С.Зүльфикар
/Удирдлагын Академи, Нийгмийн удирдлагын тэнхмийн багш, докторант/
Шинэ толь №58, 2007
ПОСТ-КОММУНИСТ УЛСУУДЫГ ТУХАЙЛАН ХАРЬЦУУЛАХ НЬ
Түлхүүр үг:
Нийгмийн шинжлэх ухаан тэр дотроо улс төрийн шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан улс орнуудын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хандлагыг харьцуулах, үүнд тулгуурлан улс төрийн харилцаанд нэвтрүүлэх, зайлшгүй анхаарах асуудлыг таамаглан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бодлогын зөвлөмж томъёолж болдог ажээ. Харьцуулалтыг ердийн ажиглалт, статистиктоо баримт, бодит жишээн дээр тулгуурлан явуулж, систем түүнийг бүрдүүлж байгаа институт, улмаар үнэт зүйл, соёлыг тодорхой тогтсон арга зүй, аргачлалыг үндэслэл болгон судална. Харьцуулалт хийх судлагдахуунууд нь өөр хоорондоо ижил төстэй байж болох хэдий ч ялгаатай байж ч болно. Иймд харьцуулалтад ижил төстэй судлагдахууны ялгаатай талыг олж илрүүлэх, өөр хоорондоо ялгаатай судлагдахууны ижил төстэй байдлыг дэлгэн тавих аргачлалыг баримталж болох нь. Асуудлын гол нь тухайн тохиолдолд судлагдахуунууд ижил төстэй байх үндэслэл болсон тодорхой хүчин зүйл буюу цаг хугацаа, орон зай түүхэн нөхцөлүүд байгааг илтгэж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр үүний эсрэгээр ч байж болно. Ижил төстэй болох нь тодорхой шалгуураар тогтоогдож болох авч цаг хугацаа, нэн ялангуяа түүхэн хийгээд гадаад, дотоод хүчин зүйлийн шууд болон шууд бус нөлөөгөөр ялгарч эхлэх нь түгээмэл байдаг ажээ.
Энэ удаад зарим талаар ижил төстэй, зарим талаар өөр хоорондоо мэдэгдхүйц ялгаатай гурван улс (Унгар, Казахстан, Монгол)-ыг харьцуулах зорилт тавилаа. Чухам юуг нь харьцуулах вэ? гэдэг нь нэг талаар харьцуулалт хийх судлагдахууны бүтэц, шинж чанараас хамаардаг бол нөгөө талаар цаг хугацаа, судлагдахуунд бий болсон түүхэн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Харин энэ удаад харьцуулалт хийх судлагдахуун маань пост-коммунист улсууд юм.[1]1 Иймд орон судлал, нийгэм, улс төр, түүх, соёлын харьцуулсан судлалын хүрээнд хөндөгдөх асуудлууд болж байна. Дэлхийг хоёр туйл болгож байсан өнгөрсөн зуунд дээрх гурван улс социалист системийн бүрэлдэхүүнд багтаж улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л харилцаа нь социалист чиг баримжаа, хөгжлийн хандлагад суурилсан байв.
Казахстан нь хуучны Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1993 онд тусгаар тогтносон улс болсон билээ. Үндсэндээ өнгөрсөн зууны түүхэнд анх удаагаа бие даасан төрт улс байгуулсан нь энэ юм. Монгол, Унгарын хувьд бие даасан тусгаар улсын статустай байсан хэдий ч дэлхийн бусад улсуудтай харилцах мөн түүнчлэн үндэсний улс төр, эдийн засгийн бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэхэд ЗХУ-аас ямар нэг хэмжээгээр хамааралтай байжээ. Барууны улс төр судлалын зарим бүтээлд Монгол, Унгарыг тухайн үед дагуул (satellite) улсын статустай байж, бүрэн бие дааж чадаагүй гэж үзжээ.
Түүхэн талаасаа Монгол, Казах нүүдэлчин овог, аймгууд төв азид хаяа дэрлэн суурьшиж, ахуй юугаа залгуулж, түүх, соёлоо дэлгэрүүлж ирсэн байх юм. Монголчуудын түүх манай эриний өмнөөс төв азид төрт улсаа байгуулж, хүчирхэгжсэн Хүннү нараас үүдэлтэй бөгөөд Монгол угсааны овог аймгууд нэгдэн төрт улсаа байгуулсан түүх 13 дугаар зууны дорнын суут хүн Чингис хаантай яах аргагүй холбогдоно. Их Монгол улсын төрт ёсны түүхэн замнал 800 жилийн тэртээ буюу 1206 оноос эхлэлтэй.
Казахууд ч мөн адил гарал үүслээ хүннү нартай холбож тайлбарладаг. Төв азийн зарим түрэг язгуурын овог аймгуудын нэгдлийн үр дүнд 15 дугаар зуунд Казахын анхны ханлиг байгуулагдаж, Казах хэмээх нэр ч, үндэстэн ч тэр үүнтэй зэрэгцэн бий болж, бүрэлдсэн байх юм. Би энд нэр томъёоны хувьд казах хэмээх үндэстэн бүрэлдсэн цаг хугацааг өгүүлж байгаагуншигч авхай та хүлцэн ойлгоорой. 18-19-дүгээр зуунд оросын эзэнт гүрэн төв азийн тал нутгийг колончилох бодлого явуулж, үр дүнд нь казахын их тал, түүнийг эзэмшин нутагласан казахын овог, аймгууд ээлж дараалан хаант оросын эрхшээлд орсон байна. 1917 онд орос оронд ажилчин тариачны гэгдэх большевик намын байгуулсан Октябрийн хувьсгалын ялалтын шууд нөлөө төв азийн тал нутгийг тойроогүй бөгөөд казахууд 1920 онд ЗХУ-ын автономит улс, улмаар 1930 онд тус холбоонд багтсан бүгд найрамдах улсын статустай болжээ.
Монгол, казах үндэстэнг адилтгах шалтгаан байв ч ялгах шалтгаан бас бий. Хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд бие биеэсээ тодорхой зүйлээр ялгарч байгаа нь адилтгаж болохгүй ондоосол билээ. Унгар буюу мажарууд өөрсдийгөө төв азийн ендөрлөгөөс нүүдэллэн Европт сууршьсан овог аймгуудын хойч үе гэж үздэг. Тэр битгий хэл энэ гурван үндэстний үр хүүхэд нь хонгондоо хөх толботой мэндэлдэг нь хэдэн зууны тэртээд өвөг дээдэс, угсаа гарвал нь нэг байсны баталгаа гэж үзэх хандлага ч бий. Мажаруудын хэл, соёлд талын нүүдэлчдийн соёлоос уламжлагдаж үлдсэн зүйл эдүгээ ч бий. Түүхэн хөгжлийн явцад мажарууд Европ тивийн улсуудын түгээмэл шашны нэг болох христийн шашинтай, суурин соёлтой улс үндэстэн болж бүрэлджээ.
Газар зүйн байрлалын хувьд Унгар улс нь нөгөө хоёроосоо нэлээд алслагдмал зүүн Европын Трансилванид байгаль цаг уурын таатай бүсэд байрладаг. Харин Казахстан Каспийн тэнгисээс Алтайн уулс хүртэл сунан байрлаж, Евроазийн түгээмэл шинж чанарыг хадгалжээ. Нэг талаар европ нөгөө талаар ази тивийн хоёрдмол шинж чанарыг илэрхийлж, олон улсын харилцаанд үүндээ тулгуурласан стратеги нэвтрүүлэхийг эрмэлзэнэ. Монгол улс төв азид зарим ном сурах бичигт тэмдэглэснээр дотоод азид Орос, Хятад хэмээх хоёр том улсын дунд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай бүсэд байрладаг.
Дээрх гурван улсыг хүн юмаа гэж үзвэл ижилсүүлж болох гол шалгуур нь өнгөрсөн зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн коммунист үзэл баримтлалд тулгуурласан, түүнийгээ бүхий л талаар хүлээн зөвшөөрч, нийгмийн өдөр тутмын амьдралд хэрэгжүүлж ирсэн түүх яах аргагүй мөн. Хэрэв, германы философич Гегелийн онолд дэвшигдсэн оюун санааны аливаа өөрчлөлт, хөгжил нь материаллаг хийгээд бусад бүхий л юмс үзэгдлийн өөрчлөлтийн хөтлөгч болдог нь үнэн юмаа гэж үзвэл өнгөрсөн зуунд дээрх улсууд 40-70 жил оюун санааны хөгжлийн нэг чиг хандлагыг баримтлал болгож байснаараа яах аргагүй ижил юм. Оюун санааны буюу үзэл суртлын коммунист чиг хандлага нь эдийн засгийн харилцааг зохицуулж, нийгмийн амьдралыг чиглүүлдэг гэж үзэх аваас дээрх гурван улс ямартай ч ижил төстэй улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байх юм. Өөрөөр хэлбэл, төстэй системийн ялгаатай тал нь түүх, шашин, соёлын хүрээнд тодорхой байсан ч өнгөрсөн зуунд өөр хоорондоо ижилсэх үйл явц 40-70 жилд эрчимтэй өрнөжээ.
1990-ээд оноос глобал улс төрийн өөрчлөлт, шинэчлэлийн давлагааны шууд нөлөө аль алинд нь мэдрэгдэх болж, хэрхэн өөрчлөгдөх вэ? ямар системтэй адилсах вэ? шууд утгаараа хэнийг, юуг даган дуурайх вэ? гэсэн асуулт хөндөгдөх болсон. Нэг адилслаас нөгөө адилсал руу хөтлөгдөх үү эсвэл өөр өөрийн онцлогт тулгуурласан өөрчлөлт хийх үү. Өнгөрсөн хугацаанд бий болсон өөрчлөлтийн нэг адилтгал нь дээрх улсуудын хувьд либерал ардчилсан улс төрийн дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн үйл явц гэдэг нь зайлшгүй юм. Уг адилтгал нь бас улс орон бүрт өөрийн онцлогтой, цаг хугацаатай. Тухайлбал, Унгар 1968 оноос Янош Кадрын удирдлагаар эдийн засгаа либералчлах үйл явцыг эхлүүлж, үүнийг нь тухайн үед “Гуляшийн Коммунизм” хэмээн нэрийдэж байв. Эдгээр улсуудад улс төрийн дэглэмийн өөрчлөлт нь бүхэлдээ тайван бөгөөд огцом хувьслын шинжтэй байв. Улс төрийн шилжилтийг дагалдсан эдийн засгийн хямрал энэ гурван улсыг ч мөн адил дайрсан бөгөөд гагцхүү өнгөрсөн хугацаанд юу хийж, бүтээж, чухамдаа юуг, хэрхэн өөрчилж чадсан бэ гэдэгт дүгнэлт өгөх нь чухал болов уу. Ямартай ч нийгэм, эдийн засгийн оновчтой өөрчлөлт, шинэчлэл өрнүүлж чадсанаар Европын Холбооны гишүүн болж чадсан Унгарын жишээ аль ч талаар энэ гурван улсын хувьд тэргүүлэх, онцлох, үлгэрлэх загвар болж чадсан гэж үзэхэд хүргэж байна. Нөгөө талаар асар богино хугацаанд эдийн засгийн хувьд бие дааж, түүгээр зогсохгүй бүс нутагтаа стратегийн ач холбогдол бүхий улс болж чадсан Казахстаны амжилтыг ч сайшаахгүй өнгөрч болохгүй. Улс төрийн ардчилсан засаглалын төлөвшлөөрөө төв Азид жишээ болж ирсэн Монголын ололтыг тэмдэглэхгүй өнгөрч болмооргүй санагдана. Дээрх магтаалууд тухайн улс юуг хийж бүтээж, төлөвшүүлж чадсаныг цөөн үгээр тодорхойлох зорилго агуулж буй юм. Цааш нь тус улсуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн зарим үзүүлэлтийг харьцуулан, өөрийн зүгээс тайлбар, дүн шинжилгээ хийх аргачлалаар тус нийтлэлийг үргэлжлүүлье.
Газар нутгийн хэмжээгээр Казахстан дэлхийд 9-т бичигддэг. Хүн амын тоотой нь харьцуулахад Монгол, Казахстаны аль аль газар нутгийн хэмжээгээр том улсын ангилалд багтана. Гэтэл Унгарын газар нутгийн хэмжээ нь АНУ-ын Индиана мужаас ялимгүй багавтар байх юм. Хэдийгээр Европын бусад улс орнуудын нэгэн адил газар нутаг нь жижгэвтэр боловч байгаль, цаг уурын таатай бүсэд оршдог нь Унгарын хувьд газар зүйн байршлын давуу тал болжээ. Энд нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Учир нь улс орны хөгжлийн хүрсэн түвшинг дан ганц байгаль, цаг уурын хүчин зүйлээр нөхцөлдүүлж ойлгох, тайлбарлах хандлага ач холбогдлоо алдаж, учир дутагдалтай болохоо батлан харуулсан цаг үед бид амьдарч байна.
Хүн амын жилийн дундаж өсөлт дээрх улсуудын аль алинд нь буурах хандлагатай болж байгаа бөгөөд нэн ялангуяа Унгарт төрөлт нь нас баралтаа нөхөж чадахгүй болжээ (хүснэгт № 1-ээс харна уу). Үүнээс улбаалан хүн амын нийт тоо жил ирэх бүрт буурах хандлагатай болсон байна. Нөгөөтэйгүүр тус улсын хүн ам Европын бусад улс оронд байдгийн нэгэн адил хөгшрөх хандлагатай болжээ. Казахстан, Монголд хүн амын дундаж өсөлт урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч байгаа бөгөөд үүнийг гэр бүл бологсдын гэрлэлтийн нас оройтсон, хосуудын хүүхэдтэй болох сонирхол буурсан, эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн бусад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно. Нэг эмэгтэйн нийт амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн тоог тооцдог үзүүлэлт буюу төрөлтийн нийлбэр коэффициент нь дээрх улсуудын хувьд 2-оос бага байгаа нь хүн амын өсөлт илтэд буурч байгааг илтгэнэ. Уг коэффициент нь 2-оос дээш байж гэмээн хүн амын зохистой өсөлт явагддаг. Иймд дээрх улсууд хүн амын зохистой өсөлтөө хангах хүн ам зүйн бодлого баримтлах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Хүн амын зохистой өсөлт нь нөөц, хэрэглээ, хуваарилалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хүн амын бүтцийн зохистой харьцаанд тусгалаа олдог учир яах аргагүй нийгэм, эдийн засгийн тулгуур ач холбогдолтой үйл явц мөн.
Казахстаны хүн амын өсөлтөд төрөлтийн түвшингийн зэрэгцээ гадаад шилжих хөдөлгөөний хүчин зүйл тодорхой жин даржээ. Нэн ялангуяа 90 оны сүүлчээр орос, украин, герман үндэстнүүд уугуул нутаг руугаа их хэмжээгээр шилжин суурших болсон нь хүн амын өсөлтийн хурдад сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнийг зохицуулах үүднээс тус улсын засгийн газар БНХАУ, ОХУ, Узбекстан, Иран, Афганистан, Турк, Монгол улсын харьяат казах үндэстнийг эх нутагт нь буцаан ирүүлэх шат дараалсан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Энэ нь нэг талаар гадаад шилжих хөдөлгөөний улмаас буурч байгаа хүн амын өсөлтийг нөхөх зорилготой боловч нөгөө талаар хүн амын бүтцэд уугуул хүн ам буюу Казахуудын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх улс төр, үндэсний аюулгүй байдлын зорилго бүхий түүхэн ач холбогдолтой үйл явц болох ажээ.
Аливаа улсын нийгмийн хөгжлийн түвшинг илтгэдэг шалгуур нь яах аргагүй хүнд чиглэгдсэн хөрөнгө оруулалт түүнд суурилсан хүн амын амьжиргаа буюу орлого, дундаж наслалт, боловсролын түвшинг тодорхойлох үзүүлэлтүүд юм. Тухайлбал, амьжиргааны түвшний доройтол нь хүн амын дундаж наслалт буурах, нялхсын эндэгдэл нэмэгдэх хүчин зүйлийн нэгт зүй ёсоор тооцогддог. Монголд 100 хүн тутмын 36 нь ядуурлын шугамаас доогуур орлоготой байгаагийн зэрэгцээ нялхсын эндэгдлийн коэффициент нь нөгөө хоёр улсаас мэдэгдхүйц өндөр буюу 1000 амьд төрөлтөд 34 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Нийт хүн амд эзлэх орлогын ядууралтай хүн амын хувь Монголд Казахстанаас 2 дахин, Унгараас даруй 4,5 дахин их байгаа нь эдийн засгийн цар хэмжээ нь сул, нийгмийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт төдий чинээгээр хангалтгүй болон хүрэлцэхгүй байгааг илтгэж байна.
Хүний хөгжлийн түвшин эдгээр улсуудад харилцан адилгүй байх юм. Унгарын хүний хөгжлийн түвшин өндөр буюу 0,862- той гарсан байх бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс индекс тооцсон 177 улсаас 35-т бичигджээ. Казахстан, Монгол улсууд хүний хөгжлөөр дундаж түвшинтэй улсуудын ангилалд багтжээ. Казахстаны ХХИ-н Монголоос өндөр гарахад хүн амын орлогын үзүүлэлт болох нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нөлөөлсөн. Ямартай ч Унгарын хүний хөгжлийн түвшин өндөр гарч байгаа нь өнгөрсөн хугацаанд тус улсад хүний хөгжилд тулгуурласан төрийн бодлого амжилттай хэрэгжиж байсны баталгаа мөн. Хүний хөгжил гэдэг нь сонголтуудыг өргөжүүлэх явдал мөн хэмээн энгийнээр тодорхойлж болох юм. Хүн бүхэн өдөр тутам эдийн засаг, нийгмийн эсвэл улс төрийн юмуу соёлын гэх мэт янз бүрийн сонголт хийж байдаг. Хөгжлийн эцсийн зорилго нь улам их баялаг бүтээх, эсвэл өсөлтийг өндөр түвшинд хүргэхэд бус, харин сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм.[2]
Өнгөрсөн түүхийн тодорхой цаг үед эдгээр улсын улс төр, эдийн засгийн хөгжлийн чиг баримжаа нь нийгмийн тэгш хуваарилалтын зарчим үйлчлэхэд хүргэж байв. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгаас иргэн бүр жигд хүртэх нийгмийн хуваарилалтын зарчим үйлчилж байжээ. Эдийн засгийн либералчлал нь иргэд өмчтэй болох улмаар зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвших үндэс болсон байх юм. Уг үйл явцын нөгөө нэг дүр зураг нь эдийн засгийн тэгш бус хуваарилалт угтаа бол орлогын ялгаа гүнзгийрэх хүчин зүйл болжээ. Ямартай ч хүний эрх чөлөө, бие даасан байдлын үндэс болсон өмч эзэмших эрхийг нээж чадсаныг тэмдэглэх байна. Үүнийг буруу зөв байсан гэдэг утгаар нь бус эдийн засгийн шинэ харилцаа хэрхэн төлөвшиж, ямар хэлбэрээр бодит илрэлээ олж байгааг харуулах гэсэн юм. Зах зээлийн эдийн засагт шилжсэн, өмчийн шинэ харилцаанд шилжсэн жилүүдэд аль алинд нь эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдэл нэмэгдэж, үүнийг дагалдсан нийгмийн асуудал гарч байв.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт эдгээр улсуудын аль алинд нь тогтворжих хандлагатай болжээ. Макро эдийн засгийн далайцаараа Унгар тэргүүлж, Казахстан удаалж, Монгол гурвалжээ. Энэ хэрээр Унгарт нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээ өндөр үзүүлэлттэй байна. Унгар болон Казахстанд аж үйлдвэрлэл Монголтой харьцуулахад түлхүү хөгжсөн болох нь зураг 2-оос тодорхой харагдаж байна. Ер нь ДНБ-ий үйлдвэрлэлд аж үйлдвэр, үйлчилгээний салбар илүү жин дарах явдал тухайн улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөлдөг гэсэн ойлголт энэ гурван улсын жишээн дээр нэг талаар батлагдах шиг. Казахстанд экспорт нь импортоо түрүүлэх хандлагатай болсон нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, дотоод хөрөнгө оруулалтаа өсгөх улмаар нийгмийн салбарын зардлыг нэмэгдүүлэх таатай нөхцөл болжээ. Унгарын эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдалд Европын Холбоонд нэгдсэн явдал нааштай нөлөөлсөн болов уу. Дотоодын нийт бүтээгдэхүүн болон хүн амын тоог харьцуулсан доорх хүснэгтээс эдгээр улсуудын эдийн засгийн чадавх хэр ялгаатай байгааг харна уу.
Дээрх улсуудын хувьд хүн амын тоо нь 3.6-5.6 дахин ялгаатай байгаа хэдий ч ДНБ-д нь түүнээс илүү ялгаа ажиглагдаж байна. Тухайлбал, Унгарын хүн ам Монголоос 3.5 дахин их байх атлаа ДНБ нь 75 дахин их байна. Үүний нэгэн адил Казахстаны хүн ам Монголоос 6.5 дахин, ДНБ нь 33 дахин их байна. Дээрх улсуудын эдийн засгийн үзүүлэлт Монголтой харьцуулахад өндөр гарахад аж үйлдвэрийн салбарын өсөлт, түүний ДНБ- д эзлэх хувийн жин өндөр байгаа нь нөлөөлсөн. Энэ хэрээр Казахстан нь газрын тос, шатдаг хий, ашигт малтмал их хэмжээгээр экспортолдог бүс нутагтаа төдийгүй олон улсын худалдаанд стратегийн ач холбогдолтой улс болох хандлага ажиглагдах боллоо.[3] Унгарчууд эдийн засгийн либералчлал, түүнтэй уялдсан оновчтой бодлого явуулснаар технологийн бараа бүтээгдэхүүн экспортлогч улс болж чаджээ. Ямартай ч эдийн засгийн хүчин чадал нь пост-коммунист улсуудад нэлээд ялгаатай болж байгааг энэ гурван улсын жишээ бэлхнээ харуулж байна.
Бидний харьцуулалт хийж буй гурван улсад улс төр, иргэний эрх чөлөө ямар түвшинд байгааг олон улсын судалгааны “FREEDOMHOUSE” байгууллагаас явуулсан судалгаанд тулгуурлан харьцуулах аваас нийгэм улс төрийн амьдралд бий болсон бодит өөрчлөлтийг түлхүү ойлгох боломжтой. Судалгааны мэдээлэл ялимгүй хуучин буюу 2003 оныг хамарч байх хэдий ч үндсэндээ тус улсуудад өрнөсөн өөрчлөлт нь улс төр, иргэний эрхийг хангах үйл явцад ямар хэлбэрээр тусгалаа олж байгааг илтгэх, тэдгээрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах баримт бичиг болж чаджээ. Тус судалгааны байгууллагаас явуулсан судалгаа нь улс төрийн эрх, иргэний эрх чөлөөг дараахь шалгууруудыг үндэслэл болгон, шинжээчдээр үнэлүүлсэн байх юм. Үүнд: улс төрийн эрхийг сонгуулийн үйл явц, олон ургальч үзэл, олон нийтийн оролцоо, засгийн газрын бодлого, үйл ажиллагааны оновчтой байдлаар; иргэний эрх чөлөөг үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх боломж, эвлэлдэн нэгдэх эрх, хууль дээдлэх эрх зүйт ёсны төлөвшил ямар түвшинд байгаагаар тооцжээ.
Монголын улс төрийн эрх, иргэний эрх чөлөө 2 буюу бүхэлдээ чөлөөт хэмээн үнэлэгджээ (хүснэгт 4-ийг үзнэ үү). Тус илтгэлд, хэдийгээр Монголд эдийн засгийн өөрчлөлттэй уялдан бий болсон хүндрэл бэрхшээл байгаа боловч улс төрийн эрх бүрэн хангагдсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх, ардчилсан ёсны нэг илэрхийлэл болсон төрийн эрхийг чөлөөт ардчилсан сонгууль явуулах хэлбэрээр нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжүүлэх эрх зүйн үндэс бүрэлдэж, энэ нь улс төрийн практик төлөвшсөн гэж дүгнэжээ. Гагцхүү сүүлийн жилүүдэд шүүхийн байгууллага, төрийн захиргаанд авилгал, хээл хахууль газар авах хандлага ажиглагдах болсныг Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департаментаас явуулсан судалгааны дүнд тулгуурлан тэмдэглэсэн байна. Нөгөөтэйгүүр, улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний шалгуур үнэлгээ дээшилсэн байх бөгөөд Монгол улс нь хүний бие даан хөгжих баталгаа болсон чөлөөт улс болжээ гэж үзэж болохоор байна. Хэдий тийм боловч улс төрийн практикт, нийгмийн харилцаанд системийн өөрөөс нь болон системийг бүрдүүлж байгаа институцийн үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудал байгааг үгүйсгэх аргагүй.
Казахстаны Үндсэн хууль улс төрийн эрх, иргэний эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх гэх мэт ардчиллын зарчмуудыг хуульчилж өгсөн байдаг ч бодит байдал дээр энэ нь олон талаар зөрчигдөх болжээ. Улс төрийн чөлөөт ардчилсан сонгууль болдоггүй, дан ганц улс төрийн хүчин давамгайлсан, хууль тогтоох байгууллагатай харьцуулахад ерөнхийлөгчид үнэмлэхгүй эрх олгосон. Иргэдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхийг монополь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хязгаарладаг гэх мэтчилэн бугшмал асуудал газар авч байгаа нь тус улсын улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний хэмжүүр буурах, тааруу үзүүлэлттэй гарах үндсэн нөхцөл болжээ. Олон улсын судалгааны тус байгууллагаас явуулсан судалгаанд үнэлгээ өгсөн шинжээчид Казахстаныг чөлөөт бус улс гэж дүгнэжээ (хүснэгт 4-ийг үзнэ үү). Эдийн засгийн өсөлт, аж үйлдвэрийн салбарын хөгжил хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү өсөлтийн үр дүнд бий болсон баялагт нийгмийн хяналт тавих (тунгалаг байлгах) (trancperency) зарчим үгүйлэгдэж байгаа нь нийгмийн тэгш бус байдал газар авах, улмаар хөгжлийн үр дүнгээс иргэн бүр өөрийн хувь хэмжээгээр хүртэх үйл явцыг удаашруулж байна. Үүнтэй төстэй улс төр, эдийн засгийн үйл явц дийлэнх тохиолдолд хөгжиж буй орнуудад давтагддаг.
Мэдээж улс төр, иргэний эрх чөлөө ямар түвшинд байгааг Унгарын жишээн дээр үнэлж цэгнэхгүй байж болохгүй. Тус улсад хууль дээдлэх ёс, тэр хэрээрээ бие даасан, эрх чөлөөт байдлаа хадгалах эрмэлзэл, хандлага чухал юм. Энэ шинж чанар нь дийлэнх тохиолдолд Европын орнуудад нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд хуулиа дээдэлсэн системтэй харилцаа төлөвшүүлэх, иргэний чөлөөт ухамсар, зан үйлд тулгуурласан шинэчлэл бий өрнөх хөрс болдог билээ. Коммунист тогтолцоо задран унаснаас хойших хугацаанд явагдсан улс төрийн бүхий л сонгууль ардчилсан, чөлөөт, бүх нийтээр сонгох зарчимд тулгуурлан, амжилттай болсны дээр, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хуваарилалт Үндсэн Хуулиар баталгаажаад зогсохгүй, практикт бодит биелэл болжээ. Үүний зэрэгцээ иргэний нийгэм төлөвшүүлэх шинэчлэл өрнүүлж, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжсэн татварын хууль батлан, олон нийтийн оролцоонд түшиглэсэн улс төр, эдийн засаг, нийгмийн шийдвэр гаргах тогтолцоо төлөвшүүлсэн нь тус улсыг Европын Холбоонд элсүүлэхэд түлхэц болсон байна. Унгарын улс төр, иргэний эрх чөлөөний тоон хэмжүүр нь 1.2 гэсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд бүхэлдээ чөлөөт хэмээн үнэлэгджээ (хүснэгт 4-ийг үзнэ үү).
Ямартай ч эцэст нь нэгтгэн дүгнэхэд 40-70 жил үргэлжилсэн ижилсэх үйл явцын төгсгөлд нэг гараанаас гарсан гэгдэх энэ гурван улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд дор дорноо өөриймсөх өөрчлөлт хийж чаджээ. Магадгүй эдгээр улсуудыг нэг гараанаас эхэлсэн гэж үзэх нь нэг талаар учир дутагдалтай байж ч болох юм. Гарааны өмнөх бэлтгэл, нөөц аль алинд нь харилцан адилгүй байсныг давхар бодууштай. Улс төр, иргэний эрх, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөр Унгар толгой цохиж явахад, улс төрийн өөрчлөлт, ололт хийгээд туршлагаараа бид Монголчууд зэргэлдээх Казахстаны хувьд дуурайл ч болмоор юм шиг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд энэ гурван улсын хүрсэн ололт амжилт, алдаа дутагдал, улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд бий болсон институцийн шинжтэй өөрчлөлтүүдийн үндэс нь нэг байсан бөгөөд хүрэх зорилго нь ч мөн адил ижил байсан гэж ойлгож болно.
[1] 1980-аад оны сүүл, 90-ээд оны эхээр коммунист дэглэмээс татгалзан чөлөөт эдийн засаг, улс төрийн ардчилсан дэглэмийг сонгож, иргэний эрхийг бүхий л талаар хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмжсэн нийгмийн харилцаа төлөвшүүлж байгаа хуучин социалист лагерт багтаж байсан улсууд.
[2] Селим Жахан, Намсрайн Батнасан. Хүний хөгжил. Сурах бичиг, х- 9, УБ., 2006
[3] Pauline Luong. 2002. Institutional Change and Political Continuity on Post-Sovlet Asia: Power, Perceptions and Pacts. Cambridge University Press.