С.Оюун
/УИХ-ын гишүүн, ИЗ-БНН-ын тэргүүн/
Шинэ толь №40, 2002
Түлхүүр үг: Хөгжил, гадаад өр, төсвийн зохицуулалт, зээлийн зарцуулалт, Аргентин, байгалын баялаг, харьцуулсан шинжилгээ, бонд, өрийн дарамт
Тухайн нийгэм өөрийн эзэмшиж буй хүчин зүйлсээ өнөө болон ирээдүйн хэрэглээ, хөрөнгө оруулалтад зориулан хэрхэн хуваарилж байгаагаас тэр нийгмийн урт хугацааны эдийн засгийн хөгжил, өөрчлөлт хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл, өнөө үед авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь ирээдүйд эдийн засгийн байдал ямар байхыг тодорхойлно. Ер нь макро эдийн засгийн гол асуудлууд нь одоо гэхээсээ илүү ирээдүйн талаарх асуудлууд байдаг билээ. Тэгвэл одоо ба ирээдүйн хоорондох хамаарлыг хөндөж байдаг нэг чухал асуудал бол өр зээлийн асуудал юм. Гэхдээ энд анхаарах нэг зүйл байгаа нь Засгийн газрын төлөх өр нь дотоод өр үү, эсхүл гадаад өр үү гэдэг асуудал байна. Хэрвээ засгийн газрын худалдсан бондын ихэнхийг дотоодын ард иргэд, пүүс компаниуд худалдан авсан бол дотоод эдийн засаг өндөр татвар төлөхийн хажуугаар бондын зээлийн хүүгийн өндөр орлого олоод байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ нь дотоодын эдийн засагт орж буй төлбөр болох тул цаашдаа дотоодын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Харин гадаадад төлөх өр бол өөр хэрэг юм. Энэ тохиолдолд өрийн дарамт жинхэнэ утгаараа үүсэх магадлалтай. Учир нь Засгийн газраас гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлийг эргүүлэн төлнө гэдэг нь ДНБ-ий тодорхой хэсгийг гадаад эдийн засаг руу шилжүүлж байна гэсэн үг юм. Ингэснээр дотоодын эдийн засагт орох засгийн газрын болон хувийн хөрөнгө оруулалт эрс багасах бөгөөд дотоодын эдийн засгийн идэвхжил муудан мөнгө, санхүү, хөдөлмөр, хөрөнгийн зах зээлийн ерөнхий тэнцвэр алдагдаж, улмаар ард иргэдийн амьжиргааны түвшин буурч, нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэдэг байна. Иймд засгийн газрын нийт өр зээлээс, гадаад өр зээлийг илүү анхаарч үзэх шаардлагатай байгаа юм.
Монгол улс өнөөдөр гадаад хуучин ЗХУ-д тавьсан “их өр”-ийг оролцуулахгүйгээр нийт 947,6 сая америк долларын буюу одоогийн ханшаар тооцвол нэг триллион гаруй төгрөгийн өртэй байна.
Бид гадаадаас зээл тусламжийг ямар зорилгоор авдаг вэ? Мэдээж зээл тусламжийг бусдын адил эдийн засгаа хөгжүүлэх, хүн ардаа сайхан амьдруулах зорилгоор авдаг. Гэтэл эдийн засаг маань өсөж байна уу, иргэд маань сайхан амьдарч байна уу?
Эдгээр асуултанд тодорхой хариулт өгч, нэгдсэн ойлголттой болохыг хичээцгээе.
Аливаа зүйлийг тодорхой байрлалаас, гадна талаас нь ижил төстэй бусад зүйлтэй харьцуулж харахад тухайн зүйлийн дүр зураг, мөн чанар илүү тодрон харагддаг билээ. Тиймээс өөрийн улсын гадаад өр зээлийн асуудлыг ижил төстэй асуудал бүхий бусад улсынхтай харьцуулан үзэх оновчтой болов уу. Энэ зорилгоор Аргентин улсыг сонгон авъя. Учир нь энэ орны нэр ялангуяа өнгөрөгч оны сүүл, энэ оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах болсон. Гадаадад асар их өртэй түүнийгээ төлж чадахаа байсан, санхүүгийн гүнзгий хямралд орсон, ажилгүйдэл, ядуурал өссөн, үүний улмаас ард түмний уур хилэн бадарч бослого, дээрэм тонуул гарах болсон, төрийн тэргүүнээ 4 удаа сольсон гээд янз бүрийн таагүй мэдээ тэндээс дуулдсан. Аргентин улсын гадаадад тавьсан өр 132 тэрбум ам.доллар. Энэ бол хэн ч бодсон үнэхээр их мөнгө.
Аргентин улс нь Америк тивийн өмнөд хэсэгт Атлантын далайн эргийн дагуу 277 мянган хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршдог ажээ. Хүн ам нь 37 сая. Газар нутаг нь нефьт, шатдаг хий, төмрийн хүдэр, цагаан тугалга, гянт болд, уран гэх мэт эрдэс түүхий эдээр манайхаас дутахгүй баялаг юм байна. Хөдөө аж ахуй өндөр хөгжсөн, малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг, мал аж ахуй нь өндөр ашиг шимтэй, Аргентин үхрийн сайн чанарын махаараа Европыг тэжээдэг гэхэд хилсдэхгүй. Байгаль цаг уурын нэн тааламжтай нөхцөлд оршдог тул газар тариалангийн өндөр ургац байнга авдаг.
Аж үйлдвэр, түүний дотор боловсруулах аж үйлдвэрийн салбар өндөр хөгжсөн улс юм байна. Автомашин, усан онгоц, цахилгаан тоног төхөөрөмж, байлдааны зэвсэг техник, химийн бүтээгдэхүүн, гутал хувцас гээд хийхгүй юм байдаггүй ажээ. Өндөр түвшний технологитой бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ дэлхийд 37 дугаар байранд ордог буюу жилд 1 тэрбум 400 сая долларын ийм төрлийн бүтээгдэхүүн гадаадад гаргадаг байна. Харин манай улс энэ үзүүлэлтээр дэлхийд 88 дугаарт буюу жилд ердөө 1 сая долларын өндөр технологитой бүтээгдэхүүн экспортолдог байна. Ер нь Аргентин улс нэг хүнд ноогдох экспортын хэмжээгээрээ манайхаас 5 дахин илүү гэнэ. Аливаа улсын эдийн засийн хөгжлийн түвшинг илүү тодорхой илэрхийлдэг нэг хүнд ноогдох үндэсний нийт бзтээгдэхүүний хэмжээгээр Аргентин улс нь манайхаас 20 дахин илүү буюу 9000 орчим америк доллар байна. Үүний зэрэгцээ нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт манайд байхгүй байхад тэднийд олон хувиар их байдаг аж.
Гадаадаас орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ Аргентиний нэг хүнд жилд 190 орчим ам.доллар байдаг бол Монголын нэг иргэнд 10 орчим ам.доллар байна. Түүнчлэн ДНБ-д харьцуулсан Загсийн газрын зардал Аргентинд манайхаас гуравны нэгээр бага байна. Өөрөөр хэлбэл, Аргентины засгийн газар хүнд сурталын зэвсэглэмжээр манайхаас харьцангуй бага байна.
НҮБ-ын хөгжлийн программын гаргасан судалгаагаар Аргентин улс нь хүний хөгжлийн индексийн түвшнээр дэлхийд 39 дүгээр байранд байдаг бол Монгол улс энэ үзүүлэлтээр 119 дүгээрт байна. Энэ мэтчилэн дэлхийн бөмбөрцгийн хоёр талд оршдог 2 улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлаар нь олон үзүүлэлтээр харьцуулж болохоор байна.
Дээрхээс дүгнэлт хийхэд Аргентин улс нь манай улсыг бодвол харьцангуй өндөр хөгжилтэй, олон арав дахин илүү орлогтой мөртлөө яагаад зээлээ төлж чадахгүй байна вэ? яагаад эдийн засаг нь дампуурлын байдалд ороод байна вэ? гэсэн гол асуулт аяндаа тавигдаж байна. Энэ асуултын хариу нь бидний хувьд туйлын ач холбогдолтой, сургамжтай зүйл болох юмаа.
Аргентин улсын эдийн засаг гадаад өр зээлийн ноцтой хямралд орсон шалтгаан нь:
Нэгдүгээрт, засгийн газар нь 90-ээд оны эхээс мөнгө санхүүгийн алдаатай бодлого авч хэрэгжүүсэн. Өрийн удирдлагыг сулруулж “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” өр зээлийн бодлого явуулсан. Энэ нь манай улсын макро түвшний эдийн засгийн өнөөгийн удирдлага сул мэргэжлийн чадвар мөхөс байгаатай төстэй юм.
Хоёрдугаарт, гадаадаас авсан зээлээ тэр болгон үр ашигтай зүйлд зарцуулж чадаагүй байна. Яг ийм дутагдал бидний авч буй зээлд их гарч байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
Монгол Улсын засгийн газар 1991-2001 оны хооронд гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагаас нийт 1,1 тэрбум ам.долларын зээл авч ашигласан байна. Үүнээс нийт зээлийн 30 хувийг тээвэр, холбооны салбарт, 35 хувийг эдийн засгийн бусад салбарт, мөн 35 хувийг бусад гэсэн зүйлд зарцуулжээ. Бусад гэсэн ангилалд “Барааны зээл -1”, “2”, “Удирдлагын системийг боловсронгуй болгох зээл”, “Төсвийн техник туслалцааны төсөл”, “Засгийн газрын санхүүгийн салбарын хөгжил, шинэчлэлийн зээл”, “Төрийн захиргааны шинэтгэлийн зээл” гэх мэт янз бүрийн сайхан нэр хаягтай том том зээлүүд багтаж байгаа бөгөөд эдгээр зээлийн нийт дүн 385 сая ам.доллар болж байна. Эдгээр зээл нь ирээдүйд үр ашгаа өгөхүйц бизнесийн тодорхой салбар, объектод зарцуулагдаагүй учраас эргэн төлөлтөд хүндрэл гарах төлөвтэй байна. түүнчлэн бид бизнесийн тодорхой салбар хүртэл зээл авахдаа зөвхөн ямар нэг үйлдвэр, завод байгуулах зорилгодоо хэт хөтлөгдөн техник эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгааг дутуу дулимаг хийснээс эдийн засгийн ихээхэн хохирол амсч байгаа билээ. Жишээ нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Багахангайн махны үйлдвэр, Улаанбаатарын Булигаарын үйлдвэр зэргийг нэрлэж болох юм. Эдгээр үйлдвэрүүд зээлийн асар их хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд одоо Монголын эдийн засагт нэмэр болохоосоо илүү нэрмээс болж байна. Энэ мэт хариуцлагагүй байдал Аргентины гадаад зээлийн үйл ажиллагаанд ч цөөнгүй гарчээ. Гадаад зээлээр гоё гоё өндөр, шилэн харш, амралт зугаалгын тансаг цогцолбор барих зэрэг болчимгүй зүйлүүд тэнд нэлээд хийгджээ. Харин манайд өнөөдөр Засгийн газрын гадаад зээлээр орд харш хараахан барьчихааргүй ч тиймэрхүү бусармаг үйлдлийн эхний шат гэж хэлж болох конторын тансаг тавилга, учиргүй өндөр үнэтэй автомашин зэргийг авч хэрэглэх дуртай болсон нь нууц биш ээ.
Гуравдугаарт, Аргентиний Загсийн газар гадаад орнуудаас авсан зээлээ өөрийн яам, агентлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан зээлдүүлдэг байжээ. Гэтэл тэдгээр байгууллагуудын зарим нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байснаас тэдний авсан зээлийн төлбөрийг улс төсвөөсөө санхүүжүүлж улмаар төсөвтөө тэр хэмжээний дарамт учруулж иржээ. Монгол улсын хувьд ийм дутагдал бас байнаа. Манай засгийн газар гадаадаас нийт зээлийнхээ 81% буюу 744,4 сая ам.долларыг дотооддоо дамжуулан зээлдүүлээд байгаа бөгөөд 1991 оноос эхлэн өнөөдрийг хүртэл олгосон зээлүүдээс улсын төсөвт нийтдээ дөнгөж 60 орчим сая долларын үндсэн болон хүүгийн төлбөрийн орлогыг буцаан төвлөрүүлсэн байна. Харин энэ хугацаанд Монгол улсын засгийн газар тэдний өмнөөс зээлдүүлэгч гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад бүгд 322 орчим сая долларын хүүгийн болон үндсэн өрийг төлжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраас төвлөрсөн төсвийн бүтэн жилийн зарлагын 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг гадаад зээлийн төлбөрт зарцуулаад байгаа бөгөөд энэ хэмжээний дарамтыг төсөвт үзүүлсэн байна гэсэн үг юм. Уг нь гадаад зээлийн төлбөрийг татвар төлөгчдийн төсвийн орлогоос бус эдгээр зээл авсан аж ахуйн нэгжүүдээс зээлээ буцаан төвлөрүүлэх замаар барагдуулах ёстой байв. Эрчим хүчний салбарт өнөөгийн байдлаар 200 шахам сая ам.долларын зээлийг авч ашиглаж байгаагаас 2001 оны эхний 11 сарын байдлаар хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 15,3сая ам.доллар, Уул уурхайн салбарт 73,7 сая ам.долларын зээлийг авч ашиглаж байгаагаас хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 6,4 сая ам.доллар, Авто замын салбарт 53,5 сая ам. Долларын зээлийг авч ашиглаж байгаагаас хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 1,2 сая ам.доллар, Авто тээврийн салбарт 9,9 сая ам.долларын зээлийг авч ашиглаж байгаагаас хугацагаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 0,6 сая ам.доллар тус тус болоод байна.
Манайд Засгийн газрын нэрээр гадаадаас авсан их хэмжээний зээлийг аж ахуйн нэгжүүдэд дамжуулан зээлдүүлэхдээ ямар ч гэрээ байгуулалгүйгээр тараах олгох, мөн дамжуулан зээлдүүлэх гэрээг зохих ёсоор хийдэггүй, гэрээг богино хугацаанд дүгнэдэггүй, зээл авсан аж ахуйн нэгжүүд нэр хаягаа сольдог, нуугдаж зугтдаг дутагдлууд нэлээд гарчээ. Зарим нь бүр олон сая ам.долларын зээл авчихаад огт аваагүй гэж мэлздэг ажээ. Тэрчлэн зээлийн баримт бичиг сураггүй алга болох явдал байна.
Дээрх жишээ баримтуудаас харахад Монгол улс Аргентины замаар орж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.
Монгол Улс, өнөөдөр нийт 947,6 сая ам.доллартай тэнцэх гадаад зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа гэж би үгийнхээ эхэнд дурдсан билээ. Энэ мөнгө их үү, бага уу? Мэдээж Аргентины 132 тэрбум гадаад өртэй харьцуулахад бага мэт санагдаж болох юм. Гэвч асуудлын гол нь үнэмлэхүй тоондоо байгаа юм биш, харин харьцуулсан тоондоо оршиж байгаа юм.
Монгол Улсын гадаад өр зээлийн хэмжээ дотоодынх нь эдийн засгийн хүчин чадалтай харьцуулахад дэндүү их болсон байна. Учир нь манай улсын ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ 85,0 орчим хувьтай байна. Харин Аргентин улсын ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ дөнгөж 40 хувьтай байна. Аргентинчууд нэг жилд 330 тэрбум ам.долларын баялаг бий болгодог ажээ.
Эндээс дүгнэж хэлэхэд эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийн хэмжээнд эхний 20 орны тоонд багтдаг, өндөр хөгжилтэй энэ улс ДНБ, гадаад өрийн харьцаа дөнгөж 40 хувьтай байхад өр зээлийн гүн хямралд орж байхад ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ 80-90%-д хүрсэн, сул дорой эдийн засагтай манай улсын хувьд яг одоо өрийн гүнзгий хямралд орчихоогүй ч гэсэн ойрын ирээдүйд биднийг ямархуу тавилан хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна. Үнэнийг хэлэхэд бид энэ замаар цаашид удаан явбал Аргентинаас долоон дор байдалд орж мэдэхээр байна. Монгол улс гадаад өрийн дарамтанд орсон дэлхийн 5 дахь орон болжээ. Хэдхэн жилийн дараа өрийн үйлчилгээнд улсын төсвийнхөө 40 хувийг зарцуулах тооцоо гарч байна. Дашрамд дурьдахад өр зээл, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 60% -иас хэтрэхгүй байхад тухайн улсын эдийн засагт аюул учрахгүй гэсэн манай засгийн газрын эдийн засгийн онол амьдралд батлагдахгүй байна, одоогоор санаа зовох шаардлагагүй гэж яриад байгаа нь хариуцлагагүй үг мэт санагдах юм.
Нэгэнт бид өр зээлийн байдал хүндхэн талдаа орсон тул одоо бид яавал зохилтой вэ, яаж ажиллавал хонгилын үзүүрт харагдаж буй өрийн гүнзгий хямралыг тойрон гарах вэ?
Нэгдүгээрт, юуны өмнө бид эдийн засгийн өндөр өсөлтийг “6-10%” хангаж ажиллах шаардлагатай байна. Харамсалтай нь гадаадын зээл тусламж манай орны эдийн засгийн өсөлтөнд мэдэгдэхүйц хүчин зүйл болж чадахгүй байна. Өнөөдөр Монголын эдийн засагт бодит өсөлт алга.
Эдийн засагт бодит өсөлт гарахгүй удах тусам өрийн дарамт хүчтэй мэдрэгдэх бөгөөд эдийн засаг бүхэлдээ гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг татах чадваргүй болохын зэрэгцээ дотоодын хөрөнгө гадагшаа шилжих аюултай. Бид өнөөдөр урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болох бүтээмжийн өсөлтөнд анхаарал тавьж чадахгүй байна. Засгийн газрууд суурь боловсролын чанар, байгаль, техникийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дорвитой хөрөнгө зарж чадахгүй байгаа нь эдийн засгийн урт хугацааны өсөлтөнд гох дэгээ тавьж буйтай ялгаагүй юмаа.
Манай намын байр суурь бол гадаадаас зээл авахын эсрэг байгаа биш, гадаадаас ашигтай нөхцөлөөр боломжийн хэмжээний зээл авч болно, хамгийн гол нь зээлийг эдийн засгийн бодит салбарт, зээлийн ашиг орлогоороо эргүүлж төлөх чадвар бүхий объектод авахыг чухалчилж байна. Шуудхан хэлбэл зээл авснаар эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт гарч, ард түмнийнхээ амьжиргаа дээшилж байх нь өр зээлийн гол шалгуур юм. Харин шаардлагагүй зүйлүүд дээр зээл авахгүй тэвчих хэрэгтэй.
Хоёрдугаарт, улсын төсвийн алдагдлыг эрс бууруулах. Улсын өрийг үүсгэх гол сурвалж бол төсвийн алдагдал гэдгийг бид сайн мэднэ. Төсвийн алдагдлын хэмжээ их байх тусам улсын өр их гарна. Иймд төсвийн алдагдлыг бууруулах орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг багасгах талаар их анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм. Бидэнд улсын төсвийн талаарх алсыг харсан стратегийн бодлого, программ алга байна. Эдийн засгийн өсөлт хурд нь бага орнуудын хувьд он удаан жилийн төсвийн алдагдал нь яваандаа өрийн хямрал гэсэн асуудал болж ирдэг. 1980-аад оны эхээр Мексик, Бразилд үүссэн гадаад өрийн хямрал одоог хүртэл үргэлжилж байна.
Өнөөдөр манай нийгэм ядуу байгаа учраас хэрэглэх нь их байна. Хэрэв бид жаахан ч гэсэн чинээлэг болж, хадгалах нь илүү болно шүү дээ. Энэ бол эдийн засаг дахь онолын зүй тогтол юм. Зээлээр хязгаарлагдсан улс орон, хэрэглэгч нар одоогийн орлогынхоо ихэнх хэсгийг шууд хэрэглэдэг. Энэ бол өр зээл нь эдийн засгийн талаарх шийдвэр гаргачдын сэтгэл зүйд шууд нөлөөлдгийг харуулж байгаа баримт юм. Өр зээл гэдэг ийм л хор уршигтай эд дээ.
Гуравдугаарт: гадаадаас зээл авах, ашиглах эрх зүйн орчинг тодорхой болгох шаардлагатай байна. Үүнд тухайлбал, гадаадаас зээл авах эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүдийг хуульчлан тогтоох, мөн жил бүр авах зээлийн хэмжээнд ч лимит тогтоож болох юм. Учир нь гадаад өрийн хэмжээ цаашдаа өнгөрсөн 10 жилд явагдсан хурдцаар нэмэгдэх юм бол дараа дараагийн жилүүдэд засгийн газрын хийх хөрөнгө оруулалт, хадгаламж буюу эдийн засагт бодитоор нэмэгдэх шинэ капиталын хэмжээ эрс буурах болно. Эдийн засаг дахь капитал хуримтлал багасна. Өөрөөр хэлбэл, бидний хойч үед капитал зэвсэглэмжийн түвшин доогуур байх ба тэд их хэмжээний гадаад өр өвлөж авч буй учир тэдний амьжиргааны түвшин доогуур байх болно. Ерөөс Засгийн газрын тавьсан өрийг ард иргэдээс цуглуулсан өндөр татвараар л төлдөг жамтай. Үүнээс өөр аргыг эдийн засагчид хараахан нээж олоогүй байна.
Гадаад, дотоод өрийн хамгийн хатуу үр дагавар бол хойч үе, ирээдүй, үр хүүхдүүд маань санхүүгийн гүнзгийн хямралд орох явдал буюу хойч үеийнхэн маань маш өндөр түвшинд татвар төлж байж энэ их өрийг төлөх хэрэгтэй болно. Энэ явдлыг эдийн засагид Засгийн газар “хойч үеэ дээрэмдэх” гэж нэрлэдэг.
Эцэст нь шилжих рублийн зээлийн тухайд хэдэн үг хэлье. Өнөөдөр манай улс коммунист нийгмээс өвлөж авсан 10,4 тэрбум рублийн өртэй байна. Энэ их мөнгөний чамгүй хэсэг нь үйлдвэр завод, орон сууц, нийгмийн барилга байгууламж болон манай улсын хөгжил дэвшилд хувь нэмэр болсныг үгүйсгэх аргагүй ээ. Түүнчлэн бас тухайн үеийн улс төр, эдийн засгийн түгжигдмэл байдал, ялангуяа эдийн засгийн хаалттай, оролцогч талуудын эдийн засгийн эрх тэгш байдлыг зөрчсөн харилцаа нь манай улсын хөгжилд сөрөг хүчин зүйл болж байсныгмартах учиргүй.Коммунист орнуудын эдийн засгийн харилцаа нь дэлхийн бөмбөрцгийн ихэнх хэсэгт орших аж ахуйн хэв загвар, зарчмаас ихээхэн гажуу, бүхнийг пролетарын диктатур, социалист лагерийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэдэг хэт улс төржсөн харилцаа байна. Иймд “их өр”-ийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх нь илүү зохимжтой юм. Ер нь “их өр”-ийн асуудлын хувьд манайх мэт их өртэй бусад орнууд энэ асуудлыг холбогдох талуудтай хэрхэн зохицуулахыг ажиглан харж тайван, хүлээцтэй хандах нь зүйтэй болов уу.