Д.Ганбат
/УТБА-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУ-аас ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг:
- Ардчилал, Эрх зүйт төр, Иргэний нийгэм, Төр, Засаглал, Хүний эрх
Ардчиллын тухай ойлголтыг төр, төрийн зохион байгуулалт асуудлаас хөндий ярих боломжгүй билээ. Энэ нь юуны төрийн үүсэл хүний нийгмийн зохион байгуулалт
холбоотойгоос улбаатай.
Эрх зүйт төрийн тухай ойлголт онолын хувьд ч тэр, тодорх бодлогын хувьд ч тэр Монгол улсад 1990 оноос л хөгжих боломжтой болсон билээ. 1992 оны шинэ Үндсэн хуулинд Монгол оронд эрх зүйт төрийг төлөвшүүлэн бий болгох үзэл баримтлал тусгагдсан нь уг асуудлыг онолын хувьд нухацтай судлах гол түлхэц болсон юм. Үзэл баримтлалыг илэрхийлэх үүднээс эрх зүйт төр, хууль цаазат төр, хууль ёст төр зэрэг нэр томъёо одоо хэр ашиглагдсаар байна. Асуудлын гол нь ямар нэр томъёо хэрэглэхэд бус уг үзэгдлийн цаад утга агуулгыг хэрхэн ойлгоход орших билээ. Эрх зүйт төрийн утгыг илэрхийлэхэд юуны түрүүнд нэг талаас төр, нөгөө талаас хувь хүний хоорондын харилцааны асуудал гол болно. Энэ хоёр субъектийн харилцаа угаас тухайн нийгэмд тогтож буй төрийн шинж чанарыг илэрхийлдэг. Тухайлбал, манай өмнөх нийгэмд оршин байсан төр социалист хэмээх тодотголтой байлаа. Энэ нь социалист нийгэмд бүхий л харилцаа ажилчин ангийн үзэл бодолд бүрэн захирагдаж, түүний үнэт зүйлс, зорьж буй зорилго нь улс төрийн харилцаа болон түүний дотор төрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж иржээ. Өөрөөр хэлбэл, нийгэмд хүний эзлэх байр суурь, хөгжих боломж нь ажилчин анги, түүний “манлай” коммунист намын үзэл бодлоор явж ирсэн ба үүнийг хянан зохицуулах үүргийг төр, төрийн аппарат гүйцэтгэж ирсэн нь социалист нийгмийн тоталитар шинжийг илтгэнэ.
Тэгвэл эрх зүйт төрийг төлөвшүүлэх нийгэм-улс төрийн урьдчилсан нөхцөл нь нийгэмд хувь хүний эзлэх байр суурийг аливаа нэг анги, бүлгийн үнэт зүйл, хэм хэмжээ бус харин хүний эрх, эрх чөлөө тодорхойлдогтой холбоотой. Ингэснээр, нийгмийн гишүүн болох хувь хүн, иргэн, түүний сонирхол, эрх ашиг, хөгжих боломж зэрэг нь нийгэмд гүйцэтгэх төрийн үүргийг тодорхойлогч хэмжүүр болно. Өөрөөр хэлбэл, эрх зүйт төрийн үед дээр дурдсан хүн ба төрийн харилцаанд хүн (түүний эрх, эрх чөлөө) анхдагч утгатай байх ба үүнийг төрийн зүгээс баталгаажуулан хамгаалах нь нийгэмд гүйцэтгэх төрийн чиг үүргийг тодорхойлно.
Эрх зүйт төрийн үзэл санааны үүсэл хөгжил
Эрх зүйт төрийн зарчмыг эртний Герег, ромын үеэс боловсруулж ирсэн түүхтэй. Тэр үед төр бол нийтийн гэрээний үндсэн дээр бий болсон (Демокрит) гэдэг санаа анх төрсөн гэж үздэг. Үүний дараа Платон, Аристотель, Полибий, Цицеронзэрэг гүн ухаантнууд эрх зүйт төрийн ойлголтын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Тухайн үед эрх зүйт төрийг байгуулах нь зөвхөн сайхан эрмэлзэл байхаас хэтрэхгүй байжээ. Учир нь эрхийн ухамсар хувь хүний эрх чөлөө,нийгмийн байгууллын олон ургалч байдалд тулгуурлах тухай яригдах нөхцөл бүрдээгүй, боломжгүй байсан юм.
Дундад эртний үед ариун ёс, шашны нөлөөлөл хүчтэй байсан хэдий ч хувь хүний тухай ойлголтын элемент, ялангуяа Сэргэн мандлын үед хүчтэй газар авч хүмүүсийн оюун ухааныг эзэмдэх хөрс бэлэн болжээ. Ийм учраас, эрх зүйт төрийн тухай үзэл санаа юуны түрүүнд европын соёл иргэншлийн хөрсөнд шимээ аван түгэн дэлгэрсэн билээ.
Эрх зүйт төрийн үзэл санаа амьдралд хэрэгжиж эхлэх анхны “туршилт” Англи улсын түүхтэй холбоотой. 12 дугаар зуунаас түүхтэй төлөөлөл, парламентат ёсны уламжлал нь нийгэм дэх эрх зүйн асуудлыг хүчтэй болгоход тус дэм болсон юм. Төрийн засаглалыг ашиглан дураараа аашлах явдлыг хазаарлах үүднээс эрх мэдлийг хуваарилах санааг Ж.Локк гаргаж иржээ. Түүний зохиолд төрийн засаглал нь хувь хүний эрх, эрх чөлөөг
хамгаалах зорилгоор тодорхойлогдож, эрх зүй нь захирах бус харин хязгаарлах (хуулиар хориглоогүй бол зөвшөөрөгдсөн) гэсэн утгыг өөртөө агуулна хэмээн онцолсон байдаг. Тухайн үед эх газар дээр болж байсан үйл явц мөн үүнд нөлөө үзүүлжээ. Хаант төрийн үндэс нь хэмжээ хязгааргүй засаглалын зарчимд тулгуурлаж байсан нь тухайн үндэсний оршин байх гол нөхцөл хэмээн үзэж байв. Ийм нөхцөлд нийгмийн давхаргын тодорхой нэг хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй үлдэж, ингэснээр төрийн энэ хэлбэр мөхөлдөө хүрэх шалтгаанаа өөрөө бүрдүүлжээ. Эрх мэдэл хүссэн давхарга төрийн зохион байгуулалтын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж, энэ нь 1789 онд Аугаа их францын хувьсгалд хүргэсэн юм. Зэрэг дэв бүхий нийгмийн шаталсан бүтэц нурж, нийгмийн бүх гишүүд өөрийн сонирхол, хэрэгцээгээ хамгаалж чадах боломж бүрдэн төрийн засаглалын системд өөрийн төлөөлөгчөө оруулахын төлөө зүтгэх болов.
“Эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүсийн ёс” гэсэн лоозон өмнөх түүхийн хөгжлийн үр дүн болсон билээ. Энэ нь МонтескьюРуссо, Вольтер, Дидро зэрэг сэтгэгчдийн дэвшүүлсэн үзэл санааг амьдралд хэрэгжүүлэх гол лоозон болсон юм. Европт анх гарсан хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа тухайн үедээ амьдралд бүрэн биеллээ олоогүй боловч Америкийн соён гэгээрүүлэгчдийн ачаар бүтсэн АНУ-ын Үндсэн хуульд тусгалаа олж, Кант, Фихте, Хегель зэрэг германы гүн ухаантнуудын бүтээлд эрх зүй бол эрх чөлөөний дээд биелэл мөн хэмээн тунхаглагдсан юм. Энэ бүгд нь хүн төрөлхтнийтүүхэн хөгжилд шинэ эрин үе эхэлсний дохио болжээ.
Эрх зүйт төрийн хөгжлийн үйл явцын нэгэн гол шинж бол төрийн оролцооноос бие даасан байдалтай байх социал, улстөрийн харилцааг агуулсан иргэний нийгэм бий болох явдал юм. Энэ бие даасан байдал тийм ч амар бүрэлдээгүй, үүнд ганц улс төрийн ширүүн тэмцэл нөлөө үзүүлэхээс гадна магадгүй үүний гол шалтгаан нь хувийн өмч, зах зээлийн харилцаа хүчтэй хөгжсөнд оршиж иржээ. Өөрийн эрх чөлөө,нөлөөллийн суурь болох өмчийн аюулгүй байдлыг хангаснаар хөрөнгөтний шинэ давхарга төрийн зүгээс давж орж үл болох хүрээ хязгаарыг тогтоон төр ба иргэний нийгмийн хоорондох заагийг тодорхойлсон юм.
Иргэний нийгмээс төрийн засаглалд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх үйл явц иргэний нийгэм бүрэлдэх үйл явцын агуулгыг илэрхийлнэ. Энэ үед төрийн засаглалын төлөөллийн байгууллага бүрэлдэж, сонгуулийн эрх өргөжин улс төрийн намууд бий болжээ. Уг үйл явцад эрх зүйт төрийн асуудал либерализм, консерватизмын мэтгэлцээний бай болсон юм.Либерал Чиглалейхан (А. Смит, А. Токвевилл, И. Бентхам,Ж.С.Милль, Т.Х.Грин г.м. Сэтгэгчид) хуулийн өмнө бүгд тэгш,хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, улс төрийн засаглалыг үндсэн хуулиар хязгаарлах, эрх мэдлийн хуваарилалт, хувийн салбарт төрийн үл оролцоо, хувийн өмчийн хөгжил, чөлөөт өрсөлдөөний үзэл санааг эхнээс нь хамгаалж иржээ. Ингэснээр,нийгмийн амьдрал дахь төрийн үүрэг ролийг хамгийн бага хэмжээнд байхаар, зөвхөн “шөнийн манаачийн” үүрэгтэй байгууллагыг эрмэлзэж ирсэн юм. Төрийн үүрэг роль бол нийгмийн амьдралыг зохицуулах бус харин нийгэм хийгээд хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад оршино. Либерал чиглэлийн хүрээнд төр бол эрхийг хамгаалах гол хэрэгсэл, хүч мөн гэдгийг тод үндэслэж, хүний эрх бол ариун, жам ёсны зүйл гэдгийг тунхагласан юм.
XX дугаар зууны эхэн үед эрх зүйт төрийн үзэл баримтлал өрнөдийн хэд хэдэн улсын хуулинд бодит тусгалаа олж амьдралд хэрэгжсэн юм. 1920-иод оноос Англид бүх нийтийн сонгох эрх амьдралд нэвтэрч, АНУ-ын төрийн эрх мэдлийг хуваарилах системд орчин үеийн ардчилсан эрх зүйт төрийг байгуулах загвар хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Эдүгээ эрх зүйт төрийн сургаал нээлт хийх асуудал биш болж түүний шинж чанарыг системчлэх асуудал гарч иржээ.
Социалист гэгдэж байсан улсад тогтож буй эрх зүйт төрийн асуудал өөрийн онцлогийг харуулж байна. Энэ нь угаас тоталитар нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үйл явц бүхий аль ч улсад хамаарах талтай. Ийм нийгэмд тогтох эрх зүйт төрийн урьдчилсан нөхцөл бол:
- Нийгмийн бүтэц, сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол. Үүнд юуны түрүүнд хүн амын материаллаг аж байдлын түвшин нөлөөлнө.
- Соёл, тэр дотроо улс төрийн соёлын өндөр түвшин.
- Дотоод сөргөлдөөнийг багасгах, нийгэм дэх харилцан буултыг бүрэлдэхэд нөлөөлөх олон талын бөгөөд тогтвортой давхраажилт.
- Ардчилсан үнэт зүйлсийн ноёрхол, олон ургальч улс төрийн байдал.
- Үндэстний зөрчилтэй асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх чадвар.
- Нийгэм болон төрийг үзэл суртлаас ангижруулах зэрэг болж байна.
Эрх зүйт төрийн үндсэн шинж чанар
Эрх зүйт төрийн тухай ойлголт юуны түрүүнд дараах үндсэн зарчимтай холбоотой. Эдгээр нь нэгд, төр улс дахь дэг журам, хоёрт, иргэдийн хамгаалалт юм. Чингэхдээ, хүн бүр хуулиар тодорхойлогдсон өөрийн эрх, эрх чөлөөг сайн мэдэж төрөөс гаргаж буй шийдвэрийн баталгаат байдалд эргэлзэхгүй итгэлтэй байхыг илэрхийлнэ. Энэхүү ойлгоц нь улс төрийн ардчилал, улс төрийн болон үзэл бодлын олон ургалч үзэл, парламентат ёс, сонгууль зэрэг зарчимд тулгуурласан улс төрийн институтээр илэрхийлэгдсээр иржээ.
Эл зарчмууд иргэний нийгмийн үндэс суурийг баталгаажуулсан эрх зүйд тусгалаа олдог. Эрх зүйн хэм хэмжээ нь нийгэмд орших зөрчилт байдлын асуудлыг харилцан шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Төр нь нийгмийн харилцааг хянан зохицуулахдаа өөрийн эрх мэдлийн хүрээнээс халих учиргүй юм. Эрх зүйн хэм хэмжээ нь төрийн эрх мэдлээр хэрэгждэг бол Тухайлбал, ёс заншил, ёс зүйн хэм хэмжээ нь нийгэмтэй холбоотой. Эрх зүйт төрд зөвхөн хууль ёсоор бүрэлдэн тогтсон засаг төр албадлагын хэрэгсэл болгон хүч хэрэглэх ,эрхтэй байдаг. Эрх зүйн ойлголт нь төрийн хүч хэрэглэх эрхийг үгүйсгэх учиргүй хийгээд төрийн сул дорой байдал нийгэмд эерэг гэхээс сөрөг нөлөөлөл үзүүлэх нь олонтаа ажиглагддаг. Энэ утгаараа төрийн албадлага хэрэглэх монополит эрх нь нийгмийн зохион байгуулалтад шинжийн нэг илэрхийлэл болсоор иржээ. Төрийн эл бие даасан байдал хүн бүр гарцаагүй дагаж мөрдөх эрх зүйн нэгдмэл орчинг үүсгэж эрхийн асуудалд тэгш бус байдлыг үгүйсгэх үндэс суурь болон тэгш эрхийг нөхцөлдүүлэхэд нөлөөлдөг байна. Эрх зүйт төрийн гол суурь бол үндсэн хууль юм. Тэрээр зөвхөн хувь хүний бус нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэж энэ утгаараа хувь хүн хийгээд нийгэм ижил эрх үүрэгтэйг илэрхийлнэ.
Эрх зүйт төрийн онолын үндсэн зарчмыг судлаачид дараах зүйлээр гаргадаг. Үүнд:
- Үндсэн хуульт ёс, Төрийн үйл хэрэг үндсэн хуульд тусгагдсан эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахыг шаардана.
- Нийгмийн улс төрийн олон ургалч бүтэц. Нийгэм дэх өрсөлдөөнт олон хүчний оролцоо нь төрийн үйл ажиллагаанд хязгаарлах үүрэг гүйцэтгэнэ.
- Улс нийгэм дэх төрийн эрх мэдлийн онцгой байр суурь.Төрийн эрх мэдлийн хэрэгжилтэд хөндлөнгийн өөр сонирхол илрэх боломжийг хаана.
- Төр болон нийгмийн эрх ашиг, сонирхлын институтжсэн эргэх холбооны үйлчлэл. Ингэснээр төрийн аппаратыг нийгмийн зүгээс хянах боломж бий болно.
- 5. Төрийн зүгээс иргэдийн эрх болон хуулийг баталгаажуулан хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааны рационал механизмыг.
- Төрийн засаглал, үйл ажиллагааг хянах шүүхийн хяналт.
Төр нь эрхийн нэг субъект болохынхоо хувьд өөрөө эрх, эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Нэг үгээр төр гэдэг бол эрхэд бүрэн үйлчлэхэд зориулагдсан хүч юм. Тэрээр хууль гаргах, түүнийг өөрчлөх эрх эдлэх боловч уг хуулийн үйлчлэх цаг хугацаа, орон зайд өөрөө түүнийг даган мөрдөнө. Үүний зэрэгцээ өөрийнхөө шүүхэд хянагдаж, түүний шийдвэрт захирагдах үүргийг хүлээнэ. Энэ бүгд нь эрх зүйт төрийн шинжийг баталгаажуулдаг билээ.
Эрх бол хуулиар тодорхойлогдсон эрх чөлөө юм. Энэ утгаараа эрх нь хүний үйл байдлыг тодорхойлдог. Сонгодог либерал үзэлтнүүд эрхийн нэг гол үүрэг бол эрх чөлөөний хязгаарыг тогтооход оршино гэж үзэж байсан нь санамсаргүй зүйл биш юм. Энэ үүднээс үзвэл эрхийн ухамсар гэдэг нь тухайн хүн өөрийн эрхээ зүгээр ойлгож мэдсэнийг хэлэхгүй. Өөрийн эрхийг ухамсарлах нь нэгд тухайн хүнд юу зөвшөөрөгдсөн, юу эс зөвшөөрөгдсөн, өөрөөр ямар эрхтэй, ямар үүрэгтэй гэдгийг ойлгох явдалтай холбоотой. Хоёрт, бусад хүмүүс мөн адил эрхтэй ба түүнийг хүндэтгэн үзэх нь эрхийн ухамсрын нэг гол шаардлага болдог. Эрх зүйн дэг журам нь хүмүүсийн эрх, үүргийн харилцан уялдаа бүхий систем мөн хийгээд тэрээр хамтын амьдралыг тэтгэгч суурийн үүрэг гүйцэтгэнэ.
Орчин үед эрх чөлөө гэдэг нь өөртөө сөрөг гэхээсээ илүү эерэг утгыг илэрхийлэгч ойлголт болон хувирчээ. Эрх чөлөөг сөрөг утгаар нь ойлгох нь засаглал, эрх мэдэл зэрэг ойлголтыг үгүйсгэхэд хүргэдэг. Энэ бүгд нь анархи сэтгэлгээг дэвэргэдэг ба эцсийн эцэст дарангуйлал бий болгох хөрс нь болдгийг түүхээс бид мэднэ. Хүн бол угаас нийгмийн амьтан, түүний амьдрал гэр бүл, социал бүлэг, нийгмээс хөндий байдаггүй. Ийм учраас хүний эрх чөлөөг абстракт, хийсвэрээр ойлгох нь буруу юм.
Эрх зүйт төрд эрх зүйн систем нь хувь хүн өөрийн үзэл бодлын үүднээс ёс зүйн үнэт зүйлс, үйл ажиллагааныхаа хүрээг сонгох эрх чөлөөний гол баталгаа болдог. Хууль нь хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, хувийн амьдрал, үзэл бодлын халдашгүй байдлыг хамгаалахад чиглэнэ. Өөрөөр, эрх зүйт төрийн үед тухайн нийгэмд хүмүүс бус хууль ноёрхоно. Төрийн гол чиг үүрэг нь хүмүүсийн хоорондын харилцааг хуулийн үндсэн дээр зохицуулахад оршино. Энэ утгаар эрх зүйт төрийн онолыг үндэслэгчдийн нэг И.Кантын томьёолол өнөөдөр ч хэвээр байна. Тэрээр “хүний зөвхөн өөрөө хүлээн зөвшөөрсөн хуульдаа л захирагдах эрх чөлөө нь хуульчлагдсан зүйл хэмээн бичжээ.
Дарангуйлагч төртэй харьцуулахад эрх зүйт төр нь тодорхой хэм хэмжээ дүрмээр өөрийгөө байнга хязгаарладаг. Төрийн эрх зүйт шинж нь тэрээр эрх зүйн засаглалд өөрөө хамаардгаар юуны түрүүнд илэрнэ. Энэ утгаараа, төр гэхээсээ илүү эрх зүйг онцлох нь эрх зүйт төрийн утгыг илэрхийлэх билээ. Эрх зүйт төрд төрийн үйл ажиллагааны механизмын арга зам, хэлбэрийг маш нарийн тодорхойлсны зэрэгцээ эрх зүйгээр баталгаажсан иргэний эрх чөлөөний хязгаарыг тогтооно. Төрийн хууль дүрэм нь иргэдийнхээ сонирхол, боломжийг нээх хамгийн боломжит нөхцөлийг хангахад үйлчлэх ба энэ нь бүх нийтийн, харилцан үйлчлэх зарчимд тулгуурлана.
Эрх зүйт төрийг төлөвшүүлэх арга зам
Эрх зүйт төрийн төлөвшил нь олон хүчин зүйлтэй холбоотой боловч дээр дурдсанчлан юуны түрүүнд эрх зүйн орчинг бүрэлдүүлэх нь чухал билээ. Энэ утгаараа дараах асуудлыг гаргаж болох юм.
- Хуулийг нийгмийн амьдралын удирдах гол хэрэгсэл болгох орчинг бүрэлдүүлэх. Хууль болон хуулиар зохицуулагдаж буй үйл явцын хамааралд хууль нь тодорхойлогч байна.
2. Хүнд эрх зүйн өндөр соёлыг төлөвшүүлэх. Энэ нь юуны түрүүнд эрх зүйн гэгээрлийг шаардана. Хуулийг зөрчсөнөөс хуулийг дагах нь илүү ашигтай байх нөхцөлийг бий болгох.
3. Хуулийн байгууллага нь хуулийг зөвхөн сахих бус хууль дүрмийг хэрэгжүүлэхэд ард түмэндээ үйлчлэх ажлын аппарат болгох. 4. Удирдлагын төвлөрлийг сааруулж доод шатны байгууллагад илүү эрх мэдэл олгохдоо өөрөө удирдах ёсны утга агуулгыг илүү баримтлах.
Эрх зүйт төрийн утга санааг бүрэлдүүлэхдээ төр нь улс төрийн системийн бусад субъектүүдтэй өөрийн харилцааг зөвхөн хуулийн үндсэн дээр тогтооно. Түүний улс төрийн системд эзлэх онцгой байр суурь нь нийт нийгэмд хамаарах шийдвэр гаргах монополь эрх мэдэлтэй байдагтай холбоотой. Чингэхдээ төр нь:
- Улс төрийн системийн үйлчлэлийн эрх зүйн үндсийг тогтооно. Тухайлбал, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын дотоод үйл хэрэг, гүйцэтгэх чиг үүрэг зэрэгт оролцохгүй боловч нийгэмд үйлчлэх эдгээр байгууллагын алиныг нь бүртгэх, эс бүртгэх эрх эдэлж үйл ажиллагааг зөвшөөрч эсвэл хориглоно.
- Төр нь хууль эрхийн үндсэн дээр системийн бусад байгууллагад хандсан арга хэмжээ авна. Үүний шалгуур нь үндсэн хууль бусад хуулийн үзэл санаанд эдгээр
байгууллагын үйл ажиллагаа нийцэж буй эсэхтэй холбоотой. - Улс төрийн системийн бүх байгууллага үндсэн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тухайн байгууллага төрийн байгууллагад сөрөг хүчин болж болох авч бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн хуульд сөрөг байх нь хориотой. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим хийгээд үүнийг хянаж шаардлагатай бол таслан зогсоох нь юуны түрүүнд төрийн
үүрэг болдог. - Нийгмийн эв нэгдэл, хөгжлийн цэгцтэй үйл явц нь улсТөрийн системийн бүхий л байгууллагаас төрийн бодлогыг дэмжихийг шаардана. Мэдээж хэрэг, уг бодлогын утга агуулга, хэрэгжүүлэх механизмын асуудал мэтгэлцээний гол талбар болдог. Хэдий ийм боловч төрийн нийгмээ хөгжүүлэх бодлогын утга санааг хэн боловч дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулах нь ардчилсан нийгмийн нэг зарчим болдог.
Эрх зүйт төр хэмээх ойлголт нь зөвхөн төрийн тухай асуудал биш юм. Төрийн энэхүү эрх зүйт шинж нийгэм, түүний дотор хувь хүний асуудалтай холбогдож л гарч ирнэ. Энэхүү
харилцаа нь харилцан хамаарал бүхий хувь хүний эрх, эрх чөлөө нэг талаас, нөгөө талаас түүнийг хамгаалан баталгаажуулах төрийн чиг үүргийн уялдаагаар илэрхийлэгдэж хувь хүний чөлөөтэй хөгжих үндэс суурийг бүрэлдүүлэхэд эрх зүйт төрийн агуулга оршино.