С.Галбадрах
/ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, доктор (Рh.D)/
Шинэ толь №58, 2007
Түлхүүр үг: протектционизм, плюрал зах зээл, эдийн засгийн менежмент, эдийн засгийн үзэл баримтлалууд
Эдийн засаг дахь төрийн оролцоо, түүний хэм хэмжээний тухай асуудал нь макро эдийн засгийн онолын хамгийн их анхаарал татсан, маргаантай байдаг сэдэв юм. Сонгодог эдийн засгийн ухааны эцэг А.Смит (1776) “Үндэстний баялаг” бүтээлдээ хэн боловч төрийн оролцоогүйгээр юу хүссэнээ хийх эрх чөлөөний талаар өгүүлсэн. Төрийн 3-н зорилгыг тодорхойлохдоо “Улс орныг хөгжил цэцэглэлтийн өндөр түвшинд аваачихад энх тайван байдал, хөнгөн татвар, шударга сайн захиргаанаас өөр шаардаад байх зүйл бага” гэжээ. Тэрээр
1/ Үндэсний аюулгүй байдлыг хангах,
2/ Эрх чөлөө, хөрөнгө эзэмших эрхийг хамгаалах, өр зээл төлөх, гэрээ хэлэлцээр мөрдөхийг шахсан хууль зүйн систем,
3/ Зам харилцаа, суваг шуудуу, гүүр зэрэг олон нийтийн ажил ба дэд бүтцийн бусад төсөл,
4/ Бүх нийтийн боловсролын чухлыг онцгойлж үзжээ.[1] Ийнхүү А.Смит хувь хүний эдийн засгийн эрх чөлөөг анх удаагаа тод томруунаар тодорхойлсон билээ.
Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридманы үзсэнээр эдийн засгийн эрх чөлөө нь улс төрийн эрх чөлөөний суурь хөрс юм. Албадлага, төвлөрсөн удирдлагагүй харилцан хамтын ажиллагаа буй болсноор улс төрийн эрх мэдэл ноёлох орон зай хумигдана. А.Смит-тэй нэгэн зэрэг АНУ-д Т.Жефферсон “Тусгаар тогтнолын тунхаглал”-даа улс төрийн эрх чөлөөг тунхагласан. Чухам энэ үеэс буюу Их Британи, АНУ зэрэг улс орнуудад эдгээр эрх чөлөөг холбосноор аж үйлдвэржилтийн хувьсгал эхэлж, эдийн засаг нь эрч хүчээ аван хөгжсөн. XIX зууныг АНУ-ын хөгжлийн алтан үе гэдэг бөгөөд АНУ-ын эхэн үеийн ихэнх удирдагчид Холбооны Засгийн газрын зүгээс зам тээврээс бусад салбарт оролцохыг хүсдэггүй байжээ. Ерөнхийдөө тэд laissex-faire зарчмыг баримталж байв. Энэ нь төрөөс эдийн засгийн салбарт оролцохгүй, зөвхөн хууль дүрэм сахиулж байх ёстой гэсэн зарчим юм.[2] Томоохон дайны үеийг эс тооцвол 1800-1929 онуудад АНУ-ын төрийн зардал үндэсний орлогын 12%-иас давж байсангүй. АНУ-д дэлхийн өнцөг булан бүрээс сая саяараа ирсэн цагаачдад аж ахуйгаа чөлөөтэй эрхлэн хөтлөх бололцоо нээлттэй байсан бөгөөд эдийн засаг ч дэвжин хөгжиж байлаа. Их Британий хувьд ч нэгэн адил эдийн засаг нь түргэн хурдацтай хөгжиж дэлхий дахинд нэр нөлөө нь өсч улам бүр хүчирхэгжиж байв. Их Британид XIX зууны эхэнд төрийн зардал үндэсний орлогын дөрөвний нэгийг эзэлж байсан бол 1897 онд аравны нэг хүртлээ буурчээ.[3]
1930-аад онд өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засагт гарсан гүнзгий хямралтай холбоотойгоор эдийн засагт төрийн гүйцэтгэх үүргийг илүү идэвхтэй байх ёстой гэсэн хандлага бий болсон. Ж.Кейнс “Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол” (1936) бүтээлдээ зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь бүрэн ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдалд хүргэж чадахгүй гэж үзсэн. Тэрбээр үүнийг эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдэх ёстой гэж үзсэн нь эдийн засаг дахь төрийн байр суурийн бэхжилтийн үндэс суурь болж өгсөн юм.
Гэтэл Их хямралын шалтгаан нь харин ч эсрэгээр байсныг М.Фридман хожуу (1963 онд) нотолсон. “Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй” гэжээ.[4] Тэрээр цааш нь бичихдээ “Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системийн уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөний үүрэгтэй холбоотойгоор хямрал үүссэн ажээ.
1930-аад онд Ерөнхийлөгч Ф.Рузвельтын үед эдийн засгийг хямралаас гаргах зорилгоор “Шинэ үйлс” гэсэн эдийн засгийн хөтөлбөрийг боловсруулжээ. Энэ хүрээнд Холбооны Засгийн газар олон шинэ хөтөлбөрүүдийг (нийгмийн даатгал, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох г.м) хэрэгжүүлж эхэлсэн ба энэ үеэс төрийн үүрэг эрс нэмэгдэж, эдийн засагт улам ихээр оролцох болсон байна. Ийнхүү жирийн хүмүүс хувь заяагaа төрд даатгуулж, төрөөр халамжлуулж байх сэтгэлгээг төр өөрөө бий болгосон юм.
Олон жилийн турш халамжлагч төртэй байсан улс орнууд (АНУ, Их Британи, Швед г.м) 1970-аад онд эдийн засаг, нийгмийн олон хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгарсан. Нийгмийн хамгааллын өргөн хүрээтэй арга хэмжээнүүдэд асар их хөрөнгө шаардагдаж улмаар энэ нь татварын түвшинг ихээхэн нэмэгдүүлсэн ба үүнтэй зэрэгцэн инфляцийн нэрмээсэнд хүргэжээ. Их Британид л гэхэд үл хөдлөх хөрөнгөнд ноогдуулсан татварын хэмжээ 98%, үйл ажиллагаанаас олох орлогод ноогдуулах татвар 88%-д хүрч байлаа. 1930-1970 онуудад АНУ-ын эдийн засаг, нийгмийн салбаруудад төрийн оролцоо, зохицуулалт нэмэгдэж ирсэн. Үүний үр дүнд 1960-1970-аад онуудад эдийн засаг, нийгмийн хүндрэл бэрхшээлүүд үүсч улмаар эдгээрийг Засгийн газар дангаараа шийдэх чадваргүй гэдгийг америкчуудад харуулсан юм. 1980-аад оны эхээр Ерөнхийлөгч Р.Рейганы үед нийгмийн зохицуулалтуудын талаарх хяналтаа багасгах, эдийн засгийг либералчлах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгч Р.Рейганы авч явуулсан татварын шинэчлэлийн үр дүнд 1980- аад оны эхэнд АНУ-д орлогод ноогдуулах татварын дээд хэмжээ 75% байсан бол 1989 онд 28% хүртэл буурчээ. Их Британид ч мөн адил Маргарет Тетчерийн засаг захиргааны жилүүдэд 98% хүрч байсан татварын дээд түвшинг 40% хүртэл бууруулсан юм.
Ийм шинэчлэлийн өөр нэг жишээ нь 1970-аад онд эдийн засгийн хямралд орсон Чили улсад төрийн зарцуулалтыг эрс бууруулах, хувьчлалыг өргөн хүрээтэй явуулах, татварын шинэчлэл хийх, мөнгөний нийлүүлэлтийг хатуу хянах бодлогыг явуулсны (мөн нийгмийн халамжийн хөтөлбөрийг амжилттай хувьчилсан) үр дүнд эдийн засгийн өндөр хөгжил, инфляцийн бага түвшин, экспортын өндөр өсөлтөнд хүрсэн. Тус улс 1990 онд цэргийн дэглэмээс ардчилсан засагт шилжсэн.
Нийгмийн байгууллын өөр нэг систем социалист системийн байдал бүр ч дор байлаа. Төр нь бүхнийг чадагч байсан систем 70-аадхан жил оршин тогтноод задарсан билээ. XX зууны сүүл гэхэд дэлхий дахинд эдийн засгийн ба улс төрийн эрх чөлөөг урин дуудсан дуудлага эргэн ирсэн. М.Фридман “Хувь заяагаа сонгох нь” бүтээлдээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарууд, тээвэр холбоо, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарт төрийн оролцоо ямархуу сөрөг үр дагаварт хүргэж байгааг жишээ баримттайгаар харуулсан байдаг.
Орчин үеийн эдийн засгийг загвар болгон авч үзвэл эдийн засаг нь ухаалаг (рационал) үйл хөдлөлтэй хүмүүс, субъектуудын шийдвэрүүдийн үр дүн байдаг. Нэгэнт субъектууд ухаалаг сонголтоор шийдвэрээ гаргаж чаддаг байхад төрөөс эдийн засагт хөндлөнгөөс оролцох нь эдийн засгийн жам ёсны хөгжилд “чөдөр тушаа” болох билээ.
Хөгжлийн үйл явцад институциуд (үүнд Засгийн газар, иргэний нийгэм, хуулийн засаглал зэрэг багтдаг) ба өмчийн эрхийг хамгаалах явдал чухал үүрэгтэй билээ. Энэ талаар Асемоглу (2001) илүү сайн “институци”-уудтай, илүү өмчийн эрхтэй, гажуудал багатай бодлоготой орнууд биет болон хүний капиталд илүү их хөрөнгө оруулж, илүү өндөр орлогын түвшинд хүрэхийн тулд эдгээр хүчин зүйлсээ улам үр ашигтай ашиглах болно гэжээ.[5]5
Эдийн засаг нь нийгмийн амьдралын бие даасан хүрээ билээ. Г.Клейнер нар (2004) улс орны нийгмийн харилцааг бүрдүүлэгч төр, эдийн засаг, нийгэм (микро хүрээнд хамт олон, нийгмийн бүлгүүд, макро хүрээнд хүн ам, тэдгээрийн давхраа, нийгмийн байгууллагууд, намууд г.м орно) гэсэн 3 дэд системийн харилцан уялдаа, нөлөөллийг авч үзжээ.
Эдгээр дэд системүүд нь өөрсдийн хөгжлийн дотоод эх үүсвэртэй байх бөгөөд эдгээр дэд системүүдийн хооронд тодорхой тэнцвэрт байдал тогтож байх үед улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил урагшлана гэж үзсэн. Хэрвээ дэд системүүдийн нэг нь бусдыгаа илэрхий давамгайлснаар нийгмийн байгууллын тогтвортой бус, үр ашиггүй хэлбэр үүсдэг. Хэрэв төр бүх талаараа давамгайлж байвал нийгмийн санаачилагч хүчийг дарах ба эдийн засгийн үйлдвэрлэх хүчийг хянаж, тоталитаризм үүсдэг. Хэрэв нийгэм давамгайлвал төр суларч, эдийн засгийн идэвх доройтож, улс оронд “анархи” байдал нүүрлэнэ. Хэрэв нийгмийн бүхий л хүрээнд агентуудын эдийн засгийн сонирхол ноёлсноор, нийгмийн бүтцийг сулруулах ба салангид болгож, төрийн нэр хүнд доошилж хувь этгээдуүдийн төлөөллийн эдийн засаг эсхүл эмх замбараагүйтэл бий болно. Ийм нийгэмд өрсөлдөөн эмх замбараагүй, үйлдвэр, байгууллагын эздийн үйл ажиллагаа зөвхөн хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд чиглэгддэг байна.
Оросын эрдэмтдийн ангиллаас үзэхэд өндөр хөгжилтэй улс орнуудад л “төр-эдийн засаг-нийгэм” систем бүхэлдээ тэнцвэржсэн, дэд системүүд нь хүчтэй байна (Хүснэгт 1). Бусад улс орнуудын тухайд дэд системүүдийн аль нэг нь эсхүл хослож давамгайлсан эс бөгөөс бүгд сул гэсэн байдлаар харилцан адилгүй дүр зураг гарч байна. Манай улсын хувьд энэхүү ангиллын аль хэсэгт багтах нь сонирхол татаж байгаа юм.
Монгол улс 2005 оны байдлаар эдийн засгийн өсөлтийн өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлтээр 117 орноос 96-р байранд оржээ.
Манай улсын ард хуучин социалист системийн улсуудаас Тажикстан, Киргиз оржээ. Энэхүү индексийн 3 үндсэн бүрэлдэхүүн болох макро эдийн засгийн орчны индекс үзүүлэлтээр 105-р байранд, төрийн байгууллагуудын индексээр 93-т, технологийн индексээр 81- т тус тус орсон байна. Харин бизнесийн өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлтээр 104-р байранд оржээ. Энэхүү судалгаанд дурдсанаар манай улсын бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэхэд тулгардаг гол бэрхшээлүүд нь:
1/ төрийн хүнд суртал,
2/ дэд бүтцийн хангалттай бус хангамж,
3/ татварын хэмжээ байв
Манай ард иргэдийн санаа бодол ямархуу байгааг авч үзье. Азийн барометр судалгааны хүрээнд Улс төрийн боловсролын академиас явуулсан судалгаанаас (2006) үзэхэд ард иргэдийн олонхид нь ардчилал хэрэгжиж буйд итгэх итгэл хэвээрээ байгаа ч төр засагт итгэх итгэл, улс орны эдийн засгийн болоод өрх гэрийнхээ амьжиргааны байдалд өгч буй үнэлгээ нааштай бус, итгэл алдарсан байдал ажиглагдаж байна.
Төр ба бизнес, төр ба нийгмийн хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдлыг авч үзье. Бизнесийн салбарт төрийн хөндлөнгийн оролцоо их, корпорацийн засаглал хаалттай, тавих хяналт сул, нийгэмд авилгал газар авсан зэргийг харгалзан үзвэл Засгийн газар-бизнесийн харилцаанд “Засгийн газар-менежер” загварын элементүүд давамгайлж байна [2]. Нөгөө талаас, төр ба нийгмийн харилцааны дүр төрхийг өнөөгийн иргэний нийгмийн эвсэл, хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанаас бэлхнээ харж болно.
Эдгээр судалгаанууд болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын ижил төстэй талыг харгалзан үзвэл манай улсын хувьд хуучин социалист системийн орнуудынхтай нэгэн адил буюу “төр-эдийн засаг-нийгэм”-ийн дэд элементүүд сул түвшинд байна гэж дүгнэж болохоор байна.
Манай улсын эдийн засаг дахь төрийн оролцооны түвшинг авч үзье. Судалгаанаас үзэхэд нийт хэрэглээнд улсын салбарын хэрэглээний эзлэх хэмжээ 2000 оноос хойш тогтмол 19-20% байв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) хувийн салбарын эзлэх хувийн жин байнга нэмэгдсээр ирсэн бөгөөд 2005 оны байдлаар 77,4%-ийг эзэлж байна.
ДНБ-д төсвийн орлогын эзлэх хувь 1992-1999 онуудад 30-аас доош хувьтай байсан бол 2001 оноос хойш эрс нэмэгдэж ойролцоогоор 37-38% болжээ (Хүснэгт 2).
ДНБ-д төсвийн зардлын эзлэх хувь 1992-1997 онуудад харьцангуй доогуур байсан бол 1998 оноос хойш огцом өсч (2005 оныг эс тооцвол) 40 гаран хувь болсон байна (Хүснэгт 3).
Өндөр хөгжилтэй улсууд эгнээнд нь багтдаг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (ЭЗХАХБ) гишүүн орнуудын ДНБ-д төсвийн орлого ба зардлын эзлэх хувийг өөрийн орны үзүүлэлттэй харьцуулан үзье. 1990-1999 онуудад эдгээр орны ДНБ-д төсвийн орлогын эзлэх хувь дунджаар 45%, 2000-2004 онуудад 44,2% байсан бол дээрх хугацаанд манай улсын энэ үзүүлэлт 30,2% ба 37,2% байв. 1990-1999 онд ЭЗХАХБ-ын орны ДНБ-д улсын зардлын эзлэх хувь 44,6% байсан бол манай улсынх 37,7% байв.
Үүнээс үзэхэд манай улсын ДНБ-д төсвийн орлого ба зардлын эзлэх хувь өндөр хөгжилтэй улс орнуудынхаас харьцангуй доогуур байна.
Мөн 2001 оны байдлаар хуучин социалист системийн улс орнуудын ДНБ-д төсвийн зардлын эзлэх дундаж үзүүлэлт 33,6%, харин манай улсынх 42,1% байна. Гэхдээ энэ үзүүлэлт улс орны хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, Унгарт 43%, Чехэд 45,2%, Словакид 47,7% байхад Киргизэд 28%, Тажикстанд 16,3% байна.
Нээлттэй нийгэм форумаас явуулсан Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийн судалгаагаар 1995 оноос хойш төрийн байгууллагын хэмжээ гэсэн нэгдсэн бүлэг үзүүлэлт дээшилсэн нь эдийн засагт улсын салбарын эзлэх хувийн жин буурч, татаас, урсгал шилжүүлэг, татварын хэмжээ багассантай холбоотой ажээ.[6] Өөрөөр хэлбэл, макро эдийн засаг дахь улсын салбарын багасалтыг илэрхийлж байгаа хэрэг юм.
Хэдийгээр ийм нааштай үзүүлэлтүүд байгаа ч цаашид анхаарах асуудлууд багагүй байна. Ялангуяа улсын төсвийн төлөвлөлт, ашиглалтыг боловсронгуй болгохтой холбоотой асуудлыг энд дурдах нь зүйтэй. Улсын төсвийн талаар яам, орон нутгийн мэргэжилтнүүдээс авсан санал асуулгын дүнгээс үзэхэд улсын төсөв нь урсгал зардлыг голлон санхүүжүүлдэг хөгжлийн агуулга муутай гэж судалгаанд хамрагсдын 77% нь хүлээн зөвшөөрчээ (үгүй гэж 9%, мэдэхгүй гэж 14% нь хариулжээ). Улсын хэмжээний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвийн нөлөө бага гэж 60% нь үзжээ (маш сайн гэж 18%, нөлөөгүй гэж 15%, мэдэхгүй гэж 7% нь хариулжээ).[7]
Нөгөө талаас, улсын төсөвт халамжлагч төрийн үүрэг нэмэгдэж нийгмийн хамгааллын олон тооны хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд шинээр хэрэгжих болсон. Манай улсын хувьд нийгмийн салбаруудаас эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгмийн хамгаалал, эдийн засгийн салбаруудаас тээвэр, холбоо, цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж зэрэг олон салбар бүхэлдээ буюу зонхилох хэсэг нь төрийн мэдэлд байна.
Эцэст нь дүгнэхэд өнөөгийн манай “данхгар”, “халамжлагч” төр (энэ нь бидний дээр өгүүлсэн төр сул байгаагийн шинж) эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа ба хойшид ч шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Цаашид энэ хүрээнд институционал өөрчлөлтийг хийх нь өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн өмчийг тэтгэх, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хууль эрх зүйн (өмчийн эрхийг хамгаалах) болоод зохион байгуулалтын бүтцийг (институци) бүрдүүлэх нь зах зээлийн харилцааг сонгодог утгаар нь төлөвшүүлэхэд зайлшгүй нөхцөл болон дэвшигдэж байна.
Ашигласан ном, материал
- АНУ-ын Төрийн департмент. “АНУ-ын эдийн засаг” тойм.
- С.Галбадрах. Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшлийн асуудалд”. “Шинэ толь” сэтгүүл. 2005/2
- Д.Ганбат. Ардчиллын институци ба монголчуудын үнэлгээ. ‘”Шинэ толь” сэтгүүл. 2005/3
- Дэлхийн Эдийн Засгийн Форум. Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан. 2005-2006.
- Нээлттэй Нийгэм Форум. Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний индекс-2005.
- М.Скаузен. Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал. УБ., 2003.
- ҮСГ. Монгол улсын статистикийн эмхтгэл. УБ., 1997-2005 онууд.
- М.Фридман, Р.Фридман. Хувь заяагаа сонгох нь. УБ., 2001.
- “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо” судалгааны тайлангийн хураангуй. УБ., 2005.
- Г.Клейнэр, Д.Петросян, А.Беченов. Еще раз о роли государства и государственного сектора в экономике. Вопросы экономики. 4/2004.
- К.Яновский. Размеры государственного сектора экономики. Вопросы экономики. 9/2004.
[1] М.Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” УБ., 2003. 40-р тал
[2] АНУ-ын Төрийн департмент “АНУ-ын эдийн засаг” тойм 29-р тал
[3] М.Фридман, Р.Фридман “Хувь заяагаа сонгох нь” УБ., 2001. 27-28-р тал
[4] М.Скаузен “Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал” УБ., 2003. 512-р тал
[5] Дэлхийн Эдийн Засгийн Форум. Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлан 2005-2006. 4-р тал.
[6] Нээлттэй Нийгэм Форум. Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний индекс-2005. 33-р тал.
[7] “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо” судалгааны тайлангийн хураангуй. УБ., 2005. 14-р тал.