С.Түмэндэлгэр
/МУБИС-ийн социологийн багш, магистр, докторант/
Шинэ толь №48, 2004
Түлхүүр үг: Хөдөлмөр эрхлэлт, Жендэрийн ялгаа, Рациональ сонголт, Хүний капитал, Патриарх онол, Жендэрийн соёл
Удиртгал
Хөдөлмөр эрхлэлтэд жендэрийн ялгаа оршин байх нь эрэгтэй, эмэгтэй гэдгээсээ хамааран ялгаатай хөдөлмөрийн төрлүүдийг эрхлэх хандлагатай байгааг, мөн хөлстэй хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн хөлсгүй хөдөлмөрийг ялгаатайгаар эрхэлж байгааг харуулах ба нэ нь бүхий л нийгэмд илэрдэг байна. Бидний одоогоор мэдэж байгаа зүйл нь ажил хөдөлмөр нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд ялгаатай хуваарилагдаж байгаа, хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн түвшин жендэрийн бүлгүүдийн хувьд харилцан адилгүй байгаа явдал.
Чухамхүү ямар шалтгаан нөхцөл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийг ялгаатай хөдөлмөрийн төрлийн эрхэлж буй, эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэх нь эрэгтэйчүүдээс доогуур байгаа явдлыг тодорхойлж байна вэ хэмээх асуудал нь шинжлэх ухааны олон судлаачдын анхаарлыг татдаг. Миний бие Монгол дахь хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгааг судлахыг зорьж байгаагийн хувьд энэхүү асуудлыг судалсан өрнө дахины судлаачид онолын үүднээс уг асуудлыг хэрхэн тайлбарлаж байгааг судалсаа та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.
Хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгааг тайлбарладаг онолын баримтлалуудыг ялгааг үүсгэж буй шалтгаан нөхцөлийн шинжээс нь хамааруулан эдийн засгийн, нийгммийн бүтцийн, соёлын болон ёс суртахууны рационал байдлын гэсэн 3 бүлэгт ангилан авч үзье. Бүлэг бүрийн хүрээнд тус бүр хоёр онолын баримтлалыг авч үзсэн ба эхлээд гол санааг нь товч танилцуулан, дараа нь уг онолын шүүмжлэлт талуудыг дэвшүүлэхэд чиглэлээ.
Эдийн засгийн чиглэлийн онолууд
Хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн сеграгаци үүсэж буй шалтгаан нөхцөлийг тайлбарлахдаа эдийн засгийн хүчин зүйлстэй холбон тайлбарладаг хоёр гол онол байдаг байна. Үүнд Минсер, Полачек нарын “Хүний капитал”-ын онол Беккер нарын “Рационал сонголт”-ын онол багтана. Эдгээр онолуудын үндсэн санаа болон шүүмжлэгддэг өнцөгүүдийн талаар товч авч үзье.
“Хүний капитал”-ын онол. Хүний капиталын онолыг анх судлаач Беккер, Минсер нар дэвшүүлсэн бөгөөд харин анх жендертэй холбон Минсер, Полачек нар судалсан байна. Хүний капитал хэмээх ойлголтон дор мэргэжсэн байдал буюу хөдөлмөрийн зах зээлд эрэлт сайтай байх, ажлын туршлага гэсэн хоёр элементийг багтсан авч үздэг байна.
Хөдөлмөрийн зах зээлд мэргэжсэн, туршлага бүхий ажилтны эрэлт их байх ба түүнийг дагалдан уг ажилтны үнэ өндөр буюу цалин өндөр байдаг хэмээн Хүний капиталын онолынхон тайлбарладаг. Эмэгтэй хүн гэр бүлийн хөдөлмөрт эрэгтэйчүүдээс илүүтэй анхаарал тавих, ялангуяа, хүүхэд төрүүлдэг нь түүний хүний капиталын хөгжилд өөрөөр хэлбэл мэргэжлийн хөгжил, туршлага хуримтлуулах байдалд нь сөргөөр нөлөөлдөг тул эмэгтэйчүүд нь мэргэжлийн ур чадвар, мэргэжсэн байдал, ажлын туршлага гэсэн үзүүлэлтүүдээрээ эрэгтэйчүүдээс доогуур байна. Үүнтэй уялдан эмэгтэйчүүд нь ур чадвар арай бага шаардах ажлыг сонгон, хүүхэд төрүүлсний дараагаар буцаж ажилдаа орлоо гэхэд цалин багатай ажилд очиж байна (Блакберн нар, 2002) гэж тэд тайлбарладаг.
Асуудал
Эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр бага эрхлж байгаа нь гэрийн хөдөлмөрийн ачаалал өндөр байгаагаас бус эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд хүний капиталын элементийн хувьд доогуур байгаагийн шууд илэрхийлэл гэж тооцох боломжгүй хэмээн энэ онол шүүмжлэгддэг. Энэхүү шүүмжлэлийг үндэслэл сайтайд тооцох боломжтой бөгөөд эмэгтэй хүн гэрийн хөлсгүй хөдөлмөрийг нэн тэргүүнд тавих шаардлагатайгаас болж, бага цаг зарцуулах, уян хатан ажлын хуваарьтай зэрэг мөнгө бага олох зэрэг ажил эрхлэхэд хүрдэгийг үгүйсгэх аргагүй юм. Тэхээр судлаач Ингландын (1982, 1984) эмпирик судалгаа хөдөлмөрийн зах зээлээс түр гарсны дараагаар цалингийн ялгаа үүсэж байгааг тогтоож чадаагүй байна.
Албан тушаал ахих хөдөлгөөн нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүний капиталын түвшнээс хамаарахаас илүү эмэгтэй чүүдийн сонирхол, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн дүр-үүргийн талаарх соёлын ойлголттой холбоотой (Пфау эффингер, 1998) юм хэмээн зарим судлаачид үгүйсгэж байна. Эдгээр үгүйсгэсэн баримтлалууд нь тус бүрдээ онол болон хөгжсөн бөгөөд тэдгээрийн талаар цаашид үргэлжлүүлэн өгүүлэх болно.
Энэхүү онол нь зөвхөн босоо сегрегацийн буюу жендэрийн тэгш бус байдалд анхаарлаа хандуулсан тул хөндлөн сегрегацийг тайлбарлах боломжгүй аж.
“Рационал сонголт”-ын онол. Рационал сонголтын онолынхон хүмүүс өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хамгийн сайнаар, илуу хангах зүйлийг тэд сонгодог (Блакберн нар, 2002) хэмээн үздэг. Өмнө гэвч үзсэн хүний капиталын онолтой нэлээд холбогддог. Хөдөлмөр эрхлэх рационал сонголт нь ямар зүйл амжилтад хүрч байна, хүний капиталын хувьд ямар байгаа вэ, ямар ажил нь амжилтад илүү хурдан хүрэхээр байна, хэнд нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл илүү таатай байна, эдийн засгийн эрүүл нөхцөл байдал оршин байна уу зэргээс хамаардаг гэж тайлбарладаг.
Ээж байх уу, эсхүл ажилтан байх уу гэсэн сонголтыг эдийн засгийн хувьд тухайн гэр бүлд аль нь илүү ашигтай гэдгээс хамааруулан сонголт хийгддэг хэмээн үздэг бөгөөд үүнийг дэлгэрүүлэн үзвээс:
- эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн чадвар, туршлагаар тодорхойлогдсон хөдөлмөрийн үнэлгээ ямар байна. Эхнэр нөхрийн хөдөлмөрийн аль нь зах зээл дээр үнэтэй байна,
- ажиллаж цалин олсон ашиг ба гэрийн хөдөлмөрт буюу бусдаар хүүхдээ асруулахад шаардагдах зардлын аль байна гэдгээс хамааруулан рационал сонголтыг хийдэг утгаар эрэгтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн ялгааг тайлбарладаг.
Асуудал
Эдийн засгийн рационал онолын үзэл санааг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын үүднээс аві үзвэл нэлээд үндэслэл сайтай гэж дүгнэж болох ч дараахь шүүмжлэлүүдэд өртдөг.
Мөн л эдийн засгийн хувьд тухайн гэр бүлд ашигтай эсэхийг тооцохоос илүү эмэгтэй хүн гэрийн хөг өлмөрийг нэн тэргүүнд тавих шаардлагатай байдгаас мeнгe бага олох ажил эрхлэхэд хүрдэг. Мөн түүнчлэн ээж байхын нийгмийн дур-үүрэг хийгээд ёс суртахууны шаардлага нь эмэгтэй хүнийг илүү гэр бүлдээ анхаарал хандуулахад түлхдэг (Дункан, 1999).
Ийнхүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийг туршлага ур чадвараас хамааран тэдгээрийн зах зээл дэх үнэ хамааран тогтож, хэн нь эдийн засгийн хувьд гэр бүлдээ ашиг хай вэ гэдгээ эхнэр/нөхрийн хэн нь хөлстэй хөдөлмөр эрхлэхээ шийддэг гэсэн үзэл баримтлал нь асуудлыг илүү гүнзгий тайлбарлаж чадахгүй байна гэж дээрх шүүмжлэлүүдээс та бас харж буй биз.
Бүтцийн чиглэлийн онолууд
Жендэрийн сегрегацийг тайлбарлах социологийн онолууд дотор нь бүтцийн чиглэлийн, соёлын ба ёс суртахуун чиглэлийн онолууд гэж хуваадаг. Энэ удаад минии бие өөрийн судалж уншсан мэдлэгийн хязгаараар тодорхойлогдон “Бүтцийн чиглэл”-ийн онолын хэсэгтээ өнөөгийн феминист үзэл суртлыг тодорхойлогч онолын нэг болох патриарх (эцгийн эрхэт ёс) онол, Марксист феминист үзэл суртлын онолын үндэслэл нь болдог “Хоёр систем”-ийн онолуудыг тус тус авч үзье.
Патриарх онол.
Эцгийн эрхэт ёсны талаар сүүлийн 3-4 зуунаас л ярих болсон бөгөөд харин түүнээс өмнө хэдэн мянган жилийн тэртээгээс хөдөлмөрийн төрлүүд хүйсээр хуваарилагдан, бурханаас угийн “энэ нь эм хүнд, тэр нь эр хүнд тохирно” гэсэн баримтлал хатуу тогтсон байдаг. Ихэнх эрчүүдийн дунд “Бид байгалиасаа эмэгтэйчүүдээс илүү, өөрсдийн амьдралаа авч явах чадвар бидэнд илүү бий” гэдэгт хатуу итгэсэн, эмэгтэйчүүд ч энэ баримтлалд эвлэрсэн, ялгаварласан хандлагыг анзаарч чаддаггүй хэмээх санаа нь патриарх үзэл баримтлал эн гол цөм нь болдог.
Патриарх онол нь эрх мэдэл, хянах эрх бүхий эрэгтэй хүйс нийгмийн “шилдэг” гэгдэх хөлстэй хөдөлмөрөөс эмэгтэй хүйсийг хасах, эрчүүдээс хамаарах эмэгтэйчүүдийн хамаарлыг хадгалах (учир нь эмэгтэйчүүд бага баялаг олж, бүтээдэг) замаар хөдөлмөрийн зах зээл хийгээд өрхийн хүрээнд эмэгтэйчүүдийг мөлжих эрчүүдийн мөлжлөгө оршдог гэж тайлбарладаг.
Ийнхүү тэд хөдөлмөрийн төрөл хүйсээр хуваарилагдаж байгааг нийгэмд эрэгтэй хүйс давуу байр суурьтай байгаагийн илрэл, нийгмийн патриарх бүтэц оршин буйн үр дүн гэж тодорхойлдог (Bэлби 1986, 1990)
Нийгмийн патриарх бүтэц нь үйлдэгчдийн зан үйлийн хэм хэмжээг тодорхойлон, тэдгээрт тулган хүлээлгэдэг тул хөлстэй хөдөлмөрөөс эмэгтэй хүйсийн бүлгийг хасах боломж эрчүүдэд олддог. Мөн гэрийн хөдөлмөр нь эмэгтэйчүүдийн хийх ёстой үндсэн ажил, гэр бол түүний байх ёстой үндсэн газар болдог тул гэрийн хөдөлмөрийн ачаалал эмэгтэйчүүдийн нуруун дээр байдаг. Энэ хөдөлмөрийн төрлийн хөлсийг тооцохгүй, үл тоомсорлох, үл анзаарах байдлыг Патриарх бүтэц тогтоодог (Bэлби, 1990) гэсэн санаа бол энэхүү баримтлалын гол санаа болой.
Гэтэл орчин үеийн нийгэмд патриарх “бүтэц ихээх өөрчлөгдсөнтэй уялдан энэ баримтлал нь нэлээд шүүмжлэлд өртөж байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс байгалиас төрөлхийн давуу төрсөн гэдэгт итгэх эрчүүд багассан, нөгөө талаас аав өөрийн дүрмийг гэр бүлдээ тогтоохыг хүслээ ч эхнэр, хүүхэд нь эсэргүүцээд нураачих боломж бүрдсэн нь тэдгээр шүүмжлэлүүдийн үндэслэлийг улам бүр нэмэгдүүлэх байна.
Өөрчлөгдсөн өнөөгийн нийгмийн нөхцөлд Велби патриарх харилцаа дараахь 6 бүтцэд хадгалагдаж байна гэж өөрийн судалгаагаар нотлохыг зорьсон:
- Үйлдвэрлэлийн патриарх загвар
- Цалинтай хөдөлмөр дэх патриарх харилцаа
- Төр дэх патриарх харилцаа
- Эрэгтэйчүүдийн хүчирхийлэл
- Бэлгийн харилцааны баримтлал дахь патриарх харилцаа
- Соёлын институт дэх патриарх харилцаа
Цалинтай хөдөлмөрт эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин бага, авч буй цалингийн хэмжээ бага, бүтэн цагийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байгааг итгэх эмпирик баримтууд нь патриарх бүтэц оршин байга гол нотолгоо болдог байна.
Патриарх бүтэц нь янз бүрийн газар, цаг хугацаанд буюу нийгэм бүрт янз бүрээр бүрэлдэн тогтож байна. Иймээс тус онолынхон патриархийн түвшин, хэлбэрийг алгах нь чухал гэж үзсэн. Зэрэг буюу түвшин нь эм хүн, эр хүнд хэр захирагдах ёстойг, хэлбэр нь патриарх бүгэц хоорондын харилцаагаар тодорхойлогдоно (Bэлби, 1990) гэжээ.
Асуудал
Патриарх онолын хүрээнд дараахь асуудлуудыг дэвшүүлж болох юм. Биологийн хүйсээс жендэр бүрэн хамаардаггүй. өнөөгийн ихэнх соёл дахь жендэрийн харилцаа нь Патриарх харилцаатай холбоотой гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Учир нь MALE-ээс man. FEMALE-ээс woman нийгэмшин тогтоход female and male нь чухал биш үүрэгтэй юм бол патриарх бүтэц нь яаж хоёрдмол утгагүйгээр тодорхойлж чадаж байна вэ (Мажиннес 1998) гэдэг асуудлыг тавьдаг. Тодруулбал эмэгтэй хүн өрийн нийгмийн үүргээ биологийн хүйсийн илрэлтэйгээ холбогдуулан олж авдагийг үгүйсгэж болохгүй гэж постструктуралистууд няцааж байна.
Хэдийгээр жендэрчлэгдсэн бүтэц нь хувь хүний зан үйлийг тодорхойлон, тулгадаг ч, хувь хүн уг бүтцийг тээж явдаг, эргээд хувь хүнээр тодорхойлогддог тул жендэрийн бүтэц нь түгээмэл зүйл биш болж байна. Өөрөөр хэлбэл, патриарх бүтэц бүгдийг түгээмэл байдлаар тодорхойлох боломжгүй буюу хувь хүмүүсийн онцлог шинж чухал үүрэгтэйг тооцох нь зүйтэйг тэмдэглэх болжээ (Мажиннес, 1998).
Гэхдээ патриарх онол нь жендэрийн ялгааны шалтгаант суурийг нь тайлбарлахад нэлээд үндэслэл сайтай онол болох тул патриарх бүтцүүдийн хэлбэр. түвшинг ялган тодорхойлох замаар судалбаас жендэрийн нэлээд суурь судалгаа болж чадах болов уу (Дункан, 1994).
Хоёр системийн онол. Уг онол нь патриарх ба капиталист нийгмийн бүтэцтэй холбон тайлбарладаг тул патриарх онолын нэгэн хувилбар гэж үзэж болно. Капиталист системд капиталистууд, патриарх системд эрэгтэйчүүдийн давамгайлал оршдог. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү сайн зохион байгуулалт сайтай, нөөц баялаг, эрдэм мэдлэгтэй байхыг чухалчилдаг. Эдгээр нь капиталист хийгээд патриарх нийгмийн үнэт зүйлс нь байна. Дээрх нийгмийн баялагуудыг эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сайн ашиглаж чаддаг тул эдгээрийг шаарддаг ажлын төрлүүд нь эрэгтэйчүүдийнх байна. ийнхүү капиталист буюу патриарх нийгэм нь эрэгтэйчүүд цалин ихтэй ажилд очих, цалин са ітай ажлаас эмэгтэйчүүд нөхөрт гарснаараа татгал зан нөхөртөө үйлчлэхэд хүргэх замаар эрэгтэйчүүд дээрх 2 давуу талыг олж авдаг (Хартманн, 1976) гэж энэ онол тайлбарлана.
Эрэгтэйчүүдээс бага цалинтай ажил эрхлэх, үнэ төлбөргүйгээр гэр бүлдээ, нөхөртөө үйлчлэх эмэгтэйчүүдийн нийгмийн байдал нь капиталистууд хөлсний ажилчдын хөдөлмөрийг мөлждөг капиталист нийгмийн харилцааны адил эрэгтэй эмэгтэйчүүдийн харилцааг мөлжлөгийн шинжтэй гэж энэ онол тайлбарладаг. Хөдөлмөрийн зах зээлд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийнхээ эсрэг, тэдгээрийг үгүйсгэхэд чиглэн, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүлд хяналт тавих замаар мөлжлөгийн харилцаа нь оршдог хэмээдэг.
Асуудал
Уг онол нь хэт үзэл сурталжсан шинжтэй буюу онол гэхээс илүү Марксист үзэл суртлын элементийг агуулдаг. Нөгөө талаас, өнөө цагийн нийгмүүдэд сонгодог капиталист нийгмийн бүтцийн харилцаа өөр агуулга, холбэртэй болон өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн жендэрийн бүтцэд ч ихээхэн өөрчлөлт орж эрэгтэй/эмэгтэйчүүдийн дүр-үүрэг нэлээд өөрчлөгдөн, сонгодог капитализмын үеийн дүр- үүргийг эмэгтэйчүүдээс хайхад ихээхэн асуудал тулгарах болжээ. Дээр дурьдсан эрэгтэйчүүдийн гэгдэх үнэт зүйлс өнөө цагийн эмэгтэйчүүдийн баримтлал болон өөрчлөгдөж байгаа нь уг онолын үндэслэлт чанарыг бууруулах аж.
Соёл, ёс суртахууны чиглэлийн рационал байдлын онолууд
Социологийн шинжлэх ухааны хөгжилтэй зэрэгцэн жендэрийн харилцааг тайлбарлах альтернатив онолууд боловсруулагдан дэвшигдэж байгаа бүлэг снолын нэг бол соёлын хийгээд ёс суртахууны рационалтай холбон тайлбарладаг онолууд юм.
Соёлын онол. Соёлын талаас тайлбарласан онолуудын талаар бичих аваас хэдэн зуун хуудас шаардагдах тул гол гол төлөөлөгчдийн үзэл баримтлалуудыг энэ удаад авч үзье. Судлаач Матфей эрэгтэй, эмэгтэйчүүд хөдөлмөрийн ялгаатай төрлүүдийг сонгож байгаа нь тэдгээрийн маскулинити, феминитийн талаарх суурь соёлын баримтлалаас хамааралтай. Хувь хумуус мэргэжлийн төрлийг сонгохдоо өөрсдийн жендэрийн бүлгийг харгалзаж байгаа нь хөдөлмөрийн төрлүүд жендэрээр хуваарилагдан оршиход хүргэж байна хэмээжээ. Мэргэжил бүхэн нь арэгтэй, эмэгтэйчүүдийн аль нэгэнд нь тохиромжтой байдаг гэсэн соёлын баримтлалаас хамааран охид, хөвгүүд ажиллах хөдөлмөрийн төрлөө сонгож байна гэж тайлбарладаг (Bэлби, 1996).
Судлаач Еффингер нэгэн цаг үе дэх соёл, нийгмийн бүтцийн харилцаа нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэх зан үйл, хөдөлмөр эрхлэх янз бүрийн түвшин, хэлбэрт нөлөө үзүүлдэг гээд Соёл-Бүтэц-Үйлдэл хоорондын харилцаа холбоо, түүний нөхөн үйлдвэрлэлийн динамик өөрчлөлтийг дараахь байдлаар тайлбарласан.
“Нийгэм бүр өөрийн зөв гэгдэх жендэрийн харилцаа, хөдөлмөрийн хуваарь бүхий байна. Эдгээр нь хэм хэмжээгээр зохицуулагдан институтжлэгдэн тогтвортойгоор оршино. Энэхүү үнэт зүйлс, хэм хэмжээ нь жендэрийн соёлыг бүрдүүлдэг. Жендэрийн соёл нь институтын түвшинд ч, нийгмийн тодорхой үйлдэгчийн зан үйлийг тодорхойлох замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх үү үгүй юу, ямар төрлийн хөдөлмөр эрхлэх вэ гэдгийг тодорхойлох юм” (Пфау Эффингер, 1998).
Нийгмийн тодорхой бүлгийн хүрээнд жендэрийн дэд соёлын үнэт зүйлс, эрхэмлэл үүсэж, тэдгээрийн зан үйлийг тодорхойлогч болсноор зонхилогч соёлтой зэрэгцэн, түүнийг өөрчлөхөд чиглэнэ. Гэхдээ энэ нь жендэрийн харилцааны захиалгатай холбогдох юм. Энэ нь жендэрийн бүтэцтэй холбогдох буюу жендэрийн харилцаанд уялдсан шинжтэй ч, нөгөө талаас тэрхүү соёлыг тодорхойлдог бүтэц оршино” (Пфау Эффингер, 1998).
Ингээд тэрээр жендэрийн соёлыг хэмжихдээ:
- эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажлын гол хүрээг юу гэж тодорхойлсон байна,
- эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн бие биенээсээ хамааран оршиж байгаа,
- үе хоорондын (хүүхэд, ээж гэх мэт ойлголтууд) харилцааны соёлын ойлголтуудыг гол хэмжүүр болгон ашиглан:
Нийгмүүдийг уламжлалт буюу эр хүн тэжээгч-эмэгтэй хүн халамжлуулагч, эр хүн тэжээгч-эмэгтэй хүн хагас халамжлуулагч, хоёул тэжээгч-хоёул халамжлуулагч, гэр бүлийн эдийн засгийн загвар, хоёул тэжээгч-төр ханамжлагч гэсэн соёлын системээр ангилан судалсан. Тэрээр эдгээр соёлын ялгаатай систем бүрт эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн нийгмийн ялгаатай дүр-үүрэг оршин байх тухай дэвшүүлсэн Иймээс дээрх ялгаатай соёлууд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн ялгаатай дүр төрхөд хүргэж байгааг өөрийн эмпирик харьцуулсан судалгаагаар нотолсон байна.
Асуудал
Соёлын онолууд нь жендэрээр ялгагдсан хөдөлмөрийн хуваарь, эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлт доогуур байгаагийн суурь шалтгааныг тайлбарлах нэлээд үндэслэлтэй бүлэг онол юм. Гэхдээ тухайн нийгмийн жендэрийн соёлыг зөвхөн нэг загвараар тодорхойлох боломжгүй. Учир нь нийгмүүд нь маш олон ялгаатай дэд соёл бүхий бүлгүүдтэй тул ямар нс гэн нийгмийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн дүр төрхийг нэг соёлын загвараар дангаар тодорхойлон тайлбарлах нь учир дутагдалтай.
Ёс суртахууны рационал байдлын онол. XXI зууны эхээр Европын судлаачдын дунд нэлээд тугэж байгаа онолын баримтлал бол Дункан нарын ёс суртахууны рационал байдлын онол юм.
Хүүхдээ өсгөнгөө хөлстэй хөдөлмөр эрхлэх шийдвэр гаргах тухайд өнөөгийн хосууд “Ямар зан үйл зөв хийгээд зохистой гэдгийн талаарх ёс суртахууны баримтлал хийгээд нийгмийн хэлэлцээ, тохиролцооны дагуу гаргадаг гэдг баримтлалыг тэдгээр нь ганц бие эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар судалсныхаа үр дүнд дэвшүүлжээ.
Эмэгтэйчүүд бусад хүмүүсийг халамжлах, тэдгээрт анхаарал тавихыг хөлстэй хөдөлмөрийн эсрэг ойлголт гэх үүднээс авч үзэхээс илүү ёс суртахууны үүрэг гэдэг үүднээс үзэн, түүнийг хийхийг хүсэн үйлддэг байна. Эмэгтэй хүн хүүхэдтэй болсноор ёс суртахууны хувьд нэлээд жендэрчлэгдсэн байдлаар хүүхэд ямагт нэгдүгээрт тавигддаг. Хүүхэдтэй хосуудын хувьд эдийн засгийн рационал байдлаар шийдлээ гаргахаас илүү ёс суртахууны рационал байдлыг урьдал болгон эмэгтэйчүүд ажил эрхлэх явдлыг хоёрдугаарт тавих шийдвэр гаргадаг (Дункан, 1999) гэжээ.
Хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах гэсэн ямар ч асуулт байхгүй хариуцлагыг ганц бие эмэгтэйчүүд өөрсдийн хүүхдээ өөрөө халамжлах явдлыг чухалчлан өөрсдийн эх байх явдлаа хуваахаас татгалзан ёс суртахууны рационал баримтлалд захирагддаг болохыг ганц бие, хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй доогуур байгаатай холбогдуулан хүүхдээ асрах, хөлстэй хөдөлмөр эрхлэх хоёрыг хослуулах нь буруутай гэсэн мэдрэмжийг төрүүлдэг хэмээн ганц бие эхчүүдийн 90 хувь нь хариулснаас дүгнэсэн байна.
Асуудал
Дункан нарын судалгаа нь өндөр хөгжилтэй Европын орны ганц бие эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг судалсан судалгаанд үндэслэсэн. Эдгээр орны хүүхэд гэж хэн бэ, эцэг эх гэж хэн бэ, хүүхдийг хэрхэн халамжлах ёстой вэ, эцгийн үүрэг, хариуцлага, хүүхдийг эрүүл, зөв хүмүүжүүлэх тухай соёлын баримтлал, ёс суртахууны хүлээлт нь дорны, хөгжиж буй орнуудын баримтлалаас эрс ялгаатай билээ. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн түвшинг өндөрсгөж чадсан посткоммунист орнуудын жишээн дээр үйлчилж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Дүгнэлтийн оронд
Дээр авч үзсэн бүлэг онолуудыг дахин нэгтгэн авч үзвэл эдийн засгийн ба социологийн онолууд гэж хуваан үзэж болох юм. Хөдөлмөрийн зах зээлийн асуудал нь нэг талаас яах аргагүй эдийн засгийн судалгааны чухал талбар болж байгаа ч, энэхүү зах зээл нь оршин буй нийгмийн бүтэц, соёлын хүчин зүйлсээр тодорхойлогдон оршдог тул социологийн шинжлэх ухааны судалгааны өнцөг маш чухалчлагдах болжээ. Ялангуяа хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн сегрегацийн шалтгаан нөхцөлийг тайлбарлахад социологийн онолууд нь судалгааны арга зүйн ач холбогдолтой байна. Нөгөө талаас, бидний өөрийн эрхгүйгээр эдийн засгийн хүчин зүйлсийг шалтгаан болгон тайлбарлах дуртай марксист-эдийн засгийн детерминист үзэл баримтлалыг няцааж байна.
Дээрх онолууд нь хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаат байдлыг янз бүрийн өнцгөөс тайлбарласан тул бусад альтернатив талуудаас шүүмжлэлд өртөж байгаа нь жендэрийн харилцааг тайлбарлах түгээмэл онол гэж байхгүйг харуулж байна.
Миний бие онолын судалгаа хийхийн зэрэгцээгээр Монгол дахь жендэрийн харилцааны талаарх судалгаанууд хэр хийгдсэнийг тандаж үзэхэд патриарх онол нь хүний хөгжлийн нэгэн үзүүлэлт болох “Жендэрийн тэгш байдлын индекс”-ийг тодорхойлох онолын үндэслэл болохын хувьд тодорхой хэмжээнд судлагдсан гэж үзэж болох талтай юм. Ийнхүү энэ судалгааны талбар нь судалгааны түүхийн хувьд нимгэн түүхтэй болохыг анзаарлаа. Эцэст нь жендэрийн асуудлыг судлах нь манай зарим судлаачдын нэрлэснээр “даварсан” гэгдэх эмэгтэйчүүдийн хэрэг биш бөгөөд жендэрийн асуудлыг судлахгүйгээр хүний хөгжлийн тухай ярих боломжгүй гэдэг үүднээс залуу судлаачдыг энэхүү асуудлыг олон талаас нь өөр өөрийн бүтээлдээ тусган авч хэлэлцээсэй хэмээн уриалж байна.