Ph.D Б. Намсрай
/Доктор, Профессор/
Шинэ толь №54, 2006
СОЛИДАРИЗМ
Түлхүүр үг: Солидаризм, Эдийн засгийн солидаризм, Нийгмийн дэг журам, Нийгмийн тогтолцоо
А. Францын хэв маяг
Индивидуализм буюу бодигалч үзлийн зэрэгцээ хүмүүс нийгмийн систем болохын хувьд бас солидаризмыг боловсруулж хөгжүүлсэн. Солидаризм гэж гол төлөв индивидуализм, социализмын нэгдэл буюу синтезийг ойлгож байдаг. Ийм үзлийг эрмэлзэж, үндэслэхийг оролдож буй сэдэл шалтаг, хэрэгжүүлэхэд хүргэх ёстой арга хэрэгсэл, түүнчлэн ийм үзлийн агуулга нь огт өөр өөр ялгаатай зүйл байгаа юм. Ийм учраас солидаризмд хүргэсэн үзлийн төлөвшил нь опгхон ч нэгдмэл байгаагүй бөгөөд ертөнцийг үзэх үзлийн үндэс сууриараа өөр өөр хувилбартай байлаа.
Солидаризмын эх орон бол Франц юм. Солидар ёс гэдэг ойлголт янз бүрийн өнгө аястайгаар бусад хүмүүсийн зэрэгцээ францын социалист Пиерр Леруа (1819-1879) болон Фурье, Бастиа нарын шавь нарын бүтээлд дайралдаж байдаг. Эдийн засгийн бодлогын хөтөлбөр болохын хувьд солидаризмыг радикал, хожмын радикал социалист нам батлан гаргасан бөгөөд чингэхдээ энэ нам хуучин либерал намын шаардлага ба социалистуудын шаардлагын хооронд зохицолдоо бий болгохыг оролдсон. Ардын маягийн сургаал болохын хувьд чухамхүү Леон Бөржуа ерээд оны үеэс дэвшүүлэн тавьж, дэлгэрүүлсэн. Бөржуа нь солидар ёсны метафизик болон ертөнцийг үзэх үзлийг квази гэрээний хууль зүйн томъёололд оруулахыг оролдсон. Энэ сургаалын ёсоор жам ёсны солидар ёс гэгч байдаг бөгөөд үүний дагуу хүн бол хөдөлмөрийн хуваарь, өв залгамжпал, бусад олон нийгмийн бодит байдлын улмаас юу эзэмшиж байгаагийнхаа төлөө, өөрийн өмнө амьдарч, аж төрж байсан хүмүүстээ талархах ёстой ажээ. Гэхдээ энэхүү жам ёсны солидар ёс нь огтхон ч шудрага бус байдаг бөгөөд тэр нь зарим хүмүүст маш олон давуу тал олгож байхад өөр бусдад нь үндэс шалтгаангүйгээр хохирол учруулж байдаг учраас наад зах нь “шудрага бус” юм. Ийм учраас шудрага ёсыг тэгшитгэхэд хүргэх ёстой. Квази гэрээ гэдэг ойлголт нь эхлээд хууль зүйн ойлголт байдаг, энэ нь янз бүрийн үүргийн нөхцөл байдлыг багтаадаг, тэдгээр үүрэг нь ямар нэгэн гэрээгүйгээр үүсэж бий болдог, жишээлбэл, захиалга даалгаваргүйгээр ажил хэрэг явуулах, түүнчлэн хөрш байгаа учраас янзбүрийн хүмүүсийн хооронд үүсэж болох сайн дурын бус эвсэл холбоо гэх мэт байж болно. Квази гэрээний шинж болсон энэ бүх нөхцөл байдал нь хүний нийгэмд оршиж байдаг бөгөөд хүн, хүний хооронд ямар нэгэн өр төлөөс бий болгож болох юм, энэ өр төлөөсийг тэгшитгэж жигдрүүлэх ёстой. Жам ёсны солидар байдлаас ямар нэгэн ашиг тус хүртсэн бүх хүн, эн тэргүүнд чинээлэг сайхан аж төрж байгаа хүмүүс, өөрсдөд нь ногдох ёстойгоос илүү ихийг хүртсэн бөгөөд энэ ногдож буй зүйлийг авлагын үлдэгдлээс илүүтэй үзэж, түүнийг өөрсдөөсөө хасах ёстой. Чингэснээр, аливаа өмч эзэмшил бүхэн өөрийн нийгмийн өрийг цайруулж, жам ёсны солидар байдлын улмаас хохирсон хүмүүст төлөх ёстой. Энэ нь солидар ёсны байгууллагад сайн дурын хандив өгөх замаар юмуу, заавал төлөх татварын замаар хэрэгжих ёстой ажээ.
Практик амьдралын талаар солидаризмын үр нөлөө төдийлэн хол явж чадаагүй. Солидар ёсны үзэл санааг хэрэгжүүлэх явдал нь нэгдүгээрт, амьдралд тохиолдох аюул заналын эсрэг даатгалын замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэк байсан, энэ нь Бөржуагийн хөтөлбөр ёсоор нийт улс үндэстнийг харилцан туслах нэгэн том гэр бүл болгон өөрчлөн байгуулах замаар хэрэгжих ёстой байлаа. Хоёрдугаарт, хүн бүрт оршин аж төрөх наад захын зүйлийг баталгаажуулах замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэж байлаа. Амьдран орших эрхийн энэхүү тунхаглал нь Луи Бланк болон бусад социалистуудын хэдийнээ шаардаж байсан хөдөлмөрлөх эрхийн шаардлагыг дахин сэргээж байгаа хэрэг байлаа. Гуравдугаарт, бүх шатны сургалтыг үнэ төлбөргүй явуулах замаар хэрэгжүүлэхийг зорьж байлаа.
Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг хууль тогтоох болон хоршооллын замаар аль алинаар нь биелүүлэхийг оролдож байлаа. Тухайлбал, нийгмийн бодлогын талбарт, ажилчдыг дэмжих хууль тогтоомж, осолын болон өндөр насны даатгал, харилцан туслах байгууллага, сууцны хямд байшин барих зэрэг “нийгмийн солидар ёсны хуулиудыг” олноор гаргасан. Мөн энэ зорилгоор хоршооллын тогтолцоог дэмжиж байсан. Гэхдээ хоршооллын тогтолцоон дахь солидар ёс нь синдикализмын нэгэн адилаар зорилгодоо хүрэх ердөө л нэг арга хэрэгсэл юм, учир нь гэвэл, хоршооллын тогтолцооны зорилго нь цалингийн тогголцоог халах явдал байгаа бөгөөд энэ нь хэрэглээний хоршоололд шудрага үнийг баталгаажуулж байна гэж үзсэн.
Хэрэв Бөржуагийн сэтгэлгээний явцад болон хоршооллын шаардлагад солидар ёсны үзэл санаа нь илэрхий тоталитар буюу ашиг тусын шинж чанартай байгаа бол энэ үзэл санаа нь Эмил Дюркхаймын социологийн тогтолцоонд ёс суртахууны дэг журмын үндэс суурь болж байна. Дюркхаймын бодлоор хүн бол дадал заншлын амьтан юм, учир нь гэвэл хүн нь нийгэмд амьдардаг, ийнхүү нийгэмд аж төрөх нь солидар эв санааны үүргийг бий болгодог ажээ.
Б. Герман дахь шашин ёс зүйн чиглэл
Дюркхаймыг бодвол солидар ёсны үзэл санаа ёс суртахууны зарчим мөн гэдэг нь бүр нэгэн утгатайгаар иезуитийн хамба Хайнрих Пешийн тогтолцоонд тодрон гарсан. Пеш нь өөрийн сэтгэлгээний явцыг үндэслэхдээ түүнийг жам ёсны эрх зүйтэй холбосон. Шашны зарчмуудаас эдийн засгийн амьдрал болон эдийн засгийн бодлогыг зохион байгуулах хэм хэмжээг гаргаж авах гэсэн түүний оролдлого анхны зүйл биш байсан бөгөөд түүнд өвөг түрүүч байсан. Тухайлбал, Адам Мюллер “зөв эдийн засагт” хүрэх замыг Ариун судар дахь Бурханы илчлэлтийн заалтаар олж болно гэж итгэж байлаа. Эдийн засгийн амьдралыг зохицуулах ёстой зарчмуудыг шашны үүднээс үндэслэх гэсэн иймэрхүү оролдлого Рошер, хамба лам Кеттелер, Тодт нарт дайралдаж байна. Пешийн хувьд жам ёсны эрх нь байгалд өөрт нь үндэслэгдсэн хүн төрлөхтний зорилгыг хамгаалах, хэрэгжүүлэхэд үйлчилж, хүмүүсийн нийгмийн харилцаагтүүний телеологийн[1] үндсэн харилцаанд нь зохицуулж байгаагийн хэрээр жам ёсны эрх болж байгаа юм. Жам ёсны эрх бол нэгэн зэрэг хүний бүхий л нэр төрийн сүүлчийн эх сурвалж бөгөөд нийгмийн байгуулал, нийгмийн зорилго эрмэлзлийн дотоод органик зарчим юм.
Солидаризм бол Пешийн үзэж байгаагаар индивидуализм ба социализмын үзэл санааны хоорондын зөвшилцөл биш, харин өөртөө бие даасан зарчмыг шингээж байгаа бөгөөд энэ зарчим нь жам ёсны бодит баримт, түүнчлэн үүрэг ёс зүйн шаардлага болохын хувьд хүчин төгөлдөр байх юм. Солидар ёс нь бодит баримт болохын хувьд Пешийн нотолж байгаагаар эдийн засгийн ухааны янзбүрийн системд анхаарал татсан, тухайлбал, солидар ёс нь Адам Смитийн тодорхойлсон хөдөлмөрийн хуваарьт илэрч байгаа, цаашилбал, Сэйгийн борлуулалтын сувгийн онолд үйлдвэр худалдаа эрхлэлт ба улс түмний ашиг сонирхлын хамтын нөхөрлөлд, Бастиагийн нэг бүхэл бүтний гинж гогцооны хамтын хариуцлага дахь нийцтэй байдал, түүнчлэн Сисмондигийн үйлдвэр худалдаа эрхлэгч ба ажилчдын жам ёсны эв нэгдлийн сэтгэлгээнд илэрч байгаа гэж үзсэн юм. Хожим нь Шарль Жидэ солидар ёсны зарчмууд хэрэгжих явдал эдийн засгийн амьдралын нийтлэг хоршин нөхөрлөх явдалд байна гэж үзсэн. Үүнээс гадна Пешийн үзэж байгаагаар католик зохиогчдын янзбүрийн тогтолцоонд солидар ёсны ойлголтыг зан заншлын дэг журмаас уламжпан гаргасан бөгөөд ямар нэгэн зан заншлын зарчмын үр нөлөө гэж таньж мэдсэн. Эцэст нь Пеш нь Отто Гиркэгийн эвлэлдэх онолоос гадна түүний багш Адолф Вагнерийн төрийн социалист үзлийн тухай зааж хэлсэн бөгөөд Вагнер нийгмийн социал зарчмыг хүчтэй онцолсон нь төрийн социализм гэхээс илүү индивидуализмын эсрэг үзэл болсон гэж үзсэн.
Пеш солидаризм гэдэгт хүн хүнийхээ хувьд болон гэр бүл, төр улсын жам ёсны хамтын нөхөрлөлийн гишүүний хувьд хүний солидар эв нэгдлийн хэлхээ холбоог зөв, өөрөөр хэлбэл, тухай бүрийн хамтын нөхөрлөлийн мөн чанарт тохирсон байдлаар харуулж байгаа, үүний нэгэн зэрэгцээ эрх зүйгээр эмхлэгдэн журамлагдсан хоршооллын, төлөөллийн болон корпорацийн холбоог давхаргаар нь болон мэргэжлээр нь аль болох баян тансаг байдлаар өрнөн хөгжих явдлыг хангаж буй тэрхүү нийгмийн тогтолцоог ойлгож байсан. Чингэхдээ солидар ёсны сэтгэлгээ нь янзбүрийн хэлбэрээр үр нөлөөтэй байж болох юм. Үүнд, 1. Бурханд хандах нийтлэг харилцааны үндсэн дээрхи хүмүүний нийтлэг солидар ёс болохын хувьд; 2. нэг утгатай бодит зүйл болох гэр бүлийн солидар ёс болохын хувьд; 3. төрийн хамтын нийгэмлэгийн жам ёсны эрх зүйн үндэс сууринд тулгуурласан улсын иргэний солидар ёс болохын хувьд; 4. Өөрсдийн зүй ёсны ашиг сонирхлын төлөөллийг өөр хоорондоо харуулж буй мэргэжлийн болон давхаргын гишүүдийн солидар ёс болохын хувьд тус тус үйлчилж болно. Үүнээс гадна солидар ёс бол хүмүүсийн хэлхээ холбооны мөн чанарт, түүнчлэн бас төрд тохирч буй ёс суртахууны, дотоод чанарын зарчим юм.
Эдийн засгийн солидаризм нь нийгмийн амьдралыг ёс суртахууны, дотоод холбоотойгоор ойлгох явдлыг эдийн засагт системтэйгээр хэрэглэж байгаагийн хувьд нийгмийн(социал тогтолцоо мөн бөгөөд солидар зарчимд тохирсон байдлаар эдийн засгийг зохион байгуулахыг шаардаж байдаг. Пеш солидаризмын органик агшинг онцлон тэмдэглэж, түүнийг индивидуалист бодигал болон хамтач тогтолцооны аль алины эсрэг сөргүүлэн тавьсан. Нийгэм бол ямар нэгэн атомуудын бөөгнөрөл биш, харин нийцтэй байдал, дэг журмын дотоод зарчим бүхий бүхэл бүтний зорилгод, энэхүү зорилгын хэр хэмжээний дагуу үйлчилдэг организм юм гэж үзсэн.
Энэхүү бүхэл бүтний тодорхой хэсэг бүр нь өөрийн хөгжил, сайн сайханд бусад хэсгээр болон нийтлэг байдал, түүний сайн сайхнаар дамжин илэрч байх нь зайлшгүй байдаг. Гэхдээ тодорхой зүйл нь өөрийн мөнхийн тодорхойлолтын хувьд өөрийн зорилго хэвээр үлддэг. Ийм тодорхой зүйл нь нийгэмд жам ёсны эрх зүйгээр хангагдан илэрдэг, эдгээр жам ёсны эрх нь нийгмээс уламжlан гарахгүй, гэхдээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдэж байх ёстой. Энэ тодорхой зүйл нийгмийн гинж гогцоо болж байдаг, гэхдээ нийгмийн гогцоо төдий биш юм. Энэ гогцоонд бие даасан байдал, өөрийн хариуцлагын хязгааргүй цар хэмжээ байдаг. Гэхдээ бүхнийг холбодог туузан холбоо нь зан заншлын хариуцлага юм.
Ийм учраас бас нийгэм нь эдийн засгийн үйл явцыг зөөгчийн хувьд бие биеэс салсан, үл хамаарах тодорхой эдийн засаг огт биш, тэр нь улсын коллективист нийгмийн холбоо биш, бас марксист маягийн ардчилсан социализмын буюу эсхүл бүхнийг төвлөрүүлэгч коммунизмын утгаар универсал эдийн засгийн нөхөрлөл хоршоо биш юм.
Солидаризм бол тэр ч байтугай, төрийн нийгэмд харъяалагдах байдлаас, энэ нийгмээс уламжилсан органик нэгдэл бөгөөд энэ нэгдлийн үед тодорхой эдийн засгийн бие даасан байдал, өөрийн хариуцлага нь устгагдахгүй бөгөөд гэхдээ энэ үед үүний тулд өөрсдийн эрмэлзлийг төр улсын зорилго ноёрхсон дэг журамд багтаан оруулах үүрэг зорилт оршиж байна. Пеш бас ийм учраас эдийн засаг дахь өрсөлдөөнийг зайлшгүй чухал зүйл гэж үзэж байгаа бөгөөд гэхдээ тэрбээр түүнийг зохицуулахыг шаардаж, чөлөөт өрсөлдөөний тогтолцоог бодвол илүү дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Эдийн засгийн зорилго нь Пешийн үзлээр нийтийн чинээлэг сайхан байдлын нэг хэсгийг бүрдүүлж байгаа материаллаг чинээлэг сайхан байдалд нөлөөлөх явдал юм. Үүнд солидаризмаас уламжлан гарсан хөдөлмөрийн нийгмийн (тогтолцоо чиглэж байдаг. Үүний дагуу хүний хөдөлмөр бол Эрд түмний чинээлэг сайхан байдлын гол шалтгаан юм. Энэ хөдөлмөрийн тогтолцоо нь солидар зарчмын хамтын нөхөрлөлийн сэтгэлгээг зөөж байгаагаараа нийгмийн буюу социал шинжтэй юм. Ажилчид хүнийхээ хувьд гадаад ертөнцийг эзэмшихэд оролцох үүрэгтэй юм. Ажилчин хүн бол хэдийгээр үйлдвэр худалдаа эрхлэгч биш боловч үйлдвэр худалдаа эрхлэгчийн туслагч байдаг бөгөөд хэзээ ч ердөө л үйлдвэрлэлийн хэрэгсэл болдоггүй гэж үзсэн. Коммунист эдийн засгийн хөдөлмөрийн тогтолцоог Пеш шийдвэртэй няцаасан, учир нь гэвэл ийм коммунист тогтолцоонд хүн үйлдвэрлэлийн хэрэгслийн хамт нийгэмчлэгдсэн байдаг. Нийгмийн хөдөлмөрийн тогтолцоо нь ажилчин, үйлдвэр худалдаа эрхлэгч, мэргэжил, давхрага ангиудыг холбодог хэрэгсэл юм. Ийм учраас солидаризм нь мэргэжил, давхарга, ангиудын дотоод эв нэгдэл төдий биш юм. Тэр ч байтугай, хөдөлмөрийн техник, эдийн засгийн зохион байгуулалтын дэвшлийн хамт улам бүр нэг утгатай, тодорхой илэрч байгаа хөдөлмөрийн хамтын нөхөрлөлийн эв нэгдлийг хамаарч буй бүхий л эв нэгдэл, солидар ёсон дахь түүний эсрэг байдлыг тэгшитгэхийг эрж хайж байдаг. Солидар ёс нь ингэснээр бодит баримт болон үүрэг болохын хувьд эдийн засгийн конструктив, бүтээлч, түүнчлэн зохицуулагч зарчим юм. Солидар ёсны зарчмаас эцсийн дүнд бүхнээс онцгой, өөртөө захирагч хэрэгцээг хангагч зарчмын ухагдахуун урган гарах бөгөөд энэ зарчим нь нийт эдийн засгийн үйл явцын удирдагч зарчим болж байдаг, чингэхдээ капитал эзэмшигчийн шудрага зүй ёсны шаардлагыг харгалзсаар байдаг.
Пеш бас эдийн засгийн ухааны арга, үүрэг зорилтын талаар мэтгэлцсэн. Түүний бодлоор эдийн засгийн ухаан бол практикийн шинжлэх ухаан юм, тэр нь бас социал сургаал болохоор төрийн шинжлэх ухааны хичээл болж, төрийн бодлогын хувьд ерөнхий онолыг бий болгосон.
Пешийн боловсруулсан солидар зарчмын нийгэм философийн тогтолцоонд нэмэлт болсон нэг зүйл бол 1930- аад оны үед зарчмын хувьд томъёологдсон субсидиарын зарчим юм. Энэ нь хэрэв захирагдаж буй жижиг гогцоо нь өөрийн хариуцах үүрэг даалгаврыг цаашид хэрэгжүүлж чадахгүй байгаа бол том хамтын нөхөрлөл, ялангуяа төр улс тусалж ажиллах ёстой. Энэ зарчмыг дэвшүүлснээр жижиг хамтын нөхөрлөлийн бие даасан байдал, өөрийнх нь хууль дүрэм хадгалагдах ёстой бөгөөд нийтийн сайн сайхны ашиг сонирхлын үүднээс шаардлагатай гэж үзсэн үед л түүнийг хязгаарлаж байх юм. Ингэснээр субсидиар зарчим нь бие хүний болон доод шатны гогцоо бүлгийн хөгжилтөнд үйлчилж, нийгмийн олон ургалч ёсыг үндэслэж, нийгмийн аливаа төвлөрлийг сөрөн зогсож байдаг. Тэр ч байтугай бас “амьдралын жижиг хүрээний эрх” гэж тэмдэглэгдсэн байдаг. Чингэхдээ томоохон олныг хамарсан бүтцийн ийм тусламж нь жижиг бүтэцдээ үнэхээр дэмжпэг дөхөм болох ёстой бөгөөд энэ жижиг бүтцийн хувьд “илүү их үнэ цэнг хэрэгжүүлж, үнэ цэнг биелүүлж” байх үр дагавартай байх ёстой. Освалд фон Нелл-Бройнингийн субсидиар зарчмыг нарийвчлан тайлбарласан ёсоор “эдгээр бүтцийн өөрсдийн аядуу, ашиг тустай, амжилттай байдлаар үйл ажиллагаа явуулж чадах” зүйлээс ямар нэгэн зүйлийг салган авах ёсгүй ажээ. Хамтын нөхөрлөл ийм учраас жижиг бүтцүүдэд жинхэнэ бус тусламж шахаж үзүүлж болохгүй, тэдгээр жижиг бүтцийн шаардлагаар ийм тусламж олгож болохгүй. Гэхдээ “амьдралын жижигхүрээ” нь өөрийн эрхийн дагуу бас онцгой үүрэгтэй байдаг бөгөөд өөрсдийн хийж чадах үүрэг зорилтоос зайлсхийж болохгүй юм.
Солидар зарчим болон субсидиар зарчим нь нийгмийн дэг журмын зарчим болохын хувьд нийгмийн католик сургаалын үндсэн хоёр элемент болж байдаг бөгөөд энэ сургаал нь өөрийн бүхий л эрмэлзлийн хувьд ёс зүйн үүднээс ханддаг, ийм учраас практикийн сургаал гэж хандах нь зүйтэй. Энэ сургаалын эхэн цэг нь хүний мөн чанар, түүний жам ёсны нийгмийн байдал, түүний нийгмийн хэлхээ холбоо, чингэснээр хүн, нийгэм харилцаж буй харилцааны тухай танин мэдэх явдал юм. Тэр ч байтугай хүний амьдралын үүсэл, утга учир, зорилгын асуудлыг дэвшүүлж тавьдаг. Оршин байгаа бүхний эцсийн зорилго нь мөн чанарыг төгс өрнүүлэн хөгжүүлэхэд оршиж байдаг, чингэснээр оршин байгаа бүхэнд хийх ёстой зүйл дотоод чанарт нь байдаг болохоор нийгмийн католик сургаал нь тодорхой хүмүүсийн болон нийгмээр хамтран амьдрах дадал заншлын дэг журмыг танин мэдэх тухай өгүүлдэг бөгөөд энэ дэг журам нь хүний ухаалаг мөн чанар болон түүнд илгээсэн Бурханы хүсэл зоригоор хэрхэн дэмжигдэж байгааг өгүүлдэг. Дэг журмын аливаа бүтцэд цар хэмжээ тогтоож, жам ёсны эрх болон христийн ариун дэг журмаас урган гарч буй хүний хамтран амьдрахад заавал байх ёстой үзлүүдийн дагуу тодорхой болгох явдал хамаарна. Католик сургаалын нийгмийн үндсэн зарчмуудын шинжлэх ухаан-философийн нэвтрэлт бүр дундад эртний үед схоластик үзлийн хөрс суурин дээр, ялангуяа Томас Аквины хүний мөн чанар ба түүнд үндэслэсэн жам ёсны эрх зүйн ойлголтын метафизик шинжилгээгээр хэрэгжсэн. Энэ сургаалын цаашдын үргэлжлэлд түлхэц болсон зүйл нь дундад эртний үед төр, сүм хийдийн хоорондын мэтгэлцээн, түүнээс хойшхи шинэ цаг үед эдийн засгийн капиталист арга үүссэнээр, нийгмийн асуудлын мэтгэлцээнээр бий болж байсан. 20 дугаар зуунд энэ сургаал нь өөрийн нийгэм-философийн зарчмын үүднээс, нийгмийн шинжлэх ухааны хөгжилт болон нийгмийн хөдөлгөөний шаардлагын талаар санал бодлоо илэрхийлсэн. Өнөө үед энэ сургаал өөрийнх нь зарчимд зөрчилдөж буй бодигал-либерал болон коллективист нийгмийн үзлүүдтэй мэтгэлцэж байна. Чингэхдээ өөрийн социал-философийн зарчмуудаа баримтална гэвэл тэдгээр зарчмыг хэрэглэж, сөргөлдөхдөө түүхэн нөхцөл байдлын өөрчлөлт, түүнээс урган гарч буй эдийн засгийн болон нийгэм эдийн засгийн шаардлагын дагуу байр сууриа дахин шалгаж, үндэслэх нь зайлшгүй чухал болж байгаа юм.
[1] Телеологи гэдэг нь telos -төгсгөл, logos- бодож эрэгцүүлэх гэсэн грек үгнээс гаралтай, ертөнцийг төгсгөлөөр нь тайлбарлахыг оролддог философийн номлол болой.