Р.Болд
/Судлаач/
Шинэ толь №55, 2006
Түлхүүр үг: марксизм, капиталист, детерминизм, пролетари, диалектик, тоталитарист
Мөргөлдөөн үүсэх нь нийгэм, эдийн засгийн учир шалтгаантай болохыг нотолдог чиглэлийг үндэслэгч нь аны эрдэмтэн Карл Маркс (1818-1883) яах аргагүй мөн.
Эдийн засаг – нийгмийн үндэс
Эдийн засагч Маркс (нэмүү өртгийн онолыг бүтээгч) өөрийгөө капитализм хийгээд Адам Смит тэргүүтэй сонгодог эдийн асагчдад ухамсартайгаар сөргүүлэн тавьж, тэднийг өрсөлдөгчдөө хэмээн үздэг боловч эдийн засгийн пугнэлтүүдийнхээ ихэнхийг сонгодог уламжлалаас авсан аж. Техникийн талаас нь үзвэл, Марксын эдийн засаг нь уламжлалт сонгодог эдийн засгаас нэг их ялгаатай биш.
Харин марксизм бол ялгаатай. Эдийн засгийн дүн шинжилгээ хийхэд чиглэсэн ерөнхий зорилгоороо ялгаатай. Эдийн засгийн дүн шинжилгээ гэдэг нь Марксын хувьд бол нийгмийн өөрчлөлтийн хүчин зүйлсийг ухаж ойлгон, тэдгээрийг нийгмийн шинэ орчинд хандуулахад тус дөхөм үзүүлэх явдал юм.
Маркс сонгодог эдийн засгийн зах зээлийн хүчийг шинжлэн судлахад тусгайлан нэг их анхаараагүй боловч яваандаа тэрхүү хүч нь капиталист системийг хэрхэн нураахыг харуулах арга замыг эрэлхийлсэн болой. Тэрбээр хөдөлмөрийн үнэ хөлсийг сонгодог аргаар шинжлэн дүгнэснийг хүлээн зөвшөөрч, “цалин хөлсний төмөр хуулийг” (ажилчид хоорондоо өрсөлдөөнтэй байдаг учраас цалингийн хэмжээ хоосон амин зуулга болох хандлагатай хэмээсэн ойлголт) нийт системийг сөргөсөн эсэргүүцэл болгож хувиргасан юм. Хөдөлмөр нь өөрийн өртгийг бүрэн өгдөггүй, харин нэмүү өртгийг өмчийн эзэн ашиг болгон авдаг бөгөөд нэмүү өртөг нь өмчийн эздийн халаасанд орж, өөрт нь амь зогоох төдий цалингаас өөр юу ч оногддоггүй гэдгийг ажилчид эцэстээ ухаарч ойлгосноороо мөлжлөгийг эсэргүүцэж улмаар өмчийн эзэд ба ажилчдын хооронд хүчтэй мөргөлдөөн зайлшгүй үүснэ. “Ажлын хөлс бол бидний үзсэнээр угаасаа тухайлсан хэмжээний хөлсгүй хөдөлмөрийг ажилчнаар хийлгэж байх нөхцөлийг хэзээд хадгалсан байдаг. Хөдөлмөрийн үнэ сэлт хямдрах үед хөлс нэмэгдэх тухай ярихгүйгээр үзэхэд ажлын хөлс нэмэгдлээ гэдэг бол сайндаа л нөгөө ажилчин хүний хийх ёстой хөлсгүй хөдөлмөр хэмжээний хувьд хорогдлоо гэсэн үг. Тэгж хорогдлоо гэхэд энэ нь цаад системдээ аюул болохоор тийм хэмжээнд хүртэл хорогдоно гэж байдаггүй хэрэг” гэж Маркс “Капитал” зохиолдоо онцлон дурьджээ (Маркс К., Капитал. I боть, УБ. 1999.х. 703-704] -д дурдсан байдаг.
Энд бидний хэлэлцвэл зохих гол асуудал бол Маркс хүмүүний бүхий л нийгмийн хүрээнд мөргөлдөөнийг хэрхэн үзэж байсан явдал юм. Тэрбээр мөргөлдөөн хийгээд өөрчлөлтийг ерөнхийд нь авч үзэхдээ, мөргөлдөөний тухай дүн шинжилгээг нийгмийн тухай дүн шинжилгээнийхээ гол арга хэрэглүүр болгон ашиглажээ. Саадгүй ажиллаж буй нийгмийн байгууллын ард ашиг сонирхлын зөрчил нуугдаж байдаг. Одоо бол энэхүү зөрчил ил гарч нилээд гүнзгий бөгөөд хурц мөргөлдөөн болж хувирах нь нийгмийн дэг журам хэрэгжих явцын туршид харагдаж байна гэж итгэлтэй хэлж байв. Маркс бол хүлцэж, эргэж буцаад байдаггүй мөргөлдөөний онолч болой. Үнэндээ бол тэр дэндүү их сөргөлдөгч онолч байлаа. Орчин үеийн нийгмийн тухай түүний дүн шинжилгээ нь эдийн засгийн өрсөлдөгч хүчнүүдийг судлахад суурилж байв. Түүхийн тухай түүний философи нь оюун санааны өвөрмөц онцлогтой диалектик чиг хандлагад тулгуурлаж байсан бөгөөд тэр нь мөргөлдөөнийг амьдралын үндсэн хууль хэмээн үздэг.
Марксын нийгмийн тухай онолыг яг байгаагаар нь шулуухан тайлбарлах нэг арга бол эдийн засгийн детерминизмд үндэслэдэг болохыг нь олж харах явдал мөн. Аливаа нийгмийн үндэс суурийг материаллаг үйлдвэрлэлийнх нь системээс олж харвал зохино гэжээ. Маркс үүнийг заримдаа “үйлдвэрлэлийн хэв маяг” хэмээх томъёогоор илэрхийлдэг байсан. Энэ нь хөгжиж чадахуйц эдийн засгийн нэгэн систем, өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн харилцаа юм. Аливаа эдийн засгийн Системийн гол асуудал нь нийгмийн ангийг тодорхойлох явдал мөн. Үүний тулд үйлдвэрлэж буй аливаа зүйлийг өмчлөх гол эрх хэнд байна, хэн нь хэнийхээ төлөө ажиллаж байна гэдгийг тодорхойлох ёстой. Учир нь эдийн засгийн харилцаа бол тухайн нийгмийн засаглалын шинж чанар, түүний дотор улс төрийн эрхэм зорилго, шашин, ёс суртахуун зэрэг асар том бүтцийг” анхлан тодорхойлогч хүчин зүйлс юм. Эдгээр харилцааны бүтэц ямархуу байгааг олж тогтоох нь нэн чухал болой.
Марксын үзлээр бол улс төрийн тогтолцоо нь үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчилж буй бүлгийн өмчийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхийг нөхцөлдүүлэх буюу хамгаалдаг. Энд хоёр бүлэг хүмүүс байдаг. Нэг хэсэг нь өөрсдийн эзэмшиж буй өмчийнхээ хүчээр аж төрдөг, нөгөө нэг томоохон хэсэг нь өөрсдийн хөдөлмөрийг бусдад ашиглуулах замаар амь зуудаг.
Бас тэдний ашиг сонирхол нь өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа эсэхээс үл хамааран үндсэндээ зөрчилдөж байдаг. Яагаад гэвэл ажилдаа аль болох бага хүч зарцуулахыг оролдож байдаг ажилчин ангийн хөдөлмөрөөр аль болох их ашиг олохыг хөрөнгөтөн анги эрмэлздэг.
Капитализм амжилттай байх нь өмчид тавих хяналтыг нилээд хатуухан гарт төвлөрүүлэхэд дөхөм болдог. Хамгийн бүтэл муутай капиталистууд илүү үр бүтээлтэй байгаа хэн нэгэнд аливаа зүйлээ алддаг. Капиталын бөөгнөрлийг дагалдан ангийн ухамсар, зохион байгуулалттай байдал бүрэлдэн бий болсны нөлөөгөөр томоохон үйлдвэрүүдэд ажиллах хүчин төвлөрдөг. Эдгээр хүчин зүйлс нь удалгүй капиталист болон ажилчин ангийн (өөрөөр хэлбэл хөрөнгөтөн, пролетари хоёр) хоорондох тэмцлийг хурцатгана. Янз бүрийн учир шалтгааны (түүний дотор, хөдөлмөрийн туйлын хүнд бэрх нөхцөл,хэт үйлдвэрлэлийн улмаас үе үе тохиолддог хямрал г.м.) улмаас эцсийн дүндээ пролетари нар гарцаагүй ялалтанд хүрч, хувийн өмч үндсэндээ устана хэмээн Маркс үзсэн юм. Тэрбээр “Үйлдвэрлэлийн хэрэгслийг төвлөрүүлэн, хөдөлмөрийг нийгэмчлэх нь явсаар байгаад капиталист бүрхүүлтэйгээ үл нийцэх тийм нэгэн цэгт хүрнэ. Тэгээд тэр бүрхүүл нь дэлбэ үсэрнэ. Капиталист хувийн өмчийн мөхөх цаг ирнэ. Өмч булаагчдын өмчийг булааж авна” гэжээ [Маркс К., Капитал. 1 дүгээр боть, х. 860].
Гэвч энэ бол Марксын зөвхөн нэг тал, түүний ангийн тэмцлийн онолын нэг л үндэс юм.
Диалектик гаргалгаа
Марксын хоёр дахь тал нь Ф.Хегелийн философитой холбоотой. Учир нь тэр үеийн германы сэхээтнүүдэд Хегелийн сэтгэлгээний хэв маяг гүнзгий нөлөө үзүүлсэн болой. Хэдийгээр Маркс “Миний диалектик арга өөрийн үндсээр Хегелийнхээс зөвхөн ялгаатай төдийгүй харин ч түүний шууд эсрэг тал болно” гэж тэмдэглэсэн боловч тэрбээр Гегелийн диалектик л хөгжил хөдөлгөөний түгээмэл хэлбэрийн бүхнийг багтаасан, ухамсарласан дүр төрхийг анх гаргасан юм хэмээн дүгнэсэн байдаг [К.Маркс, Түүвэр зохиол II боть, УБ. 1970].
Хегель дэлхийн түүхийг Гейст буюу оюун ухааны түүх хэмээн үзэж байлаа. Энэхүү оюун ухаан нь ахуйн байнгын диалектик үйл явц мөн. Диалектик үйл явц нь оршин буй ямар нэг зүйлээс (“төлөв байдал”) эхлэх бөгөөд тэр нь цаашдаа өөрийн сөрөг талыг (“эсрэг төлөв байдал”) үүсгэж, улмаар тэрхүү сөрөг үзэл санаануудын хоорондох харилцан үйлчлэлээс ямар нэг шинэ зүйл (“нийтлэг төлөв байдал”) гарч ирж, цаашдын хөгжил хөдөлгөөний төлөв байдлын үүрэг гүйцэтгэж болох юм. Хүний түүхийг бүрдүүлдэг үзэл санааны эцэс төгсгөлгүй ахиц дэвшлийн мөн чанар ийм бөлгөө (Hegel G. W. F., Wyklady Z filozofii dziejow, Warszawa, 1978].
Хүний үзэл санаа бол түүхийг анхлан бүтээгч хэмээн Маркс үзээгүй нь (Марксын диалектик арга материалист үндэстэй байсан — Р.Б.) мэдээжийн хэрэг боловч тэрбээр Хегелийн үндэслэлийн гол санааг таягдан хаяж чадаагүй юм. Нийгмийн мөргөлдөөний талаарх түүний дүн шинжилгээ бол эдийн засагт тулгуурласан дүн шинжилгээнээс илүү зүйл бөгөөд энд бас философийн детерминизмийн санаа ч тусгагдсан байдаг. Хөрөнгөтөн, пролетари хоёр сөргөлдөж байдаг нь тэдний эдийн засгийн ашиг сонирхол өөр өөр байдгаас ч болсон юм биш. Маркс тэдгээрийн нэгийг (хөрөнгөтнийг) нь Хегелийн номлож буй төлөв байдлын жишээ, харин нөгөөхийг нь (пролетарийг) орчин үеийн түүхийн эсрэг төлөв байдал хэмээн үзэж байгаатай тэрхүү зөрчил бас холбоотой. Энэ нь эдийн засаг, нийгмийн шаардлагаас үүссэн мөргөлдөөнийг философийн шаардлагын үүднээс авч үзэхэд хүргэсэн юм. Бүхий л амьдралын туршид ахуй нь сөргөлдөх үйл явц байдаг бөгөөд энэ бол диалектик үйл явцын мөн чанар болой. Үүнийг Марксын мөргөлдөөний онолтой холбогдуулан авч үзвэл, тэр нь нэг талаар нилээд нүсэр том хэв маяг, нөгөө талаас ангийн мөргөлдөөний мөн чанарын тухай нилээд түгээмэл үзэл санаа мөн.
Марксынхаар бол нийгмийн дотор хүмүүс өөр хоорондоо өөрсдийн нь хүсэл зориг, ухамсараас үл хамаарах, зайлшгүй шаардагдах нийгмийн харилцаанд ордог аж. Нийгмийн хөгжил нь эсрэг тэсрэгийн нэгдэл ба тэмцлийн диалектик хуулиар явагдах бөгөөд тэрхүү эсрэг тэсрэг нь нийгмийн томоохон бүлэг буюу ангиуд билээ. Тэдний хоорондын харилцааны үндсэн асуудал бол нөөцийн хуваарилалтын систем юм.
Маркс нийгмийн анги булэгтэй харьцуулахад хувь хүний ач холбогдол бага гэж үзээд түүнд нэг их анхаарал хандуулаагүй. “Хүний мөн чанар нь энгийн хүн нэг бүрт өвлөгддөг хийсвэр зvйл биш. Бодит байдал дээр тэр нь нийгмийн харилцааны хуулбар мөн” гэж тэр бичжээ Marks. К., Pisma wybrane. Tezy o Feuerbacnu, Warszawa, 1979. х. 225]. Хувь хүнд нэгжийнх нь хувьд анхаарал хандуулвал нийгмийн хамтын их хүчээр тодорхойлогддог үйл ажиллагааны цар хүрээг үл ойшооход хүрнэ. Марксын ингэж үзэх үндэслэл нь хувь хүнээс илүү хамтын хүчинд анхаарлаа төвлөрүүлсэн шинэ үзэл санаа ерөнхийдөө шаардлагатай болсон цаг үе байсан бололтой.
Ийм учраас Марксын онолыг баримтлагчид нийгэм дэх мөргөлдөөнийг авч үзэхдээ нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчилд илүү их анхаарлаа хандуулдаг байна. Энэхүү чиглэлийг баримтлагчид тухайн системийг өөрчлөх сонирхол дээр нэгдэж, үүнээс үүдэн нийгэм бүхэлдээ өөрчлөмтгий байдаг тухай үзэл баримтлал гаргасан юм. Орчин үеийн судлаачид Марксын мөргөлдөөний онолыг “суурь бүтцийн эсрэг тэсрэгийн онол” гэж нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш аж.
Хувьсгал
Бид Марксын сэтгэлгээний диалектик хэв маяг, диалектикийг ангийн тэмцэлтэй хэрхэн холбож байсныг үзлээ. Энд бас Марксын үйл ажиллагааны гуравдагч талыг цухасхан дурьдая.
Маркс бол хувьсгалт тэмцлийн идэвхтэн мөн. Маркс капитализмыг шүүмжилж, коммунизмыг хамгаалахаасаа өмнө аль эрт хувьсгалч байсан. Тэрбээр дэлхий ертөнцийг өөрчлөн хувьсгах шийдвэр төгс байсан бөгөөд өөрийгөө энэ үйл хэргийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцлийн нэг хэсэг гэдгээрээ бахархдаг байсан. Энэ үүднээс тэрбээр идэвхтэй тэмцэж, нийгмийн мөргөлдөөний онолынхоо үндсийг тавьсан юм. Маркс дэлхий ямар байх ёстой төдийгүй, түүнийг яаж өөрчилвөл зохих тухай онолыг бий болгосон хүн. Маркс хувьсгалыг “түүхийн бух тэрэгнүүд” гэж нэрлэсэн. Иймд хувьсгал хийх санаа түүний зүрх сэтгэлийг эзэмдэж байв. Тэрбээр ажилчин ангийн хувьд тэдний байдлыг сайжруулах цорын ганц арга бол улс төрийн талаар зохион байгуулалтад орж засгийн эрхийг гартаа авах, улмаар ангийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн эдийн засаг, нийгмийг өөрчлөн зохион байгуулж, пролетарийн диктатур тогтоох явдал мөн гэж үзсэн.
Түүний эрс шийдэмгий байдал нь хувьсгалч нарт зориулан он доорхи зөвлөгөөнөөс нь тов тодорхой харагдаж байна. Үүнд:
“Нэгд, бослогоор наадахын үр дагавартай халз тулгарахад он бэлэн бус байх аваас бослогоор хэзээ ч буу наад. Бослогын үр дүн тун тодорхойгүй байх бөгөөд үнэ цэн нь өдөр ирэх тусам өөрчлөгдөж байж болох юм. Та нарыг эсэргүүцэгч хүчин зохион байгуулалт, сахилга бат, дадал зуршлын хувьд бүхий л талаар давуу байдаг. Та нар тэдний эсрэг эрс шийдэмгий зогсохгүй аваас ялагдан сүйрэх болно. Хоёрт, бослого хийх шийдвэр зориг нэг л удаа гарна. Иймд маш шийдэмгий, дайчин давшингуй байх хэрэгтэй. Хориглолт бол аливаа зэвсэгт бослогын хувьд үхэл мөн. Дайсантай үхэх сэхэхээ үзэхээс наана ийм бодлоо орхих хэрэгтэй. Хүч нь тарж бутран сульдмагц антагонистуудыг цочирдуулж, шинэ шинэ амжилтанд бага багаар боловч өдөр тутам бэлтгэ. Санаа сэтгэлээ өндөр бeгeeд өөдрөг байлга. Энэ бол бослого бүр анхнаасаа амжилтад хүрэхийн угтал мен. Зохистой бүхий л бүрдэл хэсгүүдийг өөрийн талд бөөгнөрүүлж, хатуу чанд байдлыг хэзээд дагаж мөрд. Дайсан та нарын эсрэг дахин хүчээ хуримтлуулан дайрч болох юм”. Хувьсгалт бодлогын хамгийн аугаа мастер Дантоны хэлснээр, de l’audace, de l’audace, encore de l’audace!” (Marks. K., Pisma wybrane, Warszawa, 1979. х. 435].
Маркс бидэнд хувьсгалт тактикийн талаар сүүлийн үгээ тодорхой хэлж чадаагүй бөгөөд хувьсгалч хүнийх нь хувьд түүний өөрийн нь хүчин чармайлт бүтэл муутай байсан. Гэхдээ хувьсгалт үйл явцад оролцогчийн ч, ажиглагчийн ч хувьд Тэрбээр нийгмийн тэмцлийн талаар өөрөөс нь өмнө юмуу дараа байсан бүх онолчдоос илүү баялаг, илүү өргөн хүрээтэй арга замуудыг бидэнд зааж өгсөн билээ.
Мөргөлдөөний онол
Маркс өөрийн “Улс төрийн эдийн засгийн ухааныг шүүмжлэх нь” хэмээх бүтээлдээ эдийн засгийн хүчин зүйлд тулгуурласан нийгмийн мөргөлдөөний онолыг дараах байдлаар нилээд товчхон нэгтгэн дүгнэсэн байдаг:
“Хүмүүс нийгмийн үйлдвэрлэл явуулахдаа өөрсдийн хүсэл зорилгоос үл хамааран тодорхой харилцаанд орж байдаг. Үйлдвэрлэлийн энэхүү харилцаа нь тэдгээрийн үйлдвэрлэл явуулах материаллаг эрх мэдлийн хөгжлийн тодорхой үе шатанд тохирдог. Үйлдвэрлэлийн харилцаа нь эцсийн дунд нийгмийн эдийн засгийн бүтэц буюу хууль эрх, улс төрийн асар том бүтцүүдийн эхийг тавьж, нийгмийн ухамсарын тодорхой хэлбэрүүдэд нийцсэн бодит үндэс суурийг бүрдүүлдэг. Материаллаг амьдрал дахь үйлдвэрлэлийн хэв маяг нь нийгэм, улс төрийн болон оюун санааны амьдралын үйл явцыг тодорхойлно. Хүмүүсийн оршин тогтнолыг ухамсар тодорхойлох бус харин нийгмийн оршин тогтнол нь тэдний ухамсарыг тодорхойлдог. Нийгэм дэх үйлдвэрлэлийн материаллаг хучин нь хөгжлийн тодорхой шатанд тухайн үеийн үйлдвэрлэлийн харилцаатай, мөн үүнтэй нэгэн адил хууль эрх зүйн хувьд өмчийн харилцаатай зөрчилдөж, тэрхүү харилцаа нь үйлдвэрлэх хүчний хөгжлийн хэлбэр байснаа гав дөнгө болон хувирч, тийнхүү нийгмийн хувьсгалын эрин үе ирдэг” гэжээ [Marks. К., Pisma wybrane, Warszawa, 1979. х. 672].
Маркс нийгмийн мөргөлдөөнийг үндсэндээ “ашиг сонирхлын мөргөлдөөн” гэж ойлгодог ба нийгмийн бүтэц нь үйлдвэрлэх хүчин, үйлдвэрлэлийн харилцаа, улс төрийн давхраа, нийгмийн ухамсрын хэлбэр гэдэг дөрвөн гол элементтэй байдаг аж. Эдгээр элементийн эрэмбэ дэв, харилцан үйлдлийн систем нь Марксын нийгэм судлалын ерөнхий онолын үндэс болдог. Марксын мөргөлдөөний онолын үндсэн санаануудыг томъёолбол:
- Нийгмийн баялаг, нөөцийн тэгш бус хуваарилалт өргөжсөнөөр ноёлогч ба дарлагдагч ангийн хоорондын сөргөлдөөнт харилцааг гүнзгийрүүлдэг;
- Нэн ховор нөөцийг уг системд хэдийчинээ тэгш бус хуваарилна, ноёлогч болон дарлагдагч анги хоорондын мөргөлдөөн төдийчинээ ихэснэ;
- Доод анги давхраа өөрийн жинхэнэ ашиг сонирхлыг хэдийчинээ гүнзгий ойлгож мэдрэх тусам неөцийг хуваарилах оршин буй системийн хууль ёсны шинж чанарт эргэлзэх нь төдийчинээ гүнзгийрнэ;
- Доод анги давхраа өөрийн жинхэнэ ашиг сонирхлыг хэдийчинээ их ухамсарлаж, оршин буй хуваарилалтын системийн хууль ёсны байдалд хэдийчинээ их эргэлзэх тусам, тэдгээр нь хүчээ нэгтгэн ноёрхогч ангитай илт мөргөлдөөнд орох магадлал төдийчинээ өснө;
- Доод анги давхрааны гишүүдийн үзэл бодол хэдийчинээ нэгдмэл нэг байх тусам тэдгээрийн улс төрийн удирдлагын бүтэц төдийчинээ хөгжингүй байж сөргөлдөн зогсох ангиудын ялгарал төдийчинээ хүчтэй байна;
- Ноёлогч, дарлагдагчдын ялгарал хэдийчинээ их байх тусам мөргөлдөөн төдийчинээ их хүчирхийлэлтэй байх болно;
- Мөргөлдөөн хэдийчинээ их хүчирхийлэлтэй байх тусам системийн бүтэц төдийчинээ их өөрчлөгдөж, эцсийн үр дүнд нөөцийн дахин хуваарилалт мөн төдийчинээ их хэмжээгээр явагдана;
- Зөвхөн шинэ анги нь (өөрийн эдийн засгийн сонирхлын ур дүн болохын хувьд өөрийгөө илүү хүчирхэг гэж харуулснаар улс төр – Эдийн засгийн шинэ тогтолцоо бий болно.
Ийнхүү Маркс мөргөлдөөн үүсэх нь нийгэм – эдийн засгийн учир шалтгаантай болохыг нотолдог чиглэлийг үндэслэсэн орчин үеийн нийгмийн ухааны томоохон эрдэмтэн болсон ажгуу.
Дүгнэлт
Марксын онол, практикийн олон талтай хандлага нь хорьдугаар зууны нийгмийн сэтгэлгээнд хүчтэй нөлөөлснийг бид өнгөрсөн амьдралаасаа сайтар мэднэ. Хэдийгээр Марксын бусдад үзүүлэх нөлөө, сүр хүч онцгой байсан ч марксизм хэмээх үзэл сурталд нэгдэн цогцолсон бүхэн биелээгүй, түүний зөгнөсөнөөр капитализм нурсангүй. Харин ч капиталын нийгэм түүхийн хатуу ширүүн сорилтыг даван туулж улам боловсронгуй болон хөгжсөн байна.
Маркс ангийн мөргөлдөөнийг авч үзэхдээ ангиудын зан үйлийн олон хэлбэрийг онолын үүднээс шинжлэн судлаагүй юм. Тэрбээр нийгмийн мөргөлдөөн үүсэхэд эдийн засгийн харилцааны үүргийг хэтэрхий дөвийлгөсөн. Мөргөлдөөнд оролцож буй талуудын аль аль нь ховор нөөцийг хуваарилах эрхтэй байхыг эрмэлзэх цорын ганц зорилготой гэсэн Марксын санааг нийгмийн бодит байдал үгүйсгэсэн билээ. Өмчийн эзэд ажилчиддаа амьдралын ердийн хэрэгцээг хангахуйц цалин хөлс, тэтгэмж өгдөг, хамтын гэрээ байгуулдаг болсон төдийгүй гинжнээсээ өөр юу ч алдахгүй гэж өрөвдүүлж байсан пролетариуд ч нийгмийн хөдөлмөрийн хуваарийн улмаас дотроо олон давхраанд хуваагдсан болой.
Маркс бидэнд өмч, эрх чөлөө, эрх мэдэл гэсэн ойлголтуудын хоорондын олон талын уялдаа холбоог бодитойгоор (өөрийн хувьсгалч үзэлдээ захирагдан хүсээгүй байх) хэлж өгөөгүй юм. Тэрбээр өмч эрх мэдлийг дагуулдаг тухай олон дахин ярьсан боловч эрх чөлөөнд хэрхэн нөлөөлөхийг өөрөөсөө асуугаагүй. Асар их өмч баялагийг дангаар эзэмшсэн төр хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болж улмаар хязгааргүй эвдэрдэг (захирдаг, хянадаг, дарангуйлдаг, ялзардаг бөгөөд ингэснээрээ бусдын эрх чөлөөг боогдуулдаг гэдгийг тэрээр төсөөлөөгүй аж.
“Хувийн өмч бол эрх чөлөөний гол баталгаа бөгөөд тэгэхдээ зөвхөн өмчийн эздэд төдийгүй, өмчгүй хүмүүст ч тийм баталгаа болдог эгэл үнэнийг бидний үеийнхэн таг мартсан байна.
Үйлдвэрлэлийн хэрэгслийг өөр хоорондоо холбоогүй олон өмчтөний хооронд хуваарилсан байдаг болохоор биднийг хэмжээгүй эрхтэй захирдаг нэг ч хүн байхгүй бөгөөд бид бие хүний хувьд бие даан шийдвэр гаргаж ажиллах боломжтой байна. Хэрэв үйлдвэрлэлийн бүх хэрэгслийг дарангуйлагч байна уу, “нийт нийгмийн төлөөлөгч” нэр зүүсэн хэдэн хүн байна уу, ялгаагүй хэдхэн хүний гарт төвлөрүүлэх юм бол бид тэр даруй хэмжээгүй хараат байдлын дөнгөнд орно” гэсэн Фридрих Хаекийн үгийг энд нэмж хэлэхэд хангалттай болов уу [Ф. А. Хаек, Боолчлогдох зам, УБ. 2004. х. 89].
Марксизмыг булшилсан өөр нэг шалтгаан бол сталинизм, фашизм, национал-социализмын үзэл суртал бөгөөд түүнийг фашизм, сталинизмд хөтлөн хүргэсэн гэж зэмлэдэг. Марксизм сталинист үзэл суртлын үндэс суурь болсон гэдгийг үгүйсгэх аргагүй. Марксист үзэл суртлын цаанаас тоталитарист сэхээтний үзэл санааны нийтлэг шинж цухалзаж байдаг гэж үг бий. Харин Марксыг фашизм, национал-социализмын үзэл суртлын “загалмайлсан эцэг” гэж үзэх нь арай гоомойдох байх. Эцэг хэмээх энэхүү алдрыг Ф.Ницше-д хамааруулбал зүйд илүү нийцэх бөгөөд түүний онолын хөгжил нь хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том, хамгийн их цус асгаруулсан мөргөлдөөн болох дэлхийн хоёрдугаар дайны “өдөөгч” үндсэн субъект болсон фашизмын үзэл суртлыг бий болгоход нөлөөлсөн юм. Ницшегийн үзэл баримтлалын үндэс нь сонгодог философийн “матери” ба “оюун ухаан” хэмээх категорийг дурын боломжит хэрэгслээр хэрэгжүүлж болох “эрх мэдэлд тэмүүлэх” буюу “амьдрал” гэдэг категориор солих явдал байсан. Ер нь Ницше бол нийгмийн мөргөлдөөн үүсэх нь сэтгэл зүй-үзэл суртлын учир шалтгаантай гэх чиглэлийн нэг төлөөлөгч болой. Тэрбээр мөргөлдөөний мөн чанарыг сэтгэл зүй – үзэл суртлын талаас тайлбарлахдаа нийгмийн хөгжлийн үндэс нь улс төрийн түүхэн суурь харилцааны хүрээн дэх улс төрийн шууд хүчирхийлэл юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэхүү дүгнэлтийг нацистууд дэгсдүүлэн ашиглаж, дайн бол оршин буй бүхний эцэг бөгөөд хэрэв хүмүүсээс зэвсгийг нь хураавал тэд улсын хил дээр уулзалдаж нударгаараа зодолдох болно гэж айлдаж байв.
Эдүгээ манайд зарим судлаачид нийгмийн мөргөлдөөнт онол, марксизм хоёр бол нэг ижил зүйл мэт үздэг явдал бий. Тиймэрхүү гэнэн гэмээр бодлынхоо улмаас Марксаас жийрхэдэг, түүний онолыг дурсвал марксист болж шоглогдоно гээд эмээдэг ч тал бий. Зарим нэг нь Маркс моодноос гарсан гэж ярьдаг. Моод Марксаар бус Монголоор дуусдаг гэдэг биш билүү.
Орчин үеийн Өрнөдийн макросоциологид функционализм ба мөргөлдөөнт онол гэсэн үндсэн хоёр онол байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх онол нь макросоциологийн шинжлэх ухааны тулгуур хоёр багана юм. Эдгээр онолын аль нэгэнгүйгээр нийгмийг таньж мэдэхэд бэрх. Бид шинжлэх ухаанд Марксын оруулсан хувь нэмрийг нийгэм хийгээд улс төрийн мөргөлдөөнийг судлахад ашиглахын тулд наанадаж түүнийг зарим талаар диалектик уянгын халил, хувьсгалт үзэл баримтлалаас нь ялгаж салгаж авч үзэх ёстой. Энэ нь Марксын сургаалаас нэг ёсондоо “гэдэс дотрыг нь авч хаях” гэсэнтэй адил мэт санагдах боловч ингэх нь бидний хувьд түүний мөргөлдөөний онолыг ойлгоход тус болно.
Нийгмийн мөргөлдөөнт онолын (заримдаа структурализм гэж нэрлэдэг) хөгжилд Марксаас гадна Германы социологичид Макс Вебер, Ральф Дарендорф, Америкийн социологич Кеннет Боулдинг нар ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Энэ тухай бид дараа нарийвчлан авч үзнээ.