Ч.Тамир
/МУИС-ийн Социологийн тэнхмийн багш/
Шинэ толь №47, 2004
Түлхүүр үг: Монгол сонгогчийн зан үйл, Хөгшин жардууд, Хөвдөг сонгогчид, Оппортунистууд, Шинэ сонгогчид, Боломжгүйчүүд, Улс төрийн прогноз, Сонгуулийн тойргууд
2004 оны сонгуульд аль нам ялах вэ? Энэ ерөнхий асуулт хариулахын тулд сонгууль болгоны өмнө сонгогчдын санал өөрчлөгддөг уу?, өөрчлөгддөг бол ямар хүмүүсийн санал өөрчлөгддөг вэ?, яагаад өөрчлөгддөг вэ?, ер нь Сонгуулийн дүнг урьдчилан хэлж болох уу?, үүнд ямар хүчин зүйл хамгийн чухал байдаг вэ? гэх зэрэг маш олон асуултад хариулах хэрэгтэй болох юм. “Сайн тавьсан асуулт гэдээ хариултаа өөртөө агуулж байдаг” гэсэн мэргэн үг байдаг.
Эдгээр асуултад судалгаа хийлгүйгээр хариулт өгөх нь бараг боломжгүй зүйл. Тиймээс эл сэдвийг хөндөн судалгааны баримт дээр тулгуурлан 2004 оны парламентын сонгуулийн өмнөх улс төрийн ерөнхий дүр төрхийг тоймлон харваn дараахь байдлаар төсөөлөгдөж байна.
Монгол сонгогчийн зан үйлийн судалгаанаас танилцуулахдаа дараахь үндсэн хоёр хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт, Монгол сонгогчийн зан үйлийн ангилал, түүний үндсэн хэв шинж, хоёрдугаарт, электоратын горизонтал шилжих хөдөлгөөн. (Энд шилжих хөдөлгөөн гэдгийг газар зүйн шилжилт гэсэн утгаар бус харин сонгогч нэг сонгуульд нэг намд санал өгөөд дараагийн сонгуульд өөр намыг дэмжиж санал шилжих байдлыг илэрхийлсэн ойлголт гэдгийг тэмдэглэх хэрэгтэй).
Монгол сонгогчийн зан үйлийн үндсэн ангилал, хэв шинж
Сонгогч сонгуульд хэрхэн хандаж байгаа байдал, санал өгөхдөө харгалздаг хүчин зүйл, аль намын төлөө саналаа өгөх шийдвэр гаргасан зэргийг үндэслэн монгол сонгогчийг дараахь таван бүлэгт боломол байдлаар хувааж болно. Сонгогчийн оролцоо, зан үйл, үйлдэл нь цаг хугацааны дагуу өөрчлөгдөж байдаг хэдий ч эл ангиллыг хийхдээ 1990 оны эхнээс хийсэн давталттай социологийн судалгаа, сонгуулийн дүн, статистикийн мэдээ зэрэг дээр үндэслэсэн.
Нэгдүгээрт, “Хөгшин жардууд”.Улс төрийн аль нэгэн намд сэтгэлзүйн хувьд өөрийгөө харьяалуулж үздэг, нэгэн намыг дэмждэг улаан фанатик хүмүүс. Өөрөөр хэлбэл, тэд сонголтоо аль хэдийн хийчихсэн. Өөрийнхөө дэмждэг намын гишүүн хэмээн тооцдог бөгөөд саналаа өгөхөө үүрэг гэж vздэг. Сонгуулийн кампанит ажил, ухуулга сурталчилгаа, нийгмийн сэтгэл зүйн төлөв байдал зэрэг нь тэдний сонголтод ямар ч нөлөө үл үзүүлэх бөгөөд өөрийн баримталдаг үзэл бодлоо хатуу барьж саналаа өгдөг. Тэдний дотор улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, төвийг сахисан, холимог зэрэг ялгаатай бүлгүүд бий. Улс төрчөөс эхлээд хөгшид, нийгмийн идэвхтэй залуучууд, үзэл бодол нь тогтсон ахимаг насныхан бүгд энэ бүлэгт хамаарна. Гэхдээ хөгшчүүд, тэдний дотор арай илүү жин татна. Энэ холимог шинж нь намтай өөрийгөө адилтгадаг цэвэр сэтгэлзүйн, мөн социал хүчин зүйлсээр тайлбарлагдахаас бус улс төрийн прагматик сонирхлын агрегаци биш юм. 2004 оны сонгуулийн өмнөх байдлаар “хөгшин жардууд” нийт сонгогчдын 60 орчим хувийг эзэлж байна.
Хоёрдугаарт, “Ховдөг сонгогчид”. Аль нэг нам хүчнийг шууд дэмждэггүй, сонгуулийн кампанит ажлын хугацаанд шийдвэрээ гаргадаг сонгогчдыг өрнөдийн судлаачид ийнхүү нэрлэдэг. Орчин үеийн нийгэмд хөвдөг сонгогчийн тоо ихэссээр байгаа. Харин манай орны хувьд өвөрмөц дүр төрх ажиглагдаж байна. Тэд улс төрийн төрөл бүрийн реклам сурталчилгаа, сонгуулийн кампанит ажил, лидерийн имижмейкинг, мөн найз нөхөд, гэр бүл, аав ээжийнхээ зөвлөгөөг дагах зэрэг ер нь янз бүрийн хүчин зүйлийг харгалзан саналаа өгдөг. Сонгуулиас бусад үед төвийг сахидаг. Тогтсон үзэл бодол байхгүй тул хаашаа ч холбирч мэднэ. Ялангуяа, нийгмийн хамтын зан үйл тэдэнд нөлөөлдөг. Өдгөө манай орны сонгогчдын 28 орчим хувийг “Хөвдөг сонгогчид” эзэлж байна. Энэ тоо цаг хугацааны аясаар өөрчлөгдөнө.
Гуравдугаарт, “Оппортунистууд”. Тэд ямар ч намын дэмждэггүй. Улс төрийн асуудлыг сонирхдоггүй, тэр ч бүү хэл сонгуульд саналаа өгдөггүй хүмүүс юм. Тийм ч учраас тэд улс төрийн амьдралд туйлын итгэлгүй ханддаг. Янз бүрийн аргаар тооцоод үзэхэд тэд нийт сонгогчдын 12 орчим хувийг эзэлж байна. Дотор нь хоёр хэсэгт хуваан үзэж болно. Учир нь энэ бүлэг нь туйлын холимог эклекти шинжтэй. Нэгд, “идэвхтэй оппортунистууд гэж сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй ч улс төрийн нам нэр дэвшигчид, улс төрийн амьдралын талаархи мэдээллийг байнга сонирхдог, утга учир, ач холбогдлыг мэддэг хэдий ч улс төрөөс албаар зай байрьдаг хэсэг. Харин нөгөөх нь “идэвхгүй оппортунистууд” улс төрийн мэдээлэл ч сонирхдоггүй, улс төр, сонгууль бол хүний амьдралд ямар ч үр өгөөжөө өгөхгүй худлаа зүйл хэмээн тооцдог. Төр засаг улс төрийн намуудын аль алинд нь үл итгэдэг, хүний сэлт дээд хэмжээнд хүрсэн хүмүүс юм. Тэдэн дотор улс төр огт сонирхдоггүй ганзагчин залуугаас эхлээд төрийн томоохон албан тушаалтнууд хүртэл ордог. Иргэдийн улс төрийн оролцоо буурах тусам эл бүлгийн хэмжээ томроно гэсэн таамаглалыг судлаачид хийж байгаа[1]. Үүнийг сонгууль оролцож байгаа иргэдийн тоо тогтмол цөөрч байгаагаар нотолж болно.
Дөрөвдүгээрт, “Шинэ сонгогчид”. Өмнө нь ямар нэгэн сонгуульд оролцож байгаагүй, чухамдаа одоо л сонгуулийн насанд хүрч иргэний эрхийг эдлэх гэж байгаа залуучуудыг эл ангилалд орууллаа. Эдгээр залуучууд өмнөх хэв маягуудтай ихэнхи тохиолдолд давхцана. Гэвч тэднийг тусгайлан авч үзэж шинжилгээ хийх нь танин мэдэхүйн болоод практикийн хувьд үр дүнтэй. Улс төрийн намууд ч гэсэн эл бүлгийг харьцангуй анхаарч тусгайлан бодлого явуулж байнааг ажиглаж болно. Тэд нийт сонгогчийн 5 орчим хувийг эзэлдэг. Дотроо хэд хэдэн дэд бүлгүүдэд хуваагддаг. Шинэ сонгогч гэж нэрлэсэн нь тэднийг аль намын төлөө саналаа өгөхөө мэддэггүй гэж хэлэх гээгүй юм. Хэдийгээр тэдний нэлээд нь харьцангуй төлөвшиж амжсан байдаг ч дийлэнхи хэсгийн үзэл баримтлал нь тогтворгүй, туршлагагүй, тодорхой шалгуурын систем бий болоогүй, цаашилбал энэ талаар нухацтай бодож амжаагүй байдгийг л үндэс болгосон. “Шинэ сонгогч” аль нэг намын төлөө саналаа өгөхөд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг. Судалгаанаас үзэхэд залуучууд сонголтоо хийхдээ гэр бүл, ойр дотны хүмүүсээ дагах, олон нийтийн аяыг харах, мөн бусад улс төрчдийн имижийг харж саналаа өгдөг байна. Тийм учраас 18-21 насны залуучуудын улс төрийн нийгэмшлийг бид тусгайлан судалж байна.
Тавдугаарт, “Боломжгүйчүүд”. Энэ бүлэг нь өмнөх бүлгээс арай өөр шалгуураар үүсч байгаа. “Боломжгүйчүүд”-ийг зайлшгүй судлах ёстой юм. Тэд сонгуульд саналаа өгөх эрхтэй мөртлөө гадаад болон дотоод шилжих хөдөлгөөний улмаас энэ эрх нь хаагдсан хүмүүс. Тиймээс хоёр ангилан үзэх боломжтой.
Нэгдүгээрт, гадаадад амьдрагчид: 1990 оноос хойш паспортын хатуу систем устаж, иргэд гадаадад чөлөөтэй зорчих болсон. Нийгмийн хамгийн идэвхтэй, боловсролтой, риск хийх чадвартай, хөдөлмөрийн идэвхтэй ба сонгуулийн насны, бас харьцангуй боломжтой хэсэг нь гадаад руу гараад явчихлаа. Дурдсан үзүүлэлтүүд нь гадаадад байгаа монголчууд сонгуулийн ихээхэн өндөр идэвхтэй байх боломжтойг харуулна. Чухам хичнээн хүн гадаадад байгааг манайхан тоог нь гаргаж чадахгүй байгаа. Судалгаанаас үзвэл манай насанд хүрэгчдийн 7-8 орчим хувь нь ямар ч байсан гадаадад байх шиг байна. Өмнөд Солонгос, АНУ, Япон, Герман зэрэг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад амьдарч байгаа мянга мянган монголчуудад сонгуулийн эрхийн асуудал өдөр ирэх бүр хурцаар тавигдах боллоо.
Хоёрдугаарт, хөдөө орон нутгаас төв орон нутаг руу шилжих хөдөлгөөн хийгчид: 1992 онд баталсан Үндсэн хуулиар Монгол улсын иргэн өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болсон. Улмаар социализмын үед зохиомлоор барьж байсан шилжих хөдөлгөөн өөрийн зүй тогтлынхоо дагуу явагдаж, олон иргэд Улаанбаатар хот руу нүүж эхэлсэн юм. Шилжих хөдөлгөөний дараагийн давалгаа нь Эрдэнэт болон Дархан хот руу өдгөө чиглэж байна. Нүүж ирэгсэд бичиг баримтын зөрчилтэй улмаас сонгуульд саналаа өгөх эрхгүй болж байгаа нь баримттай зүйл. Ингэж албан ёсны бүртгэл байхгүй гэсэн шалтгаанаар маш олон сонгогчдын санал өгөх эрх зөрчигдөж байгаа нь 2004 он УИХ-ын сонгуульд ч гэсэн давтагдах төлөвтэй.
Сонгогчдын шилжих хөдөлгөөн ба тойргийн хэв шинжүүд
Сонгогчдын шилжих хөдөлгөөн хэр зэрэг хийгдэж байгаагаа тухайн орны улс төрийн хүчнүүдийн харьцаа, засаглалын системд гүйцэтгэх үүрэг, парламентад эзлэх байр суур зэрэг улс орны болон орон нутгийн төвшинд тодорхойлогдон байдаг билээ. Чухамдаа тийм учраас барууны судлаачдын дунд сонгогчдын шилжих хөдөлгөөнийг анхааралтай судалдаг.
Манай орны хувьд ч гэсэн улс төрийн прогнозыг зөв гаргахын тулд сонгогчдын шилжих хөдөлгөөнийг тусгайлан судлах хэрэгтэй юм. Ингэж сонгогчдын шилжих хөдөлгөөнийг судлахдаа тодорхой цаг хугацаатай авч үзэх нь чухал. 1990 оноос хойш манай оронд өрнөсөн улс төрийн үйл явцыг бүхэлд нь базаад улс төрийн намуудын өөр хоорондын ялгарал болон нэгдэх, цаашилбал шинээр үүсэх үйл явц хүчтэй байгаа тул сонгогчдын шилжих хөдөлгөөнийг судлахад туйлын их бэрхшээл учруулж байв.
Шилжих хөдөлгөөний ерөнхий дүр зургийг дүрслэн гаргахын тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн тавьж арга зүйн зарчим болгон ажилласан юм.
- Ингэхдээ сүүлийн хоёр удаа УИХ-ын сонгуулийг нэг мандаттай 76 тойргоор явуулсныг арга зүйн баримтлал болгон ашигласан. (1992 оны сонгууль өөр системээр явагдсан)
- Шилжих хөдөлгөөнийг цаг хугацааны хувьд 1996-2000 оны сонгуулийн хугацааг сонгон авлаа.
- Шилжих хөдөлгөөнийг улс төрийн хүчнүүдийн үүсэл, интеграц болон ялгарал зэрэгтэй холбон үзэв.
- Тухайлсан тойргуудыг сонгогчдын саналын хөдөлгөөнт тогтворгүй шинж, түүнийг тоон хэмжээст оруулан шалгуур болгож ангилав.
- Улс төрийн намуудыг гурван блок болгон МАХН ба Ардчилсан хүчин, Бусад хэмээн хуваасан юм. (Үүнд 1996 оноос хойшхи ардчилсан хүчний нам эвслүүдийг оруулан тооцсон болно.
Шилжих хөдөлгөөнийг судлахдаа бид сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээлэл, социологийн суурь судалгаа дээр үндэслэсэн юм. Ингээд тойргийг анализ хийж, үндсэндээ 5 бүлэгт хуваан үзэж болохоор байна.
“Гипер инфляцтай” тойргууд
Тодорхойлолт: нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин лүү хэт их өөрчлөгддөг. Дээд тал нь 39-46 хүртэл хувиар савлаж байсан тойргууд. Өөрөөр хэлбэл, эл тойрогт амьдардаг иргэдийн санал туйлын хувирамтгай, өчигдөр дэмжиж байсан намаа өнөөдөр дэмжихээ болих нь ердийн үзэгдэл бөгөөд маргааш тэдний зан үйлийг тодорхойлох аргагүй юм. Чухамдаа ингэж тэдний санал байнга өөрчлөгдөж байдаг нь янз бүрийн шалтгаантай боловч тогтвортой байдал үүсэх хандлага үгүй. Тийм ч учраас эл тойргууд нь улс төрчдийн хувьд нэг бол амжилт гаргах үндэс, аль эсхүл үхлийн зон байсаар иржээ. Үүнд 8, 11, 15, 17, 18, 22, 33, 47, 51, 56, 58, 62, 67, 68, 73-р тойргууд орж байна. Эдгээр нь нийт тойргийн 20 орчим хувийг буюу тавны нэгийг эзлэх ажээ.
“Макро өөрчлөлттэй” тойргууд
Тодорхойлолт: Энэ ангилалд багтсан тойргийн сонгогчид нь нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү нэлээд их өөрчлөгддөг. Тэр хэлбэлзлэлийг тоогоор илэрхийлвэл 29-38 хувийн хооронд хэлбэлздэг тойргууд. Үүнд 3, 7, 9, 10, 38, 45, 50, 52, 65, 66, 69, 70, 75, 76-р тойргууд багтана. Бүгд 14 тойрог болно. Нийт тойргийн 18.42 хувийг буюу тавны нэгийг нь эзэлж байна. Энэ тойрогт нэг дэвшигчид намын нэр хүндэд найдаад байж болохгүйг судалгаа харуулж байна. Тиймээс эхлээд сайн бодох хэрэгтэй. Учир нь маш их зүйл таны өөрийн суртал ухуулгын кампанит ажлаас шалтгаална. Энэ бол мөнгө их зарнаа гэсэн үг. Хэрвээ та зөв ажиллаж чадвал ялалт байгуулна, эс чадваас биеэрээ, сэтгэлээрээ хамгийн гол нь мөнгөөрөө шатаад дуусна.
“Динамик” тойргууд
Тодорхойлолт: нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорон улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү хүчтэй (19-28 хувийн далайцтай) өөрчлөлт хийгддэг. Судалгаанаас үзвэл 1, 4, 5 12, 13, 14, 16, 23, 24, 26, 29, 31, 32, 35, 36, 40, 42, 46, 48, 5 55, 57, 59, 60, 61, 63, 64, 71, 74-р тойргууд орж байна. 20 тойрог болж байна. Нийтдээ 38.15 хувийг эзэлж байна Хэрвээ сонгуулийн хууль өөрчлөгдөж амжихгүй бол эдгаар тойргууд дээр улс төрийн гол тэмцэл явагдах болно. Эдгээр тойргийн нэр дэвшигчид өөрийн намын болон хувийн рейтинг дээрээ шүүгчдийн (иргэдийн) халаасанд байгаа 19. 28 хувийн саналыг цуглуулахын төлөө дайтах хэрэг гарна.
“Мэдрэмтгий” тойргууд
Тодорхойлолт: нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин рүү 8-18 хувийн өөрчлөлт хийгддэг. Судалгаанаас харвал 2, 6, 19, 20, 21, 25 30, 34, 39, 41, 43, 44, 49, 53, 72-р тойргууд багтаж байна. Нийт 17 буюу 22.36 хувийг эзэлж байна. Хэрвээ та энд нэр дэвших гэж байгаа улс төрчийн хувьд өмнө ямар нам ялж байсан, мөн түүн дээр 8-18 хувийн хэлбэлзэл дээшээ ба доошоо гарч болзошгүйг анхааралдаа авах хэрэгтэй. Хэрвээ өмнөх сонгуулиар таны дэвших гэж байгаа нам ялсан бол одоо таны тойрогт намын рейтинг гайгүй байгаа ба та ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.
“Тогтвортой” тойргууд
Тодорхойлолт: нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчин лүү маш бага өөрчлөлт хийгддэг. Тогтвортой гэж бараг хэлж болох, хөдөлгөөн 7 хүртэл хувиас хэтэрдэггүй явагддаг тойргууд. Нийтдээ 2.6 хувийг эзэлдэг. Чухамдаа бидний судалгаагаар Өвөрхангайн 27-р тойрог, Өмнөговийн 28-р тойргууд орно. Энэ хоёрт МАХН-ын болон Ардчилсан хүчний сонгогчдын хүч тэнцдэг. Маш бага хувийн хөвдөг сонгогчдын саналаар аль нэг нь ялалт байгуулдаг ажээ.
Дүгнэлт
Дээрх судалгаанаас үндэслэн дараахь дүгнэлтийг хийж болохоор байна.
1.1996-2000 оны 4 жилийн хугацаан дахь нийт 76 тойргийн сонгогчдыг бүлэглэн үзэхэд сонгогчдын шилжих хөдөлгөөн тасралтгүй явагдаж байна.
2.Улс төрийн намуудын (МАХН-аас бусад намын хувьд) ялгарах, нэгдэх, шинээр байгуулагдах үйл явц нь тэднийг байнгын тогтвортой дэмжигчидтэй болоход сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь улс төрийн намуудад итгэх итгэл сулрахад тодорхой нөлөөллийг үзүүлж байгааг харж болно.
3.Сонгогчдын хувьд тодорхой үзэл баримтлал, үнэт зүйлийг биш өөрийгөө тодорхой намд харъяалуулж санал өгдөг сонгогчид дийлэнхи хэсгийг эзэлж байна.
4.Сонгогчдын саналын шилжих хөдөлгөөнд тодорхой газар нутаг, соёл, үндэс угсаа, амьдрах хэв маяг зэрэг нь багагүй нөлөөг үзүүлж байна.
5.Ялангуяа, өнөөгийн сонгуулийн системийн нөхцөлд нийт тойргуудын 60 орчим хувьд нь (нийт тойргийн 2.63 хувийг тогтвортой тойрог эзэлж байгаа) 19-46 хүртэл хувийн саналын савалгаа гарахад бэлэн байна. Үүний сөрөг тал нь сонгуулиар улс төрийн намуудын байр суурь огцом өөрчлөгдөж төрийн бодлогын залгамж халаа алдагдахад хүргэж болзошгүй юм. Энэ үйл явц нь ямар ч хүчнийг засгийн эрхэнд хяналтгүй гаргах, цаашилбал ямар ч хүчнийг засгийн эрхээс бүрмөсөн устгах ч аюултай байж болно гэдэг нь манай орны өнгөрсөн түүх харуулна.
[1] Энэ тухай дэлгэрүүлж дараахь сайтнаас үзнэ үү. Ч.Тамир. Монголчуудын улс төрийн оролцоо. http//www. Opensocietyforum.mn/contents