А.Пагма
Шинэ толь №35, 2001
Сүлжээн дэх жинхэнэ шуугиан тарьж буй салбар бол бусдаас түрүүнд гараагаа эхэлсэн, хэрэглэгчтэй хамгийн ойр байдаг жижиглэн худалдаа юм. Энэ салбарт амжилттай ажиллаж байгаа пүүсүүд бол Amazon, eBay, Buy, CNET болон бусад пүүсүүд бөгөөд Amazon пүүсийн үнэт цаасны үнэ 1998 онд 966 хувиар өсч, компаний өөрийнх нь зах зээлийн үнэ 1999 оны эхэн гэхэд 30 тэрбум доллараар үнэлэгдэж, өнгөрсөн оны сүүлчийн улиралд худалдааны хэмжээ 250 сая доллар хүрсэн байна.
Өдгөө Amazon номын on-Line зах зээлийн 90 хувийг хянадаг ажээ. Жижиглэнгийн худалдааны энэхүү эрчимтэй хөгжил нь интернетийн борлуулалтын сүлжээний давуу талтай холбоотой. Сүлжээнд холбогдох, арилжааг зохион байгуулах (веб-сайт нээх, цахим хорго болон бүхэл бүтэн цахим дэлгүүр нээх зэрэг) нь жижиг пүүсийн хүчин чадал хүрэлцэхээр харьцангуй хямд байдаг агаад интернет хэрэглэгч болгонд хүрэх өргөн бололцоотой байдаг (ийм хэрэглэгч өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд 50 гаруй сая хүн байна). Сүлжээгээр дамжуулан хэрэглэгчтэйгээ шууд харилцах нь хэрэглэгчийнхээ тухай мэдээлэлтэй болох боломжийг олгодог (тухайн хүний сонирхол, цахим шуудангийн хаяг г.м.) учраас тухайн хэрэглэгчийн тухай мэдээллийг ашиглан түүнд хандан санал тавих, реклам сурталчилгаа илгээх зэргээр ажилладаг.
Харилцагч нь сүлжээний дэлгүүрт маш хурдан орж, гарч байдаг, худалдагч, худалдан авагч хоёр нүүр тулан харилцдаггүй зэрэг онцлогоос шалтгаалан эдгээр дэлгүүрийн үйлчилгээ, үзмэрийн цонхны чимэглэл зэрэгт өвөрмөц шаардлага тавигддаг. Худалдан авагч сүлжээний олон дэлгүүрийн үйлчилгээ, үнэ зэргийг богино хугацаанд харьцуулан үзэж, өөртөө тохирохыг нь сонгон авах боломжтой байдаг нь борлуулагчдын хоорондын өрсөлдөөнийг бий болгож, янз бүрийн үнийн бус өрсөлдөөний аргыг хэрэглэх, дагалдах үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болдог байна.
Интернетийг ашигласан энэхүү зах зээлийн хэмжээ АНУ-д л гэхэд жилээс жилд хоёр дахин нэмэгдэж, 2000 онд 8 тэрбум доллар байсан бол 2003 онд 108 тэрбум долларт эргэлдэх болно гэсэн тооцоо бий.
Санхүүгийн салбар
Цахим арилжааны санхүүгийн салбарын хөгжил нь Интернет- худалдаатай салшгүй холбоотой. On-Line-ий дэглэмээр төлбөр хийх нь төлбөрийн янз бүрийн тогтолцоо бий болгох нөхцөлийг бүрдүүлж, үүнтэй зэрэгцэн банк болон банкны бус байгууллагууд Интернетээр дамжуулан өөрийн санхүүгийн үйлчилгээг санал болгож эхэлжээ.
Өнөөдөр төлбөрийн олон янзын тогтолцоо үйлчилж байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн зорилго нь бараа, үйлчилгээний төлбөрийг худалдан авагчаас худалдагчид шилжүүлэх явдал юм. Тэд тооцоог зээлийн карт, чек, цахим мөнгөөр хийдэг ба хэрэв тооцоо зээлийн картаар хийгдэж байвал систем өөрөө шууд кпирингээр гүйцэтгэж, хэрэв тооцоо цахим мөнгөөр хийгдэж байвал систем түүнийг шууд ердийн валют болгон хөрвүүлнэ. Ийм томоохон системийн нэг болох Cyber Cash нь цахим чекээр төлбөр тооцооны гүйлгээг гуйцэтгэдэг бөгөөд 14000 цахим дэлгүүр түүгээр үйлчлүүлж, нэг өдрийн гүйлгээний хэмжээ 150000 долларт хүрдэг ажээ. Харин цахим мөнгөний системийг Mondex, DigiCash, Citibank зэрэг байгууллагууд боловсруулж, үйлчилгээнд нэвтрүүлж байна.
Сүлжээний санхүүгийн бусад үйлчилгээний салбарт ч байнгын дэвшил гарч байгаа нь ажиглагдаж байна гэж мэргэжилтнүуд үзэж байна. Олон янзын сан, брокерийн пүүсүүдийн дунд явуулсан судалгаагаар асуултанд хариулсан хүмүүсийн 70 хувь нь ихэнх хэрэглэгчид on-Line-аар дамжуулан үйлчилдэг гэжээ. Sehwab, E*TRADE зэрэг пүүсүүд бүх үйлчилгээгээ Интернетээр дамжуулан хэрэглэгчид хүргэдэг болжээ.
АНУ-д 2003 он гэхэд интернетийн тусрамжтайгаар гурав орчим триллион долларын хэмжээ бүхий санхүүгийн үйлчилгээ хийгдэнэ гэсэн тооцоог шинжээчид гаргажээ.
Мөн энэ үед 10 сая орчим өрхийн аж ахуй on-line-ий үйлчилгээг ашиглах юм байна. Түүнчлэн, шинжээчид банкуудаас хөрөнгө, мөнгө, хөрөнгө оруулалтын компаний дансанд шилжих урсгал явагдах болно гэсэн таамаглал дэвшүүлж, тэдний үзэж буйгаар 2003 он гэхэд хөрөнгө оруулалтын томоохон компаниуд өөрсдийн on-line дансанд одоо томоохон банкуудын дансанд байгаа шиг тийм хэмжээний хөрөнгөтэй болох юм. Банкуудын хувьд тэдний ихэнхи нь бүр одооноос өөрийн хэрэглэгчдэд on-line-ий үйлчилгээг хүргэж байгаа боловч одоогоор ийм хэрэглэгчдийн тоо тийм ч их биш байна. Тухайлбал, өдгөө АНУ- д интернетээр дамжуулан бүх банкны шилжүүлгийн хоёр хувь нь хийгдэж байгаа ба үүний зэрэгцээ on-line-ий санхүүгийн үйлчилгээгээр 5,6 сая орчим айл өрхүүд үйлчлүүлж байгаа ажээ. Банкны байгууллагуудаас бидний үзэж буйгаар Citibank өөрийн хэрэглэгчиддээ иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг болно. Уг банкны үйлчлүүлэгчид өөрийн дансаар үйлчлүүлэхийн зэрэгцээ Citicorp-оор дамжуулан үнэт цаасны арилжааны талаар мэдээлэл авч үнэт цаас зарах, худалдан авах боломжоор хангагддаг. Банкны байгууллага, хөрөнгө оруулалтын компаний ийм маягийн хоршил нь ойрын ирээдүйд зүй тогтол болж, түгээмэл үзэгдэл болох юм.
Бизнес-бизнес
Цахим арилжааны энэ салбарын хөгжпийн ирээдүйд ихээхэн найдвар тавьж байна. Учир нь санхүү, жижиглэн худалдааны салбарууд нь интернетийн хөгжилд шинэ шинэ суваг нээдэг авч, тэнд болж буй үйл явцын мөн чанарыг өөрчлөхгүй байгаа бол “бизнес-бизнес” салбар бүгдийг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн онд АНУ-д “бизнөс-бизнес” салбарын хүрээнд хийгдсэн худалдааны хэмжээ 43 тэрбум доллар байсан бол 2003 онд 1,3 триллион долларт хүрнэ.
Интернет нь аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бизнес технологийг үндсээр нь өөрмлөх хүчин чадалтай юм. IBM пүүсийн удирдагчдын нэг “цахим бизнесийг хийх, цахим бизнес байх хоёр нь огт өөр зүйл” хэмээн хэлжээ.
Интернетийн мэдээллийн бусад технологиос ялгагдах гол онцлог нь пүүсийн гадаад ертөнцтэй харилцаж байгаа холбоо харилцааг юуны түрүүнд өөрчилдөг юм. Энэ нь гадаад ертөнцтэй мэдээллийг түргэн, хямд солилцож, энэ нөлөөллийг хүрээлэн буй бүх орчиндоо түгээх явдлаар илэрнэ.
Интернетээс мэдээллийг түргэн шуурхай олж авах боломжтой тул компаниуд ашигтай нөхцөлөөр ажил гүйцэтгэгчийг хурдан олж ажил хэргээ түргэн амжуулах боломжоор хангагдсан билээ.
Мөн интернет нэгэн зэрэг олон тооны худалдагч, худалдан авагчдыг холбож өгдөг учраас ямар ч барааны хувьд боловсронгуй зах зээлийн үүргийг гүйцэтгэнэ. Дуудлага худалдааны журмаар барааг худалдаж борлуулах зориулалттай сайтуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа нь үүнийг баталж байна.
Интернет ба Орос орон
Орос дахь Интернетийн хөгжлийн хувьд мэргэжилтнүүд Европ болон Японоос 2-3 жилээр, АНУ-аас 4-5 жилээр хоцорч яваа гэж дүгнэжээ. Энд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, интернетийн хөгжил нь холбоо харилцааны шугамын дутагдлын улмаас хязгаарлагдаж байна. Хэрэв АНУ-д 100 хүнд 64 харилцах утас ногддог бол Оросод 100 оршин суугчид дунджаар 19 харилцах утас ногддог нь АНУ-аас даруй 3 дахин бага байна. Web-Bekтор-ын мэдээллээр өнөөдөр Оросод 7 сая орчим компьютерийн хэрэглэгч байгаагаас 1,6 сая орчим хүн интернетэд холбогдох боломжтой юм байна.
Ийнхүү нийт хүн амын дөнгөж 1 хувь орчим нь л интернетэд холбогдож мэдээлэл авдаг ажээ.
On-lIne-ий бараа, үйлчилгээний санал нь ихэвчлэн хэрэглэгчдийн эрэлтээр тодорхойлогддог бөгөөд интернет ашиглагчдын тоо ийм цөөн байгаа нь Оросын интернетийн арилжааны хөгжил удаан байгаагийн нэг шалтгаан болж байна.
Бүрэн хэмжээний интер-дэлгүүрийн тоо хэдэн зуугаар л тоологдож байгаа бөгөөд ийм маягийн дэлгүүр гэж худалдан авагч сүлжээний барааны жагсаалтыг харчихаад ойрхи банкны салбарт төлбөрөө хийхээр явдаг бус on-line-аар төлбөрөө хийх боломжтой дэлгүүрийг хэлнэ.
Нөгөө талаар Оросод төлбөрийн систем, бараа хүргэх алба хөгжингүй бус учраас цахим-арилжаа хүраэгээ тэлэх боломж хомс байна. Хэдийгээр интернетээр төлбөр хийх найм орчим янз бүрийн систем бий авч (Платина банкны Cyber Plat систем, “Рексофт” пүүстэй хамтран бүтээсэн АССИТ систем, Элбим банкны instant систем, Автобанкны Элит систем, түүнчлэн international Metal Trading Bank-аар үйлчлүүлдэг Webmoney цахим мөнгөний систем, Таврический банкны Pay cash үйлчилгээний үнэ хөлс өндөр учраас төдийлөн өргөн хэрэглэгддэггүй ажээ. Цахим дэлгүүрүүд төлбөрийг банкны болон шуудангийн шилжүүлгээр хийхийг чухалчилдаг ба эсхүл барааг нь гэрт нь хүргэж өгөөд тооцоо хийдэг. Газар нутгийн алслагдмал байдал нь Оросын нэгдмэл зах зээл бүрэлдэхэд ихээхэн саад учруулдаг ажээ. Москва, Санкт-Петербург хотууд том зах зээл болдог ба нэг буюу нэг хэсэг хотын хэмжээнд компаниуд өөрийн хүчээр барааг хүргэх чадвартай байдаг юм. Жижиг бараа борлуулагчид л жишээ нь, ном, компакт дискийг шуудангаар хүргэх боломжтой. Тухайлбал, “Книги России” (www.books.ru). “Озон” (www.o3.ru) интернет дэлгүүрүүд ийм арилжаа эрхэлдэг.
Оросод интернетээр дамжуулан хийсэн жижиглэнгийн худалдааны талаар статистик мэдээ байхгүй нь харамсалтай боловч энэ нь жилд хэдэн сая долларын хэмжээнд эргэлдэж байгаа гэж таамаглаж болно.
Оросын интернетийн санхүүгийн салбарын хувьд жижиглэн худалдааны салбарыг бодвол арай түргэн хөгжиж байгаа бөгөөд хэд хэдэн төлбөрийн систем үйлчилж буй тухай дээр өгүүлсэн. 1998 оноос Оросын банкууд интернетээр дамжуулан өөрсдийн данстай харилцах боломжийг хэрэглэгчдэд олгодог internet banking системийг нэвтрүүлсэн байна. Ийм систем нь Автобанк, Гута-Банк, МДМ-банкны Петербургийн салбарт үйлчилж байна. Харамсалтай нь брокерийн пүүс, хөрөнгө оруулагч пүүсүүдийн интернетээр дамжуулсан үйлчилгээ Оросод одоогоор огт байхгүй. Оросын интернетийн тогтмол орлого олдог цорын ганц салбар нь провайднрийн бизнөс буюу интернеттэй холбогдох үйлчилгээ юм. Эхо Москны радиогийн мэдээлснээр 1998 онд Оросын Интернетэд янз бүрийн бараа үйлчилгээний төлбөр 160 сая доллар төлсний 150 сая нь интернетэд холбогдож мэдээлэл авсны төлөө төлсөн орлого байсан байна.
Төгсгөлд нь интернетийн Оросын хэсгийн хөгжилд хөрөнгө мөнгө маш их хэрэгтэй байгааг тэмдэглэмээр байна.
Гэвч интернет ашиг өгч, орлого нь зарлагаа нөхдөг болсон үед л хөрөнгө оруулалт орж ирэх нь ойлгомжтой. Сүлжээний бизнесийн бүх төрлийн хөгжил нь төлбөрийн өндөр чадвартай хэрэглэгчид бий болсон нөхцөлд боломжтой болох бөгөөд ийм хэрэглэгчдийн тоо нэмэгдэхэд улс орны нийгэм эдийн засгийн байдал тогтвортой байж иргэдийн амьдралын түвшин дээшлэх нь чухал нөхцөл болно. Ингэсэн тохиолдолд хүмүүсийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж (мэдээллийн хэрэгцээнээс бусад), иргэд үлдсэн хөрөнгө мөнгөө компьютер худалдан авах, интернетэд холбогдох зэрэгт зарах бололцоотой болно. Энэ үед л интернет дэлгүүрээс юм худалдан авах нь ойролцоох дэлгүүрээс бараа худалдан авч байгаа юм шиг ердийн, аюулгүй болж Оросод жинхэнэ интернет-тэсрэлт болно. Оросын интернетийн глобал сүлжээний хөгжлийн ирээдүйг тооцоолж үзвэл, хэрэв 2000-2001 онд АНУ-д жинхэнэ интернетийн тэсрэлт болсон гэж үзвэл Оросод 5 жилийнх нь хоцрогдлыг тооцохоор юуны өмнө бизнес-бизнес салбарын үсрэнгүй хөгжил 2004-2006 онд болно гэсэн тооцоо гарсан байна.