М. Энхсайхан
/Доктор (Ph.D)/
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Ардчиллын мөн чанар, Монголчуудын төрд хандах хандлага, /Монголын ардчиллын төлөвшил, сорилт
Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсаны 10 жилийн ойтой тохиож энэхүү эрдэм шинжилгээний бага хурал болж байна. Бэсрэгхэн энэхүү академийн үйл ажиллагаа даруухан ч түүний Монголын нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг багагүй гэж бодож байна. Анх УТБА байгуулахад Германы Конрад Аденауэрын Сан (КАС) ихээхэн туслалцаа үзүүлсэн, одоо ч тусалсаар байгаа билээ. Энэ бол тохиолдлын асуудал байгаагүй юм.
Гете, Моцарт, Бетховен зэрэг нэртэй цуутай хүмүүнийг төрүүлсэн Герман үндэстэн бас өөрөөсөө Хитлер мэтийн дарангуйлагчийг ч төрүүлж, хүмүүн төрөлхтнийг сүйрлийн аюулд хүргэж байсан юм. Олон мянган жилийн соёлын түүхтэй Европ тивд ардчилсан замаар дарангуйлагчид төрж гарсан гэхэд үнэхээр итгэхэд бэрх боловч түүхийн үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Ийм гашуун туршлагыг дахин давтахгүй байх нэг чухал үндэс нь олон түмэнд улс төрийн боловсролыг аль болох олгох явдал юм. Зовлонг биеэрээ амссан герман үндэстэн өөрийн ард түмний улс төрийн боловсролд анхаарал тавьдагийн учир нь дээрхтэй холбоотой бизээ.
КАС-ийн оролцоотойгоор байгуулагдсан УТБА-ийн үйл ажиллагаа нь монголчуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх замаар бидний ирээдүйг илүү гэрэл гэгээтэй болгох явдал юм. УТБА хүний нүдэнд харагдаж, гарт баригдах барилга байшин, үйлдвэр аж ахуйн газар бариагүй ч монголын нийгмийг илүү гэрэл гэгээтэй болгоход их үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна.
Юуны өмнө УТБА-ийн арван жилийн ойн баярын мэндийг хүргэж тус академийн нийт ажиллагсдад, тус академийн бүх үйл ажиллагаанд хамрагдагсад, түүнд идэвхтэй оролцо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч байна.
1990 оноос хойш Монголын нийгмийн улс төрийн ам асар их өөрчлөлт гарсан нь маргаангүй. Олон намтай болсон, ардчилсан зарчмаар төрөө сонгодог болсон. төрийн эрх мэдлийг хуваасан, иргэний нийгэм төлөвшиж байгаа тоочоод байвал олон зүйлийг нэрлэж болох бизээ.
Гэвч хамгийн гол ололт бол монголчууд догматизмаас нийгмээ цаашид боловсронгуй болгох нээлттэй нийг шилжих талаар том алхам хийж чадсан явдал гэж үзэж байна.
Ардчилал төгс төгөлдөр зүйл биш. Гэвч ардчилал нийгмээ боловсронгуй болгох бололцоог Монголчуудад өгч байгаа юм.
Нийгэм өөрийгөө боловсронгуй болгох үйл явцад үргэлж нээлттэй байх явдал нээлттэй нийгмийн үндсэн сүнс юм. Бид Монгол дахь ардчиллын хөгжлийн асуудлыг авч үзэхдээ ямар арга зүйг баримтлах вэ гэдэг асуудал өнөөгийн Монголын нийгэмд чухал ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад Карл Попперын “The open society and its enemies” (“Нээлттэй нийгэм ба түүний дайснууд”), Фредрик Хаякын “The Road to Serfdom” (“Боолын байгуулалтад хүрэх зам”) зэрэг бүтээлүүдэд манай улс төрчид, судлаачид анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Энэхүү суут бүтээлүүдийг эх хэлэн дээрээ гаргах талаар ч бодох цаг болсон шиг байна.
Жорж Сорос ардчилал, зах зээлийн тогтолцоо бүхий өнөөгийн нийгмийг нээлттэй нийгмийн гажсан хэлбэр гэж тодорхойлсон байдаг.
Дээрх хүмүүсийн бүтээлүүдтэй зах зухаас нь танилцаж, тэрхүү арга зүйгээр өнөөгийн Монголын ардчиллын хөгжлийг тольдвоос нэн сонирхолтой дүр зураг гарах бөгөөд Монгол дахь ардчиллыг хөгжүүлэх асуудлаар цаашид хийх ажлын чиглэлийг зөв тодорхойлоход мөн тустай санагдаж байна билээ.
Миний бодоход Монголын улс төрд тулгамдаж байгаа зөрчилтэй асуудлаас дараахь асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, төрийн үүрэг ролийг авч үзэх асуудлаар Монголын нийгэм нэгдмэл санаанд хүрээгүй байна. Хүчтэй төрийг хүсэмжлэх явдал олон түмний дунд давамгайлсан хэвээр байгаа бололтой юм. Түүнд нь тохируулж төрийн хүч чадлыг үзүүлэх гэсэн муйхарлал бүхий л түвшинд илт харагдаж байна. Хүнд суртал улам бүр газар авах, төсвийн зарлага нэмэгдэх, хөрөнгө эрх мэдлийг улам бүр төвлөрүүлэх хандлага гарч байгаа нь цаанаа төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлэхтэй холбоотой. Бидэнд хүчтэй төр бус хариуцлагатай төр хэрэгтэй юм. Бидэнд төрийн хэмжээ дамжаа биш, түүний үр ашиг хэрэгтэй юм.
Поппер бүтээлдээ хэн удирдах вэ? гэдэг асуудал чухал бус яаж буруу удирдлагыг багасгах вэ? гэдэг санааг дэвшүүлжээ. Бидэнд ямар удирдагч хэрэгтэй вэ? гэдэг асуултад олон түмэн мэдээж ухаантай, боловсролтой гээд л хамгийн сайн сайхан шинжүүдийг нэрлэнэ. Гэтэл энэ асуултад бидэнд тэнэг маанаг, амиа хичээгч удирдагч хэрэгтэй гэж хэлэх хүн олдохгүй. Асуудлын гол нь ухаантай, боловсролтой гэж бодоод, итгээд сонгосон удирдагчаас гарах буруу үйлдлээс нийгмийг яаж хамгаалах вэ, түүний нөлөөг хэрхэн хязгаарлах вэ гэдэг асуудал онцгой ач холбогдолтой байдаг. Энэ бол төрд хандах хандлагыг зөв тодорхойлоход дөхөмтэй гэж бодож байна. акура
Шилдэг улс төрч гэхээр ёс юм шиг төрийн өндөрлөгүүд нь эхэнд нь “тодордог” нь олон түмэн тэдэнд нэг их хайртайдаа биш, хариуцлагаа хэн нэгэнд даатгаж орхидог “уламжлал”-тай холбоотой байж мэдэх юм.
Гэтэл ардчилал иргэдэд зөвхөн эрх чөлөө олгоогүй мөн хариуцлагатай байхыг шаарддаг. Иргэдээ улам бүр хариуцлагатай болгох нь ардчиллын эрх ашиг бөгөөд үүнтэй холбогдуулж төрд хандах хандлага үндсээрээ өөрчлөгдөх шаардлагатай юм.
Хоёрдугаарт, Монголын нийгэм социализмын үзэл санаанд автамтгай хэвээр байна. Шударга ёс, тэгш байдлын тухай үзэл санаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэхүү үзэл санаа үнэхээр хүн төрөлхтний түүхэнд хүчтэй нөлөөгөө үзүүлсэн. Гэвч социализм үзэл баримтлалынх хувьд нас барсан ч бодлогын олон асуудал дээр амь бөхтэй юм.
Социализмыг ардчилах санаа шинэ санаа биш бөгөөд а мухардалд хүргэнэ гэсэн Хаякын үзэл бодлыг манай нийгэм хуваалцах тэнхээтэй байгаасай гэж хүсч байна.
Социализм байгуулах гэж олон арван жилийг ардаа орхисон түүнийхээ төлөө хэдэн мянган хүний амь насыг золиосолсон хэдэн үеийн амьдралыг үрэн таран хийсэн Монголчуудал дахин социализмыг ардчилах гэж зовох хэрэг байна уу? Эна санаар манай улс төрийн тогтолцоог бүрдүүлж байгаа намууд анхааралдаа авах хэрэгтэй гэж бодож байна.
Гуравдугаарт, Монгол дахь ардчиллын цаашдын ирээдүйд намуудын төлөвшил онцгой үүрэг рольтой юм. Намууд дотроо ардчилагдах, баримталж байгаа үзэл баримтлал, ажиллаж байгаа арга нь ардчилсан байх явдал чухал ач холбогдолтой юм. Намууд төрийн алба горилогчдын баг шинжээсээ ангижирах нь олон түмний зүгээс ардчилалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдний бүтээлч оролцоог өсгөх үндсэн хүчин зүйл гэж бодогдож байна.
Монгол олон намтай боловч олон намын тогтолцоотой болж чадаагүй байж мэдэхээр байна. Олон намын тогтолцоо гэдэг ойлголтод намуудын үйл ажиллагааны тогтвортой шинж чанар чухал байх болов уу. Үзэл баримтлалын “мөнхийн хайгуулд”, муугаар хэлбэл “мөнхийн төөрөгдөлд” байгаа намууд өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд үйл ажиллагаагаа тогтвортой явуулна гэдэгт сүрхий эргэлзээ төрж байгаа юм. Намууд үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд “төрийн албыг” урьдчилан “худалдах” үйл явдал руу орж байгаа бөгөөд энэ нь манай нийгэмд хээл хахууль цэцэглэж, ардчиллын хөгжлийг боймлох аюулыг өөртөө агуулж байгаад санаа зовинож байна.
Иймээс намуудад дотоод ардчилал хэрэгтэй бөгөөд үүгээрээ намуудыг боловсронгуй болгох, намуудыг боловсронгуй болгосноор төрийг хариуцлагатай болгох зам нээгдэх юм.
Дөрөвдүгээрт, манай улс төрд гарсан болоод цаашид гарч болох нэг үзэгдэл нь Монголын шийдвэр гаргачдын боловсролын дундаж түвшин нэлээд доройтох шинж юм.
Үүнийг түүхэн талаас нь авч үзвэл цаг зуурын боловч Монголын хувь заяанд бас ч үгүй ул мөртэй байх болов уу аж байна. Боловсролын “дундаж түвшин” нь харьцангуй боловч глобал үйл явц дэндүү хурдан байх бөгөөд тvvнтэйгээ харьцуулбал доройтох нь илт байгаа болно.
Иймээс цаашид Монголын нийгэмд гүйцэтгэх улс төрийн боловсролын ач холбогдол улам бүр нэмэгдэх бөгөөд энэ on дээр Монголын төлөө гэх хүн бүр санаа зовох шаардлагатай гэж бодож байна.
Тавдугаарт, Монголчуудыг нэгтгэх, хөтлөх үзэл санаа vнэхээр дутагдаж байна. Тийм үзэл санаа нь урд өмнө социализмыг байгуулах” явдал байсан бөгөөд ийм үзэл өнөөдөр Монголчуудыг нэгтгэхгүй нь ойлгомжтой.
Монголчуудад хүсэх, тэмүүлэх зорилго хэрэгтэй. Ингэх нь Монголчуудын сэтгэхүйд илүү нийцэмжтэй байж мэднэ. Харамсалтай нь ийм үзэл санааг бүрэлдүүлэх үүрэгтэй хүмүүс одоохондоо цагаан сар, наадмаар “монгол хувцасны загвар” үзүүлэхээс цааш гарахгүй байгаа юм. Энэ нь нийгмийн үзэгдлийнхээ хувьд монголчууд өөрийгөө танихын гүн гүнзгий хямралд байгааг харуулах бөгөөд энэ хямрал түр зуурын гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол соёл иргэншил дэх төрийн онцлог
А.Цанжид
/БСШУ-ны сайд, Ph.D
Түлхүүр үг: Төрийн легитимт чанар, Төрт ёсны уламжлал, Үндэсний менталитет, Соёл иргэншлийн онцлог,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгахын зэрэгцээ Улс төрийн Боловсролын Академийн хамт олонд тус байгууллагын 10 жилийн ойн баяр хүргэж амжилт хүсье.
Соёл иргэншлийг бүрдүүлэгч эгэл нэгжүүдийн дотор өөрийн онцлогтой төр зайлшгүй байх талаар эрдэмтэд санал нэгтэй байдаг. Төр нь нэгтгэгч, тодорхой нэг соёл, үйл ажиллагааны дадал загварыг түгээгч байдгаараа соёл иргэншлийг төлөвшүүлэгч хүчний нэг, тухайн нийтлэг соёл иргэншил болсны бас нэг үзүүлэлт мөн гэж болно. Нөгөө талаар, соёл иргэншлийн суурь болсон соёл тэрхүү төрийн онцлогт ч бас тусгалаа олсон байх учиртай биз. Монгол соёл иргэншлийн төрийн онцлог шинжүүд нь бүр Хүн улсын үеэс боловсрон уламжлагдсаар Чингисийн төрд төгс илрэлээ олсон байна.
Эл төрийн онцлог шинж:
-Төрийн эрх мэдлийн уг сурвалж буюу легитимт шинж нь Тэнгэр үзлээр үндэслэгдсэн байх,
-Хүмүүсийн соёлд улсыг эрхэмлэх үзэл давамгайлах,
-Төрийн зохион байгуулалтад тэнгэр үзэл, арга билгийн ёсыг харгалзан үзсэн байдал зэргийг юуны өмнө дурьдаж болно.
Терийн эрх мэдлийн уг сурвалжийн асуудал нь хаан зонхилогч нарын тэнгэр гарлаар тайлбарлагддаг тухай олон бүтээлд дэлгэрэнгүй дурьдсан байна. Улсын тухай Монголчуудын төсөөлөл нь юуны өмнө түүнийг өрх гэртэй адилтгах явдал юм. Тиймээс ч “улс гэр” гэх мэт хэллэг, “…гэрээ засаад төрөө зас” гэх мэт цэцэн үг гарсан хэрэг. Тиймээс төрийн тэргүүн болж буй хаанаа улс гэрийн эцэг гэж үзэх үзэл, нөгөө талаас “эцэг тэнгэр”-ийн тухай үзэл нийлэн улс гэрийн эзэн болсон хаан хүний тэнгэр гарлын тухай итгэл үнэмшил буй болжээ. Тэнгэр эцэг, газар эхийн тухай болон хаадын тэнгэр галын тухай олон зохиолд бичсэн[1]. Эндээс үзэхэд хаадын тэнгэр язгуурын тухай үзэл нь бөөгийн шашны ертөнцийг үзэх үзэлд үндэслэсэн байна. Төрийн тухай энэхүү үзэл нь монголчуудын ухамсарт баттай шингэсэн юм. Тиймээс төр бол нийгмийн дээд талд байдаг, түүнийг дарангуйлж байдаг хүчирхийллийн бүрдэл, ангийн ноерхлын зэвсэг гэх мэт ойлголт, төр иргэний нийгэм гэж ялгаварлах үзэл төдийлэн дэлгэрээгүй байна. Төр ир хоерын салшгүй холбоо, шүтэлцээнд улс оршино. Иргэн юуны өмнө төрдөө хандаж аврал, шударга ёсыг хүсдэг нь Үүнтэй холбоотой гэж үзэж болно. Монголчуудын түүхэнд хаан ширээг булаацалдан хаад, язгууртанууд хоорондоо тэмцэж байсан тохиолдол олон бий. Гэвч жирийн ард олны дотроос С.Разин, Е.Пугачёвын бослого тэмцэл бараг гарч байгаагүй нь үүний гэрч юм. Бөөгийн шашны нөлөө ихэд буурсан XIX зуун, ХХ зууны эхэн үед ардын тэмцэл ч ихэвчлэн заргын хэлбэрээр гарч байжээ. Ард Аюушийн хөдөлгөөн ч чухамдаа ийм л зарга байв. Ийм хөдөлгөөний гол арга бол хошуу ноён гэх мэттэй заргалдаж, гомдол мэдүүлж төрийн дээд шатны ноёдод хандаж заргын бичиг, захидал бичих явдал байлаа. Үүнийг ангийн ухамсрын хөгжил дорой байсан гэж тайлбарлаж ирсэн нь үндэслэл муутай юм. Учир нь бусад үндэстэний тариачид чангич үзлийн үүднээс авч үзвэл манай малчидтай төстэй атлаа төрийн эсрэг бодлого тэмцэл гаргаж л байсан шүү дээ. Монголчуудын төрдөө хэрхэн ханддагийг бэлэгдлийн ёс заншлаас нь харж болно. Тухайлбал, “бурхан, тэнгэр өршөө” гэдэгтэй нэгэн эрэмбэнд тавьж “төрийн сүлд өршөө” хэмээн залбирна. Өөрөөр хэлбэл, Монголчуудын хувьд төр бол бурхан тэнгэртэй адил хүчтэй, ивээл хайрандаа иргэдээ багтаадаг шүтээн нь байсаар иржээ. Тэрбээр нэг талаас төрийнхөө сайн сайханыг, нөгөө талаас хүүхдийнхээ хувь тавиланг ерөөн бэлэгдэж хүүхэддээ Төртогтох, Төвшинтөр, Төрбат, Төрболд, Төрмөнх, Төрмандах, Төрхүү, Баттөр, Менхтөр, Энхтөр гэх мэт нэрийг олонтаа өгдөг нь бусад үндэстэнд төдийлэн тохиолддогүй зүйл юм. Монголчууд түүхийнхээ нэлээд эрт үед бусад үндэстэний нэгэн адил хүнд биеийнх нь шинж тэмдгээр “урт гарт”, “том хамарт” гэх мэтээр, эсхүл ур чадварыг нь онцлон “хүчит”, “хурдан хөлт” гэх зэрэг эсхүл ямар нэг байдлаар араатан амьтантай адилтган “чоно”, “нохой” гэх мэт нэр өгч байсан нь дамжиггүй. Гэвч аажмаар тухайн хүний шинж байдалтай шууд холбогдолгүй оноосон нэр өгч эхэлсэн нь Их Монгол 2 айгуулагдсан үеэс хойших нэрэн дотор төр” гэсэн үг агуулсан бэлэгдлийн шинжтэй нэр олон байх болжээ. Бага хаадын үед Төрболд нэртэй хүн байсныг түүх гэрчилнэ Тухайлбал, Мандухай цэцэн хатнаас төрсөн нэг хүүхэд ийм нэртэй байжээ. Тэр ч бүү хэл Монгол оронд бурханы шашин хүчтэй дэлгэрч монголчууд хүүхэддээ төвд, санскрит нэр өгч байсан тэр үед ч “төр” нэртэй хүн байсны жишээ нь Тогтохтөр тайж XIX зууны эхэн үе/ юм. Тэрчлэн 1806 онд бичигдсэн нэгэн заргын бичигт тор гэдэг хиагийн нэр дурьдагдсан байдгаас үзвэл ихэс дээдэс төдийгүй энгийн ард ч ийм нэртэй байж болдог байжээ[2]. Монголчуудын төрийн тухай үзлийг авч үзэхдээ бид зориуд эмпирик баримтыг түшиж байгаа болно. Учир нь соёл иргэншлийг авч үзэхдээ бид соёлын шинж тэмдгийг нь гол болгосон билээ. Энд ярьж байгаа соёл бол нийгмийн бүх гишүүдийн биш гэхэд тэдний олонхийн итгэл үнэмшил, үйл ажиллагааны нь дадал хэвшил болсон тийм зүйлээс бүрэлдэх соёл юм. Тиймээс төрийн талаарх эрх баригчид хийгээд иргэдийн энгийн ухамсарт шингэсэн тэр ойлголт л соёл иргэншлийн онцлогийг тодорхойлно хэмээн үзэж байгаа хэрэг. Монголчууд бэлэгдлийг эрхэмлэн үздэг сэтгэлгээнийхээ үүднээс төрсөн үрийн адилаар төрдөө хайртай байдгийг болон нөгөө талаас төр маань бат, Мөнх, энх, төвшин, тогтвортой байгаасай хэмээсэн чин эрмэлзлээ шингээж хүүхдээ тэрхүү бат, Мөнх, энх, төвшин, тогтвортой төр шиг байгаасай гэж ийм нэрүүдийг сонгодог байна.
Төр иргэний салшгүй холбоо харилцан үүрэг хүлээх тухай үзэл санаа монголчуудын дотор эртнээс уламжлалтай юм. Төрийн хүлээх үүрэг бол Нууц товчоонд тодорхойлсноор иргэдийг “хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргуулах явдал болно[3]. Түүнээс хойш магад 700 гаруй жил өнгөрсөний хойно ч эл ойлголт хэвээр байсан нь 1919 онд Сэцэн хан аймгийн Хурц ван Түдэнгийн хошууны 75 хүн мөнхүү ван Түдэнтэй заргалдсан бичгээс үзэж болно. Тэнд: “Эдүгээ манай засаг ван хошууг захиран алба хэргийг шийтгэснээс хойш, дорд олныг асарч өрнүүлэн хүмүүжүүлэхийг бодохгүй, өөрийн биеийг их зэрэг тушаалд хүргэхийг бодох зэргээр хаа буй газар бүрийн иргэн монголчуудад ихэмсэг өр хийж, …чухал алба гэж битүүлэг ногдуулан…цөлбөн хамаж онц хохируулан.[4] буй хэмээн дурьджээ. Ийнхүү өргөдөл бичигчдийн ойлголтоор төрийн тухайн тохиолдолд төрийн төлөөлегч болох хошуу ноёны/ үүрэг бол иргэдийг “асарч өрнүүлэн хүмүүжүүлэх” явдал болно. Энэхүү томъёолол гэр дэх эцгийн үүргийг тодорхойлоход ч яв цав нийцэх юм. Бөөгийн ёсны ертөнцийг үзэх үзлийн дагуу Тэнгэр эцгийн газар дээрх “биелэл” болсон өрх гэрийн болон улс гэрийн тэргүүтний үүрэг ийнхүү ижил байх нь зүйн хэрэг байх л даа.
Харин иргэний хувьд төрд үнэнч байх нь чухал. XIII зууны үед энэ үзэл хаанд ч, хар тэргүүтэнд ч хөдлөшгүй хууль болон ойлгогдож байжээ. Нууц товчоонд Наяа эцэг Ширээт евгөн, дуу Алаг нартай хамсан өөрийн ноён Таргудай Хирилтугийг барин авч Чингис хаанд хүргэх гэснээ “бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн итгэмжгүй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгүй, харин хан эзэндээ халдсан харц ард гэж барьж алах биз”[5] гэж бусдыгаа ухуулан Таргудайг тавьж явуулан Чингис хаанд очиж хүчээ өгдөг. Наяагийн хэлсэн яг зөв байсан нь хожмын үйл явдлаас тодорхой болно. Чингис хаан Наяаг эцгийн нь хамт өршөөдөг боловч Жамухаг барьж ирсэн хүмүүсийг цаазалсан аж. Түүгээр ч барахгүй Чингис хожим хүмүүсийг гавьяа зүтгэлийг нь үнэлэн албанд томилохдоо Наяагийн энэхүү үйлдлийг цохон дурьдаад “хаанаа хайрлах их ёсыг мэдсэн хүн”[6] гэж үнэлэн төвийн түмний ноён болгосон байна. Монголын энэхүү ёс бүр эртний уламжлалтай болохыг А.Амар гуайн бүтээлд өгүүлсэн нэгэн түүх бас гэрчилдэг.
Монгол соёл иргэншил бүрэн хэмжээгээр бүрэлдэн тогтсон цаг үе бол XIII зуун юм. Тэр үед төрдөө хэрхэн хандаж байсныг Рашид ад дин “Судрын чуулган”-даа тэмдэглэн үлдээсэн Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайтай холбоотой нэгэн түүхээс харж болно. “Өгэдэй хаан болсныхоо дараа Цагадайтай хамт явж байжээ” …Архинд нэлээд халамцсан Цагадай “хоёулаа мөрий бооцоо тавьж уралдая” гэж Өгэдэйд хэлжээ. …Цагадайн морь илүү түргэн хөлтэй тул Өгэдэйн мориноос толгой түрүүлэн давхисан байна.
Шөнө нь Цагадай гэртээ өдрийн болсон үйл я эргэцүүлэн бодоод “Би хаантайгаа мөрийцөөд уралдаж байдаг. Тэгээд миний морь түрүүлчихдэг. Үгүй ер бүдүүлэг ёс бус юм гарах гэж.. Үүнийг үзэж сонссон хүмүүс юу гэж бодох вэ, энэ ер нь тун хортой муу уршигт хур гэж эргэцүүлжээ. Цагадай өглөө эрт босон ноёдоо дууг хэлсэн нь “Өчигдөр би нүгэлтэй юм хийчихлээ гээд боn үйл явдлаа ярьжээ. Одоо өндөр дээд хаантан руу очка надад зохих шийтгэлийг оноовол онооr” гэжээ. Цагала ноёдтойгоо хамт бөөн хүмүүс хааны ордон руу тогтоосон цагаас өмнө явжээ…. Цагадай өгүүлсэн нь: “Бид хоёр төрсөн ах дүү хоёр. Саяхан хурилдай дээр Өгэдэйг ятгаж хаан болгоод, бид түүнд захирагдаж, зарлигийг нь дагахаар тангараг тавьсан. Бид ямар ч тохиолдолд түүнийг эсэргүүцэхгүй, түүнтэй маргах учиргуй. Өчигдөр би түүнтэй мөрий тавиад унасан морио уралдуулсан юм. Бил хаантайгаа мөрий бооцоо тавиад уралдах ёстой гэж үү? Ийм учраас би гэмтэн мөн. Би ингээд өөрийнхөө гэмийг мэдээд шийтгүүлбэл таарна гэж ирлээ. Намайг албал алтугай, ташуурдвал ташуурдтугай, хаантан өөрөө шүүгч” гэжээ.Өгэдэй… “Энэ чинь юу гэсэн үг вэ? Тэр чинь миний том ах. Тийм жижиг юмны төлөө санаа зовоод хэрэггүй” гэжээ. Цагадай эхлээд Өгэдэйн хэлснийг зөвшөөрсөнгүй. Сүүлдээ хаан түүний амийг өршөөсөн гэдгийг зөвшөөрч хойшид үнэнч зүтгэхээ илэрхийлж есөн морио өргөн барьсан байна. Энэ бол монгол соёл иргэншлийг бүрдүүлсэн төрийн нэг шинж гэж болно. Энэ түүхийг уншаад хэн нэгэн хүн энэ бол дорно дахины ганцаар дарангуйлагч хаадын төрийн шинжийг л илэрхийлж байгаа зүйл гэж маргаж болох юм. Тэгвэл тэр үед хаантай уралдах нь байтугай маргаж, шүүмжилж болдог, бусдын шүүмжлэлийг сонсоод хаан өөрийн байр сууринаас ухардаг байсныг мөнхүү түүхээс үзэж болно.
Энэ бүхнээс үндэслэн төр иргэнээ асарч өргөх, иргэн нь төрөө хүндэтгэх үзэл нь монгол соёл иргэншил төрийн нэг онцлог гэж болох юм.
Төртэй нэгэн эрэмбэд тавигдаж эрхэмлэгддэг зүйл бол улс юм. Улстөр гэж хослуулан хэрэглэх нь ч элбэг. Улсын тухай Монгол ойлголтоор хувь хүн нийгэм хоёрын, өөрөөр хэлбэл нэгж, нийтлэг хоёрын харьцаа илрэн харагддаг гэж болно. Бүр нарийн ярьвал монголчууд иргэн, төр, улс гурвыг нягт холбоотойгоор авч үздэг. Барууны сэтгэлгээнд хувь хүний онцлох тал нь илүү. Христийн өмнө бүгд тэгш, ертөнцийн эзний үгийг хүн бүр өөрөө тайлбарлан ойлгох эрхтэй гэх мэт орчин үеийн улстөрийн гүн ухаанаас өмнөх үеийн зарим үндэслэлүүд энэхүү үзлийн эх үндэс болсон юм. Гэтэл япон, гэх мэтийн дорно дахины ихэнхи ард түмний хувьд агийг чухалчлах тал нь илүү гэж болно. Чай Накане удын хувь хүн болон бүлгийн харьцааны тухай дараах зүйлийг бичжээ. Ямар нэг япон хүн хэн нэг танихгүй vнтэй уулзаад би үсэг өрөгч юмуу гүйцэтгэгч түшмэл гэж хэлэхээсээ илүү “би В хэвлэлийн компанийх” гэх юмуу “би с компанид харъяалагддаг гэж хэлэх байх.[7] Өөрөөр хэлбэл, япон хүний хувьд тухайн хүн хэн байх нь төдийлөн чухал биш, харин ямар бүлэгт хамаардаг нь чухал ажээ.
Монгол хүний хувьд гэр бүл, нутаг усаа чухалчлах сэтгэлгээ бас бий. Энэ нь одоо ч хадгалагдан үлджээ. Монгол хүн өөрийгөө эцэг эх, гэр бүл, нутаг ус, эх орноосоо салангид авч уздэггүй. Тухайлбал, зах зээлийн харилцаанд шилжиж хүмүүс хувийн аж ахуй байгуулах бололцоо нээгдсэний дараа буй болсон олон аж ахуйн нэгжийг тэдгээрийг үүсгэн байгуулагчид өөрсдийн өсөж төрсөн газрын нэрээр нэрлэсэн байна. Тэрчлэн ахмад үеийн уран бүтээлчдийн төдийгүй орчин үеийн эстрадын дуучдын уран бүтээлд эх нутаг, ээж аавын тухай дуу багагүй хувийг эзэлж байгаа ба олон түмний дотор сүүлийн үед хамгийн их үнэлэгдэж байгаа дууны дотор чухамхүү ийм сэдэвтэй дуунууд том байр эзэлж байгаа юм. Ийнхүү монголчуудад эртнээс эдүгээг хүртэл өөрийгөө нийтлэгийн нэг хэсэг гэж үзэх сэтгэлгээ хүчтэй байсаар иржээ. Энэхүү сэтгэлгээний нэг илрэл бол улсын тухай үзэл юм. Монголчуудын хувьд төрөөс гадна улс чухал. Улс бол зүгээр л олон хүн биш. Түүнийг байгуулдаг, өөрөөр хэлбэл энэ нь бие даасан цогц мөн ажээ. Улсын тухай ойлголт нь овог аймгийн тухай ойлголтоос өөр. Овог аймаг нь гол төлөв цусан төрлийн хэлхээ холбоон дээр тогтож байв. Гэтэл улс бол хүн амаас гадна газар нутаг бүхий гэсэн санаа өнө эртний үед үүсчээ. Энд жишээ болгож Модун шаньюйн хэлсэн гэгддэг “газар бол улсын үндэс мөн, яахих өгч болно” гэсэн үгийг дурьдаж болох юм. Энэхүү үгийг магадгүй Модун шаньюй хэлээгүй ч байж болно. Энэ бол чухал биш. Чухал зүйл бол монголчуудын дунд ийм домог яригдаж, энэхүү үгийг сайшаасан санаа тэдний улстөрийн соёлд шингэсэн байгаа явдал мен. Дашрамд зохиогчийн хувьд соёлын асуудлыг судлахад эрдэмтдийн уг асуудлын талаар судалгаа хийж гаргасан онол дүгнэлтээс гар энгийн ухамсрын түвшинд хүмүүсийн ухаан санаанд шинг өдөр дутмын нь үйл ажиллагаагаар илэрч байдаг баримтлалууд чухал гэдгийг дахин тэмдэглэж байна. Улс хэмээх цогц монгол нутагт хоёр мянга гаруй жилий тэртээгээс оршин тогтнож хүмүүс өөрийгөө аль нэг улс хамааруулан үздэг уламжлал баттай тогтсон аж. Улс бол төртэй, ард түмэнтэй, газар нутагтай цогц. Тиймээс ч улс төр, иргэн гурав ижил, тэнцүү гэж болно. Аль нэгийг нь орхигдуулбал улс ч улс биш, төр ч төр биш, иргэн ч иргэн биш болно. Энэхүү үндэслэл одоо ч чухал. Чухам энд л дэг журам, хүний эрхийн харьцааны тухай асуудлын монгол тайлал оршино.
Монгол төрийн энэхүү уламжлалтай нягт холбогдох зүйл бол түүний шийдвэр гаргах арга мөн. Монгол төр тусгаар байсан бүх түүхэндээ чухал шийдвэрийг нийтээр хэлэлцэн гаргах ёсыг баримталж байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, эрх баригчдын араншин зэрэг олон зүйлээс шалтгаалж хэрэгжилт нь янз бүр байсан боловч эртний эе, эв. Их монгол үеийн хурилдай, Богд хаант Монгол улсын үеийн улсын хурал гэх мэт нь Монгол төрийн энэ уламжлалыг ямар нэг хэмжээгээр дагаж байсан хэрэг байв. Үүнийг зөвхөн овог аймгийн үеийн ёс заншлын үлдэгдэл гэж үзэж болохгүй. Монгол төрийн зарим шинж нь газар нутаг, амьдралын хэв маягаас урган гарсан болой. Том хэмжээтэй газар нутаг дээр таруу суурьшсан, харьцангуй чөлөөтэй амьдрал бүхий Монголчуудыг нэгэн жолоонд оруулах хамгийн шилдэг арга бол хамтын шийдвэр гаргаж түүнийгээ дагах явдал байлаа. Тиймээс ч энэ тухай үзэл санаа “Их засаг” хуулинд туссан байдаг. Уг хуулийн 4-р зүйлд “Хаан ширээг залгамжилахад заавал овог аймгийн ахмадууд, ахлагчид болон алтан ургийн хуралдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй”, 7-р зүйлд “…Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал гурван хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болбоос сая биелүүлж болно. Гурван хүний дотор өөрийн биеийг оруулж тооцно”[8] гэх мэтээр заасан нь буй. Тэхдээ түүхэн үзэгдлийг хэтэрхий эдүгээчлэн өнөөгийн ардчилал бүр Чингисийн үеийн Монголд байсан гэх юмуу үр хөврөл байсан мэт үзэж болохгүй юм. Ийнхүү хамтын шийдвэр гаргадаг байсан нь чухамхүү тал нутгийн нүүдэлч малчины аж төрөх ёс, Монгол соёлд суурилсан төрийн өвөрмөц шинж юм. Өрнөдийн ардчилал тулгуурласан суурь зарчим бол тэгш эрхийн зарчим мен. Харин Монгол төрийн дээрх түүхэн уламжлал нь шийдвэрийг оновчтой гаргах шилдэг аргыг сонгон хэрэглэх хэрэгцээнээс үүдэлтэй гэж болох юм.
Монгол төрийн уламжлал, онцлог шинжийн нэг бол түүний бүтэц, зохион байгуулалт юм. Судлаачид монгол төрийн бүтэц, зохион байгуулалт нь монголчуудын уугуул ертөнцийг үзэх үзлийн номлолд тулгуурлаж байсан гэж үздэг. “Эл эш номлолын хэрэгжил нийгмийн зохион байгуулах нэн цомхон бүтэц-удирдлагын аравтын тогтолцоонд суурилсан бас нэгэн онцлог буй. Ертөнцийг үзэхүй бөөгийн үзлээр аравтын тогтолцоо нь хүмүний биеэ мэдэж, авч явах /БИ + 9ye, өөрөөр хэлэхүл, 1+9=100 ёсон лугаа нэг бөлгөө үүнд, тэнгэрийн тоо буюу ертөнцийн хамгийн их тоо нь ес ба хамгийн бага тоо нь гурав /арга, билиг, барилдлага үр/, өөрөөр хэлэхул, нэг=3/ буюу. Нэгэнт ес бүхний дээд хязгаар юм бол нэгэн хүмүүний үйл, үйлдэл үүнээс давж хэрхэвч үл чадна гэж үзнэ. Үүгээр мөшгихүл, удирдлагын аравтын тогтолцоо тийн нийгмийг хүмүнчлэн төсөөлсний үр дүн leepeөр хэлэхүл, нэгэн хүмүний бусад лугаа зэрэг харьцах, эсхүл хяналт тогтоох чадварын хязгаар ес болой/ болох бөгөөд ухаан, эр чадал төгс хүмүн ч есөөс дээш хүмүнийг хараа хяналтандаа байлгаж хэрхэвч эс чадна гэж үзсэн нь байна, зуутын, эсхүл Мянгатын ноён гэхүл зуун хүмүнийг, эсхүл хүмүнийг бус, чухам арван аравт нэгэн зуут, арван зуут нэгэн мянгат болох учраа аравтын эсхүл зуутын арван захирагчаас нэгэн нь үлдэх есөн захирагчаа шууд удирдана гэсэн үг байна.[9]
Энэхүү аравтын тогтолцоо эртний Хүннүгээс эхлэн Их Монгол улс хүртэл уламжлан ирсэн тухай нэгэнт өгүүлсэн билээ. Чингис төрийн энэхүү зохион байгуулалтыг улам нарийсган захирах захирагдах ёс, тайлагнах, сахилга сахих ёс зэрэг олон зүйлээр баяжуулсан байна.
Төрийн шинжтэй холбоотой зүйл бол нийгмийн шинж юм. Бид дээр уламжлалт Монгол нийгэм шатлал бүхий байсан, үүгээр нийгэм ба хувь хүний харьцаа тодорхойлогдож байсан тухай өгүүлсэн. Гэвч энэ бол одоогийн шинжлэх ухааны нэр томъёогоор илэрхийлбэл нийгэм дотор социал хөдөлгөөн байгаагүй гэсэн үг биш. Лувсанчойдонгийн бичсэнээс үзэхэд цэрэг эр гавъяа байгуулбал, дээд язгуурт шилжиж болдог, хулгай хийх, худал хэлэх зэргээр муу явбал дээд язгуураас доод язгуурт шилжиж болдог ажээ.[10]
Монголын төр нийгмийн бас нэг онцлог шинж бол түүний нээлттэй шинж юм. Монголчууд мал аж ахуй эрхлаа амьдардаг, амьдралын хэрэгцээг хангахын тулд заавал гадагшаагаа харилцах шаардлага бусад улс үндэстэнээс илүү байдаг нь ийм нээлттэй байх шаардлагыг бий болгосон аж. Их монгол улсын үед элч төлөөлөгчдийг хүндэтгэдэг, улс хоорондын худалдаа, дипломат үйл ажиллагаанд их анхаарал тавьдаг байсан. Тэрчлэн янз бүрийн шашинг ялгаварладаггүй, тэгэхдээ аль нэгийг нь онцгой эрх эдлэхийг хориглодог байсан Их засаг хууль 43-р зүйл/ ажээ. Үүнд тэр үед монгол улс бол дэлхийн эл улсуудын адил улс биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой /мөн хууль 30-р зүйл/ хэмээн үзэж байсан нь зохих хэмжээгээр нөлөөлж байсан байх. Нэгэнт дэлхийн улс гэж ойлгогдож байсан болохоор хаах, хязгаарлах тухай санаа төрөхгүй байсан нь ойлгомжтой юм.
Түүхэн үйл явц талаас нь авч үзвэл монгол соёл иргэншил дэх төр нь уг соёл иргэншилтэйгээ хамт үүсэн бүрэлдэж, эргээд түүнийхээ төлөвшилд томоохон нөлөө үзүүлжээ. Төр ёсны гол гол үндэслэлүүд нь бүр Хүннүгийн үеэс эхлэн үүсэж Хүннү болон түүний дараа Монгол нутагт оршин тогтнож байсан төр улсуудын туршлагаар хөгжин батжиж ирснийг Чингис хаан болон түүнийг залгамжлагчид улам төгөлдөржүүлсэн байна. Ч.Жүгдэрийн бичсэнчлэн Чингисийн төр ёсны үзэл, түүнд үндэслэсэн төрийн байгуулалтын хүрээн дэх үйл ажиллагаа нь “Монголын нэгдсэн тулгар төрийг байгуулж, түүний түүхэн үүрэг ач холбогдлыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийг өмнөх төрүүдээс улам нарийсгаж, хууль цаазыг буй болгон мөрдүүлж, үлгэр жишээ болохуйц цэрэг арми байгуулан бэхжүүлж, хатуу чанга сахилга бат тогтоож, төрийг байнга хайрлан бэхжүүлэхийн чухлыг бүх талаар үндэслэсэн…[11]” байна. Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын үйл ажиллагаанд арга билгийн ёс, аливаа зүйлийн хэр хэмжээг зүй ёсонд нийцүүлэх, үйл ажиллагаагаа төрийн ёсоор үндэслэх зарчим мөрдөгдөж байсан гэлтэй. Тухайлбал, Чингис хааны үеэс баримталж байсан “Мориноос буулгүй улс аймгийг эзлэхэд амар, мориноос буугаад улсыг удирдах хэцүү”, “Морин дэл дээр байгуулсан улсыг мориноос буулгүй удирдаж болохгүй” гэх зэрэг зарчмууд нь цөм л арга билгийн ёсны үзэл санааг илэрхийлсэн бөгөөд хожим Хубилай хааны үед баримталж байсан “хятад хүнийг хятадын хуулиар, монгол хүнийг монголын хуулиар” гэдэг зарчим болон хос ёсны үзэл зэрэг нь янз бүрийн нөхцөл дэх энэ л үзэл санааны илрэл, биелэл гэж болох мэт санагдана. В.Инжинашийн бичсэнээс үзвэл Чингис хаан Алтан улс нь “төрийн хүнд эрхийг цөм бичгийн сайдад бариулснаар” төр нь цэргийн эрдэм бүхий хүнгүй болж сөнөхөд хүрсэн гэж шүүмжлэн хэлж байсан аж.[12] Өөрөөр хэлбэл Алтан улсын төрийн удирдлага билгийг гол болгон, аргыг орхигдуулсан хэрэг юм. Мөн Хөх сударт өгүүлснээр цагаан сарын үеэр хэтэрхий их ёслол хийснийг шүүмжлэн: “дээл ихэдвээс өмссөн хүний биед ачаа болно. Эмээл хүндэдвээс тохсон морины нуруунд дарамт болно, эрхэм хэтэрвээс хүний сэтгэлд осолдох болно. Янз хэтэрвээс эл улсын дордод зүдгүүр болно” хэмээсэн гэдэг. Их засаг хуулинд ноёд ихэс, түүний дотор алтан ургийнханыг хүртэл нэрний өмнө зөвхөн албан тушаалыг хэлж дуудах ба өөр алдар, чимэг зүүхийг хориглосон заалт бий. Энэ бүхэн бол аливаа зүйлийн хэр хэмжээг тааруулж байх, эс тэгвээс төрийн хэрэгт хор учирна гэж үзэж байсны илрэл болно.
Монгол соёл иргэншил дэх төрийн зарим онцлогоос дурьдвал ийм байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
[1] Монголын Философийн түүх.УБ.51-52 тал .
[2] Ардын заргын бичиг XVIII-XX-р зууны эхэн .ЦБ. 1966. 23 дахь тал .
[3] Монголын нууц товчоо .УБ. 1957 . 248 дахь тал .
[4] Ардын заргын бичиг .Уб. 1966. 195 дахь тал.
[5] Монголын нууц тоьчооо УБ. 1966. 108 дахь тал
[6] Мөн тэнд 192 дахь тал .
[7] Chie Nakane .Japanese society .Tokyo. 1997. P.2
[8] Н.Ням-Осор, Эзэн Чингисийн “Их Засаг” хуулийн тайлбар, УБ, 2001, 7,10
[9] Монголын Философийн түүх УБ, 1997, 96 дахь тал ,
[10] Лувсанчойндон.Монгол зан аалийн ойлбор,Хөххот, 1981 39-43 дахь тал
[11] Мөн тэнд 39 дэхь тал
[12] В.Инжиннаш, Хөхсудар, Тэргүүн дэвтэр, Өвөр Монгол хэвлэл,363-364 дэх тал