Б.Баярмаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №49, 2004
Түлхүүр үг: Реторик, Илтгэл, Сонгогчид, Сонгогчдын мэдлэг боловсрол, Дохио зангаа
Реторик гэж юу вэ?
Реторик хэмээх ухагдахуун нь илтгэх чадвар, илтгэх урлаг буюу итгүүлэн үнэмшүүлэх урлаг гэсэн утгатай герег гаралтай үг. Энэ утгаараа регорик нь ярих, илтгэхэд зориулагдсан техник, арга хэрэгслийг хувь хүн санаатай болон санамсаргүйгээр хэрэглэх байдлыг илэрхийлнэ.
Илтгэл амжилттай болоход дараахь хүчин зүйлс гол нөлөө үзүүлдэг. Үүнд:
- Илтгэлийн агуулга. Илтгэл амжилттай болоход илтгэгч юуны тухай ярьж байгаа нь 8 хувийн нөлөөтэй гэж үздэг.
- Илтгэх арга хэлбэр. Ямар арга техник хэрэглэж, яаж илтгэж байна вэ гэдэг нь 42 хувийн нөлөөтэй байдаг.
- Илтгэгчийн дүр төрх, үйл байдал Илтгэгч ямархуу харагдаж байгаагаас илтгэлийн амжилтын 50 хувь нь шалтгаалдаг байна[1].
Илтгэгч нь сонсогчдод өмнө нь байсан үзэл баримтлал, байр суурь, санаа бодлыг өөрчлөн өөрийн үзэл бодлыг итгүүлэн үнэмшүүлэх замаар талдаа татан оруулах зорилготой байдаг бөгөөд энэхүү зорилгоо хэрэгжүүлэх үүднээс дараахь гурван аргыг хэрэглэдэг байна. Үүнд:
- Этосыг хэрэглэх – сонсогчдыг баярлуулах, хөөргөх, өдөөх зэргээр аядуу зөөлөн нэгэн хэмээр урт хугацааны турш сэтгэлийг нь хөдөлгөх арга.
- Логосыг хэрэглэх – мэдлэг, чадвараа ашиглан үндэслэл сайтай нотолгоогоор сонсогчдыг итгүүлэн үнэмшүүлэх арга.
- Патосыгхэрэглэх-уур хилэн, шунал тачаалыг нь хөдөлгөх, айдас, гайхшрал төрүүлэх зэргээр сонсогчдын сэтгэл санааг гэнэт цочроох, сонирхлыг нь огцом татах арга зэрэг болно.
Этос, патос хоёр нь угтаа илтгэгчийн ажлын үндсэн хэрэгсэл бөгөөд үүнийг амжилттай хэрэглэж буй тохиолдолд илтгэгч болон сонсогчдын аль алинд сэтгэлийн онцгой хөдлөл үргэлж харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын сэтгэлийг хөдөлгөхийн тулд илтгэгчийн сэтгэл хангалттай хөдөлсөн байх шаардлагатай. Этос, патосыг хэрэглэхдээ зохистой харьцааг барьж байхын тулд мэдрэмжтэй хандаж патосын хүнд хэцүү уур амьсгалыг этосоор зөөлрүүлж сурах нь зүйтэй.
Илтгэл ямар бүтэцтэй байдаг вэ?
Английн зохиолч В.Сомерсет Маугхамаас чухам яагаад түүний бичсэн богино өгүүллүүд дэлхий нийтэд алдартай болсныг асуухад тэрээр: “Энэ бол маш амархан. Миний бүх богино түүх тодорхой зхлэл, дунд хэсэг, төгсгөлтэй”[2] гэжээ. Үүнтэй адил сайн илтгэл нь оршил буюу эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл зэрэг тодорхой бүтэцтэй байдаг.
Оршил буюу эхлэл гэдэг нь илтгэгч өвөрмөц аргаар илтгэлийнхээ өнгийг тодорхойлж, сонсогчийн оюун ухааныг илтгэлийн үндсэн хэсэгт бэлтгэхийг хэлнэ. Үүний тулд эхлээд сонсогчийн сэтгэлийг татах, оюун ухаан, анхаарлыг төвлөрүүлж, сонирхлыг нь өдөөх замаар илтгэгч болон сонсогчдын хооронд эерэг холбоо тогтоох ёстой болно. Сонсогчид түүнийг шууд л үндсэн санаа гэж хүлээн авахуйцаар гол санаагаа энгийн, ойлгомжтой томъёолж хэлэх нь зүйтэй. Ингэж чадвал цаашид хэлэх үгийг хүлээн зөвшөөрч, үргэлжлэлийг нь тэсч ядан хүлээх болно.
Сонсогчдын сонирхлыг татахын тулд дараахь аргыг хэрэглэж болно. Үүнд:
- Асуулт тавих
- Үзүүлж харуулах
- Яриагаа завсарлан сонсогчдоо ажиглах
- Хувийн дурьдатгал, туршлагаа^рих
- Өдөөх
- Айдас төрүүлэх
- Иш татах
- Уур амьсгалыг өөрчлөх, найрсаг байдлыг бий болгох
- Цаг үеийн болон түүхэн үйл явдлыг өгүүлэх зэрэг болно.
Сонсогчдын анхаарлыг татахын тулд энд яригдаж байгаа зүйл нь өөрсдийнх нь эрх ашиг сонирхлын төлөө гэдгийг мэдэгдэж болно. Түүнчлэн тухайн сэдвийн шинэлэг чанар болон ач холбогдлыг тодорхой гаргаж өгөх хэрэгтэй.
Сонсогчдын сонирхлыг хэрхэн татах вэ?
- Сонсогчид ердийн зүйлийн тухай ер бусын баримт мэдээг илүү сонирхдог. Тухайлбал, хүхрийн хүчлийн тухай ярихдаа: “-Бид түүнийг өдөр бүр янз бүрийн байдлаар хэрэглэдэг. Хэрэв хүхрийн хүчил байгаагүйсэн бол таны суудлын тэрэг зогсохсон, тэгээд та “хөгшин адсага” болон сүйх тэрэг л дахин хэрэглэхэд хүрэхсэн билээ. Учир нь керосин, бензинийг цэвэрлэхэд хүхрийн хүчлийг өргөн хэрэглэдэг юм. Таны өрөө, таны хоолны ширээ, унтлагын өрөөг чинь гэрэлтүүлдэг цахилгаан дэнлүү ч түүнгүйгээр бүтэхгүй л байсан” гэх зэргээр сонирхлыг өдөөж болно.
- Сонсогчдод өөрсдийнх нь тухай мэдээлэл сонирхолтой байдаг. Хүмүүст өөрийнх нь тухай, өөрийнх нь сонирхлын тухай яриа өдөөж, анхааралтай сонсож чаддаг хүн өөрөө маш бага ярьсан ч гэсэн сайн ярилцагч гэж тооцогдох болно.
- Нэр хүндтэй хүмүүсийн тухай цуу ярианы үнэн эсэх асуудал сонсогчдын анхаарлыг үргэлж татаж байдаг.
- Бодитой хийгээд тодорхой байгтун. Тухайлбал, Мартин Лютер хүүхэд насандаа хэцүү бөгөөд зөрүүд байсан тухай товч мэдээлээд харин багш нар нь түүнийг өдөрт 15 удаа торлогоор занчдаг байсныг л ярих нь зүйтэй. Энэ тайлбар илтгэгчийн баталгааг тодорхой болгоод зогсохгүй сэтгэлд хоногшилтой, сонирхолтой болгоно.
- Дүрслэл бий болгогч хэллэг, сонсогчдын нүдний өмнүүр зураглалын бүхэл бүтэн цуваа үүсгэдэг үгээр яриагаа баяжуулах хэрэгтэй.
- Хэрэв болж өгвөл харьцуулсан өгүүлбэрүүд, харш зүйрлэл хэрэглэгтүн.
- Сонирхол үлгэр дуурайлтай байдаг. Хэрэв илтгэгч өөрөө түүнд автсан л бол сонсогч олон түмэн лавтайяа түүнд автах болно.
Сонсогчдын хүлээн авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд товчхон, ажил хэрэгч мэдээлэл хийж, илтгэлийг сонсоход бэлтгэх хэрэгтэй. Сонсогчид илтгэлийг уншихдаа – 10%, сонсохдоо – 20%, харахдаа – 30%, хараад сонсохдоо – 50%, өөрөө ярихдаа – 70%, өөрөө хийж үзүүлэхдээ – 90 хувийг хүлээн авдаг байна.[3]
Илтгэлийн эхлэл буюу оршил хэсэгт анхаарах зүйлс:
- Илтгэгч болон танхимын хооронд эерэг холбоо тогтоож таатай уур амьсгал бүрдүүлэх
- Харилцан итгэлцэл, хүндэтгэлийн уур амьсгал бий болгохын тулд цээжээр ярих
- Эрч хүчтэй байх
- Хэзээ ч уучлал гуйх хэлбэрээр яриагаа эхэлж болохгүй.
Тухайлбал
- “-уучлаарай, цаг бага байсан учраас сайн бэлдэж амжсангүй”,
- “-уучлаарай, сэдэв рүүгээ орохоос өмнө оршил болгох хэдэн зүйл хэлье”,
- “-сайн сонсогдохгүй бол уучлаа.рай” г.м.
- Оршил нь төгсгөл хэсгээсээ урт байх шаардлагатай.
Илтгэлийн үндсэн хэсэг эмх цэгцтэй, логиктой байх ёстой. Хэлж буй санаа нь өмнөхөөсөө урган гарсан байхаар үндэслэлээ хүчтэй болгон шат шатаар ахиулах нь чухал. Өөрөөр хэлбэл, хамгийн хүчтэй үндэслэл, нотолгоог хамгийн сүүлд нь оруулна гэсэн үг.
Ер нь сонсогчдын мэдлэг боловсролын түвшин дээшлэх тусам үндэслэл, нотолгоо илүү чухал болдог. Энэ хэсэгтээ шүүн хэлэлцэж, эргэцүүлж бодвол зохих өдөөсөн 5-6 санаа гаргах 15-20 минутад багтаан хэлэх хэрэгтэй.
Үндсэн хэсгийн нэг чухал зүйл бол тухайн учир байдлын гольи нь гаргаж, өөрийн ойлголтоор итгүүлэх оролдлого буюу тайлбар хийх явдал юм. Тайлбарын гол зорилго нь илтгэж буй зүйлээ нотолгооны хэсэгт ашиглахад оршино. Энэ нь товч, тодорхои ойлгомжтой, итгүүлэх чадвартай байх шаардлагатай Ойлгомжгүй тайлбар илтгэлийг бүхэлд нь бүрхэг болгодог. Тайлбар хийхдээ сонсогчид асуулт тавих; мэтгэлцэх боломжии! олгож чадвал асуудалд сэтгэл хөдлөлөөр бус харин ажип хэрэгчээр хандаж, хоёр талын хоорондын хоосон орон зай үг үи болно.
Илтгэлийн үндсэн хэсэгт анхаарах зүйлс:
- наргиа, хошигнол хэрэглэх
- давталт хэрэглэх
- хүсэлт тавих
- зөгнөж ярих
- жишээ гаргах
- ярьж буй зүйлээ өөртөө тохиолдсон явдал болгон ярих
- дүрсэлж үзүүлэх
- тоо баримт дурьдах
- үндэслэл гаргах
- нотолгоо хийх
- няцаалт хийх
- илтгэлийн гол цөмийг хурдан тогтоож, удаан мартахаар илэрхийлэх хэрэгтэй.
Илтгэлийн төгсгөл хэсэг нь ач холбогдлоороо хоёрдугаарт орох чухал хэсэг болох бөгөөд дараахь хоёр зорилгыг агуулсан байдаг. Үүнд:
- Илтгэлийн гол санаа болон үйл явдлыг нэгтгэн сонсогчдын оюун ухаанд шингээх
- Илтгэлийн гол санааг товч, оновчтой илэрхийлж, сонсогчдод нөлөөлөх замаар өөрийн ‘байр суурь, үзэл бодлыг итгүүлэн үнэмшүүлэх явдал юм.
Төгсгөлийг товч, хурдан хийх тусмаа сайн байдаг. Сүүлчийн өгүүлбэр бол илтгэлийн хамгийн чухал өгүүлбэр байх учраас маш товч тодорхой, гол санааг тусгасан байх ёстой. Хоцорч ирээд илтгэлийн зөвхөн сүүлийн өгүүлбэрийг сонссон хүн ч илтгэгчийн хэлэх гэсэн гол санааг ойлгосон байх ёстой. Ямар ч тохиолдолд “амжилттай сайн төгсгөл” нь сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг нь татдаг.
Илтгэлийг амжилттай төгсгөхөд анхаарах зүйл:
- Хүчтэй байх
- Сүүлийн өгүүлбэрээ урьдчилан томъёолоод, тэмдэглэ- чихсэн байх
- Өөдрөг үгээр төгсгөх
- Дуусч байгаа нь ойлгогдохоор дүгнэлт хийж төгсгөх
- Бүү дуусаасай гэж хүсч байхад төгсгөх
- Илтгэж дуусангуут байрнаасаа хөдлөхгүй, хэсэг зуур зогсох
- Илтгэлээ төгсгөх үедээ сонсогчдын нүд рүү харж инээмсэглэх
- Сонсогчдод хандах хэдэн аятайхан үг хэлэх хэрэгтэй.
Биеийн хэл буюу үгийн бус харилцаа
Хүний биеийн хөдөлгөөн олон зүйлийг нээн харуулдаг бөгөөд илтгэгчийн ухамсартайгаар илэрхийлж чадахгүй байгаа зүйлсийг ч тод томруун үзүүлж чадна. Биеийн хэл буюу үгийн бус харилцаа нь илтгэлийн явцад сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх, хүмуүсийн зан чанарытдодорхойлох, үг яриаг тодотгож, давхар илэрхийлэх, хоёр талын нөлөөллийг зохицуулах, харилцааг орлож нөхөх зэрэг үүрэг гүйцэтгэдэг. Ийнхүү хүмүүсийн хоорондын харилцааг илэрхийлдзг дохио зангаа, галбир төрх, нүдний харц, завсарлага авах арга техникийг тус бүрд нь тодруулж үзье.
Цохио зангаа
Дохио зангаа нь үгийн хүчийг нэмэгдүүлж, утга агуулгыг тодруулж, чухал хзсгийг ялгаж өгөхийн зэрэгцээ илтгэгчийн сэтгэл санааны төлөв байдлыг илэрхийлж байдаг. Дохио зангаа нь энгийн даруухан, оновчтой, хиймэл бус байх ёстой. Тохойгоо биедээ аль болох ойрхон байлгаж, цээжний түвшинд дохио зангаа хийх нь хамгийн тохиромжтой юм.
Илтгэл тавих бэлтгэл хйихдээ илтгэгч гарынхаа хөдөлгөөнийг ажиглаж, өөрт хэвшмэл болсон дохио зангаа ямар нөлөөлөл үзүүлж байгаад дүгнэлт хийж, засч сайжруулан мэргэжлийн, илэрхийлэмж сайтай болгох нь чухал.
Илтгэгчиин галбир төрх
Илтгэгч зогсож, сууж, явж байхдаа ургэлж нуруугаа эгц, хүзүугээ эгш, толгойгоо дээш байлгахыг хичээж, эгц, чанга, итгэлтэй алхах ёстой. Индэр дээрээс үг хэлж буй үед микрофоны болон индрийн өндрийг өөртөө тохируулах хэрэгтэй.
Нүдний харц
Нүдний харц нь сонсогчдоо анхааралтай ажиглан шаардлагатай дүгнэлтийг хийхэд туслахаас гадна илтгэгчийн эртөө итгэлтэй байдлыг харуулж байдаг. Тааламжтай, зөөлөн, дулаан харц нь сонсогчдын сэтгэлийг илүү ихээр татдаг.
Сонсогчидтой холбоо тогтоох, яриаг сонсож байгаа эсэхийг эдэхийн тулд илтгэгч сонсогчийн нүд рүү харж ярих аардлагатай байдаг. Үүний тулд танхимыг тойруулан харж, бүрийн нүд рүү харахыг хичээдэг байна. Харин удаан гацаагаар ярих үедээ аргаа бага зэрэг өөрчилж, ярилцаж буй хүнийхээ хоёр нүд рүү ээлжлэн харцаа шилжүүлж харах хэрэгтэй.
Олон хүний өмнө үг хэлэхдээ харцаа нэг хүнээс нөгөөд илжүүлж ярих нь зүйтэй. Ингэхдээ танхимын зүүн захаас зруун тийш, дараа нь урд эгнээнээс хойд эгнээ рүү харцаа илжүүлж болох юм. Илтгэгч сонсогчдын зүг огт харахгүй, эсхүл бага зэрэг харж ярихад тэдний хооронд зай завсар гарч, жсогчдын анхаарал сарнидаг муу талтай.
Завсарлага авах
Завсарлагагүй нэгэн хэвийн яриа сонсогчдыг сонирхолгүй элгож залхаадаг учир ярианыхаа тохиромжтой хэсэгт завсарлага авч, илтгэлээ хэмнэлтэй болгох нь чухал. Ингэснээр илтгэгч, сонсогчдын аль алины анхаарал төвлөрч, сонирхол дөхөөс гадна илтгэлийн ид өрнөл, оргил үеийг мэдрүүлж, ярих эмнэлийг тохируулж өгнө. Сонсогчдын анхаарлыгтөвлөрүүлж, өөртөө татахын тулд эхний үгээ хэлэхийн өмнө нэг секунд дуугүй зогсох нь зүйтэй. Энэ нь илтгэгчийн өөртөө итгэлтэй, жаачлагыг гартаа авсан, юу хийхээ мэдэж буй хүн болохыг харуулна. Ихэнх тохиолдолд завсарлага нь ойролцоогоор дөрвөн секунд үргэлжлэх нь илүү тохиромжтой.
Завсарлагыг хэдийд хийх вэ?
- Илтгэл болгоны өмнө
- Зарим нэг нотолгооны дараа
- Илтгэлийн оргил үеийн өмнө
- Хашилтанд хийсэн өгүүлбэрийн өмнө болон хойно
- Хэсэгчилсэн логик дүгнэлтийн завсар
- Чухал санаагаа хэлэхийнхээ өмнө ба хойно
- Илтгэгчийн хэлсэн үгийг дэмжиж алга ташсаны дараа түр саатах хэрэгтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч А.Линкольн ярьж байхдаа олонтаа саатдаг байлаа. Чухал санаагаа сонсогчдынхоо сэтгэлд хүрээсэй гэж хүсэхдээ тэрээр тухайн хэсэгтээ дөхөнгүүтээ урагш бөхийж, сонсогчид руугаа эгц харан, нэг хэсэгтээ л юу ч ярьдаггүй байжээ. Ингэж гэнэт дуугаа хураах нь гэнэт дуугарахын адил сэтгэгдэл төрүүлж анхаарал татдаг байна.
Ярианы хурд ямар байх ёстой вэ?
Танхимын “сонсголын хурд” ойролцоогоор минутад 130-170 үг байдаг. Үүнээс илүү олон үгийг сонсогчид хүлээн авдаггүй. Үүнээс гадна ярианы хурднаас утгыг нь хүлээн авч ойлгох чадвар буюу сонсогчдын “хүлээн авах хурд”-ыг тооцох шаардлагатай байдаг. Хэт хурдан яриаг сонсогчид ойлгоход хэцүү, амархан ядардаг тул үүнээс зайлсхийхийн тулд ярих цагаа зөв тооцоолж сурах нь чухал.
Мөн сонсогчдын сэтгэлийг хөдөлгөж, өөртөө татахын тулд ярианыхаа хурдыг олон янзаар өөрчлөх хэрэгтэй. Энэ нь яриаг яруу тод болгодог бөгөөд ямар нэгэн санааг цохон тэмдэглэх боломжийн сайн аргуудын нэг юм.
Авраам Линкольн хүмүүсийг үгэндээ итгүүлэхийн тулд хэдэн үгийг маш хурдан хэлээд, харин онцгойлох гэсэн үг буюу хэллэгтээ дөхөж ирэхдээ үгээ удаашруулан, энэ үгээ тодотгон лээд, дараа нь аянга адил хурдан хэлж дуусгадаг байв. Ийнхүү ярих нь олны анхаарлыг гарцаагүй татдаг байна.
Сонсогчидтой хэрхэн харилцах вэ?
Илтгэгч нь илтгэл тавихдаа янз бүрийн зан төлөвтэй хүмүүстэй тааралдах болно. Тэднийг таньж мэднэ гэдэг боломжгүй зүйл хэдий ч оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг илтгэгч мэдэрч байх ётой. Сонсогчдын онцлогийг зарим төрлийн амьтны араншингаар төлөөлүүлэн тэдний онцлогт хэрхэн тохируулан ярилцахыг зөвлөе.[4]
Нохой | Хэрүүлч учраас түүнд хандахдаа ажил хэрэгч, дуугүй байх ёстой ба түүнийг өдөөж, маргаанд татан оролцуулах хэрэггүй, бусдаараа няцаагдах ёстой. |
Морь | Хэлэлцүүлгийг эхлүүлдэг, ярилцлагад ухаантай, учрыг мэдэж оролцдог, үр дүнг эцэслэн дүгнэдэг учраас түүнийг ярилцлагын гол ноён нуруу болгох ;хэрэгтэй. |
Сармагчин | Бүхнийг мэдэмхийрэгч тул түүний гаргасан нотолгоог бүгдээрээ хамтарч няцаах ёстой. |
Мэлхий | Чалчаа, дундуур орж ярьдаг учраас түүний яриаг нь эвтэйхэн зогсоож, ярих хугацааг нь багасгах хэрэгтэй. |
Гөреөс | Аймхай, хулчгар учраас түүнд амархан асуулт тавих хэрэгтэй, өөрийг нь дэмжиж, магтан урамшуулах нь зүйтэй. |
Зараа | Хойш суугч, бодол санаагаа дотроо хадгалдаг учир түүний мэдлэг, туршлагыг хүлээн зөвшөөрч, ашиглах хэрэгтэй. |
Усны үхэр | Зузаан арьстай /түүнтэй харьцахад тэр болгон амаргүй/, тул өөрийнх нь хийсэн ажлын талаар асуух ба түүний сонирхдог зүйлээс нь жишээ гаргуулахыг бодох хэрэгтэй. |
Анааш | Нэр хүндтэй, ихэмсэг амьтан тул түүнийг шүүмжлэх хэрэггүй. |
Эцэст нь тэмдэглэхэд хэлэх үгээ оновчтой сонгон, шүлэг мэт хэмнэлтэй хэлхэж, нүдэнд үзэгдтэл дүрслэн өгүүлж сурахад олон удаагийн дасгал сургуулилт зайлшгүй хэрэгтэй юм.
[1] Klaus Jentzsch., Rhtorik.,1998., хуудас 12.
[2] Klaus Jentzsch., Rhetorik.,1998, хуудас 6
[3] Реторик /илтгэгч, лекторуудын илтгэх чадварыг дээшлүүлэхэд зориулсан гарын авлага/., УБ.. 1999., хуудас 41.
[4] Реторик (илтгэгч, лекторуудын илтгэх чадварыг дээшлүүлэхэд зориулсан гарын авлага)., УБ., 1999., хуудас 51-52.