Шинэ толь №61, 2008
Түлхүүр үг: Ардчилсан засаглал, Олон нийтийн хандлага, Засаглалын шалгуур үзүүлэлт, Иргэний нийгэм, Монгол дахь ардчилал
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Хоёр зууны зааг үеийн хориод жилд дэлхийн улс төрийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөж байна. Улс төр өөрөө шинэ болж, түүнийг судлах, ойлгох, улмаар иргэд улс төрд оролцох нь чанарын шинэ дүр төрхтэй болж байна. Эрдэмтэд ардчиллын шинэ шат, шинэ давлагааны тухай ярилцаж, ардчиллын чанарын асуудалд онцлон анхаарах боллоо Засаглалын үр нөлөө, шалгуур үзүүлэлтүүдийг судлах хэрэглэх ажил олон улсын хэмжээнд идэвхжиж, засгийн газартаа хандах иргэдийн хандлага өөрчлөгдөн засгийн газрыг шүүмжлэх, хянах, шахалт үзүүлэх байдал дэлхийн олон улс оронд нийтлэг үзэгдэл болжээ.
ХХ зууны хоёрдугаар хагаст ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудад улс төр, ардчилал, засаглалын үйл явц өөр хоорондоо нягт холбоотойгоор өрнөж, “нэг өнгөөр” илэрхийлэгдэхгүй дүр зургийг бий болгосоор байна. Монгол Улс ардчилалд шилжсэн хугацаа, шинж байдлаараа ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бүлэгт багтдаг. Харин пост социалист орнууд дотроо ардчиллын замд тууштай байж, энэ замаараа илүү үр нөлөөтэй хөгжиж байгаа орон гэж тооцогддог.
Монгол дахь засаглалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн тогтоох, түүгээр дамжуулж шинж байдлыг нь яаж үнэлэх, өнөөгийн төлөв байдал нь ямар байна, засаглалын хөгжилд ямар гол сорилт бэрхшээлүүд тулгарч байна, цаашдаа ямар хандлага ажиглагдаж байна вэ? гэдэг асуудлууд өнөөдөр судлаачдын анхаарлыг татаж байгаа төдийгүй засаглалын практикийн нэн тулгамдсан сэдэв болоод байна.
- Засаглалыг ойлгох, түүнд хандах олон нийтийн хандлага
Засаглал гэдэг ойлголтыг гадаад хэлнээс янз бүрээр орчуулж, тэр хэрээрээ өөр өөрөөр тодорхойлж, ойлгож тайлбарлах явдал бий. Энэ байдал засаглал хандах хандлага олон янз байхын үндэс болдог тал ч бас байгаа. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд судлаачдын хэмжээнд нэг мөр ойлголт зүгшрэх төлөвтэй болж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд нэгдмэл аргачлал гаргаж, харьцуулан тооцоолох боломжийг эрэлхийлсний үр дүнд НҮБ-ээс гаргасан “Засаглал гэдэг нь төр, иргэний нийгэм, хувийн секторын хамтын ажиллагаагаар дамжуулан эдийн засаг, улс төр, социал үйл хэргийг нийгмийн зүгээс удирдахад баримталдаг үнэт зүйлс, бодлого, институцийн тогтолцоо юм”[1] гэсэн тодоройлолтыг хүлээн зөвшөөрөх боллоо.
НҮБ-ын албан ёсны баримт бичгүүдэд засаглалыг “улс үндэстний ажил хэргийг жолоодох, улс төр, эдийн засаг, захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх явдал” гэж томьёолох болсон бөгөөд энэ нь иргэд, тэдний бүлгүүд ашиг сонирхол, өөр хоорондын ялгаатай байдлаа илэрхийлэх, хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх механизм, үйл явц, харилцаа, байгууллаас бүрдэнэ гэжээ[2]. Ингэхлээр эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь зөвхөн төр биш, иргэдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, эрхээ хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн үүрэгтэй болох нь тодорхой байна. Засгийн газрын чиг үүрэг зөвхөн улс төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд бус, нийтийн зорилт, зорилгыг биелүүлэхэд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай үр нөлөөтэйгөөр хамтран ажиллах явдал болж байна.
Сүүлийн жилүүдэд иргэдээс засаглалд хандах хандлагад гарч байгаа гол өөрчлөлт бол дэлхийн ихэнх улс оронд засгийн газартаа таагүй хандах, сэтгэл ханамжгүй байх, улмаар үл итгэх үзэгдэл нийтлэг шинжтэй болсон явдал юм. Үүнийг дэхийн янз бүрийн бүс нутгийн олон оронд ойролцоо цаг хугацаанд хийсэн судалгааны дүн тодорхой харуулж байна. Тухайлбал,
- Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 9 орны засгийн газартаа хийсэн өөрчлөлт, шинэчлэлтийн туршлагыг судалж үзээд “засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл алдарсан байдал өсөн нэмэгдсээр” байгааг,
- Дэлхийн эдийн засгийн чуулганаас Аргентин, Бразил, Канад, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Нигер, Орос, Испани, Турк, Их Британи, АНУ зэрэг 14 оронд явуулсан олон нийтийн санал асуулгаар эдгээр оронд 2001-2005 онд засгийн газартаа итгэх олон нийтийн итгэл ихээхэн муудсан, зөвхөн зургаагийнх нь иргэдийн тал хувь засгийн газартаа итгэдэг гэсэн дүн гарч байсныг,
- Латин Америкт 2005 онд Латинобарометрийн явуулсан судалгаанд оролцогсдын зөвхөн 49 хувь Өмнөд болон Төв Америкийн 18 орны засгийн газрыг хүлээн зөвшөөрч, 33 хувь нь улс орныхоо удирдагчдад итгэл үзүүлдгийг,
- Африкийн 12 орны 21,500 иргэнийг хамарсан судалгаанд засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдал энэ тивд өргөн тархсаныг,
- Засгийн газартаа сэтгэл дундуур байх явдал зөвхөн үндэсний засгийн газруудад хамааралтай зүйл биш юм. Евро барометрээс 2005 онд явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогсдын зөвхөн 51 хувь Европын Парламентад, 46 хувь Европын Комисст, 40 хувь Европын Зөвлөлд итгэдгийг харуулсан байна[3].
Засгийн газарт хандах ийм хандлага Монгол Улсад бодитой байгааг олон улсын болон манай судалгааны байгууллагаас сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээс тодорхой харж болно. Тухайлбал, “Сант марал” сангийн улс төрийн барометрийн судалгаа, АЗШҮБТ-ийн хүрээнд 2006 онд үндэсний хэмжээнд явуулсан судалгааны дүн, ШУА-ийн ФСЭХ–ээс 1990 оноос хойш хийсэн хэд хэдэн судалгааны дүн зэргээс үзэхэд Засгийн газар, түүний байгууллагуудад итгэх иргэдийн итгэл ерөнхийдөө багасах хандлага ажиглагдаж байна.
Засаглалын зарим байгууллагад иргэдийн итгэл үзүүлж буй байдал
№ | Маш их итгэдэг | Бага зэрэг итгэдэг | Нэг их итгэдэггүй | Огт итгэдэггүй | Асуултыг ойлгохгүй байна | Хариулж чадаагүй | Хариулахаас татгалзсан | |
2 | Ерөнхийлөгч | 29.3 | 34.7 | 23.8 | 11.7 | 0.1 | осо | 0.1 |
4 | Засгийн газар | 11.6 | 44.2 | 30.3 | 11.9 | 0.3 | 1.4 | 0.3 |
6 | Улсын Их Хурал | 12.1 | 44.9 | 31.2 | 10.6 | 0,, | 0.1 |
Эх сурвалж: “Ардчилсан засаглал 6а хөгжил” Азийн барометр олон улсын судалгааны дун. УТБА. 2006
- Засаглалын шалгуур үзүүлэлтийн арга зүйн асуудлууд
Засаглалын шалгуур үзүүлэлтийг боловсруулах асуудал олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээний байгууллагын анхаарлыг ихээхэн татах болсны үр дүнд арга зүйн хэд хэдэн хувилбарыг мэргэжлийн байгууллагуудаас санал болгон хэлэлцүүлж байгаа билээ. Тэдгээрээс дор дурдсан 3 аргачлал нэлээд түгээмэл шинжтэй гэж үзэж болно.
Ардчилал болон сонгуульд туслах олон улсын Хүрээлэн (IDEA)-гийн аргачлалыг дэлхийн олон оронд туршин хэрэглэсэн нь нэлээд үр дүнтэй болж байна. Энэ арга зүйн дагуу 1. Иргэний харьяалалд, хууль ба эрх, 2. Төлөөлөл бүхий хариуцлагатай засаг төр, 3. Иргэний нийгэм ба ард түмний оролцоо, Улс орны хилийн чанад дахь ардчилал гэсэн 4 бүлэгт хамаарах 16 багц 100 гаруй үзүүлэлтээр засаглалын төлөв байдлыг үнэлдэг.
Дэлхийн банкны институт а) Саналаа илэрхийлэх ба хариуцлага, б) Улс төрийн тогтвортой байдал, в) Засгийн газрын үр нөлөө, г) Зохицуулалтын чанар, д) Эрх зүт төр (хууль дээдлэх ёс), е) Авилгалын хяналт гэсэн үзүүлэлтийг засаглалын шалгуур үзүүлэлт болгон хэрэглэдэг. Засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг гаргахдаа засаглалын чанарын талаар хувийн хэвшил, иргэд, хөгжиж буй орнуудад хийгдсэн эксперт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудаас ирүүлсэн судалгааны үр дүн болон тэдгээрийн өгсөн хариултын статистик мэдээнд үндэслэдэг. Энэ нь Дэлхийн банкны албан ёсны байр суурийг илэрхийлдэггүй болно.
НҮБХХ-ийн газар 1997 онд сайн засаглалын үндсэн шинжүүдийг тодорхойлсон нь өнөөдөр засаглалын шалгуур үзүүлэлтийг үндэсний хэмжээнд боловсруулан хэрэглэх гол суурь болж байна. Сайн засаглалын үндсэн шинжүүдийг: 1. Оролцоо 2. Хууль дээдлэх ёс (эрх зүйт тор), 3. Ил тод байдал, 4. Хөнгөн шуурхай байх, 5. Зөвшилцөлд тулгуурлаж ажиллах, 6. Тэгш байдал, 7. Үр нөлөө, үр ашиг, 8. Хариуцлага, 9. Алсын (Стратегийн) хараа (НҮБХХ: “Тогтвортой хөгжлийн төлөө Засаглал”: Нью Йорк, 1997) хэмээн тодорхойлж системийнхээ байгууллага, гишүүн орнуудынхаа засаглалын төлөв байдлыг үнэлж дүгнэхэд санал болгож байгаа билээ. Сайн засаглалын энэ шинжүүдийг суурь болгож НҮБ- ээс ардчилсан засаглалын шинжүүдийг: 1.Тэгш эрх, үл ялгаварлах, байдал, 2. Оролцоо, 3. Ил тод байдал; 4. Хариуцлага, 5. Хуульд захирагдах ёс, 6. Мэдрэмжтэй байдал гэсэн 6 үзүүлэлтээр томьёолсон байна.
Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг боловсруулах арга зүйн хувьд дээр дурдсан олон улсын нийтлэг аргачлалыг харьцуулан нухацтай судалсны үндсэн дээр Монгол дахь ардчилсан засаглалыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн оновчтой системийг боловсруулах шаардлагатай юм.
Монгол Улсын хувьд засаглалынхаа шинж байдалд нарийвчилсан үнэлгээ хийх ажил эхлэлийн шатанд байгаа бөгөөд анхны оролдлогууд хийгдсэн гэж үзэж болно. Ийм оролдлого хийхдээ Ардчилал болон сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ЮЕА)-гээс боловсруулан дэлхийн 10 шахам оронд туршин хэрэглээд байгаа арга зүй, аргачлалыг суурь болгон ашиглаж, Монголынхоо засаглалын онцлогийг харгалзан үзэхийг хичээсэн.
- Монгол дахь засаглалын төлөв байдлын судалгаа, үнэлгээ
2000- 2004 онд НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүний аюулгүй байдал сайн засаглал” хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь засаглалын төлөв байдлыг үнэлэх анхны алхам хийгдсэн. Энэ хөтөлбөр үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг сурталчлах ажилтай хутгалдаж хэрэгжсэн учраас энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, үнэлгээ нь нэлээд субъектив шинжтэй, орчин үеийн арга зүй, аргачлалд төдийлөн тулгуурлаж чадаагүй тал бий.
“Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын тавдугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2005-2006 онд Монгол дахь ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт, төлөв байдлын талаар нэлээд цогц шинжтэй судалгааны ажил хийгдэж, засаглалын төлөв байдлыг үнэлэх оролдлого хийсэн болно.
Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг боловсруулах ажлын хүрээнд засаглалын асуудлаар судалгаа хийдэг байгууллагуудын арга зүй, аргачлалыг харьцуулан үзсэний үндсэн дээр Ардчилал болон сонгуульд туслах олон улсын Хүрээлэн (ЮЕА)-гийн аргачлалыг суурь болгон авч, ардчилал, ардчилсан засаглалын үндсэн үзүүлэлтийн зэрэгцээ үндэсний онцлогийг тусган харуулах дагалдах үзүүлэлтүүд, Монгол дахь засаглалын төлөв байдлыг тодорхойлохыг оролдсон. Энэ нь үндэсний судлаачдын хүчээр ардчилал болон ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг боловсруулах, засаглалын төлөв байдалд үнэлгээ өгөх зорилгоор Монголд хийгдсэн анхны судалгаа байснаараа онцлог байв. Анхных учраас шалгуур үзүүлэлт, үнэлгээний аль алинд зарим нэг сул тал, дутуу дулимаг үйл байсныг үгүйсгэх аргагүй юм.
Энэ судалгаанд 4 багц, 14 бүлэг, 176 асуултаар мэдээлэл авч боловсруулсны үндсэн дээр 117 үндсэн, 14 дагалдах шалгуур үзүүлэлтийг гарган Монгол дахь засаглалын төлөв байдлыг тодруулсан бөгөөд судалгааныхаа нэгдсэн мэдээллийг үндэсний экспертүүдэд танилцуулж, тусгай аргачиллаар үнэлгээ хийлгүүлсэн. Энэ үнэлгээгээр Монгол дахь ардчилсан засаглалын ерөнхий төлөв байдлыг үндэсний шинжээчид 3.02 гэсэн оноогоор дүгнэжээ.[1] Энэ судалгааны арга зүй аргачлалыг улам бүр боловсронгуй болгож тодорхой давтамжтайгаар хийж байх нь засаглалыг төгөлдөржүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Ардчилсан засаглал (шинжээчдийн үнэлгээ)
Үнэлгээний дундаж оноо | |
1. Иргэний харьяалал, хууль ба эрх | 2,8 |
2. Төлөөлөл бүхий хариуцлагатай засаг төр | 2,64 |
3. Иргэний нийгэм ба ард түмний оролцоо | 2,84 |
4. Улс орны хилийн чанад дахь ардчилал | 3,8 |
Ардчилсан засаглалын ерөнхий үнэлгээ | 3,02 |
Тайлбар:
Ардчилсан засаглалыг үнэлэх 1-5 хүртэлх (1, 2, 3, 4, 5) тоон үнэлгээ нь дор дурьдсан утгыг илэрхийлнэ.
1оноо – Хамгийн ардчилсан бус шинж байдалтай. Ардчиллаас үлэмжхэн ухарсан, ардчиллын эсрэг шинжтэй болсон.
2оноо – Ардчилсан бус шинжүүд давамгайлсан, бүхэлдээ ардчиллаас ухарсан боловч ардчилсан шинжтэй болох боломжоо алдаагүй.
3оноо – Ардчилсан ба ардчилсан бус шинж байдал ойролцоо харьцаатай болсон хаашаа ч эргэж болзошгүй байдал.
4оноо – Ардчилсан шинж зонхилж байгаа боловч бүрэн баталгаажаагүй байдал.
5оноо – Ардчилсан шинж илэрхий болсон, ардчилал бүрэн баталгаажсан байдал.
Дэлхий банкны институтээс 1996 оноос эхлэн 2 жил тутам явуулдаг (2006 оноос эхлэн жил бүр гаргахаар болсон) улс орнуудын засаглалын төлөв байдлыг үнэлэх судалгааны Governance Matters) дүнгээс үзэхэд энэ институтийн хэрэглэдэг засаглалын 6 шалгуур үзүүлэлтийн бараг бүх үзүүлэлтээр Монгол Улс сүүлийн жилүүдэд ухарсан дүн гарч байна. Дэлхийн банкны институт жил бүр энэ судалгааг гаргахдаа мэдээллийн эх сурвалжаа нэмэгдүүлж байгаа нь чухал юм. 2006 оны байдлаар бүх 6 шалгуур үзүүлэлт бүрийн мэдээллийн эх үүсвэр нь 1-3 шинэ их сурвалжаар нэмэгдсэн бөгөөд Улс төрийн тогтвортой байдал, засгийн газрын үр нөлөө, Авилгын хяналт гэсэн үзүүлэлтүүд 2005 оныхоосоо ухарсан дүн гарчээ.
Энэ нь шууд ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт биш боловч тухайн улс орны засаглалын үр нөлөө ямар байгааг олон улсын хэмжээнд харьцуулж гаргадгийн дээр ардчилсан засаглалын гол шалгуур үзүүлэлтийг багтаадаг болохыг анхаарах хэрэгтэй.
Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох зорилгоор 2006 онд явуулсан судалгаанд оролцогсод засаглалын гол байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар төдийлэн сэтгэл ханамжтай бус байжээ. Засгийн газрын үйл ажилгааны үр дүнгийн тухай иймэрхүү үнэлгээ сүүлийн жилүүдэд явуулсан бараг бүх судалгаанд адилхан гарч байгаа.
Ардчилсан засаглалын төлөв байдлыг үнэлэх асуудалтай холбоотой өөр нэг судалгааны мэдээлэл бол МХЗ–ын хэрэгжилтийн талаарх Үндэсний 2 дахь илтгэл юм. Энэ илтгэлийг Засгийн газар үндэсний судлаачидтай хамтран бэлтгэж 2007 оны эцсээр УИХ-аар хэлэлцэн хэвлүүлж олон нийтэд хүргэсэн билээ. 2005 онд Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд”[1]–ыг батлахдаа Мянганы хөгжлийн найман зорилго дээр “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх” гэсэн 9 дэх зорилгыг шинээр нэмж баталсан юм. Энэ зорилгын хүрээнд дараах гурван зорилтыг дэвшүүлжээ.
Зорилт 20: Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүндэтгэж,
чандлан сахих, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж, олон нийтэд мэдээллийг чөлөөтэй олж авах боломж олгох.
Зорилт 21: Ардчиллын үндсэн зарчим, хэв маягийг
амьдралд хэвшүүлэх.
Зорилт 22: Авилгалыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх.
Монгол Улсын Мянганы хөгжлийн 9 дэх зорилго нь НҮБ-ын Мянганы Тунхаглалын үзэл санаанаас улбаатай. Мянганы тунхаглалын “Хүний эрх, ардчилал, сайн засаглал” 5 дугаар хэсэгт “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн хүндэтгэн сахих, Улс орондоо бүх нийтийн иргэний, улс төрийн, эдийн засгийн, соёлын эрхийг бүрэн хамгаалж, дэмжихийг чармайх, Ардчиллын зарчим, практикийг хэрэгжүүлэх, хүний эрх, түүний дотор цөөнхийн эрхийг хүндэтгэх улс орны чадавхыг бэхжүүлэх, … хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийг чөлөөтэй олж авах олон түмний эрхийг хангахыг зорино”[2] гэсэн нь гол агуулгын хувьд Монголын мянганы хөгжлийн 9 дэх зорилт болсон байна. МХЗ–ын хэрэгжилтийн талаарх Үндэсний 2 дахь илтгэл 9 дэх зорилтын хэрэгжилтийн байдлын талаар анх удаа орсон юм.
Монгол Улсын Их Хурал Мянганы хөгжлийн 9 дэх зорилго, түүнтэй холбоотой зорилтуудыг батлахдаа тэдгээрийн хэрэгжилтэд мониторинг хийх, биелэлтийг нь үнэлж дүгнэх шалгуур уур үзүүлэлтийг тодорхойлоогүй. Тийм учраас Үндэсний 2 дахь илтгэлд 9 дэх зорилгын хэрэгжилтийн талаар тайлагнахдаа ХЗДХЯ, ГХЯ, ХЭҮК–оос энэ зорилгод хамаарах чиглэлээр хийсэн ажлын тойм, дээр дурдсан “Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал” судалгааны гол дүгнэлт, мэдээллийг нэгтгэн оруулжээ. Харин үндэсний 2 дахь илтгэлд цаашид энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авах арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг боловсруулах талаар санал дэвшүүлжээ. Энэ дагуу Засгийн газар “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулж одоо УИХ-аар хэлэлцэж байгаа болно.
- Монгол дахь ардчилсан засаглалын гол сорилтууд
Монгол дахь ардчилсан засаглалын гол бэрхшээл сорилтуудыг “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын тавдугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2005-2006 онд боловсруулсан Монгол Улсад “Ардчиллыг бэхжүүлэх үндэсний үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд нарийвчлан тодорхойлсон билээ. Өнөөдөр засаглалын байдал тэр үеийнхээс дордсон уу гэхээс биш дээрдээгүй байгаа учраас гол бэрхшээлүүд хэвээрээ байгаа гэж үзэж байна.
- Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрхийг хангах, эрх зүйн ерөнхий орчин бүрдэж байгаа боловч бүрэн баталгаажиж чадаагүй, ардчилсан бус хандлага хүчтэй хэвээр байна.
- Улс төрийн шударга өрсөлдөөнийг Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулсан хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, ардчилсан зарчмуудыг зөрчих явдал түгээмэл байна.
- Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн байгууллага, зохион байгуулалт зүгшрээгүй, сонгууль шударга биш болох боломж нөхцөл өндөр магадлалтай хэвээр байна.
- Олон намын тогтолцоо нэрийн төдий болж, улс төр бизнесийн явцуу бүлэглэлд засаг төрийн эрх шилжсэн байна уу даа гэхээр дүр төрх би болжээ.
- Төлөөлөл бүхий хариуцлагатай засагт төрийн төлөвшил удаан хариуцан тайлагнах ардчилсзн тогтолцоо зүгшрээгүй, энэ хүрээнд тулгамдсан асуудал нэлээд хуримтлагджээ.
- Хүний эрх зөрчигдөж, нийгэмд шударга бус байдал бий болж, хүнд суртал, авилга газар авч байгаа нь төр засгийн болон ялангуяа төрийн түшээдийн ёс суртахуун, хариуцлага муу, тэдний үйл ажиллагаа мэдээллийн эх үүсвэрүүд хязгаарлагдмал, хаалттай байгаатай холбоотой.
- Иргэний нийгмийн тоон үзүүлэлт өндөр байгаа боловч иргэдийн оролцоог хангах, төрт хяналт тавих хэмжээнд төлөвшиж амжаагүй байна.
- Нийгэмд эмх замбараагүй, хяналтгүй, хариуцлагагүй явдал хэвийн үзэгдэл болж, үндэсний аюулгүй байдал анхаарал татах хэмжээнд хүрлээ.
- Төрийн алба дампуурч, хүнд суртал, шударга биш байдал хэрээс хэтэрч засаг төрд итгэх иргэдийн итгэл алдарлаа.
- Авилга, ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний эрх зүйн үндэс бүрдэж институцийн хувьд эрх чөлөө хангагдсан байгаа боловч мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гаргаагүй, энэ хүрээнд сорилт бэрхшээлүүд тулгарсаар байна.
- Олон улсын хэмжээнд ардчиллыг дэмжсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Харин олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн зарим үүргээ Монгол Улс хангалтгүй биелүүлж байна.
- Энэ бүхэн бол засаглалд дорвитой өөрчлөлт хийж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх талаар эрс шийдэмгий алхам хийх цаг бодсоныг харуулж байна.
- Ардчилсан засаглалыг төлөвшүүлэх зорилтууд
Ардчилсан засаглалыг төлөвшүүлэн хөгжүүлэх талаар дэлхий улс орнуудад багагүй туршлага хуримтлагджээ. Монгол Улс засаглалаа ардчилсан, чадварлаг болгон хөгжүүлэхийн тулд эдгээр туршлагын үзэл санаа, зарчмыг үндэснийхээ онцлог, улс төрийн төлөв байдалдаа нийцүүлэн үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай юм. Улс орнууд ардчилсан засаглалаа бэхжүүлэх талаар хэрэгжүүлж буй үйл явцыг эрдэмтэд олон улсын хэмжээнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр засаглалыг өөрчлөн төлөвшүүлэх дараах үндсэн чиглэлийг санал болгож байна.
- Төрийн шинэ менежментэд тулгуурлан засгийн газрыг “шинээр зохион бүтээх” хөдөлгөөн ба төрд эрс шинэчлэл (инноваци) хийх
1980-аад оны эхээр Австрали, Шинэ Зеланд, Англи, АНУ зэрэг улс орнуудад “Төрийн шинэ менежмент” гэж нэрлэгдэх төрийн захиргаа, засаглалын шинэтгэлийг хэрэгжүүлжээ. Энэ шинэтгэлийг эрс шинэчлэлийн замаар хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Эрс шинэчлэлийн үзэл баримтлалын мөн чанар нь засгийн газар болон нийгмийн бусад байгууллын үйл ажиллагаанд тогтсон бодит байдлыг үндсээр нь шинэчлэх эргэлтийн чанартай өөрчлөлтийг аажим бус арга замаар хийхэд оршино.
Шинэтгэлийн гол агуулга нь засгийн газрыг иргэдэд илүү үр нөлөөтэй үйлчилдэг болгоход чиглэж байлаа. Давид Осборн, Тэд Гаэблер нарын дэвшүүлсэн төрийн шинэ менежментийн зарчим, үр нөлөөтэй засгийн газрын 10 шинжид[3] энэ шинэтгэл онолын хувьд тулгуурлажээ. Энэхүү 10 шинж нь:
- Идэвхжүүлэгч – Засгийн газрууд “сэлүүрдэхээсээ илүү залуурддаг” болох,
- Иргэдийг хүчирхэгжүүлэх,
- Ноёрхлын байдлаас ангижирч өрсөлдөөний зарчимд шилжих,
- Журам дүрмийг цөөлж хүмүүст асуудлаа шийдэх боломж олгох,
- Үр дүнд чиглэсэн санхүүжилтэд шилжих
- Хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаанд шилжих
- Аж ахуйч байхыг эрмэлзэх .
- Урьдчилан харах чадвартай байх » Төвлөрөл саарсан байх
- Зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах
Австрали, Канад, Шинэ Зеланд, Португали, Англи, АНУ болон бусад улсад холбооны агентлаг, муж, орон нутгийн засаг захиргаадад 1960-ээд онд хийсэн төрийн захиргааны албаны өөрчлөлт, шинэчлэлд эдгээр болон эдгзэртэй төстэй зарчмуудыг мөрдлөг болгосон нь үр дүнгээ өгсөн байна.
- Төрийн захиргааны албаны чадавхыг нэмэгдүүлэх нь
Засаглалын үр нөлөөг дээшлүүлэхэд төрийн захиргааны чадавх шийдвэрлэх үүрэгтэй. Засгийн газар төрийн захиргааны албаныхаа чадавхыг бэхжүүлэхийн тулд хүний нөөцийг хөгжүүлэх; хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хамгаалах; аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн халамжийг зохих түвшинд байлгах; иргэний нийгмийг бэхжүүлж нийгмийн капитал бий болгох; байгаль орчныг хамгаалах; хөгжлийн зориулалтаар хөрөнгийн болон бусад эх үүсвэр бий болгох; хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэх, хамтын ажиллагаа хөгжүүлж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх; засгийн газрыг илүү ардчилалтай, төвлөрөл багатай ажиллуулах; дэд бүтцийг хөгжүүлж, технологийн шинэчлэлийг дэмжих; хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих[4] гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байгааг судлаачид тэмдэглэх боллоо.
Засгийн газруудын өмнө XXI зуунд тулгарч байгаа гол сорилт бол эдийн засгийн үр ашигтай харилцааг дэмжихийн зэрэгцээгээр эрүүл мэнд, аюулгүй орчин, нийгмийн халамжийн | найдвартай баталгааг ард иргэддээ олгож чадахуйц засаглалын тогтолцоо бий болгох явдал мөн. Тийм тогтолцоог бүрдүүлж үр нөлөөтэй ажиллуулахад төрийн захиргааг бэхжүүлэх нь чухал. Орчин үед төрийн захиргааг бэхжүүлэхийн тулд үндсэн хуулийн, сонгуулийн, засаглалын, захиргааны ба төрийн албаны шинэтгэлүүдийг багтаасан цогц үйл явцыг хэрэгжүүлж байна. Монголд шинэтгэлийн ийм үйл явц үндсэндээ эхлээгүй байна.
Үндсэн хуулийн шинэтгэл. Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгохоос эхлээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим асуудал хүртэл Үндсэн хуулийн хэмжээнд шинэчлэл хийх шаардлагатай байгааг судлаачид тэмдэглэдэг.
Сонгуулийн шинэтгэл. Монголд сүүлийн 10 гаруй жил хэрэглэсэн сонгуулийн тогтолцоо нь төлөөллийн шинэ зарчмыг хэрэгжүүлэх, бүртгэлийн болон сонгууль явуулах, санал өгөх журам, нэр дэвшигчдийг шалгаруулах ажиллагаа, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, сонгох эрхийг баталгаажуулах, сонгогчдын өмнө хүлээх хариуцлагыг сулруулах зэрэг олон сул талтай байгааг өөрчлөхөд чиглэсэн шинэтгэл хийх нь хойшлуулшгүй зорилт болж байна.
Засаглалын шинэтгэл. Үндэсний, бүсийн, орон нутгийн түвшин дэх засгийн газрын байгууллагуудын эрх мэдлийг ялган зааглаж, тэдгээрийн үүрэг роль, чиг үүрэг, шийдвэр гаргах, зохицуулалт хийх, хамтын ажиллагаа хэрэгжүүлэх, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх зэрэг чиглэлээр засаглалын цогц шинэчлэл чухалчлагдаж байна.
Захиргааны шинэтгэл. Засгийн газрын үйл ажиллагаанд ажлын чанарыг сайжруулах шинэтгэлд санхүүжилт, бараа, үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулах, нягтлан бодох бүртгэл, удирдлагын бусад чиг үүргийн үр нөлөө, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх ажил удааширч байна.
Төрийн албаны шинэтгэл. Монгол Улсад төрийн албаны бие даасан байгууллага бий болж тогтвортой ажиллах болсон нь чухал дэвшил мөн боловч өнгөрсөн хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллагаагүй учраас өнөөдөр төрийн албаны шинэчлэл зайлшгүй болсон. Энэхүү шинэтгэл нь төрийн албан хаагчдын хийж гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлага, цалингийн хэмжээ, ажилд авах, томилох, урамшуулал, сургалт, албан тушаал дэвшүүлэх журам, ёс зүйн стандартыг тогтоох, шинэчлэх асуудлуудыг хамрах ёстой.
- Төвлөрлийг сааруулах нь
Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд зөвхөн үндэсний хэмжээн дэх төрийн байгууллагаас гадна бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн чадавхыг сайжруулах шаардлага тавигдаж байна. Эрх мэдэл. хариуцлага, эх үүсвэрийг орон нутгийн удирдлага болон орон нутгийн түвшинд ажиллаж байгаа бусад байгууллагад шилжүүлэн босоо төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хзвтээ төвлөрлийг сааруулах замаар л орон нутгийн засаглалын чадавхийг бэхжүүлэх ёстой. Орон нутгийн засаглалыг сайжруулахад төв засгийн газар, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн бүлэглэлүүд, хувийн хэвшил, олон упсын хандивлагч байгууллага зэрэг олон талын оролцоо чухал.
- Иргэний нийгэм, иргэдийг чадавхжуулах нь
Өнөөдөр Монгол Улсад иргэний нийгмийн байгууллагуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж, эрхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн захиргааны санаачлага сул байна. ‘Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн ч засгийн газарт хяналт тавих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударга хуваарилах, хувь хүмүүст амьжиргаагаа сайжруулах боломж олгоход тус дэм үзүүлэх үүргээ тэр бүр биелүүлэхгүй байна.
Иргэний байгууллагууд дараах чиглэлээр чадавха бэхжүүлж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал,
- Эдийн засаг, нийгмийн амьдралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглүүлэн үйл ажиллагаагаа зохион байгуулж тэднийг төрийн бодлогод нөлөөлөх чадалтай болоход нь туслах,
- Эдийн засгийн тогтворгүй байдлаас үүсэх сөрөг нөлөөг багасгах, нийгмийн халамжид зориулсан эх үүсвэрийг зөв шударга хуваарилж зарцуулах үр ашигтай механизм бий болгох,
- Улс төрийн болон засгийн газрын шийдвэрт ядуувтар бүлгүүдийн ашиг сонирхлыг тусгуулах,
Иргэний нийгмийн үйл ажиллагааны энэ чиглэл бүр иргэдтэй олон сэжмээр холбогдсон сүлжээг бий болгох ёстой. Ийм сүлжээг эрдэмтэд “нийгмийн капитал” гэж нэрлэдэг бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах, улс орны чадавхыг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдгийг онцолж байна[5]. Манайд ийм сүлжээний эхлэл гэж болохоор санаачилгууд гарч байгаа боловч тогтворжин зүгширч чадаагүй байна.
Эцэст нь тэмдэглэхэд Монгол дахь ардчилал, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд засаг төрийн бодитой санаачилга, тодорхой бодлого дутагдаж байгаа учраас 2006 онд АШБСТО-ын олон улсын 5 дугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх төслийн хүрээнд үндэсний судлаачдын багийн боловсруулсан Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр” төслийг дахин сайжруулж бодлогын төвшинд баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.
Ашигласан материал
- Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр. Монгол Улс 2003
- Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодын хуралдааны тэмдэглэл, зөвлөмжүүдийн эмхтгэл. УБ., 2004
- “Сонгох ба сонгогдох эрхийн төлөв байдал” ХЭҮК–ын мониторингийн судалгааны тайлан. 2005. УБ.
- Landman T and Others, 2005. State of democracy in Mongolia. A desk study. Human rights centre. University of Essex.
- Новак М. Иргэний болон улс төрийн эрх: тухайлбал, эрүүдэн шүүх болон хорихтой холбоотой асуудлууд. Илтгэл. НҮБ. E/CN4/2005/ Add.Х.
- Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ, Монгол улс 2006
- State of Democracy in Mongolia. A Desk Study. 2005. University of Essex.
- ХЭҮК, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тухай илтгэл. УБ., 2006
- Ардчилал: засаглал ба хегжил” Азийн барометр олон улсын судалгааны дүн 2006. УТБА.
- http://info.worldbank.org/governance/kkz 2006/asp?countryid=147
- Governments Serving People: The Changing Roles of Public Administration in democratic Governance. Public Administration and Democratic Governance (Governments Serving Citizens) January, 2007
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт. Үндэсний 2 дахь илтгэл. УБ., 2007
[1] “Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдал, үнэлгээ” Тайлан- илтгэл. УБ., 2006. 172-175 дахь тал.
[1] UNDP, Governance Indicators: A Users’ Guide, New York
[2] НҮБХХ: “Засаглалын үзэл баримтлалыг шинэчлэн тодорхойлох нь’ Хэлэлцүүлэгт зориулсан нийтлэл, Нью Йорк, 1997.
[3] Dennis A.Rondinelli (Деннис Рондинэли) “Government Serving People:The Changing Roles of Public
[4] Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоол.
[5] United Nations Millennium Declaration, A/RES/55/2
[6] Osborne, David and Gaebler, Ted: Reinventing Government, Boston, MA: Addison-Wesley Publishing (1992
[7] Dennis A.Rondinelli (Денис Рондинэли) “Government Serving People: The Changing Roles of Public Administration in democratic Governance”. Public Administration and Democrat Governance (Government Serving Citizens) January,2007
[8] Роберт Путнам: “Ардчиллыг хэрхэн хөгжүүлэх вэ?”, 1РА Сэтгүүл, Боть 47, Дугаар 1. 1994