Б.Алтансүх
/УТБА-ийн багш/
Шинэ толь №45, 2003
Түлхүүр үг:эдийн засгийн систем, тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, Эдийн засаг, иргэний нийгэм
Аливаа улсын эдийн засгийн систем, түүний онцлог нь улс төрийн орчноос нь олон талаар хамаарч, түүний өөрчлөлт нь мөн эдийн засгийн өөрчлөлтийг дагалдуулдаг нь гарцаагүй юм. Нөгөө талаас ямар ч улс төрийн систем иргэдийнх нь Хэвийн амьдрах бололцоог хангасан эдийн засгийн орчингүйгээр тогтвортой оршин тогтнохгүй. Иймээс ч улс төр болон эдийн засгийн үйл явцууд нь хоорондоо нягт уялдаатай, олон талт, нарийн төвөгтэй шинжтэй байдаг.
Бизнес ба улс төр
Бизнес болон улс төрийн үйл явцын харилцан нөлөөллийн асуудал харьцангуй бага судлагдсан, өнөөг хүртэл судлаачдын хувьд нэлээд маргаан үүсгэдэг сэдэв байсаар ирлээ. Аж ахуйн үйл ажиллагаанд дотоодын болон гадаадын олон хүчин зүйл хүчтэй нөлөөлж байдаг. Энд аль нэг улсын эрх баригч улс төрийн хүчин солигдох, улс төрийн хямрал үүсэх, олон улсын харилцааны шинэ эрх зүйн горим үйлчилж эхлэх гээд олон зүйлийг дурдаж болно. Араб-Израилийн хооронд үүссэн дайнаас үүдэж, газрын тосны үнэ эрс өссөнөөр Өрнөдийн орнуудыг доргиосон 1970-аад оны эрчим хүчний хямралыг л санахад хангалттай. Үүний сөрөг үр дагавар нь зөвхөн газрын тосны салбараар тогтохгүй эдийн засгийн бүх салаа мөчрийг хамарч, бизнесийн үр ашигт сөргөөр нөлөөлж байв.
Мэдээж, аж ахуйн хэвийн үйл ажиллагаанд гадаад хүчин зүйлүүд ихээхэн нөлөөтэй. Гэсэн ч дотоод хүчин зүйлс, түүний дотор улс төрийн хүчин зүйлс үүнээс ч дутахгүй нөлөөтэй юм. Бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлөлтэй улс төрийн хүчин зүйлсэд улс төрийн хямрал, дайн буюу зэвсэгт мөргөлдөөн, ажил хаялт, шашин, омгийн хоорондын мөргөлдөөн, төрийн дотоодын зөрчил зэргийг дурдаж болно. Мэдээж, улс төрийн талбар эдгээрээс хамаагүй өргөн бөгөөд дээр дурдсан хүчин зүйлс нь байнга тохиолддог цөөн сөрөг хүчин зүйлсийг авч үзсэн.
Улс төрийн орчин ямар байх нь аж ахуйн үйл ажиллагаанд хамгийн эерэг нөлөөтэй байх вэ? Энд олон зүйлийг дурдаж болох хэдий ч ямар ч орны хувьд гарцаагүй яригддаг хүчин зүйлс бол
- Улс төрийн тогтвортой байдал
- Хувийн секторт хандсан төрийн дэмжлэг юм.
Улс төрийн тогтвортой байдал гэж юу вэ?
Энэ бол улс төрийн ямар ч хөдөлгөөнгүй, хувиран өөрчлөгддөггүй нөхцөл байдал огт биш юм. Энэ нь бизнест нөлөөлдөг улс төрийн аливаа үйл явц нийгмийн зохистой дэг журам, хууль ёсыг сахин хамгаалж мөрдүүлдэг ардчилсан институциудаар зохицуулагддаг, үүний хамт аль нэг бүлэглэл юмуу улс төрийн хүчний үнэмлэхүй давамгайлал хязгаарлагдсан орчинг авч үздэг. Гэхдээ зүгээр л ардчиллыг тогтоох нь улс төрийн тогтвортой байдлыг бий болгох дөнгөж эхлэл л юм гэдгийг дэлхийн туршлага харуулж байна. Бизнес болон улс төрийн хамгийн зохистой харилцан үйлчлэл тогтсон гэж үздэг АНУ-д Үндсэн хуулийнхаа дагуу “гурван гол тогтворжуулагч” үйлчилж байдаг. Үүнд:
- Шууд ард түмнээсээ сонгогддог ерөнхийлөгчийн сонгууль нь нийт үндэстний төлөөллийг бий болгодог.
- Дээд, доод танхимтай хууль тогтоох засаглалын зөвхөн доод танхим буюу төлөөлөгчдийн танхим л ард түмнээсээ сонгогдож, дээд танхим буюу сенат муж улсуудаас хурлаас сонгогдохын хамт түүний бүрэлдэхүүний 1/3 нь 2 жил тутам солигддог. Ингэснээр бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бүлэглэлүүдийн хүчний тэнцвэрийг хангадаг. АНУ-ын судлаач Д.Риддекийн хэлсэнчлэн АНУ-д хэзээ улс төрд асар нөлөөтэй байсан Японы “Мицуи”, “Мицубиши” монопольт нэгдэлтэй адил бүтэц юмуу бүлэглэл байгаагүй юм.
- АНУ-ын Дээд шүүх зөвхөн ерөнхийлөгч болон Сенатаас сонгогдож, сонгогчид болон бизнесийн хүрээнийхнээс ямар ч хамааралгүй байдаг.
Эдгээр бүх институциуд нь эцсийн дүндээ зохистой харилцан хамаарал болон нөлөөллөөрөө дамжуулан бизнест тогтвортой орчныг бүрдүүлдэг.
Хувийн секторт хандсан төрийн дэмжлэг гэж юу вэ?
Энд бидний байнга улигладаг төрийн татаас, татварын хөнгөлөлт гэхээс өмнө хамгийн гол нь бизнес өөрийн жамаараа хөгжих боломжийг төр дээд зэргээр бүрдүүлэх тухай л асуудал байнга яригддаг. Үүний тулд төр дараахь зүйлүүдийг хийх ёстой. Үүнд:
- Шударга өрсөлдөөнийг баталгаажуулсан, бүх аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг аль болох тэгш, зохистой хамгаалах асуудлыг үргэлж тэргүүн эгнээнд тавина.
- Бизнес зохистой хөгжих орчин болсон эдийн засгийн дэд бүтцийг бий болгох асуудлыг төр шийдэх ёстой. Энэ нь бизнесийг эрсдлээс хамгаалсан механизмыг бүрдүүлэх, Хэвийн санхүүгийн орчныг баталгаажуулах, бүх талуудын эрх ашигт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бий болгох зэрэг асуудлууд билээ.
- Орчин үеийн эдийн засагт төрийн оролцоотой шийдэгддэг нэг асуудал бол нийт эдийн засгийн нөөцийн хуваарилалтын асуудал болжээ. Энэ нь төрийн секторын хэмжээг нэхэм бус харин өөрийн онцлогт тохирсон эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх тухай л асуудал юм.
Тухайлбал, АНУ болон аж үйлдвэржсэн бусад орнуудад
- Хамгийн томоохон 500 аж ахуй буюу корпораци нийт үйлдвэрлэлийн 50 хувиас илүүгүйг бий болгодог
- Санхүү-аж үйлдвэрийн бүлэглэлүүд болон төрийн сектор нийт капиталын 70-90 хувиас илүүгүйг хянадаг
- Жижиг ба дунд хэмжээний бизнес нийт аж ахуйн нэгжүүдийн талаас багагүйг бүрдүүлдэг тэр бүтэц л хамгийн зохистой гэж тооцогддог.
Мэдээж энэ нь бүх оронд тааруулсан жор биш ямар нэг хэмжээгээр харгалзаж үзэж болох тухайн орнуудын бодит байдлаар батлагдсан туршлага билээ.
Бизнес болон улс төрийн харилцааны асуудлыг авч үздэг нийгмийн сонголтын онолын[1] чиглэлийг баримтлагчид улс төр-эдийн засгийн шийдвэрийг гаргахдаа шинэ арга барилаар хандаж, энэ үйл явцуудын мөн чанарыг цоо шинэ арга зүйгээр тайлбарлаж байна.
Юуны өмнө нийгмийн сонголтын онолын дагуу улс төр бол эдийн засгийн үйл ажиллагааны нэгэн хэлбэр юм. Иймээс ч түүнийг судлахдаа эдийн засгийн арга барилын дагуу бараа, эрэлт, нийлүүлэлт, үнэ, ашиг, хэлэлцээ тохиролцоо, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, эрсдэл болон бусад ойлголтуудыг ашиглах ёстой. Нийгмийн сонголтын онолын эхлэлийн баталгаа нь бизнес эрхлэгчдэд юуны өмнө хувийн ашиг хэрэгтэй байдаг бол улс төрчид мөн л өөрсдийн эрх ашгийг юуны өмнө тавьдаг гэдгээс эхлэлтэй юм. Ялгаа нь зөвхөн аж ахуй эрхлэгчид эдийн засгийн талбарт, улс төрчид улс төрийн талбарт өрсөлддөг гэдэгт л оршино.
Харин энд гол асуудал гарч ирнэ. Хэрэв бизнес эрхлэгчид аж ахуйн ашгаа ихээр нэмэгдүүлэхийг сонирхдог бол улс төрчид юу сонирхдог вэ? Нийгмийн сонголтын онол энд маш энгийн хариулт өгдөг, улс төрчид өөрийн эрх мэдлийг хамгийн ихээр нэмэгдүүлж, түүнийгээ хадгалж, бэхжүүлж байхын тулд сонгогчдыг өөртөө татахыг эрмэлздэг.
Улс төр бол эдийн засгийн нэгэн том хөрөнгө оруулалтын талбар юм. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалт эдийн засгийн аль ч салбарын хөрөнгө оруулалтаас илүү их ашгийг өгч байгаа юм. Иймээс ч улс төрчид болон бизнесийн хүрээнийхэн нягт холбоотой байдаг ба тухайлбал, АНУ-д лобби хийдэг бүлэглэлүүдийн эргэлдүүлдэг хөрөнгө хамгийн том 10 муж улсын төсвөөс ч давдаг гэсэн баримт бий.
Яагаад энэ хөрөнгө оруулалт туйлын ашигтай вэ?
Санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын өгөмж дунджаар 1990-ээд онд 15-30% байсан бол судалгаанаас үзэхэд зөвхөн Европын Холбооны сүү үйлдвэрлэгчид л гэхэд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалж ашиг олжээ[2]. Тухайлбал, сүү үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах нэг л лобби бүлэглэл өөрийн зорилгодоо жилд дунджаар 50 мянган доллар л зарцуулсан бол тухайн лоббийг санхүүжүүлдэг аж ахуй эрхлэгчдийн татаасаар дамжуулан авсан хөрөнгө оруулалтын хэмжээ 10 сая доллараас ч давсан байх юм. Ингэснээр дараагийн сонгуульд өөрийн улс төрч юмуу намыг ялуулахын тулд ямар ч их мөнгө дахин зарцуулахад гарзгүй тийм байдал бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэл маш бага байна. Судлаачдын дүгнэснээр, хэрэв барилгын салбарт хөрөнгө оруулбал эрсдлийн магадлал 20 хувиас доошгүй байгаа бол улс төрийн хөрөнгө оруулалт бараг ямар ч эрсдэлгүй ажээ. Жишээлбэл, дээр дурдсан сүү үйлдвэрлэгчдийн хувьд бараг бүх улс төрийн намд хөрөнгө оруулалт хийдэг учраас хэн ч ялсан алдагдал хүлээхгүй. Харин сонгуульд ялсан нам юмуу улс төрчид төлсөн мөнгөнийхөө хэмжээнээс хамаарч хэр ихийг буцаан авч чадах вэ гэдэг асуудал л нээлттэй байдаг.
Тэгвэл үүнийг сонгогчид яагаад эсэргүүцдэггүй юм бэ?
Цэвэр эдийн засгийн үр ашгийн үүднээс энэ нь ямар ч утга учиргүй ажээ. Тухайлбал, хэрэв сүү үйлдвэрлэгчид өөрийн лоббигоор дамжуулан 10 сая долларын татаас авбал энэ нь энгийн нэгэн сонгогчид 4 цeнтийн хохирол буюу татварын өсөлт авчирна. Хэрэв үүнийг эсэргүүцэж эхлэвэл үүнээс хамаагүй их зардал гарах нь ойлгомжтой.
Левиатанчууд Аюул[3]
Улс төр болон эдийн засгийн үйл явцын хамаарлыг авч үздэг нийгмийн сонголтын онолын нэгэн гол судалгааны чиглэл нь нийгэм дэх хүнд суртлын асуудал байдаг нь тэрээр индивидийн сонголтын боломжийг бууруулж, цаашилбал төрийн үйл ажиллагааны үр ашгийг бууруулдагтай уялдаатай. Ямар ч ардчилсан сонгуулиар байгуулагдсан хууль тогтоох засаглал (парламент) гүйцэтгэх засаглалыг (Засгийн газар) байгуулж, харин гүйцэтгэх засаглал нь төрийн үүргийг хангах явцдаа хүнд суртлын өргөжсөн бүтцийг бий болгодог. Мэдээж эдгээр бүтэц нь сонгогчдын төлөө л үйлчлэх үүрэгтэй. Гэвч бодит байдалд парламентыг буюу түүний гишүүдийг сонгосон сонгогчид төрийн бюрократ бүтцийн хяналтанд ордог.
Бьюкенены авч үзсэнээр бюрократ систем хамгийн багаар авч үзэхэд дор дурдсан гурван шалтгаанаас хамаарч сонгогчдын жинхэнэ хүсэн хүлээсэн эдийн засгийн үр ашгийг бий болгож чаддаггүй. “Хүнд суртлын аюул” нэгт, тэрээр сонгогчдын хүсэлд нийцсэн бус, харин тодорхой бүлгүүдийн гарган тавьсан шалгуурыг баримтлан сонголтоо хийдэг, хоёрт, засаглалын суваргын дээд түвшингээс доод түвшин нь шууд хараат байхын хамт ямар ч тэгш хяналтын боломж байдаггүй, гуравт, эрх мэдлийг олж авах, хадгалахын тулд асар их нөөцийг үргүй зарцуулдаг боловч энэ зардлаа нийгмийн бүх гишүүд буюу сонгогчидоороо л төлүүлдэгт оршино.
Нийгмийн сонголтын онолын дагуу бол бюрократ бүтэц ямар ч баялаг бий болгодоггүй, харин өөрийн орлогоо нийт сонгогчдын “халааснаас” бүрдүүлэх боловч тэдний үйл ажиллагаа сонгогчдын эрх ашигтай шууд уялддаггүй. Төрийн суваргын янз бүрийн шатны бюрократ бүтэцийн үйл ажиллагаа хууль тогтоох болон юуны өмнө гүйцэтгэх засаглалын шийдвэрийг биелүүлэхэд л чиглэгддэг. Эдгээр бүтэц нь аль хэдийнээ батлагдсан хуулиудыг хэрэгжүүлээд зогсохгүй, хууль боловсруулах, батлахад өөрөө оролцож байдаг.
Ямар ч төр, аль ч цаг үед хүнд сурталгүй байсан нь үгүй юм. Иймд энэ нь хэдийгээр хүлээн зөвшөөрөгддөг боловч төрийн аппаратын хэмжээ зогсолтгүй нэмэгдэх тусам түүний сөрөг талууд нь улам бүр тод илэрч, төрийн үйл ажиллагааны үр ашиг буурдаг. Төрийн үйл ажиллагааны үр ашиг энд онцгой анхаарал татаж байгаа юм. Хувийн аж ахуйн нэгжийн хувьд ашгийн өсөлт нь үйл ажиллагааны гол, энгийн шалгуур байдаг. Гэтэл төрийн үйл ажиллагааны хувьд ийм шалгуурын талаар нэгдсэн үзэл санаа өнөө хэр байхгүй байгааг хүлээн зөвшөөрүүштэй. Хамгийн эмгэнэлтэй нь төр өөрийн хүлээсэн үүргээ хангаж чадахгүй байх тусам улам их хөрөнгө зарцуулж, тодорхой чиглэлээр ажилладаг түшмэдийнхээ тоог нэмэх нь маш элбэг тохиолддог. Харин хувийн аж ахуйн нэгжийн хувьд ашиггүй салбар юмуу нэгжээ хаах л ганц зам байдаг.
1974 оноос эхлэн АНУ-ын судлаач Энн Крюгерийн боловсруулсан улс төрийн рентийн онол нь нийгмийн сонголтын онолын томоохон дэвшил болсон билээ. Улс төрийн рент нь улс төрийн үйл явцаар дамжуулан эдийн засгийн рентийг эрж хайх үйл явц билээ.
Бьюкенены бичсэнээр[4] “улс төрч парламентад сонгогдсон тохиолдолд хэдийгээр тэрээр сонгогчдын зүгээс хянагддаг, тэдний үзэл бодлыг харгалзах ёстой боловч өөрийн ашиг сонирхолд хамгийн ихээр нийцсэн шийдлийг сонгох боломжийг олж авдаг нь төлөөллийн ардчиллын нэгэн сул тал юм. Тэрээр сонгогчдынхоо эрх ашгийг бус, өөрийн юмуу бүлгийнхээ эрх ашгийг хангасан шийдвэрийг гаргах нь элбэг. Гэсэн ч тэрээр дараагийн сонгуульд ялахын тулд өөрийн үйл ажиллагааг сонгогчдоор дэмжүүлэх хэрэгцээтэй.”
Иймээс сонгуулиудын хооронд Засгийн газраас явуулдаг үйл ажиллагаа тодорхой зүй тогтолд захирагддаг гэсэн үзэл баримтлалыг нийгмийн сонголтын талын судлаачид гарган тавьсан билээ.[5] Үүнийг улс төр-эдийн засгийн мөчлөг гэж нэрлэнэ (Зураг 1). Сонгуулийн дараа хэрэв урд нь сөрөг хүчин байсан нам засгийн эрх авбал энэ мөчлөгийн хэлбэлзэл улам их байх нь бий. Төсвийн алдагдлыг бууруулах, төрийн аппаратыг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээхгүй нийгмийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх оролдлого хийнэ. Шинээр гарч ирсэн улс төрийн хүчин сонгуулийн өмнөх амлалтынхаа ядаж багахан хэсгийг нь ч биелүүлэхээр чармайна. Гэвч эдийн засгийн идэвхжил буурч, энэ нь засгийн газрын нэр хүнд доод цэгтээ хүртлээ унах хүртлээ үргэлжилнэ. Дараагийн сонгууль ойртсоноор Засгийн газар эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, ядаж л эдийн засгийн өсөлт хурдасч байгаа гэж олон нийтэд итгүүлэхийг чармайна.
Энд Т1Т2, хэсэг нь засгийн газрын нэр хүндийн уналтын үе, T2,T3, нь ирэх сонгууль ойртсонтой уялдуулан эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буй үеийг харуулна. Эдийн засгийн идэвхжлийн оргил цэг нь сонгуулиас өмнө тохиох ёстой ба хэрэв ингэхгүй бол сонгогчид үүнийг хүлээж авч, үнэлэхгүй. Энд мөн Т3, цэгт тохиох оргил идэвхжил нь өмнөх засгийн газрын Т1, идэвхжлийн түвшнээс доогуур биш байх нь нэн чухал. Сонгуулийн хоорондох эдийн засгийн идэвхжлийг харуулдаг улс төр-эдийн засгийн мөчлөг нь дээрхи зүй тогтолд л захирагддаг хэд хэдэн дэд мөчлөгөөс тогтож болох ч эцсийн дүндээ өмнө нь байсан засгийн газраасаа ихийг хийж, үүнийгээ сонгогчдоор хүлээн зөвшөөрүүлсэн засгийн газар л сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байдаг.
Нийгмийн улс төр ба эдийн засгийн үйл явцын хамаарал
Хамгийн түрүүнд улс төрийн үйл явц эдийн засгийн тогтвортой байдал, эрчимтэй хөгжлөөс ямар байдлаар хамаарч буйг авч үзүүштэй. Нэгд, юуны өмнө аливаа улс төрийн хүчин засгийн эрхийг авах эсэх нь хэрэв засгийн эрхийг авсан тохиолдолд тухайн нам ямар бодлогыг хэрэгжүүлэхээ хэрхэн томьёолсноос шууд хамаарна. Зохистой эдийн засгийн бодлогоор дамжуулж сонгогчдын хүлээлтийг өөрсдөд нь биелэх боломжтой гэж ойлгуулж чадсан тэр нам л сонгогчдын саналыг өөртөө татдаг. Ийм ч учраас орчин үеийн ардчилал тогтсон дийлэнхи орнуудад сонгуулийн өмнө амлаж байсан хөтөлбөрөө засгийн эрхийг авсан тохиолдолд заавал биелүүлэх ёстой болдог. Иймээс ч сонгогчид улс төрчдийн сонгуулийн өмнөх амлалтанд бодит хэрэгжих хөтөлбөр мэт л ханддаг. Иймээс ч улс төрийн эрх мэдэл эхнээсээ л эдийн засгийн боломжид тулгуурладаг гэдгийг тэмдэглүүштэй.
Хоёрт, улс төрийн эрх мэдлийг олж авах нь чухал боловч түүнийг тогтоон барих, ингэхдээ өөрийн мэдэлд буй нөөцөөр амлалтаа хэрхэн зөв биелүүлэхээ шийдэх нь үүнээс ч дутахгүй чухал юм. Энд улс төрийн хүчин өөрийн байр суурийг бэхжүүлэх, олон нийтийн дэмжлэгийг хүлээх, өөрийн сонгогчидддоо жинхэнэ утгаараа хүлээн зөвшөөрөгдөх асуудал гарч ирдэг. Эдгээрийн эерэг үр дүн нь хэрэгжүүлж буй улс төрийн бодлого, түүнийг сонгогчид хэрхэн хүлээж авч буйгаас шууд хамааралтай. Тухайлбал, 1996 оны Монгол улсын парламентын сонгуульд ялсан Ардчилсан эвслийн эдийн засгийн бодлогын эхний алхмууд сонгогчдод сөрөг сэтгэгдэл авчирсан нь хэдхэн сарын дараа болсон орон нутгийн сонгуульд ялагдах нэгэн нөхцөл болсныг мартамгүй. Мэдээж, сонгогчид эдийн засгийн тогтвортой байдал, амьжиргааны сайжралт, бизнесийн зохистой дэмжлэг, хангалттай нийгмийн хамгааллыг баталгаажуулж чадсан засгийн газар, тэрхүү засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн хүчнийг л дэмжинэ. Хэрэв сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэх боломжгүй буюу түүнээсээ татгалзсан тохиолдолд сонгогчдын дэмжлэгийг алдаж, улс төрийн тавцнаас шахагдах эхлэлээ л тавих болно.
Гуравт, аливаа томоохон улс төрийн шийдвэр буюу бодлого (шинэчлэл хэрэгжүүлэх, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх болон хөгжлийн хурдцыг түргэсгэх зэрэг) найдвартай, алсын!
хараатай эдийн засгийн зохистой бодлогыг заавал шаарддаг. Хэрэв аливаа томоохон улс төрийн шийдэл зохистой хэрэгжих эдийн засгийн нөөц байхгүй бол зөвхөн “цаасан дээр л үлдэж, түүнийг тунхагласан улс төрийн хүчний алдааг сонгогчдод үргэлж сануулах болно Тухайлбал, 1960-аад оноос хуучин ЗХУ-д эхэлсэн коммунизм байгуулах өргөн хүрээтэй хөтөлбөр 1980-аад он гэхэд бүрэн дампуурч, коммунист нам, цаашилбал улс төрийн систем нь нуран унахад нэгэн голлох эх сурвалж болсон. Мөн гол нэр төрлийн хүнсний барааны үйлдвэрлэл хэрэглээгээр АНУ-ыг гүйцэн түрүүлэх зорилгыг ЗХУ 1960-аад оны эхээр тунхагласан боловч цэргийн аж үйлдвэр болон ХАА, хүнсний салбарт зэрэг зарцуулах хөрөнгө дутагдалтай байснаас 1980 он гэхэд АНУ-тай харьцуулсан хүнсний хэрэглээ бүр ч дордсон байх жишээтэй.
Дөрөвт, эдийн засгийн хөгжлийн түвшин болон хэрэгжүүлж буй бодлогын амжилт заавал дараагийн улс төрийн үйл явцын угтвар нөхцөл болж байдаг. Өмнө дурдсанчлан, ЗХУ-ын эдийн засгийн зогсонги байдал, нэг байрандаа олон жил “дэвхэцсэн” байдал нь улс төрийн тогтворгүй байдал, олон нийтийн эрх баригчдад үл итгэх хандлагыг улам хөөрөгдсөн. Гэтэл зохистой , эдийн засгийн бодлого явуулж, эдийн засгийн хөгжлийн хурдцаа өсгөж чадсан дарангуйлагч дэглэмүүд ч гэсэн сонгогчдын дэмжлэгийг хүлээж, аажмаар ардчиллын зүг тэмүүлэх хандлага (тухайлбал, Тайвань, Чилийг дурдаж болно) мөн ажиглагдаж байгаа юм. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдал, хурдацтай өсөлт нь улс төрийн үйл явц зохистой өрнөхөд нэн чухал гэж дүгнэхэд хүргэж байна.
Тогтвортой байдлыг хангах нь нарийн төвөгтэй, олон хүчин зүйлээс хамаардаг. Энд нэгэн чухал бүрдүүлэгч нь нийгмийн “дунд давхаргын” эрчимтэй өргөжилт, улс төр болон эдийн засгийн оролцоог нэрлүүштэй. Өөрийн өмчтэй, түүнийгээ хамгаалах эрмэлзэлтэй хүмүүс олшрохын хэрээр тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төрийн бодлогод хандах сонгогчдын дэмжлэг өргөждөг ажээ. Иймээс орчин үед засгийн газрууд жижиг, дунд бизнесийг дэмжиж, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийг тэтгэх бодлогыг барих боллоо. Тухайлбал, Их Британид М.Тэтчер ерөнхий сайд болох үед улсын нийт өрхүүдийн 35% хувийн байшинтай байсан бол түүнийг засгийн эрхээ орхих үед энэ үзүүлэлт 65 % хүртэл нэмэгджээ. Үүний үр дүнд дараагийн консерватив ерөнхий сайд нэг их бэрхшээлгүйгээр сонгогдсон. Харин 1990-ээд оны эхнээс үүдэлтэй Европын эдийн засгийн зогсонги байдал Лейбористуудад засгийн эрх шилжихэд хүргэсэн билээ,
Улс төрийн эрх мэдлийг бэхжүүлэхэд эдийн засгийн нөлөөлөл
Өмнөх бүлэг эдийн засгийн бодлогын амжилт улс төрийн эрх мэдлийг бэхжүүлэхэд нэн чухал үүрэгтэй болохыг гарган тавьсан билээ. Тэгвэл улс төрийн аливаа хүчин өөрийн эрх мэдлийг хадгалах, өөрөөр хэлбэл, сонгогчдын итгэлийг хүлээж, тэдний дэмжлэгийг авахад эдийн засгийн хүчин зүйл мөн чухал үүрэгтэй юм. Иймээс ч Францын нэрт улс төр судлаач Жан Блонделийн бичсэнээр “орчин үеийн улс төрчдөд сонголт хийх боломж бараг байхгүй. Тэд зөвхөн эдийн засгийн зохистой хөгжлийг хангахад л чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой, үгүй бол тэд эрх мэдлээ алдана”[6].
Эдийн засгийн сэдэв улс төрчдийн анхаарах ёстой асуудлуудын анхаарлын төвд байж, засгийн эрхийг барих бүх л хугацаанд түүний үйл ажиллагааны магадгүй хамгийн чухал хэсэг болдог. Энд дурдсанаар тогтохгүй улс төрч сонгогдохоосоо бүр өмнө Хэрэв сонгогдсон тохиолдолд хэрэгжүүлэх бодлого, хийх алхмуудынхаа талаар хөтөлбөрийг гарган тавих хэрэгтэй байдаг. Мэдээж, хөтөлбөрийн гол зорилго нь амьжиргааны түвшин, эдийн засгийн хөгжлийн асуудалд чиглэх ёстой. Судлаачдын дүгнэлтээр дийлэнхи сонгогчид аливаа улс төрийн хүчний дотоодын маргаан тэмцлийг төдийлөн сонирхдоггүй бол харин амлалтаа хэрхэн биелүүлж буйг анхааралтай ажиглаж байдаг ажээ.
Улс төрийн нам буюу улс төрчийн эдийн засгийн хөтөлбөр нь шинэлэг, бүтээлч, олон зорилгыг цогцоор нь хэрэгжүүлэх боломжийг хангасан, бусдаас ялгагдах онцлогтой, ҮҮ хамт сонгогчдын итгэлийг хүлээхүйц, зохих эдийн засгийн нөөцөөр баталгаажсан зэрэг шинжүүдийг агуулах ёстой. Энэ бүх шаардлагыг хангасан эдийн засгийн хөтөлбөрийн нэгэн жишээ бол АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейганы төрийн эрх барьсан 8 жилдээ хэрэгжүүлсэн эдийн засгийн хөтөлбөр байсан гэж судлаачид үздэг. Түүний эдийн засгийн хөтөлбөр үнэхээр өвөрмөц, олон талтай байсан ба түүхэнд “Рейганомика” гэж орсон билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд шийдэхээр дэвшүүлсэн асуудлууд харьцангуй олон байсны хувьд туршлагатай эдийн засагчид ч түүний амжилтанд эргэлзэж байжээ. Энд инфляцийн түвшинг эрс бууруулах, ажилгүйдлийг багасгах, төсвийн алдагдлыг хумих зэрэг урьд хэзээ ч зэрэг шийдвэрлэх боломжгүй гэж тооцогдож байсан асуудлууд багтжээ. Гэвч Рейганы эдийн засгийн хөтөлбөр үндсэндээ хэрэгжсэн билээ. Үүний хамт түүний гадаад бодлогын талбарт олсон амжилтыг тооцвол түүний залгамжлагч Ж.Буш сонгуулийн өмнө Ардчилсан намын нэр дэвшигчтэй харьцуулахад томоохон давуу талуудтай байв.
“Рейганомика” түүх болон холдох тусам түүний Шийдлийн өвөрмөц байдал, урдаас сайтар төлөвлөсөн зоримог алхмууд гайхал төрүүлдэг. Энд татварыг эрс бууруулсан шийдвэрийг л авч үзэхэд хангалттай. Зорилго маш энгийн байв: татварын бууралт эдийн засгийн өсөлтийг түргэсгэх ёстой. Хэтийн ирээдүйд татварын бууралтын үр дүнд бий болсон үйлдвэрлэлийн өсөлтөөр төсвийн орлогын хэмжээ нэмэгдэнэ. Гэвч татварын орлого эрс буурсан тэр үеийг хэрхэн даван туулах вэ? Рейганы захиргаа энд маш зоригтой, өвөрмөц шийдэл гаргасан хадгаламжийн хүүг АНУ-д урд өмнө нь байгаагүй өндөр түвшин болох 21% (дундаж түвшин нь энэ шийдвэрийн өмнө 6-8% байсан) хүргэж өсгөжээ. Үүний үр дүнд дэлхийн бүх орноос капитал АНУ-ын банкуудад урсан орж, засгийн газар инфляцийг өсгөхгүйгээр төсвийн алдагдлаа нөхөх хязгааргүй эх үүсвэртэй болжээ. Рейганы засаг захиргааны энэ шийдвэрийн үр дүнд улсын дотоодод хэний ч эрх ашигт халдалгүй эдийн засгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Эдийн засгийн бодлогын мөн чанар
Аливаа бодлогыг зүгээр л нэг барааны тухай хэлэлцэж байгаа юм шиг ярих ямар ч боломжгүй. Энэ нь маш олон талтай, эерэг сөрөг талуудыг цогцоор нарийвчлан авч үзэх ёстой, нарийн төвөгтэй асуудал гэдгийг хэлэх ёстой. Ямар ч сайн эдийн засгийн бодлого улс орныг хэдхэн өдөрт гүнзгий хямралаас гаргаж чадахгүй. Гэсэн ч ямар ч улс тодорхой эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхгүй байж мөн чадахгүй. Аливаа бодлого тухайн улсын хөгжлийн түвшин, түүнийг хэрхэн сайжруулах арга замуудыг иргэд хэрхэн ойлгож, түүнийг улс төрчид нь хэрхэн нэгтгэн томъёолж буйгаас шууд хамааралтай. Иймд эдийн засгийн бодлого тодорхой Нэг улсад ч янз бүрийн хугацааны туршид эрс ялгаатай байж болно.
Чөлөөт зах зээлийн байгуулалд оршиж буй аливаа улсын улс төрийн болон эдийн засгийн амьдралын харилцан хамаарлын нэгэн чухал цэг нь гарцаагүй эдийн засгийн бодлого байдаг. Америкийн эдийн засагч К.МакКоннелл, С.Брю нарын тодорхойлсноор “эдийн засгийн бодлого (economic policy) бол аливаа нэгэн асуудлыг шийдэх буюу тодорхой бэрхшээлийг даван туулах зорилгыг өмнөө тавьсан үйл ажиллагааны чиглэл” ажээ. Энэ бол мэдээж хамгийн ерөнхий тодорхойлолт билээ. Үүнийг цааш нарийвчлан авч үзвэл эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэгч нь төр, улс төрийн хүчнүүд, харин бодлогын объект нь эдийн засаг бүхэлдээ болон түүний тодорхой хэсгүүд байдаг. Хэрэв нийгмийн эдийн засгийн хүрээний гүнзгий өөрчлөлтийн тухай асуудал хөндөгдөж буй тохиолдолд “шинэ эдийн засгийн бодлого”, “шинэ хил хязгаар”, “бүтцийн гүнзгий өөрчлөлт”, “эдийн засгийн өөрчлөн байгуулалт” зэргээр эдийн засгийн бодлогыг олон нийтэд нь хүргэн танилцуулах нь элбэг тохиолддог.
Бодит байдал дээр эдийн засгийн бодлогын гол төвөгтэй тал нь тэрээр нэгэн тодорхой зорилгыг (хямралаас гарах, өсөлтийн хурдцыг нэмэх зэрэг) хангах асуудлыг тунхаглахын хамт эдийн засгийн хүрээний олон бусад асуудлыг хамарч, түүнд нөлөөлдөг: Энд жишээлбэл өмчлөл, санхүү, мөнгө, зээл, татвар болон хөрөнгө оруулалтын асуудлууд аливаа эдийн засгийн бодлогын тухай асуудал хөндөгдөхөд заавал хамт яригдах болдог. Иймээс ч эдийн засгийн бодлогыг төсөв-санхүүгийн, мөнгө-зээлийн, татварын, бүтцийн, аж үйлдвэрийн, ХАА-н, хөрөнгө оруулалтын, бүс нутгийн хөгжлийн, гадаад эдийн засгийн зэрэг олон дэд хэсэгт хуваан гарган тавьж, хэрэгжүүлдэг. Энэхүү дэд хэсэг бүр нийт эдийн засгийн бодлогын бүтцэд тодорхой бүрдэл хэсгүүд нь болдог.
Бусад орны туршлагаас үзэхэд, эдийн засгийн бодлогын энэхүү бүрдэл хэсгүүдийн аль нь ч нийгмийн амьдралд нөлөөлөх хүчирхэг хэрэгсэл болдог. Улсын төсөв нь төр өөрийн эдийн засгийн үүргийг хангах гол хэрэгслийн хувьд маш чухал үүрэгтэй билээ. Германы нэрт эдийн засагч Ф.Ноймарк өөрийн “Төсвийн бүрдэлтийн онол ба бодит байдал” бүтээлдээ төсвийн дараахь үүргүүдийг томъёолжээ.
Үүнд:
- Санхүү-улс төрийн
- Улс төрийн
- Эрх зүйн
- Санхүү-Хяналтын
- Эдийн засаг-улс төрийн үүргүүд багтдаг.
Ингэхдээ төсвийн улс төрийн хамгийн чухал ач холбогдол нь төр түүний тусламжтайгаар нийгэм-эдийн засгийн маш олон зөрчлийг арилгаж, нийгэмд хамтын ажиллагааны хөрсийг бэлдэж, улс төрийн тогтвортой байдлыг хангах боломж бүрддэгт оршино гэж үзсэн байна.
Италийн эдийн засагч, санхүүгийн улс төрийн чиглэлийн сургуулийг үндэслэгч Э.Морселли төрийн ерөнхий онолд санхүүгийн гүйцэтгэх үүргийг тодорхойлохдоо төсөв нь юуны өмнө төрийн эдийн засгийн бодлогыг зохистой хэрэгжүүлэх хэрэгсэл болж, улс төр, эрх зүй, ёс зүйн хэм хэмжээнүүдэд суурилдаг гэж баталж байв. Тэрээр аливаа улс төрийн болон ёс зүйн цаашилбал эрх зүйн хязгаарт баригддаггүй эдийн засгийн бодлого эцсийн дүндээ нийгэмд эмх замбараагүй байдал авчрах нөхцөлийг ойртуулна гэж үзэж байлаа.
Эдийн засаг ба иргэний нийгэм
Өнөөгийн хөгжингүй орнуудын эдийн засгийн нэгэн онцлог бол төр болон хувийн хэвшлийн зэрэгцээ төрөөс хараат бус, ашгийн бус байгууллагуудын олон сүлжээ (холбоо, нийгэмлэг, хоршоолол, сонирхлын бүлгүүд болон бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, зах зээлд оршиж буй янз бүрийн субъектуудын (аж ахуйн нэгж, компани, арилжааны банк хамтарсан үйлдвэр, нөхөрлөл, хөрөнгийн зах зээлийн тоглогчид, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид зэрэг) эрх ашгийг гарган тавьж, хамгаалж байдаг. Хэдийгээр төр Эдийн засгийн талбарт байгаа бүх тоглогчдын эрх ашгийг тэгш хамгаална гэж тунхагладаг ч энэ нь бодит байдал дээр тэр бүр хэрэгждэггүй.
Ардчиллын удаан хугацааны хөгжлийн замыг туулсан Өрнөдийн орнуудад үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид цаашилбал зах зээлийн тоглогч бүр өөрийн эрх ашгийг хамгаалах төрөөс хараат бус механизмыг эртнээс нааш бүрдүүлж ирсэн. Бүр Дундад зууны үеийн хотуудад л гэхэд гар урчууд цех, холбоонд нэгдэж байсан нь тэдний эрх ашгийг төрийн өмнө хамгаалах бүтэц болон үйлчилж байжээ.
Иргэний нийгмийн бүлгүүдийн хамгийн чухал үүрэг нь зохистой өрсөлдөөний орчныг бүрдүүлж, төрийн бодлогыг өөрсдөдөө ашигтай зүгт залах чармайлт тавихдаа Засгийн газартай тэмцэгч, өрсөлдөгч гэхээс урд түүний зохистой түнш болж байдагт оршино. Мэдээж, зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөний дүнд олон аж ахуй дампуурдаг нь хэвийн үзэгдэл боловч төрийн бодлого, түүний дотор ялгаварласан шинжтэй бодлогын дүнд өрсөлдөөний хэвийн зохицуулагч үүрэг алдагддаг тал бий. Энэ үйл явц тодорхой нэг улсын ч хүрээнээс хальж, бүр глобал шинжтэй болсон гэж ч болно. Иймээс Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын санхүүгийн институциудын нэгэн чухал Үүрэг нь олон улсын эдийн засгийн шударга өрсөлдөөнийг сахин хамгаалахад чиглэдэг нь санамсаргүй зүйл биш билээ.
Ардчилсан улс төрийн дэглэм, хувийн өмчийг баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөө аж ахуй эрхлэгчид болон хэрэглэгчдэд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог ч нөгөө талаас бие даан өөрсдийн эрсдлийг дааж, хариуцлага хүлээдэг. Үргэлж үүсч байдаг олон тооны бэрхшээлийг ганцаараа бие даан шийдэх гэж оролдох нь үр ашиг багатай, маш төвөгтэй гэдгийг хөгжингүй орнуудын туршлага нотолдог. Иймээс тэдний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй эвсэл, холбоо юмуу байгууллага гарцаагүй шаардлагатай билээ. Аж ахуй эрхлэгчид тэдэнд төртэй болон зах зээлийн тодорхой бус байдалтай уялдаатай асуудлыг шийдэхийг даатгадаг: энд татварын асуудал, гаалийн зохицуулалт, эрх зүйн хэм хэмжээ, салбарын даатгалын асуудал болон бусад зүйлийг дурдууштай.
Төрийн бүхий л үйл ажиллагаа хувийн секторын эрх ашигт нийцдэггүй байдал бүх орны хувьд нийтлэг билээ. Тухайлбал, татварын өсөлт, хатуу хяналтын механизм, худалдааны хязгаарлалтууд, төрийн өмчийн аж ахуйн Нэгжүүдэд хандсан дэмжлэг г.м. Мөн нөгөө талаас иргэд болон аж ахуй эрхлэгчдийн олон талт, үй олон сонирхол эрх ашгийг хангах, зохицуулах боломж төрд тэр бүр байдаггүй. Иймээс ч иргэд болон аж ахуй эрхлэгчид өөрсдөө нэгдэн, эрх ашгаа хамгаалах, өөрсдийн сонирхлыг зохистой гарган тавих шаардлагаар олон иргэний нийгмийн бүлгүүд, байгууллагууд үүсдэг.
Эдгээр байгууллага нь үйл ажиллагаа, зохион байгуулалт, зорилгын хувьд маш олон янз боловч дараахь ерөнхий шинжтэй юм. Үүнд:
- Байгуулагдахаас эхлээд түүний бүтэц, үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагддаг.
- Байгуулагдахаас эхлээд бүх үйл ажиллагаа төрөөс хараат бус байдаг. Гэвч энэ нь хууль зүйн хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулна гэсэн хэрэг бус. Харин иргэний нийгмийн эдийн засгийн хүрээний эдгээр институциуд нь зөвхөн ардчиллын нөхцөлд зохистой оршин тогтнох учраас тоталитар юмуу авторитар дэглэм эдгээрийг хүлээн зөвшөөрөх (социализмын үеийн сайн дурын гэх байгууллагууд төрөөс хянагддаг, бараг төрийн аппарат мэт байсныг мартаж болохгүй) нь нэн ховор.
- Бүх иргэний нийгмийн байгууллагууд ашгийн бус чиглэлтэй. Хэрэв тэд ашиг олох зорилго тавьж эхлэвэл шууд л аж ахуйн нэгж болон хувирах болно.
Иргэний нийгэм улс төр болон эдийн засгаас гадна нийгмийн амьдралд нөлөөлөгч нэгэн чухал талбарын хувьд ардчилсан нийгэмд зайлшгүй хэрэгтэй, хөгжил нь өөрөө ардчиллын хөгжлийн баталгаа болж байдаг.
[1] Нийгмийн сонголтын онолын томоохон төлөөлөгч АНУ-ын эрдэмтэн Жеймс Бьюкенен энэ чиглэлийн судалгааны ажлаараа 1986 онд эдийн засгийн талбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ.
[2] Becker G.S. “A Theory of Competition Among Pressure Groups for Political Influence”. Basel University Quarterly Magazine, 1993, No.2,p.74
[3] Библийн сударт гардаг аймшигт тэнгисийн мангас. Английн философич Т.Хоббс төрийн учруулдаг аюул, түүний хүнд суртлын тухай өгүүлэхдээ анх энэ зүйрлэлийг ашиглажээ.
[4] Buchanan J.M. The Limits of Liberty, p.156-157
[5] Nordhaus W.”The Political Business Cycle”. Review of Economic Studies, 1975, N42, p.162-190.
[6] Блондель,Жан Политическое лидерство, М., 1992, Х.130