Ч.Баатар
/УТБА-ийн багш/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Нутгийн өөрөө удирдах ёс, Орон нутгийн удирдлага, Нийгмийн бүтцийн онол, Төрт хандлагын онол, Эрх зүйн хэв шинжит онол, Төрийн онол, Хууль зүйн онол, Төрийн удирдлага
Орон нутаг өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх буюу нутгийн өөрөө удирдах ёсны тухай асуудал нь улс орны хөгжлийн гол асуудлын нэг байдаг. Нутгийн өөрийн удирдлагын тухай асуудал шинжлэх ухааны онолын хэмжээнд боловсрогдсон үе нь 19 дүгээр зууны эхэн үе хэмээж болно. Тухайн үеийн нийгмийн хөгжлийн нэгэн содон үйл явц болох энэ асуудал нь зөвхөн төрийн эрх мэдлийн хүрээний бус засаг захиргааны шинэ хэлбэрийг үүсгэсэн төдийгүй хүнд суртлын хүчтэй нөлөөллөөс орон нутгийг чөлөөлөн, түүнийг нийгмийн хөгжлийн шинэ хэв маягт тохируулан өөрчилсөн байна.
Тухайн үед нутгийн өөрөө удирдах ёсны онолын төлөвшилтөнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн нь нутгийн өөрийн удирдлага нь төрийн засаглалын хамгийн өв тэгш хэлбэр болох тухай өгүүлсэн АНУ-ын философич, төрийн зүтгэлтэн Т.Жефферсон байв. Түүний үзэл санаа нь засгийн газар өөрийн орон нутагт орших төлөөний байгууллагуудаа шууд захирахгүй боловч, төрийн хуулиар үйл ажиллагааг нь хянаж, зохицуулалт хийж байх бөгөөд нутгийн өөрийн удирдлага нь засаглалын хамгийн сонгодог хэлбэр мөн хэмээн үзэж байв. Түүний орон нутгийн бие даасан байдлын тухай үзэл бодол нь тухайн үед ардчиллын онолд гарсан томоохон дэвшил байлаа. Т.Жефферсон энэхүү үзэл санаандаа тулгуурлан орон нутгийн өөрөө удирдах ёсыг засаглалыг хэрэгжүүлэх дерөв дэхь үзүүлэлт буюу дөрөв дэхь засаглал хэмээн үзэж байв.
Мөн 19 дүгээр зууны үед нутгийн өөрөө удирдах ёсны онолыг төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн бол АНУ-ын улс төрийн сэтгэгч Алексис де Токвиль юм. Тэрээр төрийн засаглалын эх үндэс бол газар нутаг, түүн дээр амьдрагч ард түмэн, тэдгээрийг захирагч төр биш харин өөрт тулгарсан хувийн асуудлаа зөвхөн өөрийн санаа бодлын үүднээс зохицуулж, сайн дурын үндсэн дээр хүмүүсийн бөөгнөрөлд нэгдсэн бие хүмүүс юм хэмээн үзэж байлаа. Чухамхүү тийм нөхцөлд л хүмүүст иргэний ухамсар, үүрэг хариуцлагаа ухамсарлан, өөрийн хүсэл бусдынхтай харьцуулан үзэж, зохицуулах чадвар төлөвшдөг. Төрөөс батлан гаргаж буй хуулиуд нь ард түмэнд эрх чөлөөг олгож, түүнийгээ эдлэх, түүгээрээ бахархах явдлыг төрүүлж байх ёстой. Ингэхгүйгээр аливаа ард түмэн өөрийн эрх чөлөөний үнэн бодит байдлыг олж харахгүй бөгөөд шударга төрийг бүрэлдүүлж нийгмийн зохистой байдлыг бий болгож чадахгүй хэмээн үзэж байлаа. Мөн хүмүүсийн ашиг сонирхолоос ангид байдлаар төлөвшсөн төр нь хүмүүст агшин зуурын сэтгэл хангалуун байдал, гэнэтийн сонирхол, тодорхой бус сайн нөхцөл байдал, өнгөцхөн тусгаар тогтнолыг бий болгож чадах боловч, нийгмийн мөн чанарт гүн бат шингэсэн дарангуйлах ёсыг хэзээ нэгэн цагт ил гарч ирэх боломжийг олгодог хэмээн үзэж байв. Нийгэм бол бүхэлдээ олон тооны эрх чөлөөт хүмүүсийн бүлгүүдийн цогц хэмээн үзэж байв. Энэ үзэл дээрээ тулгуурлан хүмүүсийн ашиг сонирхол хийгээд эрх чөлөөт байдлыг алдагдуулахгүй, тэдэнд тайван, амар амгалан амьдрах боломжийг нь хангаж өгөхүйц төрийн засаглалын хэлбэр нь нутгийн өөрөө удирдах ёс мөн хэмээж байлаа. Тэрээр аливаа улс гүрний хөгжин дэвших үндэс суурь нь нутгийн өөрөө удирдах ёс мөн хэмээн үзэж нутгийн өөрийн удирдлагын хэрэгцээнд нийцсэн улс төрийн тогтолцоог бий болгон түүнд тулгуурлан хөгжих явдал ардчиллын хөгжлийн хамгийн зүйтэй зам мөн хэмээн үзсэн байна. Нутгийн өөрийн удирдах үйл ажиллагааны хөгжлийн эхэн үед тухайн асуудлаар бие биетэйгээ ихээхэн төсөөтэй, үзэл, хандлага, агуулгын хувьд бага зэргийн ялгаатай маш олон онол зэрэг шахам бий болж нийгмийн хөгжилд өөрийн гэсэн тодорхой нөлөөллийг үзүүлж байв. Эдгээрийн товч агуулгыг нь дурьдвал:
Нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн эхэн үед “орон нутгийн хагас эрх чөлөөт удирдлага”-ын тухай онол их тархаж байв. Уг онолыг баримтлагчид нь тухайн орон нутгийнхан өөрийн ажил хэрэг, ахуй амьдралаа хүссэнээрээ эрхлэх нь хүний жам ёсны эрх чөлөөний нэгэн адил зайлшгүй шинжийг агуулж байдаг хэмээн үзэж байв. Тэрээр ард түмний эрх чөлөөг хүндэтгэх явдал бол ардчилсан төрийн хамгийн гол шинж мөн. Учир нь аливаа төрийн үндэс суурь нь ард олны ашиг сонирхол, хүсэл мөрөөдөл байдаг.
Үүнийхээ дагуу нийгэм нь эхэлж хөгжсөн бөгөөд түүний бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүднээс төр бий болсон хэмээж байв. Тиймээс өөрөө удирдах ёсны дараахь үндсэн шинжийг бий болгожээ.
- Орон нутаг болж буй асуудлыг удирдах нь төрийн удирдлагаас ялгагдана.
- Орон нутгийн удирдлага нь төрийн үйл ажиллагаа нөлөөллөөр бус тухайн орон нутгаас өөрөөс нь би болсон байна.
- Орон нутгийн удирдлага нэгэнт төрийн батлан гаргасан хуулийн хүрээнд ажиллах бөгөөд төр зөвхөн хуулиар тогтоогдсон эрхийнхээ дагуу түүнд оролцоно. Төрийн зүгээс тухайн орон нутгийн асуудалд хууль бусаар хөндлөнгөөс оролцох нь түүний эрхийг зөрчиж байгаа асуудал мөн хэмээн үзэж байсан хэдий ч өөрөө удирдах ёсны тухай энэ ойлголт нь тухайн нийгмийн хөгжлийн үйл явцаас шалтгаалан төрийн зарим шахалт эсэргүүцэлтэй тулгаран төдийлөн хөгжиж чадаагүй юм.
Тэрээр нутгийн өөрөө удирдах ёсны онолын төлөвшилтөнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн өөр нэг онол бол “Энгийн амьжиргааг дэмжих онол” байлаа. Уг онолыг баримтлагч эрдэмтдийн томьёолол ёсоор нутгийн өөрийн удирдлага нь төрийн үйл ажиллагаанд огт оролцохгүй бөгөөд зөвхөн тухайн орон нутагт амьдран суугаа хүмүүсийнхээ хувийн амьдрал, аж ахуй эрхлэлттэй холбогдсон асуудлыг зохицуулах үндсэн үүрэгтэй гэж үзэж байв. Гэвч нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд хүмүүсийн хувийн амьдралтай холбоотой асуудлууд, аж ахуйг хөтлөн явуулах байдал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн хэв шинжийг харуулдаггүй. Мөн түүнд нийгмийн хэв журмыг сахиулах, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал илүү хамаарагддаг болох нь нийгмийн хөгжлийн үйл явцаас удалгүй харагдаж, тухайн онол нь нутгийн өөрөө удирдах онолын зөвхөн нэг бүрэлдэхүүн хэсэг нь болон хувирсан юм.
Тухайн үед дээрх онолтой төстэй өөр нэгэн онол гарч ирсэн нь “нийгмийн бүтцийн онол” байлаа. Нийгмийн бүтцийн онолын үүднээс нутгийн өөрийн удирдлага нь хувийн компани, сайн дурын болон буяны байгууллагуудтай адил ойлголт гэж үзэж байв. Гэвч мөн л дээрх “Энгийн амьжиргааг дэмжих онол”-той адил дутагдалтай тал ажиллагдаж байлаа. Энэ нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа нь нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаанаас ялгаатай байдаг. Хүн ямар нэгэн хувийн хэвшил, буяны байгууллагын үйл ажиллагаанд нэгдэх нь түүний сайн дурын хэрэг байдаг ба төрөөс тэдгээр байгууллагуудыг үйл ажиллагаагаа заавал явуул хэмээн шаарддаггүй. Гэтэл нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь зайлшгүй шийдвэрлэх ёстой үүргүүдийг хүлээсэн байдгаараа ялгагддаг байв. Нийгмийн бүтцийн онолын талыг баримтлагчид төрийн үйл ажиллагаанаас ялгагдах орон нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа, тэдгээрийн байгууллагуудад харъяалагдах чиг үүрэг, зарчмуудыг тодорхойлохыг оролдож байсан байна. Гэвч энэ нь төрийн үйл ажиллагаанаас ангид байдлаар орон нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан тухайн үеийн нийгмийн байгуулалын эсрэг хандлагын улмаас энэхүү онол хэрэгжих нь бүү хэл гаж сэтгэлгээ мэт харагдаж байв. Ийм байдлаар нийгмийн бүтцийн онол” нь нэг талаас нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн үйл ажиллагаанаас тусгаарлагдсан байх ёстой гэсэн боломжийн саналыг дэвшүүлж байсан боловч, нөгөө талаас төрөөс бүрэн тусгаар байлгах гэсэн үндэс муутай санааг гаргасан юм. Энэ онол нь нутгийн өөрийн удирдлагыг төрийн үйл ажиллагааны хяналтаас гарган нутгийн өөрөө удирдах үйл ажиллагааны төрийн бус шинж чанарыг дөвийлгөж байсан байна.
Мөн тухайн үед зарим сэтгэгчид тухайн улс оронд төрийн үйл ажиллагаа дангаараа явагддаг хэмээн үзэж “Төрт хандлагын онол”-ыг дэвшүүлж байв. Орон нутгийн өөрөө удирдах үйл явц бол түүний нэг бүрэлдэхүүн хэсэг юм хэмээн үзэх хандлага гарч ирсэн юм. Тухайн үеийн нийгмийн хөгжлийн нөхцөл байдал нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа, түүний чиг үүрэг нь төрийн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээх ойлголт нь нийгмийн сэтгэхүйд зайлшгүй зүйл мэт байв. Энэ нь ч нийгмийн амьдрал дээр жинхэнэ бодит зүйл болох нь батлагдаж байлаа. Германы эрдэмтэн Р.Гнейст орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг судалсан судалгаандаа үндэслэн орон нутаг дахь нийгмийн хэв журмыг хамгаалах, төрийн ба орон нутгийн татварыг хуваарилах, ядуусыг халамжлах зэрэг үйл ажиллагаа нь төрөөс өгөгдсөн чиг үүргийн дагуу хийгддэг болохыг тогтоосон байна. Тэрээр төрийн үйл ажиллагааг нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрөөс илүү сайн гүйцэтгэх боломжтой гэж үзсэн тохиолдолд тухайн үйл ажиллагааны тодорхой хэсгийг тэдэнд хуваарилан, гүйцэтгэх боломжийг төрийн зүгээс олгодог. Энэхүү боломжид түшиглэн нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа явагддаг хэмээн үзэж байлаа. Хэрвээ тухайн орон нутагт өөрийн удирдах үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй тохиолдолд төрийн зүгээс тэд өөрийн эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Энэхүү онолын төлөөлөгчид нь нутгийн өөрийн удирдлага нь төрийн удирдлагын нэг хэлбэр мөн хэмээн үзэж орон нутгийн удирдлагын үндэс нь төрийн үйл ажиллагааг мөн гэж үзэж байв. Хэрэв ингэвэл төрийн үйл ажиллагаа орон нутагт хэрэгжүүлэх явцдаа орон нутгийн бие даасан байдлыг хэрхэн хангах вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна. Энэ асуултанд тухайн онолын төлөөлөгчид хоёр янзаар хандаж, хуваагдмал байдалд орж байв. Үүнд:
- Нэг хэсэг нь нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааны бие даасан байдлыг төрийн үйл ажиллагааны үүрэг хариуцлагыг орлох механизм гэж үзэж байхад
- Нөгөө хэсэг нь орон нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь төрийн үйл ажиллагааг орлогч бус төр өөрийн бодлогын тодорхой хэсгийг биелүүлэхийг даалгадаг нутгийн иргэдийн үйл ажиллагаа байх ёстой гэж үзэж байв.
Төрийн удирдлагын үйл ажиллагааны үүрэг хариуцлагыг орлох механизмын ерөнхий шинжийг тухайн орон нутгийн эрх баригчид сонгуулийн эсхүл зөвхөн хүндтэй гэдэг талаас нь харж байсан. Тэд өөрийн тухайн орон нутагт эзэлж буй байр суурь, удирдлагын үйл ажиллагаагаа төрийн сонгуульт үүрэгтэй адилтган үзэж байсан нь улс төрийн шинжлэх ухааны зохиолуудад өргөн нэвтэрч, хүн амын дунд нэлээд түгээмэл болсон боловч жинхэнэ утгаараа тухайн ойлголт төлөвшиж чадаагүй байв. Орон нутаг дахь өөрийн удирдлагын үйл ажиллагааг гардан гүйцэтгэгч субъект төрийн зүгээс өөрт даалгасан даалгаврыг биелүүлэх арга барилыг бие даан сонгох боломжтой болсон үедээ л орон нутагт өөриймсөг байх болно. Хэрэв тэр бусдын захирамжийг (төрийн идэвхгүй гүйцэтгэгч болох л бол албан ёсны сонгуультай байсан хэдий ч тухайн нутгийнхны ашиг, сонирхлыг төлөөлөн илэрхийлж чадахгүй. Жишээ нь, орон нутгийн язгууртнуудаас сонгогдсон түшмэл мужийн захирагчийн шууд мэдэлд очдог болохоор төрөөс томилогдсон түшмэлээс юугаар ч ялгагдахгүй байв.
Энэ мэтчилэн нь нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг зөвхөн төрийн чиглэлээр хийгдэх сонгуулийн журмаар шийдэх нь хангалтгүй учир түүнийг нөхөх өөр бусад хүчин зүйлсийг хайхад хүргэж байв. Үүний эсрэг гарсан нэг үзэл нь нутгийн өөрөө удирдах үйл ажиллагааны бие даасан байдлыг илэрхийлэгч гол шинж нь “Нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь төрийн шууд үйл ажиллагаа бус, харин төрийн удирдлагын тодорхой бодлогыг гүйцэтгэн хэрэгжүүлдэг тухайн орон нутаг дахь иргэдийн үйл ажиллагаа мөн” хэмээж байв.
19 дүгээр зууны 50-иад оноос уг үзэл нь эрх зүйн шинжлэх ухаанд ноёлох болов. Үүнээс үүдэн нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагааг тайлбарлах “Эрх зүйн хэв шинжит онол” гарсан байна. Энэ онолын төлөөлөгчид үзэхдээ төрийн байгууллагууд нь дан ганц төрийн эрх ашгийг хамгаалж, түүний чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бол, нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь хэдийгээр төрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүнд орж, түүнд захирагдмал байх боловч өөрийн иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулах тодорхой эрх, үүрэг хүлээх болох нь тодорхой харагдана. Уг хэрэгцээ, сонирхол нь төрийн сонирхолтой нийцэхгүй ч байх тохиолдол гарч болно. Иймээс төрийн болон нутгийн өөрөө удирдах үйл ажиллагааны хоорондын харилцаа, эрх, үүрэг зэрэг нь гагцхүү эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдан зааглагдаж байх учиртай. Эндээс нутгийн өөрийн удирдах үйл ажиллагаа нь төрийн үйл ажиллагаанд шууд захирагдалгүй хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байв.
19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэн үед нутгийн өөрийн удирдлагын үзэл баримтлалд онцгой хувь нэмрийг оруулсан өөр нэг онол нь “төрийн онол” байлаа. Төрийн онолыг баримтлагчид нь нутгийн өөрийн удирдлагын улс төрийн ач холбогдолыг тодорхойлсон байдаг. Тэрээр “төр өөрийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаанд шилжүүлж өгснөөрөө тэдэнд бодитой хэрэгжүүлэх эрхийг нь давхар олгох ёстой. Иймд орон нутгийн захиргаанд хуулийн хүрээнд байдлыг нь тодорхой гүйцэтгэх эрхийг олгон бие даасан байдлы хангах шаардлагатай”[1] гэж үзэж байв. Мөн тухайн онолыг баримтлагчид “нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа төрийн үйл ажиллагаанд тус дэм болох үүрги гүйцэтгэж байна. Ингэснээрээ төр оорийн нуруун дээр ачаанаасаа хөнгөлөх боломжтой болно”[2] гэж дүгнэж байсан.
19 дүгээр зууны үеийн төрийн засаглалын үйл ажиллагаан нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаанд тулгуурласан “хууль зүйн онол” тодорхой нөлөөтэй байсан юм. Эн онолын төлөөлөгчид нь өөрсдийн үзэл санааг “нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь төрөөс хуулиар тусгаарлагдсан байна” гэсэн ганц гол утгаар илэрхийлж байв. Тэд нутгийн өөрөө удирдах үйл ажиллагааны эрх нь төрийн хувьд хамааралгүй бөгөөд халдашгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа нь тэдний бодлоор төрөөс хараат бус байж тухайн орон нутагт амьдран суугчдын хүсэл сонирхлыг төрийн хуулийн хүрээнд биелүүлэх ёстой гэж үзэв байв. Тухайн оронд амьдран суугаа хүмүүст оршин буй нөхцөл байдлаас нь хамааралтай, төрийн хүсэл сонирхолоос ялгаатай өөрийн гэсэн хүсэл, зорилго, сонирхол бий. Энэ нь нутгийн өөрийн Удирдах үйл ажиллагааны үндэс болно гэж үзэж байв. Гэвч энэ онол нь дараахь сул талуудтай байсан. Эдгээр нь:
- Нутгийн өөрөө удирдах үйл ажиллагааны хууль, эрх зүйн халдашгүй байдал нь зөвхөн тухайн орон нутгийн захиргааны тодорхой байгууллагуудын үйл ажиллагаанд үйлчлэхээс бус, тэднийг хуулиар өөрчлөх, бүр татан буулгах эрх бүхий төрийн үйл ажиллагаанд үйлчлэхгүй.
- Нутгийн өөрөө удирдах үйл ажиллагаа нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай мөн адил засгийн газрын хяналтанд байдаг зэрэг юм.
Энэ мэт байдлаар нутгийн өөрөө удирдах ёс, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох үйл явц ийнхүү хөгжлийн тодорхой шатыг туулан байж бидний үед хүрч ирсэн бөгөөд энэхүү үйл явц одоо ч маш олон хандлага, хөгжлийн олон салаа замаар, улс орон болгонд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж байна. Дээрх бүх онолд нэгдсэн дүгнэлт хийж үзвэл эдгээр онол нутгийн өөрийн удирдах үйл ажиллагаанд байж болох нэлээд өргөн ач холбогдол бүхий шинж чанарыг тодорхойлж өгснөөрөө сайшаалтай боловч, өөрийн онолын үндэс болон тодорхойлсон шинж чанаруудаа тухайн асуудалтай холбогдох бүхнийг дан ганц иш үндэс болгодог байснаараа дутагдалтай юм. 19 дүгээр зууны үед эрдэмтдийн дэвшүүлэн гаргаж байсан эдгээр онолын үндсэн үзэл санаа нь нутгийн өөрийн удирдах ёс, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн хэв маягийг тодорхойлж, орчин үеийн нутгийн өөрийн удирдлагын хөгжлийн чиг хандлагад тусгалаа олон, нийгмийн удирдлагын тогтолцоонд их үүрэг гүйцэтгэж байна.
Орчин үед нутгийн өөрийн удирдлагын мөн чанарыг янз бүрээр тайлбарлаж байна. Эдгээрээс “нутгийн удирдлагын хоёрдмол үзлийн онол”, “нийгмийн үйлчилгээний онол” голлох байрыг эзлэж байна. Эдгээр онолын товч агуулгыг дурьдвал:
- Нутгийн удирдлагын хоёрдмол үзлийн онол ёсоор бол орон нутгийн удирдах байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа хэт өөрийн эрх ашгийг дэвэргэн орон нутгийн иргэдийн сонирхлын хүрээнээс хальдаг тул тэдгээр нь бие даасан институт биш төрийн захиргааны хэрэгсэл байх ёстой гэж үздэг.
- Харин нийгмийн үйлчилгээний онолоор орон нутгийн захиргааны байгууллага нь хүн амд үзүүлэх үйлчилгээг голлох ёстой. Орон нутагт өөрийн удирдлагын үйл ажиллагааг явуулж буй субъектийн үндсэн зорилго бол оршин суугчдын хангалуун амьдрал байх ёстой гэж үзэх.
Орчин үед эрдэмтэд нутгийн өөрийн удирдлага, үйл ажиллагааг төрийн удирдлагын үйл ажиллагааны төвлөрлийг орон нутагт сааруулах үйл явцтай холбон тайлбарлах явдал голлож байна. Дээрх бүх онол, үзэл хандлагаас дүгнэлт хийж үзвэл, нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа нь: “Тодорхой нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэд өөрийн хариуцлага дор, төрийн үйл ажиллагааны өөрт хамаарах тодорхой хэсгийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн, төрийн хуулийн хүрээнд шийдвэрлэх, бодитоор хэрэгжүүлэх эрх, чадвар юм” хэмээн тодорхойлж болно.
[1] “Конституционное право зарубежных стран” Москва. 1996 г. Учебник
[2] Мөн тэнд