А.Буяннэмэх
/СУИС-ийн багш/
Шинэ толь №58, 2007
Түлхүүр үг:
Аливаа байгууллагын хөгжин дэвших үндэс нь хэдий чинээ алсыг бодож баримжаалж байна гэдгээр тодорхойлогдох бөгөөд шинжлэх ухаан, менежментийн үндсэн чиг хандлагыг оновчтой урьдчилан харж, түүний ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа тухайн зах зээлдээ тохируулан хөгжүүлэх чухал асуудлыг алсын хараатай цогцолбороор шийдвэрлэх боломжийг зөв боловсруулагдсан стратеги л хангаж байгааг дэлхийн орнуудын хөгжил харууллаа.
Стартеги гэдэг үг нь эртний грек хэлний “Генералын урлаг” гэдэг үгнээс гаралтай бөгөөд эрт цагт гол төлөв цэрэг, дайны зориулалтаар хэрэглэгдэж байлаа. Харин орчин үеийн бизнесийн шинжлэх ухаан хөгжиж, хүн төрөлхтөн нэг утгатай үйл явцад нэгдэн орсноор энэхү утга өөрчлөгдөж дараахь агуулгыг илэрхийлэх болжээ.
Орчин үеийн бизнесийн үйл явц дахь стратеги, стратегийн удирдлага гэдэг нь ямар утгатай вэ? Үүнийг дараах бие биенээсээ үл ялих ялгаатай боловч нэг утгыг агуулж буй ойлголтуудаас авч үзье.
АНУ-ын эрдэмтэн Рики У.Гриффен тодорхойлохдоо:
- Зорилгод хүрэх арга хэрэгсэл,
- Бизнесийн өрсөлдөөнд давуу тал олж авах арга зам,
- Байр сууриа өөрчлөх арга хэрэгсэл,
- Ажил хэрэгч, овсгоотой сэтгэлгээний илэрхийлэл хэмээн үзсэн байна
Түүнээс арай өөрөөр АНУ-ын эрдэмтэн Питер Райт:
“Байгууллагын эрхэм зорилго, зорилгод хүрэхээр дээд түвшний менежерүүдийн боловсруулсан төлөвлөгөө”
харин стратегийн удирдлага нь
“Гадаад, дотоод орчныг шинжлэх, эрхэм зорилго, зорилтуудыг тодорхойлох түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан үнэлэх үйл явц” юм гэжээ.
АНУ-ын өөр нэг эрдэмтэн П.Ф.Друкер “Стартеги бол бизнесийн байгууллагын оршин тогтнох хийгээд ашиг олох үндсэн арга болсон онол юм” хэмээжээ.
Дээрхи ойлголтуудыг нэгтгэн нэгэн категорт оруулбал “Стратеги нь хэдийгээр нэг утгатай, нэг агуулгатай боловч маш олон тодорхойлолт дүгнэлтүүдээр илэрхийлэгддэг гэдэг ойлголтод хүрнэ. Нөгөө талаар, нийгмийн организм болох байгууллага бүрийн нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ ялгаатай, зах зээл, хэрэглэгчид нь өөрийн гэсэн зан төлөвтэй, амьдралын мөчлөгийнхөө өөр өөр үе шатанд явдаг учраас стратеги нь агуулгын хувьд, томьёоллын хувьд ялгаатай байдаг гэдгийг илэрхийлж байгаа юм”.
Стратегийн удирдлагын олон онол байдаг ч тэд бүгд стратегийн төлөвлөлтөөр дамжин практикт хэрэгждэг.
Стартегийн төлөвлөлтийг урт хугацааны төлөвлөлттэй харьцуулахад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орчинг илүү бодитой болгож, байгууллагын дотоод орчны үндсэн элементүүд, тэрчлэн гадаад хүчин зүйлс, тухайлбал, нийгмийн болон улс төрийн хүчин зүйлс, худалдан авагчдын хэрэгцээ, таашаал, өрсөлдөөний нөлөөллийг холбон авч үздэгээрээ давуутай юм.
Түүнээс гадна байгууллагын стартегийн төлөвлөгөө нь урт хугацааны зорилтуудад байгууллагын ойрын үйл ажиллагааг зохицуулж байдаг ба энэ нь аж ахуйн нэгжийн гадаад ба дотоод орчны өөрчлөлтийн үр дүнгээр илэрдэг.
Стратегийн төлөвлөгөөний хөгжлийн явцад асуудлыг шийдвэрлэх болон стратегийн шинжилгээний олон тооны загвар, аргууд бий болжээ.
АНУ-ын эрдэмтэн Х.Минцберг стратегийг таван шинж тэмдэгээр нь буюу байгууллaгыг үр дүнтэй удирдахад гүйцэтгэх үүргээр нь тодорхойлж болно гээд өөрийн алдарт “Таван Р” хэмээх тодорхойлолтоо гаргасан байдаг. Энэхүү тодорхойлолтын товч агуулгыг авч үзвэл:
- Стратеги бол төлөвлөгөө юм. (plan)
- Стратеги бол зарчим юм. (primipe)
- Стратеги бол байр суурь юм. (position)
- Страгеги бол хэтийн төлөв юм. (perspective)
- Стратеги бол уран арга, уян хатан хувирaлт чанар юм.
Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, стратегийн тухай онолын гол үндэслэл, агуулгуудыг нэгтгэн үзвэл:
- Стратеги бол чигийг заадаг;
- Стратеги хүчийг нэгтгэдэг;
- Стратеги байгууллагыг тодорхойлж байдаг;
- Стратеги логиктой болгодог.
Эдгээр дүгнэлт, тодорхойлолтуудаас үүдэн юуны өмнө стратеги, стратегийн удирдлагын онол, сургуулийг хэрхэн ангилдаг, түүнчлэн, онол, сургууль бүрийн үзэл баримтлал, санаа, дүгнэлт нь ямар байгууллагыг удирдахад илүү нийцтэй байдаг тухай авч үззх зайлшгүй шаардлага үүдэн гарч ирнэ.
Эдүгээ стратегийн удирдлагын уурь арван онол үйлчилж байна гэж эрдэмтэн судлаач нар үздэг. Үүнд:
- Бүтцийн сургууль. Энэхүү онолын гол үндэслэл нь “Стратегийг бүрдүүлэх нь эргэцүүлэн бодох үйл явц мөн” гэж үзэх явдал байдаг.
- Төлөвлөлтийн сургууль. Энэ нь “Стратегийг бүрдүүлэх нь албан ёсны үйл явц мөн” хэмээн номлодог байна.
- Байрлалын сургууль. Харин уг үзэл баримтлал нь онолынхоо гол үндэслэлийг судалгааны үйл явцтай холбон авч үздэг байна.
- Ажил хэргийн сургууль. Тухайн онол нь “Стратегийг бүрдүүлэх аливаа урьдчилан харах үйл явц мөн” хэмээн судалгааны таамаглал, зөн билгийн мэдрэмжинд тулгуурлах зорилго тавьдаг байна.
- Танин мэдэхүйн сургууль. Тус онол нь “Стратегийг бүрдүүлэх нь танин мэдэхүйн үйл явц мөн” хэмээн бизнесийн орчин, үйл ажиллагааны хоорондын уялдаа холбооны асуудлыг чухалчилдаг байна.
- Сургалтын сургууль. Энэхүү онолын үндэслэлийг хүлээн зөвшөөрөгчид нь “Стратегийг бүрдүүлэх нь хөгжиж буй үйл явц мөн” хэмээн нийгмийн болон бизнесийн үйл ажиллагааны өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцтай стратегийг уялдуулах зорилт тавьдаг байна.
- Эрх мэдлийн сургууль. Харин уг үзэл баримтлалд бол “Стратегийг бүрдүүлэх харилцан зөвшилцөх үйл явц” хэмээн үзэж бизнес бол нийгмийнхөгжлийн нэг хэсэг гэсэн үндэслэлд нэгддэг ажээ.
- Соёлын сургууль. Уг сургуультны үзлээр бол “Стратегийг бүрдүүлэх нь хамтын үйл явц мөн” бөгөөд хүмүүсийн үйлдэл үйл ажиллагаа өөр өөр боловч хийж бүтээж буй бодит бүтээгдэхүүн ерөнхий агуулгатай хэмээн үздэг байна.
- Гадаад орчны сургууль. Энэ сургуультны үзлээр “Стратегийг бүрдүүлэх нь хариу үйлдлийн үйл явц мөн” хэмээн гадаад орчны нөлөөллийг эрхэмд үздэг байна.
- Нэгдсэн сургууль. Тус сургуультны үзлээр “Стратегийг бүрдүүлэх нь шилжилтийн үйл явц” хэмээн нийгмийн аливаа үйл явцыг байгууллагын үйл ажиллагааны үндсэн хандлагатай нэгтгэн уялдуулах зорилтыг бий болгохыг зорьдог байна.
Дээр дурьдсанаас дүгнэж үзэхэд “Стратегийн удирдлага нь стратегийн зорилгод хүрэх, байгууллага түүний орчны хооронд тэнцвэртэй байдлыг хангах, үр нөлөөтэй стратегүүдийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн удирдлагын олон талт тасралтгүй үйл явц” ажээ.
Стратегийн удирдлагын үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байгааг мэдэхийн тулд стратегийн бүрдэл хэсгүүд, стратегийн түвшнүүд, стратегийн боловсруулалт ба хэрэгжүүлэлтийг авч үзэх шаардлагатай.
Стратегийн бүрдэл хэсгүүдэд доорх зүйлүүд орно. Үүнд:
- Зах зээлийн хамрах хүрээ. Энэ нь тухайн байгууллагын өрсөлдөж буй зах зээлүүдийн тухайлсан хүрээ юм.
- Нөөцийн байршил. Энэ нь байгууллага өөрийн нөөцийг бүрдэл хэсгүүддээ хуваарилах асуудал юм.
- Онцлог чадвар. Стратеги нь байгууллагын өрсөлдөений онцлог чадварыг илрүүлэн тодорхойлдог. Онцлог чадвар нь тухайн байгууллагын ер бусын сайн хийж чаддаг зүйлийг илтгэдэг.
- Хосолмол үр нөлөө. Энэ нь бизнесийн ялгаатай хүрээнүүдийг бусадтай нь хэрхэн нэгдмэл болгох зсвэл дэмжих сайжруулахтай холбоотой ойлголт юм. Стратеги нь корпорацийн стратеги, бизнесийн стратеги, чиг үүргийн стратеги гэсэн үндсэн гурван түвшинтэй байдаг.
Корпорацийн стратеги. Энэ стратеги нь “Бид ямар захзээл дээр өрсөлдөх вэ?” гэдэг асуултанд хариу өгдөг.
Бизнесийн стратеги. Энэ стратеги нь “Бид сонгосон зах зээлдээ хэрхэн өрсөлдөх вэ?” гэсэн асуултанд хариу өгч байдаг.
Чиг үүргийн стратеги. Байгуулагууд бизнесийн үйл ажиллагаандаа чиг үүргийн стратегийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнд маркетинэг, санхүү, үйлдвэрлэл, судалгаа ба хөгжил, хүний нөөцийн чиг үүргүүд ордог.
Стратегиин боловсруулалт ба хэрэгжүүлэлт Стратегийн боловсруулалт гэдэг нь байгууллагын стратегийг томъёолох, тодорхойлох үйл явц бол стратегийн хэрэгжүүлэлт гэдэг нь стратегүүдийг байгууллагад бодит ажил болгох үйл явц юм. Зураг 1-д стратегийн түвшнүүд дэх стратегийн боловсруулалт ба хэрэгжүүлэлтийн уялдааг үзүүлжээ.
Зураг1
Стратегийн борлуулалт ба хэрэгжүүлэлтийн 3 түвшин
Корпорацийн стратеги
- Корпорацийн түвшний стратеги
Үйлдвэрийн үндсэн стратеги (корпорацийн түвшинд). Үндсэн стратеги нь корпорацийн түвшинд үйл явцуудыг хөгжүүлэх үндсэн чиглэл юм. Зах зээлд ажиллаж байгаа ямар ч корпораци өсөлт хийх, тогтвортой байдлыг хадгалах эсхүл, хумих гэсэн гурван үндсэн стратегийг сонгож байдаг.
Бизнесийн портфолио. Өөрийн гэсэн бизнесийн олон чиглэлийг хамарсан, өрсөлдөөний стратегитэй нэгжүүдийг агуулсан байгууллагын хувьд хэрэглэхэд тохиромжтой. Бизнесийн портфолио хандлагыг хэрэглэх эхний шатанд нь стратегийн бизнесийн нэгжийг (СБН) тодорхойлох явдал юм.
Босгоны зөвлөх бүлгийн матриц. Эиэ матрицыг Женерал Электрикийн захиалгаар Босгоны зөвлөгөө өгөх бүлгээс боловсруулсан бөгөөд СБН бүрийн зах зээлийнх нь өсөлтийн хувь болон зах зээлд эзлэх хувийн хэмжээг үнэлдэг байна. Үүнийг зураг 2-т үзүүлэв.
- Бизнесийн түвшний стратеги
Бизнесийн түвшний стратеги нь байгууллагын дотор байгаа бизнес нэгж хэрхэн өрсөлдөхийг авч үздэг. Бизнесийн түвшний стратегийн гурван нийтлэг хандлага байдаг бөгөөд түүнд:
- Тохируулах загвар,
- Портерийн өрсөлдөөний стратегүүд,
- Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг зэрэг хандлагууд хамаарна.
Тохируулах загвар нь менежерүүд бизнесийн стратегийг орчны нөхцөлтэй харьцуулахад тусалдаг. Тодруулбал энэ загвар нь орчны ялгаатай түвшнүүдэд тохируулж стратегийн хэлбэрүүдийг өөрчлөхийг санал болгодог. Энэ загварыг зураг 3-д харуулав.
Хамгаалагчид: Энэ стратегийг тодорхой бус байдал ба эрсдэл багатай, тогтвортой орчинд ажиллаж байгаа байгууллагад хэрэглэдэг. Хамгаалагчид зах зээлийн явцуу хүрээнд ажилладаг бөгөөд уг хүрээндээ хязгаарлагдмал бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг. Хэдийгээр хамгаалагчид нь өөрийн байр суурийг өндөр чанартай үйлдвэрлэлийн стандарт болон өрсөлдөөнт үнээр хамгаалдаг боловч өөрийн үйл ажиллагааны гаднах орчны хөгжил болон чиглэлийг нэг их тооцдоггүй. Хамгаалагчид урт хугацааны үр ашгийг бага зэрэг анхаарсан маш үр ашигтай үйлдвэрлэл болон хуваарилалтын сувгийг их сонирхдог. Тэд байгууллагын хүнд суртлын хатуу хэлбэрийг дэмжиж, хяналт үр ашгийг бий болгодог.
Давшигчид: Давшигч стратеги яг хамгаалагчийн эсрэг шинжтэй байдаг. Давшигч стратегийг баримтлагч нь маш хувьсамтгай, өсөлт өндөртэй мөн түүнчлэн тодорхой бус байдал ба эрсдэл ихтэй орчинд ажилладаг. Давшигчид шинэ бүтээгдэхүүн болон шинэ зах зээлийн боломжуудыг нээн ологч түүнийг капитал болгогчид юм. Түүнчлэн байгууллагыг нэг бүтээгдэхүүний зах зээлээс нөгөөд шилжихдээ одоогийн ашиглаж байгаа технологио орхиж, шинэ үйлдвэр, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулж ажиллахыг зөвшөөрдөг. Давшигчид эс төвлөрсөн бүтцэд тулгуурладаг бөгөөд бүтээлч байдал болон шинэчлэийг урамшуулдаг, эрсдэл хийдэг, байгууллагын уян хатан хэлбэрийг сонгодог.
Шинжээч: Шинжээчийн стратегийн орчин нь нэлээд тогтвортой бөгөөд зарим талаар эрсдэлтэй, тодорхой бус байдалтай үед хэрэглэхэд тохиромжтой. Энэ нь өөрийн уламжлалт бүтээгдэхүүн ба хэрэглэгчдийг дэмжихийн зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн ба зах зээлийн давуу талыг тодорхойлохыг оролдож байдаг. Уг байгууллагын зарим нэг нэгжүүд болон бүлгүүд нь уламжлалт бүтээгдэхүүн технологио дэмжиж, бусад хэсгүүд нь шинэ бүтээгдэхүүн, зах зээлийг судалж, хөгжүүлэхээр зохицуулагдсан байдаг.
Реакторууд: Реактор бол стратегийн бүтэлгүйтэл юм. Өөрөөр хэлбэл, орчны хүчин зүйлүүдэд зохистой арга замаар хариу үзүүлээгүйн улмаас хангалтгүй үр дүн бүтхий нөхцөл байдал бий болсныг илтгэдзг. Ер нь хангалтгүй гүйцэтгэл нь ирээдүйн үйл явцад бага анхаарсантай холбоотой. Байгууллагыг реактор төлөвт хэд хэдэн шалтгаан байдаг.
Нэгд, дээд түвшний удирдлага байгууллагын стратегийг ухаалгаар явуулж чадаагүй байж болно.
Хоёрт, удирдлага сонгосон стратегидээ байгууллагынхаа бүтцийг зохицуулж чадаагүйтэй холбоотой.
Гуравт, удирдлага орчны голлох өөрчлөлтийг эс тооцон байгууллагынхаа бүтэц ба стратегийн уялдааг дэмжиж чаддаггүй зэрэг шалтгаанаас үүдэж болдог.
Портерийн өрсөлдөөний стратегүүд: Бизнесийн түвшний өөр нэг хандлага нь Майкл Портерийн боловсруулсан стартегүүд бөгөөд тэдгээрийн зорилго нь бизнесийн үйлчилгээг хамгийн сайн болгож чадах өрсөлдөөний давуу талыг хөгжүүлэхэд оршдог.
Ялгарах: Энэ стратеги нь хэрэглэгчид уг байгууллагыг бусдаас ялгаатай байдлаар хүлээн авахуйцаар бүтээгдэхүүн үйлчилгээнийнхээ имижийг хөгжүүлэх явдал юм. Бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь чанар, дизайн, эсхүл бусад үндсэн шинжээрээ ялгаатай байж болно. Ялгарлыг бий болгох цаад учир нь бүтээгдэхүүн бүрийн нэгжийн ашгийг нэмэгдүүлэхэд оршино.
Зардлаар манлайлах: Энэ нь нэг бүтээгдэхүүний өртгийг хамгийн бага, борлуулалтыг хамгийн их байлгахад чиглэсэн стратеги юм. Бизнес нь үнийг багасгах эсхүл зардлаар манлайлснаар өөрийн нийт орлогоо өсгөхийг оролддог үйлдэл юм. Бага өртөг нь үйлдвэрлэл, бүтээгдэхүүний дизайн, хуваарилалтын суваг болон тэдгээртэй адил үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлж болох юм.
Төвлөрөх: Төвлөрөх стратегийн үед бүтээгдэхүүн эсхүл үйлчилгээнүүд нь тодорхой газар байрлал ба тодорхой бүлэг зэрэг сегментүүдэд чиглэгдсэн байдаг.
Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг: Бизнесийн түвшний дараагийн нэг стратеги нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөг юм. Энэ нь нэг цаг хугацааны явцад менежерийн баримтлах стратегийн байдлыг тогтооход хэрэглэгддэг. Бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн стратегийн үндсэн санааг зураг 4-д үзүүлэв.
Амьдралын мөчлөгийг өмнө нь дурдсан стратегиудтай холбон бизнесийн үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэхийг авч үзье. Нэвтрэх үе шатанд бүтээгдэхүүн “Асуултын тэмдэг” мэт байдалтай байна. Хэрэв өсөлт явагдвал энэ “Од” төлөвтэй болж болно. Боловсролын шатанд хүрсэн үедээ “Мөнгөний үнээ” болох бөгөөд бууралтын шатанд “Нохой” төлөвтэй адил байна.
Нэвтрэлтийн шатанд тухайн бизнес бусад бүтээгдэхүүнээс ялгарах стратегийн баримталж болох юм. Өсөлтийн үед бизнес нь давшигч хандлагыг хэрэглэн, ялгаралыг явуулахын зэрэгцээ бүтээгдэхүүний шинэ боломжийг хайх хэрэгтэй. Бүтээгдэхүүн боловсролтын шатандаа байвал зах зээлийн байр сууриа хамгаалах зүй зохистой аргыг хэрэглэж болно гэдэгт итгэх хэрэгтэй. Түүнчлэн зардлаар манлайлах эсхүл төвлөрөх стратегүүд ашгийг нэмэгдүүлэн, борлуулалтыг өргөжүүлэхэд хэрэгтэй байж болно.
- Чиг үүргийн стратеги
Стратегийн төлөвлөлтийн гуравдагч үндсэн түвшин нь чиг үүргийн стратегийн хөгжлийг агуулдаг. Энэ стратеги нь байгууллагын үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаануудад хэрхэн хандах талаар авч үзнэ. Хүснэгт 1-д байгуулагын маркетинг, санхүү, үйлдвэрлэл, судалгаа хөгжил, хүний нөөцийн чиг үүргүүдийн стратегитай холбоотой зүйлүүдийг харуулав.
Маркетингийн стратеги нь ихэнхи байгууллагад хамгийн чухал нь байдаг. Байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сурталчилж байх нь чухал юм. Үүний зорилго нь хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгох, хэрэглэгчид тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга санаж байна гэдэг итгэлийг бий болгоход оршино.
Санхүүгийн стратегийн чухал хэсэг нь хөрөнгийн бүтэц юм. Байгууллага хамгийн бага зардалтай байхаар энгийн болон давуу эрхийн хувьцаа болон урт хугацаат өрийн (бонд) оновчлолтой хослолыг тогтоох шаардлагатай байдаг.
Энэ стратегийн өөр нэг чухал хэсэг бол өрийн бодлого байдаг. Үүнд ямар хэлбэрээр ямар хэмжээний зээл авах нь зүйтэй вэ гэдгийг шийддэг.
Ногдол ашгийн бодлого нь ашгаас хувьцаа эзэмшигчид болон судалгаа хөгжлийн асуудалд зарцуулах мөнгөний харьцааг шийддэг.
Үйлдвэрлэлийн стратегид бүтээмж, чанар болон технологийн асуудал хамаарна. Үйлдвэрлэлийн стратеги зарим талаар маркетингийн стратегидээ тулгуурладаг. Хэрэз маркетингийн стратеги нь өндөр үнэ чанартай бүтээгдэхүүнийг сурталчилдаг бол үйлдвэрлэл нь чанарыг илүү анхаарч, зардлыг хоёрдугаарт тавьдаг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь хэзээ үйлдвэрлэх вэ, хэдий хэмжээгээр үйлдвэрлэх вэ, яаж үйлдвэрлэх вэ гэсэн асуултанд хариу өгдгөөрөө аж үйлдвэрийнхэнд хэрэгтэй байдаг. Эцэст нь аливаа үйлдвэрлэл Засгийн газрын зохицуулалтыг тооцож үзэх шаардлагатай байдаг. Тухайлбал, хүрээлэн буй орчны асуудал хурцаар тавигдаж байгаатай холбогдуулан орчны бохирдуулалтыг тооцож үзэх хэрэгтэй.
Хүний нөөцийн бодлогод гүйцэтгэлийн үнэлгээ, ажиллах хүчний сонголт болон нөхөн төлбөрийн асуудлууд хамаарна. Нөгөө талаар хүний нөөцийн стратегийн үзэл нь хөдөлмерийн харилцаа, хөдөлмерийн гэрээнүүдийг байгуулах явдал юм. Сүүлийн үед ажиллагсдын боловсролын асуудал голлох байр суурийг эзэлж байна. Үүний тулд байгууллагын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.
Судалгаа ба хөгжлийн стратегийн анхдагч хамрах хүрээ бол бүтээгдэхүүнийг хөгжүүлэх асуудал юм. Үүнд шинэ бүтээгдэхүүн бий болгох уу, хуучин бүтээгдэхүүнээ сайжруулах уу гэдэгт голлон анхаарна. Түүнчлэн байгууллага ямар технологи хэрэглэх нь зүйтэй вэ гэдэгт урьдчилан таамаглал дэвшүүлэх явдал багтана. Мөн патентын бодлого чухлаар тавигдаж байна. Хэрэв тухайн байгууллага шинэ бүтээгдэхүүн болон арга ажиллагаандаа патент авсан бол түүнийг бусад байгууллагууд ашиглаж чадахгүйд хүрнэ. Гэхдээ бусдад лизингийн гэрээгээр ашиглуулах нь ашигтай байдгийг анхаарах хэрэгтэй.
Стратегийн хэрэгжүүлэлт
Стратегиа боловсруулсны дараагаар түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Стратегийн боловсруулалт ба хэрэгжүүлэлтийн хооронд нарийн зааг ялгаа байдаггүй ч стратегийн менежемнтийн ялгаатай хэсгүүд гэж тооцогддог байна.
Зураг 5-д стратегийн хэрэгжүүлэлттэй холбоотой ажлыг хүрээг харууллаа.
Стратеги нь байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, манлайлал, мэдээлэл ба хяналтын систем, хүний нөөц болон технологид хэрэгжиж байдаг.
Бүтэц нь байгууллагын стратегид нөлөөлөх мөн стратегийн нөлөөгөөр өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, эс төвлөрсөн бүтэцтэй фирмд доод түвшний менежерүүд төвлөрсөн бүтэцтэй фирм дэх ижил түвшний менежерүүдээс стратегийн шийдвэрт нөлөөлж болдог. Тэгвэл стратегийн тодорхой нэг төрөл болох зохицуулалт нь ирээдүйн зохистой хандлагыг тодорхойлж байдаг.
Үр дүнтэй манлайлал нь стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай байдаг. Манлайлагч нь стратегийг хэрэгжихэд коммуникаци болон идэвхжүүлэлтийг сайжруулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд тусалж байдаг.
Менежерүүд стратегиа хэрэгжүүлэхэд мэдээлэл шаардлагатай байдаг. Мэдээллийн систем нь байгууллагад стратегийн шийдвэрүүд болон зорилгын хүрээнд харилцахад чухал хэрэгцээтэй байдаг.
Хяналт нь үйл ажиллагааг зорилгодоо хүрэх эсэхэд мониторинг хийхэд ач холбогдолтой байдаг.
Хүний нөөцийн хувьд байгуулага стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд зөв хүмүүсийг олж, үр дунтэй сургалтыг явуулах хэрэгтэй юм.
Ямар ч байгууллага шаардлагатай технологи стратегийн хэрэгжүүлэлтийг үр дүнтэй болгоно гэдэгт итгэх хэрэгтэй. Технологи нь үйлдвэрлэл, тоног төхөөрөмж ба үйл явцын явагдах дарааллыг агуулдаг. Хурд бол өнөөгийн менежерүүдийн стратегийн түлхүүр үзэл бөгөөд энэ нь үйл явцын түвшнээс шинэ бүтээгдэхүүнийг аль болох хурднаар хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Технологи маш хурдтайгаар өөрчлөгдөж буй өнөө үед түүний стратегийн хэрэгжүүлэлтэнд гүйцэтгэх ирээдүйн үүрэг чухал болно.