Андреас Дёрнер, Лудгера Фогт
Шинэ толь №46, 2004
СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨН ЁСЛОЛЫН ЧАНАРТАЙ ҮЙЛДЭЛ БОЛОХ НЬ
Түлхүүр үг: Сонгуулийн өрсөлдөөн, Кампани, боломжийн олонлог, бэлгэдэл, УТ-ийн сэтгэл хөдлөл
Зохих ёсоор явуулсан сонгуульгүйгээр улс төрийн сайн бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Сонгогдохын төлөө өрсөлдөөн нь улс төрд оролцогчийг “хувь хүн”-ээс улс төрч болгон хувиргадаг ёслолын чанартай үйлдэл юм. Сонгуулийн кампани нь иргэдэд амьдарч буй улс төрийн систем нь хэр зэрэг чадавхитай, улс төрийн үйл явцыг үнэлж цэгнэх үүргээ тэд хэрхэн биелүүлдэг болохыг тод томруунаар илтгэн харуулдаг.
Төлөөллийн ардчиллыг тодорхойлох гол жаяг болох сонгуулийн кампанийн энэхүү бэлгэдлийн шинжийг сонгуулийн кампанийн утга агуулгын талаарх хэлэлцүүлэгт орхигдуулдаг. Иймээс эл асуудлыг тодруулахыг оролдсон болно. Эхний хэсэгт орчин үеийн сонгуулийн кампанийн хүрээн дэх коммуникацийн бүтэц, чиг үүргийг авч үзнэ. Дараагийн хэсэгт сонгуулийн кампанийг ардчилсан тогтолцооны утга агуулгыг таниулан ойлгуулахад чухал нөлөө үзүүлдэг жаяг болохынх нь хувьд нарийвчлан авч үзэх болно. Нийтлэлийн гуравдахь хэсэгт “олон янзын сонголт бүхий нийгмийн” хүрээнд бидний өнөөгийн өдөр тутмын амьдралыг тодорхойлох болсон үнэ цэнэ нь буурч буй олон сонголттой харьцуулахад улс төрийн сонголт хэрхэн үнэлэгддэг болохыг харуулах болно.
“Олон янзын сонголт бүхий нийгмийн” хүрээнд сонгуулийг зах зээл дээр өрнөдөг олон үйл явдлын нэг хэмээн үзэх нь их болж, улс төрийн сонголт тухайн үед төрсөн сэтгэгдлийн дагуу, урсгалаар хийгддэг үнэлэлт дүгнэлтийн шинжтэй болж, улс төр хэмээх цогц үзэгдлийн нүдэнд үзэгдэх хэсэг нь мэргэжлийн түвшинд найруулан тавьсан удаан хугацаагаар үргэлжлэх сурталчилгааны нэвтрүүлэг мэт болсоор байна. Энэхүү хандлага өөрийн гэсэн үр дагавартай боловч эдүгээ эл үйл явцыг зогсоохын аргагүй болжээ. Сонгуулийн кампанийн явцад иргэд амжилт гаргаагүй улс төрчдийг албан тушаал, мандатаас нь шинэ сонголт хийж чөлөөлөн, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж буй нөхцөлд уг хандлага нь ардчиллыг аюулд унагахгүй юм.
Сонгуулийн кампани ба түүний гүйцэтгэх үүрэг
Аливаа сонгуульт албан тушаалын төлөө оролцогчид /тоглогчид/ өрсөлдөж эхэлсэн, өөрөөр хэлбэл хүмүүс хамтран зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс сонгогдохын төлөөх өрсөлдөөн өрнөж ирсэн түүхтэй. Сонгуульд ямар ч суудлын төлөө, хамба лам, цагдаагийн дарга эсхүл парламентын гишүүн байна уу гэдгээс үл хамааран өрсөлдөгчид сонгогчдын санал авч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцдэг. Янз бүрийн өрсөлдөгчид хоорондоо өрсөлдөж байх нөхцөлд оролцогч бүр бусдаасаа илүү байхын төлөө чармайн ажиллах нь тодорхой. Ховорхон тохиолдох өрсөлдөгчгүй, ганцаар нэр дэвшсэн үед ч гэсэн сонгуулийг үр дүнтэй болгохын тулд шаардлагатай тооны сонгогчийн саналыг авсан байх ёстой.
Сонгуулийн аливаа өрсөлдөөн нь хүмүүс хоорондын харилцааны үйл явц байдаг учраас орчин үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түүний гол талбар болсон нь ойлгомжтой. Үүгээр гэхдээ сонгуулийн кампанийн хүрээнд хоорондоо уулзан ярилцах боломж олгодог янз бүрийн арга хэмжээ, хурал цуглаан зэргийг үгүйсгээгүй болно. Бүр XIX зуунд томоохон хэмжээний сонгуулийн кампанит ажлыг намын сонин сэтгүүлээр явуулж эхэлдэг байсан бол эдүгээ сонгуулийн өрсөлдөөнийг цэвэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл хэрэг болсон гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй юм. Энэхүү үйл хэрэгт улс төрийн нам /ховорхон тохиолдолд ганц нэр дэвшигч/, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгогч гэсэн гурван тал оролцдог.
Сонгуулийн кампанийн хүрээн дэх коммуникаци дараахь зургаан үүрэг гүйцэтгэдэг:
- Сонгуулийн кампани нь улс төрд оролцогчдод өөрсдийгөө болон баримталж буй байр сууриа олон түмэнд таниулахад нь тус дөхөм болдог. Ийнхүү таниулах нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сонгогчдын анхааралд орох үндсэн нөхцөл нь болдог. Эдгээр оролцогчид тухайлбал, олон нийтийн санаа бодлын судалгааны дүн зэрэг авсан мэдээлэл дээрээ тулгуурлан олон нийтэд өөрийгөө таниулан хүргэхэд юуг тэргүүн зэрэгт анхаарах, юуг онцлохгүйгээр хоёрдугаарт тавих ёстой тухайгаа шийдвэрлэдэг. Үүнд тодорхой сэдэв, бие хүмүүс, хөтөлбөр, төсөөлөл болон тухайн намын ёс зүйн ойлголт, амъдралын хэв маягийг тодорхойлох хүчин зүйлс, анхаарал татсан асуудлууд болон хэвлэл мэдээллийн анхааралд өртөх үйл явдал зэрэг багтана.
- Сонгуулийн кампанийн хүрээн дэх харилцаа нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгочдод төдийгүй сонгуулийн өрсөлдөөний явцад нягтран нэгдэх, тодорхой сэдэлтэй болон идэвхижих ёстой өөрийн намын гишүүд болон элитэд чиглэгддэг. Ингэхдээ гол нь тэднийг ятган үнэмшүүлэх чиглэлээр ажиллахаасаа илүү өөдрөг уур амьсгал, сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх нь чухал болдог. Улс төрийн коммуникаци буюу харилцаанд “Feel-Good-Factor” буюу сэтгэл хангалуун байлгах хүчин зүйл онцгой чухал үүрэгтэй. Гагцхүү өөрийнхөө намыг ялна гэдэгт бүрэн итгэлтэй иргэн л өдөр тутмын сонгуулийн кампанит ажилд бүрэн биеэ дайчлан оролцдог. Сонгуульд нэр дэвшигчдийг зарлах намын хурлууд нь сэтгэл догдлуулсан чухал арга хэмжээ болдог. 1998 оны хавар Германы Социал-Демократ Нам иймэрхүү хурал хийснээс хойш ийм арга хэмжээг гоо зүй, сэтгэл хөдлөлийн талаасаа хүмүүст хүчтэй нөлөөлж байхаар нягт нарийн бодож хийдэг болсон.
- Өөрийн талын сонгогчдыг санал хураалтанд идэвхитэй оролцуулах явдал нь сонгуулийн кампанийн сонгодог үүрэгт тооцогддог. Зуршсан ёсоор болон нийгмийн бүтэц, бүлгийн уялдаа холбооноос үүдэн тогтмол саналаа өгдөг сонгогчиддоо саналаа өгөх ёстойг нь ойлгуулсан цагт л сонгуульд ялах боломжтой болно. XIX, XX зууны дунд үе хүртэл энэ хандлага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байв.
- Хэнийг сонгохоо шийдэж чадаагүй болон эсрэг талд саналаа өгөх хандлагатай сонгогчдыг санал хураалтанд оролцуулан, өөрийн талд саналаа өгүүлэх нь үүнээс хавьгүй хүнд болох нь маргаангүй юм. Сонгогчид нэг намыг тууштай дэмжих, иргэд болон улс төрийн намуудын хооронд тогтвортой хэлхээ холбоо байх нь улам бүр багассаар байгааг хөгжлийн явц харуулж байна. Тогтворгүй болсон сонгогчдын саналыг нь авахыг хүсч байгаа бол тэдэнтэй ажиллахаас өөр аргагүй болжээ. Үүнийг дараахь тоо баримтаар тодруулж болно. Урьд өмнө нь үйлдвэрчний эвлэлд нэгдэн зохион байгуулагдсан ажилчид болон Германы Социал- Демократ Нам хоёр хоорондоо нягт холбоотой байсан бол өнөөдөр энэхүү уялдаа холбоо ихээхэн суларч уг намыг сонгогчдын 13 хувь нь л ажилчид болсон бол католик шашинтан болон Христын Ардчилсан Холбоо намын хоорондын уялдаа мөн л суларч өдгөө тус намыг сонгочдын 18 хувь нь католикууд болсон байна. 1980-аад оны дундуур явуулсан судалгаагаар тухайн намын гол хүчинд тооцогдож байсан гишүүдийнх нь бараг 1/3 нь өөр намд саналаа өгч байсан жишээтэй. Нэг намыг тууштай дэмжин саналаа өгдөг сонгогчдын тоо 1970-аад оноос эхлэн жилээс жилд буурч ирснийг Конрад Аденауэрын Сангаас явуулсан хэд хэдэн судалгаа мөн нотолж байна. Тогтворгүй сонгогчдын тоо харин нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, 1980 онд тэд сонгогчдын 24 хувийг бүрдүүлж байсан бол 1994 онд 50 хувь болтлоо буюу бараг хоёр дахин өссөн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хүн ам зүйн үүднээс авч үзвэл насны эрхээр байнгын сонгогчид удахгүй устаж үгүй болох байдал ажиглагдаж байна. Иймд нөхцөл байдлаас үүдэн саналаа янз бүрээр, түүнчлэн санал хураалтын өдрийг нэлээд ойртуулж шийдвэрээ гарган саналаа өгдөг сонгогчдын тоо нэмэгдсээр байгаа учраас намуудын сонгуулийн кампанийн хүрээний коммуникац буюу харилцааны асуудал намуудын хувьд улам бүр чухал болсоор байх болно.
- Сонгуулийн кампани нь өөрийн сонгогчдыг санал хураалтанд оролцуулах үүргээс гадна нийт сонгогчдыг сонгуульд татан оролцуулах үүрэг хүлээдэг. Санал хураалтанд оролцохыг улс төрийн оролцооны чухал хэлбэрийн нэг гэж үзвэл энэ асуудал гарцаагүй чухал юм. Сүүлийн жилүүдэд олон улс оронд сонгуулийн оролцоо буурах хандлага илэрч байна. Үүнийг харин шууд улс төрийн системийг тогтворгүй болгож буй хэрэг гэж үзэх нь эргэлзээтэй юм. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн доогуур оролцоог улс төрийн системийн тогтворгүй байдлын нэгэн зайлшгүй үзүүлэлт хэмээн ойлгож болохгүй. Гэхдээ төлөөллийн ардчилал бүхий тогтолцоо болон түүний чадавхид хэр зэрэг итгэж буйг эсрэг санал өгч, явуулж буй бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх тохиолдол гарч байсан ч сонгогчдын сонгуулийн оролцооноос харж болно гэдгийг хэлэх хэрэгтэй.
- Сонгуулийн кампани нь мөн бэлгэ тэмдгийн үүрэгтэй. Энэхүү үүрэг нь парламентын тогтолцоо бүхий улс төрийн систем тогтвортой оршин тогтнох чухал нөхцөлийн нэг болдог бөгөөд ийм ч учраас дараагийн хэсэгт дэлгэрэнгүй авч үзэх болно.
Сонгуулийн кампани “ардчиллын талаарх домог зохиолын” найруулан тавьсан тайзны бүтээл болох нь
“Ардчиллын талаарх үлгэр домог”-ийг ардчилсан тогтолцоог тогтвортой байлгах чухал хүчин зүйлийн нэг болохыг америкийн улс төр судлаач Г.Алмонд болон С.Верба нар “Civic Culture” бүтээлдээ 1960-аад онд тэмдэглэсэн билээ. Үүний цаана иргэд болон улс төрийн оролцогчдын нийгмийн амьдралд оролцох үлэмж их боломж байна, энэхүү боломж нь цаашид ч өргөжин тэлнэ гэсэн иргэдийн итгэл агуулагдаж байгаа юм. Сонгуулийн өрсөлдөөн нь ардчилсан тогтолцооны тайзан дээр энэхүү домгийг найруулан тавьсны үндсэн дээр бий болсон бүтээл юм. Институционал бүтцийн хувьд ямар ч байх нь хамаагүй аливаа улс төрийн тогтолцоо тодорхой домог зохиол, ёс жаягийг өөрийгөө тогтворжуулах хэрэгсэл болгон ашиглахаас зайлсхийхгүй юм. Сонгуулийн кампани нь ардчиллын ёс жаягт тооцогдох үйлдлийн хувьд системийг тогтворжуулах үйл явцад байнга оролццог.
“Улс төрийн домог” хэмээх ойлголтыг тодруулах үүднээс дараахь зүйлийг өгүүлж болно. Социал нийтлэг, холбоодын оршин тогтнолтой холбоотой гол асуудалд нөлөөлөх чадвартай, бэлгэ тэмдгийн өнгө аяс бүхий зохиолыг улс төрийн домог гэж хэлдэг. Улс төрийн домог нь нягтруулах нөлөө үзүүлэхээс гадна улс төрийн чиг баримжааг тогтооход дөхөмтэй болгодог. Улс төрийн домог нь үнэн ч биш, худал ч биш байдаг. Тэрээр ертөнцийг тодорхой үүднээс нээн харахад тусалдаг бөгөөд “яагаад” гэсэн асуултанд хариулт өгдөг утга агуулгатай юм. Иймэрхүү байдлаар таньж мэдүүлсэн ертөнцийг ойлгоход илүү дөхөмтэй болдог. Улс төрийн домог нь тэгэхлээр орчин үеийн нийгэмд утга агуулгыг түгээн дэлгэрүүлэгч болдог. Тэрээр хувь хүнд бусад хүмүүс өөрт хандаж, өөрийг нь чухалд үзэж байгаа мэт ойлголтыг төрүүлж чаддаг.
Аливаа домгийг хүмүүст хүргэхдээ найруулгын арга хэрэгслийг ашиглан өрсөлдөгчөөс нь илүү онцлон толилуулж чадсан нөхцөлд хүлээсэн үүргээ сайн биелүүлдэг. Тодорхой домгийг иргэдэд хүргэх чухал хэрэгслийн нэг нь дэг жаягууд болдог. Тиймээс ч сонгуулийн кампани нь нэг ёсны жаяг болохын хувьд чухал ач холбогдолтой. Уг жаяг нь ардчиллын талаарх домгийг онцгой итгэл үнэмшил төрүүлэхүйц үйлчлэлтэй болгодог. Ёслолын шинжтэй үйлдлүүд нь тодорхой давтамжтайгаар хийгдсээр хүмүүсийн оюун ухаанд хүрдэг.
Ардчиллын тухай домгийн гол баатар нь үнэн хэрэгтээ сонгогчид байдаг. Учир нь тэдний ухаалаг сонголтоос нийгмийн сайн сайхан аж байдал хамаардаг. Сонгогч хэнээс ч үл хамааран бие даан шийдвэрээ гаргадаг. Ардчиллын тухай домогт сонгууль нь ард түмний бүрэн эрхт байдлын илрэл болдог.
Боломжийн олонлог бүхий нийгэм дэх сонгууль
Орчин үеийн нийгэмд аливаа үйл явц илүү индивидуал шинжтэй болж, уламжлалаас хөндийрөх хандлага хүчтэй илэрч байна. Социологич Гросс өдөр тутмын амьдралын бараг бүхий л хүрээг хамарсан сонголт хийх үзэгдлийг манай нийгмийн давшингуй шинэчлэлтийн чухал үзүүлэлт болохыг тогтоосон юм. Тэрбээр “олон сонголт бүхий нийгэм нь социал хүрээнд сонгох боломж үлэмж ихээр нэмэгдэж, таньж мэдрэх, үйл ажиллагаа явуулах, амьдрах боломж нэмэгдсэнээр илэрнэ” гэж тодруулж байжээ. “Пиццанаас эхлээд телевизийн хөтөлбөр, хүнтэй танилцах, гэр бүл болохдоо сонгох боломж нэмэгдэж байна. Өдрөөс өдөрт сонгох хувилбар, альтернативын тоо нэмэгдсээр… Энэ үйл явцын эцэс төгсгөл нь харагдахгүй байна” гэжээ.
Сонголт, боломж нэмэгдэхийн сацуу үйл явц түргэсэх хандлагатай болж байна. Олон янзын боломж зэрэгцэн оршихын сацуу сонголтууд түргэн өөрчлөгдөн солигдож байна. Өнөөдөр “хамгийн моодонд орсон” байсан зүйл маргааш нь “хуучрах”, нөгөөдөр нь бүр ор тас мартагдах жишээтэй. Цаг үеэсээ хоцрохгүйн тулд оролцогчид яаравчлах хэрэгтэй болсон. Сонголт их болох үзэгдэл зөвхөн материаллаг ертөнцийг төдийгүй амьдралын оюун санааны хүрээг мөн хамарч байна. Аж төрөх арга хэлбэр, амьдралын хэв маяг, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, бэлгэ тэмдэг, уламжлалыг бүхэлд нь хөндсөөр байгаа билээ.
Нийгмийн амьдрал илүү индивидуал шинж төрхтэй болох, уламжлалаас хөндийрөх, сонголт өсөх үзэгдэл нь улс төрийн хүрээнд ч хүчтэй нөлөө үзүүлж байна. XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн нийгэм, ёс зүйн орчин, улс төрийн баримтлал, намуудын хооронд тогтсон нягт уялдаа холбоо оршсоор байсан бол XX зууны эцэст энэ байдал өөрчлөгдсөн билээ. Үүний чухал илрэлийн нэг нь сонгогчид тогтворгүй болсон явдал юм. Урьд өмнө нь сонгогчид уламжлалт бүлгийнхээ харилцаа холбооны хүрээнд сонголтоо хийдэг байсан бол байдал өөрчлөгдсөнөөр сонгуулийн кампанийн хүрээн дэх халуун өдрүүдэд өөрийн шийдвэрээ гаргадаг болсон.
Сонгогчдын шийдвэрт олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэдний дотроос цөөн тооны хүмүүс л улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр судалж эсхүл засгийн эрх барьж байсан жилүүдийнх нь үйл ажиллагааг нарийн дүгнэн цэгнэн шийдвэрээ гаргадаг. Тэдэнд голлон нөлөөлдөг хүчин зүйл нь тухайн үеийн сэтгэгдэл, бодол санаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж буй кампани, хувь хүмүүс болон хүмүүсийн талаарх мэргэжлийн өндөр түвшинд нийтэд хүргэж чадсан зохиомж, найрууллага болсон байна.
Орчин үед улс төрийн хүрээнд зах зээлийн бүтэц зохион байгуулалт ихээхэн нэвтэрсэн. Олон хувилбарт нийгмийг зөвхөн сонгож болох улс төрийн нам, нэр дэвшигчдийн тоо өссөн гэдэг үүднээс бус мөн нам, нэр дэвшигчдийн зүгээс тогтворгүй болсон сонгогчдод өөрсдийгөө таниулах, санал болгох хувилбар, зохиомжуудын тоо нэмэгдсэн гэсэн утгаар нь ойлгох нь зүйтэй юм. Улс төрчид буюу улс төрийн зах зээлийн нийлүүлэгчид сонгуулийн санал бүхий хэрэглэгчийн төлөө хоорондоо өрсөлддөг. Саналаа өгсний хариуд сонгогчид тэднээс тодорхой зүйлийг хүсэн хүлээдэг. Тэд саналынхаа хариуд улс төрчдөөс зөвхөн өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн бодлогыг төдийгүй бэлгэдлийн улс төр буюу тодорхой бэлгэ тэмдгийг ашиглан тухайн бодлогыг тэдэнд сонирхолтойгоор танилцуулан хүргэхийг хүсэн хүлээж байдаг.
Бэлгэдлийн улс төрийн хүрээнд сонгогчдын оюун санааны хэрэгцээ, сонирхол гол чиг баримжаа нь болдог. Энэ нь арга хэмжээ бүрийг үр ашигтайгаар хүнд “борлуулах” ёстой гэсэн үг юм. Эс тэгвээс сонгогчдын бодол санаа хувирч, өрсөлдөгч тал байдлыг’ өөрт ашигтай тал руу эргүүлэх боломжтой болно. Ингэхдээ харин улс төрийн энэхүү бэлгэдэл бүхий шинжийг “цэвэр шоу” болгохоос болгоомжлох хэрэгтэй. Энд эхлээд мэдээжийн хэрэг ямар нэгэн бүтээгдэхүүнийг сурталчлахтай адил улс төртэй ямар ч холбоогүй мэт тусах сайхан дүр зургийг бий болгоно. Эерэг уур амьсгал, өөдрөг санаа бодлыг бодит байдлыг тодорхойлогч хүчин зүйл хэмээн үзэх үндэстэй. Зарим тохиолдолд хүлээж авахад хүнд, урт удаан хугацаа шаардсан төслийг оролцогч талуудын сэтгэлийг хөдөлгөн, сэтгэл санааны эерэг орчныг бүрдүүлснээр хэрэгжүүлэх боломжтой болдог. 1980-ад онд АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Рейганы явуулж байсан бодлогыг агуулгынх нь хувьд яаж ч үнэлж болох байсан нэг зүйлийг үгүйсгэхийн аргагүй юм. Энэ нь түүний улс төрийг зохиомжлон найруулах арга барил, эзэмшсэн улс төрийн илтгэх урлаг юм. Нийт улс үндэстэн сэтгэл санааны уналтанд орсон, гадаад бодлогын хувьд ялагдал хүлээсэн байсан (Вьетнам, Иран) нөхцөлд эдгээр шинжээрээ тэрээр элитийн төдийгүй жирийн иргэдийн сэтгэл санааг засаж байсныг олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгүүд илтгэн харуулсан юм.
Улс төрийн сэтгэл хөдлөлийн менежментээр улс төр дэх субъектив хүчин зүйлийн нөлөөллийг нэмэгдүүлж, ялангуяа нийгмийн хямралын үед тодорхой үр дүнд хүрч болно. Тиймээс улс төрийн сурталчилгааны янз бүрийн арга техникийг улс төрийн хүрээний чухал хүчин зүйл болсонд гайхах хэрэггүй юм. Улс төрийг олон нийтэд хүргэх стратегийг боловсруулах чиглэлээр дагнасан бүхэл бүтэн салбар бий болсон. Ямар ч улс төрийн нам, үйлдвэрчний байгууллага, ажил олгогчдын холбоо, сүм хийдийн байгууллага ч тэр өнөөдөр сурталчилгаа, олон нийтийн харилцааны мэргэжилтэнгүйгээр нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж чадахаа больсон билээ. Улс төрийн коммуникаци мэргэжлийн түвшинд хүрсэн юм.
Орчин үед сонгуулийн тэмцэл байнгын үзэгдэл болж хувирсан гэж хэлж болно. “Сонгуулийн кампанийн халуун өдрүүд”-ийг үндсэндээ түүний тодорхой бэлгэ тэмдгээр баяжуулсан оргил үе төдий ойлгож болох талтай. Энэхүү оргил үеэр төлөөллийн ардчилалд тодорхой давтамжтайгаар өөрийгөө баталгаажуулах боломж олгодог дэг жаяг үйлдэгддэг. Энэ ёслол болоход иргэд улс төрийн оролцогч болох боломжтой. Иргэд хүлээсэн үүргээ ухамсарлан эцсийн шийдвэр гаргагч болох эсэх нь л энд юу юунаас чухал юм. Үүний тулд тэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн зүгээс явуулж буй сурталчилгааны цаана далдлагдаж буй улс төрийн бодит байдал, бодлогын чанар чансааг үнэлж дүгнэх хэрэгтэй байдаг.
Асуудлыг бодитой талаас нь олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох үүрэг гүйцэтгэдэг. Улс төрчид олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаа улам бүр мэргэжлийн түвшинд хийж буй нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн байр сууриа хүчтэй илэрхийлэх шаардлагатай байдаг. Ингэхдээ улс төрчдийг шүүмжлэх, тэднээс зай барих нь бус, харин үүний оронд улс төрийн бодит үйл явцыг тэнцвэртэйгээр тусгах нь чухал юм. Энэ аргаар ардчиллын тухай домог зохиол ч хүмүүст хүрч үр ашгаа гаргахад нөлөөлөх боломжтой.