П. Очирбат
/Монгол улсын анхны ерөнхийлөгч/
Шинэ толь №37, 2001
Түлхүүр үг: Нутгийн өөрөө удирдах ёс, Орон нугийн төлөөллийн байгууллагын бүрэн эрх, Орон Нутгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих, ОУ-ын эрх зүйн зохицуулалт ба Монгол улс
Ерөнхийлөгч ба нутгийн удирдлагын харилцаа нь төр засгийн хийгээд нутгийн засаг захиргааны харилцааны бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ харилцааны үндэс нь тухайн улс Холбооных уу? Нэгдмэл улс уу? Ардчилсан улс уу? Дарангуйллын дэглэмтэй юу? Ерөнхийлөгчийн, Парламентийн эсхүл хагас Ерөнхийлөгчийн засагт тогтолцооны аль нь болохоос шууд шалтгаална.
Ардчилсан бүх улсад нутгийн өөрөө удирдах ёсыг сонгуулиар байгуулагддаг засаг захиргааны байгууллага нь бие даан хэрэгжүүлдэг. Тэдгээр нь өргөн хүрээтэй эрх эдэлдэг байна.
Захиргаадалтын дэглэмтэй улсад бол нутгийн удирдлагын үйл ажиллагаанд төвөөс хатуу хяналт тогтоож, нутгийн өөрөө удирдах эрхийг захиргаагаар сольдог байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөлөл доор Ерөнхийлөгч ба нутгийн удирдлагын хоорондын харилцааны хэв шинж бүрэлдэн тогтдог байна.
Энэ харилцааны хэв шинж тулгуур зарчим хэрхэн бүрэлддэгийг тодруулахын тулд юуны өмнө төрийн байгууламж, гүйцэтгэх эрх мэдлийн тогтолцоо хоёрын хооронд шууд хамаарал байгаа эсэхийн учрыг олох хэрэгтэй юм байна.
Одоогоор өөрийгөө Холбооны гэж зарласан 20 орчим улс байдаг аж. Эдгээрийн олонхи нь АНУ, ОХУ, Мексик, Аргентин, Бразил зэрэг Ерөнхийлөгчийн засагтай орон юм. Герман, Австри, Швейцар, Энэтхэг, Югослав зэрэг Парламентын засагтай Холбооны улсууд байна. Франц, Итали, Финланд, Польш, Монгол, Египет зэрэг маш олон нэгдмэл улс Ерөнхийлөгчийн, Парламентын, хагас Ерөнхийлөгчийн засагтай боловч бүгд Ерөнхийлөгчтэй байна.
Үүнээс үзэхэд дэлхийн улс орнуудад төрийн байгууламж, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтолцоо хооронд шууд хамаарал байхгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн засаг Холбооны байгууламж бүхий оронд нэгдмэл улсыг бодвол төвийн гүйцэтгэх эрх мэдлийн эрхийг илүү хязгаарлаж орон нутгийн бие даасан байдлыг илүү хангадаг онцлог бас байна.
Өөр бас нэг онцлог байна. Тэр нь төвийн ба нутгийн захиргааны эрх мэдлийн харьцаа нь тухайн улс орны улс төрийн тогтолцоонд чухал байр эзэлдэг талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн засагтай оронд нутгийн захиргааны янз бүрийн түвшингийн албан тушаалтнуудыг томилоход Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс хамаарч их тодорхой харагддаг.
АНУ, ХБНГУ, Швейцар, Австри зэрэг оронд Холбооны гишүүн буюу субъектуудын харьцангуй бие даасан байдлаас хамааран нутгийн өөрөө удирдах бүх байгууллага нь сонгуулиар байгуулагддаг. Тухайлбал, АНУ-д бүх мужийн захирагч, мужийн хууль тогтоох хурлын гишүүд, хотын дарга нарыг мужийн иргэд сонгодог бөгөөд сонгогчдын өмнө хариуцлага хүлээнэ.
Ерөнхийлөгчийн засаг АНУ-д Холбоо болон муж улсын хооронд удирдах байгууллага, удирдах албан тушаалтан, гүйцэтгэх эрх мэдэл хуваагдмал байдаг.
Мужийн болон хотын захиргаад нь Холбооны Үндсэн хууль бусад хуулиудыг заавал дагаж мөрдөх боловч төвөөс хамааралгүй бие даасан өндөр эрх мэдэлтэй байна.
Америкийн муж улс бүрт Холбооны өмчийн газар нутаг, аж ахуйн нэгж, байгууллага байдаг бөгөөд түүнийг Холбооны эрх мэдэлтнүүд удирддаг байна.
АНУ-ын муж улсуудад Энэтхэг шиг Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн газар байхгүй.
Энэтхэгт мужийн захирагчийг иргэд сонгодоггүй Ерөнхийлөгч томилдог. Тэгэхдээ Ерөнхий сайдтайгаа зөвшилцөж байж шийдвэрээ гаргана.
Барууны ардчиллын сонгодог загвар гэж үздэг Финланд улсад ерөнхийлөгч нь бүс нутгийн захирагч нараа өөрөө томилдог. Финланд бол өөрөө нэгдмэл улс бөгөөд нутгийн өөрөө удирдах засгаа сонгодог боловч нутгийн захирагчийг Ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч болгон томилдог.
Францид Засгийн газрын комиссар томилж нутгийн захиргааны үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
Польшид Воеводыг төвөөс томилдог. Воевод гэдэг нь манайхаар аймагтай адилхан нэгж бөгөөд Польшийн гүйцэтгэх эрх мэдлийн бүтцэд багтдаг юм. Воеводын дарга
Ерөнхийлөгчид биш Засгийн газарт захирагдана.
Мексик улсад мужийн захирагчийг сонгодог боловч Холбооны тойргийн захирагч болон Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч өөрөө томилно.
Муж улсынхаа захирагчийг томилох эрх Египет улсын Ерөнхийлөгчид бас байна.
Захирагчийг томилох эрхтэй Ерөнхийлөгч мөн захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх эрхээр хангагдсан байдаг.
Харин Энэтхэгийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар захирагчийг албан тушаалаас нь чөлөөлөх эрх олгосон эсэх нь тодорхойгүй аж.
АНУ-д нутгийн иргэдийн сонгосон муж улсын захирагч, хотын дарга, хотын зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч болон хууль тогтоох дээд байгууллагын аль нь ч халах эрх байхгүй.
Тэднийг халж солих эрхийг зөвхөн сонгогчид буюу огцруулах эрхийг Холбооны шүүх эдэлдэг байна.
Холбооны төв байгууллага, нутгийн засаг захиргааны эрхийг нарийн тодорхой зааглаж тогтоодог барууны загвараар орон нутгийн нэгжийг дээрээсээ доошоо захирах босоо буюу төвлөрсөн тогтолцоо байдаггүй. Өөрөөр хэлбэл, АНУ болон баруун Европын Холбооны улсад Ерөнхийлөгч ба Засгийн газар муж улсын захирагч, хотын дарга ба нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн бусад албан тушаалтанд ямар нэгэн захиргааны шийдвэр өгөх эрх байхгүй.
Нутгийн удирдлага бол Холбооны болон нутгийн хууль тогтоомжийг удирдлага болгон тэдгээрийг ягштал мөрдөн ажиллах ёстой. Тэгэхдээ Холбооны хууль тогтоомж тэргүүлэх ач холбогдолтой байна.
Хэрэв нутгийн гүйцэтгэх эрх \мэдлийнхэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулбал юуны түрүүн Холбооны шүүх, шүүхийн байгууллага түүнийг таслан зогсоох арга хэмжээ авна. Харин Холбооны тушаалтнууд олон цалгар явдал гаргавал Холбооны шүүх авч үзэх нь ойлгомжтой.
Зарим улсын Үндсэн хуульд нутгийн засаг захиргааны буруу үйл ажиллагаанд төр засгийн газрын шууд оролцоог зөвшөөрсөн заалт байдаг байна.
Энэ оролцооны хамгийн хатуу хэлбэр бол онцгой арга хэмжээ авах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байдаг. Тухайлбал: АНУ-ын Ерөнхийлегч онцгой нөхцөл үүссэн муж улсад Холбооны цэрэг оруулах эрхтэй.
АНУ, Франц, Итали, ХБНГУ-ын Ерөнхийлөгч нутгийн засаг захиргааны үйл ажиллагаанд шууд оролцдоггүй боловч эдгээр нэгдмэл болон Холбооны улсуудын гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагууд нь нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд (тодорхой хүрээнд) хяналт тавьдаг байна.
Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байсан ч, орон нутгийн түвшинд төрийн бодлого боловсруулахад Ерөнхийлөгчийн үүрэг маш чухал юм.
Тодорхой бүс нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийг Парламентаар батлуулахад Ерөнхийлөгчийн оролцоо чухал байдаг юм.
Ийм хөтөлбөрийг боловсруулахад муж улсын захирагч, хотын дарга нар нутгийн гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагын гол төлөөлөгчид хамгийн идэвхитэй, санаачлагатай оролцож Ерөнхийлөгч болон Засгийн газартай хамтран ажиллахыг чухалчилдаг.
Ингэж хамтран ажиллахгүйгээр нэг ч Ерөнхийлөгч өөрийнхөө улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд амжилт гаргана гэж тооцоход хүнд болно.
Бүс нутаг бүрийн байр суурь, сонирхолыг тусгаж чадсанаар Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр Үндэсний хэмжээний дэмжлэг авч хэрэгжих үндэстэй болохын хамт өөрөө улс төрийн бат суурьтай болдог байна.
Монгол улсын Үндсэн хуульд дээрхи асуудлын эрх хэмжээг зааглан тогтоосон 62 дугаар зүйлд заахдаа: “1 Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хпрооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. 2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэсэн буй.
Монгол улсын Үндсэн хууль “Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” (2 дугаар зүйл) гэж заагаад “Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан юм (57 дугаар зүйлийн нэг).
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчим, байгуулагдах журам, хариуцлагын тогтолцооны үндсүүдийг төрийн гол хуульд тодорхой заажээ. Тухайлбал: Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлд:
- “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.
- Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал; баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид мөн.
- Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
Үндсэн хуулийн жардугаар зүйлд:
1 .Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжуүлнэ.
- Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхийг мөн хуулиар олгожээ.
Засаг дарга Монгол улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон харъяалах дээд байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд (иатны Засаг даргын өмнө хариуцдаг.
Засаг дарга тухайн Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй. Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд таввж буй төвийн хяналтын нэг гол хэлбэр юм. Хоригийг хүлээж аваагүй нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харъяалах дээд шатны Засаг даргад гаргаж болохоор Үндсэн хуульд заасан. Ингэж эсэргүүцэл үзүүлнэ гэсэн үг.
Үндсэн хуулийн дээрх заалтуудын дагуу нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож байна.
Өнгөрсөн 10 жил шахамын хугацаанд Засаг дарга захиргааны удирдлагын үйл ажиллагаа үндсэндээ жигдэрч нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад давамгайлах шинжтэй болж байгаа нь ажиглагдах болов. Үүнийг эргэж харууштай санагдана.
Харин нутгийн өөрөө удирдах удирдлага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тэдгээрийн Тэргүүлэгчид, баг хорооны иргэдийн Нийтийн Хурлын нөлөө байр суурь хуулийнхаа утга санаанд өөрөөр хэлбэл зохих |үвшиндөө хүрээгүй, үйл ажиллагаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын төслүүд болон саналыг хурлаараа хэлэлцэж
ёсчлох хэмжээнээс олигтой хэтрэхгүй байна. Энэ бол өвлөрлийг сааруулах нутгийн удирдлагыг ардчилах гэсэн чиг хандлагад төдийлэн нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой. “төлөөлөгчдийн хурал, Засаг дарга гэсэн нутгийн удирдлагын 2 субъектийн үйл ажиллагааны хамаарал, эрх хэмжээнийх нь зааг ялгааг тодорхой болгож, эрх үүргийн тэнцлийг хангах явдал чухал байна.
Хэдийгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улсын хэмжээгээр 14 мянга гаруй сонгуультан ажиллаж байгаа гэх юловч орон тооны нэгээс хоёр мэргэжлийн ажилтан байгаа нь 1996 онд) туйлын хангалтгүй юм.
Цаашдаа аймаг сумдыг нэгтгэх замаар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг цөөлж төлөөлөгчдийн хурлыг ажлын албатай болгож нутаг дэвсгэрийн нийгэм-эдийн засгийн амьдралын асуудлыг хүн амын язгуур эрх ашгийн үүднээс ;удлах, цаг цагт нь дорвитой шийдвэрлэж тогтмол зохион байгуулж хэрэгжүүлдэг болох нь орон нутгийн харьцангуй бие дааж хөгжих зайлшгүй нөхцөл мөн. Энэ бол “Би мэднэ“ гэх төвлөрсөн төлөвлөгөө, захиргаадлын арга дадлаас ангижрах ол зам аргагүй мөн шүү. Нийтийн Хурал мөн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд ард иргэдийг, нутаг дэвсгэрийн хамт шны гишүүний нь хамт идэвхитэй оролцуулж олон сонирхол, шон эшт үзлийг уралдуулж нутгийн төрийн захиргааны ;аналыг олон талаас нь шүүн хэлэлцэж нэгдсэн шийдвэр аргадаг болгох ёстой юм. Энд бас хэт намчирхан бүлгэрхэх нь юхисгүй. Учир нь энэ бол иргэдийн өөрөө удирдах байгууллага. нутгийн удирдлагын эрхийг өргөтгөж төвөөс ихээхэн хамаарах явдлыг үндсэнд нь арилгаж эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даасан байдлаар шийдвэрлэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг баримтлавал зөв замдаа орно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал Улсын Их Хурлаар батлагдсантай холбогдон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Ингэхдээ дөрөв дэх ‘шат” болохоос эртлэн сэргийлэх нь нэн чухал.
Монгол улсын Ерөнхийлөгч төрийн Тэргүүний хувьд нутгийн эөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан барих эрх бүхий Иргэдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нараар дамжуулан өөрийнхөө бодлого шийдвэрийг ард түмэндээ хүргэх боломж өргөн. Энд төр ёсыг хүндэтгэх ү чухал үүрэгтэй.
Нөгөө талаар, Монгол улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээсээ сонгогддог учраас ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг сонсож өөрийн мөрийн хөтөлбөр, төрийн бодлогыг олон түмэнд танилцуулж цаашдаа төрийн бодлого боловсруулахдаа орон нутгийн тулгамдсан болон хөгжлийн хэтийн төлөвтэй холбогдсон асуудлыг судалж түүнийг шийдвэрлүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх, Улсын Их Хуралд хандан илгээлт гаргах, Улсын Их Хурлын чуулганд оролцон саналаа оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны иргэдтэй уулзаж нэг хийгээд бүс нутгийн хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах зэрэг өргөн хүрээтэй хамтран ажиллах боломж бий.
Эдийн засгийн бүсчлэн хөгжүүлэх асуудлыг 1991 оноос хойш олон хувилбараар боловсруулан хэлэлцсэний дүнд 1993 онд Засгийн газраас боловсруулсан хувилбарыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцээд эдийн засгийн бүсийн асуудлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн томсгосон зохион байгуулалтыг хамтад нь тодотгон боловсруулах чиглэл өгсөн юм.
Энэ асуудлыг олон жил ярилцаж байж 2001 оны дундуур Улсын Их Хурал хагас дутуу шийдвэрлэв. Удирдлага зохицуулалтын тогтолцоо, төв гэх мэт эн тэргүүний асуудал нь саармагжаад аль төвд хэдэн аймаг хамрагдахыг нь товлоод орхичихвол хэн юу бүтээх билээ.
Ерөнхийлөгч 1996 оны Улсын Их Хурлын нэгэн чуулганд хэлсэн үгэндээ баруун бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг тусгайлан авч үзэж хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг санал болгосон билээ.
Баруун бүс нутгийг хөгжүүлэх төрийн бодлогын үндсэн асуудлыг боловсруулж 1996 онд баруун гурван аймагт ажиллан Ховд хотод болон бусад нутгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр энэ талаар байр сууриа илэрхийлж байлаа. Эхний шатанд дотоод гадаадын зах зээлтэй холбосон зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбооны найдвартай дэд бүтэцтэй болгох үндсэн дээр өрнөд бүсийн амьдралыг холбогч хөгжлийн тэнхлэгүүд, хөдөө нутгийг өөртөө татах нийгмийн гол төвүүдийг тогтоох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарахыг Засгийн газарт санал болгосон юм.
Ерөнхийлөгч нэг бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор 23 аймаг 71 сумаар орж 98 үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын ажилтай танилцаж, 130 гаруй уулзалт ярилцлага хийжээ. Цаашдаа цөөлөх нь зүйтэй болов уу.
Мөн нийслэлийн 9 дүүрэг (давхардсан тоо) 79 байгууллагын ажилтай танилцаж 14 уулзалт, ярилцлага хийсэн тоо бий.
Эдгээр уулзалтын үеэр аймаг бүрийн хөгжлийн чиглэлийн талаар Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж хөгжлийн хөтөлбөр боловсруулахдаа тусгахыг санал болгож байсныг ихэнх аймаг XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөртөө тусгасанд нь би баяртай байдаг юм.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг жил бүр хүлээн авч уулзан ярилцаж саналыг нь сонсож тодорхой зөвлөлгөө чиглэл даалгавар өгч байлаа. 1996 онд бүх сумдын Засаг дарга нартай нэгдсэн журмаар уулзаж Төрийн тэргүүний зөвлөмж сургамжийг биечлэн хүргэсэн дээ.
Монгол улсын Ерөнхийлөгч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хоорондын харилцаа өнөөгийн байдлаар иймэрхүү аястай төлөвшиж байна. Энэхүү төлөвшилд сонгуульд ялсан намын улс төрийн өнгө аяс зарим талаар нөлөөлж байгаа боловч төрөө дээдэлдэг Монголчуудын Төрийн Тэргүүнээ хүндэтгэн дээдлэх бичигдээгүй хууль хүчтэй нөлөөлж байна. Ийм учраас ард түмэндээ илүү ойр дотно, элэгсэг энгийн харьцаатай байх явдал юунаас ч илүү эрхэм чухал юм.