П.Одончимэг
/ЛЭОС-гийн дэд тэргүүн/
Шинэ толь №54, 2006
Түлхүүр үг: Нийгмийн өөрчлөлт, Эрх мэдэл, Эмэгтэйчүүдийн төлөөлөл, Улс төрийн бэрхшээлүүд, Нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүд, Сэтгэл зүйн бэрхшээлүүд, Хүйсийн эрх тэгш байдал
Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтээс хүмүүсийн хүлээж буй нэг үндсэн баялаг бол хүн болгоны хувь заяагаа өөрөө хөтлөн авч явах боломжийг нь өргөтгөх явдал мөн. Аливаа сонголтоо хийж, тавьсан зорилгодоо хүрэх чадвартай, хариуцлагатай, боломжтой хувь хүмүүс аж амьдралаа дээшлүүлэхээс гадна орон нутгаа, улс орноо хөгжүүлэх нь мэдээж.
Би өнөөдөр Та нартай улс төр, нийгэмд байгаа асуудлаар, өөрөөр хэлбэл Та бидний амьдрал сайн сайхан байх, үгүйг шийддэг хууль боловсруулах засаглал, гүйцэтгэх засаглалын асуудлуудаар санал бодлоо хуваалцья гэж бодсон юм.
“Эрх мэдэл” гэгчийг ёс заншил, улс төр, нийгэм, соёлын хүрээнд хэн нэгэн нь нөгөөгөө захиран түүнд ямар нэгэн хэмжээгээр зовлон, дарамт учруулах чадвартай байх, эсхүл хэн нэгнийг өөрийн өмнө бөхөлзүүлэх, өрөөл бусдын хүсэл бодлыг өөрийнхөөрөө дарах гэж ойлгосоор ирсэн, ойлгосоор ч байна.
Хэдий тийм боловч эмэгтэйчүүд “эрх мэдэл”-ийн талаархи энэхүү уламжлалт ойлголтыг мөн “удирдагч”, “манлайлагч” гэсэн ойлголтыг амьдралын шаардлагын дагуу өөрчлөх талаар санал дэвшүүлж байгаа билээ. Эрх мэдэл бол албан тушаалаараа хүнийг айлгах, сүрдүүлэх, асуудлыг тулган шийдэх арга зам биш ээ. Эрх мэдэл нь мэдээллийг олж авах, байдлыг тодруулах, сонирхогч талуудтай асуудлыг тал талаас нь хэлэлцэж шийдвэр гаргах арга зам гэж бид үзэж байна.
Хүн бүр “удирдлага”, “эрх мэдэл”-ийн үнэ цэнийг маш сайн ойлгож байгаа биз ээ. Сүүлийн жилуүдэд манай оронд болж байгаа үйл явдлууд хэнийг ч, хүүхдүүдийг ч улс төрөөс ангид байлгахгүй байгаа. Уг номондоо ангид ч байх ёсгүй. Тэгэхдээ ийм хурцадмал, ийм гажууд байдлаар биш л болов уу.
Улс төрийн намуудын хоорондох эрх мэдлийн төлөө өрсөлдөөн нь хэрээс хэтэрч шийдэх ёстой асуудлуудаар мэтгэлцэж ухаан бодлоо уралдуулахын оронд албан тушаалын наймаа хийж байх энэ үеэр нь хүмүүсийн амьдрал муудаж өрөндөө баригдаж, хээл хахууль нь даамжирч, хулгай дээрэм ихсэж гадаад руу боломжийн бүхий л аргыг хэрэглэн олноороо гарч байгаа нь дүрвэлтийн шинжтэй боллоо.
Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь нэгд, төрийн эрх барьж байгаа эрхэм гишүүд, сайд нар, удирдах албан тушаалтнуудын ихэнх нь ноёрхогч, дарамтлагч, мөнгөөр, танил талаараа, намаараа асуудлыг шийддэг хуучинсаг “удирдагч, манлайлагч” нар байгаад; хоёрт “эрх мэдлийн” тухай хуучинсаг, хоцрогдсон бодолтой, түүнийгээ хамгаалсан байр суурьтай байгаад оршиж байна гэж эмэгтэйчүүд бид үзэж байна.
Төр, засгаа шүүмжилж буй иргэдийн тоо нэмэгдэн, зохион байгуулалтанд орж эсэргүүцлийн хөдөлгөөнүүд эрчимжиж байгаа болон гол өрсөлдөгч намуудын гишүүд намаа шинэчлэх, өөрчлөх санаачилга гарган ажиллаж байгаа нь үүнийг нотолж байна. Бидний амьдралд сайн муу янз янзын л өөрчлөлтүүд гарсан. Жишээлбэл, гадаадад чөлөөтэй аялдаг болсон, интернетээс мэдээлэл авдаг болсон, е-мэйлээр асар богино хугацаанд зардал багатайгаар харилцдаг, майонөзийг зөвхөн орос дэлгүүрээс авдаг байсан бол одоо дэлгүүр болгонд өрөөстэй гэх зэрэг. Цаг хугацаа өнгөрөх тутамд амьдрал өөрчлөгдөж байна. Бид ч өөрчлөгдөж байна.
Гэтэл бидний амьдралыг шийдэж байгаа удирдагч нарын ихэнх маань яагаад ийм удаан өөрчлөгдөж байна вэ? Бид буруу сонголт хийгээд байна уу? Бид улс төрд хангалтгүй оролцоод байна уу? Эсхүл удирдагч нар маань өөр гэдгээ илэрхийлж чадахгүй байна уу?
Ямартаа ч бид сонголтоо хийх цаг иржээ. Бид шинэ үеийн удирдагч нарыг сонгоно. Иймд дараагийн сонгуулиас өмнө, маргаашаас эхлэн удирдагч нар маань өөрчлөгдсөн гэдгээ харуулах хэрэгтэй байна. Ингэж чадсан хүнийг бид бас сонгоно.
Удирдагч нар эрх мэдэл, санал бодлоо хуваалцан шийдвэр гаргах нь удирдлагын дангаараа ноёрхох, давамгайлах аюулыг бууруулах учиртай. Ингэснээр хамтын ажиллагаа нэмэгдэж зөрчилдөөн цөөрөх ёстой. Ингэснээр амар амгалан амьдрал, хөгжил дэвшилд хүрнэ.
Бидний бодлоор шинэ үеийн удирдагч, манлайлагч гэж хэнийг хэлэх вэ гэвэл нийгмийн өөрчлөлт хийх үйл ажиллагаанд, үр дүнд бэлтгэгдсэн, асуудлыг шийдвэрлэж байдлыг өөрчилж өөрчлөлт хувьслыг авчирна гэсэн итгэл үнэмшилтэй, ирээдүйг харж түүнийг бодит болгохын төлөө өөртөө тангараг өргөсөн, хүмүүсийг сонсож чаддаг, багаар ажиллаж чаддаг, хэлсэн үгэндээ эзэн болдог, намчирхдаггүй хүнийг шинэ үеийн удирдагч, манлайлагч гэж хэлнэ.
Нийгмийн өөрчлөлт хийх ажиллагаанд, үр дүнд бэлтгэгдсэн хүмүүст эмэгтэйчүүд зүй ёсоор орно. Эмэгтэйчүүдийн маш олон байгууллага байхад эрэгтэйчүүдийн нэг л байгууллага байна гэж хүмүүс ярьдаг. Эмэгтэйчүүдийн гэж нэрлэгдэх эдгээр байгууллага нь хэрэг дээрээ зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүд, хүүхэд хөгшчүүл, эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг. Хүмүүсийг соён гэгээрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, ядуурлыг бууруулах, орлого нэмэгдүүлэх, бичил зээл олгох, өнчин хүүхдүүдийг асрах, гудамжны тэнэмэл хүүхдүүдийн асуудлыг шийдэх, байгаль орчноо хамгаалах, хүний эрхийг хамгаалах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд хадгаламж, зээлийн анхны хоршоодыг эмэгтэйчүүд байгуулсан. Эдгээр хоршоодоос зээл авч асуудлаа шийдсэн хүмүүс Та нарын дотор байгаа л болов уу. Төр хүрч ажиллаж чадахгүй байгаа олон асуудлыг эмэгтэйчүүд шийдэж байна. Энэ утгаараа эмэгтэйчүүд нийгэмд өөрчлөлт хийхээр бэлтгэгдсэн.
Хөрөнгө мөнгөний мөнхийн гачаалтай, хууль, дүрэм журам нь саад тотгор болдог нь олонтаа ч тавьсан зорилгодоо хүрч чадаж ирээдүйг бидний амьдралд авчирч байгаа хүмүүс бол эмэгтэйчүүд. Нийгмийн идэвхтэй бай гэж хэн ч шахаж шаардаагүй хэдий ч шийдвэрлэх асуудлыг олж харж бид үүнийг хийх ёстой, бид бэрхшээлийг даван туулна гэсэн итгэл үнэмшлээрээ олон мянган эмэгтэй, олон арван эмэгтэйчүүдийн ТББ зүтгэж байна. Төрийн бус байгууллагынхан олон нийтийн ажилд нухлагдсан, туршлагатай чадварлаг удирдагч нарыг төрүүлдэг, бэлтгэдэг. Энэ утгаараа хамтын хүчээр амьдралаа өөрчлөх, сөрөг байсан зүйлсийг эерэг болгох тангараг өргөсөн хүмүүс бол эмэгтэйчүүд.
Хэдий амаргүй боловч нам бус болон улс төрийн өөр өөр намын гишүүн эмэгтэйчүүд баг болон ажиллаж чадаж байна. Чиглэл чиглэлээрээ олон арван төсөл дээр хамтарч чадаж байна. Багаар ажиллана гэдэг бол нэг нэгнийхээ санал бодлыг сонсож оюун ухаанаа уралдуулан байж үр дүнд хүрэхийг хэлнэ. Эмэгтэйчүүд үр дүнд хүрч байна. Эмэгтэйчүүд багаар ажиллахыг амьдралын хэв шинж болгож байна. Эмэгтэйчүүд хийсэн ажлынхаа тухай ярихдаа: “Манай байгууллага энэ хөтөлбөр дээр ажиллахдаа… манай байгууллагын санаачилсан…” гэж ярьдаг. Үүнийг Та нар олон удаа сонсоо байлгүй. Тэгэхээс биш “Миний санаачлагаар…, Би төслийн удирдагчийн хувьд…” гэх нь маш ховор.
Эмэгтэйчүүдийн амжилтуудыг ингэж онцолж байгааг эрэгтэйчүүдийг огт юм хийж чадахгүй байна гэж битгий хүлээж аваарай. Олон эрэгтэйчүүд чадаж байсан, чадсаар ч ирсэн. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хэмжээнд очиж чадсангүй ээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай шинэ үеийн удирдагч, манлайлагч нар хамтран ажиллаж буглаа болчихоод байгаа асуудлуудыг оновчтой, хурдан шийдэх цаг нь болжээ.
Эмэгтэйчүүд энхийг сахиулах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс, ахмадууд, хүүхдүүдийн амьдрах, сурах, ажиллах аюулгүй орчинг бий болгох арга зам бол хамтын удирдлага хэмээн ойлгодог. Амьдрал улс төрөөс ангид байхгүй, бүхий л талаараа холбогддог. Боловсрол соёлын асуудал, эмнэлгийн үйлчилгээ, төрүүлсэн хүүхдийн тоог үндэслэн тэтгэвэрт гарах, амьдралыг нь залгуулах хангалттай тэтгэвэр тэтгэмжийг эхчүүд, ахмадуудад олгох зэрэг бидний өдөр тутмын амьдралын бүхий л асуудлууд улс төрд хамааралтай шүү дээ.
Энэ утгаараа эмэгтэйчүүд улс төрд оролцон гарч буй шийдвэрүүдэд өөрсдийн санал бодлоо тусгаж байх нь амьдралын шаардлага гэдэг нь харагдаж байна. Тэгэх тусмаа хийж байгаа ажил, хүмүүстэй харилцаж байгаа байдал, гаргасан амжилтуудаараа өөрчлөлт шинэчлэлийг авчрах шинэ үеийн лидерүүд гэдгээ баталж чадаж байна.
Нийгмийн гишүүн бүрийн туршлага, шаардлага, итгэл үнэмшлийг харгалзан үзсэн шийдвэр гарахгүй байгаа тохиолдолд тус нийгмийг шудрага нийгэм хэмээн үзэж болохгүй.
Эрх мэдэл бүхий албан тушаалд эмэгтэйчүүдийг ажиллуулах тухай ярихад амбицтай хүүхнүүдийг дэмжих тухай ярьж байна гэж ойлгодог. Энэ бол туйлын буруу ойлголт.
Бид юуны өмнө нийгмийн гишүүдийн бодит төлөөллийг бий болгох, эмэгтэйчүүд, хүүхэд, настай хүмүүст хамааралтай асуудлуудыг авч хэрэгжүүлэх талаар яриад байгаа юм шүү дээ. Улсын Их Хурлын гишүүн эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нь хэрэг дээрээ улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн актуудыг боловсруулах үйл явцад эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, шаардлага, амьдралын мэдлэгийг тусгах болон туршлага, чадварыг нь ашиглах асуудал юм.
Энд тэмдэглэн хэлэх ёстой нэг чухал зүйл бол эмэгтэйчүүдийг улс төрд оролцуулах гэдэг нь эрэгтэйчүүдийг улс төрөөс холдуулах, гаргах гэсэн үг биш юм. Бид шийдвэр гаргах хариуцлагыг эрэгтэйчүүдийн адил үүрэлцэх, эрх үүрэг хүлээх тухай яриад байгаа юм.
Эмэгтэйчүүдийн төлөөлөл доогуур байна гэдгийг мөн тодруулан ярих учиртай болов уу? Эмэгтэйчүүдгүй төр ээжгүй гэр лугаа. Өөрийн болоод өрөөл бусдын амьдралын бэрхшээлтэй олон асуудлыг сэтгэлийн дуудлагаараа шийдэж яваа мэдлэгтэй, туршлагатай манлайлагч эмэгтэйчүүдийг бодлого боловсруулах түвшинд ажиллуулахгүй байгаа тухай бид ярьж байна. Энэ байдал хэвээр байх тохиолдолд хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа хүчирхийллийн эсрэг бодит үр дүнтэй арга хэмжээнүүд авагдахгүй, боловсрол, эрүүл мэнд, ээлжийн амралт, хүүхдээ асрах амралт, тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд орхигдох, хүчин, дарамтаас хамгаалах хууль эрх зүйн зохистой орчин бүрэлдэхгүй байх, зээлийн байгууллагуудаас зээл авах боломжууд хязгаарлагдах, гадуур болон гэртээ хөдөлмөр эрхлэх, цагийн ажлын зах зээл бий болгох нөхцлийг бүрдүүлэхгүй байх зэрэг сөрөг үр дагаваруудтай байна.
Өөрсөддөө болон бусдад хэрэгтэй зүйлүүдийг хийх эрхийг эмэгтэйчүүддээ олгохгүй байгаа нийгэм нь эмэгтэйчүүдийг нийгмийн салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг юм. Нөгөө талаас эмэгтэйчүүд өөрсдийгөө ойлгуулах, хүндлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой.
Шийдвэр гаргах түвшинд дэхь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлье гэдэг нь зөвхөн дарга эмэгтэйчүүдийн тоог нэмнэ гэсэн үг огт биш юм аа. Мэдлэгтэй, чадвартай эмэгтэйчүүд, үүний дотор хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдэд ажил амьдралаа аль болох түргэн, зөв голдрилоор нь сайжруулах шийдвэр гаргахад шаардлагатай эрх мэдэл бүхий албан тушаалууд дээр эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах боломж олгох тухай бид ярьж байгаа юм шүү дээ.
Ихэнх тохиолдолд хөдөөгийн эмэгтэйчүүд мартагддаг. Иймээс хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах асуудал дэвшүүлэх улс төрч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллуулах шаардлагатай.
Эмэгтэйчүүдийг эрх мэдэл бүхий албан тушаалд буюу шийдвэр гаргах түвшинд ажиллуулахаар зөвхөн эмэгтэйчүүд бид зүтгээд байна гэж хэлэх хүн цөөнгүй байдаг. Гэтэл энэ асуудал маань олон улсын хэмжээнд, засаг төрийн хэмжээнд яригдаж байгаа зүйл болоод удаж байгаа шүү дээ.
Олон Улсын Парламентын Холбооноос гаргасан Ардчиллын 1997 оны Тунхаглалд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд эн тэнцүү, нэг нэгнийгээ дутууг гүйцээх, хоорондыхоо ялгааг баяжуулан нөхөх зорилготой, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтын ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн нийгмийг эрүүл нийгэм гэж үзнэ гэж тунхагласан байдаг. Ямарваа нэгэн асуудалд эрэгтэй, эмэгтэй улс төрчдийн хандах хандлага нь өөр өөр байдаг. Асуудлыг ийнхүү өөр өөрийн зүгээс нягтлан судалж ялгаануудыг нэг нэгэндээ мэдрүүлснээр олон талыг харгалзсан, хамгийн боломжийн шийдэлд хүрэх нь иргэдийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм.
НҮБ-аас 1995 онд Бээжин хотод зохион байгуулсан Дэлхийн Бага хурлаас гарсан урианд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг ажиллуулахгүй, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бодлогод тусгагдахгүй байгаа тохиолдолд эрх тэгш байдал, хөгжил, энх тайван бүрэлдэн тогтож чадахгүй гэсэн байдаг. “Эмэгтэйчүүдийн асуудал” гэгч маань зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудлууд биш юм. Тэдгээр нь бүхэлдээ нийгмийн эрх ашигт нийцэж байдаг юм. Эдийн засгийн уналт, нийгмийн өөрчлөлтүүдийг ихэвчлэн эмэгтэйчүүд түрүүлж мэдэрдэг. Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн санаа зовоож байгаа асуудлыг тусгахаас гадна эмэгтэйчүүдийн мэдлэг, хүч хөдөлмөр, туршлагыг нийгэм бас ашиглах ёстой.
Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй байхын тулд эрх мэдлийг хүсэж байгаа юм биш. Олон Улсын Парламентын Холбооноос хийсэн судалгаанаас үзэхэд, эмэгтэй улс төрчид өрсөлдөх, сөргөлдөх бодлогыг хүлээн зөвшөөрдөггүйгээс гадна нийгмийг шинэчлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, иргэдээ төрөл бүрийн боломжуудаар хангахад анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үздэг байна.
Эмэгтэйчүүд улс төрд идэвхтэй оролцох тусам нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүйсийн (жендерийн) тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг сайжруулах, хүрээлэн буй орчинг хамгаалах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, цагдаагийн байгууллагын дураараа авирлахыг зогсоох, ядуурлыг бууруулах, авилгалыг устгах зэрэг бодит, мэдэгдэхүйц өөрчлөлтүүд эрчтэй хийгдэж эхэлдэг гэж мөн судалгаанд өгүүлсэн байна.
Тухайн оронд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүд хир их оролцож байгааг донор байгууллага, донор улс орнууд их сонирхдог. Энэ үзүүлэлт нь улс орны улс төр хир их тогтвортой байгаа, төрийн бодлого хир их уян хатан байгааг илтгэсэн индикатор болдог ажээ.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь зөв гэж олон улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд (УИХ-аас 2005 оны 4-р сард баталсан Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтууд) үзэж байгаа хэдий ч бодит амьдрал дээр асар их бэрхшээл тулгардаг. Бид өнөөдрийн хуралдаанаас ойр хэтийн ирээдүйд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх учраас эдгээр бэрхшээлээс товч дурьдах нь зүйтэй болов уу. Та бүхэнд тараасан материал дотор бэрхшээлүүд, бэрхшээлийг даван туулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа.
Ажил, нийгэм, улс төрд удирдах албан тушаалд ажиллахад эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг улс төрийн, нийгэм- эдийн засгийн, ёс заншил, сэтгэл зүйн ангилж болох юм.
Улс төрийн шинжтэй бэрхшээлүүдэд улс төрийн нам нь эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих нь ховор байдаг, эмэгтэйчүүд том улс төрд орох сэтгэл зүйн бэлтгэлгүй байдаг, эмэгтэйчүүдийн давхар ачаалал (өрхийн орлого, зарлагаа тэнцүүлэх, хамаатан садны асуудлыг зохицуулах, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн сургууль хөөцөлдөх, гэр орноо цэвэрлэх, хоол хийх, өөрийн ээж аав, хадам ээж аав, нөхөртөө анхаарал халамж тавих, олон нийтийн ажил гэх мэтчилэн), ар гэрийн асуудлыг даатгах хүнгүй (эрэгтэйчүүдийн хувьд эхнэр бүхий асуудлыг зохицуулдаг), ТББ-ын хамтын ажиллагаа дутмаг, хэвлэл мэдээллийнхний ташаа буруу мэдээлэл зэрэг ордог.
Нийгэм, эдийн засгийн бэрхшээлээс дурьдвал, өрхийн орлого, эсвэл бизнесээ хөл дээр нь тогтоох гэж зүтгэж байгаа эмэгтэйд том улс төр бүтэшгүй асуудал болдог, улс төрийн кампанит ажлыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө босгож чаддаггүй, улс гэсэн хүмүүсийн нийтлэг бодол зэрэг бэрхшээл байдаг байна.
Сэтгэл зүйн болон ёс заншлаас үүдэлтэй бэрхшээлүүд.
Нийгэмд тогтсон эмэгтэй хүний имидж, өөрийгөө голдог, мэдлэг туршлэгза дутуу үнэлдэг, нөхрийн бяцхан атаархал болон хардалт, улс төр бол зорьсондоо хүрэх бохир арга зам, төр бол баячуудыг өөгшүүлэх/баяжих арга зам гэсэн нийгмийн хандлага, хэвпэл мэдээллийнхний хувийн амьдралд дураараа, замбараагүй хутгалддаг, гүтгэдэг нь эмэгтэй хүнийг улс төрд орохоос зайлсхийхэд хүргэдэг. Мэдлэгтэй, боловсролтой, өөрсдийнхөө итгэл үнэмшил, үйлсээрээ бусдыг уриалан дуудсан, ирээдүйн сайн сайхны төлөө шантаршгүй тэмцэгч, өөдрөг сэтгэлтэй шинэ үеийн манлайлагч бүсгүйчүүдээ дэмжин хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.
Шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад эмэгтэйчүүдэд учирдаг бэрхшээлүүд
Ажил, нийгэм, улс төрд удирдах албан тушаалд ажиллахад эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүдийг улс төрийн, нийгэм- эдийн засгийн, ёс заншил, сэтгэл зүйн ангилж болох юм.
Улс төрийн шинжтэй бэрхшээлүүд
- Улс төрийн тавцан дээрх эрэгтэйчүүдийн давамгайлал. Эр хүн улс төрийн тоглоомын гол тоглогч нь юм. Энэ нь тэд улс төрчдийн бие авч явах дүрэм журмыг боловсруулж гүйцэтгэлийг нь хянадаг.
- Намаас эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих нь маш ховор. Эмэгтэйчүүдийн санхүүгийн боломж хязгаарлагдмалаас гадна тэдгээрийг сурталчилгаа зэрэг нам, эрэгтэй нэр дэвшигчдийг дэмжих үйл ажиллагаанд ашиглахыг илүүд үздэг.
- Улс төрд орж байгаа эмэгтэйчүүдийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх, улс төрийн боловсрол олгох сургалтууд маш ховор.
- Нийгмийн аль давхаргад хамаарагдахаас үл шалтгаалан эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй харьцуулбал илүү их ачаалал үүрдэг. Цалинтай ажлынхаа хажуугаар хоол хийх, гэр орноо цэвэрлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, өрхийн орлого зарлагыг тооцох, тэнцүүлэх, хамаатан садан, хөгшчүүлийг асуудлыг зохицуулах зэрэг гэрийн ажил хийх, нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцох гээд заримдаа эрэгтэйчүүдээс хоёр, гурав дахин ачаалалтай ажилладаг ажээ. Эмэгтэйчүүд туйлддаг.
- Парламентын ажлын хуваарийг гаргахдаа эмэгтэйчүүдийн давхар ачааллыг тооцдоггүй.
- Намын удирдлагууд өөрийн тааллаар хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг. Эмэгтэйчүүд намын удирдлага, буюу нэо дэвшүүлэх үйл ажиллагаанд тэр болгон орж чаддаггүй учраас нэр дэвших боломжоор их хязгаарлагдмал, өөрийн сонирхсон боломжийн тойрогтоо нэр дэвшигддэггүй ажээ.
- Эмэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийн дэмжлэг шаардагддагийн адил төрийн бус эмэгтэйчүүдийн байгууллагууд нэг нэгэндээ туслах шаардлагатай байдаг. Энэ нь амжилтанд хүрсэн эмэггэйчүүд өөрийн
- Туршлага, бодол, итгэл үнэмшлээсээ бусад эмэгтэйчүүдтэйгээ хуваалцах нь зүйтэй гэсэн үг юм.
- Жендерийн тэгш эрхийн талаар хэвлэл мэдээллийнхэн өгсөн ташаа буруу мэдээлэл нь эмэгтэйчүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.
- Эмэгтэй хүний гоо сайхан, бие галбирт түлхүү анхаарал өгч гоё сайхан бүсгүй л амжилтанд хүрдэг мэтийн аюултай, хүлээн зөвшөөрөмгүй дүр төрх, бодлыг хүмүүсийн толгойнд суулгадаг. Эмэггэйчүүдэд гадна төрх байдлаас гадна өөр чухал, үнэтэй цэнэтэй сайхан чанарууд их байдаг. Эмэгтэйчүүд нь харж шохоорхох л зориулагдсан зүйл биш. Эмэгтэйчүүд маань мэдлэг боловсролтой, авьяас, туршлагатай, нийгмийн бусад гишүүдийн адил сонирхол, хэрэгцээтэй, өөрийгөө хүндлүүлэх эрхтэй хүмүүс шүү дээ.
Нийгэм, эдийн засгийн бэрхшээлүүд
Эмэгтэйчүүдийн цалин хөлс бодогддоггүй хөдөлмөрөөр дэлхийн хэмжээний Үндэсний Нийт Бүтээгдэхүүний 35 хувь бий болдог. Ийм их хэмжээний зүйлс бий болгодог энэ хөдөлмөрийг үнэлдэг улс орон маш цөөхөн.
НҮБ-аас явуулсан судалгаагаар, ядуу хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ядуурал улам бүр газар авч байгаагаас гадна хүйсийн шинж тэмдэгтэй болсон байна. Энэ нь ядууралд орж буй эмэгтэйчүүдийн тоо харьцангуй хурдан нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
Амьдралын хүнд хэцүүг давах гэж эмэгтэйд улс төр бодох ямар ч зав чөлөө, боломж байхгүй нь ойлгомжтой. Өрх гэрээ тэжээх гэж ядаж буй эмэгтэйчүүдийн хувьд улс төр, албан тушаалын төлөө тэмцэл, эсвэл өөрийнх нь эрх ашгийг хамгаалах хүнээ дэмжих асуудал нь өөрөөс нь маш хол, бүтэшгүй асуудал болж хувирна.
Ихэнх хүмүүс улс төрийг баячуудын өөгшүүлэх арга зам, баячуудын хийдэг ажил мэтээр хүлээн авдаг. Өөрсдийн эрх ашгаа хамгаалах боломжийг хүмүүст ол гохын тулд ядууралтай тэмцэх ёстой. Өнөө маргаашийн хоолны талаар шаналан бодохгүй болсон цагт хүмүүс өөрсдийн улс төрийн, нийгмийн зэрэг бусад эрхүүдийн талаар бодох боломжтой болно.
Сэтгэл зүйн бэрхшээлүүд ба ёс заншлаас үүдэлтэй бэрхшээлүүд
Улс төрд оролцох, шийдвэр гаргах түвшинд ажиллах талаар эргэцүүлэн бодох явцад ихэнх эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн ба ёс заншлаас үүдэн гарсан бэрхшээлүүд тулгардаг.
Нэг дэхь бүлэг бэрхшээл нь нийгэмд тогтсон, эмэгтэй хүний имиж (дүр төрх) нь эмэгтэйг эргэлзэх байдалд оруулж улмаар карьер (ажил дээрээ өсөх, албан тушаал дэвших) хийх хүслээсээ татгалзахад хүргэдэг. Эмэгтэй хүн гэр орондоо байж үр хүүхэд, нөхрөө асрах, эсхүл өрхийн орлого нэмэгдүүлэх л үүргийг хүлээн зөвшөөрдөг, дэмждэг бол энэ нь ёс заншлаас үүдэн гарсан бэрхшээл болж байгаа юм.
Эмэгтэйчүүд нь ажил, гэр орны ажил хоёрын алиныг нь сонгох вэ гэсэн асуудалтай байнга тулгардаг. Хоёуланг нь зэрэг амжуулах боломжгүй гэж ихэнх нь үздэг. Эрэгтэйчүүдэд толгойны иймэрхүү өвчин байдаггүй. Тэд гэр бүлтэй болсон ч гэргий нь ар гэрийн асуудлыг зохицуулдаг. Мөн нөхрийн бяцхан атаархал, хардалт нь мөргөлдөөний булаг болдог. Ийм сэтгэлийн зовиур дандаа байх ёстой юу үгүй юу?
Байгууллага удирдаж чадна гэсэн итгэл эмэгтэйчүүдэд дутах явдал байдаг. Гэтэл эмэгтэй хүн бүр гэр орноо аваад л явдаг шүүдээ. Эмэгтэйчүүд гэр бүлийн төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэж асар их туршлага хуримтлуулсан байдаг боловч үүнийгээ мэдлэг, туршлага гэж боддоггүй.
Улс төр бол заваан тоглоом, улс төрчид нэр хүндгүй, зорьсондоо хүрэхийн тулд эрх мэдлээ дураараа ашигладаг гэдэг яриа бас нөлөөлдөг. Хэвлэл мэдээллийнхний арга барил нь эмэгтэйчүүдийг бас айлгадаг.
Нэмж хэлэхэд, ёс заншил, соёл нь эмэгтэйчүүдийн байр суурийг нилээд хатуу тодорхойлдог. Эмэгтэй хүний байх ёстой газар бол гэр бүл, гэр орон гэсэн үзэл их түгээмэл.
Саад бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
Хэрэв та аль нэг намын гишүүн бол дараахь хэдэн зүйлийг хийж болно. Намын удирдлага нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулах журам боловсруулах явцад идэвхтэй оролцож өөрсдийн санал бодлыг тусгуулах шаардлагатай. Энэ нь улс төрийн тоглоомны жолоог атгалаа гэсэн үг. Дүрэм, журамтай болсон тохиолдолд эмэгтэйчүүд хамтран дараагийн үйл ажиллагааны стратеги боловсруулна.
Эмэгтэй парламентчдын тоог нэмэгдүүлэх өөр нэг арга бол квот тогтоох явдал юм. Гэвч энэ нь дэмжигч, эсэргүүцэгч талуудын урт хугацаан, олон удаагийн маргалдаан, ярилцлага, сөргөлдөөний явцад бий болдог хувилбар билээ. Өөрөөр хэлбэл тохиролцоонд хүрч чадвал квот тоггоодог.
Скандинавын ихэнх орнуудад парламентийн гишүүн эмэгтэйчүүдийн хувь хэмжээг 45 дээш хувиар тогтоосон байдаг. Парламентын гишүүдийн 33 хувь нь эмэгтэйчүүд байвал нийгэмд бодитой өөрчлөлт хийх боломж бий боллоо гэж үздэг ажээ.
Ийнхүү тодорхой тооны эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгосноор нийгмийн талыг эзлэх эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулахад бодитоор нөлөөлөх боломж баталгааждаг байна.
Нөгөө талаас квот тогтоох нь жендерийн тэгш эрх гэсэн ойлголтонд сөргөөр нөлөөлдөг. Ихэнх хүмүүс чадладраа л
өрсөлдөөд л гараад ирнэ биз дээ хэмээн боддог.
Дээр дурдсан бэрхшээлүүдийг эмэгтэйчүүдэд, өсвөр үеийнхэнд мэдлэг, боловсрол олгох даван туулж болно. Монгол улс бичиг үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд нилээд дээгүүр ордог. Хэдий тийм ч энэ түвшинг хадгалж үлдэх, бичиг үсэг мэддэггүй хүмүүсийн тоог нэмэгдүүлэхгүй байх нь чухал асуудал болоод байна.
Охид, хөвгүүдэд боловсрол эзэмшиж, мэдлэгийнхээ хүрээг тэлж өөрийн эрх, үүргээ ухамсарлах, оюуны нөөц бололцоогоо чөлөөтэй нээх, ашиглах чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй. Та бидний ирээдүй болох охид, хөвгүүд боловсролтой байхаас гадна хамтран ажиллах чадвар эзэмшин амьдрал дээр үүнийгээ хэрэгжүүлбэл нийгэм хурдацтайгаар урагшилна. Ялангуяа охид өөрсдийн эрхийн талаар өргөн мэдлэгтэй, эрх нь зөрчигдсөн тохиолдолд энэ тухай нийтэд зарлан эсэргүүцэх чадвартай, ухамсартай болох нь чухал. Зөвхөн эмэгтэй болж төрсний төлөө амьдрах, ажиллах хүрээ хязгаарлагдана гэдэг нь хүлээн зөвшөөрөх ёсгүй зүйл гэдгийг аль аль тал нь ухамсарлан ойлгосон байх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг л нийгэмд зэрэгцэн амьдарч байгаа. Иймд нийгмийнхээ өмнө, өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлага, үүргээ адилхан ухамсарлан эн тэнцүү ажиллах ёстой.
Эмэгтэйчүүдийг бол зөвхөн ээж, эхнэр, сайн гүйцэтгэгч гэсэн бодлоос ангижирч тэдний мэдлэг, туршлага, авьяасыг үнэлдэг болох хэрэгтэй байна.
Төрийн бус эмэгтэйчүүдийн байгууллагынхан хэвлэл
мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж олон нийтэд нөлөөлөх нь их чухал. Хэвлэл мэдээллээр дамжуулан нийгмийн амьдралд байгаа бодит харилцаанууд, судалгааны үр дүнг таниулах, амьдралын сайн муу жишээнүүдийг (зөвхөн өөрийн орны бус) олны хүртээл болгон эмэгтэйчүүдэд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх, улмаар засгийн газартаа нөлөөлөх асар их боломж байдаг. Ингэснээр эмэгтэйчүүдийн бие галбир, нүүр царайг магтан дуулсан нэвтрүүлгүүд, зар сурталчилгааны хүрээнээс хальж асуудал дэвшүүлэх, бодлогод нөлөөлөх өөрчлөлтүүд гарч эхэлнэ.
Шийдвэр гаргах аль нэгтүвшинд эмэгтэй хүний нэр дэвшүүлэн ажиллуулахын тулд эмэгтэйчүүд хамтран ажиллах ёстой, ажиллаж ч чаддаг. Амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийг сурталчилахаас гадна олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад хичээл зааж болох юм.
Төрийн бус байгууллагынхан олон нийтийн ажилд нухлагдсан, туршлагатай чадварлаг удирдагч нарыг төрүүлдэг, бэлтгэдэг. Тэдгээр нь засгийн газрын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг тодорхойлон бүрдүүлж хүйсээр ялгаварлан гадуурхах тохиолдлууд байгаа талаар хэвлэл мэдээллээр цацан байдлыг өөрчлөхөд том хувь нэмрээ оруулдаг.
Шийдвэр гаргах түвшинд дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх өөр нэгэн чухал арга зам бол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа билээ. Хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хамтран ажилладаг эрэгтэйчүүд тухайн эмэгтэйг дэмжих нь нийгмийн удирдлагын дээд түвшин, олон нийтэд танин мэдэж байр суурь нь бэхжихэд туслах хүчин зүйл байдаг.
Хүйсийн эрх тэгш байдлыг хангана, эмэгтэйчүүдийн хувьд шудрага ёсыг нэвтрүүлнэ гэдэг нь эрэгтэйчүүдийн хувьд шудрага бус байдлыг үүсгэнэ гэсэн үг биш гэдгийг бүгд ойлгох нь чухал.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх арга замууд
- Сонгуульд нэр дэвшигчийн сонгох процессын бүх шатанд эмэгтэй хүн нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх боломжоор хангах асуудлаар улс төрийн намуудтай хэлцэл хийх.
- Эмэгтэй нэр дэвшигчийг хэвлэл мэдээллээр идэвхтэй сурталчилж мэдээллэх.
- Нийгмийн удирдлагад нийгмийн бүх гишүүдийн эрх тэгш төлөөлөл байхгүй тохиолдолд нийгэм зөв голдрилоор, түргэн хурдацтай хөгжиж чадахгүй гэсэн үзэл бодлыг хэвшүүлэх.
- Эхнэр, ээжийн үүргээс гадна нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оруулж байгаа хувь нэмрийг нь байнга сурталчилж байх.
- Эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг олон төрлийн ажил, давхар ачааллыг нь харгалзан үзэж ясли цэцэрлэгийн асуудал, хуралдааны хуваарь зэрэг асуудлуудыг зохицуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллах.
- Үндэсний хэмжээний удирдлагын (УИХ, яам тамгын газрууд…) түвшинд квот тогтоолгох.
- Гэр бүлийн хүрээнд дэхь ажлаас хуваалцах нь эхнэр, ээжийн үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж асар их тус дэм болж байгаа юм шүү гэдгийг нөхөр, хүүхдэд ойлгуулах.
- Гэр бүл, улс төр, нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг ролийг тодорхой тусгасан, жендерийн эрх тэгш байдал гэдгийг зөв ойлгуулсан гарын авлага, сургалтын материалуудыг бэлтгэн боловсруулах.
- Газрын газраас эмэггэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан арга хэмжээнүүдийг авахуулах.
- Төрийн бус байгууллагууд нь нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн үүрэг роль хир чухал байгааг байнга танин мэдүүлж сурталчилгаа явуулах.
- Хэлтэс, газар, яам тамгын газар, өөр бусад байгууллага зэрэг шийдвэр гаргах түвшинд мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай эмэгтэйчүүдийг ажиллуулах бүхий л оролдлогуудыг хийх.