилтэй шууд холбогдож байна.
Дэлхий нийтийг хамарсан глобал шинжтэй энэхүү хандлагууд нь бүс нутгийн болон тодорхой улс үндэстний хэмжээнд төлөвшин хөгжиж буй иргэншлийн ерөнхий хэв шинжид эерэг болон сөрөг олон талын бодитой нөлөө үзүүлж байна. Ийм нөхцөлд үндэсний иргэншлийн хүрээн дэх хөгжлийн баталгааг хангаж түүнийг дэлхийн иргэншлийн глобал сүлжээнд зохистой байр суурь эзлүүлэн хөгжүүлэх зорилт төрийн мэргэн бодлого,шинжлэх ухааны танин мэдэхүйн оновчтой шийдэл хүлээсэн нарийн ээдрээтэй асуудлын нэг болоод байна.
Монгол улсын шинэ Үндсэн хууль болон 1994 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд” монгол иргэншлийн аюулгүй байдал ардчилсан хөгжлийн баталгааг хангаж глобалчлалын шинэ нөхцөлд түүнийг зохистой хөгжүүлэх төрийн бодлогын үндэс,эрх зүйн механизмыг нарийвчлан тодорхойлсон гэж үзэж болно.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд түүний бүтцийг 9 зүйлээр тодорхойлсны дотор “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал” гэсэн бие даасан бүлэг бий бөгөөд түүнд үндэснийхээ иргэншлийн аюулгүй байдлыг хэрхэн олгох, яаж хангах,иргэншлийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох гадаад, дотоод хүчин зүйл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг нэлээд нарийвчлан тодорхойлсон байдаг. Энд нийгмийн өргөн ардчилал бол иргэншлийн аюулгүй байдлыг хангах гол баталгаа мөн гэсэн концепц нэвт шингэсэн гэж үзэж болно.
Үзэл баримтлалыг боловсруулан баталснаас хойших долоон жилийн хугацаанд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг төр засгийн бодлого хууль тогтоомжоор тодотгон хэрэгжүүлсээр ирсэн болно. гэхдээ сүүлийн жилүүдэд глобалчлалын үйл явцаар монгол иргэншлийн аюулгүй байдал, ардчиллын баталгааг хангахтай холбогдсон шинэ ээдрээтэй асуудлууд гарсаар байгаа нь төрийн бодлогын түвшинд төдийгүй шинжилгээ судалгааны ажлын хүрээнд ч нарийвчлан үзэх шаардлагатай цөөнгүй асуудлыг бий болгосон юм.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд : “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж Монгол түмэн, Монгол төр оршин тогтнож, хөгжихийн үндэс болсон үндэсний хэл бичиг,түүх соёл, зан заншил хадгалагдах, монгол хүн ард үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ” гэж тодорхойлоод Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах арга замын тухай үзэл баримтлалын заалтууд нь глобальчлалын шинэ эрин үед зөвхөн бодит ардчиллаар дамжин баталгаажих бололцоотой. Иргэншлийн хөгжилд бодитой нөлөөлж буй эерэг ба сөрөг аливаа үзэгдлийг зүй зохистой хэлбэрээр зохицуулах үндсэн арга зам нь гагцхүү бодит ардчилал,түүний уян хатан механизмууд байх учиртай.
Нэг. Өнөөдөр Монгол иргэншлийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн бөгөөд ардчилсан аргаар зохицуулахыг шаардаж буй томоохон хэмжээний ноцтой сөрөг үзэгдлүүд бол хүчирхийлэл,аллага хядлага, садар самуун,нийгмийг хамарсан архидалт мөн. Энэ бол өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудад ХХ зууны бараг эхэн үед тохиолдоод өнгөрсөн түүхэн үзэгдэл юм. Хүйтэн дайны үед ийм үзэгдлийг дэлгэрүүлэх нь улс төрийн бодлогын асуудал ч болж байсныг түүх гэрчилнэ. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аленн Далес дэлхийн хоёрдугаар дайны дараахан 1945 онд хэлсэн нэг үгнээс энд жишээ болгон авъя. Тэрээр дайны дараа АНУ-аас Дорнод Европын орон болон социалист орнуудын талаар баримтлах бодлогын гол агуулгыг тодорхойлж, эдгээр оронд садар самуун,архидалт, хүчирхийлэл, эх захгүй,эмх замбараагүй байдал,үндэстэн төрөө үл тоомсорлох үзэл,ёс суртахууны ялзрал ,хээл хахууль авилгал зэрэг дэвшлийн сүүдэр болсон сөрөг үзэгдлүүдийг бүх талаар дэлгэрүүлэх замаар өөрийнхөө нөлөөнд татах төлөвлөгөө зохиосон байдаг.[4] Гэтэл өнөөдөр манайд дээрх сөрөг үзэгдлүүд хэрэг дээрээ бодит биеллээ олчхоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хэмжээнд хүрсэн нь үндэсний иргэншлийн аюулгүй байдал,улмаар ардчиллын хөгжлийг ноцтойгоор хөндөж байна. Үүнийг судалгааны тодорхой баримтууд ч нотолж байгаа юм. Тухайлбал, 1997-1998 онд Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулсан архидан согтуурахтай тэмцэх ажлын хэсгийн судалгааны дүгнэлтэд архидалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг дурдсан байдаг.[5] Мөн өнгөрсөн жил “Шинжээч-21” судалгааны төвөөс явуулсан судалгааны дүнгээр монгол 10 хүн тутмын 7 нь ямар нэгэн хэлбэрээр хулгай болон бусад төрлийн гэмт халдлагад өртсөн дүн гарчээ. Үүнийг бас Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллүүд ч нотолдог юм билээ. Энэ бүхнээс үндэслэн глобалчлалын сөрөг үр дагавар болж, боловсронгуй бус нийгмийн харилцаанд үйлчилдэг үзэгдлүүдийг судалгаа тооцоогүйгээр нэвтрүүлбэл ардчиллын хөгжил иргэншлийн аюулгүй байдалд ноцтой үр дагавар гарч болохыг зориуд анхаарах шаардлага бий болж байна.
Хоёр. Монголын төрт ёсны уламжлалыг бүтээлчээр судлан орчин үеийн ардчилсан төрийн тогтолцооны ололтоор баяжуулах нь ардчиллыг амвдралын өргөн хүрээнд баталгаажуулах үндэсний иргэншлийнхээ аюулгүй байдлыг хангах чухал арга зам мөн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төриййн байгууллын ардчилсан тогтолцооны төлөвшилд ноцтой бэрхшээл учруулсан үзэгдлүүд цөөн биш удаа гарч Монголын төр нэг биш удаа гацаанд орж байсан. 1996-2000 он хүртэл хугацаанд гурван гишүүн нь шоронд орсон, төрийн олон арван түшээд үнэн худал нь тогтоогдоогүй олныг түгшээсэн дуулиант хэргүүдэд нэр холбогдсон, төрийн нэрт зүтгэлтэн улс төрийн аллагад өртөгдсөн, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг тойрсон удаа дараагийн Цэцийн шийдвэр нь монгол иргэншлийн тулгын гурван чулууны нэг болсон монгол төр оршин байхын аюулгүй байдал тэр бүр хангагдаж чадахгүй, төрийн үйл ажиллагааны ардчилсан хэм хэмжээ алдагдаж энэ хүрээний үзэгдлүүдийн ихэнх нь глобалчлалын үйл явцын үр дагавартай шууд ба шууд биш ямар нэг хэлбэрээр холбоотой болохыг үгүйсгэх аргагүй.орчин үеийн улс төрийн ном зохиод тэмдэглэж байгаагаар өнөөдөр төрийн тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах систем нь урьдын нийтийн болон хамтын хэлбэрээр биш харин хоршсон системийн хэлбэрээр, ардчилсан зарчим ,эрх зүйн механизмаар хангагдах шаардлагатай болоод байгаа билээ. Түүний онолын үндсийг судлан боловсруулж,төрийн тогтолцоо ,төрт ёсныхоо аюулгүй байдлыг хангах, улс төрийн ардчиллыг хөгжүүлэх оновчтой системийг бүрдүүлэх явдал хойшлуулшгүй зорилт болон тавигдаж байна.
Гурав. Иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчлан бататгаж төр сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулах явдал бол глобалчлалын нөхцөл ардчиллыг хөгжүүлэн үндэсний иргэншлийн аюулгүй байдлыг хангах нэг чухал механизм мөн. Энэ тухай Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд ч төр сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын Үндсэн хуулинд тодорхой заасан бий. Гэтэл өнөөдөр Монголд уламжлалт шашны зэрэгцээ уламжлат бус шашны олон арван урсгалууд нэвтэрч төр, сүм хийдийн харилцаа ба шашин хоорондын харилцааны хүрээнд хуулиар нарийвчлан тогтоох шаардлагатай цөөнгүй асуудлууд хуримтлагдаад байна. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол улсын хууль нь эдгээр асуудлууд болон төр сүм хийд, шашин хоорондын харилцаанд цаашид бий болох боломжтой үзэгдлүүдийг зохицуулах эрх зүйн үндэс болж чадваргүйд хүрч байна гэж мэргэжлийн судлаачид үздэг юм билээ.[6] Ийм учраас иргэншлийн аюулгүй байдал, иргэдийн шүтэх, эс шүтэх, ардчилсан эрх чөлөөг глобалчлалын нөхцөлд бүрэн хангах шаардлагыг үндэслэж дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нарийвчлан судалж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дөрөв. Үндэсний бичиг соёлыг уламжлан хөгжүүлж,орчин үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн түүнийг боловсронгуй болгох нь глобалчлалын нөхцөлд ардчиллыг үндэснийхээ уламжлалд тулгуурлан хөгжүүлэх ,үндэсний иргэншлийн аюулгүй байдлыг хангах нэг чухал сэжим мөн. Энэ асуудал Монгол улсын хөгжлийн өнөөгийн нөхцөлд өвөрмөц байдалтай тавигдаж байна. Глобалчлалын шинэ эрин үед дэлхийн иргэншлийн олон сүлжээнд идэвхтэй оролцохын тулд олон улсын түгээмэл хэрэгцээний гадаад хэлийг сурч эзэмших зайлшгүй шаардлага тавигдана. Энэ бол зүй ёсны дэвшилт үзэгдэл мөн. Түүгээр дамжуулан хүн төрөлхтний нийтлэг хүчин зүйлс, ардчиллын дэвшилт ололтууд нэвтрэн орж ирдэг. Харин гадаад хэлийг сайн сурахын оронд түүнийг хагас дутуу хөнгөн гоомой эзэмшиж, эх хэлээ гадаад үгсээр ядууруулан зэрэмдэглэж таарахгүй. Нөгөө талаас, эх хэлээ цэврээр нь хадгалж байна гээд дэлхийн шинжлэх ухаан, техник мэдээллийн дэвшлийн ололтыг тээж байдаг олон улсын түгээмэл нэр томьёо, үг хэллэгийг заавал монголчлох гэж огт ойлгомжгүй зүйл болгох бас боломжгүй санагдана. Энэ асуудлыг нухацтай судалж оновчтой шийдэл олох нь манай хэл шинжээчдийн хойшлуулшгүй зорилт гэж үзэж байна.
Үндэсний бичиг үсэгтэй холбоотой өөр нэг чухал асуудал бол уламжлалт монгол бичгийг сэргээн хэрэглэх, түүнийг орчин цагийн монгол бичигтэй хэрхэн хослох тухай асуудал юм.энэ бол шинжлэх ухааны танин мэдэхүйн логик-психологи агуулгаараа үндэсний уламжлалын дэвшилт өв сан, хүн төрөлхтний хөгжлийн тэргүүний ололтыг зохистой хослох механизм юм. Энэ талаар 1990-ээд оны эхэнд үндэсний хөтөлбөр боловсруулж комисс байгуулагдан төр засгийн шийдвэр ч гарч байсан. Бүх шатны сургууль худам монгол бичгийг заах , ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг худам монгол бичгээр явуулах ч туршилт хийгдсэн. Энэ ажлын хүрээнд олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж багагүй хөрөнгө мөнгө ч зарсан. Гэтэл өнөөдөр түүний эерэг нааштай үр дүнгээс сөрөг муу тал нь илүү болчихоод байна. Энэ талаар эрдэмтэн мэргэд нухацтай санал боловсруулж, түүнийг нь төр засаг анхааралтай нягтлан үзэж бодитой хэрэгжих шийдвэр гарган ажиллах хойшлуулшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Энд дурьдсан асуудлыг цогц шийдвэрлэхгүйгээр глобальчлалын нөхцөлд үндэсний иргэншлийн аюулгүй байдлыг хангах, энэ хүрээн дэх ардчилсан ололтыг баталгаажуулах боломж ихээхэн хязгаарлагдмал юм.
Тав. Өнөөдөр монгол улс бол иргэншлийн ихээхэн өвөрмөц тогтолцоотой улс орон болоод байна. Өвөрмөц гэхийн учрыг дараах гурван тодорхой үндэслэлээр тайлбарлаж болно. Үүнд:
- Монгол улс бол нүүдлийн уламжлалт иргэншлийн өвийг сонгодог хэлбэрээр хадгалан тээж орчин үеийн суурин иргэншлийн хэв маягтай зохистой хослуулан хөгжүүлж байгаа дэлхийн цөөхөн орны нэг юм.
- Орчин үеийн Монголын иргэншил нь дэлхийн олон иргэншлийн хамгийн идэвхтэй сүлжээний нөлөөлөлд оршиж байгаа үндэсний иргэншил юм.
- Өнөөгийн Монгол улс нь дэлхийн иргэншлийн түүхэн хоёр том хэв маяг болох Өрнийн болон Дорнын иргэншлийн уулзвар заагийг өөртөө хослон шингэсэн өвөрмөц шинжтэй нийгмийн бодит байдлын биет жишээ юм.
- Өнөөгийн Монгол улс бол орчин үеийн зах зээлийн засаг,улс төрийн ардчиллын тогтолцоонд шилжих өргөн хүрээтэй өөрчлөлтийг үндэснийхээ иргэншлийн хөрс суурин дээр өөр хооронд нь нягт уялдуулан харилцан шүтэлцэлтэйгээр хэрэгжиж буй туршлагаараа пост-социалист улсуудын дотор анхаарал татаж байгаа орон юм.
Монгол улсын ардчилсан хөгжил, үндэсний иргэншлийн энэхүү түүхэн өвөрмөц төлөв байдал нь глобалчлалын нөхцөлд үндэсний иргэншлийнхээ аюулгүй байдлыг хангах, ардчиллыг амьдралын хамгийн өргөн хүрээнд баталгаажуулах, олон улсын туйлын ухаалаг баталгааг бүрдүүлэхийг шаардаж байгаа юм.
Орчин үеийн иргэншил судлаач томоохон эрдэмтэд тухайлбал АНУ-ын Харвардын Их Сургуулийн профессор С.Хантингтон, Оросын профессор Поздняков нарын эрдэмтэд XXI зуунд дэлхийн хөгжлийн гол хандлагыг барууны болон барууны биш иргэншлийн хоорондын харилцаа тодорхойлно. XXI зуун олон иргэншлийн сөргөлдөөний зуун болно гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж тэр нь эрдэмтдийн анхаарлыг үлэмжхэн татаж байгаа билээ.[7] Миний бие судлаачийн хувьд тэдэнтэй ойр байр суурьтай байдаг. Ийм учраас Монгол Улсын үндэсний иргэншлийн аюулгүй байдлыг хангах, ардчилсан ололтыг гүнзгийрүүлэх олон улсын гол баталгаа нь үндэснийхээ иргэншлийн суурь дэвсгэр дээр түүний тулгуур үндэс язгуурыг хөндөхгүйгээр Өрнийн болон дорнын иргэншлийн дэвшилт ололтыг хүлээн авч үндэснийхээ хөрсөнд суурилуулан хэрэгжүүлэх ухаалаг арга замыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, төрийн бодлогынхоо стратеги болгон баримтлах ёстой гэж үздэг.
Зургаа. Глобалчлалын нөхцөлд аж ахуйн Монгол иргэншлийн түүхэн уламжлалыг өвлөн залгамжилж, дэлхийн эдийн засаг, худалдаа санхүү, удирдлага, менежментийн орчин үеийн ололтоор түүнийг баяжуулан хөгжүүлэх замаар олон хэвшил бүхий нээлттэй зах зээлийн эдийн засгийн бие даасан тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх явдал монгол иргэншлийн аюулгүй байдлыг хангах, ардчилсан эдийн засгийн бие даасан тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх явдал монгол иргэншлийн аюулгүй байдлыг хангах, ардчилсан эдийн засгийн баталгааг бодитой бий болгох нэг гол үндэс болно. үүний тулд олон зууны туршид ард түмний амьдрах ухаанаар шалгагдан өвлөгдөж ирсэн үндэсний технологи, аж ахуйн арга ухааныг судлан таньж түүнийгээ орчин үеийн зах зээлийн эдийн засгийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ололтуудтай зүй зохистой хослох нь чухал. Энд хоёр чиглэлтэй бүтээлч эрэл хайгуул шаардлагатай юм. Нэгдүгээр чиглэл нь айлаас эрэхээр авдраа уудал гэдэг зарчмаар ардынхаа аж ахуй эрхлэх арга ухаан, бүтээгдэхүүнээ боловсруулан хэрэглэж ирсэн үндэснийхээ технологийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн ололтоор шинжлэн судлах ажлыг хамгийн үр ашигтай хэлбэрээр зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө хүчийг төвлөрүүлэх явдал мөн. Хоёр дахь чиглэл нь олон улсын худалдаа, санхүүгийн байгууллагууд тухайлбал, Европ,Ази, Америк тивийг дамнаж олон орныг хамарсан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD), дэлхий 130 гаруй орныг нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн худалдаа ,Тарифын ерөнхий хэлэлцээр (ГАТТ) зэрэг олон улсын байгууллагууд мөн “ Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Хороо” (ЭСКАП), Зүүн хойд Азийн орнуудын “Түмэн бус” хөтөлбөр Европын 16 орныг нэгтгэсэн “Европын холбоо” , Австри, Швед,Норвеги, Финляндыг нэгтгэсэн “Европын чөлөөт худалдааны холбоо” (ЕФТА) АНУ,Канад, Мексикийг нэгтгэсэн “Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Холбоо” (НАФТА) зэрэг бүс нутгийн эвсэл шинэ шинэ бүтцүүдтэй идэвхтэй хамтран ажиллах замаар тэдгээрээс худалдаа, санхүүгийн дэмжлэг авах,улмаар орчин үеийн шинэ технологийнхоо өв санг баяжуулах явдал юм. Энэхүү хоёр чиглэлийн дагуу бүтээлч эрэл хайгуул хийсний үр дүнгээр Монгол улсын үндэсний иргэншлийн аюулгүй байдлыг хангах ардчиллыг гүнзгийрүүлэх олон улсын эдийн засгийн баталгаа бий болгох нэг боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Энэ мэтчилэн Монгол иргэншлийн сэтгэл зүйй аюулгүй байдал, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал зэрэг үндэсний иргэншлийнхээ хүрээний ардчилан ололтыг бэхжүүлэх, иж бүрэн механизмыг бүрдүүлэх талаар манай эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдаас эхлээд төр засгийн бодлогыг боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн түвшинд санаа тавьж, бүтээлч эрэл хайгуул хийж ажил цөөнгүй байгааг эцэст нь тэмдэглэе.
[1] Коммюнике глав государств правительств стран “группы8
[2] ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассамблейн 1999 оны Парисын чуулган
[3] Хантингтон С.Столкновение цивилизаций, Политические исследования,1994,№1,с.3
[4] “Дал” сонин,1990 он
[5] ШУА-ын ФСЭХ-ийн номын санд буй судалгааны тайлан
[6] Монгол дахь төр,сүм хийдийн харилцаа орчин үе, УБ.,1998.
[7] Хантингтон С. Столкновение цивилизаций, Политически исследования, 1994,№1, с.33-387, Поздняков “Философия политики” М.,1997