Р. Болд
/Судлаач/
Шинэ толь №59, 2007
Түлхүүр үг: Мөргөлдөөн, Ашиг сонирхол, Эрх ашиг, Сөргөлдөөнт байдал
Нийгэм – улс төрийн мөргөлдөөний гол асуудал бол түүнийг нааштайгаар шийдвэрлэх явдал билээ. Энэ асуудлаар ярихын өмнө мөргөлдөөнийг “хумих” талаар хэдэн үг хэлэх нь зүйтэй болов уу.
Мөргөлдөөнийг хумина гэдэг бол чухамдаа уг мөргөлдөөний бүтцийн үндсэн хэсгүүдийг устгахгүйгээр түүнд нөлөөлсний үр дүнд “царцааж” намжаана гэсэн үг юм. Хэрэв:
- сөргөлдөгчдийн харилцан үйлдлийг түр хугацаагаар зогсоовол,
- мөргөлдөөний объектыг зайлуулсан бол (хамгийн энгийн жишээ гэвэл, эх нь хүүхдүүдийнхээ мөргөлдөөний шалтгаан болсон тоглоомыг хурааж авах г.м.),
- ялагч юм уу гуравдахь этгээд ялагдсан юм уу өрсөлдөгч этгээдэд өөрийн болзлоор шийдвэрээ тулгах (найр тавилцсан ч байж болно) чадвартай байвал,
- аль нэг талаас (эсхүл хоёулаа) тэмцэл хийхэд шаардлагатай хүч, хөрөнгө хүрэлцэхгүй болсны (барагдсаны) улмаас аливаа практик үйлдлийг зогсоовол,
- бий болсон нөхцөл байдал тэмцлийг цаашид үр нөлөөтэй үргэлжлүүлэхэд тус болохгүй байгаа бол мөргөлдөөн “хумигдана”.
Гэвч мөргөлдөөн хумигдсанаар мөргөлдөөний шалтгаан хэвээр үлдэх ба сөргөлдөгч этгээдүүд өөрсдийн эрх ашгийг хангах, зорилгодоо хүрэх талаар сэтгэл дундуур байж өмнө нь мөргөлдөөнд хүргэсэн зөрчил оршсоор байх болно. Өөрөөр хэлбэл мөргөлдөөнийг хумих гэдэг нь мөргөлдэений гол гол шинж тэмдэг болох зөрчил, шалтгаан, харилцааны тугшүүртэй байдал хэвээр үлдээд харилцан үйлдлийг тур зогсоохыг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд мөргөлдөөн ихэвчлэн “ил” хэлбэрээс далд, нуугдмал хэлбэрт орох буюу чухамдаа хөгжлийнхөө эхний шатанд дахин эргэж ороод цаашдаа дараа дараагийн шатанд өрнөн шилжих боломжтой үлдэнэ. Өнгөрсөн зууны 50-иад онд Солонгосын хойгт эрнөсөн дайныг зогсоосон явдал мөргөлдөөнийг “хумихын” сонгодог жишээ мөн бөгөөд энэхүү түр эвлэрэл хагас зуун жил үргэлжилж байгаа боловч Солонгос үндэстний хоёр улсын хоорондын харилцааны сөргөлдөөнт байдал одоо хэр үргэлжилсээр байна.
Ийм учраас мөргөлдөөнийг хумиж зогсоохоос илүү түүнийг шийдвэрлэх нь тун чухал болой. Мөргөлдөөнийг шийдвэрлэх гэдэг нь хэрэв:
- сөргөлдөгч талуудын аль нэг нь, эсхүл хоёр тал хоёул устаж мөхсөн (зайлуулагдсан) бол,
- үндсэн шалтгаан буюу мөргөлдөөнд хүргэсэн зөрчлийг арилгасан бол,
- урьд дайсагналцаж байсан этгээдүүд харилцан ойлголцсоны үндсэн дээр хамтран ажиллах чиг шугам баримтлах болсон бол,
- хоёр этгээдийн цаашдын харилцаанд хэлэлцэн тохирсон хэм хэмжээгээ бат тогтворгой биелүүлж байгаа бол,
- харилцааг журамлан цэгцэлж, өөрөөр хэлбэл бүх талын хүлээн авч болохуйц, цаашид маргаантай асуудлыг эв зүйгээр шийдзэрлэхэд хүргэх хоёр этгээдийн юм уу олон этгэздийн байнгын юм уу түр байгууллага байгуулсан бол мөргөлдөөн бүр мөсөн дуусч, шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
Мөргөлдөөнийг хөгжлийнх нь аль ч шатанд шийдвэрлэж болно. Зарим тохиолдолд, талууд хохирол бага амссан үед буюу мөргөлдөөний эхэн үед үйл явцыг зогсоож болно. Бусад тохиолдолд нэлээд гарз хохирол (хүний амь нас үрэгдэх, орон байрны эвдрэл, хөрөнгө устах г.м.) учирсан үед мөргөлдөөн шийдвэрлэгдэнэ. Мөргөлдөөнийг шийдвзрлэх явдал нь ихэнхдээ мөргөлдөөний объект юм уу, эсхүл сөргөлдөгчдийн бие биендээ хандах байдлыг өөрчлөхөд үндэслэдэг.
Тоглоомын онолын үүднээс үзвэл сөргөлдөгч А ба Б талуудын хоорондын мөргөлдөөнийг шийдвэрлэж болох дөрвөн хувилбар бий. Үүнд:
- Б талыг ашиглан А тал нь хожих,
- А талыг ашиглан Б тал нь хожих,
- Талууд дор бүрнээ сайн үр дүнд хүрнэ хэмээн найдаж байсан ч аль аль нь хожигдол хүлээх,
- Хоёр тал буулт хийх, харилцан найр тавих, мөргөлдөөний явц дахь болзошгүй хохирлыг үнэлж цэгнэсний үндсэн дээр янз бүрийн харьцаагаар хожил гаргах.
Мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замын сонголт нь сөргөлдөгч талуудаас бүхэлдээ шалтгаалдаг ч үүнд шийдвэрлэх үүргийг дагалдах хүчин зүйлс гүйцэтгэж болох талтай. Жишээ нь, мөргөлдөөнийг зохицуулах тайван замыг сонгоход нийгэмд бий болсон хүчний тэнцвэртэй байдал, зохих түүхэн туршлага, ил тод байдал, зөвлөгөө өгөх, хэлэлцээр хийх институтжсэн нөхцөл гэх мэт хүчин зүйлс нөлөөлнө.
Мөргөлдөөний үндэс болж байгаа зөрчлийг шийдвэрлэж болох хэр хэмжээ, мөргөлдөөнд зөв шударга тал нь ялж дийлэх нь мөргөлдөөнийг үр дүнтэй шийдвэрлэхийн шалгуур мөн. Мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ мөргөлдөөн үүсгэсэн асуудлыг арилгах нь чухал. Зөрчлийг шийдвэрлэхийн тулд сөргөлдөж эхэлдэг бөгөөд гагцхүу мөргөлдөөн үүссэн шалтгааныг нэг тийш болгосноор түүнийг шийдвэрлэж болно.
Шалтгааныг хэдий чинээ бүрэн гүйцэд арилгаж чадвал оролцогчдын хоорондын харилцааг хэвийн байдалд оруулах боломж төдийчинээ их, зөрчил шинэ мөргөлдөөн болж даамжрах магадлал төдийчинээ бага байна. Зөв шударга тал ялах нь үүнээс дутуугүй чухал юм. Үнэнийг бататгаж, шударга журам ялж дийлэх нь байгууллага, бүлгийн нийгэм – сэтгэл зүйн уур амьсгал, хамтын ажиллагааны үр ашигт ач тустай нөлөөлөх ба мөргөлдөөнийг ашиглан хууль зүйн болон ёс суртахууны үүднээс эргэлзээтэй зорилгод хүрэхийг хичээж болзошгүй хүмүүст сануулга болж өгнө. Буруу үзэл санаатай этгээдэд бас өөрийн эрх ашиг гэж байдгийг мартаж болохгүй. Тэдгээрийг ерөөсөө эс хайхран буруу санаатай сөргөлдөгчийн учир шалтгааныг өөрчлүүлэх гэж хичээхгүй бол энэ нь цаашдаа шинэ мөргөлдөөн үүсгэх аюултай.
Мөргөлдөөнийг шийдвэрлэх нөхцөл, хүчин зүйлс
Нийгэм – улс төрийн мөргөлдөөнийг шийдвэрлэж эхлэхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн угтвар нөхцөл бий. Эдгээрээс онцолбол:
- мөргөлдөөнд оролцогч талууд ашиг сонирхол, санаа зорилго болон ээлжит алхмын талаарх үнэн зөв мэдээллийг харилцан шуурхай солилцох;
- сөргөлдөөнт нөхцөл байдлыг жолоодлогогүй болгож мэдэх хүч хэрэглэхээс ухамсартайгаар харилиан түдгэлзэх;
- мөргөлдөөнийг хурцатгах үйлдэл хийхээ харилцан эзнах болсноо зарлах, татгалзах;
- мөргөлдөөнд алагчлалгүй шударга хандах нэр нөлөө бүхий зуучлагчийг оролцуулах, түүний зөвлөмжийг буулт хийх үйлдлийн үндэс болгож авах;
- мөргөлдөөнийг шийдвэрлэж болно гэсэн уур амьсгал бүрдүүлж, итгэлцпийн харилцаа тогтоох.
Түүнчлэн мөргөлдөөнийг амжилттай шийдвэрлэх нөхцөл, хүчии зүйлсийн дотор сөргөлдөгч талуудын ашиг сонирхлын ижил, нийтлэг зүйлийг хайх, эсрэг этгээдэд хандах байдлаа өөрчлөх, түүний талаарх сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, асуудлыг бодитой шүүн хэлэлцэх, бие биеийн статусыг харгалзах, зөрчлийг шийдвэрлэх хамгийн зүй зохистой стратегийг сонгож авах зэрэг субъектив шинжтэй ажиллагаа багтана. Мөргөпдөөнийг шийдвэрлэх зарим объектив хүчин зүйлст – цаг хугацаа, гураздагч этгээд, хүчний тэнцвэр, соёл, үнэт зүйлс, туршлага, харилцааны нэгдэл зэрэг орно Эдгээрийг товчхон авч үзье.
Мөргөлдөөнт харилцан үйлдлийг зогсоох нь аливаа мөргөлдөөнийг шийдвэрлэж эхлэх эн тэргүүний нөхцөл мөн. Нэг тал нь, эсхүл хоёр тал хоёулаа хүч хэрэглэх замаар өөрийн байр суурийг бэхжүүлэх юм уу, эсрэг этгээдийн байр суурийг сулруулах ямар нэг арга явууллага хийж буй цагт мөргөлдөөнийг шийдвэрлэх тухай ярих нь боломжгүй юм.
Сөргөлдөгчдийн ашиг сонирхолд агуулгаараа нийлж тохирох нийтлэг юм уу ойролцоо цэгийг эрж сүвэгчлэх нь олон талын үйл явц бөгөөд өөрийн зорилго, ашиг сонирхол төдийгүй эсрэг талынхаа зорилго, ашиг сонирхлыг задлан шинжлэх шаардлагатай. Хэрэв оролцогч этгээдүүд мөргөлдөөнийг шийдвэрлэе гэвэл эсрэг этгээдийнхээ хувийн зан араншинд бус ашиг сонирхол, эрх ашигт нь анхаарлаа төвлөрүүлэх ёстой.
Ерөөс аливаа мөргөлдөөнийг амжилттай шийдвэрлэх дүрмүүдийн нэг нь талуудыг “хар – цагаан” гэж сөргөлдүүлэн тавихгүй, хэрвээ бүр үнэхээр ингэж тодорхойлогдсон бол үүнийг дэвэргэхгүй байх нь чухал.
Мөргөлдөөнийг шийдвэрлэх явцад талуудын бие биедээ сөрөг хандах байдал хэвээр хадгалагдаж үлдэнэ. Энэ нь эсрэг этгээдийн талаар сөрөг бодол санаатай байх, түүнд хандахдаа муу санаа өвөрлөх, үл итгэх байдлаар илэрнэ. Мөргөлдөөнийг шийдвэрлэж эхлэхийн тулд иймэрхүү сөрөг хандлагыг зөөлрүүлэх хэрэгтэй. Гол нь сөргөлдөгч этгээдийн талаарх сөрөг сэтгэл хөдлөлөө дарах нь чухал. Үүнд эсрэг талынхаа зарим үйлдлийг нааштай үнэлэх, байр сууриа ойртуулахад бэлэн байх, өөртөө шүүмжлэлтэй хандах, өөрийн зан үйлийг жигд тогтуун болгох зэргийг дурьдаж болно.
Үүний сацуу эсрэг талаа өстөн дайсан хэмээн үзэхээ болих нь зүйтэй. Мөргөлдөөн үүсгэсэн асуудлыг талууд хүч чармайлтаа нэгтгэн ярьж хэлцэж байгаад шийдвэрлэвэл дээр гэдгийг ойлгох нь чухал. Нэгдүгээрт, өөрийн байр суурь, уйлдлийг шүүмжлэлтэй задлан шинжлэх нь үүнд тус дэм болно. Алдаа эндэгдлээ олж, эндсэнээ зөвшөөрөх нь нөгөө этгээддээ сөрөг хандан муу санахыг багасгана. Хоёрдугаарт, эсрэг талын эрх ашгийг ойлгохыг хичээх хэрэггэй. Ойлгоно гэдэг бол хүлээн авах юм уу зөвтгөнө гэсэн үг биш. Харин энэ нь эсрэг этгээдийн тухай төсөөллийг өргөтгөж, уг төсөөллийг илүү үнэн бодитой болгоно. Гуравдугаарт, арцалдагч этгээдийнхээ зан үйлд төдийгүй санаа бодолд буй үр бүтээлтэй эхлэлийг олж харах нь зүйтэй. Үнэмлэхүй муу юм уу үнэмлэхүй сайн хүн, нийгмийн бүлэг гэж байдаггүй юм. Бие хүн, нийгмийн бүлэг бүрт сайн сайхан зүйл байх бөгөөд мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ тэрхүү сайн тал дээр нь тулгуурлах хэрэгтэй.
Асуудлыг бодитой шүүн хэлэлцэж, мөргөлдөөний уг учрыг тодруулж, аль аль нь гол зүйлийг олж хардаг байх нь зөрчлийг шийдвэрлэх арга замыг амжилттай эрж сүвэгчлэхэд тус дэм болно. Хоёр, гуравдугаар зэргийн асуудал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө санаа тавиад байвал асуудлыг үр бүтээлтэй шийдвэрлэх боломжийг багасгана.
Оролцогч этгзэдүүд мөргөлдөөнийг дуусгахын тулд хүчин чармайлтаа нэгтгэхдээ бие биеийн статусыг харгалзах хэрэгтэй. Захирагдсан байдалтай юм уу дүүмэд статустай тал нь нөгөө этгээдийн хийх боломжтой буултын хязгаарыг ухамсарлах ёстой. Хэтэрхий эрс шаардлага тавибал хүчтэй талыг сөргөлдөөнт байдалд эргэж ороход өдөөн хатгаж магадгүй.
Тухайн нөхцөл байдалд тохируулан асуудлыг зохицуулах хамгийн зохистой стратегийг сонгож олох нь бас нэг чухал нөхцөл мөн. Эдгээр стратегийг өмнө нь авч үзсэн билээ.
Түүнчлэн мөргөлдөөнийг амжилттай дуусгах нь сөргөлдөгч талууд уг үйл явцад нөлөөлдөг зарим объектив хүчин зүйлсийг хэрхэн харгалзаж байгаагаас шалтгаална. Эдгээр хүчин зүйлсийг тодруулбал:
- Цаг хугацаа – асуудлыг шүүн хэлэлцэж, байр суурь, ашиг сонирхлыг тодруулж, шийдвэр боловсруулах цаг хугацаа хүрэлцээтэй байх. Зөвшилцөлд хүрэхийн тулд өөрийн мэдэлд байгаа цагийг үлэмж багасгах нь ихээхэн түрэмгий, хуумгай шийдвэрийг сонгож авах магадлалыг нэмэгдүүлнэ. Ер нь мөргөлдөөний асуудалд цаг хугацааны хүчин зүйл тэргүүлэх үүрэгтэй байдаг. Мөргөлдөөнийг шийдвэрлэх стратегийн суурь зарчим гэвэл талууд барагтай бол бэлтгэлтэй байдаггүй хэт түргэдсэн арга хэмжээ авахаас зайлсхийж аль болох аажмаар хандах явдал болой. Өөрөөр хэлбэл, асуудалд сүр сар гэж хандалгүй харин алгуур тайван үзэх хэрэгтэй гэсэн үг.
- Гуравдагч этгээд- сөргөлдөгч талуудад асуудлыг шийдвэрлэхэд нь туслах төвийг сахисан хүмүүсийг (байгууллагыг) оролцуулах. Мөргөлдөөнийг шийдвэрлэхэд гуравдагч этгээд оролцох нь эерэг нөлөөтэй байдгийг олон судалгаа нотолж байна;
- Хүчний тэнцвэр- хэрвээ сөргөлдөгч талуудын боломж бололцоо барагцаалбал адил (статус, албан тушаалын байдал, зэвсэглэл г.м.) бол мөргөлдөөнт асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх магадлал өндөр бөгөөд тэд тийм арга зам эрж сүвэгчлэх болно. Нөгөөтэйгүүр сөргөлдөгчид ажил үүргийн талаар нэг нэгнээсээ хамаардаггүй бол мөргөлдөөнийг илүү үр бүтээлтэй шийдвэрлэх магадлалтай;
- Соёл- сөргөлдөгчдийн ерөнхий соёлын хэмжээ өндөр байвал мөргөлдөөнд хүч хэрэглэх магадлал багасна. Талуудын ажил үүргийн болон ёс суртахууны чанар дээгүүр байвал төрийн удирдах байгууллагын мөргөлдөөнийг илүү үр бүтээлтэй шийдвэрлэдэг нь нотлогдсон;
- Үнэт зүйлсийн нэгдмэл байдал- сөргөлдөгч талуудын үнэт зүйлсийн систем нийтлэг бол мөргөлдөөнийг ямар нэг хэмжээгээр зохицуулах боломжтой байна;
- Туршлага- асуудлыг шийдвэрлэх талаар сөргөлдөгчдийн ядаж нэг нь туршлагатай байх, бас адил төсөөтэй мөргөлдөөнийг шийдвэрлэх арга туршлагыг мэддэг байх;
- Харилцаа- сөргөлдөгчид мөргөлдөөн үүсэхээс өмнө сайн харилцаатай байсан бол мөргөлдөөнийг нааштай шийдвэрлэхэд тус дөхөм болно. Жишээлбэл, 2006 оны сүүлээр эдийн засгийн асуудлын улмаас Орос, Белоруссын хооронд нэлээд хурц гэмээр сөргөлдөөнт нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнийг урьд өмнөх сайн харилцааны ачаар даван гарсан байна.
ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын Ёнсейн Их сургуультай хамтран Улс төрийн Боловсролын Академиас зохион байгуулсан “Боловсролын хөтөлбөрүүд: Харьцуулалт, шинжилгээ” сэдэвт Бага хуралд тавигдсан илтгэлүүд
2007.06.22