Н.Лүндэндорж
/МУИС-ийн ХЗС-ийн орлогч захирал, доктор (Ph.D)/
Шинэ толь №42, 2003
Түлхүүр үг: Эрх зүйт төрийн мөн чанар, Социаль төрийн соёл, 1992-оны Үндсэн хуулийн үзэл санаа, Ардчилсан институтын төлөвшил, Хараат бус Шүүх, Хүний эрх ,эрх чөлөө
Эрх зүйн соёлын тухай үзэл санаа ,түүний бодит амьдралд хэрэгжих үйл явц европын улс төр эрх зүйн соёлын түүхэн үр дүн байлаа. Өдгөө энэ үзэл санаа дэлхий дахинаа өргөн тархаж, улс төр, эрх зүйн нэг чухал үнэт зүйл гэж хүлээн зөвшөөрөгджээ.
Аливаа төрийн мөн чанар – нийгмийн баялгийг ард түмни өөрийнх нь дотоод ашиг сонирхлыг өдөөн дуудах замаар эсхүл төрийн механизмын албадлага, шаардлага, хяналтаар бүтээж байна уу гэдгээр хэмжигддэг билээ. Энэ шалгуураар авч үзвэл эрх зүйт төр нь өмнөх бүх төрийн загваруудаас эрс ялгардаг. Монгол улсад өнөөдөр ямар төр тогтож байгааг ч мөн үүгээр хэмжих ёстой гэж үзэж байна.
Европ дахинд эрх зүйт төрийн өмнө тогтож байсан цагдаажсан төр нь нийгмийн баялгийг бүтээх аргыг ард түмний дотоод хүчинд бус захиргааны аппаратын удирдамж, хяналт, шаардлага, албадлагад дулдуйдаж байсан хэдий ч эрх зүйт төрд шилжих түүхэн нөхцөл болох нийтлэг дэг журмыг дагаж мөрдөж сурах нийгэм, сэтгэл зүйн үндсийг бүрдүүлж өгсөн байна. Гэвч XIX зуунд цагдаажсан төр өөрийн бололцоогоо шавхаж, мөн үүний зэрэгцээ ард түмний материаллаг сонирхол, санал, санаачилгыг дэмжин өдөөх шаардлага Европын орнуудын эдийн засаг, санхүүгийн эрэлт хэрэгцээнээс урган гарч үүнийг зөвтгөсөн үзэл сургаал шинжлэх ухаанд бас бий болов.
Өөрийнхөө хүсэл зоригоор ард түмний хүсэл зориг, санал, санаачилгыг боомилж байсан төр ард түмний хүсэл зориг, санал, санаачилгад өөрийн хүсэл зоригийг итгэл найдварын тушаахад хүрэв. Хувийн хүсэл зориг, санал, санаачилгад улс төр, эрх зүй, эдийн засгийн баталгаа шаардагдаж байлаа.
Өөрөө өөрийнхөө мэдэлд очсон хүн зөвхөн үйл ажиллагаагаа эрх чөлөөтэй явуулж, үр дүн нь халдашгүй болсон нөхцөлд л түүнд ноогдсон итгэл найдварыг биелүүлж чадна гэсэн үзэл санаа дэлгэрэв.
Цаг хугацаа, хөгжлийн шаардлагаар ногдсон шинэ зорилтыг шинэ үзэл санаа, шинэ төр л хэрэгжүүлж чадах байлаа.
Тэрхүү шинэ төрийн тэргүүн зэргийн зорилт бол нэгдүгээрт, санаа тавих явдлаас дур зоргоороо авирлах явдалд хялбархнаа шилжин хувирч байсан цагдаагийн арга хэмжээнүүдийн оронд объектив эрх зүйг бий болгон тогтоох явдал хамгийн түрүүнд шаардагдав. Хууль ёсны байдлын vзэл санааны хүн бүрийн эрх чөлөөний хэмжээ хязгаарыг нарийн тодорхойлж, нэг ашиг сонирхлыг нөгөөгөөс нь зааглан салгасан эрх зүйн олон тооны хэм хэмжээг бий болгох, хуулийг яв цав сахин биелүүлдэг болохын тулд төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэхийг шаардсан агаад үүнээс уламжлан хууль дээдлэх ёс бий болсон байна. Хоёрдугаарт, ашиг сонирхлуудын тэмцлийг чөлөөтэй орхиж, хууль, эрх зөрчигдөөгүй л бол төр үл оролцох зарчмыг хүлээн зөвшөөрөх болсон нь төрийн зохицуулалтын үзэл санааны эх үндсийг тавьсан байна.
Гуравдугаарт, шинэ дэг журмыг засаглалын байгууллагууд өөрсдөө зөрчөөд байхгүйн тулд гүйцэтгэх эрх мэдлээс хууль тогтоох эрх мэдлийг зааглаж, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бататган, хууль тогтоох ажилд ард түмнээс мандат авсан төлөөлөгчдийг оролцуулж, төр засгийн өөрийн үзэмжийг сулруулах шаардлагатай болов.[1] Үүнээс уламжлан төрийн эрх мэдэл хуваарилах тухай онолын төсөөлөл улс төрийн практикт бууж ирэх болов.
Ийм л учир шалтгаанаар эрх зүйт төр Европын улс орнуудын улс төрийн амьдралд төлөвшиж хөгжсөн байна.
Харин Монгол орны хувьд эрх зүйт төрийн үзэл санааг улс төр, эрх зүй, эдийн засгийн ямар орчинд хүлээн авч хэрэгжүүлж байгааг судалж, эргэцүүлэх явдал онол төдийгүй практикийн ихээхэн ач холбогдолтой юм.
Эрх зүйт төрийн үзэл санааг хүлээн авч хэрэгжүүлэх тодорхой урьдчилсан нөхцөл шаарддаг нь өдгөө нэгэнт тодорхой болжээ. Тийм урьдчилсан нөхцөлд юуны өмнө дарангуйлал, дур зоргын тогтолцоог бүтцээрээ эсэргүүцсэн иргэний нийгэм төлөвшиж, төрд хяналт тавих хэмжээнд хүрсэн байх, хоёрдугаарт, ардчиллын хөгжлийн үндсэн институтүүд бүрэлдсэн байх, гуравдугаарт, улс төрийн соёлын тодорхой төвшин нь хариуцлагатай улс төр төлөвшүүлэх хэмжээнд хүрсэн байх, дөрөвдүгээрт, нийтлэг хуулийг мөрдөж, мөрдүүлж сурсан байхыг наад зах нь шаарддаг.
Эдгээр нөхцөлүүд нь тунхаглалаар бус харин хөгжлөөр хангагддаг нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан асуудал гэдгийг европын орнуудын туршлага, туулсан зам харуулж байгаа билээ.
Дэлхийн улс төрийн практикаас ажиглахад, уламжлалт нийгмийн харилцаа зонхилсон улс оронд эрх зүйт төрийг тунхаглаж болох боловч бодит зүйл болон хэрэгжих нь нэн төвөгтэй бөгөөд бололцоо муутай байдаг бол “талх тарианыхаа асуудлыг үндсэндээ шийдчихсэн, эдийн засгийнхаа эцсийн үр дүнг ашгаар бус, нийгмийн хэрэгцээнд хэр зэрэг нийцэх баялаг бүтээж байна гэдгээр хэмждаг үйлдвэржсэн орнуудад эрх зүйт төр бодитой орших нөхцөл нэгэнт бүрэлддэг ажээ. Аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн дэвшил улс орны хөгжлийн эдийн засгийн түвшинг харуулахаас гадна, түүнийг бүтээж байгаа нийгэм хийгээд хүний хөгжлийг илтгэж, улмаар эрх чөлөөт байдлын хэмжүүр болж байдаг. Нийгэм бүхэлдээ дэвшил, хөгжлийг олоогүй нөхцөлд чөлөөт байдлын түвшин доогуур, иргэд нь эдийн засаг, улс төр, танин мэдэхүйн олон үзэгдлээс хараат шинжтэй амьдардаг нь бодит үнэн юм.
Монгол улсад эрх зүйт төр төлөвших дээрх урьдчилсан нөхцөлүүдийг социалист байгуулалтын он жилүүдэд бүрэлдүүлээгүй нь лавтай. Харин олон талаар эсрэгээр байсан гэж хэлж болно. Тухайлбал, социализмын жилүүдэд нийгэм үзэл бодол, ашиг сонирхлоороо задран хуваагдаж, эвлэлдэн нэгдэх бус, харин ч нийгмийн нэг төрөл байдалд шилжүүлэх үзэл суртал , бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж байлаа.
Ардчиллын үндсэн институтүүд хэлбэрийн хувьд илэрсэн хэдий ч сонгууль нь сонголтгүй, дайчилгаа, тулгалтын шинж чанартай, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх хэрэг дээрээ хаалттай байлаа,
Нэг үзэл суртлын ноёрхол нь номхон хүлцэнгүй байх. дуулгавартай байх “сөрөг “соёлыг төлөвшүүлсэн байв.
Социалист агуулгатай нийтлэг хууль хэдийгээр үйлчилж байсан ч амьдралын жам ёсыг олон талаар зөрчсөн, нийгмийн тодорхой хэсэг хуулийн гадуур байх бололцоотой байсан учир хуулийг мөрдөх, мөрдүүлэх нь итгэл үнэмшил олоогүй эрхийн бус шинж чанартай байсан гэж үзэж болно.
Тэгэхлээр, манай оронд европын орнуудын зуу гаруй жилийн турш бүрдүүлсэн эрх зүйт төрийн урьдач нөхцөлүүдийг бий болгох, эрх зүйт төрийн үзэл санааг хүлээн авч хэрэгжүүлэх үйл явц нэгэн зэргээр хэрэгжиж байгаа нь манай өнөөгийн гол онцлог, бас бэрхшээл нь үүнд оршиж байгаа юм. Гэсэн хэдий ч Монгол улсад эрх зүйт төрийн элементүүдийг бүрэлдүүлэхэд багагүй алхам хийснийг тэмдэглэх хэрэгтэй. Эрх зүйт төрийн үндсийн үндэс болсон иргэний эрх, эрх чөлөөний улс төр, эрхийн баталгааг бүрдүүлэхэд 1992 оны Үндсэн хууль түүхэн үүрэг гүйцэтгэж байна.
Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Үндсэн хууль, хууль дээдлэх ёс, төрийн эрх мэдлийг хуваарилах, шүүхийн хараат бус байдлыг хангах, Үндсэн хуулийг хамгаалах, хуулийг зөвхөн парламент тогтоох үзэл санаа нэгэнт бүрэлдэн тогтжээ. Энэ бол сүүлийн арваад жилийн том ололт мөн. Ийм амжилтад хүрэхэд монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэснээс гадна дэлхий дахинаа өрнөж буй хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцэл хүчтэй түлхэц өгсөн нь дамжиггүй.
Гэвч Монгол улсад эрх зүйт төрийн сонгодог шинжүүд бүрэн илрэх, түүний хөгжлийн дотоод механизм динамикаар ажиллаж эхлэх нь холын ирээдүй хэвээр байна. Энэ нь бидний хөгжлийн хүрсэн түвшинтэй холбоотой юм.
Өнөөдөр манай оронд хууль дээдлэх ёс, төрөөс тогтоогдсон гэдэг утгаас хол хэтрээгүй байна. Хууль дээдлэгдэх нь зөвхөн төрөөс тогтоогдож, эрх зүйн албадлагаар хамгаалагдсан байхаас гадна И.Кантын хэлснээр хууль өөрөө эрх зүйт[2] болсон байх явдал юм. Төрөөс баталсан учир дээдэл гэх нь ардчилсан төрийн ёс биш. Хууль өөрөө хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Байгаль, нийгмийн жам ёс, амьдралын зүй тогтлыг зөв тусгасан, аливаа улс төрийн хүчний хүсэл зоригоос ангид, шударга, энэрэнгүй хуулийг ард түмэн хүлээн зөвшөөрнө, бас дээдэлнэ. Нөгөө талаас хуулийг хүлээн авч хэрэгжүүлдэг нийгмийн бүх субъектууд хуулийг эрх чөлөөний нийтлэг хэмжүүр болж буй эсэхийг үнэлж, дүгнэж, шүүн тунгаах эрхийн ухамсар, улс төрийн соёл, иргэнлэг ёс бүхий байхыг бас шаардана. Өөрсдийн эрх чөлөөний хэмжуур болсон хуулийг ард түмэн сонор соргог манах хэмжээнд хүрээгүй нөхцөлд хууль дээдлэглэх нийгмийн орчин үгүйлэгдэнэ. Хууль нь эрх зүйт болоогүй хуулиа манах хэмжээнд ард түмэн нь хүрээгүй манай өнөөдрийн нөхцөлд хуулийн үндэс хүний эрх болоогүй.Харин хууль хүний эрхийн үндэс байхаас хэтрээгүй байна. Ийм нөхцөлд германы тер судлаач Ф.Ю.Шталийн хэлснээр терийн удирдлага эрх зүйг хэрэгжүүлэх арга хэрэгсэл бус[3] харин эсрэгээр эрх зүй төрийн удирдлагын арга хэрэгсэл болсоор байгаа билээ. Энэ бол цагдаажсан төрийн нэг үндсэн шинж мөн.
Монголын төрийн тогтолцоонд эрх зүйт төрийн үзэл санааг нэвтрүүлэх, үндсэн хууль жинхэнэ ёсоор орших баталгааг хангахад төрийн эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх явдал нэг зангилаа асуудал болсоор байна. Бид Монгол Улсын Үндсэн хуулийн 20-дугаар зүйлийг эс тооцвол төрийн эрх мэдлийг хуваарилахад Үндсэн хуулийн эрх зүйн том бололцоо нээж өгсөн билээ. Гэвч энэ бололцоог бодит байдал болгон хувиргахад төрийн дээд өндөрлөгүүдийн албан хаагчдын үзэл бодол, итгэл үнэмшил, үйл ажиллагаанд мөн хуваарилалт хийгдсэн байх ёстой. Эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах, бусад эрх мэдлийн бүрэн эрхэд халдах нь нүгэл мэт жишигдэх хэмжээнд хүрсэн нөхцөлд л төрийн эрх мэдлийн хуваарилалт сонгодог утгаараа хэрэгжинэ. Нөгөө талаас, төрд тавих иргэний нийгмийн хяналт бодитой үйлчилж эхлэх цаг хугацаанаас бас хамаарна. Энэ түвшнөөс манай хөгжил, бидний чармайлт ихээхэн хол байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт хэрэгжих дотоод механизмын хүрдийг хөдөлгөх цаг хугацааг уртасгасаар байна. 2001 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрөөс Монгол Улс даяар явуулсан шуухийн талаарх олон нийтийн санаа бодол судалгаанд Шүүхийн шийдвэрт албан тушаалтнууд нөлөөлдөг гэж судалгаанд оролцогчдын 41% үзсэн нь Монгол улсад төрийн эрх мэдлийн хуваарилалт ямар түвшинд байгааг шууд харуулж байна. Ийм нөхцөлд германы төр судлаач, эрх зүйт төрийн онолч Р.Гнейстын тэмдэглэснээр эрх зүйт төрийн гол мөн чанар болсон өөрийгөө хязгаарлах байнгын хүсэл зоригийн[4] оронд эрх мэдлээ өргөжүүлэх хүсэл зоригт нь үндсэн хуулийн зохицуулалт ёс төдий хүлээс болж байхаас өөр замгүй юм. Энэ бол хүний хүчин зүйлээс хамаарсан атлаа хөгжлийн түвшнөөс, цаг хугацаанаас уяатай бодит бэрхшээл, эрх зүйт төрийн бус үзэгдэл мөн.
Монгол улсад эрх зүйт төрийн үзэл санаа амьдралын хөрсөнд хэрхэн бууж байгааг харуулах нэгэн чухал үзүүлэлт – хараат бус, шударга шүүхийн тогтолцооны бүрэлдэлт юм.
Энэ асуудал өмнөх үетэй харьцуулахад нэлээд ахиц дэвшил гарсан нь судалгаагаар харагдаж байна.
“Шүүхийн хаалга” татах, “шүүхэд дуудуулах”-аас айж эмээх, нэр алдар хугарсан мэт үзэж байсан үзэл сэтгэлгээнээс Монголчууд өнөөдөр ангижирч, “шүүхэд хандана”, “шүүхээр заргалдана” гэж бардамхан бас элгэмсэг сэтгэлээр шүүгч, шүүхэд хандах болсон нь шүүхийг ойлгох, хүндэтгэх, эрх, эрх ашгийг нь хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ухаарч мэдэж, хүртэж мэдэрсний илрэл, Монголын эрх зүйн сэтгэлгээний том ялалт, асар их дэвшил мөн. Шүүхийн тухай олон нийтийн санаа бодол судалгаанд оролцогчдын 43% нь эрх ашиг хөндөгдөхөд би хаашаа хандахаа мэднэ гэж хариулснаас бас давхар харагдаж байна.
Гэвч шүүх эрх мэдэл төрийн эрх мэдлийн тогтолцоонд хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулахад тэнцвэржилтийн хувьд хөнгөн жин дарж байгаа нь бас нууц биш юм. Энэ нь тогтолцооны хөгжлийн түвшин, зөрчил, бэрхшээлээс хамаарахаас гадна шүүхийн бие даасан байдлын үндэс болсон шуугчийн хараат бус байда ихээхэн хамаарч байна үл мэдэхээс чөлөөлөгдсөн байх ёстой. Шүүгч орчны хууль бус нөлөөллөөс чөлөөлөгдсөн байх ёстой. Шүүгч шударга бус явдлаа чөлөөлөгдсөн байх ёстой. Шүүгч аймхай хулчгар байдлаас чөлөөлөгдсөн байх ёстой.
шүүхийн талаарх олон нийтийн санаа бодол, судалгаа дүнгээс харахад шуугч хувь хүн, компани хоёрын хооронд маргааныг шийдвэрлэхдээ компанийн эрх ашгийг дээр тавьдаг гэж судалгаанд оролцогчдын 52%, чинээлэг хүмүүст хавьгүй илүү ханддаг гэж 90%, шүүх хэргийг хугацаанд шийдвэрлээгүй гэж 57% нь тус тус үзсэн нь шүүгчийн хараат бус байдал ихээхэн хүнд байгааг харуулж байна.
Монгол улсад эрх зүйт төрийн төлөвшлийн асуудлыг түүний язгуур үндэс болсон хууль дээдлэх, эрх мэдлийн хуваарилалт, хараат бус шүүхийн хүрээнд ажиглаж дүгнэхэд ийм л дүр төрх ажиглагдаж байна. Энэ нь Монголын төр эрх зүйт төрөөс илүү цагдаажсан төрийн шинжийг түлхүү агуулж байна гэж үзэхэд арга буюу хүргэж байгаа юм.
Монгол Улсад эрх зүйт төрийг цаашид төлөвшүүлэн хөгжүүлэхэд эрх зүйт төрийн онолын сэтгэлгээний хөгжил, хувьсал, төгөлдөржилтийг ойлгож ухаарах нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Эрх зүйт төрийн загвар, онолын үзэл баримтлал нь хэдийгээр өнөөдөр улс төр, эрх зүйн нэг үнэт зүйлсийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч төрийн хөгжлийн эцсийн зорилго, үнэмлэхүй загвар хараахан биш юм. Түүнийг цэврээр нь тогтоон хөгжүүлэх гэсэн европын орнуудын туршлага ХХ зууны дунд үеэс зөрчил, бэрхшээлтэй тулгарч эрх зүйт төрийн сул талын тухай эргэцүүлэхэд хүргэсэн билээ. Хэдийгээр эрх зүйт төр бие хүний эрх, эрх чөлөөг өргөжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэдий ч нэгдүгээрт, хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус байдлыг бие хүний эрх, эрх чөлөөтэй хэрхэн хослуулах арга замыг олоогүй, хоёрдугаарт, бие хүнд олгогдсон эрх, эрх чөлөө өөрийнх нь аюулгүй байдлыг хангахад хангалттай биш гэдгийг бүрэн тооцоогүй улмаас төр, нийгмийн хариуцлагыг сулруулсан, гуравдугаарт, бие хүнд олгогдсон эрх, эрх чөлөө нийгмийн баталгаагаар хангагдаагүй нөхцөлд формал шинжтэй болдог зэргийг тооцож судлаагүй байсан юм. Эрх зүйт төрийн оноын энэ мэт сул талыг социал төрийн онол нөхөн гvйцээж, ХХ зууны дунд үеэс эрх зүйт төрийг социал төртэй varnуулан хөгжүүлэх онол хүлээн зөвшөөрөгдөж, улмаар европын орнуудын үндсэн хуулиудад тусгагдаж, практикт хэрэгжиж эхэлсэн билээ.
Харин манай орны хувьд эрх зүйт болон социал төрийг хослуулан хөгжүүлэх үзэл санаа ихээхэн бурхэг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн нэг, хоёрхон заалт, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд хавчуулагдсан нэг өгүүлбэрийг эс тооцвол эрх зүйт болон социал төрийг хослуулан хөгжүүлэх дэлхий дахины нийтлэг чиг хандлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, мэдрээгүй байдал ажиглагдаж байна. Энэ бол нийгмийн хүчтэй бодлогогүйгээр эрх зүйт төрийн зорилтууд хэрэг дээрээ хэрэгждэггүй гэсэн орчин үеийн онолын дүгнэлт, үзэл баримтлал, европын орнуудын туршлагаас сургамж авч, хөгжлийг товчлохын оронд, тэдний туулсан хоёр зуун дамжсан зам мөр лүү орж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Иймээс Монгол улсад цаашид эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнуудын хөгжлийн практикаас урган гарсан онолын дүгнэлт, үзэл баримтлалыг сайтар судалж, төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх шаардлага нэн чухлаар тавигдаж байна.
[1] Н.Лүндэндорж.Төр эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага.УБ.., 2002.98 дахь тал
[2] И.Кант .Идеи к всеобшей истори .Соч. в. 6 томах .Т.6 .., М.., 1966, с.11
[3] Stahl Staats-Rechstslehre auf di Grundlage,weltanschauung Heidelherg, 1856.S 137-138
[4] Р.Гнейст .Прававое гүсударство и администравные суды Германии Спб.