Д.Ганбат
/УТБА-ийн Захирал/
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Ардчиллын давалгаа, Олон улсад гарсан өөрчлөлт, Улс төрийн соёл, Ардчилалд итгэх итгэл, Посткоммунист улсуудын ардчилал, Эдийн засагт гарсан өөрчлөлт
Дэлхий даяар өрнөсөн ардчиллын гурав дахь давалгааны хүрээнд, 1989-1990 оны заагаас Монгол улс ардчилалд шилжиж эхэлснээс хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ардчиллын хөгжлийг баталгаажуулахад чиглэсэн улс төр, эдийн засгийн асар том бодлогын алхмууд хийгдсэн нь Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсантай шууд холбоотой. Үүний үр дүнд өнөөдөр Монгол улс дахь ардчилал цаашид хөгжин баталгаажих маш чухал суурь дэвсгэртэй болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм. Асуудлын гол нь ардчилалд шилжих энэхүү үйл явц эдүгээ ямар байдалтай байгаа, үүнийг яаж харьцуулах болон цаашид ардчилал руу тэмүүлсэн хөгжилтэй холбоотой гарч болох эерэг, сөрөг хандлагыг хэрхэн урьдчилан таамаглах зэрэг Монгол улсын улс төрийн хөгжлийн бодлоготой холбоотой үзэгдлийг танин мэдэхийн чухалд оршиж байгаа билээ.
Монгол улсын хөгжилтэй холбоотой эдгээр асуудал нь улс төрийн систем, засаглалын хэлбэр, улс үндэстний хэмжээнд шийдвэр гаргадаг төрийн үйл ажиллагааны механизм зэрэг асуудалтай шууд холбогдоно. Үүний хамт, монголын олон түмний сэтгэл зүй, хүсэл зориг хийгээд улс төрийн соёл, шинэ үнэт зүйлс, үнэлэмжийн бүрдэлт нь ардчиллын цаашдын хөгжилд мөн шийдвэрлэх хүчин зүйл болно гэдэг нь тодорхой. Өөрөөр илэрхийлбэл, хүний эрх, эрх чөлөө, нийгэмд хүний голлох байр суурь нь ардчилсан нийгмийн агуулга нь болж, харин энэ бүгдийг хангах чиг үүрэг бүхий улс төрийн систем, төр ба засаглалын механизм нь гаднах хэлбэр нь болохын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж буй байдлаараа ардчиллын хөгжил хэмжигдэх нь хөгжлийн түвшнийг харьцуулах суурь арга зүй болох учиртай.
Ардчиллын хувь заяа тухайн улсын хүн амын үнэлэмж, улс төрийн соёлын төлөвшилтээс ихэд хамаарах бөгөөд зарим судлаачдын үзэж буйгаар ардчиллын хөгжлийн эргэж буцалтгүй болох түвшин нь юуны түрүүнд хүн амын улс төрийн ардчилсан соёлын хөгжлөөс хамаарах ажээ. Тухайлбал, Франсис Фукуяма өөрийн арга зүйн үүднээс ардчиллын хөгжил, түүний төлөвшлийн үе шатыг гаргаж үүнийгээ дараахь байдлаар ангилсан байна[1]. Үүнд:
- Үзэл санааны үүсэл, төлөвшил
- Иргэний нийгмийн бүрдлүүдийн төлөвшил
- Эдийн засгийн бүтцийн төлөвшил
- Соёлын төлөвшил.
Танин мэдэхүйн үүднээс гаргасан ардчиллын төлөвшлийн эдгээр зүйлс хоорондоо харилцан хамааралтай гэж бид үзэж байгаа хийгээд цаг хугацааны хувьд нэгэн зэрэг явагдаж, харин боловсронгуй болох үе нь янз бүр байж болох юм. Тэгэхдээ нийгмийн өөрчлөлт ихэвчлэн үзэл санааны үүсэл тархалтаар эхлэж, улс төрийн шинэ соёлын төлөвшлөөр бэхждэг байна.[2]
Бидний сүүлийн арав орчим жил явуулсан судалгааны харьцуулалтаас үзэхэд ардчилсан үнэлэмж, энэ утгаараа ардчиллын талаархи монголын олон нийтийн санаа бодол бүхэлдээ эерэг байгаа нь ажиглагдсан юм. Эдгээрээс тоймлон авч үзвэл дараахь зураглал харагдаж байна.
1989-1990 оны үеэс Монгол улсад өрнөсөн нийгмийн бүхий л харилцааг эрс өөрчлөх үйл явц ардчиллын нэрэн дор явагдаж ардчиллын суурь утга санааг хүн амын дийлэнх нь эерэгээр хүлээж авсан нь уг үзэл санаа төлөвшлөө олох гол нөхцөл нь болсон билээ. Үүнээс хойшхи хугацаанд эдүгээг хүртэл ардчилалд хандах хүн амын хандлагад зарчмын өөрчлөлт ороогүй бөгөөд дийлэнх нь “ардчиллыг бүрэн зөв эсхүл ер нь зөв талдаа” гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгааг дараахь судалгааны дүнгээс харж болно.
Тухайлбал, “Монгол улсад ардчилал хөгжиж байгаа талаархи үнэлгээний” өөрчлөлтийн харьцуулалтыг 1992 оноос хойш явуулсан судалгааны дүнд тулгуурлан үзэж болно.
Харьцуулалт 1
1992 | 1994 | 1999 | 2000 | 2001 | 2002 |
Бүхэлдээ зөв | 70.7 | 83.5 | 80.1 | 88.1 | 70.1 |
Эндээс ажиглахад ардчиллыг эерэгээр хүлээж авч буй байр суурь өнгөрсөн хугацаанд харьцангуй тогтвортойгоор олон түмний санаа бодлын хүрээнд зонхилсоор байна. Бидний явуулсан энэхүү судалгааны дүнг судалгааны бусад байгууллагын гаргасан дүнтэй харьцуулснаас үзэхэд өнгөрсөн хугацаанд ардчилал, ардчилсан хөгжлийн талаархи хүн амын байр суурь тогтвортой хэвээр байгаа нь давхар нотлогдож байна.
Харьцуулалт2
Ардчилалд шилжсэн нь | УТБА | Сант марал [3] | Альтернатив [4] |
Зөв | 80,1%( 1999он)88.1 % (2001) | 86.9 %(1998 он ) | 78.7%(2000он) |
Буруу | 4.7 %(1999он)8.8 % (2001он | 13.1 %(1998 он )8.0%(2001 он ) | 9.6%(2000он) |
Эдгээр байгууллагаас явуулсан судалгааны асуулт нь “Монгол улс ардчиллын замыг сонгосон нь зөв үү, буруу юу” гэсэн ерөнхий санааг агуулж байгаа билээ. Энэ нь ардчиллын талаархи хүн амын ерөнхий хандлага буюу Монголын нийгмийн хөгжилд ардчилал, ардчиллын үзэл санаа таарах эсэх тухай асуудлыг голлон хөндөж байсан юм.
Дээрх судалгааны дүнгийг нэгтгэж үзэхэд, ардчиллын үзэл санаа түүнийг дэвшүүлж, анхлан гаргаж ирсэн “цөөнхийн” хүрээнээс хальж өнгөрсөн хугацаанд монголын нийгмийн олонхийг хамарсан үзэл санаа болон хувирчээ гэж үзэх бүрэн үндэстэй байна.
2 Дээрх асуулт бол хүн амын доторхи ардчилал, түүний үзэл санааг хэрхэн үзэж буйг илэрхийлсэн судалгааны дун юм. Ардчилалд шилжиж буй, ялангуяа посткоммунист улсуудтай харьцуулахад ардчиллын үзэл санааг бүхэлд нь дэмжиж буй энэ хандлага өндөр хувьтай гарч байна. Тэгвэл ардчилал нь өнөөдөр бодит амьдралд биеллээ олж буй хэрэгжилтийн утгаар үнэлгээ нь өөр байна.
Харьцуулалт 3
Ардчилсан засаглалыг үнэлж буй байдал[5]
Улс | Жил | Ардчилал хэзээд дээр % | Зарим нөхцөлд ардчилсан бус дэглэм дээр % | Ялгаагүй % |
Монгол | 2002 | 56 | 28 | 15 |
БНСУ | 1999 | 55 | 30 | 15 |
Тайвань | 1998 | 54 | 12 | 17 |
Зүүн Европ | 1995 | 65-85 | — | — |
Өмнөд Европ | 1992 | 78-91 | 4-9 | 3-7 |
Баруун Европ | 1993 | 75-92 | — | — |
ОХУ | 1993 | 49 | — | — |
Латин Америк | 2000 | 60 | 17 | 17 |
Эндээс үзэхэд Монгол дахь энэ үзүүлэлт Зүүн Европын посткоммунист улсуудаас доогуур, Зүүн Азийн улстай ойролцоо, Европын Өмнөд хэсгийн ардчиллыг шинээр тогтоосон улсуудаас нэлээд доогуур байдалтай харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын хүн амын ялимгүй олонхи л ардчиллыг хэзээд засаглалын бусад хэлбэрээс дээр гэж үзэж байна. Тэгвэл, зарим нөхцөлд ардчилсан бус дэглэм илүү гэж 2002 оны судалгаанд оролцсон хүмүүсийн 28 орчим хувь үзэж буй нь анхаарал татаж байна.
харьцуулахад, 1999 оны судалгаагаар Өмнөд Солонгост энэ үзүүлэлт 30, Тайванд 12 байгаа бол Латин Америкийн улсуудын дундаж 17 хувьтай байж, Өмнөд Европын улсуудад дунджаар 6 хувьтай байна[6]
Судалгааны энэ дүнгүүдийг харьцуулснаар ардчилал бэхжиж, нягтрахад хүн амын хэдэн хувь нь ардчиллыг зөвхөн үзэл санааны хувьд бус харин засаглалын хамгийн боломжит хувилбар гэж үзсэн байх шаардлагатай вэ? гэсэн асуулт урган гарч ирнэ. Дээрх харьцуулсан судалгаанаас үзэхэд, хүн амын дөрөвний гурав нь ардчиллыг хамгийн боломжит хувилбар гэж үзэх, харин ардчилсан бус бусад хэлбэрийг дэмждэг хэсэг хүн амын 15 хувиас хэтрэхгүй байх нь баримжаа болно гэсэн дүгнэлт гаргасан эрдэмтэдийн санал анхаарал татаж байна. Учир нь нягтарсан ардчилал бүхий Баруун Европ, Америкийн улсуудын хувьд энэ үзүүлэлт 75-с дээш хувьтай байдлаар урт хугацаанд тогтмол хэвээр байна. Энэ үзүүлэлтийг баримжаалвал монгол дахь ардчилал нягтрах түвшнөөсөө нэлээд хол байна гэсэн ерөнхий санаа гарч байна.
- Бидний явуулж ирсэн судалгаанд ардчилалтай холбоотой асуудлыг олон талаас тавьсан ба энэ нь хоорондоо уялдаатай байдлаар харьцуулалт хийх боломж, дүгнэлтийг нарийвчлах магадлалыг нөхцөлдүүлсэн юм. Тухайлбал, арван баллын шкалыг хэрэглэн улс төрийн дэглэмд өгөх үнэлгээг харьцуулж үзсэн болно. Нэг гэдэг нь бүрэн дарангуйлагч, арав гэдэг нь бүрэн ардчилсан тогтолцоо гэсэн шкалд тулгуурласан арга зүйг баримтласан болно.
Дарангуйлал ба ардчиллын хоорондын зааг нь 5,5 балл гэж үзсэн ба судалгаанаас дараахь байдал харагдаж байна.
Харьцуулалт 4 [7]
1990 оноос өмнөх улс төрийн дэглэм | 3.7 |
Өнөөдрийн улс төрийн дэглэм | 6.6 |
Таван жилийн дараахь дэглэмийн хүрэх түвшин | 7.8 |
Ер нь ямар түвшинд байвал болох | 8.4 |
Эндээс үзэхэд Монголын хүн амын дотор өнөөдрийн ардчилсан дэглэмийн талаарх үнэлгээ болон улс орны цаашдын хөгжлийн хувьд ардчилсан тогтолцоог илүүд үзэх хандлага тод ажиглагдаж байна. Энэ дүгнэлт ардчилсан бус бусад хэлбэрийн илэрхийллийн талаар асуултанд хариулсан байдлаар давхар нотлон харж болно.
Тухайлбал, парламентыг үгүйсгэн, хүчтэй нэг удирдагчтай байж болох боломжийн талаар асуулгад оролцогсдын 61 орчим хувь санал нийлэхгүй байгаа ба олон нам системийн илэрхийлэл болсон сөрөг хүчин байхыг чухалчилсан байр суурийг 74 хувь дэмжсэн байна[8]. Посткоммунист бусад улсуудад явуулсан судалгааны дундаж дүнтэй энэ байдлыг харьцуулахад ойролцоо дур зураг харагдаж байгаа бол ардчилалд шилжиж эхлэх гарааны өөр нөхцөл бүхий Өмнөд Солонгос, Тайвань зэрэг улсаас харьцангуй доогуур байна.
- Ардчиллын хөгжлийн ач холбогдлыг хэрхэн үзэж буй байдлыг тандах үүднээс тухайн улсын эдийн засгийн хөгжлийн асуудлын талаархи байр суурьтай харьцуулж үзэх нь өөрийн ач холбогдолтой. Учир нь улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөт байдал, хөгжил, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын асуудал бол Монгол улс шиг хос шилжилтийн бодлогыг эхнээс нь дэвшүүлэн тавьсан улсын хувьд давхар анхаарал шаардсан хэвээр байгаа билээ. “Ардчилал, эдийн засгийн хөгжил хоёрын аль нэгийг сонгох шаардлага гарвал алийг нь чухал гэж үзэх вэ?” гэсэн асуултанд 52.8 хувь эдийн засгийн хөгжлийг арай илүү болон хамгийн чухал гэж хариулсан байна. “Хоёулаа чухал” гэдгийг 21 хувь тэмдэглэж, харин санал асуулгад оролцогсдын дөрвөн хүний нэг нь ардчиллын хөгжлийг чухал хэмээн онцлосон байна. [9]
Энэ бүгдийг харьцуулахад дараахь зураглал гарч байна:
- Ардчиллыг үзэл санаа, зорилгых нь хувьд дэмжиж буй дэмжлэгийг Монголын хүн амын дийлэнх хэсэг илэрхийлж байгаа ба энэ хандлага сүүлийн арваад жилд харьцангуй тогтвортой байна.
- Харин, үзэл санаа бус улс төрийн бодит амьдралд ардчиллын хэрэгжиж буй “практик” байдалд өгч буй олон нийтийн үнэлгээ үүнээс 15 орчим хувиар доогуур байна.
- Улс орны эдийн засгийн хөгжлийг ардчиллын хөгжлөөс илүү чухалд үзэж буй байдал тод ажиглагдаж, харин хоёулаа чухал хэмээн таван хүний нэг нь үзэж байна.
Бидний үзэж байгаагаар, өнөөдрийн монголын нийгмийн бодит амьдралд илрэлээ олж буй ардчиллын биеллийн талаархи харьцангуй бага үнэлгээ нь ерөөс олон түмэн ардчиллын эсрэг байна гэж үзэх үндэс болох учиргүй. Гэхдээ нийгмийн санаа бодолд энэхүү зөрүү оршиж байгаа нь ардчиллын бодит биелэл, улс төрийн хөгжилд анхаарвал зохих асуудал байсаар байгааг харуулж, нотлож байгаа билээ. Эдгээрийн дотор, Монгол улсад хэрэгжилтээ олж буй ардчиллын хэлбэр, арга зам болон улс төрийн систем, түүний үйлчлэл нь хэр зэрэг ардчилсан байгаа зэрэг чухал асуудал юуны түрүүнд анхаарал татсаар байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын бодит үйлчлэл тухайн цаг хугацаанд хэр “чанартай” байгаа нь ардчиллыг дэмжиж буй олон нийтийн санаа бодолд шууд нөлөөлөх харилцан хамааралтай юм.
Тухайлбал, Монголын өнөөдрийн улс төрийн үйлчлэлийн талаархи үнэлгээ нь ер нь ямар байхыг хүсэж буй” үнэлгээний хооронд арван баллын системийн дотор бараг хоёр пунктээр доогуур байна.
Энэ байдал ардчиллын аль ч түвшинд байгаа улс бүрт ажиглагддагийг судлаачид тэмдэглэдэг. Гагцхүү, өндөр хөгжилтэй улсын хувьд ардчиллын үйлчлэлд сэтгэл дундуур байгаа нь ардчиллын оршин тогтнох асуудлыг хөндөлгүй, түүний чанарт нөлөөлдөг бол, Монгол улстай адил ардчилалд шинээр шилжиж эхлэсэн улсуудад энэхүү сэтгэл дундуур байх, итгэл нь алдрах явдал, ялангуяа тэрээр удаан үргэлжлэвээс, ардчиллын бэхжилтэд саад учруулах аюултай гэж үзэгдэх учиртай.
Энэ байдал юуны түрүүнд улс төрийн систем дэх төрийн институтэд үзүүлж буй итгэлийн түвшнөөс юуны түрүүнд хамаарах магадлал өндөр гэж судлаачид үздэг. Монгол улсын хувьд бидний явуулсан судалгааны дүнгээс үзвэл УИХ-д хүн амын бараг 40 хувь итгэдэггүй гэж хариулсан бол, энэ үзүүлэлт Засгийн газрын хувьд мөн тэр хэмжээнд, шүүхийн хувьд судалгаанд орсон хүмүүсийн талаас дээш, улс төрийн намуудын хувьд 60 орчим хувь итгэдэггүй гэж тус тус хариулсан байна. Академийн энэ судалгааны дүн бусад байгууллагын (тухайлбал, Сант Марал Сан) хийсэн судалгааны дүнтэй ойролцоо байна. Монголын олон нийтийн санаа бодол дахь ардчиллын голлох институтын талаархи энэхүү доогуур үнэлгээ нь бүхэлдээ ардчиллын бодит биелэлтэд хандаж буй нааштай бус хандлагын нөхцөлдүүлж байгаа билээ.
Монгол улсын ардчилсан хөгжлийг бүхэлд нь эерэгээр үзэж буй байр суурь болон ардчиллын бодит байдлыг үнэлж буй хоёрын хооронд тодорхой зөрүү оршиж байгаа нь дару дүнгүүдээс бүхэлдээ харагдаж байна. Энэ бол бодит зүйн мөн бөгөөд үүнийг Монгол улсын Үндсэн хуульд тунхагласанчлан иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилго, үүнийг хангахад чиглэгдэж буй өнөөдрийн нийгэм, улс төрийн бодит байдал хоёрын хооронд оршиж байгаа зөрчилт байдлын олон нийтийн санаа бодлын тусгал гэж үзэх үндэстэй юм.
Ардчиллыг улам баталгаажуулахад хийгдэх тодорхой бодлогын асуудал дотор улс төрийн системийн институтын иргэдийн санаа бодлыг тусгах чадамжийг дээшлүүлэх, нээлттэй, тунгалаг, хариуцлагатай төрийн шинж чанарыг хангах нь эдүгээ хүртэл олон жил дамнан яригдсан зүйл бөгөөд өнөөдөр энэ бүгдийг, энгийнээр хэлбэл, зүгээр л ажил болгож хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ нь Монгол улсын ардчиллын цаашдын баталгаажилтын улс төрийн тулгуур бодлогын нэг нь мөнөөс мөн гэдгийг олон нийтийн санаа бодол давхар батлаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
“Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд үг хэлсэн хүмүүс
Д.Ганхуяг – Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт
Ардчилал, иргэний нийгмийн асуудлаар чамгүй олон хурал, зөвлөлгөөн зохион байгуулагдсан. Гагцхүү практик үр дүн ямар байна вэ? гэдэг дээр бодож үзэх юм байх шиг байна. Нийгмийн бүхэл онол, үзэл баримтлал гэхээсээ илүү нийгмийн бодит амьдрал дээр тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулъя. Нэгдмэл нэг зорилготойгоор асуудалд хандъя гэж уриалмаар байна. Өнөөдөр иргэний нийгмийн төлөвшлийн асуудал үнэхээр чамлалттай байна. Тухайлбал, иргэдийн өөрсдийнх нь нэг байгууллага болох сууц өмчлөгчдийн холбоо л гэхэд ажлаа зохих ёсоор нь явуулж чадахгүй, иргэдийн оролцоо, хяналт сул учраас тэдний өөрсдийнх нь сонгосон удирдлага сууц өмчлөгчдийн эрх ашгийн төлөө бус харин хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, хувьдаа завших зэргээр хүмүүсийг хохироох явдал захаас аваад л байж байна.
Хүүхдийн хүмүүжлийн асуудал өнөөдөр маш их сэтгэл эмзэглүүлж байна. ЕБС-ийн хүүхдүүд зургадугаар ангиасаа эхлээд архи ууж, тамхи татаж байна.
Нэг талаас харахад одоогийн төрийн хийх ажил дууссан мэт харагдаж байна. Монгол орныг бүсчилээд хөгжүүлчихсэн, мянганы замаа барьчихсан, сайн засаглалтай болчихсон гэх мэт.
Ц.Ганболд – Доктор (Ph.D). МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч
Аль ч улсын парламент бол төлөөллийн байгууллага байдаг. Ард түмний мэдэлд байгаа засгийн эрхийг төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл манай Үндсэн хуулинд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” болохыг заасан болохоос бус төлөөллийн байгууллага болохыг хуульчлаагүй. Тэгсэн атлаа нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөөлөгчдийн байгууллага гэж заасан байна. Энэ нь манай Үндсэн хууль өөрөө концепцийн зөрчилтэй байгааг харуулж байна.
Мөн Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн” хэмээн заасан бий. “Элч” гэсэн үгийг би агуулгын хувьд Цэвэлийн тайлбар толь дээрээс сонирхож харсан, элч гэдэг нь тухайн улсаас өөрийгөө төлөөлүүлэн гадагш нь илгээсэн хүнийг хэлдэг юм байна. Үүний оронд Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөгч болохыг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна.
Х.Гүндсамбуу – Доктор (Ph.D). Удирдлагын Академийн философи, социологийн тэнхимийн багш
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг харахад бараг дөрөвний нэг нь технократууд байна. Тэд сонгогдоод ард түмний элч болчихлоороо “ичээндээ” ордог юм уу, ичээд юм уу, дуугүй болчих юм.
Ер нь аливаа асуудалд хандахдаа вульгарный прагматик шинжтэйгээр бус тодорхой үзэл баримтлалаар хандах ёстой гэж үзэж байна.
Х.Батцэнгэл – Доктор (Sc.D)
Ардчилал бол аж үйлдвэржсэн нийгмийн бүтээгдэхүүн юм.
Одоогийнх мэдлэгийн нийгэм болжээ. Харин Монголын нийгэм нь хөдөө аж ахуйн нийгэм юм. Аж үйлдвэржсэн нийгэм хүнийг ажлын мэдлэг чадвар, яаж ажиллаж байна гэдгээр нь үнэлж, мэдлэгийн нийгэм мэдлэгийг бий болгож чадаж байна уу гэдгээр нь дүгнэдэг бол хөдөө аж ахуйн нийгэм хүнийг мах, цус, ах дүү, нутаг довоор нь ялгадаг гэж хэлж болно. Хятад зэрэг дэлхийн том гүрнүүд өнөөдөр модернизаци хийх замаар явж байна. Бид ч гэсэн үүнийг баривал ямар вэ? Өөрөөр хэлбэл, Монголд модернизацийн онолоор шилжилтийн үеийн нийгмийн хөгжлийн асуудлыг Шийдвэл яасан юм бэ?
Төрийн хувьд анх үүссэн цагаасаа хоёр зуу гаруй жилийн дараа энэхүү төр чиг үүрэг, хэлбэрийн үүднээсээ орчин үеийн нийгмийн шаардлагыг хангахгүй болсон учраас яаж өөрчлөх вэ? гэдэг асуудал ургаж, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, зохион байгуулалтаар өөрчлөе гэсэн санаа дэвшигдэж энэ чиглэлээр өөрчлөлт эхэлсэн.
М.Ичинноров – (М.А). Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хуульчдын Төвийн тэргүүн
Сүүлийн үед асуудалд хандахдаа улс төржихгүй шүү хэмээн их анхааруулах болжээ. Гэтэл улс төр бидний амьдралд өдөр тутам оршиж байдаг. Та улс төрийг сонирхохгүй ч гэсэн таныг улс төр оролдоно гэдэг биз дээ.
Улс төржихгүй гэсэн энэхүү өрөөсгөл ойлголтоос болж сүүлийн үед улс төрийн карьер хийх гэсэн залуучууд улс төрийн намаас дайжих болсныг зохистой хандлага гэж үзэх үндэслэл бага байна.
[1] Francis Fukuyama .The Primacy of Culture .Journal of Democracy ,19958 Volume6 p.7-8
[2] А.Цанжид Монголын нийгмийн улс төрийн соёлын өөрчлөлтийн тухайд .Шинэ толь, 2000 он ,N 30,86 дахь тал
[3] “Сант Марал” Сан .Улс төрийн бараометр .1998 оны 11-р сар ,2001 оны 11-р сар,
[4] “Альтернатив” төвийн 2000 оны судалгааны дүн.
[5] Larry Diamond developing Democracy ;Toward Consolidation ,Baltimore,1999 , Table 5,4 .
[6] Yun –han Chu, Larry Diamond, Doh Chull Shin, Halting Progress in Korea and Taiwan .Journal of democracy. Jan.2001,Volume 12, p.125
[7] Зүүн Азийн Барометр .УТБА-иас 2002 онд Монгол улсад явуулсан Олон улсын судалгааны дүнгээс .
[8] Мөн тэндээс
[9] Мөн тэндээс