А.Пагма
/УТБА-ийн багш/
Шинэ толь №40, 2002
Түлхүүр үг: Пост-коммунизм, төв азийн хөгжил, бүс нутгийн өрсөлдөөн, ардчилал, шилжилт
Зөвлөлт Холбоот улс задарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо тунхагласнаар зөвлөлтийн нөлөөний хүрээнд байсан нутаг дэвсгэрт Дорнод Европ, Кавказ, Төв Ази гэх мэт хэд хэдэн шинэ бүс нутаг үүссэн.
Энэхүү задралын дараа Төв Ази гэдэг ойлголтод хуучин ЗХУ-ын таван бүгд найрамдах улс Казахстан, Узбекистан, Киргиз, Турктменистан, Тажикистан улсыг хамруулан үзэж байна.
Эдгээр улсуудад явагдаж буй нийгэм, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийн ерөнхий чиг хандлага, ололт дутагдлыг өөрийн орны нийгэм улс төрийн шилжилттэй харьцуулан үзэхэд дөхөмтэй байх үүднээс энэхүү сэдвийн дор дээрхи улсын нийгэм-улс төрийн шилжилтийн үйл явцаас тоймлон авч үзье.
- ЗХУ задарсны дараах нөхцөл байдал
Төв Азийн улсууд 1991 онд тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш, бие даасан төр улсаа зохион байгуулах явцад объектив болон субъектив шинж чанар бүхий хүндрэл асар их гадаад, дотоод бэрхшээлтэй тулгарсан байна.
Юуны өмнө эдгээр улсын эдийн засгийн хүчин чадал сулран доройтож эдийн засгийн хямрал эхэлсэн. ЗХУ-ын үед Туркменистанаас бусад дөрвөн улс нь төвөөс татаас авдаг байсан аж. Тухайлбал, 90-ээд оны эхэн гэхэд Узбекистан дотоодын нийт бүтээгдхүүний тавны нэгтэй, Казахстан, Киргизстан дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ долооны нэгтэй тэнцэхүйц хэмжээний татаас авдаг байсан агаад эрчим хүч аж үйлдвэрийн түүхий эд, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний зөрүүтэй холбоотой нэмэгдэл татаас бас авдаг байлаа.
Аж ахуйн хуучин харилцаа холбоо тасарсан, холбооны төсвөөс татаас авахаа больсон, аж үйлдвэрлэл, ялангуяа шинэ технологийн салбарт боловсон хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж байсан орос гаралтай иргэд олноор нүүсэн зэрэг шалтгааны улмаас эдийн засгийн үндсэн үзүүлэлт буурчээ. Үүнд, 1995 онд Казахстанд ДНБ-ий хэмжээ 1990 онтой харьцуулахад хоёр дахин буурч 1990 оны түвшний 45%-ийг бүрдүүлж, уг үзүүлэлт Киргизд 50%, Узбекистанд 82%-ийг тус тус бүрүүлж байсан бол задралын дараахь үед иргэний дайны галд идэгдсэн Тажикистанд ДНБ-ий уналт 90-ээд онд 30%-иас (1992) 12.4% (1995)[1] хүртэл хэлбэлзэж байна.
Мөн эдгээр улсын нийгэм-эдийн засгийн байдалд хөдөө аж ахуйн салбарыг нь хамарсан гүнзгий хямрал хүндхэн тусчээ. 1991-1995 онд ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл Узбекистанд 17%-иар, Казахстанд 46%-иар, Киргизид 43%[2]-иар тус тус буурсан байна.
Үүний зэрэгцээ Төв Азийн улсуудын гадаад, дотоод геополитик, геоэдийн засгийн хүчин зүйл өөрчлөгдсөн. Юуны өмнө Төв Ази, нэг талаас Орос, Өрнөдийн хооронд, нөгөө талаас Орос, Хятадын хооронд жийргэвч бүс болж, энэхүү бүсийн улс орнууд хэцүү байдлаас гарахын тулд өөр хоорондоо өрсөлдөн, Казахстан Узбекстан хоёр улсын хооронд бүс нутгийн тэргүүлэгч улс болохын төлөө “чимээгүй” өрсөлдөөн эхэлсэн. Зүүн болон Зүүн өмнөд хэсгийн гадаад хилийн асуудлыг зохицуулсан Шанхайн, Москвагийн гэрээ хэлэлцээрүүд хийгдэж, 1995-1996 онд рублийн үйлчилгээний бүс задран, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд оруулсан.
Төв Азийн улсуудын геоэдийн засгийн нэг онцлог нь эдгээр улс асар их байгалийн баялаг нөөцтэй юм. Тухайлбал 1991 онд хуучин ЗХУ-ын задарсны дараа урьд түүний эзэмшилд байсан хромын хүдрийн 90%, зэсийн 26%, тугалга, цайрын 33%, гянт болдын 38% нь Казахстаны мэдэлд үлджээ. Түүнчлэн Туркменистан 21 триллион м3 байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээр байранд, Казахстан нефтийн нөөцөөр дэлхийд зургадугаар байранд тус тус ордог байна. Киргизстан, Тажикистан хоёр усны эрчим хүч, төмрийн хүдрийн асар их нөөцтэй ажээ. Иймд энэхүү байгалийн нөөц, баялаг, тэдгээрийг олборлож ашиглах хэтийн ирээдүйтэй төлөв байдал нь Төв Азийг геоэдийн засгийн хувьд чухал бүс болгож байгаа юм.
Задралын дараахь үйлдвэрлэлийн эрс уналт, инфляцийн огцом өсөлт, ард түмний аж байдлын доройтол зэрэг нь салан тусгаарлах хандлагыг түргэтгэж, эдийн засгийн дезинтеграцийн үйл явц хүчтэй явагдсан бөгөөд энэ нь гол төлөв төвлөрсөн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон хангалт нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо нурсантай холбоотой юм.
Гэсэн хэдий ч Төв Азийн улс орнуудын тусгаар тогтнол, нийгэм эдийн засгийн хөгжлийн ирээдүйд тэдний өөр хоорондын болон Орос, бусад улстай хамтран ажиллах, интеграцийн шинэ хэлбэр, боломжийг эрж хайх явдал чухал байлаа.
Төв Азийн улсууд Тусгаар Улсуудын Хамтын нийгэмлэгт маш хурдан элсэн орсон нь Москваг үг дуугүй дагаж сурсан хэдэн арван жилийн зуршил гэхээсээ илүү, харилцан тэгш эрхийн үндсэн дээр өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэх, юуны өмнө Оросын зүгээс тэдэнд тусламжийн гараа сунгана гэж найдсаных байлаа. ТУХН байгуулагдсаны дараахь үеэс Москва, Хамтын нөхөрлөлийн орнуудтай харилцах харилцаа түүний хувьд тэргүүлэх ач холбогдолтой хэмээн удаа дараа мэдэгдэж байсан авч бодит бодлого нь үүнийг батлахгүй байсан ба Оросын улс төрчид, эдийн засагчдын дунд хуучин холбооны улсуудтай харилцаагаа өргөжүүлэх нь Оросод ашигтай юм уу? Урьдын адил Оросын хямд нефть, хий, модыг ашигласан “тэжээвэр” улсууд байх биз гэсэн уур амьсгал зонхилж байснаас ТУХН-ийн хүрээнд интеграцийн үйл явц удаашралтай байжээ.
Ийм байдал нь тэдгээр улсыг бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааны талаар хэлэцэн тохирох арга зам хайхад хүргэв. 1992 онд анх Ташкентад ийм яриа хэлэлцээр хийх оролдлого хийснээс хойш хэд хэдэн ийм зөвлөгөөн хийсэн боловч тэдгээр нь хүссэн үр дүнд хүрсэнгүй.
1993 оны долдугаар сард Казахстан, Узбекистан улсууд 1994-2000 онд хоёр улсын хооронд эдийн засгийг интеграцийг гүнзгийрүүлэх арга хэмжээний тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, жилийн дараа эдийн засгийн нэгдсэн орон зайн тухай гэрээнд эдгээр улсын Ерөнхийлөгчид гарын үсэг зурсан нь бүс нутгийн хэмжээнд интеграцийг эхлэх, эрчимжүүлэхэд чухал алхам болсон. Улмаар 1994 оны дөрөвдүгээр сард Казахстан, Киргиз, Узбекистан гурван улс хэлэлцэн Төв Азийн холбоог байгуулсан. Үүний дараа гурван улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэд хэдэн удаа болж, байгуулагдсан Холбооны үйл ажиллагааг үр ашигтай явуулахад чиглэгдсэн шийдвэрүүдийг гаргасан байна. Улс хоорондын зөвлөл, Ерөнхий сайд нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын Зөвлөл, Батлан хамгаалахын сайд нарын зөвлөл байгуулагдаж, Төв Азийн хамтын ажиллагаа, хөгжлийн банкийг үүсгэн байгуулжээ.
Түүнчлэн 1997 оны нэгдүгээр сард эдгээр гурван улс мөн “Мөнхийн найрамдлын тухай” гэрээ байгуулсан байна. Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев бүс нутгийн интеграц нь ТУХН-д оролцох болон бусад улстай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд саад болохгүй гэж үздэг ба Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев интеграцийн асуудлаар “алтан дунджийг” баримталдаг ажээ. Харин Узбекистан ТАХ-ны түншнүүдээсээ ялгаатай нь хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудтай, ялангуяа Оростой нягт хамтран ажиллах сонирхлыг төдийлөн хүчтэй илэрхийлдэггүй. И.Каримов ТУХН байгуулагдсан цагаас эхлээд түүний хүрээнд бие даасан улсаас илүү эрх мэдэлтэй аливаа бүтэцтэй байх нь Узбекистаны тусгаар тогтнолд аюул учруулна гэж үзэн шийдвэртэй эсэргүүцэж иржээ. Ер нь бүс нутгийн болон бүс нутаг хоорондын интеграци нь Төв Азийн улсуудын хувьд хоёр гол зорилтыг шийдвэрлэх боломж олгох юм байна. Юуны өмнө гаалийн хөнгөлөлт үзүүлэх, валют харилцан хөрвөх дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны давуу талуудын зэрэгцээ Москвагийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр бүс нутагт өөрийн хяналтыг сэргээх оролдлогод хамтын няцаалт өгөхөд ч хамтын ажиллагааг хөгжүүлэх нь тус дөхөмтэй гэж үздэг ажээ.
- Өөрчлөлт шинэчлэлтийн замд
Зөвлөлтийн өв, хоорондоо төсөөтэй уламжлал, улс төрийн амьдралтай төсөөтэй хэв маяг нь Төв Азийн орнуудын улс төрийн системийн шинэчлэлт, улс төрийн үйл явцын ерөнхий шинж чанарт нөлөөлсөн, тэдгээрийг нэгтгэж байгаа гол зүйлс юм. Улс төрийн шинэтгэлийн үйл явц нь юуны өмнө ардчиллын үндсийг тавих, нэг намын тогтолцоог халах, нам төрийг зааглах, чөлөөт хэвлэл бий болох, төрийн ардчилсан институцийг бий болгож, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинээр бий болгох зорилготой байлаа. Шинэ ардчилсан институцийн бодит хөгжлийг дараахь хоёр үед хуваан авч үзэж болно.
Үүнд:
Нэгдүгээр үе: 1991-1995 он. Гэнэн буюу эмх замбараагүй ардчиллын үе
Энэ үеийн хамгийн гол үр дүн бол үндэсний төлөөллийн хэлбэр болох парламентыг бүхэлд нь бэхжүүлсэн явдал юм. Гэхдээ ерөнхийдөө хууль тогтоох байгууллагын үүргийг нэмэгдүүлсэн боловч парламентийн төлөвшил жигд бус байсны улмаас улс төрийн үйл явц урсгалаараа явагдах нь гүнзгийрсэн байна. Гүйцэтгэх эрх мэдлийн асуудал руу парламент хутгалдаж орох оролдлого хийснээс засаглалын хямрал илэрч, засаглалын мэргэжлийн түвшин буурч, улмаар гүйцэтгэх засаглалын зүгээс ардчилсан институцийн үүрэг, үйл ажиллагааг хязгаарлахад хүргэсэн. Энэхүү үе шат нь 90-ээд оны дунд үед дуусан бөгөөд ерөнхийдөө энэ үед энэ бүс нутгийн улс орнуудад нийгэм эдийн засгийн үйл явцыг төрийн зүгээс хянах, удирдах зохицуулалт алдагсан гэдэг нь илэрхий болсон байна.
Хоёрдугаар үе: 1995 оноос эхэлсэн бөгөөд ерөнхийлөгчийн засаглал хүчирхэг болж эхэлсэн үе. Энэ үйл явц Төв Азийн ихэнх улс оронд үргэлжилж байв. Тухайлбал Казахстаны 1995 онд батлагдсан Үндсэн хуулиар гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, хууль тогтоох эрх мэдэл буюу парламент, шүүх эрх мэдэл буюу Дээд шүүх, бусад шатны шүүх болохыг хуульчилсан. Мөн Үндсэн хууль ёсоор улсыг Ерөнхийлөгч төрийн тэргүүн, Үндсэн хуулийг сахин биелүүлэхийн баталгаа, засаглалын салаа мөчир бүрийн үйл ажиллагааг зохицуулагч ажээ. Казахстан улсын парламент нь нь сенат, мажилис гэсэн хоёр танхимтай. Мажилистийн депутатууд сонгуулийн тойргуудаас шууд сонгуулиар сонгогддог. Сенатын гишүүд нь орон нутгийн Маслихатын (хурлын) депутатуудаас сонгогддог. Үүний зэрэгцээ долоон сенатор Ерөнхийлөгчөөс томилогддог.
Төлөөллийн байгууллага болох Парламентийн бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг хянах тогтолцоо байхгүй төдийгүй, Үндсэн хуулиар Парламентийн бүрэн эрхийг хязгаарласан хэд хэдэн заалт бий. Тухайлбал, хэрэв Парламент Ерөнхийлөгчийн “яаралтай” гэсэн тодотгол бүхий хуулийн төслийг 30 хоногийн дотор батлахгүй бол Ерөнхийлөгч уг төслийг зарлиг гарган батлах эрхийг Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгожээ. Мөн Ерөнхий сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн хүнийг Парламентаар авч хэлэлцээд санал хурааж хоёр дахь удаагаа “эсрэг” санал өгвөл Ерөнхийлөгч, Парламентыг тараах шийдвэр гаргах эрхтэй ажээ. Түүнээс гадна хэрэв Парламент, Засгийн газраас оруулсан ямар нэг хуулийн төслийн батлахгүй буцаавал Засгийн газар өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг Парламентад оруулах эрхтэй бөгөөд уг эрхийг засгийн газар жилд хоёр удаа эдлэх боломжтой юм. Хэрэв танхимуудын хамтарсан хуралдаанаар Засгийн газарт итгэл үзүүлэхгүй тухай шийдвэр гаргавал Ерөнхийлөгч мөн л Парламентийг тараах эрхтэй. Парламент засгийн засгийг огцруулах тухай асуудал тавих эрхгүй ба зөвхөн эх орноосоо урван тэрсэлсэн тохиолдолд ерөнхийлөгчийн импичтентийн тухай асуудлыг парламентаар хэлэлцэх бололцоотой юм.
Орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг ерөнхийлөгчийн томилсон акимууд (захиргааны тэргүүн) толгойлдог агаад хуучин ардын депутатын зөвлөлийн оронд буй болсон орон нутгийн төлөөллийн байгууллага-Маслихатууд нь мөн л парламентийн нэгэн адил орон нутгийн захиргааны үйл ажиллагааг хянах эрхгүй болно. Сүүлийн үед Казахстан, Киргизид парламентууд нь алдагдсан байр сууриа нөхөж авах оролдлого хийсний улмаас төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, савлагаа үүсэх шинж тэмдэг илэрсэн гэж ажиглагчид үзжээ[3].
Төв Азийн улсуудын улс төрийн шинэ тогтолцоо, нийгмийн шинэ харилцааны үндсэн зарчмуудыг хуульчилсан шинэ Үндсэн хуулиуд 1992-1995 оны хооронд батлагдаж үйлчилж эхэлжээ[4]. Эдгээр Үндсэн хуулиудад дараахь зарчмуудын хүрээнд төрийн эрх мэдэл хэрэгжихийг тодорхойлсон байна.
Үүнд:
- Хууль дээдлэх
- Төрийн бие даасан байдал
- Эрх мэдэл хуваарилах зарчим
- Төрийн байгууллага, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээх
- Үндсэн хуулийг олон түмний эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх
- Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
- Нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх эдгээр болно.
Казахстан, Киргиз, Туркменистан, Узбекистан, Тажикистан улсууд нь бүгд хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд Туркменистан, Тажикистан хоёр улсад Ерөнхийлөгчид нь засгийн газраа тэргүүлдэг, бусад улсад засгийн газрыг бүрдүүлэх, огцруулахад ерөнхийлөгч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох засгийн газар гол үүрэгтэй ба улс орнынхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийг чиглүүлж байдаг хэдий боловч Ерөнхийлөгчийн захиргаа гүйцэтгэх эрх мэдлийг хянахаас гадна түүний үүргийг гүйцэтгэх, төрийн агентлаг, албаны хүмүүст үүрэг даалгавар өгөх явдал түгээмэл ажээ.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Төв Азийн эдгээр улсын ерөнхийлөгчид нь хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудын ЗХУКН-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга нар байсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, хуучин номенклатур элит “эсэн мэнд” шинэ ардчилсан институци рүү шилжсэн гэж хэлж болох юм.
Хууль тогтоох байгууллага – Парламентын хувьд бүх нийтийн сонгуулиар бүрддэг. Казахстан, Киргиз, Тажикистанд парламент нь хоёр танхимтай, гэвч эдгээр улс нь ямар ч холбооны бүтэцгүй учир ийм зохион байгуулалт нь хууль тогтоох ажлыг удаашруулж, түүний чанарыг сайжруулахад сайнаар нөлөөлдөггүй гэж судлаачид дүгнэж байна.
Дээр дурьдсанчлан Парламентын эрх мэдэл хязгаарлагдмал, парламентын зүгээс засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын талаар тухайлбал, Узбекистан, Туркменистаны үндсэн хуулинд заалт байхгүй, Киргизид засгийн газар татварын тухай хууль, татвараас чөлөөлөх, төрийн санхүүгийн бодлогод өөрчлөлт оруулах, төсвийн орлого, зарлагын тухай асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан тохиолдолд шууд хүчин төгөлдөр болдог байна[5].
Туркменистаннд Үндсэн хуулийн дагуу “Ардын засгийн төлөөллийн дээд байгууллага” болох Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дээр оршдог байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүнд этрап буюу ддүрэг бүрээс сонгогдсон 30 Халк векиллери буюу ардын төлөөлөгчид, Маджилисийн буюу парламентын 50 гишүүн (50 мандатын төлөө 50 нэр дэвшигч өрсөлдсөн парламентын сүүлчийн сонгууль 1999 онд болсон), Ерөнхийлөгчөөс шууд томилогддог гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага 70 орчим хүн ордог бөгөөд Ардын зөвллөийг ерөнхийлөгч тэргүүлдэг байв.
Шүүх эрх мэдэл, шүүхийн тогтолцооны шинэчлэл эдгээр таван улсад хамгийн удааширалтай, муу явагдаж бүхэлдээ шүхийн тогтолцоо хуучин зөвлөлтийн үеийнхээрээ үлдэж, удирдлага, захиргаа нь ч хэвээрээ үлдсэн байна. Тийм ч учраас шүүх эрх мэдлийн байгууллага нь дараахь шинж байдалтай байна.
Үүнд:
- Шүүхийн бие даасан байдал баталгаагүй
- Прокурорын байгууллага нь өмгөөллийн байгууллагыг давамггайлсан шинжтэй, талууд ижил тэнцвэртэй бус
- Захиргааны шүүх байхгүй
- Энгийн ард түмэн хүртээмжтэй үндсэн хуулийн шүүх байхгүй
- Зөвлөлтийн үеийн прокурорын байгууллагын тогтолцоо
- Хүний эрхийг хамгаалах шүүхийн бус тогтолцоо байхгүй
зэрэг нь бие даасан хараат бус шүүх эрх мэдэл хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж байгаа болно.
- Ардчилсан шинэчлэлтийн зөрчил
Энэ бүс нутгийн орнуудын ардчилсан шилжилт, хөгжлийн үйл явц нь маш өвөрмөц шинж чанар онцлогтой явагдаж байна гэж хэлж болно.
Юуны өмнө угсаатан төвлөрөл хүчтэй явагдаж байна. Ер нь эдгээр таван улсын Тажкистанаас бусад дөрөв нь хэл, соёлын хувьд түрэг хэлтнүүдийн нэг хэсэг юм. Энд ажиглагдаж буй нэг, гол зүйл бол эдгээр улсын удирдагчдын явуулж буй хэл, угсаатны үндсэн дээр нэгдсэн үндэстний нэгдлийг бий болгох гэсэн үндсэрхэх бодлогын улмаас уугуул бус үндэс ястан иргэд нүүн шилжих үйл явц явагдсан ба энэ нь юуны өмнө орос иргэд олноор нүүн шилжсэнтэй холбоотой. Тухайлбал, 1999 оны эхний хагаст 45491 хүн Казахстанаас нүүн гарсан бол 2000 оны эхний хагаст 53239 хүн шилжин суурьшижээ.
Дүрвэн гарах үйл явц нь улс төрийн амьдрал, улс төрийн институцийн шинэчлэлд яавч сайнаар нөлөөлөхгүйн дээр шилжин нүүсэн оросуудын ихэнх нь техникийн өндөр мэдлэгтэй, мененжтэнтийн өргөн туршлагатай хүмүүс байжээ. Ийм байдал нь төрийн удирдлагын хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлсөн байна.
Төв Азийн улсуудын хүн ам, газар нутаг, угсаатны бүлгүүд[6]
Улс | Хүн ам (сая.,1999) | Газар нутаг (мян.км,1999) | Үндсэн, ястан (хувиар) |
Казахстан | 14,9 | 2,717 | Казах – 46, Орос – 34,7, Украйн – 4,9, Немц – 3,1, бусад -11,8 |
Киргиз | 4,9 | 199 | Киргиз-52,4, Орос – 18, Узбек12,9, Украйн-2,5, Немц-2,4, Бусад-11,8 |
Тажикистан | 6,2 | 143 | Тажик-64,9, Узбек-25, Орос 3,3, Бусад-6,6 |
Туркменистан | 4,8 | 488 | Туркмен-77, Узбек-9,2, Орос-6,7, Казах-2, Бусад-5,1 |
Узбекистан | 24,4 | 447 | Узбек-80, Орос-5,5, Тажик-5, Казах-3, Кракалпак – 2,5Бусад-2,5 |
Дараах хоёр шинж нь Төв Азийн улсуудын нийгэм нь уламжлалт нь отог, омгийн (clan) бүтэцтэй байдаг явдал хийгэд энэ нь бодлогын бүх үйл явцад нөлөөлж байдаг ба эдгээр омог бүлэглэлүүдийн хоорондын эрх мэдлийн тэнцвэрийг зөвлөлтийн үед хүртэл харгалзаж үздэг байжээ. Учир нь эдгээр отог, омгийн хоорондын өрсөлдөөн нь тухайн үеийн улс төрийн тэнцвэртэй байдлын илрэл болж улс төрийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болдог байна.
Хэдийгээр энэ үзэгдэлд анхаарал хандуулах нь чухал гэж үздэг боловч бодит байдал дээр энэхүү бүлгэрхэх бүтцийг өөрчлөх нь нийгмийн институцийн бүтцийг өөрчлөхөөс ч төвөгтэй хүнд асуудал юм. Энэ нь зөвхөн Төв Азийн улс орнуудад ч хамаатай бус, бас тийм шинэ асуудал ч биш юм, тухайлбал профессор Р.Д.Путнам 1970-1990-ээд оны хооронд урт удаан хугацааны туршид өмнө Италийн ийм уламжлалт бүлгэрхэх бүтцийг судалж, эдгээр нь нийгмийн институцийн өөрчлөлтийг удаашруулж, саад тотгор учруулж байгааг тодорхойлжээ. “Төв Ази” сэтгүүлийн ерөнхий редактор Мурад Эсенов “Төв Ази XXI зууны босгон дээр” илтгэлдээ “Энэхүү отог, омгийн бүлгэрхэх бүтцийг ардчилсан үйл явцад саад болж буй нэг хүчин зүйл” хэмээн үзжээ[7] Учир нь орчин үеийн ардчилсан институцийн тогтолцоо нь уламжлалт бүлгэрхэх бүтцийн дөнгөж өнгөн хэсэг нь болж, харин цаад далд харилцаа холбоо, үйл явц нь бүгдийг зохицуулах нууц түлхүүр болж байдаг байна.
Гуравдахь шинж нь улс төрийн бодлогын үйл явцын хэрэгжилт, тогтсон шүүх эрх мэдлийн хэв загвар хоёрын хооронд нэлээд гүнзгий зөрчил болж байна. Төв Азийн улсуудын төрийн бодлогын хэрэгжилтэнд төрөл бүрийн уламжлал болон албан бус хэвшсэн арга барил нь одоо үйлчилж байгаа ардчилсан инситуцийг тойрч, үл хэрэгсэхэд ихээхэн нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, одоогийн оршиж буй институцын үйл ажиллагаа хэмжээнээс уламжлал, зан заншил, соёл, хэвшмэл байдал илүү үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ төрийн албанд ах дүү, төрөл төрөгсдөө ивээлдээ авах, нутгархах үзэл маш өргөн хүрээтэй үйлчилж, энэ байдал нь орчин үеийн эрх зүйн институцийн хэвийн ажиллагааг саатуулж байгаа ажээ.
Энэ бүх байдлын улмаас өнөөдрийн байдлаар Төв Азийн улсуудад Ерөнхийлөгчийн засаглал улам хүчирхэгжиж улмаар авторитар, тоталитар дэглэм буцаж тогтож байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд, судлаачид, дэлхийн нэр хүндтэй судалгааны байгууллагууд хийж байна[8]. Тухайлбал, Freedom House судалгааны байгууллагын судалгаагаар 2001 оны байдлаар Узбекистан, Туркеменистан авторитар дэглэм тогтож Казахстан, Киргиз, Тажкистан чөлөөт бус улс гэсэн ангилалд багтсаныг тодорхойлжээ[9].
Freedom house судалгааны байгууллагаас посткомминист улсууд буюу шилжилт хийж буй улсуудын шилжилтийг төлөв байдлын талаар тодорхой үзүүлэлтүүдийн дагуу судалгаа явуулж рейтингийг нь гаргадаг бөгөөд 1999 оны 7 сарын 1-ээс 2000 оны 10 сарын 31 хүртэлх хугацааг хамарсан үйл явцын үр дүнгээр 2001 оны рейтингээр дараахь байдалтай байгаа ажээ. Уг рейтингийг гарахдаа нийт 1-ээс 7 оноогоор дүгнэдэг ба энэхүү аргачлалаар 1 оноо ардчиллын хөгжлийн дээд түвшнийг илэрхийлж харин 7 оноо ардчиллын хөгжлийн хамгийн доод түвшнийг илэрхийлж байгаа юм. Мөн 1,0-2,5 хүртэл чөлөөт улс 2,6-5,0 хүртэл хагас чөлөөт улс, 2,7-7,0 хүртэл чөлөөт бус улс гэсэн статуёт тус тус хуваан үзжээ. 2,5-аас бага буюу 1-рүү тэмүүлсэн улсууд либериал ардчиллын түвшинд очиж ардчилсан нийгмийн зохион байгуулалт нь батжиж бэхжсэн шинжээр тодорхойлогдож байна. Ингээд эдгээд судалгааны материалтай танилцъя[10].
Жич: Ардчиллын үзүүлэлт (АҮ) = Улс төрийн үйл явц (УҮЯ), иргэний нийгэм (ИН), чөлөөт хэвлэл (ЧХ), Засаглал ба төрийн удирдлага (ЗТУ)-ын рейтингийн дундаж
Эрх зүйн үзүүлэлт (ЭЗТ) = Үндсэн хуульт ёс, хууль тогтоох боолн шүүх эрх мэдэл (ҮХХТШ), авлигал (АВ)-ын рейтингийн дундаж
Эдийн засгийн либералчлалын үзүүлэлт (ЭЗЛ) = Өмч хувьчлал (ӨХ), макроэдийн засгийн бодлого (МаЭЗ), Микро-эдийн засгийн бодлого (МиЭЗ-ын рейтингийн дундаж
Ардчилал ба эдийн засгийн либералчлалын хамаарал (2000 оны байдлаар)
Дээрхи үзүүлэлтүүд бол Freed House байгууллагаас гаргасан 2000-2001 оны үзүүлэлт болно. 2001-2002 оны үзүүлэлтээр хүний улс төрийн ба иргэний эрхийн хэрэгжилтээр тухайн улсын эрх чөлөөний рейтингийг гаргасан дүнг дараагийн хуудаснаас харцгаая.
Төв Азийн эдгээр таван улсын шилжилтийн үйл явцыг тоймлон авч үзэхэд ийм дүр зураг харагдаж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эрх мэдлийн тэнцвэржилт урьдчилан хэлэх аргагүй, сүүлийн 6-7 жил супер ерөнхийлөгчийн засаглалын чиг хандлагатай байгаа юм. Зөвлөлтийн өв шинэчлэлтийн зөрчил түүний сөрөг үр дагаврыг даван туулахад асар их хүчин чармайлт, он удаан жил шаардагдах нь ойлгомжтой хэдий ч ер нь ардчиллын “гуравдахь давалгаа”-ны нэг хэсэг болсон олон залуу ардчилалд нэлээдгүй их төвөг бэрхшээл учирч байгаа ба энэ нь ардчилалд мухардалд орох, эргэж дарангуйллын ямар нэг хэлбэр тогтох нөхцөлийг бий болгож байна. Ийм нөхцөл байдал буй болох нь мэдээж тодорхой хүчин зүйлээс хамааралтай бөгөөд дараахь байдлын улмаас ардчилалд аюул нүүрлэж болохыг түүхэн туршлага харуулжээ.
Үүнд: Шилжилт хийж буй улсуудын эрх чөлөөний рейтинг 2001-2002[11]
- Зайлшгүй шийдвэрлэгдэх ёстой асуудлууд шийдвэрлэгдэхгүй хуримтлагдах
- Ардчиллын институциуд зохих ёсоор ажиллаж чалахгүй гарцаанд орох
- Гүйцэтгэх эрх мэдэл өсөн нэмэгдэж, хүчирхэгжих
- Өргөн олон түмэн улс төрийн бодлого болон улс төрчдөд итгэхээ болих, тэдгээрт дургүйцэх эдгээр болно.
Ийм л дэвсгэр дээр түшиглэж ардчиллаас эргэж буцах, авторитар, тоталитар дэглэм сахин сэргэж, сэхэх бололцоо байнга оршиж байдаг байна.
[1] “Мировая экономика и международные отношения”, 1997, №3, 47дахь тал
[2] Мөн тэнд
[3] Reform on the cilk Road//Local Government Brief, 2001.
[4] Какахстаны үндсэн хууль 1995 онд, Киргизийнх 1993, Тажкистаных 1994, Туркменистан, Үзбекстаны үндсэн хууль 1992 онд тус тус батлагдсан.
[5] Tony Verheijin, Sergei Sirotkin. Government In Central Asia//Local Government Brief. Summer 2001.
[6] Reform on the silk Road// Local Government Brief, 2001, Збигнев Бзеженский Великая шахматная доска., М.,1999,с.153.
[7] М.Эсенов Центральная Азия на пороге XXI века//Центральная Азия. 1998. №2
[8] Мөн тэнд
[9] http//www.freedomhouse.org/nations in transit/
[10] http//www.freedomhouse.org/nations in transit/
[11] Freedom in the world. The Annual Survey of Political Rights and Civil Liberties 2001-2001.Freedom House, p.729-730