Б.Баярмаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №45, 2003
Түлхүүр үг:Популизм, авторитар, тоталитар дэглэм, Сэтгэл хөдөлгөөн
XIX зууны эцсээр бий болсон нийгмийн хөдөлгөөн, улс төрийн үйл ажиллагааны хэлбэр, улс төрчдийн үзэл бодол сэтгэл зүй, ёс суртахууны илэрхийлэл болох Популизм улс орон бүрт түүхэн хөгжлийнх нь өөрчлөлт хувьсал бүрийд олон янзын хэлбэртэйгээр үүсч бий болж, уусч мөхөж, бас дахин идэвхжин сэргэж, шинэ шинэ онцлог шинжээр сэлбэгдэн олон түмнийх нь улс төрийн ухамсарт өөрийн байр суурийг их бага хэмжээгээр эзэлсээр ирсэн билээ.
Популизм нь анх ардчилалтай салшгүй холбоотой дагалдан гарч ирсэн, одоо ч олон зүйлээр түүнтэй холбоо хамааралтай болох учраас ардчиллын даяарчлалын энэ эринд улс төрийн үйл ажиллагаа явуулж буй аливаа хувь хүн, улс төрийн институцүүд үүнийг анхаарахгүй байх, ул тоомсорлох аргагүй болж байна.
Нөгөө талаар орчин үеийн улс төрийн амьдралд улс төрч хүн сонгогчдын хэрэгцээ шаардлага, ашиг сонирхлыг үл ойшоох, Популист арга барилыг ямар нэгэн хэмжээгээр ашиглахгүй байх зэрэг нь зарим тохиолдолд олон түмний зүгээс дэмжлэг авч чадахгүйд хүрч, улмаар ялагдах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг сүүлийн үеийн сонгуулиудын дүн нотолсоор байгаа учраас ардчилсан нийгэмд улс төрийн үйл ажиллагаа явуулж буй аливаа улс төрчид үүнээс сургамж авч бага ч болов Популист байхад илүүдэхгүй болжээ.
Учир иймд популизмын түүхэнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд популист арга барилыг хэрхэн ашиглаж байсан хийгээд улс төрийн үзэгдэл болох Популизмын мөн чанарыг эерэг болон сөрөг талаас нь зэрэгцүүлэн авч үзье.
Популизмын товч түүхээс
МЭӨ II-I зууны Ромын эзэнт гүрний үеэс л дээдсийн эрх ямбыг эсэргүүцэн доодсын ашиг сонирхлыг илэрхийлэн тэдний дунд нэр хүнд олохыг эрмэлзэх үзэгдэл илрэх болсон. Үүний тод жишээ нь МЭӨ II зууны эцсээр хамжлагат ёсыг сэргээн, язгууртны эрх мэдлийг хязгаарлахын төлөө тэмцэж “ард түмний дуу хоолой болсон нэр хүндтэй томоохон популистууд болох ах дүү Тиберий Гракхи, Гай Гракхи нар юм. Тэр үеийн популистууд илтгэх урлагт суралцаж, уран илтгэх ур чадвараараа бусдаас ялгарч, түүнийхээ тусламжтайгаар олон түмэнд нөлөөлөхийг оролдож байсан хэдий ч улс төрийн тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм.
XVII зууны Английн хөрөнгөтний хувьсгалын үед Ж.Лилбернээр удирдуулсан жижиг хөрөнгөтний радикал ардчилсан нам байгуулагдсан. Тэд Бүгд найрамдах улсыг байгуулж, өөрсдийгөө “тэгшитгэгчид” хэмээн нэрийдэж бүх нийтэд сонгогдох эрхийг олгосон. Гэвч хувийн өмчийг хамгаалж, түүнийг устгахыг эсэргүүцэж байсан тул ядуучуудын давхаргын дэмжлэгийг авч чадаагүй. Энэ үед Ж.Уинстэнлигээр толгойлуулсан ардчилсан хувьсгалын зүүн жигүүр “Жинхэнэ тэгшитгэгчид”-ээр тодорч хувийн өмчийг устгах шаардлага тавьснаар хот болон хөдөөгийн ядуучуудыг өөртөө татаж чадсан юм. Энэ хоёр хөдөлгөөний аль аль нь олон түмнээс дэмжлэг авахыг оролдож байсан дундад зууны үеийн популист хөдөлгөөний элемент байв.
Францын соён гэгээрүүлэгчдийн жижиг хөрөнгөтний зүүн Жигүүрийн төлөөлөгч, радикал байр суурийг баримтлагч Ж.Ж.Руссогийн улс төрийн үзэл санааг орчин үеийн Популизмтай илүү дөхүү байсан гэж судлаачид үздэг. Руссо феодалын нийгмийн харилцаа, харгис дэглэмийг хурцаар шүүмжилж, нийгмийн тэгш бус байдал, хаант засгийг эсэргүүцэн бүх нийтийн тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, хувийн өмчийг устгахыг хүсч байв. Тэрээр тэгш бус байдлын үндсэн шалтгаан нь хувийн өмч үүссэн явдал хэмээн үздэг ч жижиг өмчийг мөнхжүүлэхийг эрмэлзэж байсан зүүний радикал популист байлаа.
Түүхэнд “Чартийн хөдөлгөөн” хэмээн тэмдэглэгдсэн 1830-1850 оны Английн ажилчны хөдөлгөөн ч мөн адил төрийн тогтолцоог ардчилах, ажилчдад эдийн засгийн эрх олгохыг шаардаж, үүнийгээ “Ард түмний харти” хэмээх хуулийн төсөлд тусгуулж чадсан тэр үеийн популист үзэгдэл байлаа.
Популист хөдөлгөөнд Оросын тариачны жижиг хөрөнгөтний ардчилсан үзэлтнүүд болох народникууд бас багтдаг. Үзэл санааны хувьд газар тариалангийн ардчиллыг тариачны үл гүйцэлдэх социализмтай холбож, капитализмыг алгасах гэж найдсанд энэ үзлийн онцлог оршино. Үндэслэгчид нь тариачны хүй нэгдлийг дамжин түүний дээд шат коммунизмд шилжих бололцооны тухай асуудлыг анх дэвшүүлсэн Герцен, Чернышевский нар юм. Америкийн судлаач Р.Уортмен “Оросын популизмын зөрчил” бүтээлдээ “өөрийн ангийн уламжлалт суурь үзэл баримтлалаас эрс татгалзан оюун санааны шинэчлэл хийхийг хүссэн Оросын тайж бус гаралтай сэхээтний давхраа нь XIX зууны 60-аад оны үед хувьсгалт ардчилсан үзлийг бий болгосон. Гэвч народникууд бодит ертөнцийг зөвхөн өөрсдийн хүсэл эрмэлзлийн хүрээнд харж байсан учраас үзэл санаа, улс төрийн хувьд бүрмөсөн мөхсөн.”[1] гэж дүгнэсэн байдаг.
Орчин үеийн популизмын түүхэн үндэс нь XIX-XX зууны заагт үүссэн Америкийн популистуудын үйл ажиллагаа мөн болохыг барууны болон Оросын ихэнх эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Иргэний дайны дараа 1861-65 онд Америкийн баруун ба өмнөд хязгаарт бүтээгдэхүүний үнэ унасаар улмаар алдагдалд орох болсон. Үүний үндсэн шалтгаан нь нэг талаар шинэ техник технологи нэвтэрснээр үйлдвэрлэлийн тоо хэмжээ өссөн явдал нөгөө талаар тээврийн хэрэгслийн хувьсгал нь Америкийг гадаад орны хүчтэй өрсөлдөгчийн хэмжээнд хүргэсэнд оршиж байв.
Гэвч Америкийн фермерүүд эдгээр шалтгааныг үл тоомсорлон бүх бурууг төмөр замын хэт их зардал, механикуудын өндөр цалин, худалдаачдын олж буй их хэмжээний ашиг орлого, мөнгөний хомсдолд оруулсан олон улсын мөнгөний хуйвалдаанд тохож байв. Ингээд фермерүүд баруун болон өмнөдийн хөвөн, тамхины үйлдвэрлэгчдийн зүгээс дэмжлэг авснаар популизм фермерийн хөдөлгөөний хэлбэрээр дэлгэрч эхэлсэн юм. Тэд 1870-аад онд өөрийн гол хүчийг төмөр замд төвлөрүүлснээр муж улсуудын түвшинд томоохон амжилтанд хүрч Холбооны төмөр замын дүрэм журманд өөрчлөлт оруулж чадсан.
Харин мөнгө олборлогчид мөнгөний асуудалд анхаарал тавьж, цаасан мөнгөний тоо хэмжээг нэмэгдүүлэх, мөнгийг алттай адил солилцооны хэрэгсэл болгохыг шаардаж байлаа. Хөдөлгөөнд оролцогчид юуны өмнө хөдөө аж ахуйд ажиллагсдын эрх ашгийг хамгаалсан улс төрийн нам байгуулахыг зорьж үүнд ажилчдын зүгээс дэмжлэг авахыг оролдсон ч энэ нь талаар өнгөрсөн. Тэдний өрсөлдөгчид болох баячууд санхүү болон үйлдвэрлэлийг бүхэлд нь хянаж, улс төрийн хоёр хуучин нам (Ардчилсан нам, Бүгд найрамдах)-ыг удирдаж байв.
1880-аад оны эцэс, 1890-ээд оны эхээр баруун болон өмнөд хязгаарын фермерүүд хүнд байдалд орсон юм. Тэд цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалж, нүүдэл суудалд хамаг хүч хөрөнгөө барсан. Түрээслэгч-фермерүүд газрын эзэд, бөөний худалдаачдын өндөр татварыг төлөхийн тулд эцсийн хөлс хүчээ шавхан ажиллаж байлаа. Баруун хязгаарын мөнгө олборлогчдын хувьд мөнгө үнэгүйдэж, алт болон мөнгөний хоорондох уламжлалт тэнцвэрт харьцаа алдагдсан явдал тэдний дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн. Энэ нь Европын зарим орнууд бизнесээс мөнгийг шахахаар олон улсын хуйвалдаан зохион байгуулж, АНУ-д алтан стандарт авахыг тулгасантай холбоотой байв.
Өдрөөс өдөрт ядуурч буй фермерүүд болон ажилчдын сэтгэл санааны хүнд байдлыг ашиглан нийгэм-улс төрийн зүтгэлтнүүд тэднийг улс төрийн байгууллагад нэгтгэн зохион байгуулж, 1891 оны 5 дугаар сарын 19-нд Ардын нам байгуулсан. Ийнхүү популист хөдөлгөөн нийгмийн янз бүрийн сонирхлын бүлгийг өргөн хамарч, хүчийг авснаар фермерүүд ажилчдаас гадна тэр үеийн хөрөнгөтний дангаар ноёрхлын янз бүрийн хэлбэрийн эсрэг болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байсан бүлгүүд хүртэл энэ хөдөлгөөнд нэгдэн орох болов. Популистуудын удирдлагаар хар ба цагаан арьстнууд эвсэл байгуулж аж үйлдвэр, санхүүгийн томоохон эздийн эрх мэдлийн эсрэг тэмцэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлаас үүссэн нийгмийн зөрчлийг шийдвэрлэхийг шаардаж байв. Тухайлбал, популист лидерүүдийн нэг болох Конгрессийн гишүүн Т.Уотсен хар ба цагаан арьстнуудыг боолчилж буй санхүүгийн дарангуйлагчдыг үнэн голоосоо үзэн яддагаа олонтаа илэрхийлж байсан бөгөөд, цагаан арьстан 2000 фермерийг зэвсэглэн линчээр шүүлгэх аюулд учирсан хар арьстай лидерүүдийг мөрдлөг мөшгөлтөөс хамгаалж байв.
Энэ бол Америкийн судлаачдын тэмдэглэсэнчлэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цагаан арьстнууд оролцсон цорын ганц эрч далайцтай олон нийтийн хөдөлгөөн байсан юм.
Энэхүү хөдөлгөөнд Америкийн хөдөлмөрчдийн давхаргын үзэл баримтлал, чиг хандлага тод ажиглагддаг. Гэвч энэ нь онолын түвшинд системчлэгдэж боловсрогдоогүй, хэлбэржиж тогтоогүй, тодорхой зохион байгуулалтгүй урсгал шинжтэй, ердийн ухамсрын түвшинд томъёологдсон байв.
Гэсэн хэдий ч тэр үеийн популистууд АНУ-ын нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон хэд хэдэн шинэлэг үзэл санааг дэвшүүлэн гаргасан нь өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй ач холбогдолтой хэвээр байна. Үүнд:
- “Ард түмэн” ба “ардын засаг” хэмээх ойлголтыг шинэ агуулгаар тодорхойлсон. “Ард түмэн” ба “ардын засаг”-ын талаар популистуудын дэвшүүлсэн үзэл санаа нь хөрөнгөтний ардчиллын сонгодог ойлголтоос үндсээрээ ялгаатай юм. Тэд нийгмийн баялагийг хот болон хөдөөгийн тосгонд хөдөлмөрлөж буй жинхэнэ ард түмэнд зориулах ёстой гэж үзэж байв. Мөн Америкийн уламжлалт төвлөрөл багатай засаглалыг шүүмжилж, хөдөлмөрчин олон түмний хэрэгцээ ашиг сонирхолд үйлчилдэг, ялангуяа тэдний байнгын хяналтанд байдаг хүчтэй төрийн тухай үзэл санааг дэвшүүлэн тавьсан байдаг.
- Төрийн гүйцэтгэх үүргийн талаар шинэ санаа дэвшүүлсэн. Популистууд хөдөлгөөнийхөө гол зорилгыг хөдөлмөрчдийн амьдралын нөхцөлийг сайжруулах явдал гэж тодорхойлоод үүнийг эдийн засаг дахь төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байв. Популизмыг шүүмжлэгч, Америкийн Нэрт түүхч Р.Хофстэдтер төрийн үүрэг, оролцооны талаарх энэхүү үзэл санааг нь хүлээн зөвшөөрч “Популизм бол бүх нийтийн сайн сайхны төлөө төрийн хүлээх хариуцлагыг дээшлүүлсэн улс төрийн анхны ач холбогдолтой хөдөлгөөн байсан.”[2] гэж үнэлсэн байдаг.
- Шууд болон төлөөллийн ардчиллыг зохистой хослуулах замаар ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, өөрөөр хэлбэл улс орныг удирдахад ард түмнийг өргөнөөр оролцуулахын зэрэгцээ төрийн үйл ажиллагаанд хяналт тогтоох шаардлага тавьж байв.
Ж. Хиксийн “Популист гүн ухаан эцсийн эцэст хоёр үндсэн нөхцөлөөр хэмжигдэнэ. Энэ нь нэгдүгээрт, төр ашиг олохыг эрмэлзэж буй, ялангуяа дутагдаж гачигдаж буй ядуучуудын хувийн ашиг сонирхлыг хангах хоёрдугаарт, ард түмэн, ядуучууд төрийг хянах ёстой” гэсэн томъёолол нь 1890-ээд оны Популистуудын тавьж байсан шаардлагад тодорхой илэрч байсан хэдий ч тэд орчин үеийн улс төрийн философийн гол асуудлуудын нэг болох ардчилал болон төрийг хянах, хариуцлага тооцох механизмыг хүчтэй гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэх замаар бий болгоно хэмээн найдаж байв.
Ийнхүү тэд төрийг удирдахад иргэдийн оролцох оролцооны талаарх үзэл санааг дэвшүүлээд зогсоогүй, түүнийг баталгаажуулахыг санал болгож байв. Энэ тухай Америкийн судлаач Э.Голдмен “Популизм нь сенатыг шууд сонгох, төрийн төлөөлөгчдөөр дамжуулан хууль тогтоох байгууллагад санал бодлоо илэрхийлэх, ард түмний санал асуулга явуулах зэрэг шууд ардчиллын механизмыг боловсруулсан”[3] гэж дүгнэсэн байдаг.
АНУ дахь популизм хэд хэдэн онцлогтой. Үүнд:
- Хамгийн эрс популистууд хүртэл нийгмийн тогтолцооны үндсэн суурь зарчмыг хөндөлгүйгээр нийгмийн асуудлуудыг хүчирхийллийн бус аргаар тайван замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байв. Тухайлбал, тэд хувийн өмчийг хувь хүний заяамал эрх, нийгмийн хөгжлийн үндэс болохыг хүлээн зөвшөөрдөг ч үйлдвэрлэлийн харилцаа, нийгмийн анги, нийгэм дэх антагонист зөрчлийн тухай асуудлыг огт хөндөөгүй юм.
- Урьд өмнөх болон тухайн цаг үеийнхээ шаардлагуудыг сайн мэдэрч, түүнийг зөв зүйтэй илэрхийлж байв.
- Популист хөдөлгөөн дангаар ноёрхлыг эсэргүүцэж, тэгш эрх тогтоохыг хүсч байв.
Өөрийн хувь заяаг шийдвэрлэхэд хүн бүрийн идэвхтэй оролцоог хангахыг чухалчилсан бүхэлдээ ардчилсан чиг баримжаатай үзэгдэл байв.
Үүнийг АНУ-ын ардчилсан хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үндсэн шалгуурууд гэрчлэх бөгөөд энэ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа
- олон түмний хөдөлгөөн, хөдөлмөрчдийн өргөн эвсэл холбоог ашиглан эдийн засгийн зорилтыг шийдвэрлэх
- иргэдийн оролцоо ба хяналт
- хүрээлэн буй орчноо унаган төрхөөр нь хадгалах
- бие хүний чөлөөтэй хөгжил зэргийг дурьдаж болох юм.
Гэсэн хэдий ч тэр үеийн популист хөдөлгөөний нийгмийн бүрэлдэхүүн нь тодорхой бус байсан учраас удаан хугацаанд бие даан оршин тогтнож чадаагүй бөгөөд 1896 онд популист хөдөлгөөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Брайаныг дэмжиж, ардчилсан намтай эвссэн юм. У.Брайан популизмыг өргөн олныг өөртөө татах гол хэрэгсэлд тооцож сонгуулийн кампанид популист имижийг бүрдүүлэн оролцож, “Уоллстритийн толгойлогчид”-ыг хурцаар шүүмжлэн “Цагаан ордны” төлөөх өөрийн тэмцлийг “ариун үйлсийн төлөөх дайн” мэтээр харуулахыг оролдож, фермерүүд болон ажилчдад амандаа багтсаныг амлаж байв. Эцэст нь тэрбээр ялж чадаагүй боловч популизм нь улс төрийн ашиг тустай арга барил болохыг нотолж, урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад бараг ялсанд тооцохоор, сая гаруй сонгогчийн санал авсан ховорхон тохиолдол болсон билээ.
Үүгээр АНУ-д популизмын уламжлал тасалдалгүйгээр 1929-33 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа эхэлсэн “Их хямрал”-ын үеийн урт удаан хугацаанд үргэлжилсэн хамгийн их уналт, хүн амын амьдралын түвшний хэмжээлшгүй бууралт зэрэг нь популизмыг дахин шинээр сэргээн өрнүүлэхэд хүргэсэн юм. 1932 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшсэн Ф.Д.Рузвельт ялж, АНУ-ыг эдийн засгийн хямралаас гаргах бодлогыг тодорхойлж, Холбооны засгийн газар үндэсний эдийн засагт гол үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн үзэл бодлоо олон түмнээр хүлээн зөвшөөрүүлснээр эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг нийгмийн зарим салбарын шинэчлэлтэй хослуулан авч хэрэгжүүлсэн нь түүхэнд “шинэ, чиглэлийн бодлого” нэрээр үлдсэн популизмын нэгэн хэлбэр байв. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Америкийн ард түмний тусын тулд шинэ бодлогыг хэрэгжүүлэх үүргийг өөртөө авлаа. Манай аугаа их гүрэн урьдын адил хүнд хэцүүг даван туулж дахин хөгжин цэцэглэх болно. Аз жаргал гэдэг нь мөнгөнд, түүнийг хуримтлуулахад байдаг юм бишээ. Бидний хамгийн гол зорилт бол хүмүүсийг ажиллуулах явдал юм” хэмээн олон түмнийг итгэлтэй зоригтой байхыг уриалж байв. Америкийн ард түмэнд хандаж зарим банк иргэдийн мөнгийг авч дамлаж шударга бус ажиллаж байсныг тэмдэглээд засгийн газар банкийг урьдын адил дампууруулахгүй гэж амласан нь түүхэнд “энгийн халуун яриа” гэж алдаршин банкинд итгэх итгэлийг сэргээж, “Их хямрал”-ын талаарх олон түмний бодол санааг өөрчилж чадсан юм.
Ер нь популизмыг ардчилсан төрийн зүтгэлтнүүд төдийгүй авторитар, тоталитар дэглэмийн удирдагчид ч хэрэглэж байсан түүхтэй.
Муссолини, Гитлер нарын дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилго, зорилтууд, явуулж байсан үйл ажиллагаа, хийж байсан үйлдлүүд нь олон түмнийг “идэх талх”-аар нь хангах, хямралаас хурдан хялбар гарах арга замыг амалж, эд баялаг, эрх ямбыг эсэргүүцэн “нийгмийн шударга ёс”, “онцгой даалгавар” гэх мэт уриа лоозонгуудыг дэвшүүлэн Эгэл борчуудын “тархийг угааж” өөртөө татахыг оролдож байв. Ялангуяа тариачдыг мөнгө хүүлэгчдийн “хүүний боолчлол”-оос чөлөөлөх, ажилчдыг тогтвортой ажлын байраар хангах, үйлдвэрийн ашиг хуваарилахад оролцуулах, жижиг хөрөнгөтнүүдийг том хөрөнгөтнүүдээс хамгаалах замаар “эрүүл чийрэг дунд давхраа”-г бий болгохыг амласан нь олон түмнээс ихээхэн дэмжлэг олсон юм.
Ялангуяа Гитлерийн үндэсний социализмын онол практикт иймэрхүү популист арга барилыг ихээхэн идэвхтэй ашиглаж, “цэвэр цусны ари үндэстэн дэлхийн шилдэг үндэстэн болох”, бүх немцүүдийг “Аугаа их Германд нэгтгэх”, “орон зайгүй ард түмэн шинэ газар нутаг эзлэн авах тухай сургаал номлол дэвшүүлсэн нь үндсэрхэг үзэлтнүүд болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын цөсийг хөөрөгдөж байлаа. Тэрбээр “Аричууд бол хүн төрөлхтний Прометей мөн. Тэдний хурц цэлмэг оюун ухаан нь бурхны суут ухаанаас эхтэй, хүн төрөлхтний оюун ухааны анхны галыг бурхан зөвхөн тэдэнд ноцоож өгсөн юм. Байгалийн нууцад нэвтрэх, соёл иргэншилд хүрэх зам, ер нь энэ ертөнцийн амьд бүхнийг захирах арга ухааныг гагцхүү аричуудад л зааж өгсөн. Хүн торолхтний хөгжил дэвшлийн ерөнхий төлөвлөгөө, барилга барих хамгийн том чулуу аричуудад бий. Бусад улс үндэстнүүдэд зөвхөн төлөвлөгөөг биелүүлэх үүрэг ноогдсон юм”[4] гэх зэргээр ухуулж, ард түмний үндэсний ухамсраар тоглон ари үндэстний их бүтээн байгуулалтыг зөгнөн мөрөөдөж байв.
Гэвч Гитлер болон түүний хамтран зүтгэгчдийн үржил шимтэй хөрсөнд суулгасан үр нь хүн төрөлхтөнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шовинизм, гай зовлон, гамшиг түгшүүр авчирснаас өөр бүтээлгүйг түүх гэрчилнэ.
Мөн Энэтхэгийн Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний үед үүссэн Үндэсний конгресс намын албан ёсны үзэл суртал болох гандизм нь популизмын нэг хэлбэр юм. Нийгэм-улс төрийн асуудалд ёс суртахууны үүднээс хандаж шийдвэрлэх, улс төрийн үйл ажиллагааг хүч үл хэрэглэн ёс суртахуунтай явуулах нь гандизмын гол шинж юм. Үүнийг үндэслэгч Мохандас Кармчанд Ганди нь “өөрийгөө хангах чадвар бүхий эдийн засагтай, гадаад улсаас үл хамаарах” Энэтхэг улсыг байгуулахын төлөө ухуулга сурталчилгаа хийж, үнэний төлөө тууштай тэмцэхийг уриалж үүнийг хэрэгжүүлэх гол арга зам нь “англичуудтай хамтран ажиллахгүй, иргэний үл захирагдах дуулгаваргүй явдал” хэмээн номлож байв. Тэрээр Английн эсрэг олон түмнийг тэмцэлд зоригжуулан иргэний үл захирагдах хөдөлгөөнийг өрнүүлж тусгаар тогтнолоо олж авахын төлөө нийт ард түмнээ шаргуу тэмцэхийг уриалснаар өөрийн үзэл санаа, үйл ажиллагааг олон түмнээр дэмжүүлж чадсан юм.
Оросын большевик намын улс төрийн үйл ажиллагаанд популист элемент тод илэрдэг. “Энх тайвныг улс түмнүүдэд”, “Газрыг тариачдад” зэрэг популист лоозонгууд энгийн олонд ихэд таалагдаж, тэднийг большевикүүдийн талд үй олноор нь татан оруулж байв. Большевик нам цаг үедээ таарсан уриа лоозон дэвшүүлсэн нь олон түмний дундах нэр нөлөөг нь дээшлүүлж, тус намд гишүүнээр элсэгчдийн тоо үтэр өсч 1917 оны 2 дугаар сард 24 мянга, 4 дүгээр сард 80 мянга, 8 дугаар сард 240 мянга, 10 сард 400 мянга болсон байх жишээтэй.
Гэвч нийгмийн доод давхрааны зөн билэгээр тоглосон “Дээрэмчдэд-дээрэм тонуул”, “Дээрэмчдийг дээрэмдье”, “Ордонд дайн” гэх мэтийн уриа лоозонгууд оюуны болон эд баялгийн үнэт зүйлсийг эвдлэн сүйтгэхэд хүргэж, тухайн улс түмэнд хэзээ ч нөхөгдөшгүй хор хохирол учруулсан уршигтай.
Бүхнийг дээр өгүүлсэнчлэн популизм дэлхийн улс орнуудын түүхийн янз бүрийн цаг хугацаанд ямар нэгэн гүйцэтгэх үүрэг, эзлэх орон зай, байр суурьтайгаар сайн, муу үр дагаварыг үлдээсэн хэдий ч нэгэн зууны түүхэн өөрчлөлтийг даван туулсаар өнөөг хүрч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн араасаа дагуулсан хүчтэй хэрэгсэл болсон хэвээр байна.
Популизмын мөн чанар
1891 онд АНУ-д байгуулагдсан фермерүүдийн намын гишүүд өөрсдийгөө анх популистууд хэмээн нэрийдэж байсан бөгөөд популизм гэдэг нь “ард түмэн”, “ард түмний эрх ашгийн төлөө” гэсэн утга бүхий “Populus” хэмээх латин гаралтай үг ажээ.
Олон эрдэмтэд улс төрийн энэхүү үзэгдэлд өөрийн судалгаа шинжилгээний ажлаа зориулсан байдаг ч өнөөг хүртэл хэн нь ч түүний мөн чанарыг бүрэн дүүрэн нээж, утга агуулгыг нь нэг мөр тодорхойлж чадаагүй л байна.
Энэ нь тухайн судлагдахуун нэг талаар дэлхийн улс орнуудын түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатанд олон хэлбэр төрх, өвөрмөц онцлогтой үүсч дэлгэрээд, удалгүй илүү тогтвортой үзэл суртал болон тогтмол үйл ажиллагаа явуулдаг нам, хөдөлгөөнд уусч алга болдогтой, нөгөө талаар популизм нь хэлбэршиж тогтоогүй, тодорхой зохион байгуулалтгүй урсгал шинжтэй, системчлэгдэж боловсрогдоогүй, ердийн ухамсрын түвшинд сэтгэл зүйн шинжтэй байдагтай холбоотой байж болох талтай.
Хэдий ийм ч эрдэмтэн судлаачид популизмыг өөр өөрийнхөөрөө олон талаас нь янз бүрээр тодорхойлохыг оролддог бөгөөд нэр хүндтэй тайлбар толиудад мөн адил олон янзаар тайлбарласан байдаг. Тухайлбал, Испаний нэр хүндтэй тайлбар толь болох “Сопена”-д популизмыг “АНУ-ын Ардын намыг хамгаалсан улс төрийн номлол”, Оросын улс төрийн тайлбар тольд “Хий хоосон амлалт, хуурамч суржин уриа лоозон ашиглан олон түмний дунд алдарших зорилготой үйл ажиллагаа” гэжээ. Харин АНУ-ын тайлбар тольд популизм гэдэг нэр томъёо тааралддаггүй бөгөөд толь зохиогчид “Ардын нам”-ыг номондоо багтаагаад үүнийгээ “АНУ-ын хөдөө аж ахуй хүнд байдалд орсон үед үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байсан улс төрийн нам” гэж тайлбарласан байна.
Францын улс төрийн зүтгэлтэн А.Москович “дэлхий даяар Популизмыг олон түмний сэтгэл санааг байлдан дагуулах урлагт тооцдог”[5] гэсэн дүгнэлт өгсөн байхад Д.Макрэ Популизмын талаарх эерэг үзэл санааг няцааж, “Хэдийгээр олон түмний сэтгэл зүйд нөлөөлөх хүчтэй ч ядуучууддаа таарсан үзэл суртал”[6] хэмээн тодорхойлсон байдаг.
Түүнчлэн Ю.П. Аверин, В.А.Солоxин нар “популизмын улс төрийн үйл ажиллагаа нь олон түмнээс дэмжлэг олж авахын тулд сонгогчдыг манипуляцлахад чиглэгддэг бөгөөд популист шийдвэрийн хэлбэр нь зөв зүйтэй ч агуулга нь биелэгдэшгүй”[7] байдаг гэж үздэг.
Зарим улс төрчид популизмыг улс төрийн нөхцөл байдал, нарийн түвэгтэй тулгамдсан асуудлыг хялбарчилж, олон түмний ухамсарт тохируулан энгийн үгээр тайлбарлах, сүржин уриа лоозон ашиглах зэргээр олон түмнийг зөөлрүүлж, дуулгавартай болгох, түүнчлэн энэхүү дуулгавартай байдлыг ашиглахыг эрмэлзэж буй улс төрийн хуурамч үйлдэл ч гэж тодорхойлсон байдаг.
Эрдэмтэн В.Заславский өмчийн харилцаанаас нь хамааруулан Популизмыг:
- “төрийн Популизм”-нийгмийн өмчид үндэслэсэн захиран тушаах хэв шинжтэй/
- “зах зээлийн популизм” – \хувийн өмч голлосон өмчийн олон хэлбэрт үндэслэсэн зах зээлийн өрсөлдөөн бүхий хэв шинжтэй\[8] гэж ялгаж үзсэн байдаг.
Популизмын үзэл санааны олон янзын чиглэл, хандлагыг ерөнхийд нь “зүүн, баруун гэж хувааж үзэх явдал ч бий. Зүүний популистуудын гол асуудлууд нь нийгмийн баялгийг тэгшитгэн хуваарилах зарчим, тэгш эрх-ах дүүгийн ёс байх бөгөөд улиг болтол хэрэглэгддэг ч популист зах зээлд хамгийн сайн борлогддог үхэллэг нь “шударга ёс болно. Түнчлэн зүүний хамгийн радикал популистууд хуучнаа санагалзан енгерсэн үедээ буцаж орсноор асуудлыг хурдан хялбар шийдэж болно гэж үздэг.
Ер нь улс төрч хүн хэр зэрэг радикал байна, тэр хэмжээгээр популист арга барилыг хэрэглэдэг гэлцдэг. Популизмын түүхээс харахад энэ нь иргэний дуулгаваргүй байдал, улс төрийн явуулга, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг эсэргүүцэх хандлагаар илэрч байсан бол сүүлийн үед гол төлөв олон түмэнд ая тал зассан “улс төр-Нийгмийн зүтгэлтний хуурамч сүржин дүрийг эсгэх болжээ.
Барууны популистууд үндэстний асуудлыг ашиглаж “Нийгмийн дэг журам гэдэг үгийг хэрэглэх нь олонтаа тохиолдоно. Тэд нарийн түвэгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд үндэстний цөөнхийг өөрийн нутгаас хөөн зайлуулж, төрийн төв болон орон нутгийн удирдлагын тогтолцоонд өөрийн үндэстний онцлог, зан заншил, уламжлал, ёс жаягийг хадгалах гэсэн энгийн томъёоллыг хэрэглэдэг.
Популизмын үзэл санааны өв санд бие хүний асуудал чухал байр суурь эзэлдэг. Английн судлаач Д.Макрэгийн тодорхойлсончлон “Популист үзэл санааны төвд эдийн засаг, улс төр, түүнчлэн нийгмийн асуудлын аль аль нь ч байдаггүй, түүний цөм нь бие хүн, юуны өмнө бие хүний ёс суртахууны төлөв байдал”[9] байх бөгөөд энэ нь популистуудын ертөнцийг үзэх үзлийн онцлог болдог байна. Үүнтэй холбоотойгоор Популистуудын хувьд нийгмийн бодлогын үндсэн зорилт нь хүн бүрийн аз жаргал, эд баялгийн элбэг хангалуун хүрэлцээтэй байдал, оюун ухааны хөгжил дэвшил болдог. Иймээс энэхүү зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Популист улс төрчид бүх хүмүүст хэрэгцээтэй олон янзын уриа лоозон дэвшүүлээд эцэст нь түүндээ барьцаалагдан золиос болохын зэрэгцээ бодлого зорилтоо хянан засварлах, чиг хандлагаа өөрчлөх гэсэн аливаа оролдлогууд нь олон түмэнд урвалттай адил ойлгогддог аюултай байдаг. Энэ нь аажимдаа нийгэмд тулгамдаад буй олон асуудал, бодитой оршин байгаа хэрэгцээ сонирхлоос нь олон түмнийг холдуулж, хий хоосон хүлээлт, ид шидийн ертөнцөд аваачих бөгөөд чухамхүү энд л популизм эцэслэдэг. Популизм урам хугарч, итгэл алдах хөрсөн дээр үүсч, мөн тэндээ төгсдөг болохын учир ийм буюу.
Энэ бол популист улс төрчид тухайн цаг үед ямар ч амлалт үгээр хамаагүй олонхийн дэмжлэг авахыг л урьтал болгохоос бус засгийн эрхэнд гарсан тохиолдолд үүсч бий болох үр дагаварыг, үүнээс “баасан дээрээ хальтрахгүй Цэвэрхэн бултах арга зам, өөрийн үйлдэл, үйл байдлын боломжтой хувилбарууд, гарах гарцыг урьдчилан нухацтай бодож тооцдоггүйтэй холбоотойг үгүйсгэх аргагүй юм.
Улс төрийн популизмын нэг онцлог шинж бол иргэдтэй байнгын, шууд харилцаа холбоо тогтооход чиглэсэн популист лидерүүдийн үйл байдал юм. Иргэний нийгмийн институцүүд, сонирхлын бүлгүүд, нам эвсэл, хөдөлгөөн төлөвшиж тогтсон нөхцөлд энэ нь ямар ч муу зүйл биш харин ч ардчилсан үйл явцын хөгжилд, харизматик лидер төрөн гарахад, идэвх оролцоотой, чадварлаг иргэн төлөвшихөд эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь популист бие хүний туйлын зорилго нь өөрийгөө илэрхийлэх явдал байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь популист хөдөлгөөний үед биеллээ олох нь илүүтэй. Түүнчлэн өөрийн хувь заяанд нөлөөлөх боломжоо алдсан, доромжлуулж басамжлуулсан олон түмний хувьд нийгмийн ач холбогдлоо ойлгож мэдрэх боломж, урам зориг өгч, идэвх оролцоог нэмэгдүүлж өгөх удаа ч байна.
Популист улс төрчид олон түмэнтэй шууд харилцаа тогтоохын тулд юуны өмнө сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж ихтэй доод давхраанд хандахыг хичээдэг бөгөөд эдгээр нь люмпенчүүд, тогтсон үзэл баримтлал, байр суурьгүй холбиромтгой хүмүүс байдаг. Эд хөрөнгөтэй, боловсролтой давхрааны хувьд нийгмийн хөгжлийн ээдрээтэй, тодорхойгүй, тогтворгүй хүнд хэцүү үед л популистуудын баримталж буй бэрхшээлээс хурдан хялбар гарах энгийн болоод тодорхой арга замыг сонирхож, сонсохыг хүсдэг тал бий.
Популистууд “шууд ардчилал” гэж нэрлэгддэг төрийг удирдах үйл хэрэг ард түмэн биечлэн оролцох, төрийн төлөөлөгчдийн байгууллагад үл итгэн үйл ажиллагааг нь хянах, хүнд суртал, коррупцийг шүүмжлэх зэргээр Дэвшилтэт ардчилсан шаардлага тавьдаг хэдий ч улс орны эдийн засгийн уналт, үгүйрэл хоосролын шалтгааныг тайлбарлах өнгө аяс нь ойлгомжтой ч үндэслэл муутай, түүнээс хурдан гарах арга замыг олон түмний сэтгэл зүйд тохируулан хэт Энгийнээр хялбарчлахыг эрмэлздэг дутагдалтай. Ертөнцийн юмс үзэгдлүүд, тэдгээрийн харилцан үйлчлэлээс үүссэн аливаа асуудлыг шууд хүртэхүйгээрээ хүлээн авдаг, нийгмийн амьдралын харилцаа, шалтгаан үр дагаварын Холбооны талаар хялбарчилсан төсөөлөлтэй, логик Дэвсгэр муутай, асуудалд гол төлөв сэтгэл хөдлөлөөр ханддаг Популист хөдөлгөөн нь хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайхдаа үймээн самууныг олонтаа ашиглаж, өөрт таагүй, дургүй хүргэсэн бүхнийг хүчээр дарж устгаж байсан жишээ баримтыг бид олныг мэдэх билээ.
Популизмын мөн чанарын талаарх эдгээр ойлголтыг болон үүнээс урган гарч буй Популизмтай холбоотой улс төрийн аливаа үйлдэл, үйл ажиллагааг эерэг ба сөрөг талаас нь дараахь байдлаар зэрэгцүүлэн харвал сайн, муу үйлчлэл, үр дагавар нь илүү ялгарч танигдана.
Эерэг үр дагавар | Сөрөг үр дагавар |
· ард түмний эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг илэрхийлэх, хамгаалах· олон түмэнд шууд ханддаг, ойр дотно холбоо харилцаа тогтоодог· ард түмэнд хамгийн ойлгомжтой, энгийн, арга зам нь хялбар дөхөм· олон түмний сэтгэл зүйд хүчтэй нөлөөтэй· улс төрчдийн өөрийгөө илэрхийлэх, бусдад нөлөөлөх чадварын илэрхийлэл· иргэдийн оролцоог нэмэгдүүлэх· шууд ардчиллыг хөгжүүлэх· төрд олон нийтийн зүгээс хяналт тогтоохыг эрмэлзэх· цаг үе, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг сайн мэдрэх· олон түмнээр дэмжүүлэх, сонгуульд ялах магадлал өндөр· тавьж буй шаардлагуудын агуулга нь дэвшилттэй, ардчилсан байдаг | · үндэслэлгүй хоосон амлалт, хуурамч сүржин уриа лоозон ашиглах· хий хоосон хүлээлт бий болгох· амлалтаа биелүүлэхээс айж зугатах· хөдөлгөгч хүч нь люмпенчүүд, тогтсон байр суурьгүй холбиромтгой хүмүүс· үймээн самуун дэгдээх· үндсэрхэг үзлийг хөөргөдөх олон түмнийг· манипуляцлаж, үүнийгээ ашиглан хүссэнээ хийх· тогтворгүй уусч алга болдог нийгэмд хаос төлөв байдлыг бий болгох· олон түмнийг сэтгэлийн хөөрөлд автуулж, ухамсарлагдаагүй үйлд түлхэх· урам хугарах, улс төрчид, төрд итгэхгүй болох |
Популизм үүсч бий болох, идэвхжин сэргэхэд дараахь хүчин зүйлс нөлөөлдөг болох нь улс оронд нийтлэг ажиглагддаг.
Үүнд:
- Тогтворгүй, тодорхойгүй байдал
Нийгэм эдийн засгийн огцом үсрэлтийн үед, ялангуяа хуучин суурь нь өөрчлөгдөж, шинийг сонгож хараахан амжаагүй нөхцөлд тухайн улс орны улс төрийн тавцанд популист лидерүүд тодрон гарч ирдэг. Олон түмэн нийгэмд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатайг мэдэрч, түүнд сэтгэл нь хөдлөн татагдан орсон тэр цагт Популист хөдөлгөөн илүү ихээр идэвхждэг байна.
2.Нийгмийн хямрал, бухимдал
Нийгмийн дэг журам алдагдаж, хүнд суртал, хээл хахууль, ядуурал, гэмт хэрэг гаарсан үед нийгмийн хямрал, олон түмний бухимдалд дөрөөлөн буруутныг хайсан популистуудын үйл ажиллагаа өрнөх хандлага ажиглагддаг.
- Монополь
Монополь эрх бүхий хөрөнгөтний ноёрхлын олон янзын хэлбэрүүд нь олон түмний дургүйцлийг төрүүлж, монополизмыг эсэргүүцсэн ардын хөдөлгөөний маягаар популизм үүсдэг.
- Үнэт зүйлсийн баримжаалал
Популизм нь өөрийн ард түмний хүлээн зөвшөөрч эрхэмлэж буй үнэт зүйлст тулгуурлан үүсэх тал бий.
- Зөрчилдөөн
Шинээр бий болж байгаа зүйлд эргэлзэх, үл итгэх, улмаар эсэргүүцэн зөрчилдөх хандлагаас популизм үүсч болох бөгөөд энэ нь капиталистуудын эсрэг, хотынхны эсрэг гэх мэт сөрөг утгыг илэрхийлж яваандаа нийгэмд дайсагналцлыг бий болгодог. Зөрчилдөөний үед олон түмний ухамсарт шууд нөлөөлөх, популист уриа лоозонг ашиглах явдал түүнийг улам ихээр идэвхжүүлдэг байна.
6.Символизм
Популизм нь үндсэрхэх үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, угсаатныг төвлөх үзэл зэрэг хүмүүсийн гомдол, уур хилэнг бадраадаг билэг тэмдгийн онцлог ялгааг мэдрэх мэдрэмжээс үүсч болно. Ялангуяа үндсэрхэх үзэл бол популизм цэцэглэх шимтэй хөрс болдог тул орчин үеийн популизм ч үндсэрхэх үзлээс ангид байж чадаагүй юм.
Үндсэрхэх үзэл ард түмэнд илүү ойлгомжтой, тэдэнд хамгийн их хамаатай асуудал байдаг бөгөөд “бид” ба “тэд” гэсэн ялгаа зааг бүхий газар үргэлжид оршин байгаад өөрсдийгөө хамгаалах, бусдыг ад үзэж тээршаах мэдрэмж нь сэргэх үед “үндсэрхэх үзэл” хүчээ авдаг байна.
- Улс төрийн болон хүний эрхийн соёл
Популизм нь улс төрийн болон хүний эрхийн соёлын түвшин доогуур давхаргын дунд ялангуяа ардчилсан институцүүд сайтар бэхжиж амжаагүй нөхцөлд их хэмжээгээр газар авдаг. Хуурамч хий хоосон амлалт болон хэрэгжин биелэх бололцоотой бодлогыг ялгаж үл таних, хар цагааныг дэнслэх сэтгэлгээ тааруу байх, шударгаар өрсөлдөгчдийг үзэн ядаж ээлжит шүтээнээ тодруулж, тахин шүтэхэд бэлэн байгаа байдал зэрэг нь улс төрийн соёл дулимагийн бодит жишээ мөн.
Үүний зэрэгцээ иргэд улс төрчид болон төрийн институцүүдэд итгэхээ больж, улс төрөөс залхаж холдох, дайжин зугатаж идэвх оролцоо нь буурах хандлага нь популист улс төрчдийг олноор төрүүлдэг. Энэ бол төрөөсөө иргэд хөндийрөх, иргэдээс төр нь зайгаа авч холдон хүнийсэж буй улс төрийн үйл явцын агуулга ийнхүү популизмаар илэрч буй хэрэг юм.
- Сонгууль, сонгуулийн систем
Сонгуулийн эрх бүхий иргэдийн хувьд ээлжит сонгуулиас их зүйлийг хүсэн хүлээж байдгийг далимдуулан сонгуулийн кампанийн үед улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид популист арга барилыг ашиглан сонгогчдыг өөртөө татах оролдлого хийх нь их болдог. Ялангуяа мажоритар системээр сонгууль явуулж буй тохиолдолд улс орны эрх ашгаас тойрогийн эрх ашиг давамгайлж, Нийгмийн эмзэг асуудлаар дагнасан популистууд улам өөгших явдал байдаг.
Хууль тогтоох байгууллага дахь популизм
Популизм нэгэнт улс төрийн амьдралын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд төдийгүй төв болон орон нутгийн түвшинд хүртэл өөр өөрийн онцлог шинжтэйгээр бий болж, оршин тогтнож байна,
Tөp тогтворгүй, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд улс төрийн зорчил тэмцэл, сөргөлдөөн бий болсон нөхцөлд тэрхүү тогтворгүй байдлын ил, далд шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, тайлбарлан таниулах явдал чухлаар тавигдах нь зайлшгүй. Тэгвэл эдгээр шалтгаануудын нэг нь яах аргагүй хууль тогтоох байгууллагад популизм үүсч бий болох явдал болно. Учир нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг Үндсэн хуулиар хуваарилсан байдал нь популизм бий болох үндсэн нөхцлүүдийн нэг болдог байна. Иймд хууль тогтоох байгууллага дахь популизмын түвшинг бууруулах, парламент болон засгийн газрын хооронд үүссэн зөрчилдөөнийг зохицуулах үүднээс засаглалын салаа мөчрүүдэд эрх мэдлийг хуваарилсан байдлыг хэрхэн өөрчилж болох талаарх асуудалд хууль тогтоох байгууллага дахь популизмын нөхцөл байдал, нийгмийн хүчин зүйлсийг судалсан социологийн судалгаа л үндэслэлтэй хариу өгөх бизээ.
Ямартаа ч хууль тогтоогчдын популист стратеги нь сонгогч олон түмнийг өөртөө татаж, тэднээс дэмжлэг авах, тэдний дунд нэр хүндтэй болоход чиглэгддэг нь хэн бүхэнд тодорхой. Гэхдээ энэ нь эрх баригчдын ашиг сонирхол болон тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч янз бүрийн хэлбэрээр илэрч болно. Үүнд:
- Хууль тогтоогчдын гаргасан ёс төдий шийдвэрүүд. Энэ нь угтаа заавал биелүүлэх шийдвэр болох хууль байдаг боловч тэр бүр хэрэгждэггүй, ёс төдий шинжтэй байдаг. Хууль тогтоогчдын баталсан хуулиуд чухам яагаад хэрэгждэггүй, ёс төдий зүйл болон хувирдаг шалтгааныг нь шалгуур болгон хууль тогтоох байгууллагад үүсч буй популизмыг үл гүйцэлдэх, үзэл суртлын, явцуу бүлгийн гэсэн гурван үндсэн хэв шинжид хувааж үзэж болно.
- Хууль нь зөвхөн сонгогчдын тавьсан шаардлагыг биелүүлэхэд чиглэгдэж батлагдан гарах боловч энэхүү шаардлага нь тухайн цаг үе, нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй байдгаас шалтгаалан үл гүйцэлдэх популизм бий болдог.
- Хуулийн жинхэнэ зорилго нь сонгогчдын өмнө тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэхгүй, гагцхүү эрх баригчид ямар нэгэн бүлгийн үзэл сурталд үнэнч байгаагаа харуулж буй тохиолдолд үзэл суртлын популизм үүсдэг.
- Хуулийн жинхэнэ зорилго нь нийт нийгмийн ашиг сонирхолд харшилж, зөвхөн шахалтын бүлгийн сонирхолд үйлчилж байгаа бол энэ нь явцуу бүлгийн шинжтэй популизм болдог байна.
Эдгээр хуулиуд хэдийгээр олон төрөл хэлбэртэй ч түүний агуулгад анализ хийгээд үзвэл хууль тогтоогчдын популист стратеги нь довтлох ба хамгаалах гэсэн үндсэн хоёр төрөлтэй болох нь түвэггүй танигдана.
Популистуудын довтлох стратеги нь сонгогчдод таалагдаж, тэдний зүгээс дэмжлэг авахуйц хуулийг өөрөө санаачилж батлуулахад чиглэгддэг бол хамгаалах стратеги нь гүйцэтгэх засаглал болон бусад төлөөлөгчдийн зүгээс санаачилж буй популист хуулиудыг хэлэлцүүлэхгүй байх, хориг тавих, хүчингүй болгохыг зорьдог. Ёс төдий хуулиудыг хууль тогтоогчид Хэдийчинээ их хэрэглэж байна, тэр хэмжээгээр популист стратегийн үр дүн төдийчинээ өндөр байна.
- Заавал биелүүлэх албагүй шийдвэрүүд. Энэ нь хууль тогтоогчдын зүгээс Ерөнхийлөгч, Засгийн газар, ард түмэнд хандаж гаргасан тогтоол, уриалга, мэдэгдлүүд юм. Эдгээр шийдвэрүүд нь хуультай харьцуулбал үр дүнг нь хянаж тогтоох боломжгүй, агуулга нь төрийн төлөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм журам, хэм хэмжээтэй төдийлөн холбоо хамааралгүй байдаг. Ийм шийдвэрүүд нь хуулийн зарим зүйл заалтыг олон түмэнд илүү ойлгомжтой, энгийн тодорхой болгодог тул тэдний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Угтаа сонгогчдын дэмжлэг хүлээхэд чиглэгдэж гардаг шийдвэр учраас заавал биелүүлэх албагүй шийдвэрүүд нь эрх баригчдын зүгээс сонгогчдод нөлөөлөх, өөртөө татах хүчтэй хэрэгсэл болдог.
- Гүйцэтгэх засаглалыг үндэслэлгүй шүүмжлэх. түүнд итгэхгүй болгох. Ийм стратеги нь сонгогчдын зүгээс үзүүлж буй шаардлага болон дэмжлэгийн харьцааг өөртөө ашигтайгаар өөрчлөхөд чиглэгддэг, Сонгогчдын зүгээс тавьж буй шаардлага, үзүүлж буй дэмжлэг нь засаглалын салаа мөчрүүдэд тодорхой нөхцөлд харьцангуй болон үнэмлэхүй хэмжээгээр хуваарилагддаг. Энэ нь засаглалын тухайн салаа мөчир нь өөрийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн бусад салбарын үйлчлэлийг өөрчилж, өөртөө ашигтайгаар тохируулж чаддаг чадавхиар тодорхойлогддог. Ийм чадавхи нь сонгогчдын шаардлага болон дэмжлэгийг хэний тал руу чиглүүлэхээс ихээхэн хамаарна. Тухайлбал: хууль тогтоох засаглал өөрөө илүү хүчирхэгжихийн тулд гүйцэтгэх засаглалыг шүүмжилж, буруутан болгосноор сонгогчдын зүгээс тавьж буй шаардлагыг түүн рүү чиглүүлэхийг эрмэлзэж болно. Энэ нь эцсийн эцэст засаглалын нэг салаа мөчрийг хүчирхэгжүүлж, нөгөөг нь сулруулснаар шаардлага болон дэмжлэгийн зохистой харьцааг өөрчлөгдөхөд хүргэдэг сөрөг үр дагавартай юм.
- Ард түмэнд шууд хандах хэлбэр. Энэ нь ард түмнийг уриалсан уриалга, тунхагийн хэлбэртэй байх бөгөөд албан бус харилцааны сувгуудаар дамжин хэрэгждэг хамгийн ил тод, хүчтэй стратеги юм. Парламент дахь ийм стратеги баримталдаг популистууд өөрийн эдэлж буй бүрэн эрхээ ашиглан олон түмэнд шууд хандаж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг уриалах замаар нөлөөлж, “өндөр оноо авах”-ыг эрмэлздэг онцлогтой.
Тэд хүмүүст тулгараад буй аюул заналхийлэл, гамшиг зовлон, хүндрэл бэрхшээл, ер нь аль болох муу муухай бүхнээр айдас төрүүлж, тэр бүхнийг бий болгож байгаа буруутныг золиг гаргахыг уриалдаг. Түүнчлэн албан бус харилцааны сувгуудыг ашиглан ард түмэнд шууд хандаж, гүйцэтгэх засаглалыг үндэслэлгүйгээр шүүмжлэн, засгийн газарт итгэх итгэлийг алдагдуулахыг эрмэлздэг. Ийм тохиолдолд олон түмний санаа бодолд хууль тогтоох байгууллагыг хамгаалах, ачийг нь хариулах, гүйцэтгэх засаглалд дургүйцэх, эсэргүүцэж үгүйсгэх сэдэл төрдөг. Энэ байдал хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондох улс төрийн зөрчлийг улам хурцатгадаг бөгөөд зөрчилдөөнтэй, тогтворгүй нөхцөлд популист аргыг хэрэглэх нь хууль тогтоогчдын хувьд харин ч ашигтайгаар эргэж, тэдэнд шаардлага болон дэмжлэгийн зүй зохистой харьцааг өөртөө ашигтайгаар өөрчлөх боломжийг олгодог байна.
Гэвч энд нэгэн зүйлийг тэмдэглэхэд популист стратегийн ард түмэнд шууд хандах хэлбэр нь сонгогчдод үнэт зүйлсийн үнэлэмж баримжаалал болон тодорхой асуудалд хандах байр суурь төлөвшихөд эерэг нөлөө үзүүлдэгийн зэрэгцээ олон түмэнд шууд хандаж буй улс төрчдөд харизмыг эзэмших бололцоо олгодог сайн талтайг үгүйсгэж боломгүй санагдана.
- Билэг тэмдгийг ашиглах. Үүнд бусдаас ялгарч, олны анхаарлыг өөртөө татахын тулд содон хувцаслах, этгээд авирлах, “эсэргүү дүр эсгэх, алиалж хошигнох, зүй бус үйлдэл гаргах, өвөрмөц үг хэллэг хэрэглэх зэрэг билэг тэмдгийн аливаа хэлбэр, үйлчлэл үзүүлэхийг багтааж үздэг. Эдгээр билэг тэмдгийг ашиглан төрийн төлөөлөгчид өөрийн бие хүний ертөнцийг олон түмэнтэй холбон тэдний ухамсарт шингээн танин мэдэхүйн хэрэгцээг нь хангах замаар дэмжлэг авч олонд танил болж нэр хүнд нь дээшилдэг байна.
Сүүлийн үед ялангуяа пост Коммунист орнуудад сонгогчид нь тэгш эрх, сонгуулийн эрхээр хангагдаж, улс төрд идэвхтэй оролцох болсон үеэс эхлэн популизмын үзэгдэл хүчтэй дэлгэрэх болсон. Тухайлбал, манай хойд хөршид улс төрчдийн давхраа, бүлэг бүрт нь популизм түгээмэл болжээ гэхэд хилсдэхгүй болов уу. Оросын улс төрчдийн нийгмийн давхраа, бүлэг бүр нь нийтлэг хэм хэмжээ, үйл ажиллагааны Нэгдсэн дүрэм журамтай, өөрийгөө илэрхийлэх чадвар бүхий мэргэшсэн улс төрчдөөс бүрддэг бөгөөд тухайн бүлэгт багтах зайлшгүй нөхцөлүүдийн нэг нь ямар нэгэн хэмжээгээр Популизмыг баримтлах явдал болж байна. Энэ байдал популизмыг Оросын төрийн Думд нүүрлэхэд хүргэж, тэмцлийн популист аргууд депутатуудын бүлэглэлүүдийн бүх спектрийг хамарч байна. 1990-98 онд үйл ажиллагаа явуулж байсан гурван парламентаас өөртөө ямар нэгэн хэмжээгээр популизмыг агуулсан өөр хоорондоо ялгаа бүхий бүтциин гурван хэв шинжийг харж болно. Үүнд:
- Сэхээтнүүдийн популист бүлэг
Энэ бүлгийн үзэл суртал болон сонгуулийн өмнө стратеги нь “ард түмний нэрийн өмнөөс” Зөвлөлтийн тогтолцоог шүүмжлэхэд чиглэгдэж байсан бөгөөд тэдний зүгээс төрийн хуучин коммунист бүтэц, ЗХУ-ын Ерөнхийлөгч, ЗХУКН, ЗХУ-ын Засгийн газар, коммунист депутатуудад хүчтэй шахалт үзүүлж байв.
- Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг төлөөлсөн депутатуудын популист бүлэг
Тэдний үүрэг нь Зөвлөлтийн томоохон монополист корпорацуудын сонирхлыг төлөөлөх явдал байсан бөгөөд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарыг төрийн секторт хэвээр үлдээхийг эрмэлзэж, “үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”-ийг уриалсан популист тактик хэрэглэж байв.
- Төрийн Дум дахь популист нам ба хөдөлгөөн
1993-95 онд Оросын Төрийн Дум дахь фракцууд сонгогчдыг татах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэнд шууд хандаж сүр дуулиантай мэдэгдлүүд хийх, олны анхаарал татсан асуудлуудаар мэтгэлцээн зохион байгуулах зэргээр популист аргуудыг олонтаа ашиглаж байсны дотор OЛAН популист тактикийг мэргэшсэн түвшинд нэлээд үр ашигтай ашиглаж байв. Ялангуяа ОЛАН-ын дарга Жириновский улс төрийн институцүүдийг алгасан олон түмэнтэй шууд холбоо тогтоож, тэдэнд нөлөө үзүүлснээр түүний үндсэрхэг, их гүрний дээрэнгүй үзэлтний дүр төрх, хүний санаанд оромгүй “гажиг” үг яриа нь сонгогчдын тодорхой хэсэгт таалагдаж, бас ч үгүй нэлээд дэмжлэг хүлээж байсныг бид мэдэх билээ.
Популист элементийн уламжлал нарийн далд нууцалж байсан хэдий ч манай улс төрийн лидерүүдэд угаасаа байсан. Харин ардчилалд шилжсэн 90-ээд оноос эхлэн нэг талаар өргөн олон түмэн улс төрийн эрхээр хангагдаж, улс төрийн амьдралд идэвхтэй оролцохыг эрмэлзэх болсон, нөгөө талаар шилжилтийн үеийн бэрхшээл, нийгэм дэх зөрчил гүнзгийрч хурцадсантай холбогдон популист үзэгдэл хаалттай байх аргагүй болж, нийгэмд ил тодоор илрэх болсон.
Шинээр үүсч, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг манлайлж байсан “Монголын ардчилсан холбоо”, “Шинэ дэвшилт холбоо”, “Ардчилсан социалист холбоо”, “Сүсэгтний холбоо” зэрэг ардчилсан хүчнүүд хүнд суртал бүхий хуучин тогтолцоог үндсээр нь өөрчлөх, эдийн засгийн шинэчлэл хийж зах зээлийн харилцаанд шилжих, улс төрийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хуульчлан баталгаажуулах зэрэг популист шаардлага тавьж, “Монгол ах дүү нараа, Мориндоо!”, “Өнөөдөр хийвэл, маргааш хожно!”, “Айвал бүү хий, хийвэл бүү ай!” гэх зэрэг уриа лоозон барин тэмцсэн нь олон түмний зүгээс ихээхэн дэмжлэг хүлээсэн билээ. Энэ үед эрх баригч нам, түүнийг тойрон хүрээлэгчид өөрчлөлт шинэчлэлд үл итгэх, үгүйсгэх, эсэргүүцэн тэмцэх арга тактик баримталж байсан бөгөөд бүхнийг бэлнээр ханган нийлүүлэгч “Социализмын материал техникийн бааз”-ыг нураасан, “социализмын их бүтээн байгуулалт”-ыг бусниулж, “гэрэлт ирээдүй”-г бөхөөсөн гол буруутныг хайж, бүхнийг ардчилал руу чихэж, социалист бие хүний итгэл үнэмшил болсон “домогт социализм”-ыг дуусгасан буруутнаар “хотын хулигаанууд болох ардчиллын анархист залуучууд”-ыг тодруулан “ард түмний дайсан мэтээр олон түмэнд ойлгуулахыг оролдож байв.
Ийм байдлаар шинээр үүсч бий болсон ардчилсан хүчнийхэн, өөрчлөн байгуулалтын үзэл санааг хүлээн авсан дүр эсгэвч өмнөхөө санагалзагч хуучинсаг үзэлтнүүд хоорондын зөрчил тэмцэлдээ аль аль нь олон түмний сэтгэл зүйд шууд нөлөөлөх арга тактик баримталж, популист уриа лоозонгуудыг олноор ашиглаж байсан.
Үүнээс гадна манайд сонгуулийн кампаний үед популизм ихээр идэвхжин сэргэдэг. Энэ үеэр улс төрийн намууд, нэр дэвшигчид ямар ч үнээр хамаагүй олонхийн дэмжлэг авч сонгуульд ялахын тулд толгойдоо орсон, амандаа багтсан болгоныг амлах, хий хоосон амлалт, хуурамч сүржин уриа лоозон дэвшүүлж олон түмнийг өөртөө татахыг оролдох нь ихэсдэг. Энэ хэмжээгээрээ ч олны танил, нэр хүндтэй, уран Цэцэн үгтэй жүжигчид, зохиолчид, Нэвтрүүлэгчид мэргэшсэн парламентаруудаас илүүтэй сонгогдчих явдал байх нь бий.
Ер нь сүүлийн үед улс төрчид сонгуулийн кампанидаа Популист арга барилыг нэлээд чухалд тооцож үзэх болсон бөгөөд үр ашигтай ашиглаж ялалт байгуулсан тохиолдол олон бий. Тухайлбал, Их Британий Ерөнхий сайд Тони Блэр сонгуулийн кампанидаа америкийн технологийг ашиглаж Билл Клинтоны бие хүний нөлөөллийн хувилбарыг (Их сургуульд суралцаж байхдаа рок группын гоцлол дуучин байсан, дунд сургуулиа төгсөөд хэдэн сар барилгачнаар ажилласан, Парисид 10 хоног туслах ажилтан хийж байсан, гурван хүүхдээ өглөө бүр хооллож, сургуульд нь хүргэж өгч, авдаг, эцэг эхийн хуралд сууж, сургуулийн төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол оролцдог гэх мэт) туршиж үзсэн нь амжилттай болсон. Лейбористуудын кампаний онцлог нь улс төрчид, улс төрийн байгууллагуудын түвшинд бус харин бүх хүмүүст энгийн ойлгомжтой байх тийм түвшинд явагдсан байна. Ингэхдээ кампаний үед шийдвэрлэвэл зохих хоёр үндсэн зорилт дэвшүүлжээ. Үүнд:
- “Шинэ лейбористууд”-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
Үүний тулд лейбористууд “тиймээ, бид урьд нь ялагдсан нь үнэн. Гэвч энэ бол хуучин лейбористууд ялагдсан хэрэг, харин одоо шинэ лейбористууд заавал ялах болно, тэд өөр хүмүүс” гэсэн логикт түшиглэн парламентын энэхүү сонгуульд “шинэчлэгдсэн” гэж итгэгдэхүйц дүр төрх бүрдүүлэх үүднээс “Шинэ лейбористууд, Шинэ Британи. Шинэ үйл явдал” гэсэн уриаr британы төрийн далбаан дээр бичиж сонгогчдоор шинэ лейбористуудыг шинэ Британитай адилтгуулах оролдлого хийсэн. Түүнчлэн “Шинэ лейбористууд бол таны итгэлийг хүлээж чадах Тони Блэрээр толгойлуулсан орчин үеийн нам” гэсэн санааг ч олон түмэнд өгч байв.
- Бүх лоозон, бүх үнэлэлт дүгнэлтүүдийг “хүнд сурталт алба”-ны хэлнээс жирийн хүмүүсийн, гудамжны хэлэнд хөрвүүлэх. Тухайлбал, “төрийн сургуулийн арван Нэгдүгээр ангийн сурагчдын талаас илүү нь математик, англи хэлний 1995 оны стандартын түвшинг хангаж чадахгүй байна. Энэ бол британы хүүхдүүдийг хуурч буй хэрэг мөн” гэх зэргээр ухуулга сурталчилгаагаа жирийн хүмүүс аль болох хялбар дөхөм ойлгохоор томъёолон танилцуулж байсан.
Энэ бүхэн парламентын сонгуульд ялагдсан хуучин нам, олон түмний санаа бодол, сэтгэл зүйд тулгуурлан “билэг тэмдгийн шинэчлэл хийх маягаар популист арга барилыг оновчтой ашиглаж чадвал хэрхэн ялалтанд хүрч болохыг харуулах тодорхой жишээ мөн бөгөөд манай эрх баригч нам, түүний лидерын хувьд үүнээс авсан зарим үлгэр нь олонхийн дэмжлэгээр засгийн эрх авахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэстэй юм.
Популизм янз бүрийн улс орны өөр өөрийн онцлог бүхий үзэл баримтлалтай улс төрийн хүчний үйл ажиллагаанд тeдийгүй хувь хүний улс төрийн үйл байдалд ч ямар нэгэн хэмжээгээр, аль нэгэн хэлбэрээр цаашид ч бодитойгоор оршсоор байх болно. Ийм учраас олон нийтийн санаа бодолд нөлөөлөх хүчтэй арга хэрэгслийн нэгэнд тооцогддог зарим тохиолдолд төрийн аль нэг байгууллага, улс төрийн намын боловсруулсан ямар нэгэн бодлого, чиглэл, хөтөлбөрөөс ч илүүтэй олон түмэнд нөлөө үзүүлж чаддаг популизмын мөн чанар, түүнд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлс, учир шалтгаан, холбоо хамаарал, үр дагаварыг шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилж судлах, танин мэдэх шаардлага их байна.
[1] Wortman R.Crisis of Russian Populism. 1967. 16-17.
[2] Hofstadter R. The Age of Reform. From Bryan to FDR.N.Y.1955.61.
[3] Goldmen E.F.Rendezvois with Destiny. A History of Modern American Reform.N.Y.1956.46.
[4] Гитлер А.Моя борьба: Пер.с нем. Ашхабад.1992.243.
[5] Московичи С.Век толп. М., 1996.
[6] Populism. Its Meanings and National Characteristics. Ed. By Jonescu G. Geliner E.L. 1969.159.
[7] Аверин Ю.П., Солохин В.А. Особенности формиравания популизма в детятельности представительных органов государственной власти: теоретико-методологический анализ //Вестн.Моск. Ун-та.Сер 18. 1998.\\
[8] Заславский С.В. Икбирательная система в условиях федеративного государства: опыт современной России. // Вестн.Моск. Ун-та.Сер 18. 1998.\\
[9] Populism. Its Meanings and National Characteristics. Ed. By Jonescu G. Geliner E.L. 1969.159.