С.Ламбаа
/УИХ-ын гишүүн асан, доктор (Ph.D), проф/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Ардчилсан хөдөлгөөн, Иргэний ниийгэм, Эрх чөлөө, Ардчилагчид, Хэвлэлийн эрх чөлөө, Чөлөөт сонгууль
Арван гурван жилийн тэртээх цагаан морин жилд өрнөсөн Монголын ардчилсан хөдөлгөөн Монголд ноёрхсон коммунист тоталитар дэглэмийг халж, олон намын тогтолцоотой, хувийн өмчид түшиглэсэн чөлөөт эдийн засагтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах зорилт дэвшүүлэн ард түмнээ уухайлан боссон түүхтэй.
Нэг намтай, бас нам төвтэй төрийн тогтолцоотой, эдийн засаг, үзэл суртлын төвлөрсөн байгууламжтай, иргэд нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгүй, бэлэнчлэх сэтгэлгээнд дасчихсан монголчуудад 1990 оны ардчилсан хөдөлгөөн цочирдол, алмайрал, ухаарлын аль алиныг авчирсан юм. 1989 оны сүүлийн саруудад хэсэг залуус нууцаар уулзаж, энд, тэнд ухуулах хуудас нааж эхэлсэн нь 1921 оны ардын хувьсгал бэлтгэгдсэн үйл явцтай ижил төстэй ойлголтыг хүмүүст төрүүлж байсан болохоор эрх баригчдад төдийгүй олон түмэнд цочирдол алмайрлыг бий болгохоос ч өөр аргагүй байсан биз.
Ардчилсан хөдөлгөөн анхнаасаа улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээг хамарсан нийгмийн цоо шинэ харилцааг Монголд бий болгох зорилт дэвшүүлэн улс төрийн хатуу ширүүн тэмцэлд босч түүхэн үүрэг гүйцэтгэснийхээ хувьд зөвхөн хөдөлгөөн төдий бус ардчилсан хувьсгалын мөн чанарыг өөртөө агуулсан түүхэн үйл явдал гэж дүгнэж болно. Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгал нь зэвсэгт бус улс төрийн тэмцэл байснаараа 1921 оны ардын хувьсгалаас ялгагдах өвөрмөц онцлогтой. 1921 оны ардын хувьсгалыг санаачлагчид ард түмнээ зэвсэгт бослогод нэгтгэн босч Монголд үүрлэсэн гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлсөн бол 1990 оны ардчилсан хувьсгалыг санаачлагчид улс төрийн тэмцэлд ард түмнээ нэгтгэн босч коммунист үзэл суртлыг аялдан дагалдаж, ЗХУ-ын (хуучнаар) удирдагчдын гар хол болсон МАХН-ын Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх, төрийнхөө бодлогыг хараат бус байдлаар явуулж, улс орныхоо хувь заяаг хэний чоролцоогүйгээр бие даан шийдвэрлэх бодит нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Ардчилсан хувьсгалын анхны алхам, үр дүн нь Монголд иргэний ардчилсан нийгэм байгуулах үндсэн зорилт дэвшүүлж, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан, төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог бүрдүүлсэн ардчилсан шинэ Үндсэн хуулиа анх удаа олон намын оролцоо бүхий төлөөллөөр хэлэлцэж баталсан явдал байлаа.
Иргэний ардчилсан нийгэм байгуулах үндэс нь нийгмийн бүх харилцаанд хүн бүрийн эдлэх ёстой эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавьж ардчилсан зарчмаар сонгогдсон төр, засаг нь иргэддээ үйлчилж чаддагт оршдог. Ийм тогтолцоог эрх зүй, эдийн засгийн хувьд баталгаажуулж, хэрэгжүүлж чадсан улс гүрнүүд гэвэл олон. Харин ЗХУ тэргүүтэй социалист лагерийн хэмээгдэх улс орнууд түүний эгнээнд багтаж байсан манай орны хувьд төр засаг нь бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ард иргэдээ захиргаадан дарангуйлах тогтолцоог бий болгосноороо олон арван жилийн туршид иргэний эрх, эрх чөлөөг боомилж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг хомсдуулж байлаа. Үүнийг төр нийгмийн шударга зүтгэлтэн, шилдэг сэхээтэн, зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн мэргэд, лам хуврагуудад элдэв хоч зүүн төрийн эсрэг гэмт хэрэгтэн болгож, шорон гянданд хорьж, амь насыг нь егүүтгэсэн эмгэнэлт түүх нотолдог.
Монгол улс ардчилсан төрт ёсны зарчмаар урагшилсан арван гурван жилийн түүхэн хөгжлийн зурвасхан үеийг эргэн харахад шинэ Үндсэн хуулийн хүрээнд эдийн засаг, нийгэм, оюун санааны бүхий л харилцааны хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгдэж, иргэд зарим талаар эрх, эрх чөлөөгөө эдэлж, иргэншсэн нийгмийн харилцааны хэв шинж илэрч бас ч төлөвших хандлага бий болж байна.
Монголын ардчилсан хувьсгалын үр дүнд ардчиллын олон зүйл нийгэмд хуримтлагдлаа.
- Монгол улс улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь зарлаж, ард түмэн эх орныхоо бүрэн эрхт эзэн боллоо.
- Нэг намын хэмжээлшгүй эрх мэдэл устаж, олон намын тогтолцоо бий боллоо.
- Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хууль болон түүний дагалдах хуулиудаар баталгаажууллаа.
- Эдийн засгийн тогтолцоо зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжлээ.
- Малыг малчдад, орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлснээр хувийн өмч иргэдийн амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн эдийн засгийн суурь хүчин болж хувирлаа.
- Монгол хүн эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн бурхан шашнаа дээдлэх, сүм хийдээ сэргээх эрх, эрх чөлөөгөөр хангагдлаа.
- Монгол орон дэлхийд танигдаж, Монголын иргэд дэлхийн улс гүрнүүдэд чөлөөтэй зорчих, ажиллаж амьдрах, сурч боловсрох эрхтэй боллоо.
- Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө нээлттэй боллоо.
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хангагдлаа.
- Хүүхэд залуучуудад хүссэн боловсрол, мэргэжлээ сонгох, эзэмших таатай орчин бүрдлээ.
- Монгол хүн төрийн байгууллагад сонгох, сонгогдох, шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй боллоо.
Гэхдээ Монголын төрийн тогтолцооны урт удаан хугацааны хэвшмэл загвар, монголчуудын өөрийн итгэл үнэмшилээр бус бэлэнчлэх сэтгэлгээгээр амьдарч сурсан хэв шинж ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулахад багагүй саад болж байна. Бас чөлөөт ардчилсан сонгуулиар гарч ирсэн төр, засгийн зарим эрх баригчдад хуучинсаг, коммунист арга барил, социалист нийгмийн сэтгэлгээний инерци хадгалагдсаар байна. Энэ нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, иргэншиж ядаж байгаа нийгмийн харилцааны мен чанарыг алдагдуулах, ардчилсан хувьсгалаар олж авсан ардчиллын үнэт зүйлс төр, засгийн байгууллага, албан тушаалтнуудын дур зоргын авирлалд өртөх нөхцөлийг бий болгож байна. Энэ бүхэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө Монголд сонгомол утгаараа бий болсон хэдий ч үнэн хэрэгтээ баталгаа нь хэврэг, дархлаажилт муу байгааг харуулж байгаа юм.
Хүнийг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцин- жуулалтаар дархлаажуулдаг, уул, ус, дагшин байгалиа дархан цаазтай бүс болгон хуульчилж, төрийн хамгаалалтад авдаг энгийн логикоор авч үзвэл ардчиллын үнэт зүйл, түүнд хандах эерэг үнэлэмжийг дархлаажуулах үндэс нь төр засгийн зүгээс хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхын хамт иргэддээ ардчиллын утга учир, эрх чөлөөт байдлын мөн чанар, агуулгыг таньж мэдүүлэхэд оршиж байна.
Ардчилал өөрөө хувь хүний эрх, эрх чөлөөгөөр дамжиж нийгэмд бодит илрэлээ олдог. Энэ түүхэн уламжлалаас авч үзвэл ардчилал тухайн нийгмийн гишүүдээс өндөр боловсрол, сэтгэлгээний өргөн цар хүрээ, өөрийн гэсэн итгэл үнэмшил, шилэлт сонголт хийх чадвар, хамгийн гол нь иргэдэд эрх чөлөөгөө хамгаалах инстинкт бий болсон байхыг зүй ёсоор шаарддаг байна. АНУ-ын ерөнхийлөгч агсан Томас Жефферсон “Хэрэв ард түмэн эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал үүнийг ард түмнээс эрхийг нь булаах замаар биш, харин тэднийг гэгээрүүлэн эрхийг нь мэдүүлэх замаар эмчлэх ёстой” гэж хэлсэн байдаг. Үүнээс үзвэл ардчиллын үнэт зүйлийг иргэдэд ойлгуулж, дархлаажуулах үндэс нь тэднийг улс төрийн соёлд сургаж, гэгээрүүлэх явдал нэн чухал болж байна.
Ардчилсан төрийн институт бий болгох, чөлөөт ардчилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх, иргэдээ хувийн өмчтэй, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй болгохын тулд хууль тогтоомжийг цаасан дээр буулгаж баталгаажуулах нь хамгийн хялбар гүйцэтгэж болох ажил юм. Харин түүнийг жинхэнэ амьдралын хэм хэмжээ болгож, ардчиллын үнэт зүйлсийг ард түмний оюун санаанд дархлаажуулахад бас ч багагүй хугацаа шаардагддаг байна.
Бидэнд сонгуульд ялж, төрийн эрх мэдлийг олж авахын тулд МАХН-ынхан шиг ард түмнээ хуурч, бусдыг гүтгэж, ардчиллын зарчмаас ухрах эрх байхгүй. Магадгүй ардчиллын мөн чанарыг иргэн бүхэн өөрийн үнэт зүйл болгож чадаагүй шилжилтийн гэж болох яг энэ мөчид ардчилсан хүчний тодорхой үеийнхэн золиослогдох шаардлагатай гэдэг нь ч зарим тохиолдлоор батлагдаж байна.
Нийгмийн харилцааны мөн чанар, хувьсан өөрчлөгдөж буй олон талт үзэгдлүүдийн үнэт чанарыг хүмүүс янз бүрээр ойлгож, хүлээн авч байдаг ч хүний өөрийнх нь тогтсон ойлголт, төсөөлөл, үнэлэмжийн чиг баримжаа гол цөм нь болдог байна. Тэгэхлээр монголчуудын дийлэнх олонхийн оюун санаанд ардчиллын эерэг үнэлэмжид тулгуурласан улс төрийн соёл бүрэлдэн тогтсон тэр л нөхцөлд ардчилал өөрөө баталгаажих зүй тогтолтой юм. Монголчуудын хувьд 70 жилийн турш нэг намын Коммунист үзэл сурталаар хүмүүжиж, түүний үзэл номлол нь итгэл үнэмшил болчихсон улс. Тэр ч утгаараа өнөөдөр Монголчуудын хувьд тоталитар дэглэмийн мөн чанарыг танин мэдэж аливаа ардчилсан үнэлэмжээр хандаж чаддаг, тэр нь итгэл үнэмшил болчихсон нэг хэсэг байхад Коммунист үзэл суртлын “боол” болж, тэр нь итгэл үнэмшил болчихсон, түүнээс салж чаддаггүй нэг хэсэг бас л байсаар байна. Магадгүй нийт сонгогчдын дийлэнх олонхи нь ийм итгэл үнэмшилтэй байж ч болох талтай.
Тийм байтал Монгол ардчиллын эерэг үнэлэмжийг бий болгох үүднээс иргэдэд улс төрийн соёл, боловсрол олгох Гэгээрлийн тогтолцоо өнөөдрийг хүртэл алга байна. Үүнээс болж ардчилсан чөлөөт сонгуулийн мөн чанар алдагдах, иргэдийн сонгосон төрийн байгуулалдаа итгэх итгэл алдарч төрийн нэр хүнд унах, ялангуяа залуучууд улс төрийн сонгуульд оролцохгүй болох хандлага илэрч байна. Үүнийг бүх шатны сонгуулийн үр дүнгээс харж болно.
Ард иргэдээ ийм байдалд хүргэж буй үндсэн нөхцөл нь улс төрийн хүчнүүд ардчиллын зарчим, үнэт зүйлд зөрүүтэй байр суурь баримталж ирсэнтэй холбоотой. Намууд ардчилагдаж, иргэд аливаад ардчилсан үнэлэмжээр хандаж сурах нь нийгмийн ардчилал гүнзгийрэх үндсэн нөхцөл мөн төдийгүй улс эх орны хөгжил дэвшил, хүн ардын сайн сайхан амьдрах нөхцөлийн баталгаа болох учиртай. Харамсалтай нь Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явцыг эхнээс нь хараар будаж, өөрсдийн эрх мэдлийг нэн тэргүүнд тавьсан МАХН-ын явуургүй үзэл суртал, худал хуурмаг амлалт ардчиллын мөн чанарыг ард иргэд танин мэдэхэд багагүй хохирол учруулж байна. Тухайлбал, 70 жил улс орныг удирдсан МАХН 1990 оны ардчилсан хувьсгалын түүхэн үүргийг үгүйсгэж тэр бүү хэл ардчилсан хөдөлгөөний ойг зөвхөн Ардчилсан нам Монголын ардчилсан холбооны хэрэг мэт үзсээр байгааг хэлэхэд хангалттай.
Тухайн үед Ю.Цэдэнбал албан гувчуурын бодлого, ял, шорон тулган байж монголчуудыг малаас нь салгасан 1959 оны нэгдэлжих хөдөлгөөн гэгчийг “түүхэн ач холбогдолоороо 1921 оны ардын хувьсгалтай энэ зэрэгцэнэ” хэмээн дөвийлгөж байсантай харьцуулахад нэгдлийг тарааж малыг малчдад буцааж өгсөн 1990 оны ардчилсан хувьсгал ач холбогдолоороо 1921 оны ардын хувьсгалаас дутуугүй түүхэн ач холбогдолтой гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. МАХН Үүнийг одоо хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа бол ядахад ардчилсан хувьсгалын ололт, 1996-2000 онд “Ардчилсан холбоо” эвслийн төрийн эрх барьж байх үед хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэж, харлуулах гэсэн оролдлогоо зогсоож, шинэ үеийн түүхийг гуйвуулахгүй үлдээх нь тэдний хувьд хойч үеийнхээ өмнө хийсэн буянтай үйл болно. МАХН-ын бүтээсэн 70 жилийн худал, хуурмаг, зохиомол түүхийг үнэн зөв болгох гэж өнөөдөр ямар их хүч, хөдөлмөр, мөнгө зарж байна. Үүнийг дахин давтаж болохгүй.
Монголын хойч үе залуучуудын оюун санаанд ардчилсан хувьсгалын мөн чанар, арван гурван жилийн дотор хуримтлагдсан үнэт зүйлсийг ойлгуулах, ардчиллын эерэг үнэлэмжийг бий болгоход бүх шатны сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийгмийн ухааны сургалт, судалгааны ажил, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг онцгой чухал байр суурь эзэлж байна. Бодит байдлаар үзэхэд бүх шатны сургуулиудын нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн агуулга бараг хуучнаараа, ор нэр төдий өөрчлөгдсөн байгаа нь туйлын хариуцлагагүй хэрэг мөн. Нөгөө талаар сургалт явуулж буй багш нарын ардчиллын тухай ерөнхий мэдлэг хомс, ардчилсан үнэлэмжийн тухайд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй, өөрсдоо ч энэ чиглэлээр гэгээрээгүй байгаа нь монголын ирээдүйг дархлан бүтээгч хойч үедээ үнэнийг ойлгуулж, тэднийг ардчилсан үзэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд ноцтой бэрхшээл учруулж байгаа юм.
Өнөөдөр 1990 оны ардчилсан хувьсгалд оролцсон, нүдээр үзэж мэдэрсэн түүнчлэн ардчиллын үзэл санааг тууштай дэмждэг хүмүүсийн үр хүүхэд маань аливаа асуудалд хандах байр суурь өөрийн итгэл үнэмшлээр бус эцэг эх, ах дуу, төрөл төрөгсөдөө даган баясах байдлаар улс төрийн амьдралд оролцож байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Сургуулиасаа гэртээ ирсэн хүү ааваасаа Ааваа Элбэгдорж чинь муу хүн юм уу? гэж асууж байна. -Хэн тэгэж байна? гэхэд хүү -Манай багш өнөөдөр тэгж ярьсан гэж байна. – Ямар багш? гэхэд -Биологийн багш гэж хариулж байна. Энэ юуг харуулж байна вэ? Нөгөө хуучин коммунист үзэл суртал сургуулийн танхимд тэнүүчилж явна гэсэн үг. Энэ багш намдаа үнэнчээ харуулж намынхаа даалгаварыг биелүүлж байж болно. Гэтэл нөгөө нэг танхимд аливаа асуудалд ардчилсан үнэлэмжээр ханддаг хэн нэгэн багш Элбэгдорж сайн хүн шүү гээд ярьж байхыг үгүйсгэх аргагүй. Бидний амьдарч байгаа нийгэмд тэр тусмаа монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрдэм номд сургаж, ирээдүйд нь бэлтгэж байгаа эрдмийн их өргөөнд ийм туйлшрал байж болохгүй. Багш хүн өөрөө ардчиллын бодит үнэлэмжтэй байж гэмээж нь ардчилсан үзэлтэй ирээдүйгээ үнэлж цэгнэж чаддаг хойч үеэ бэлтгэж чадна. Энэ утгаар авч үзвэл багш хүн зөвхөн мэргэжлийн хичээлээ заадаг сурган хүмүүжүүлэгч байх төдийгүй, нийгмээ таньж мэдэж аливаад ардчилсан үнэлэмжээр ханддаг сэхээтэн байх учиртай. Үнэнийг хэлэхэд хөтөлбөр нь бага ч гэсэн өөрчлөгдчихөөд байхад багш нар нь “сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдэг шиг нөгөө л хуучин үеийн диалектик, түүхэн материализм, ШУКО-соо салж чадаагүй “туушиндаж байгааг оюутан залуучууд шүүмжилж байна. Үүнийг бид засах ёстой.
Хэвлэлийн эрх чөлөө хангагдсанаар олон зуун хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй боллоо. Ард түмэн ч чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхтэй болсон. Энэ бол ардчиллын түүхэн ололт. Харамсалтай нь Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ардчиллын мөн чанарыг ард түмний оюун санаанд суулгах үүргээ биелүүлж чадахгүй байна. Сонин хэвлэл өөрөө оршин тогтнохын тулд мөнгө даган үйлчилж, хэн нэгний эрхшээлд орж байна. Дэд бүтцийн хөгжлөөсөө шалтгаалан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хотод төвлөрч, мэдээллийн хүртээмж хот хөдөөд ялгаатай болж, хөдөөгийнхөн хотоос хөдөө рүү “цуурах” маягийн мэдээллээр хангагдаж байна. Бас улс орон даяар цацагдаж байгаа цорын ганц үндэсний радио, телевиз нь эрх барьж буй намын мэдэлд үйлчилж, нэг талын сурталчилгаагаар Монголын ард түмний тархи толгойг угааж байна. Энэ бүхэн иргэдийн оюун санааг бохирдуулж, ардчиллын үнэт зүйлийг дархлаажуулах суурь хөрсийг устгаж байна.
Ард түмнийхээ итгэлийг авч төрийн эрх барьж буй аль и намын хувьд намынхаа, өөрсдийнхөө эрх ашгийг нийгмийн эрх ашгаас ямар ч тохиолдолд дээгүүр тавьж болохгүй. Яагаад гэвэл төрийг ард түмэн байгуулдаг. Төр нь ард түмэндээ л үйлчлэх ёстой. Төр өөрийнхөө ёс зүйг ийм шаардлагад нийцүүлэн ажиллаж чадвал сая чөлөөт ардчилсан сонгуулиар авсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байна гэсэн үг. Өөрсдийнхөө эрх мэдлийг дархлаажуулахын тулд ард түмний радио, телевизийг өмчилж, чөлөөт Хэвлэлийг айлган сүрдүүлж, бас мөнгөөр худалдан авч худал, хуурмаг сурталчилгаа явуулах эрх төрд байх учиргүй. Энэ нь өөрсдөд нь ашигтай мэт өнөөдөр харагдаж байлаа ч маргааш Монголын хөгжил дэвшил, иргэдийн нийгэмдээ итгэх итгэлийг саармагжуулж, ардчиллаар олж авсан хамаг үнэт зүйлээ монголчууд алдах болно. Өнөөдөр 1990 он биш. Ардчиллын буянаар Монголын нийгмийн сэтгэл зүй арай өөрийг хүсэж хүлээдэг болчихсон цаг үе гэдгийг бид ухаарч ажиллах ёстой. Ямар ч тохиолдолд ардчиллыг алдаж болохгүй. Алдвал арван тамд унах болно.