Ч.Өнөрбаяр
/МУИС-ийн ХЗС-ийн докторант/
Шинэ толь №52, 2005
Түлхүүр үг: Үндсэн хууль, шүүхий загвар, шүүхийн хяналт, үндсэн эрх, парламент, төрийн шалгуур, хуульч, эрх мэдэл хувиарлах, шүүхийн шийдвэр
“Marbury & Madison”-ны хэрэг (1803)
1800 оны намрын сонгууль Федералистуудын хувьд сэхэшгүй ялагдлыг авчирсан ч, Ерөнхийлөгч Жон Адамс болон түүний засаг захиргаа 1801 оны 3-р сар хүртэл албан тушаалаа хэвээр хадгалсаар байв. Ерөнхийлөгч Адамс өөрийн бүрэн эрхийн сүүлчийн 16 хоногт шүүхийн албан тушаалтнуудыг шинээр томилсон байна. Тэдгээр тоиилгооны үр дүнд үнэнч федералист Жон Маршал нэгдсэн улсын тэргүүн шүүгч болж амжив. Тиймээс зарим улс төрчид шүүхийн тогтолцоог “Хаягдсан улс төрчдийн эмнэлэг”-тэй зүйрлэж байв. Нөгөө талаас шинээр Ерөнхийлөгч болсон Жефферсон тэргүүтэй улс төрчид “Федералистууд хэдий албан тушаалаасаа буусан ч шүүх эрх мэдлийн хүрээнд өөрсдийн ган бат цайзыг босгож амжсан, удахгүй тэд бүгд найрамдахчуудын бүтээсэн бүхнийг нураах болно” хэмээн болгоомжилж байв. Иймд бүгд найрамдахчууд 1801 оны Шүүхийн тухай хуулийг хүчингүй болгох зорилго тавьж түүндээ хүрсэн юм. Үүний үр дүнд шүүхийн тогтолцоонд хийсэн Адамсын шинэчлэл сүйрэх ёстой байв. Чухамхүү эндээс л алдарт Marbury & Madison-ны хэрэг эхэлсэн түүхтэй. Мэрбюри бол Жон Маршалын нэгэн адил Ерөнхийлөгч Адамсын томилсон Колумбийн тойргийн шүүхийн тэргүүн шүүгч. Жефферсон ажлаа авмагцаа өөрийн төрийн нарийн бичгийн дарга Жеймс Мэдисоныг дуудан өмнөх өдрийн томилгоог цуцалжээ. Тиймээс Мэрбюри хуулийн дагуу албан тушаалд нь буцаан томилохыг шаардаж, Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Дээд шүүхээс “Холбооны Үндсэн хуультай зөрчилдсөн бүхий л бичигдмэл хуулиуд хүчингүй” гэж шийдвэрлэжээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаа шүүхээс Үндсэн хуультай харшилсан парламентын эрх зүйн актыг хүчингүй болгосон тохиолдол байв. Түүнээс хойш 1857 онд алдарт Dred Scott-ын хэргийг шийдвэрлэсний дараа Дээд шүүх конгрессын Үндсэн хуульд харшилсан хуулийг хүчингүй болгох эрх нэг мөр шийдэгдсэн түүхтэй.
Үндсэн хуулийн шүүхийн түүхэн хөгжилт
Хүн төрөлхтний олж цуглуулсан 200 гаруй жилийн туршлага нь “шүүхийн үйл ажиллагаа улс төрийн давалгаанаас ангид байх” үнэт зүйлсийн тогтолцоог бүтээж буй болгосон түүхтэй. Түүхийн хуудас сөхвөл, XVII зууны эхэн үед Их Британи колони улсуудын хууль тогтоох эрх бүхий легислатуруудын батлан гаргасан хуулийг Нууц Зөвлөл Английн парламентаас эдгээр колониудад зориулан баталсан хуульд, эсвэл нийтлэг эрхэд харшилсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгодог байжээ.1 Гэвч энэ нь үндсэн хуулийн хяналтын түүхийн оршил2 байв.
Үндсэн хуулийн шүүхийн хяналтын тухай номлол, түүнийг баталгаажуулсан “үндсэн хуулийг дээдлэн шүтэх зарчим” дэлхий дахинаа анх удаа АНУ-ын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Маршал 1803 онд “Мэрбюрийн эсрэг Медисоны хэрэг”-ийг шийдвэрлэснээр бодит биелэлээ олсон гэж үздэг.3
АНУ-ын Дээд шүүхээс хэрэгжүүлж ирсэн judical review буюу шүүгч хэм хэмжээний хяналтыг хэрэгжүүлэх практик Европт анх XX зуунд нэвтэрсэн юм. Тухайлбал, 1920 онд Австрид, түүнээс хойш 1949 онд ХБНГУ-д үндсэн хуулийн шүүх байгуулагдаж, 1951 оноос ажиллаж эхэлсэн бол Францид 1956 оноос үндсэн хуулийн шүүх гэж үзэж болох өвөрмөц онцлог бүхий зөвлөлийг байгуулж ажиллуулсан байдаг. Иймд Үндсэн хуулийн түүхэнд улс орнуудын үндсэн хуулийн шүүхүүд нь хэлбэрийн хувьд ч тэр, институтын хувьд ч тэр XX зууны хоёрдугаар хагаст буюу нилээд хожуу төлөвшин хөгжжээ.4 Анхлан эл санааг гаргаж ирсэн хүн бол Францын их сэтгэгч, шүүгч Монтескье юм5. Түүний гаргаж ирсэн гурван эрх мэдэл нэг нэгнийгээ хязгаарлаж байх тухай тогтолцоо нь тэнцвэр
барих, хэлбэлзлийг засч залруулж байх хяналтын механизм байлаа. Энэ чиг үүргийг зүгээр Үндсэн хуулийн гэх тусгай шүүхэд өгөөгүй, гурван эрх мэдэл өөрөө эрх хэмжээ, чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр үзжээ.6
Орчин үеийн Үндсэн хуулийн шүүхийн загварууд
Өдгөө үндсэн хуулийн шүүхийн загварыг хамгийн түгээмэл байдлаар нь:
А) Эх газар-европын үндсэн хуулийн шүүхийн загвар
Б) Америкийн дээд шүүхийн нэгдмэл загвар гэж хуваадаг.
Үндсэн хуулийн шүүхийн европын загвар нь төвлөрсөн буюу цорын ганц байгууллага эрх зүйн хэм хэмжээ үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоож буй явдал мөн. Америкийн үндсэн хуулийн шүүхийн загвар нь төвлөрсөн бус, харин бүх шүүх эрх зүйн хэм хэмжээ үндсэн хуульд нийцэж буй эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Үндсэн хуулийн шүүхийн хэм хэмжээний хяналтыг шийдвэрлэх хэрэг, маргаантай холбоотой хэрэгжиж байгаа эсэхийг нь шалгуур болгож тодорхой (konkret Normakontroll) ба хийсвэр (abstract normakontroll) хяналт гэж ангилдаг. Америкийн загварын хувьд эрх зүйн хэм хэмжээ үндсэн хуульд нийцэж байгаа эсэх нь зөвхөн тухайн хэрэгтэй холбогдож тухайн шүүх дээр шийдэгддэг (kontkret normakontroll) бол европын загвар нь эрх олгогдсон төрийн байгууллага тодорхой гомдлын үндсэн дээр тухайн хэм хэмжээ үндсэн хуульд нийцэж буй эсэх талаар дүгнэлт гаргадаг (abstract normakontroll). Үүнтэй холбогдон америкийн загварын дагуу хэм хэмжээ үндсэн хуульд нийцэж буй эсэх талаар шүүхийн гаргасан шийдвэр нь ихэвчлэн зөвхөн тухайн хэрэгт оролцож буй талуудын хувьд хүчинтэй (inter partes), харин европын
Тухайлбал, Карл Шмидт үндсэн хуулийн шүүхийн байгууллага нь үндсэн хуулийн уян хатан чанарыг алдагдуулдаг10 гэжээ. Тэрбээр цааш нь “үндсэн хуулийн шүүхийг маргаан, сөргөлдөөнийг шийдвэрлэх улс төрийн зэмсэг”11-тэй адилтгаж, хариуцлага хүлээдэггүй, гэхдээ улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага бол дарангуйлан захирагч эсвэл эзэн хаантай адил учир үндсэн хуулийн шүүх огт хэрэггүй зүйл гэж үзсэн байна.12 Үүний эсрэг Ханс Кельзен үндсэн хуулийн хяналтын институт байх нь зайлшгүй чухал болохыг тэмдэглээд, үндсэн хуулийн шүүх байх хэрэгцээ, шаардлагыг зөвхөн хэм хэмжээний шатлал байдлаар тайлбарлахад хангалттай13 гэжээ.
Төрийн эрх мэдлийн эдгээр байгууллагууд үндсэн хуулийг чанд мөрдөж байгаа эсэхийг хянадаг институт бий болсноор шүүх эрх мэдлийн байгууллагуудын ерөнхий хяналт бэхжиж, улам бүр хүчирхэгждэг. Үүний зэрэгцээ төрийн эрх мэдлийн хуваарилалт нь шүүхийн болон үндсэн хуулийн шүүхийн оршин тогтнох үндсэн нөхцөл болж өгдөг14. Иймд үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуультай холбоотой хэрэг маргаан гарсан үед үндсэн хуулийн эрх зүйг тайлбарлаж, хэрэглэх талаар эцсийн шийдвэр гаргах үүргийг ард түмнийхээ өмнө хүлээдэг. Ард түмнээс захиалга авсан үндсэн хуулийн шүүх нь төрийн бусад эрх мэдлийг хянахаас гадна, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх механизм болдог байна.
Өдгөө үндсэн хуулийн шүүх нь төрийн эрх мэдлийн гурав дахь салаа мөчрийн бүрэлдэхүүн хэсэг болох эсэх нь онолын хувьд маргаантай. Энэ тухай Австрийн эрх зүйн онолч, үндсэн хуулийн шүүхийн европын загварыг үндэслэгч Ханс Кельзен “Үндсэн хуулийн шүүх нь аль нэг засаглал руу уусан орж болохгүй” гэснийг В.Кризафули “Үндсэн хуулийн шүүх нь төрийн засаглалын гурван салбарын алинд ч хамаарахгүйгээр бие даасан засаглалын хэлбэр ба энэхүү засаглалын хэлбэр нь бүх салбарт үндсэн хуулийн хяналт, хамгаалалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй”15 гэж тодотгосон байдаг. Харин ХБНГУ- ын Үндсэн хууль 92 дугаар зүйлдээ Үндсэн хуулийн шүүхийг байгуулж бий болгох асуудлыг шийдвэрлэсэнээс гадна тус шүүхийг шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүнд16 оруулсаныг профессор Х.Шоллер “Үндсэн хуулийн шүүх бол шүүх эрх мэдэлд хамаарах бөгөөд энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх мэдэл хуваарилах зарчимд харшлахгүй17 гэж тайлбарласан байна.
Бидний үзлээр, Үндсэн хуулийн шүүх нь орчин үеийн үндсэн хуульт төрийн тулгуур багана болох ардчилал, эрх зүйт төрийг холбож өгдөг ба ингэснээрээ үндсэн хуулийн шүүх нь ардчилсан эрх зүйт төрийн зохион байгуулалтын тулгын чулуу18 болдог. Учир нь үндсэн хуульт төрийн тогтолцоонд Үндсэн хуулийн шүүхийн оршихуйн утга учир эрх зүйт терийн материаллаг зарчмаар тайлбарлагдахгүй, гагцхүү логик (онол)-оор тайлбарлагдцаг. Энэ утгаараа Үндсэн хуулийн шүүх нь нэгталаас шударга ёс, хуулийн ноёрхлыг нийгэмд тогтоох замаар иргэний үндсэн эрхийг дархлаажуулж, улмаар төрийн эрх мэдлүүдийн хооронд тэнцвэржүүлэгч болж өгдөг үндсэн хуулийн байгууллага болдог.
Үндсэн хуулийн шүүхийн хяналтын объект, түүний шалгуур
Густав Радбрухын тэмдэглэснээр үндсэн хуульт ёс нь идэх талх, уух ус, амьсгалах агаар мэт, харин түүнийг хамгаалах чадвартай цорын ганц тогтолцоо болж чаддагт ардчилалын үнэ цэнэ оршдог. Иймд үндсэн хуульт ёсонд тулгуурласан ардчилсан эрх зүйт төрийн үндсэн зорилго нь улс төрийн эрх мэдлийг хууль дээдлэх зарчимд нэгтгэж, төрийн бүхий л эрх мэдлийг хараат бус, шударга шүүхийн хяналтад оруулах замаар иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад чиглэдэг. Тиймээс “Иргэний үндсэн эрх” нь үндсэн хуулийн шүүхийн хяналтын объект болдог. Учир нь Үндсэн хууль, түүнд заасан үндсэн эрхийн талаархи заалтууд нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн шийдвэрийг хязгаарлах хүчин чадалтай байж гэмээж нь, дээрхи гурван эрх мэдлийн шийдвэр үндсэн эрхийг зөрчөөгүй байж гэмээж нь, зөрчсөн тохиолдолд үндсэн хуулийн шүүх түүнийг сэргээж чаддаг байж гэмээж нь Үндсэн хууль бүхэлдээ шууд хэрэгждэг, шууд үйлчилдэг эрх зүй болох юм.19
Үүний хажуугаар үндсэн хуульт ёс нь иргэний үндсэн эрхийг эрх зүйн хэмжээгээр баталгаажуулж, төрийн дур зоргыг хуулиар хазаарлан барьж, засаглалын эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлэх замаар парламентын ба шүүхийн хяналтыг нийгэмд тогтоож, улмаар иргэдийн улс төрийн оролцоог хангахад чиглэдэг. Энэ утгаараа үндсэн хуулийн байгуулал дахь эрх зүйн институтуудын баталсан хэм хэмжээний актууд үндсэн хуулийн шүүхийн хяналтын объектод багтдаг. Үүнд: Парламентаас баталсан хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бүх шатны шүүхийн шийдвэр зэргийг дурьдаж болно. Иймд үндсэн хуулийн шүүхийн хяналтын объект байх гол шалгуур нь үндсэн хуулийг дээдлэн
шүтэх зарчим, түүний амин сүнс болох иргэний үндсэн эрх юм.
Хяналтын төрөл, хэлбэр
Эдүгээ үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх ажиллагаа (конституционной юрисдикции) гэдэгт үндсэн хуулийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх хууль тогтоомжийн институтчлэгдсэн тогтолцоог ойлгодог.20 Өөрөөр хэлбэл, хэм хэмжээний хяналт тавих эрх хэмжээ, үүнтэй холбоотойгоор хэм хэмжээг хүчингүй болгох эрх хэмжээ, төрийн байгууллага хоорондын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ, ялангуяа эрх мэдэл хоорондын маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ нь үндсэн хуулийн шүүхийг ажил үүргийнх нь хувьд үндсэн хуулийн байгууллага болгож байгаа юм.21 Үүний зэрэгцээ Үндсэн хуулийг иргэний эрхийн хамгаалалтын найдвартай систем гэж ойлговол, төрийн эрх мэдлийн бусад байгууллагуудаас гаргасан актыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх шалгах бүрэн эрхтэй байх ёстой. Үндсэн хуульт төрийн түүхэнд “үндсэн хуулийг дээдлэх” зарчим бүрэн хэрэгжсэнээр л хуулийг үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг хянах болжээ.22 Чухамхүү энэ “үндсэн хуулийг дээдлэх” зарчмыг заавал баталгаажуулах нь бие даасан үндсэн хуулийн шүүхийн жинхэнэ үүрэг23 байдаг.
Ардчилсан эрх зүйт төрийн зарчмаар үндсэн хуулийн шүүхийн хяналтын цорын ганц шүүлтүүр нь Үндсэн хууль өөрөө болдог. Энэ нь үндсэн хуулийн шүүх үндсэн хуулийн зарчмуудаас гадуур улс төр хийхээс татгалзах ёстой гэсэн эрх зүйт төрийн суурь үнэт зүйлийг баталгаажуулдаг байна. Эрх зүйн хэм хэмжээний хяналтыг урьдчилсан буюу превентивный (заримдаа “а приори хяналт” эсхүл “ех ante” гэнэ), эцсийн буюу репрессивный (заримдаа “ех post” гэнэ) гэж ангилдаг.
Урьдчилсан хяналт нь хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр болохоос өмнө үндсэн хуулийн шүүх өөрийн ард түмнээс Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу шалгадаг хяналтын хэлбэр юм. Энэхүү хяналт нь Үндсэн хуулийг зөрчсөн эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчлэх хийгээд ард түмний өмнө парламентын нэр хүнд унахаас сэргийлж, шүүх эрх мэдлийн халдашгүй байдлыг улам бүр баталгаажуулдаг. Урьдчилсан хяналтын давуу тал нь дараахь хоёр тохиолдолд илүүтэй тодордог.
- Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахад онцгой ач холбогдолтой. Энэ нь үндэсний болон олон улсын эрх зүйн хэм хэмжээний хооронд зөрчил үүсэхээс хамгаалдаг.
- Эрх зүйн хэм хэмжээ бүтээх үйл ажиллагааг шалгах үед урьдчилсан хяналт илүү үр нөлөөтөй байдаг. Учир нь хэм хэмжээ бүтээх үйл ажиллагааны агуулга үргэлж хийсвэр төвшинд хангагддаг. Дээрхи тохиолдолд үндсэн хуулийн шүүхээс урьдчилсан хяналтыг авч хэрэгжүүлснээр үндэсний эрх зүйн тогтолцооны тогтвортой үйлчлэх шинжийг эрх зүйн хувьд нь баталгаажуулдаг. Иймд эрх зүйн хэм хэмжээг бүтээх үндсэн хуулийн байгууллагуудын эрх хэмжээнд ард түмэн эргэлзэх шаардлагагүй болдог. Харин тэдгээр хэм хэмжээнүүд хүчин төгөлдөр болсны дараа Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг эцсийн хяналтаар шалгадаг.
Хэдийгээр урьдчилсан хяналт өөрийн гэсэн онцлог давуу талтай ч, үндсэн хуульт ёсыг бүрэн дүүрэн хамгаалж чаддаггүй. Учир нь хүмүүний ертөнц ямагт хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эрх зүйгээр зайлшгүй журамлах ёстой харилцаанууд өрнөн хөгждөг. Эл тохиолдолд урьдчилсан хяналт өөрийн хамгааллаа алддаг. Хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээнүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянахын тулд тодорхой цаг хугацаа шаардагдана.
Иймд үндсэн хуулийн ардчилал бүхий ихэнхи улсуудад парламентаас батлан гаргасан эрх зүйн актынхаа биелэлтэд хяналт тавьдаг байна. Энэ нь нийгмийн хөгжлөөс хоцорсон эрх зүйн актуудыг шинэчлэх үндэс болдог. Гэсэн хэдий ч шинэ хуулийн төсөл боловсруулахад их хугацаа шаарддаг болохоор эцсийн хяналтыг эрх зүйн тогтолцоо маань ажиллуулдаг.
Эцсийн хяналт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хэм хэмжээний актуудыг шалгадаг.25 Үүнд:
- Үндсэн хуулийн шүүх нь бүх төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэхгүй. Гагцхүү дээд хүчин чадалтай эрх зүйн акт болон үндсэн хуулиас өөр бусад хуулиудыг түүнд нийцэж буй эсэхийг хянадаг. Үүгээрээ хэм хэмжээний “дээд хяналт”-ыг үндсэн хуульт ёсны зарчмын хүрээнд хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага нь үндсэн хуулийн шүүх юм.
- Хэм хэмжээний “доод түвшиний хяналт”-ыг ердийн шүүх болон дагнасан шүүх (захиргаа, хөдөлмөр гэх мэт)-үүд үндсэн хуульт ёсны үзэл баримтлалын хүрээнд авч хэрэгжүүлдэг. Харин үндсэн хуулийн шүүх нь эдгээр шүүхүүдийн гаргасан шийдвэрийг үндсэн хуульд нийцэж буй эсэхийг хянадаг.
Энд нэг асуудал хурцаар тавигддаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулинд үндсэн хуулийн шүүх хяналт тавих боломж бий юу? Уг асуудлыг тодруулбал, нэгдүгээрт: үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хянах боломж бий эсэх; хоёрдугаарт: хуулийн дотоод агуулгыг хянах боломжтой эсэх.
Хэдийгээр ард түмэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхийг парламентад олгосон байдаг ч, тодорхой тохиолдолд тусгайлсан эрх зүйн журам үйлчилдэг. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хуулийн 79-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар
“Холбоог муж улсуудад хуваах, хууль тогтоох үйл ажиллагаан дахь муж улсын үндсэн оролцоо буюу Үндсэн хуулийн 1, 20-р зүйлд тусгасан зарчмыг хөндсөн өөрчлөлтийг Холбооны Үндсэн хуульд оруулахыг хориглоно” гэжээ. Тэгэхлээр, үндсэн хуулийн шүүхээс бүхий л хууль тогтоомжийн актуудад дээд хяналтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн үг. Түүний хяналтаас гадуур ямар ч эрх зүйн акт легитим байдлаар үйлчлэх ёсгүй.
Үүний зэрэгцээ эцсийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээ хязгаарыг хуулиар нарийвчлан тогтоож, түүний эрх зүйн үндэслэлийг тодруулах нь чухал. Тухайлбал, олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг урьдчилсан хяналтаар шалгах эсэх, шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнөх хуулиуд, дайны болон онц байдлын үед тогтоосон эрх зүйн хэм хэмжээг үндсэн хуулийн шүүх шалгах уу? зэрэг олон асуудал тулгардаг. Мэдээж хэрэг “Дайны болон онц байдлын улмаас…” гэсэн үндэслэлээр эрх зүйн хэм хэмжээний актыг үндсэн хуулийн шүүхийн хяналтаас гаргах аваас ардчиллын тулгуур баганыг ганхуулах аюултай. Тиймээс үндсэн хуулийн шүүх нь “үндсэн хуулийг дээдлэн шүтэх” зарчмын хүрээнд өөрийн хяналтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй цорын ганц эрх зүйн институт юм.
Түүнчлэн үндсэн хуулийн шүүхүүд заримдаг (инцидентный контроль) хяналтыг хэрэгжүүлдэг. Заримдаг хяналт нь парламентаас баталсан хуулиуд Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавьдаггүй. Харин бусад эрх зүйн актууд Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг шалгадаг байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын шийдвэр, ердийн болон дагнасан шүүхийн шийдвэр гэх мэт.
Зарим улсуудад үндсэн хуулийн шүүхүүд нь хэмжээний бус хяналтыг хэрэгжүүлдэг. Тодруулбал, үндсэн хуулийн байгууллагууд хоорондын маргаан, ардчиллын эсрэг улс төрийн намыг тараах эсэх, сонгуулийн үйл явц, ард нийтийн санал асуулга, зарим улсуудад ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хүртэл шийдвэрлэдэг. Тухайлбал, Австрийн үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуулийн
142 ба 143 дугаар заалтыг үндэслэн Төрийн холбоо болон гишүүн улсын өндөр албан тушаалтнуудын үндсэн хууль зөрчсөн болон албан тушаалаас нь огцруулах, эрүүгийн эрх зүйн хариуцлага хүлээлгэхүйц үйлдлийг авч хэлэлцэх шийдвэр гаргах эрхтэй байдаг. Энэхүү шийдвэрийг парламентын хүсэлтийн дагуу гаргах үүрэгтэй байдаг.26 Иймд үндсэн хуулийн шүүхийн хяналтыг хэм хэмжээний ба хэм хэмжээний бус гэж ангилж болох юм.
Үндсэн хуулийн шүүх ба парламент
Үндсэн хуульт ёс – улс төрийн эрх мэдлийг аль болох хуульчлах, эрх зүйн арга хэлбэрт оруулах явдал мөн. Харин Үндсэн хуулийн шүүх нь ердийн шүүхийг бодвол эрх зүй болон улс төрийн хооронд үүсдэг зөрчлийн талбарт оршдог. Тиймээс Үндсэн хуулийн шүүх нь үндсэн хуульд холбогдох аливаа маргааныг улс төрийн хувьд онцгой ач холбогдолтой байсан ч түүний суурь зарчмуудыг хэмжүүр болгон шийдвэрлэдэг байна.
Эрх мэдэл хуваарилагдсан үндсэн хуулийн байгууллагууд нь үндсэн хуульт ёсны зарчмын дагуу тус тусын салбартаа бие даан шийдвэр гаргаж, ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд хариуцлагаа өөрсдөө үүрдэг. Харин үндсэн хуулийн шүүх нь эдгээр эрх мэдлүүдийн хоорондын уялдаа холбоог хянаж, баталгаажуулж байдаг. Хэрэв хууль тогтоох байгууллага үндсэн хуулийн шүүхийн хяналтаас гадуур байх аваас түүний хязгааргүй эрх мэдэл ардчилсан эрх зүйт төрийн суурийг ганхуулах аюултай.
Иймд төрөөс батлан гаргасан эрх зүйн акт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар эцсийн шийдвэр гаргах эрх парламентад биш, харин бие даасан, хараат бус шүүхэд хадгалагддаг. Энэ бол үндсэн хуульт ёсны зарчим. Үүний эсрэг26 З.Батбаяр. Монгол улсын үндсэн хуулийн цэц ба европын үндсэн хуулийн шүүхийн онолын харилцан шүтэлцээ, зарим улсын үндсэн хуулийн шүүхийн харьцуулалт. (Гадаадын их, дээд сургууль төгсөгчдийн эрдмийн бүтээлийн эмхтгэл) УБ., 2003. 115 дахь тал.
парламент ардчилсан ёсны зарчмын тухай яриад ч нэмэргүй. Учир нь нэг талаас ардчилсан ёсны зарчим гэдэг бол парламент бусад эрх мэдэлтэй харьцуулахад давуу эрх эдэлнэ гэсэн хэрэг биш, нөгөө талаас төрийн бүх эрх мэдэл Үндсэн хуульд захирагдах бөгөөд олонхийн саналаар ч парламент нь Үндсэн хуулийг давж гарах эрхгүй байдаг.27 Дээрхи нь парламентаар төлөөлөгддөг ард түмний тусгаар тогтнолыг эрх зүйн тусгаар тогтнолоор солилоо ч хүчин төгөлдөр28 байна гэсэн үг. Зарим улсад (жишээ нь: Франц) парламентын бүрэн эрхт байдлыг чухалчилдаг. Үүгээр бол Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа бол хууль тогтоох үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг юм. Бидний үзлээр, үндсэн хуулийн шүүх нь парламентын нэг бүрдэл институт бус, харин ч эрх зүйт төрийн сүүлчийн логик үр дагавар29 бөгөөд энэ утгаараа үндсэн хуульт ёсны гол баталгаа болдог.
Ардчилсан легитимт зарчмаар буй болсон парламентын баталсан хэм хэмжээг хүчингүй болгох өргөн эрх хэмжээтэй үндсэн хуулийн шүүхийн хувьд үргэлж шүүмжлэлд өртдөг ч, тэрээр гаргасан шийдвэрийнхээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх байдлаар өөрийн нэр хүндийг улам бүр өсгөн нэмэгдүүлж байдаг. Иймд үндсэн хуулийн шүүх гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нарийн тодорхой зааж өгөх, тайлбарлах үүрэгтэй.
Үндсэн хуулийн шүүхийн бас нэг үүрэг бол хууль тогтоох байгууллагатай харилцах хурцадмал байдлыг даван туулж, ард түмнийхээ өмнө хүлээсэн Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ нэр төртэй биелүүлэх итгэлийг олж авахын төлөө чармайх явдал мөн. Мэдээж хэрэг үндсэн хуулийн
шүүхэд эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх хадгалагдаж гэмээнэ тэрээр энэхүү үүргээ амжилттай биелүүлж чадна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эрх зүйн тайлбар болох нь
Эрх зүй бол хэм хэмжээт логик илэрхийлэл мөн. Тиймээс түүнийг эрх зүйн бус (улс төрийн) институт тайлбарлах эрхгүй. Хэдийгээр парламент ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл мөн боловч, үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа биш. Хууль зүйн шинжлэх ухаанд аутентик тайлбар буюу эрх зүйн актыг батлан гаргасан субъект тайлбарлах тухай ойлголт байдаг ч, энэ нь үндсэн хуульд хамаардаггүй. Учир нь аутентик тайлбар нь хэлбэрийн хувьд ч тэр, утга агуулгын хувьд ч тэр хязгаарлагдмал байдаг. Хэлбэрийн хувьд хязгаарлагдмал гэдэг нь парламент хуулийг шүүхийн шийдвэр, парламентын тогтоолын хэлбэрээр заавал биелэх ёстой маягаар тайлбарлах эрхгүй гэсэн үг.
Парламентаас аутентик тайлбар хийж буй нь угтаа позитив эрх зүйн хүрээнд үүссэн хийдлийг даван туулах арга зам болдог. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хуульд аутентик тайлбар хийнэ гэдэг нь тэрээр хууль тогтоох үйл ажиллагаагаараа тухайн хуулийг хууль зүйн өөр хэлбэртэй болгож буй хэрэг. Тиймээс үндсэн хуульт ёс бүхий улсуудад Үндсэн хуульд албан ёсны тайлбар хийх эрх гагцхүү үндсэн хуулийн шүүхэд хадгалагддаг. Үүний учир шалтгаан нь зөвхөн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх” зарчмаар тайлбарлагдана.
Үндсэн хуулийн шүүх дараахь хоёр арга замаар Үндсэн хуулинд албан ёсны тайлбар хийдэг. Үүнд:
- Үндсэн хуулийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх явцдаа гаргасан шийдвэрээрээ тайлбар хийх (казуаль);30
Хэрэг маргаан шийдвэрлэхтэй холбоогүйгээр эрх бүхий субъектийн хүсэлт болон өргөдөл, гомдлын үндсэн дээр тайлбарлах (абстракт тайлбар);
Ийнхүү үндсэн хуулийн шүүхээс албан ёсны тайлбар хийж байгаа явдал нь Үндсэн хуулийг шүүхийн журмаар хамгаалах эцсийн шат болдог. Үндсэн хуулийг тайлбарлахын эцсийн зорилго нь түүний зүйл, заалтын тодорхойгүй байдлыг арилгах, түүний бүрдэл хэсэг болсон хэм хэмжээ хийгээд зарчмуудын утга агуулгыг тодруулах замаар иргэний үндсэн эрхийг баталгаажуулахад чиглэдэг. Учир нь Үндсэн хуулийн заалтууд нь ихэнх тохиолдолд хийсвэр болон тунхагын шинжтэй байхаас гадна, зөрчилдөөнтэй утга агуулга бүхий зарим хэллэг нь хэт хээнцэрлэж, чамирхсанаас болж оновчтой бус томъёологдсон байдаг. Тиймээс түүний “нээлттэй” болон “үнэлэмжүүдтэй” холбоотой зүйл, заалтыг тодотгох ба албан ёсоор тайлбарлах үүргийг Үндсэн хуулийн шүүх хүлээдэг. Энэ нь үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх гол механизм болдог.
Казуаль тайлбар нь Үндсэн хуулийн бусад зүйл, заалт болон төрийн байгуулалтын үндсэн зарчимд харшлахгүй байх ёстой. Тодруулбал, үндсэн хуулийг тайлбарлах явцдаа эрх зүйн хэм хэмжээний шатлалыг эвдэх ёсгүй гэсэн үг. Эл тайлбарыг хийхдээ улс бүр өөрийн онцлогт тохирсон зарчмыг баримталдаг. Тухайлбал,
- Тайлбар нь практикт нийцсэн байх;
- Оновчтой байх;
- Позитив эрх зүйг хүндэтгэх;
- Бусад хуулиудын утга агуулгыг тооцож үзэх ёстой гэх мэт.32 Үндсэн хуулийн хэм хэмжээг үндсэн хуулийн шүүхүүд тайлбарлаж байж гэмээнэ түүний үйлчлэл нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байж гэмээнэ төр маань эрх зүйт болж чадна.
Үндсэн хуулийн шүүгчид тавигдах эрх зүйттөрийн шалгуур
Үндсэн хуулийн шүүх нь легитим шинжгүй, дан ганц мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн байгууллага болж хөгжих аваас түүнийг хүлээн зөвшөөрөх нь нэлээд эргэлзээтэй болно. Хэрэв үндсэн хуулийн шүүх нь улс төрийн намуудын эрхшээлд орсон парламентад үйлчилдэг институт болвол түүний оршин тоггнохын утга учир алдагдана. Иймд үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагаа маш нарийн легитим шинжтэй байх ёстой.
Үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээ нь мэдээжийн хэрэг улс төрийн үйл явцтай янз бүрийн хэмжээгээр орооцолдох ёстой болдог.33 Улс төрийн намын үйл ажиллагааг хорих, сонгуулийн явцыг хянах, төрийн тэргүүнийг хэрэгт татах, хуулийг хүчингүй болгох зэрэг нь улс төрийн хувьд маш чухал үнэт зүйлс юм.34 Ардчиллын зарчим өөрөө легитим шинж чанарын гинжин хэлхээ аль болох богино байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр улс төрийн процесст хэдий чинээ хамааралтай байна төдий чинээ богино байх ёстой. Харин эрх зүйт төрийн зарчим үүний эсрэг байр суурьтай байдаг. Шүүхийн шийдвэрийн улс төрийн процесст хамаарах хамаарал нь их байх тутам шинж чанарын гинжин хэлхээ урт байх ёстой хэмээн эрх зүйт төрийн зарчим шаарддаг.35
Хэрвээ улс төрийг Үндсэн хуулийн шүүх дээр тэр чигээр нь буулгах юм бол шүүгчдийг томилох ажиллагаа нь парламентын байнгын хороог сонгохтой ижил зүйл болно. Ингэх аваас эрх зүйт төрийн үндсэн зорилго утга учраа алдана. Хэдийгээр үндсэн хуулийн шүүхийн гишүүдийг парламентаас томилдог боловч, парламентын зүгээс шууд оролцох бололцоог эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарласан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг
Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж зохицуулсан байдаг.
Үндсэн хуулийн заалтууд нь ихэнх тохиолдолд хийсвэр болон тунхагын шинжтэй байхаас гадна, зөрчилдөөнтэй утга агуулга бүхий зарим хэллэг нь хэт хээнцэрлэж, чамирхсанаас болж оновчтой бус томъёологдсон байдаг. Тиймээс түүний “нээлттэй” болон үнэлэмжүүдтэй холбоотой зүйл заалтыг тодотгох ба албан ёсоор тайлбарлах үүргийг Үндсэн хуулийн шүүх хүлээдэг бөгөөд угтаа энэ нь үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх механизм болж өгдөг. Мөн түүнчлэн засаглалын хүрээнд Үндсэн хуулийн шүүх – төрийн бусад бүх засаглал Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргах (жишээбэл, парламентаас баталсан хууль бусад шийдвэр, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох г.м) эрхтэй цорын ганц байгууллага. Энэ утгаараа Үндсэн хуулийн шүүх нь хяналтын асар их эрх мэдлийг эдэлдэг. Тийм ч учраас эрх зүйт төрийн түгээмэл шалгуураар үндсэн хуулийн шүүхийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, цэвэр ариун нэр төртэй, үндсэн хуульт ёсны хүрээнд эрх зүйт төрийн суурь зарчим, үнэт зүйлсийг хэрэгжүүлэх замаар эрх зүй, улс төрийн хоорондын зөрчилдөөнийг онолын үүднээс шүүн тунгаах чадвартай “Хуульч”-ийг томилдог.
Үндсэн хуулийн шүүхийн гишүүнд тавигдах шалгуурыг Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол улсын дөчин нас хүрсэн иргэн байна” хэмээн тодотгон зохицуулсан юм. Харин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 8-р зүйлд: “…томилогдох өдөр хүртэл дөчин насанд хүрсэн, цэвэр ариун нэр төртэй, хууль зүйн дээд боловсролтой буюу хуулийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, эрх зүйн салбарт өндөр мэргэшилтэй болох нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байна” гэж заасан бол ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 3-р зүйлд зааснаар тус шүүхийн шүүгч нь дөчин насанд хүрсэн, шүүгч болох болзлыг хангасан байх шаардлагатай юм. Шүүгч болох болзлыг хангасан хүн гэдэгт референдарын буюу асесорын шалгалт өгсөн “хуульч”, эсхүл Германы аль нэг их, дээд сургуулийн хуулийн салбарын орон тооны профессор байдаг.
Германд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр их сургуулийн профессор томиллогддог нь Үндсэн хуулийн маргаан бол Бат, Алимаа хоёрын байшингаа булаацалдсан иргэний маргаан биш, харин үндсэн хуулийн онолын төвшинд өрнөдөг, шүүгчээс эрх зүйн өндөр мэдлэг, улс төрийн арвин туршлагыг шаарддагтай нь холбоотой. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд “хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдгийг нарийвчлан тодотгож өгөхгүй бол хуульчид биш улс төрчид Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогддог буруу практик тогтож магадгүй юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн шүүгчийн мэргэшил болон түүнийг томилох үйл явц нь улс төрийн үйл ажиллагааг эрх зүйгээр хязгаарлах ба хянах, түүнчлэн төрийн эрх мэдлийн тэнцвэржилтийг хангахад чухал үүрэгтэй байдгийг санах хэрэгтэй.
Эцэст нь тэмдэглэхэд, “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй төр” гэсэн Ромын эрх зүйн алтан дүрэм зөв юм бол, Үндсэн хуулийн шүүгч нь өөрийн гэсэн засаглах эрх хэмжээгүй, гагцхүү Үндсэн хуулийнхаа дуу хоолой, түүнийг чандлан сахиулах баталгаа л байх ёстой.
Дүгнэлт
Үндсэн хуулийн шүүх нь нэг талаар шударга ёс, хуулийн ноёрхыг нийгэмд тогтоох замаар иргэний үндсэн эрхийг дархлаажуулж, улмаар төрийн эрх мэдлүүдийн хооронд тэнцвэржүүлэгч болж өгдөг Үндсэн хуулийн байгууллага. Нөгөө талаар үндсэн хуульт төрийн тогтолцоонд “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх” зарчмыг хангадаг эрх зүйн институт. Эрх зүйт төрийн үзэл баримтлал ёсоор үндсэн хуулийн шүүх нь эрх зүйгээр дэглэгдсэн хүмүүсийн амьдралыг бий болгоход чиглэсэн хууль зүйн техникийг төгс эзэмших арга хэрэгслийн цуглуулга юм. Иймд үндсэн хуульт ёс гэдэг нь угтаа үндсэн хуулийн шүүх мөн.