Д. Ганбат
/Доктор (Рh.D)/
Шинэ толь №58, 2007
Монгол улс ардчилалтай хэдийнээс золгож эхэлсэн талаар онолын гэмээр санал зөрөлдөөн байхгүй боловч улс төрийн эсхүл ердийн сэтгэлгээний төвшинд шинжлэх ухааны бус яриа мэр сэр илэрдэг. Бидний арга зүйг үндэс болгоход ардчилал хэмээх үгийг хамгийн ерөнхий утгаар нь хэрэглэсэн ч Монгол улс ардчилалтай холбогдож ирсэн нь зөвхөн XX зуунтай холбоотой гэдгийг тусгайлан нотлох шаардлагагүй болов уу.
Коммунизм байгуулах жилүүдэд ардчиллын тухай ойлголт нь марксизм-ленинизмийн онолын явцуу ойлголттой холбоотой Монголд үүсэж, улмаар албан ёсны шинжлэх ухааны ухагдахуун болон судлагдаж ирсэн байна. Энэхүү онолыг амьдралд хэрэгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн В.И.Ленин (1870-1924): “Хөрөнгөтний аливаа ардчиллыг бодвол пролетарийн ардчилал түм бум дахин ардчилсан чанартай байдаг…” [1] гээд үүний учир нь “Хөрөнгөтнүүд хэрэг дээрээ хөрөнгөтний диктатур, хөдөлмөрчин олон түмнийг дарангуйлах мөлжигчдийн диктатур болсон ардчилсан бүгд найрамдах төрийг “нийт ард түмний засаг” буюу ер нь ардчилал, эсхүл цэвэр ардчилал гэж нэрлэн, хоёр нүүр гаргах болдог байна…” [2] хэмээн “хөрөнгөтний” ба “пролетарийн” ардчиллын ялгааг зааглаж өгчээ. “Пролетарийн ардчилал” гэдгийг Ленин тайлбарлахдаа: “Гагцхүү пролетарийн диктатур л… ядуучуудын ардчиллыг тогтоож чадах бөгөөд… ардчиллын сайн сайхныг ажилчин, хамгийн ядуу тариачдад үнэхээр хүртээл болгож чадах юм[3]” гэсэн байна.
Энэхүү үзэл санаа бас ерөөс шинэ зүйл биш бөгөөд гүн ухаантан Аристотель өөрийн гаргасан засаглалын хэлбэр болон тэдгээрийн гажсан хувилбарт “ухваргүй олон түмний” буюу ядуусын засаглал (ochlocracy) гэж байдаг тухай бичиж байсан. [4] Энэхүү хувилбар нь нийгэм дэх шударга ёсны тухай үнэлэмжид сөрөг утгыг бий болгодгийг Аристотель онцолсон хийгээд энэ нь ялангуяа чинээлэг зэрэг нийгмийн бүтэц дэх цөөнхөд ихэд халгаатай байхыг анхааруулсан байдаг.[5]
Лениний үзэл санааг тухайн үед Монголын их, дээд сургуулийн хэмжээнд заагддаг байсан “Шинжлэх ухааны коммунизм”-ын сурах бичигт дэлгэрэнгүй тайлбарласнаас үзэхэд Аристотелийн анхааруулга дурайтал харагдана. Тухайлбал, пролетарийн ардчилалд хүргэх социалист хувьсгал ялснаар “төрийн жолоог хөдөлмөрчид анх удаа барьж, нийгмийн олонх нь цөөнхийг дарах засаг тогтдог байна…” [6] гэж Пролетарийн диктатур бол ардчиллын шинэ маяг мөн хэмээх бүлгийн эхэнд онцлон дурджээ. Мэдээж хэрэг марксизм- ленинизмийн онол болон угсургаалийг дэлгэрүүлэхэд чиглэсэн сурах бичгүүдэд тусгагдсан тэр цөөнхийн цаана юуны түрүүнд “эрх ямба бүхий мөлжигч анги” хэмээн дурдсан боловч бодит амьдрал дээр үзэл бодол, шашин шүтлэг, үндэс угсаа, үүсэл гарал зэргээр монголчуудыг ангилан ялгаварлаж, социалист, коммунист туршилтад орсон улс бүрд үй олон гэм зэмгүй хүмүүсийг аймаглан устгах үр дагаварт хүргэсэн билээ. Монгол улс ч мөн энэхүү эмгэнэлт үйл явцыг тойрч гараагүй юм.
Ардчиллын суурь утга санааны нэг болох олонхийн засаглалыг тунхагласан боловч улс төр, шашин шүтлэг, эд хөрөнгө, гарал үүслээрээ нийгмийн цөөнх болох тэрхүү хэсэг, бүлгийн хүсэл сонирхлыг хүчээр үгүй хийж, зөвхөн олонхдоо үйлчилдэг засаглалын тухай марксизм-ленинизмийн сургаалыг Монгол улс анхны Үндсэн хуульд 1924 онд тусгаж хэрэгжүүлж эхэлсэн билээ.
1924 оны Үндсэн хууль нь “пролетарийн ардчиллын” үзэл суртлын үүднээс шинэ нийгмийн амьдралд үл таарах хэсгийнхэнд хүний эрх, эрх чөлөөнд маш тодорхой хаалтыг бий болгосноороо ангийн гэсэн тодотголтойгоор судлагдах болсон юм. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Сонгох, сонгогдох эрхийн 35 дугаар зүйлд ашгийг эрмэлзэгч, бусдыг зарж амьдрагчид, хөрөнгө орлогын үржлээр амьдрагчид, худалдаачид, мөнгө хүүлэгчид, урьдын ван, гүн, хутагт хувилгаад, санваартан лам нарыг “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй”[7] хүмүүс хэмээн заасан байдаг. XX зууны хориод оны үед Монгол улсад ийнхүү олонхийн засаглалын нэгэн шинэ хувилбар амьдралд хэрэгжих эхлэл тавигдаж, ардчиллын тухай эртний сэтгэгчдийн үзэл санааг пролетари ангийн онолоор “баяжуулсан” нийгмийн хөгжлийн тухай нэгэн шинэ үзэл баримтлал туршигдахад бэлэн болсон юм.[8]
Гэтэл он тооллын энэ үед XIX зууны эхний хагасаас эхлэлтэй ардчиллын эхний давлагаа гуч орчим улсыг нэг хүний, эсвэл цөөнхийн засаглалаас ангижрахад хүргэж, өнөөдөр бидний судалж буй либерал ардчилал олон орны хэмжээнд бэхжилтээ олох баттай суурийг бий болгож эхэлжээ. Ардчиллын эхний давлагаа нь харьцангуй урт хугацаанд үргэлжилсэн бөгөөд Дэлхийн II дайны өмнөх үе буюу 1930-аад онд дууссан гэж үздэг.[9]
Ардчиллын хөгжлийн үечлэлийг гаргахдаа “давлагаа” хэмээх тодотголыг хэрэглэж байгаа нь нэг биш, нэг хэсэг улс цаг хугацааны хувьд нэгэн зэрэг ардчилал руу шилжиж байгаатай холбоотой юм. Ардчиллын эхний давлагааны үед ойролцоогоор 30 орчим улсад парламентат ёс, олон намын систем, сонгох эрхийн түгээмэл үзэл санаа хөгжлөө олсон хийгээд харин ардчиллын ололтоо алдсан улсуудад болсон үйл явдал нь фашизм, улс төрийн хувьд шинэ үзэгдэл болох тоталитаризм үүссэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, давлагааны эхний зурвас үед ардчилал руу шилжиж эхэлсэн улсад улс төр, эдийн засгийн асар том өөрчлөлт гарч эхэлдгийн зэрэгцээ чөлөөт, өрсөлдөөн бүхий амьдралын хэмнэл нь нийгмийн ялгаралд нөлөө үзүүлж, үүнийг далимдуулах улс төрийн хүчний манипуляцид автаж хууртах, хоосон амлалтыг илүүд үзэх хандлага ажиглагддаг байна. Нийгмийн шинэ харилцаа, үнэлэмж, шаардлагад дасах, тэр тусмаа энэ нь нийгмийн олонхийн баримтлах зарчим болтлоо хөгжих нь өөрөө харьцангуй урт хугацаа шаарддаг байна. Тийм ч учраас ардчилал руу шилжиж эхэлсэн боловч тодорхой цаг хугацааны дараа тухайн улсад ардчилсан бус дэглэм тогтоох, ардчиллын үнэлэмж, үнэт зүйлсийг үгүй хийхүйц бодлого хэрэгжүүлэх улс төрийн хүч, бүлэглэл гарч ирэх боломж байх магадлал өндөр байдгийг ардчиллын эхний давлагааны үед Герман, Итали зэрэг улсад болсон үйл явц тод томруун харуулсан билээ.
Голлон Америк, Европыг хамарсан ардчиллын эхний давлагаа тоталитаризмтай тулгарч саарсан бөгөөд 1930-аад оны үеэр ардчиллын үнэлэмж, үнэт зүйлсийг хадгалж чадсан улсын тоо 17 хүртлээ буурсан байна. Судлаачдын үзэж буйгаар эдгээр улсад ардчилсан улс төрийн соёл бүрдэх үйл явц харьцангуй тогтвортой үргэлжилсний зэрэгцээ шинэ үнэлэмж, зах зээлийн харилцааны шинэ зарчмууд дунд ангид ашигтайгаар үйлчилж, тэдгээрийг нийгмийн бүтэц дотор харьцангуй олонх болоход нөлөөлж, нийгмийн нэг ёсны тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэхэд хүргэсэнтэй холбоотой байна. Улс төрийн шинэ үнэлэмж, түүнийг тэтгэх үзэл санаа эхлээд цөөн хүмүүсийг хамрах авч, хөгжлийн явцад энэ нь үндсэн хууль, эрх зүйт төрийн зохион байгуулалтаар хангагдаж хууль эрх зүйн орчин институтжсэн байдлаар биеллээ олох нь ардчилал бэхжих зөвхөн эхлэл ажээ. Ардчилал улмаар баталгаажих нь улс төрийн соёлоос ихээхэн хамаарна гэдэг нь ардчиллын эхний давлагааны үед тод харагдсан хийгээд ардчиллын дараа дараагийн давлагааны үед давхар батлагдсан байна.
Ийнхүү, ардчиллын хөгжлийн эхний давлагааны ачаар хүн төрөлхтөн парламентат ёс, хүний эрх, эрх чөлөө, ялангуяа ардчиллын цаашдын хөгжилд томоохон түлхэц болж, нэгэн үед ардчиллыг ардчилсан бус дэглэмээс ялгахад баримталж ирсэн суурь зарчим болох бүх нийтийн сонгуулийн эрхийн асуудалтай бодитойгоор танилцаж, хэрэгжүүлэх эхлэл тавигдсан байна.
Дэлхий нийтийг хамарч эхэлсэн ардчиллын хөгжлийн энэхүү үед Монгол улс ардын засаг, ард нийтийн сонгуулиар бий болох бүх шатны хурлуудын сонгууль, сонгох, сонгогдох эрхийн тухай асуудлыг мөн нарийвчлан тодотгож олон тооны дүрэм, заавар, тогтоол гаргаж байсан байна. Хэдийгээр 1924 оны Үндсэн хуулинд Улсын их, бага хурал ба нутгийн хурлуудад төлөөлөгчдийг сонгох ба сонгогдох эрхийг “тус улсын эр, эм ялгаваргүй хэн боловч” эдлэхээр ерөнхий суурь санаа орсон боловч[10] МАХН-аас 1928 онд гаргасан нэгэн тогтоолд “Улсын аливаа сонгууль зэрэгт эрхийг хасуулсан этгээд үлэмжхэнээр оролцож хувьсгалт нам, засгийн хэргийг гуйвуулахад хүрсэн зэргээр улсын үндсэн хуулийн дотор зааж дурдсан бодлого зорилго дэмий сул цаасан дээр хоцрогдоход хүрч буй нь зүйл зүйлээр илэрсний тул үүнээс урагш энэ мэт үл зохилдох байдлыг эрхгүй үндсээр устгаж жинхэнэ ядуу ба дунд ардын эрх ашгийг хамгаалсан үндсэн хуулийн дотор зааж дурдсаныг хэрэг дээр ёсоор явуулах явдлыг хэргийн явуулгаар илрүүлэх болговол зохино”[11] гэжээ. Энэхүү тогтоол нь улмаар хэнийг ардын хэрэгт үл оролцуулах тухай нарийвчилсан заавар гаргахад хүргэж зөвхөн тэрхүү эрх эдлэхгүй нэр заагдсан бүлэг хүмүүсээр асуудлыг хязгаарлалгүй тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамаатан садны хүртэл эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулах эрх зүйн баримт бичиг болжээ.[12]
Түүхээс үзэхэд сонгуулийн асуудлыг зөвхөн Монгол улсад энэ байдлаар авч үзэж байгаагүй бөгөөд марксизм-ленинизмийн онолыг өөрийн үзэл санаа, бодлогын суурь баримтлалын хэмжээнд хэрэгжүүлэхийг зорьж ирсэн социалист бүх улс үүнийг их бага хэмжээгээр амьдралд туршиж үзжээ. Энэхүү онолын суурь үзэл санаа нь ардчиллын тухай ойлголтыг пролетари анги, үгээгүйчүүдийн анги, жинхэнэ ядуучууд, хөдөлмөрчин анги зэрэг тодотголтойгоор нийгмийн нэг бүлгийн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэж иржээ.
1940 онд шинэчлэн баталсан Үндсэн хуульд марксизм- ленинизмийн онолд заасанчлан Монголын нийгмийг нэг төрөл байдал руу чиглүүлэх бодлогын эхлэл амжилттай явагдаж ирснийг дурдаад “цаашид нийгэм журамд давшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус. замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, оюутан) ардын тусгаар тогтносон улс мөн болно” [13] хэмээн тунхаглажээ. Үндсэн хуульд сонгуулийн журам хэмээх бүлэг оруулсан бөгөөд 1924 оныхтой харьцуулбал илүү нарийвчилсан зүйл байхгүй боловч “бүхийлэн сонгогчид нь сонгуулийг явуулахад нэгэн тэгш эрхтэй бөгөөд нэгэн сонгогч нь нэгэн хүний эрх саналтай болно”[14] гэсэн тодотгол орсон байна. Хэдий ийнхүү сонгуулийн зарчимд тодотгол орсон боловч 71 дүгээр зүйлээр мөн тодорхой бүлэг хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хассан билээ. Уг Үндсэн хуулинд иргэдийн эрхийн асуудлыг илүү тодорхойлсон заалтууд орсон боловч улс төрийн эрхүүдийн илрэх чиглэлийг төрөөс зааж, зөвхөн ангийн эсвэл эрх баригч намын өнгө аястай байх ёстой байжээ. Энэхүү Үндсэн хуулинд анх удаа “улс нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болох” МАХН-ын статусыг онцгойлон зааж өгчээ.[15]
Эртний Герег, Ромын үеэс уламжилж ирэхдээ эдүгээ сонгодог үзэл баримтлалын хүрээнд судлагддаг олонхийн засаглалын үзэл санаа ийнхүү марксизм-ленинизмийн онолын хүрээнд төвхөн нэг ангийн засаглалын утгыг өөртөө агуулан өөрчлөгдөж, эцсийн бүлэгтээ нэг намын ноёрхлыг тогтоох хөрс нь болсон юм. Энэ нь ангийн шинж чанарыг гол болгосон улс төрийн дэглэмийн тоталитар хэв маягийг бий болгоход хүргэсэн билээ. Эрдэмтдийн гаргасан тоталитаризмыг танин мэдэх арга зүйн үүднээс монгол улсад 1921 оноос хойш, ялангуяа 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн юталитар бодлого бүхий нам, төрийн хосолсон улс төрийн дэглэм тогтсон гэж үздэг нь бүрэн үндэстэй юм.
1960 онд батлагдсан Үндсэн хуулийн оршил хэсэгт “… Октябрийн социалист хувьсгал нь … Монголын ард түмнээс эрх чөлөөний төлөө олон зуун жилийн турш явуулсан тэмцлийн түүхэнд эргэлт болж, бүрэн эрхт тусгаар тогтносон ардын ардчилсан улс төрөө байгуулах боломж олгов”[16] хэмээн дүгнэж анх удаа ардчилсан гэдэг нэр томьёог Үндсэн хуулиндаа хэрэглэжээ. Төрийн хэлбэрийг уг хуулиар тодорхойлохдоо ардын ардчилсан гэсэн тодотгол хэрэглэж, төрийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим нь төвлөн удирдах ардчилсан ёс мөн хэмээн заасан байна.[17] Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарласан нийгмийн бүлэг, хэсгийг тусгайлан онцолж заагаагүй. Иргэдийн улс төр, эдийн засаг, иргэний болон социал бусад эрх, эрх чөлөөг дэлгэрэнгүй тусгасан боловч өмнөх үндсэн хуулиудад байснаас илүү хязгаарлагдмал хүрээнд илрэхээр заагийг нь тогтоож өгчээ. Тухайлбал, 1940 оны Үндсэн хуулинд хувийн өмч хэмээх нэр томьёо хэрэглэж ”… хувийн өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална …”[18] гэж зааж байсан бол 1960 оны үндсэн хуулинд хувийн өмч гэсэн ойлголтыг амины өмч гэдгээр орлуулан хэрэглэж ”… Амины өмчийн эрхийг улс нийгмийн эрх ашигт харш ашиглаж үл болно”[19] гэдгийг анхааруулсан байна. Улс төрийн суурь эрх чөлөөний хэмжээнд тооцогддог үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан хийх, жагсаал үйлдэх зэрэг эрх чөлөө олгогдсон боловч энэ бүгд нь БНМАУ-ын төрийн байгууллыг хөгжүүлэн бэхжүүлэх л зорилгод нийцэх ёстой хийгээд эвлэлдэн нэгдэх эрх нь ”… төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч …” болсон МАХН-ын жолоодлого дор үйл ажиллагаа явуулах олон нийтийн байгууллагаар[20] хязгаарлагдахаар хуульчилжээ.
Ийнхүү XX зууны хоёр дугаар хагасаас эхлэн Монгол улсад нэг ангийн эрх ашгийг дээд зэрэгт тавьсан марксизм- ленинизмийн онолд тулгуурласан үзэл суртал бүхий нэг намын гарт засгийн бүх эрх мэдэл хатуу төвлөрч, нийгмийн нэг төрөл байдал руу чиглүүлсэн тоталитар төрийн бодлого амьдралд үргэлжлэн хэрэгжих улс төрийн дэглэмийн зохион байгуулалт хуульчлагдсан байна. Тийм учраас, хэдийгээр Үндсэн хууль болон албан хэллэгэд ардчилал хэмээх ойлголт өргөн хэрэглэгдэж байсан боловч ардчиллыг судлах арга зүйн үүднээс дүгнэвэл Монгол улсад 1989-1990 он хүртэл үйлчилж ирсэн нийгмийн болон улс төрийн зохион байгуулалтыг тоталитар зорилго бүхий хуурамч ардчилал гэж нэрлэж судлах бүрэн үндэстэй юм.
XX зууны эхний хагаст улс төрийн тоталитар дэглэмийн нэгэн хувилбар болох нацист Германы төрийн бодлогын уршгаар тив алгассан Дэлхийн II дайн дэгдэж, дайны явцад харгис хүчний эсрэг, колонийн эсрэг, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өрнөсөн тэмцлийн үр дүнд ардчиллын хоёр дахь давлагаа эхэлжээ. 1960-аад оны үе хүртэл үргэлжилсэн ардчиллын эл давлагааны үеэр 40 орчим улс ардчилал руу шилжсэн байна.[21] Ардчиллын хөгжлөөс хазайж ардчилсан бус дэглэм буцаж сэргэх магадлал эхний давлагааны үед ажиглагдсантай адил харьцангуй богино (хорь орчим жил) үргэлжилсэн ардчиллын хоёр дахь давлагааны төгсгөлд Португали, Испани, Грек, Турк, Гондурас, Перу зэрэг улсад цэргийнхний дэглэм тогтож, ардчиллын хөгжил эргээд саарахад хүрчээ.
Үүнээс хойших хугацаанд арав гаруйхан жилийн дотор ардчиллын гурав дахь давлагаа Грек (1974 онд), Португали (1975), Испанид (1977) цэргийн дэглэм устсанаар эхэлсэн гэж үздэг. Үүний дараа, Латин Америкд Доминиканы БНУ (1975), Гондурас (1982), Перу (1988) болон Азид Турк (1983), Филиппин (1986), Өмнөд Солонгос (1988) зэрэг улсуудыг уг давлагаа хамарч, эцэст нь коммунист системийн “төмөр хөшигний” цаана орших улсуудад ардчиллын салхи үлээж эхэлсэн билээ.
Эдийн засаг, улс төр, олон улс, цэрэг стратегийн зорилгоороо нягт уялдсан эл системийн улсууд хатуу хяналт бүхий, “интеграцичлагдсан” босоо удирдлагатай байсан нь “сонгодог” тоталитар системийн жишээ болж иржээ. Уг системийг бүхэлд нь авч үзэхэд удирдаж байсан намын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн орчинд “тэрс үзэлтнүүд” байнга байж ирсний зэрэгцээ 1956 онд Унгар, 1964 онд Чехословак, 1980 онд Польш улсад болсон үйл явцыг улс төрийн аргаар шийдэх ямар ч боломжгүй байсан нь коммунист системийн дотор хурц зөрчил эртнээс бүрдэж эхэлснийг гэрчлэх билээ. Тийм ч учраас цэрэг зэвсэг, дотоодыг хамгаалах болон аюулгүй байдлыг хангах албадын хүчээр системийн “бат бэх” байдлыг тогтоосон нь түүхэн баримт болон үлджээ. Хатуу төвлөрөл бүхий системийн цөмд нь өөрчлөлт ормогц, түүний үр дагавраар дагуул улсад тогтож байсан дэглэмүүдэд гинжин урвалын хуулиар ан цав үүсэх нь зайлшгүй байжээ. 1980-аад оны эхээр социализмын хөгжлийн онолд “шинэчлэл” хийх гэсэн ЗХУКН-ын зарим удирдагчдын эрмэлзэл нь коммунист “ах дүү” намуудын зүгээс хүчтэй ил эсэргүүцэл төрүүлээгүй боловч “перестройка, гласность” нь эргээд коммунист онол, уг онолд тулгуурласан коммунист системд үхлийн цохилт авчирна гэдгийг тэд тухайн үед төсөөлөөгүй болов уу.[22]
Парламентат ёс, хувийн өмч, зах зээлийн харилцааг өмнөх түүхэндээ их бага хэмжээгээр амсаж үзсэн Дорнод Европын социалист орнуудтай харьцуулахад Монгол улсад ардчиллын тийм хэмжээний уламжлал огт байгаагүй боловч тэгшитгэлийн хатуу бодлого, сүсэг бишрэлд нь бүдүүлгээр халдсан зэргээс үүдсэн 1932 оны “хувьсгалын эсрэг” бослого, үймээн болон 1960-аад оны үе дэх Монгол улсын эдийн засаг, улс төр, олон улсын харилцааны бодлогод шүүмжлэлтэй хандаж “буруутсан” төрийн зүтгэлтнүүдийн хэлж ярьж байсныг эдүгээ бид бодитойгоор үнэлэх боломжтой болсон. Тухайн үеийн улс төрийн бодлого нь социализм, алсдаа коммунист нийгэм байгуулах гол зорилгод захирагдаж, хөгжлийн энэхүү загварын шаардлага болох үзэл суртлын “бат цул нэгдэл”, эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөө, төрийн төвлөн удирдах ёс, нийгмийн бүтцийн нэг төрөл байдал, боловсрол соёлын нэг үнэлэмж, “социалист реализм” зэрэг нь социалист, коммунист онол, үзэл сурталд үнэнч байхуйц хэвшмэл сэтгэлгээг (stereotype) монголчуудад суулгаж чадсан гэх үндэстэй юм. Хэдий ийм боловч ЗХУ дахь “перестройка, гласность”, дараа нь Дорнод Европын улсуудад өрнөсөн ардчилсан хувьсгалт үйл явцын салхи Монгол улсад хүчтэй нөлөөлөл үзүүлэхэд хүн амын дийлэнх нь үүнийг эерэгээр хүлээж авсан билээ.
1988 оноос эхлэн гудамж, олон нийтийн газар албан ёсны улс төрийн бодлогод харшлах, тэрс утга агуулга бүхий ухуулах хуудаснууд гарч эхэлсэн нь тухайн үеийн эсэргүүцлийн хамгийн тод илрэл болж байв. Нийгэм дэх аливаа хувьсгалт шинжтэй өөрчлөлт эхлэхэд тухайн нөхцөл байдлыг мэдэрч, өөрийн итгэл үнэмшлийн үүднээс олон түмнийг уриалан дууддаг “цөөнх” ямагт байдаг лугаа адил монгол улсад ардчилсан хувьсгал эхлэхэд Монголын Ардчилсан Холбоо анхдагч болж энэхүү түүхэн үүргийг гүйцэтгэсэн билээ. Энэ бүгдийн үр дүнд 1990 оны 3 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн ҮIII чуулган хуралдаж, 1960 оны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр тогтоол гаргаж, АИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэн баталж, МАХН-ын улс төрийн систем дэх онцгой статусыг хүчингүй болгосон нь Монгол улсын түүхэнд анх удаа олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн билээ.
Дурдаж буй үед улс орноо ардчилалд шилжүүлэх зорилго МАХН-ын албан ёсны бодлогод байгаагүй билээ[23]. Улс төрийн Товчоо огцрох асуудлыг шийдвэрлэсэн МАХН-ын Төв Хорооны 1990 оны 3 дугаар сарын VIII Бүгд хурал дээр тавьсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Батмөнхийн илтгэлд”… социализмыг өнгөрсөн үеийн гажуудлаас чөлөөлж, чанарын шинэ шатанд гаргах” явдлыг дурдаж, намын зорилгыг “шинэчилсэн социализм”, “ардчилсан социализм” хэмээн тодорхойлж байсан нь үүнийг гэрчилнэ.[24] 1980-аад оны дунд үеэс “өөрчлөн байгуулалт, ил тод байдал” нэрэн дор МАХН-ын бодлого харьцангуй “зөөлөрч” эхэлсний үр дүнд тухайн үеийн нийгмийн зохион байгуулалтын улс төр, эрх зүйн суурь баримт бичиг болж байсан МАХН-ын программ, 1960 оны Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс тусгай комисс (1989 оны 2 дугаар сард) байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Гэхдээ тэрхүү “өөрчлөлт шинэчлэл” нь марксизм- ленинизмийн онолын хүрээнээс огт халиагүй, тухайн улс төр, нийгэм-эдийн засгийн байгууллын тогтолцоо, хүрээнээс хэтэрч чадаагүй билээ. Тийм ч учраас, 1989 онд МоАХ тэргүүтэй улс төрийн шинэ хөдөлгөөн, 1990 оны эхээр үүссэн шинэ намууд тайван замаар монгол улсад эрс өөрчлөлт хийх үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Монголын Ардчилсан Холбоо зохион байгуулагдаж, олон түмэн албан ёсны дэглэмийг эсэргүүцэхдээ идэвхгүй бус харин идэвхтэй болдог төвшинд хүртэл өөрчлөгдөх нийгэм сэтгэл зүйн асар том үсрэлт гарч эхэлсэн билээ. Дангаараа засгийн бүх эрхийг хэвээр хадгалж байсан МАХН энэ байдлыг анзаарахгүй өнгөрөх боломжгүй байсан хийгээд олон улс, социалист систем, юуны түрүүнд ЗХУ-д өрнөж эхэлсэн үйл Явцын өрнөл болон тухайн нам доторх аядуу бодлоготнуудын нөлөөлөл давамгайлснаар Зүүн Германы Нэгдсэн Социалист Нам, Румыны Коммунист Намын адил нам нь улс төрийн байгууллагын хувьд сүйрэлд ороогүй, харин улмаар шинэ нөхцөл байдалд өөрийн улс төрийн орон зайг дахин олж авах боломжийг нээж өгсөн юм. Энэ нөхцөл байдал эрх баригчид нь улс төрийн тавцангаас зайлуулагдаж, ноёрхож байсан хүчин сүйрч үгүй болсноор ардчилал руу шилждэг хэв маягийг (replacement)[25] Монгол улс тойрч гарсныг гэрчлэх юм.
Ийнхүү, харьцангуй богино хугацаанд өрнөсөн ардчилсан үйл явц Монгол улсын он удаан жилийн түүхэнд өмнө нь огт байгаагүй нийгэм, улс төрийн шинэ тогтолцоог (баталгаажуулсан Үндсэн хуулийг бий болгоход хүргэж, ардчиллын хөгжил монгол хөрсөнд бодит зүйл болж эхэлсэн байна.
Өмнөх Үндсэн хуулиудад ардчилал хэмээх ойлголт багтаж байсан боловч энэ нь “олонхийн засаглалын” гажсан хувилбар байсан бөгөөд Монгол улсын шинэ Үндсэн хуулинд хүний эрхийн үнэлэмжид тулгуурласан цөөнхийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах олонхийн буюу либерал ардчиллыг цогцлон хөгжүүлэх үзэл баримтлал тусгалаа олсон юм.
[1] В.И.Ленин. Зохиолууд, 28 дугаар боть, 239 дэх тал.
[2] Мөн тэнд, 366 дахь тал.
[3] Мөн тэнд.
[4] William Ebenstein. Great Political Thinkers. Plato to Present. 1969, p.66-67
[5] Samuel Enoch Stumpf. Socrates to Sartre. A History of Philosophy. NY, 1994, p. 103-106
[6] Шинжлэх ухааны коммунизм. УБ, 1985, 181 дэх тал
[7] Мөн тэнд, 125 дахь тал.
[8] Тухайлбал, А.Юндэндорж. Нийгэм иргэнлэг, ардчилсан хэв шинжийг олоход төрийн гүйцэтгэх үүрэг. УБ, 2001.6-9 дэхь тал.
[9] Huntington S.P. How Countries Democratize. Political Science Quarterly. Winter 91. Vol. 106, p. 579
[10] БНМАУ-ын Үндсэн хууль, 1924 он. 34 дүгээр зүйл.
[11] БНМАУ-ын Үндсэн хууль, түүнд холбогдох зарим актын эмхтгэл. УБ, 1972, 217 дахь тал.
[12] Мөн тэнд, 220-223 дахь тал.
[13] БНМАУ-ын Үндсэн хууль, 1940 он. 1-1 дүгээр зүйл.
[14] Мөн тэнд, 42 дугаар зүйл.
[15] Мөн тэнд, 82 дугаар зүйл.
[16] БНМАУ-ын Үндсэн хууль. УБ, 1986, 3 дахь тал.
[17] Мөн тэнд, 5-6 дахь тал.
[18] БНМАУ-ын 1940 оны Үндсэн хууль. 6 дугаар зүйл.
[19] БНМАУ-ын Үндсэн хууль. УБ, 1986, 8 дахь тал.
[20] Мөн тэнд, 29-31 дэх тал.
[21] Journal of Democracy. Oct., 1997, Vol.8, #4, p.3-4
[22] Д.Бямбасүрэн. Үүрийн жавар. УБ, 1996, 106-107.
[23] МАХН-ын Төв Хорооны Ү (1988), ҮII (1989), ҮIII (1990) Бүгд хурлын материал.
[24] Д. Цэдэв. Ж. Батмөнх “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй”. УБ, 2001. 100-101 дахь тал.
[25] Huntington S.P. How Countries Democratize. Political Science Quarterly 1991, Vol.106.