Б.Баттүвшин
Шинэ толь №37, 2001
Түлхүүр үг: Орон нутгийн төсөв, Орон нутгийн татвар бүрдүүлэлт, Удирдлагын зохион байгуулалт, орон нутгйин бие даасан байдал, Орон нутгийн шүүх
“Нутгийн удирдлага” төслийн ажилтан
Монголын Нутгийн Удирдлагын Холбооны 2 дугаар их хурал 2001 оны 11 дүгээр сарын 09-нд Улаанбаатар хотноо хуралдав. Тус их хурлын хэлэлцэх асуудлын цөм нь Монголд нутгийн өөрөө удирдах ёсны шинэчлэлийн асуудал байсан бөгөөд түүний ерөнхий үзэл баримтлалыг илэрхийлэн харуулсан тунхаг бичгийг тус холбооны улс төрийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиг баримжаа тогтоох үндсэн баримт бичиг болгон хэлэлцэн баталсан явдал энэ хурлын гол ололт боллоо. Тунхаг бичгийн төсөл аль 1998 онд бэлэн болсон байсныг энд тэмдэглэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн улс төрчдөд энэ баримт бичигтэй танилцаж түүний утга агуулга, үзэл санааг ойлгох, эрэгцүүлэн бодох хангалттай хугацаа байсан гэсэн үг. Тунхагийн үзэл санаа нь нутгийн удирдлагын олон улсын холбооноос батлан гаргасан тунхагийн үзэл санаанаас эхтэй бөгөөд Монголын нутгийн удирдлагын холбоо Конрад Аденуаэрын Сангийн урт хугацааны үр ашигтай хамтын ажиллагааны үр дүн юм. Энэхүү өгүүллийг бичигч бээр энэ баримт бичгийн зохиогч нь юм гэдгийг энд тэмдэглэхэд таатай байна.
Тунхаг бичгийн зорилго, үзэл санаа нь Монголд орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж нийгмийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой бөгөөд үндсэн гурван гол асуудлыг хөндөж байгаа юм. Үүнд:
- Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн суурь дэвсгэрийг боловсронгуй болгох асуудал орж байгаа юм. Монгол улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад эрх зүйн акт, баримт бичгүүдэд хийх өөрчлөлтүүдийн ерөнхий санааг энд томъёолсон юм. Ерөнхий үзэл баримтлалын хувьд юуны өмнө нутаг дэвсгэрийн нэгжүүд нь хуулийн этгээд юм гэдгийг Үндсэн хуулиар тогтоож өгөх, үүний дараа эдгээр хуулийн этгээдэд оногдох эрх мэдэл, үүрэг хариуцлагыг Үндсэн хуулийн хүрээнд хуульчлан баталгаажуулах явдлыг гол зорилго болгон тунхаглалаа.
2.Нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулах явдал тунхагийн хоёрдахь гол зорилго бөгөөд үүнгүйгээр орон нутгийн бие даасан байдлын тухай ямар нэг яриа байх үндэсгүй гэдгийг эрх зүйт төр бүхий бусад улсын туршлага бидэнд тодорхой харуулж байгаа юм. Нутаг дэвсгэрийн нэгжүүд хуулийн хүрээнд тодорхой татвар хураамж тогтоон хураан авах, төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулах явдал бол нутгийн өөрөө удирдах ёсны санхүү эдийн засгийн баталгаа нь болдог. Иймд төсөв санхүүгийн харилцаанд зарчмын шинэчлэл хийхгүйгээр нийгмийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох боломжгүй гэдгийг энд цохон тэмдэглэх ёстой гэж бодож байна.
3.Оршин буй нутаг дэвсгэрийн нэгжүүдийн улс төр, эдийн засаг, нийгмийн эрх ашиг сонирхолыг сахин хамгаалах эрх зүйн механизмыг бүрдүүлэх явдалд тунхагийн гуравдугаар бүлэг зориулагдсан юм. Орон нутгийн бие даасан байдал, дотоод хэрэг, ашиг сонирхолд нь дээрээс халдан орох явдал байнга гарч ийм тохиолдолд нутаг дэвсгэрийн нэгжүүд өөрийгөө хамгаалах эрх зүйн механизм дутагдаж байгаа нь иргэний нийгэм бүрэлдэх эрх зүйт төр бэхжих үйл явцад хамгийн хортой үзэгдэл бөгөөд нийтийн үүрэг хариуцлага улам бүр төвлөрч иргэний оролцоо, хяналт дутагдан улмаар ардчиллын нэр хүнд, өгөөж сулрах аюултай юм.
Тунхагийн гол зорилго агуулгын талаар товч дурьдахад ийм байна. Харин түүний ерөнхий үзэл санааны онолын суурь дэвсгэр, нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн орчин нөхцөлийн хомсдолын талаар одоо авч үзье.
Юуны өмнө, Монгол улсын шинэ Үндсэн хуулийн ерөнхий үзэл баримтлал, энэ хүрээнд “нутгийн өөрөө удирдах ёс“, түүний нийгэм улс төрийн ач холбогдол, эрх зүйн суурь зарчмуудыг хэрхэн тодорхойлсныг авч үзэх шаардлага аяндаа урган гарна. Ерөнхий үзэл баримтлалын хувьд шинэ Үндсэн хууль нь өнгөрсөн нийгэм дэхь нийгмийн харилцааг зохицуулах үндсэн зарчим нь байсан хувь хүний эрх чөлөөт, бие даасан байдлыг бүрэн үгүйсгэдэг уламжлалт коллективист үнэт зүйлсийн системийг үгүйсгэн оронд нь хувийн ба нийтийн эрх ашгийг хослуулахыг эрмэлзсэн үнэт зүйлсийн шинэ чиг баримжааг сонгосноороо XX зууны Монголын түүхэнд гарсан хамгийн том дэвшил болсон юм. Гэхдээ “хувийн болон нийтийн эрх ашгийг хослуулахыг эрмэлзэх явдал”-ыг нэгэнт нийгмийн харилцаан дахь зохицуулалтын суурь зарчимд баримтлах үнэт зүйлсийн шинэ чиг баримжаа болгон сонгон авсан л юм бол “нутгийн өөрөө удирдах ёс“ хэмээх ойлголтыг огт өөрөөр тодорхойлох ёстой байв.
Монгол улсын Үндсэн хуулийн “Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага“-ын тухай дөрөвдүгээр б\үлгийн тавин наймдугаар зүйлийн нэгд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн“ хэмээсэн нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлох гэж оролдсон оролдлого бололтой. Утга агуулгын хувьд ч, үг хэллэг найруулгын хувьд ч энэ нь хуулийн заалт болж чадсангүйгээр үл барам хэнд ч, юунд ч хэрэггүй зүйл, шуудхан хэлэхэд удирдлагын шинжлэх ухааны хоцрогдсон сурах бичгээс хуулж авсан тодорхойлолт бүхий өгүүлбэр болжээ. “Хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг” гэж юуг хэлж байгаа юм бэ гэдгээс авахуулаад энэхүү заалтын агуулгатай холбогдуулан олон асуулт тавьж болно.
Гэхдээ хэргийн гол нь үүнд байгаа биш, харин “цогцолбор” хэмээх ганц үгэнд л хамаг учир байгаа юм. Аж ахуйн цогцолбор, биеийн тамирын цогцолбор, эрүүл мэндийн (эмнэлгийн) цогцолбор ер нь ямар ч цогцолбор байж болно. Харин “хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, газар нутаг бүхий нийгэм эдийн засгийн цогцолбор“ гэж байж яав ч таарахгүй. Цогцолбор хэмээх энэ үг нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хуулийн этгээд байх бүрэн эрхийг нь үгүйсгэн улмаар нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг тогтоох бусад бүх үйл ажиллагааг утга учиргүй зүйл болгон хувиргаж байна. Учир нь нийгмийн харилцаанд оролцогч аливаа этгээд нь юуны өмнө “хуулийн этгээд“ болж байж л сая эрх мэдэл, үүрэг хариуцлагаар хангагддаг нь эрх зүйн шинжлэх ухааны хамгийн энгийн ойлголт юм. Хэрвээ аль нэг нутаг дэвсгэрийн нэгжийг хэн нэгэн этгээд хохироох юм бол (ийм тохиолдол байнга гарч болно) тухайн нутаг дэвсгэрийн нэгж шүүхэд хандах эрх зүйн ямар ч үндэсгүй болж байгаа бөгөөд аль ч шүүгч “та бол хуулийн этгээд биш тийм учраас таны гомдлыг би хэрэгсэхгүй” хэмээн хариулах бүрэн боломжийг “цогцолбор” хэмээх энэ “уран гоё“ үг бий болгож
байгаа юм. Нутаг дэвсгэрийн нэгжийг эрх зүйн этгээд мөн болохыг нь тогтоосон заалт Үндсэн хууль болон бусад аль ч хуульд байдаггүйгээс тухайн нэгжид оногдох ёстой, өөрөөр хэлбэл аль нэг нутаг дэвсгэрийн нэгжид амьдарч, оршин сууж буй бүх хүнд хамаарагдах ёстой бүрэн эрхийг засаг даргын бүрэн эрх, хурлын бүрэн эрх (Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль) хэмээн хоёр хэсэгт салган тогтоох хэрэгтэй болсон бөгөөд улмаар энэ нь нутаг дэвсгэрийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий этгээдүүдийг хамтран ажиллах бус харин өөр хоорондоо дайсагнах эрх зүйн үндсийг нь тавив.
Мөн бүлгийн тавин есдүгээр зүйлийн нэгд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн ө\өрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээсэн нь мөн л хуулийн заалт болж чадсангүй, харин дээрхийн нэгэн адил удирдлагын шинжлэх ухааны хуучирсан сурах бичгээс хуулж авсан тодорхойлолт өгүүлбэрээс хэтэрсэнгүй. Энэ заалт нь тавин наймдугаар бүлгийн нэгдүгээр заалтын логик үргэлжлэл нь бөгөөд нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хийгдсэн цааш цаашдын алхамд гарсан үзэл баримтлалын алдаа эндээс эхэлнэ. Энэ заалтыг задлан шинжилбэл төрийн удирдлага ба нутгийн удирдлага хэмээх нь огт өөр шинж чанар бүхий хоёр тусдаа ойлголт юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Нутгийн удирдлага хэрхэн хэрэгжихийг ингэж тодорхойлсон л юм бол энэ заалтын араас залгуулаад чэгдүгээрт, нутгийн өөрөө удирдах ёс гэж юуг хэлэх, хоёрдугаарт, төрийн удирдлага гэж чухам юу болох, эцэст нь, энэ хоёрыг хэрхэн хослуулах тухай гурван заалтыг нэмж эруулах ёстой байв. Ингэж нэмж оруулаад ч ялгаагүй энэ заалт нь үзэл баримтлалын хувьд үндсээрээ буруу юм. Учир нь нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах тухай үг яриа байж хэрхэвч таарахгүй, харин ард түмний бүрэн эрхэд, өөрөөр хэлбэл Монгол улсын хуульд захирагдсан, гэхдээ харьцангуй бие даасан, өөрийн дотоодын асуудлыг хуулийн хүрээнд өөрөө бие даан шийдвэрлэх эрх мэдлээр хангагдсан нутаг дэвсгэрийн нэгжийн тухай л яригдах ёстой юм. Энэхүү заалтаас болоод, эсхүл энэ заалтыг хамгийн бүдүүлэг механик олбэрээр ойлгосноос болоод ч гэж хэлж болно, дараа дараачийн заалтууд үндсээрээ алдаатай болсон бөгөөд үр дүн нь ард түмнээсээ сонгогдон байгуулагддаг хурал, дээрээс гомилогддог засаг дарга гэсэн хаана ч байхгүй хачин эрлийз гогтолцоо болон амьдралд хэрэгжив. Засаг дарга нь Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг биелүүлдэг, хурал нь орон нутгийн эрх ашгийг төлөөлдөг утга учиргүй байдал бий болж улмаар орон нутгийн эрх ашиг болон нийт үндэсний эрх ашгийг өөр хооронд нь зөрчилдөхөд хүргэж байна. Орон нутгийн эрх ашиг нь үндэсний эрх ашигтай зөрчилдөнө гэж юу гэсэн үг юм бэ? гэсэн зүй ёсны асуулт эндээс аяндаа босч ирнэ. Тиймээ, ийм тохиолдол байж болохоор үл барам яг одоо өнөөдөр ийм нөхцөл байдал бий болчихоод байна. Улс төрийн шийдвэр гаргах бүрэн эрхээр хангагдсан цорын ганц төвтэй, тэндээс гарч буй шийдвэр нь нийгэм дэх сонирхолын бүлэг хэсгүүд, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх ашиг, сонирхолоос ангид, “мэргэжлийн” улс төрчдийн явцуу эрх ашиг, амбицад захирагдсан (улс төрийн шийдвэр гаргах төв цорын ганц байгаа цагт цаг үргэлж ийм л байх болно), жирийн хүмүүсийн амьдрал ахуйгаас хол хөндий, хийсвэр, зөвхөн улс төрийн тодорхой зорилго, үзэл санааг амьдралд хүчээр тулган хүлээлгэсэн хэвээрээ байгаа өнөөгийн нөхцөлд орон нутгийн эрх ашигт нийцсэн төрийн бодлого, үйл ажиллагааг хүлээх арга байхгүй юм. Хамгийн ерөнхий утгаар нь хэлэх юм бол үндэсний эрх ашигт харш орон нутгийн эрх ашиг байж болно, харин орон нутгийн эрх ашигт харш үндэсний эрх ашиг гэж байж болохгүй гэсэн үг. Энэ санааг “Нийгмийн удирдлагын шинэ зарчим“ хэмээх бүлэгт дэлгэрэнгүй тайлбарлах тул түр орхиё.
Мөн бүлгийн жаран нэгдүгээр зүйлийн нэгд “Засаг дарга тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харъяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харъяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар дээд шатны засаг даргын өмнө хариуцана.” гэсэн нь зөөлөн хэлэхэд нийгмийн ардчилсан байгуулал, эрх зүйт төрийн байгууламжийн үндсэн зарчимд харш заалт болжээ. Энэ заалтаас хэд хэдэн логик дүгнэлт, мөн асуулт урган гарна.
Дүгнэлт: Монгол улсад засаг даргын харъяа (эзэмшлийн гээгүй нь л яамай, засаг дарга, ямар хуучны хошуу захирагч ван, гүн биш дээ) нутаг дэвсгэр гэж байдаг юм байна. Мөн засаг даргыг харъяалдаг дээд байгууллага гэж бас нэг юм байдаг юм байна. Түүнчлэн, Монгол улсад хууль гэж нэг юм байх бөгөөд түүний хажуугаар Засгийн газрын шийдвэр гэж нэг юм бас байдаг юм байна. Засаг дарга нь эдгээрийн аль алинийг нь биелүүлэх үүрэгтэйгээр зогсохгүй хууль хэрэгжиж буй эсэхийг хуулийн өмнө биш харин дээд шатныхаа даргын өмнө хариуцах ёстой юм байна.
Асуулт: Хэрвээ дээд шатны байгууллагын шийдвэр нь Монгол улсын хуульд харш байвал яах вэ? Засгийн газрын шийдвэрийг дагах уу? хуулиа биелүүлэх үү? Ерөнхий сайд, Засаг дарга хоёр чинь захирагч захирагдагч юм уу? Эсхүл хамтран ажилладаг түншүүд үү? Захирагч, захирагдагч хоёр юм бол Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, арван дөрөвдүгээр зүйлийн нэгд заасан “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна“ гэснийг яах вэ? Хуулийн биелэлтийг хуулийн өмнө хариуцах ёстой юм уу? эсхүл дээд шатныхаа даргад тайлагнах уу? аль нь вэ?
Эндээс харахад энэ заалт зөвхөн холион бантан болоод зогсоогүй ардчилсан эрх зүйт төрийн байгууламжийн үндэс суурийг эвдэн бусниулж байгаа нь төвөггүй харагдана.
Жаран нэгдүгээр зүйлийн хоёрт “Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны шийдвэрт хориг тавих эрхтэй”, мөн зүйлийн гуравт “Тавьсан хоригийг нь хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих хурал, Ерөнхий сайд буюу харъяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно“ хэмээн тус тус заасан нь төрийн эрх барих дээд байгууллагаас батлан гаргасан хууль, орон нутгийн эрх барих байгууллагын шийдвэр хоёр өөр хоорондоо зөрчилдөх тохиолдолд үүсэх маргааныг зохицуулах биш харин гарах аргагүй битүү тойрогт оруулсан ноцтой алдаа болжээ. Эхний заалтад “хуульд харшилбал” эсхүл “хуулийг зөрчсөн бол“ гэдэг үг оруулаагүйгээс өөрийн санаанд нийцээгүй шийдвэр бүрийг бойкотлох сайхан боломжийг Засаг дарга нарт олгожээ. Дараагийн заалтад нь хоригийг нь хүлээж аваагүй тохиолдолд үүсэх маргааныг таслах арга замыг тогтоохын оронд зүгээр л огцрох хүсэлтээ гаргаж болно гэсэн нь бүр гайхмаар. Засаг дарга огцроод л маргаан тасарчихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Дараагийн засаг дарга өнөөх шийдвэрт нь хориг тавиад хурал нь мөн адил хүлээж авахгүй бол яах вэ? мөн л огцрох уу?
Ийнхүү цааш шүүмжлэх юм бол бидний цаг зав хүрэлцэхгүй, харин үүний оронд Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг үчдсээр нь шинэчлэн найруулах хэрэгтэй гэдгийг шуудхан
хэлмээр байна. Дөрөвдүгээр бүлэг дэх заалтууд нь Монголд эрх зүйт төр, иргэний нээлттэй нийгэм төлөвшүүлэхэд огтхон ч тус болохгүй харин саад тотгор болж байгааг дээрх шүүмжлэлээс харагдаж байгаа гэж найдаж байна. Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндсийг тавих ёстой Үндсэн хуулийн заалтууд дахь үзэл баримтлалын алдаа завхралын ар талд ерөөсөө нийгмийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх тухай онол, үзэл баримтлалын зарчмын шинж чанартай төөрөгдөл нуугдаж байгаа юм. Хүн бол угаасаа буруутай, тэрээр урьдчилан сэргийлж, хянаж, хамгаалж л байхгүй бол ямагт алдаа гаргана, буруу үйлдэл хийнэ, тэднийг буруу үйлдэл, алдаанаас нь урьдчилан сэргийлж хамгаалах нь даргын үүрэг, хүмүүсийн гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдэл бүрийг “ухаантай удирдагч” дээрээс хянаж, зөвшөөрөл олгож байвал зохино гэсэн туйлын бүдүүлэг авторитар, патерналист сэтгэлгээ л эдгээр алдаа завхралын үндэс, учир шалтгаан нь юм.
Өөрчилье, шинэчилье хэмээн хэлэх амархан. Хэргийн учир чухам ямар ерөнхий зарчимд тулгуурласан өөрчлөлт хийх вэ гэдэгт л байгаа юм. Аливаа асуудлын суурь зарчим тодорхой болмогц цаашдын алхмууд дээр тохиролцоонд хүрэх амар байдгийг нуршин тайлбарлах онцын хэрэггүй биз ээ. Учир иймд нийгмийн удирдлага түүний эрх зүйн зохицуулалтад баримтлах ёстой суурь зарчмын тухай асуудалд анхаарлаа төвлөрүүлцгээе.
Нийгмийн удирдлагын орчин үеийн онолд субсидиар зарчим буюу “нөхөн төлөх зарчим” (энд ямар нэгэн санхүүгийн төлбөрийн тухай яригдаж байгаа биш, харин ямар нэгэн хүрэлцээ муутай, дутагдаж байгаа материаллаг ба материаллаг бус зүйлийг нөхөн төлөх гэсэн санаа юм шүү!) хэмээх ойлголт түлхүүр үүрэг гүйцэтгэнэ.
Субсидиар зарчим хэмээх энэхүү нэр томъёо нь латиний “Subsidium ferre буюу “дэмжлэг туслалцаа үзүүлэх’1 гэсэн утга санаа бүхий үг хэллэгээс гаралтай юм. Энэхүү нэр томъёоны утга агуулгыг хамгийн ерөнхий бөгөөд товч утгаар нь тайлбарлавал: “хувь хүн, гэр бүл эсхүл нийгмийн аливаа нэг тодорхой бүлэг хэсэг өөрийн санаачилга, идэвхээрээ хэрэгжүүлж чадах аливаа асуудлыг нийгэм (төр) өөртөө булаан авч болохгүй, төрийн (нийгмийн) зүгээс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь нийгмийн гишүүд ганцаараа эсхүл хэсэг бүлгээрээ шийдвэрлэж үл чадах тийм асуудал бэрхшээлд л төвлөрөх ёстой“ гэсэн энгийн бөгөөд ойлгомжтой зарчим юм.
Энэ зарчим нь “Хүмүүсийг аз жаргалтай нийгэмд ташуурдан тууж оруулбал зохино“ гэсэн большевик зарчмаас үндсээрээ ялгаатай, яг 180 хэм түүний эсрэг байгааг олж харахад төвөггүй юм. Хүмүүс аз жаргалтай амьдрах эрхтэйгийн зэрэгцээ мөн зовох эрхтэй гэдгийг, ёгтолж хэлбэл “өөрийгөө зовоох хүсэлтэй хүн байвал буянаараа болтугай” хэмээх зарчмыг л ойлгож хүлээн зөвшөөрөх аваас сая субсидиар зарчмын мөн чанар нь илүү ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл, юуны өмнө хүний заяагдмал эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэж хүлээн зөвшөөрнө гэсэн үг бөгөөд хамгийн түгээмэл утгаар нь хэлбэл “хүн сайхан амьдрах эрхтэйн зэрэгцээ бас муухай амьдрах эрхтэй” гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ гэсэн үг.
Субсидиар зарчим нь хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэн үздэг эрх зүйт төр ба нийгмийн зохион байгуулалтын тулгуур зарчим нь болох бөгөөд тэрээр нэг талаас нийгмийн гишүүд, түүний бүрэлдэхүүн жижиг хэсгүүдэд (иргэд, өрх гэр, нутаг дэвсгэрийн нэгж, бүс нутаг г.м.) тэдгээрийн хүч чадал нь үл хүрэх аливаа асуудалд удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байх үүргийг төрд ноогдуулахын зэрэгцээ нөгөөтэйгүүр иргэд, нийгмийн бүлэг хэсгүүдийн өөрсдийн хүчээр шийдвэрлэж чадах аливаа үүрэг чиг үүрэгт нь дээрээс түрэмгийлэн халдахыг хориглодог байна.
Нийгмийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол субсидиар зарчим нь тоталитаризмын эсрэг ардчилсан-олон ишт үзэл санаанд тулгуурласан, төвлөрсөн бус арга замаар улс төрийн шийдвэр гаргаж нийгмийн удирдлагыг хэрэгжүүлэх удирдлагын бүтэц, зохион байгуулалтын тухай сургааль юм. Энэ зарчмын амин сүнс, философи нь “өөртөө туслахад нь туслах” явдал болно.
Гүн ухааны үүднээс авч үзэх юм бол хүн бүр алдах эрхтэй байх явдал нь субсидиар зарчмын амин сүнс нь болно. Гагцхүү алдсаны эцэст л сая алдаа гаргажээ гэдгээ өөрөө ойлгож ухамсарлах явдал нь ёс суртахуун ба үнэн мөнд хүрэх цорын ганц зөв зам бөгөөд алдаа гаргахгүйн тулд алдаанаасаа суралцах боломжтой байх, өөрөөр хэлбэл, алдаа гаргах боломжоор хүн бүр хангагдсан байх ёстой.
Эрх зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол субсидиар зарчим хэмээх нь хууль, шүүхийн өмнө бүгд адил тэгш байх, энэ үүднээсээ хууль тогтоох төрийн дээд байгууллагаас батлан гаргасан хууль нь нийгмийн харилцаанд цорын ганц зохицуулагч байна гэсэн үг. Хамгийн энгийнээр тайлбарлавал сум, дүүргийн шийдэж чадах, тэдгээрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудалд аймаг, нийслэл, төв дээрээс оролцдоггүй, аймаг, нийслэлийн бүрэн эрхэд хамаарах, тэдгээрийн бие даан өөрсдөө шийдэж чадах аливаа асуудалд төв оролцдоггүй эрх зүйн тийм орчныг л бий болгоно гэсэн үг юм. Энэ үүднээс улс ба орон нутаг нь эрх зүйн хувьд захирагч захирагдагч хоёр бус харин хамтран ажилладаг түншүүд байх учиртай. Өөрөөр хэлбэл, нийт үндэсний эрх ашгийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, төрөөс батлан гаргасан хуульд захирагдахын зэрэгцээ бие даасан байдлаа эрхэмлэсэн, өөрт хамаарах асуудлыг өөрөө шийдэж чаддаг нутаг дэвсгэрийн нэгж, нийгмийн удирдлагыг нийгмийн инженерчлэлийн тулган хүлээлгэх аргаар бус харин орон нутгийн бие даасан байдал, эрх ашиг сонирхолыг хүндэтгэн үздэг төр, тэдгээрийн харилцан бие биенээ хүндэтгэх, харилцан буулт хийх зарчимд тулгуурласан хамтын ажиллагаа нь нийгмийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл хэргийн эрх зүйн тулгуур зарчим нь байх ёстой. Энгийн үгээр хэлэх юм бол өршөөл энэрэл үзүүлдэг, алдаа эндэгдлээс урьдчилан сэргийлдэг төр биш харин бие даасан байдлыг дэмждэг, үр ашигтай зөвлөгөөгөөр хангадаг төр л өнөөгийн нутаг дэвсгэрийн нэгжүүдэд хэрэгтэй байна.
Бие хүний эрх чөлөөт байдал, нэр төрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг нийгмийг бүрдүүлж улмаар нийгмийн удирдлага, улс төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт иргэн бүр чөлөөтөй оролцох, өөрийн амьдрал хувь заяаны эзэн байх бололцоо нөхцөлийг нээж өгдгөөрөө субсидиар зарчим нь эрх зүйт төр бүхий иргэний ардчилсан нийгэм дэх нийгмийн удирдлагын тогтолцооны тулгуур зарчим нь болж өгдөг байна.
Нийгмийн удирдлагын тогтолцоонд зайлшгүй хийгдэх ёстой бүхнийг хамарсан шинэчлэлийн суурь үзэл баримтлал нь гагцхүү субсидиар зарчим байх ёстой гэсэн үндсэн санааг Монголын нутгийн өөрөө удирдахын тунхаг бичиг өөртөө агуулж байгаа юм. Юуны өмнө нутаг дэвсгэрийн нэгжүүдийн эрх мэдлийг өргөтгөх, өөрөөр хэлбэл, өөрийн нийгэм, эдийн засгийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийг нийгмийн удирдлагын институционал бүтцийн бүрэлдэхүүн нэг хэсэг, бүрэн эрхт гишүүн гэдгийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нийт үндэсний түвшний засаг төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээн хэвтээ тэнхлэгт салган тогтоосны нэгэн адил төв ба орон нутаг гэсэн босоо тэнхлэгийн дагуу мөн адил зааглан тогтоож өгөх, Засгийн газар болон орон нутаг нь нэг нь захирдаг, нөгөө нь захирагддаг дээд доод байгууллагууд биш харин эрх тэгш байдлаар харилцан үр ашигтай хамтран ажилладаг түншүүд байх эрх зүйн орчныг бүрэлдүүлнэ гэсэн үг юм. Энэ нь нийгмийн ардчилсан байгууллын үндсийн үндэс нь болох хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг нийгмийн удирдлагын тогтолцоонд газар сайгүй баримтална гэсэн үг.
Эцэст нь энэхүү тунхаг бичиг нь ээлжит моод, тэгэс ингэс хийгээд замхран алга болох зүйл биш харин орон нутгийн улс төрчдийн нийтлэг хүсэл эрмэлзлэл, ннэ зорилгоо ажил хэрэг болгох санаа зориг тэдэнд хангалттай байгаа гэдгийг тэмдэглэхэд таатай байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны тухай Монгол улсын тунхаг бичиг
Удиртгал
Нутаг Дэвсгэрийн Нэгжийн Олон Улсын Холбооны 1993 оны 31 дүгээр бага хурлаас Торонто хотноо батлан гаргасан “Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг“-ийн үзэл санааг Дэмжиж,
Монгол улсад “Нутгийн өөрөө удирдах ёс“ төлөвшин бэхжих үйл явцыг цаашид өргөтгөн гүнзгийрүүлэх, эрх зүйт ардчилсан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нийгэм бүрэлдэн тогтох үйл явцыг эрчимжүүлэх ЗОРИЛГООР,
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийн эрх барих байгууллага, тэдгээрийн нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс Монголын ард түмэн, Монгол улсын төр засаг, улс төрийн бүх нам, орон нутгийн эрх баригчдад хандан ТУНХАГЛАН ЗАРЛАХ НЬ;
Тэргүүн бүлэг
Нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн үндэс
Yэгдүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах ёсны Үндсэн хуулийн үзэл баримтлал
1.Хууль тогтоох төрийн дээд байгууллагаас тогтоосон хил хязгаар, газар нутаг, оноосон нэр бүхий хуулийн этгээдийг нутаг дэвсгэрийн нэгж хэмээн үзэх,
2.Нутаг дэвсгэрийн нэгж нь иргэд, оршин суугчдын нийгэм, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, эрх ашгийг илэрхийлэгч, тэдний хамтын амьдралыг зохион байгуулагч, иргэдийн өөрийгээ удирдах үйл хэргийг хэрэг-жүүлэгч нь бөгөөд ардчилсан төрийн зохион байгуулалтын иргэдэд ойр дөт бүрэлдэхүүн хэсэг нь мөн хэмээн тодорхойлох,
- Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид, иргэд өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүх асуудлыг ардчилсан, шууд, нууц, тэгш, тогтмол хугацааны, бүгдийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан, өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө мөнгөнийхээ хэрээр, хууль тогтоох төрийн дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг “нутгийн өөрөө удирдах ёс“ хэ-мээх,
- Нутаг дэвсгэрийн нэгжийг шинээр байгуулах, татан буулгах, нэгтгэх эсэхийг тухайн нэгжийн саналыг харгалзан, үндэсний эрх ашигт нийцүүлэн хуульд заасан үндэслэл, зарчмын дагуу хууль тогтоох төрийн дээд бай-гууллагаас шийдвэрлэх,
- Нутаг дэвсгэрийн нэгжийн бүрэн эрх, түүний улс төр, нийгэм, эдийн засгийн бие даасан байдал, тухайн нэгжид оршин суугчид, иргэдийн хамтын амьдралаа зохион байгуулах эрх мэдлийг Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалж, төр болон нутаг дэвсгэрийн нэгж, түүнчлэн нэгжүүдийн хоорондын харилцааг “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль“ болон “Орон нутгийн сонгуулийн тухай хууль”, бусад хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан заах шаардлагагүй бусад асуудлыг нэгжийн өөрийн дотоод дүрэм журмаар зохицуулах,
хоёрдугаар зүйл. Нутаг дэвсгэрийн нэгжийн бүрэн эрх
- Хуулиар тогтоосон хил хязгаар дотор эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн баталгаа болгон нутаг дэвсгэрийн нэгж бүрт газар нутгийн бүрэн эрхийг эдлүүлэх,
- Нутаг дэвсгэрийн нэгж бүр нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, бэрхшээлээ бие даан шийдвэрлэх эрх мэдэл буюу нийтэд хамаарах чиг үүргийн бүрэн эрхээр хангагдах,
- Нутаг дэвсгэрийн нэгж бүр тодорхой (юуны өмнө газар, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, цэвэр ус, цахилгаан эрчим хүч, дулааны болон бохир усны шугам сүлжээ г.м. тоноглол, үйлдвэрлэлийн хэрэгсэл) өмчтэй байх, өмч хөрөнгийг шинээр бий болгох, эзэмших, захиран зарцуулах, төсвийн орлогын тодорхой эх булагтай байх, улмаар төсвөө төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах бүрэн эрх эдлэх,
- Нутаг дэвсгэрийн нэгж бүр эрх мэдлээ шуурхай, үр ашигтай, хямд төсрөөр хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтын оновчтой хэлбэрийг сонгон авах бүрэн эрхтэй байх,
- Нутгийн захиргааны удирдлага албан хаагчид, ажилтнуудыг сонгон авах, сургаж дадлагажуулах, зэрэг дэв ахиулах, шагнаж урамшуулах, захиргааны хариуцлага, шийтгэл оногдуулах, өөр ажил албан тушаалд шилжүүлэх болон эрхэлж буй ажил албан тушаалаас нь халах, чөлөөлөх бүрэн эрхээр хангагдах,
11.Нутаг дэвсгэрийн нэгжүүд нь өөрийн газар нутгийг өмчийн хэлбэрээс үл хамааран зориулалт, ашиглах хэлбэрээр ангилан зохион байгуулах эрх эдлэх,
12.Нутаг дэвсгэрийн нэгж бүр бүрэн эрхдээ хамаарах асуудлаар, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд, үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд дүрэм, журам батлан гаргаж мөрдүүлэх бүрэн эрхээр хангагдах,
13.Нутаг дэвсгэрийн нэгжүүд тулгарч буй нийгэм эдийн засгийн бэрхшээл, хэрэгцээгээ шийдвэрлэх, санхүүгийн хүчин чадлаа нэгтгэх, эдийн засгийн хэмнэлттэй, оновчтой бүтэц бий болгохын тулд хамтран ажиллах, өөр хоорондоо нэгдэх, аж ахуйн дундын байгууллага байгуулах эрхээр хангагдах,
14.Эдгээр бүрэн эрх нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон хэм хэмжээнд захирагдах ёстой;
гуравдугаар зүйл. Төр, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын чиг үүргийг хуваарилах
15.Нийтэд хамаарах чиг үүрэг, хариуцлагыг төрийн зохион байгуулалтын иргэдэд хамгийн ойр дөт нэгж хэсэг эдэлж хэрэгжүүлэх,
16.Энэхүү чиг үүрэг, хариуцлагыг НДН дундын байгууллага, бүс нутгийн түвшний байгууллагад шилжүүлж болно,
- Нутаг дэвсгэрийн нэгжийн гүйцэтгэх ёстой тодорхой чиг үүрэг, хариуцлагыг үндэсний эрх ашгийн үүднээс төр өөртөө шилжүүлэн авч болно.
18.Иргэн ба төрийг ойртуулах зорилгоор төр өөрийн гүйцэтгэх ёстой чиг үүрэг, хариуцлагын зарим хэсгийг нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлж болно,
19.Нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, хариуцлагаас тодорхой хэсгийг хасах, үндэсний түвшний төр, захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг орон нутагт шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуулиар шийдэх,
I20.Нутаг дэвсгэрийн нэгж бүр чиг үүрэг, хариуцлагаас нь хуулиар зориуд хассан юм уу, төрийн чиг үүрэг, хариуцлагад шилжүүлэн авснаас бусад бүх асуудлыг бие даан шийдэх эрх мэдлээр хангагдсан байх,
21.Төрийн чиг үүрэг, хариуцлагыг нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлбэл тухайн чиг үүрэг, хариуцлагыг хамгийн оновчтой байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг газар нутгийнхаа хэмжээнд тогтоох эрх мэдлийг орон нутагт олгох, эдгээр зохицуулалт нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнээс халихгүй байх,
22.Төр чиг үүрэг, хариуцлагаа нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлэхдээ хэрэгжүүлэх хөрөнгийг хамтад нь шилжүүлэх үүргийг хуулиар тогтоох,
23.Төрийн хууль тогтоох болон бусад үйл ажиллагаа нь нутаг дэвсгэрийн нэгжийн ашиг сонирхол, эрх ашгийг хөндвөл саналыг нь харгалзан үздэг эрх зүйн зохицуулалтыг хуулиар тогтоох,
24.Нутаг дэвсгэрийн нэгжийг хянах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Монгол улсын Үндсэн хуулиар зохицуулах,
25.Нутаг дэвсгэрийн нэгжийг хянах үйл ажиллагаа нь зөвхөн хуулиар олгогдсон эрх бүхий байгууллага, эрх зүйн тодорхой хүрээнд хязгаарлагдсан байх;
дөрөвдүгээр зүйл. Нутгийн удирдлагын зохион байгуулалтын зохимжтой хэлбэр
26.Нутаг дэвсгэрийн нэгж нь хуулиар тогтоосон, төрөөс шилжүүлэн олгосон чиг үүрэг, хариуцлага, түүнчлэн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, бэрхшээлээ оновчтой, эдийн засгийн хувьд үр ашигтай шийдвэрлэхийн тулд удирдлагын бүтэц, зохион байгуулалтын тохиромжтой хэлбэрийг бие даан сонгон авах эрх мэдлээр хангагдах;
тавдугаар зүйл. Нутаг дэвсгэрийн нэгжийн эрх барих байгууллага
27.Аль нэг нутаг дэвсгэрийн нэгжид оршин суугч иргэдийг бүгдийг хамарсан, нууц, тэгш, чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөллийн байгууллага нь тухайн нэгжийн эрх барих дээд байгууллага байх,
28.Эрх барих байгууллага нь тухайн нэгжийн хувьд Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд орон нутагтаа эрх зүйн
хэм хэмжээ тогтоох, нутгийн захиргааны эрх хэмжээг тогтоон, НДН-д хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх,
29.Нутаг дэвсгэрийн нэгжийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон төлөөлөгч нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн, итгэл үнэмшилдээ тулгуурлан, бүрэн бие даасан, чөлөөт байдлаар шийдвэр гаргах эрх мэдлээр хангагдах,
30.Эрх барих байгууллагын төлөөлөгчийн үйл ажиллагааны бие даасан, чөлөөт байдлыг хангахын тулд тодорхой шийдвэр гаргасных нь төлөө бусад этгээдийн зүгээс үзүүлж болзошгүй хууль бус эсэргүүцэл, мөрдлөг, хавчлагаас хамгаалсан байх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохдоо алдсан орлого, зарцуулсан цаг, хөдөлмөртөө тохирсон нөхөн олговор, урамшуулал авах эрхээр хангагдсан байх,
31.Эрх барих байгууллагын төлөөлөгчийн үйл ажиллагаанд үл нийцэх үйлдэл ба эс үйлдлийг холбогдох хуульд тусгах;
зургадугаар зүйл. Нутгийн захиргаа
32.Нутгийн захиргаа нь тухайн нэгжийн эрх барих байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, шийдвэрийн төслийг бэлтгэн гаргах, холбогдох мэдээллээр хангах, үйл ажиллагаанд нь шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий гүйцэтгэх байгууллага байх,
33.Нутгийн захиргаа нь тухайн нутаг дэвсгэрийн нэгжийг эрх зүйн хувьд төлөөлөх үүрэг хүлээх,
34.Нутгийн захиргаа нь нутаг дэвсгэрийн нэгжийн эрх барих байгууллагын аливаа шийдвэр Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид харшилбал эсэргүүцэх, хориг тавих, хүчингүй болгох эрх, үүргээр хангагдах;
долоодугаар зүйл. Орон нутгийн шүүх
35.Нутаг дэвсгэрийн нэгжийн эрх барих байгууллагаас батлан гаргасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд аливаа маргааныг таслан шийдвэрлэх үүрэг бүхий орон нутгийн шүүх байгуулах эрхээр нутаг дэвсгэрийн нэгж бүр хангагдах,
36.Орон нутгийн шүүхийг хэрхэн байгуулах, түүний эрх мэдэл, үйл ажиллагааны зарчмыг Монгол улсын хуулиар зохицуулах;
Дэд бүлэг
Нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв, санхүүгийн бие даасан байдлыг хангах
наймдугаар зүйл. Төсөв, татварын шинэ тогтолцоо бүрдүүлэх
37.Улс, аймаг-нийслэл, сум-дүүрэг бүр орлого зарлагын хувьд харилцан бүрэн тусгаарлагдсан төсөвтөй байх,
38.Үүний тулд улс, аймаг-нийслэл, сум-дүүрэг тус бүр шууд ба шууд бус татвар тогтоох,
39.Улс, аймаг-нийслэл, сум-дүүргээс тогтоосон шууд ба шууд бус татвар нь өөр хоорондоо давхцахгүй байх,
40.Орлого багатай нутаг дэвсгэрийн нэгжийн бие даасан байдлыг хангах, иргэдийн амьдрах, аж ахуй эрхлэх тэгш боломжийг хангах, төсвийн орлогын тэнцвэрт бус байдлыг ойртуулах үүднээс санхүүгийн эх үүсвэрийн дахин хуваарилалтын оновчтой тогтолцоог хуулиар тогтоох;
есдүгээр зүйл. Нутаг дэвсгэрийн нэгжийн төсөв
41.Нутаг дэвсгэрийн нэгж бүр иргэд, оршин суугчид, нийт үндэстний өмнө хүлээсэн чиг үүрэг, хариуцлагаа амжилттай шийдвэрлэхийн тулд бусад этгээдээс бүрэн тусгаарлагдсан төсөвтэй байх,
42.Үүний тулд нутаг дэвсгэрийн нэгж бүр газар, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх, захиран зарцуулах, татвар, хураамж болон нийтэд хамаарах үйлчилгээний төлбөр тогтоох, төсвийн орлого зарлагын хэмжээг төлөвлөн тогтоох, бүрдүүлсэн төсвөө зарцуулах эрхээр хангагдах,
43.Нутаг дэвсгэрийн нэгжийг мөнгөн хөрөнгөөсөө ашиг олох зорилгоор санхүүгийн аж ахуйн үйл ажиллагаа хөтлөн явуулах эрхээр хангах,
44.Нутаг дэвсгэрийн нэгжийг төсвийн орлогоо бүрдүүлэхэд шаардагдах эрх зүйн хэм хэмжээ тогтоох эрхээр хангах,
45.Төрөөс нийтэд хамаарах чиг үүргийг нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлэхдээ түүнийгээ хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө мөнгийг хамтад нь шилжүүлэх эрх зүйн зохицуулалт хийх,
46.Төсөв, санхүүгийн төлөвлөлтийн бодит, шуурхай, тасралтгүй байдлыг хангах үүднээс төрөөс нутаг дэвсгэрийн нэгжид шилжүүлэх мөнгөн хөрөнгийн (санхүүгийн дэмжлэгийн) тоо хэмжээ болон хугацааг хуулиар тогтоох,
47.Нийт үндэсний санхүүгийн нөөц хүчин чадалд харгалзуулан нутаг дэвсгэрийн нэгж бүрт тодорхой нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж байх,
48.Нутаг дэвсгэрийн нэгжид хөндлөнгөөс зохимжгүй байдлаар нөлөөлөх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хуулиар хориглох;
аравдугаар зүйл. Төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, гүйцэтгэлийн оновчтой, эдийн засгийн үр ашигтай тогтолцоо
49.Төсөв, санхүүгийн хуучин тогтолцоог халж төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, гүйцэтгэлийг хангах оновчтой, эдийн засгийн үр ашигтай тогтолцоо бий болгох,
50.Төсвийг төлөвлөх, гүйцэтгэх үйл ажиллагаа нь макро эдийн засгийн зохицуулалтын үр ашигтай хөшүүрэг болж чадахуйц санхүү, төсвийн орчин үеийн боловсронгуй тогтолцоонд шилжих;
Гутгаар бүлэг
Нутаг дэвсгэрийн нэгжийн сонирхол, эрх ашгийг сахин хамгаалах нь арван нэгдүгээр зүйл. Нутаг дэвсгэрийн нэгжийн эрх зүйн хамгаалалт, түүний бие даасан байдал
51.Эрх ашиг, сонирхол, бие даасан байдлаа хамгаалах, чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж бүрийг шүүхэд хандах, хуулийн бусад этгээдтэй эрх тэгш шүүлгэх боломжоор хангах,
52.Нутаг дэвсгэрийн нэгжийг хянах, түүний эрх барих байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох, эрх барих байгууллагыг тараах, нутаг дэвсгэрийн нэгжийг татан буулгах, өөр хооронд нь нэгтгэх, хилийн цэсийг нь өөрчлөх зэрэг аливаа асуудлаар нэгжийн эрх мэдэлд төрөөс оролцох тохиолдолд гарч болох маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг байх,
53.Нэгжийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр нь зөвхөн нийт үндэсний эрх ашигт нийцэж байж хүчин төгөлдөр болдог эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын Үндсэн хуулиар арван хоёрдугаар зүйл. Нутаг дэвсгэрийн нэгж дундын байгууллага байгуулах
54.Нутаг дэвсгэрийн нэгжийг хууль ёсны эрхээ эдлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн эрх ашиг, ашиг сонирхолоо илэрхийлэн хамгаалах, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор аливаа хэлбэрийн дундын байгууллага байгуулах боломжоор хангах,
55.Нэгжийн эрх ашиг, ашиг сонирхолд нөлөө үзүүлж болох хууль батлах, шийдвэр гаргахын өмнө нутаг дэвсгэрийн нэгж болон тэдний дундын байгууллагатай зөвшилцөх эрх зүйн зохицуулалт бий болгох;
арван гуравдугаар зүйл. Олон улсын харилцаа
- Үзэл бодлоо хуваалцах, үндэстэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйл явцад нутаг дэвсгэрийн нэгжүүд чөлөөтөй оролцох эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх;
Энэхүү тунхаг бичиг нь Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, түүнд нэгдсэн нутаг дэвсгэрийн бүх нэгж, тэдгээрийн эрх барих байгууллагын нийт төлөөлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бидний улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл, эв санааны нэгдлийн БАТАЛГАА мөн.
Энэхүү тунхагийн үзэл санаа бодит зүйл болон хэрэгжсэнээр Монгол оронд өрнөсөнардчиллын үйл явц улам гүнзгийрнэ, эрх зүйт төрийн бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болон бэхжинэ гэдэгт бат итгэлтэй байгаагаа ИЛЭРХИЙЛЖ байна.
ЭНЭХҮҮ ТУНХАГИЙГ БАТЛАН ГАРГАХДАА:
- нутаг дэвсгэрийн нэгжид бие даан улс төрийн шийдвэр гаргах эрх мэдлийг олгосноор төрийн удирдлагыг иргэн бүрт ойр дөт болгохын зэрэгцээ улс төрийн хүсэл зориг доороос дээш өрнөх нөхцлийг бүрдүүлэн, орон нутгийг ардчилсан төрийн тогтолцооны суурь үндэс болгоно,
- орон нутагт шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлснээр иргэд улс төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт оролцох бодит бололцоог нээж улмаар хөдөө орон нутгийг улс төрийн үйл ажиллагааны талбар болгоно,
- орон нутагтаа амьдрах, аж ахуй эрхлэх орчноо бүрдүүлэх эрх мэдлийг олгосноор төрийн удирдлагын төвлөрлийг сааруулж, улсын үүрэх ачааг хөнгөлөн, аливаа бэрхшээлийг даван туулах бодит амьдралд ойр дөт, оновчтой шийдэл гаргах бололцоог бүрдүүлэх бөгөөд улмаар иргэдэд өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлагыг нь илүү их ухамсарлуулан, үүсгэл санаачлагыг нь өрнүүлнэ,
- аливаа асуудлаа өөрсдөө бие даан шийдэх эрхийг орон нутагт олгосноор нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулах төрийн үйл хэрэгт оролцох иргэний оролцоог баталгаажуулж улмаар аливаа алдаа эндэгдлээс өөрсдийгөө хамгаалах боломжийг тэдэнд бүрдүүлж өгнө гэдгийг ИШ ҮНДЭС БОЛГОЖ БАЙНА.
НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСЫГ ЭНЭХҮҮ ТУНХАГИЙН ҮЗЭЛ САНААНЫ ДАГУУ ТОГТООН БЭХЖҮҮЛСНЭЭР:
- Нийтэд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх үйл явцад оролцох иргэний оролцоог идэвхжүүлнэ,
- Улс төрийн шийдвэр гаргах үйл хэргийн суурь дэвсгэрийг өргөтгөнө,
- Төрийн удирдлагын түвшин бүрт олон ургальч үзлийг бэхжүүлнэ,
- Бодит амьдралд ойр дөт шийдэл гаргах боломжийг нэмэгдүүлнэ,
- Улс төрийн эрх мэдлийг удирдлагын түвшин бүрд жигд хуваарилж өгснөөр засаглалын ардчилсан хяналтыг бататгана ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА.
МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБООНЫ II Их ХУРЛААР УЛААНБААТАР ХОТНОО БАТЛАН ГАРГАВ
2001 оны 11-р сарын 09-ний өдөр