Др. Томас Шрапел
/Конрад-Аденауэр Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч/
Шинэ толь №61, 2008
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Эрхэм хүндэт хатагтай Б.Дэлгэрмаа,
Эрхэм хүндэт ноён Ц.Элбэгдорж оо,
Эрхэм хүндэт ноён Да.Ганболд оо,
Эрхэм хүндэт ноён Д.Ганбат аа,
Улстөрийн Боловсролын Академийн эрхэм анд нараа, Хүндэт зочид оо,
Монгол дахь Улс төрийн Боловсролын Академийн 15 жилийн ой тохиож байна.
Энэ нь Танай орны ардчиллын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан 15 жил байлаа.
Га бүхний баярын энэ өдөр миний бие чин сэтгэлээсээ сайн сайхан бүхнийг хүсье.
Конрад-Аденауэр Сангийн Суурин төлөөлөгчийн хувиар энэхүү баярын өдрийг хамт хуваалцаж байгаа нь миний хувьд онцгой хүндэтгэл билээ.
Энэхүү 15 жилийн хугацаанд Конрад-Аденауэр Сан нь Улс төрийн Боловсролын Академитай ойр дотно хамтран ажиллах аз тохиосон билээ.
Би энэ боломжийг ашиглан Герман улсын улс төрийн боловсролын ач холбогдлын талаар хэдэн зүйл хэлье хэмээн бодсон юм.
Монгол дахь Конрад-Аденауэр Сангийн нэг гол чиглэл нь улс төрийн боловсрол олгох байсан нь санамсаргүй хэрэг биш юм.
Дэлхийн олон оронд Германчуудаас ардчилсан байгуулалтыг бий болгох талаар өнөөдөр маш их асууж лавладаг болжээ.
Манай Сан, Та бүхний олонхийн мэдэж байгаагаар дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний үйл ажиллагааны зорилго хаана ч нэгдмэл байдаг ба энэ нь бид ардчиллыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд учир нь улс төрийн ийм систем аль ч оронд тохирдогт байгаа юм.
Харин Германчуудад дээрх асуултыг тавихад бид ардчилалд маш саяхнаас суралцсан юм гэж хариулдаг юм.
Дэлхийн 2-р дайны дараа Герман улс бүрэн сүйрсний дараа ардчилсан улстөрийн систем нь эрх чөлөө, бүх хүмүүсийн сайн сайхан амьжиргааг бий болгох цорын ганц боломж юм аа гэдгийг ихэнх Герман хүмүүст ойлгуулан… итгүүлэх боломж олдсон юм.
1918-1933 он гэхэд Герман улсад парламентат систем болон өөр бусад олон ардчилсан байгууламжууд бий болсон байлаа.
Тухайн үед олон намууд, бие даасан шүүхүүд мөн иргэн бүр өөрийн чөлөөт сонголтын дагуу сонгуульд оролцох эрхээр хангагдсан байсан юм.
Хүн бүр өөрийн итгэл үзүүлсэн намаа сонгох эрхээр хангагдсан байлаа.
Харамсалтай нь Германчууд бид зөвхөн ардчилсан байгууламжуудыг бий болгосноор ардчилсан систем тогтохгүй юм байна гэдгийг өнгөрсөн үеэсээ гашуун сургамж авсан юм.
Парламент, яамдууд, засгийн газруудад хүмүүс л ажилладаг билээ.
Харин тэдгээр хүмүүс нь ардчиллыг авч үлдэх ёстой гэдэгт өөрсдөө бас итгэсэн байх ёстой байлаа.
1918-1933 онуудын хооронд буюу Герман улсад анх удаа ардчилсан систем тогтож байх үед өндөр хариуцлага хүлээж байсан улс төрчдийн олонх нь ардчилал хамгийн сайн систем гэдэгт итгэхгүй байлаа.
Энэ үед том улс төрчид нь ардчиллын системийн эсрэг тэмцэхээр ардчилсан байгууламжуудыг ашиглаж эхэлсэнээр аюултай нөхцөл байдал бий болсон юм. Тухайн үеийн олон хариуцлагатай улстөрчид нүүрэндээ ардчиллын баг зүүсэн байлаа. Бодит байдал дээр тэд ардчилсан улс төрийн системийг үгүй хийхийг хүсэж байсан юм. Тэд ардчиллыг ардчилсан хэрэгслээр нь устгахыг хүсэж байлаа.
1933 он, одоогоос яг 75 жилийн өмнө буюу Гитлер засгийн эрхэнд гарснаар ардчилал бүрэн устсан юм. Тэр тухайн үед маш олон хүний дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гарсан юм. Магадгүй тухайн үед Германы ард түмний олонхид ардчилал нь илүү шударга ёсны төлөө байдаг юм гэдгийг ойлгуулж чадаагүй байсан байх аа. Энэ үйл явц нь ямар их хор уршиг авчирсаныг та бүхэн бүгд мэдэж байгаа.
1945 онд Америкчууд Германчуудад хандан “Та бүхэн одооноос эхлэн ардчилалд суралцах ёстой гэж” хэлсэн нь Герман улсын түүхээс улбаатай сургамж байсан юм.
Түүнээс хойш ч бүх Герман хүмүүс ардчилал бол улс төрийн системийн хувьд хамгийн зөв систем гэдэгт итгээгүй л байлаа.
Гэвч ардчиллын төлөө идэвхтэй тэмцэх ёстой гэдэг нь маш олон хүмүүст тодорхой байсан юм. Үүнээс улбаалан 50-иад оны эхээр улс төрийн Сангууд анх үүсэн байгуулагдсан юм. Эдгээр Сангуудын гол үүрэг нь улс төрийн боловсролыг ард түмэнд олгох байлаа. Конрад-Аденауэр Сангийн үндсэн зорилго нь улс төрийн боловсролын институц юм.
Өнөөдөр Конрад-Аденауэр Сангийн 100 гаруй хүмүүс улс төрийн боловсрол олгох асуудлыг хариуцан ажиллаж байна. Өнөөдөр 15 жилийнхээ ойг тэмдэглэж буй Улс төрийн Боловсролын Академийн ардчилалд оруулж буй хувь нэмрийг үнэлж баршгүй билээ. *
Академийн Улаанбаатар дахь хамт олон болон орон нутаг дахь Дархан, Чойбалсан, Мандалговь, Арвайхээр, Ховд, Мөрөн дэх салбарууд нь Монгол Улсын ардчиллын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа юм.
Монгол Улсын ардчилсан хөдөлгөөнд улс төрийн чиглэлийн Академи байгуулах санаа мөн л санамсаргүй тохиолдол биш байлаа. Хатагтай Б.Дэлгэрмаа, Ц.Элбэгдорж, Да.Ганболд зэрэг Монголын ардчилсан хөдөлгөөний зүтгэлтэнгүүд Улс төрийн Боловсролын Академийг өнгөрсөн бүх хугацаанд удирдаж байсан нь санаандгүй хэрэг бас биш юм аа. Улс төрийн боловсрол бол ардчиллын хөгжлийн маш чухал хэрэгсэл юм. Улаанбаатарт байгаа манай коллегууд нь академийн сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулах талаар маш их санаа тавьж ирсэн бөгөөд тэд нар бие даан өөрсдөө сургалтуудаа зохион байгуулдаг юм.
Салбаруудын коллегууд маань Герман улсын туршлагаар ажиллаж хүмүүс рүү очиж тэдэнтэй гэрт нь ардчиллын тухай ярилцдаг юм. Тэдний зохион явуулдаг семинар нь хэдий жижиг боловч Монголын ардчиллын ирээдүйн салшгүй нэгэн хэсэг гэж үзэж байна. Өнөөдөр Монгол Улс олон улсын түвшинд нэр хүндтэй орон болсон төдийгүй дэлхийн нөлөө бүхий орнууд танай улсад итгэл үзүүлдэг болсон байна. Энэ итгэл найдвар нь олон Монголчуудын ардчиллын төлөө гэсэн сэтгэл, итгэл дээр тогтож байдаг юм. Монголчууд ардчилалд суралцаж болно гэдгийг ойлгосон учраас энэ хүнд хэцүү үйлсэд бие сэтгэлээ зориулж байгаа юм. Гэхдээ надад Монголын ард түмний өмнөөс ярих эрх байхгүй. Хэдэн жилийн дараа Монголд. ардчилсан хөгжлөөс өөр хөгжлийн зам байхгүй гэдэг нь баттай болсон үед Та бүхэнд Монголын ард түмэн баярлан талархах болно.
Конрад-Аденауэр Сан, Та нарын герман түншлэгчийнхээ хувьд өнөөдөр ч гэсэн баярлаж явдаг.
Бид Та бүхэнд итгэл дүүрэн хамтран ажиллаж байгаагийн тань төлөө баярласнаа илэрхийлье.
Та бүхэнд бидний итгэл үнэмшилд түшиглэн ардчиллын сэтгэл зүйг бэхжүүлэн ард түмэнтэй холбож өгч байгаад тань галархаж байна.
Энэхүү бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.