А.Болормаа
/Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №60, 2008
Түлхүүр үг: төрийн ил тод байдал, иргэдийн оролцоо, мэдээллийн хүртээмж, үйл ажиллагаа, төрийн байгуулгууд
Оршлын оронд
Монгол улсад ардчиллыг төлөвшүүлэх үйл явц өрнөөд 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ардчилал ямар түвшинд хүрсэн, ямар үнэлгээтэй байгаа талаар иргэд, эрдэмтэд, судлаачдын янз бүрийн санал бодол, судалгаа, дүгнэлтүүд хийгдэж байна. Ардчиллын төлөвшлийн талаар янз бүрийн судалгаа, дүгнэлт хийгдэж байгаа хэдий ч Монголд ардчиллыг улам бэхжүүлэх явдлыг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм.
Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагаандаа төлөөлөл болон оролцоог хангасан, ил тод, хариуцлагатай байдал хууль дээдлэх ёсонд үндэслэсэн, чөлөөт нийгмийн тогтолцоог төлөвшүүлэх гэсэн үзэл баримтлалыг үндэслэл болгож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ардчилсан ёсны зарчим нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг мөн. Үндсэн хуулинд тунхагласан энэхүү зарчим нь төрийн бодлого, шийдвэрийг иргэд мэдэх боломжтой, аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, нээлттэй, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцох боломжтой нөхцөлд жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
Иймээс ард түмэн төрийн хэрэгт оролцох шаардлагыг хангах үүднээс төрийн аливаа үйл ажиллагааг иргэд, иргэний нийгмийн хяналт, оролцоотойгоор буюу ил тод явуулах нь ардчилсан төрийн үндсэн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас, иргэд өөрийн амьдрал, хувь заяагаа шийдэхэд нөлөөлөх бүхий л асуудлыг мэдэх, мэдээлэл авах эрхтэй. Иймд ардчилсан ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх, иргэний мэдэх эрхийг хангах үүднээс төрийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь зайлшгүй чухал асуудал юм.
Төрийн ил тод, нээлттэй байдал
Ардчиллын хэрэгжих хэлбэр, механизмуудын дотор төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд, сонгогчдын өмнө тайлагнах явдал чухал байр суурь эзэлж байна[1]. Энэ нь төрийн ардчилсан шинжийг харуулах үндсэн шалгуур үзүүлэлт юм.
Ил тод, нээлттэй байх явдал нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Нээлттэй, ил тод байдал нь иргэдийн улс төрийн оролцоог идэвхжүүлж, хэлэлцэж буй асуудалд тэдний анхаарлыг хандуулж, дэмжлэг авах буюу шүүмжлэл өрнүүлэх боломжтой болгодог.
Ил тод байдал нь ардчилсан нийгмийн зохион байгуулалт, түүний зохицуулалтын нэг суурь шаардлага бөгөөд ялангуяа ард түмний хамтын амьдралыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн үйл ажиллагаанд ил тод байдал хамгийн чухалд тооцогдоно. Учир нь эрх мэдлийн анхдагч субъект болох ард түмний нэрийн өмнөөс, ард түмний төлөө явагдаж буй төрийн бодлого, үйл ажиллагаа болон шийдвэр гаргах үйл явцад хаах зүйл байхгүй тул ардчилсан нийгэмд ил тод байдал нь ердийн зүйл байх ёстой байна[2].
Хэрэв төр нь хаалттай, ил тод бус байвал ард иргэд төрөө хянах боломжгүй, улмаар төрийн хариуцлагагүй байдал, авлига газар авч, улс орны хөгжлийг хойш татах нь дамжиггүй. Төрийн байгууллагын үйл ажиллагаан дахь хаалттай байдал, авлига, хүнд суртлын улмаас иргэдийн төрд итгэх итгэл суларч[3] байна гэсэн судалгааны дүгнэлтүүд ч гарсан байна. Иймд төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, эрх зүйт ёсны хэм хэмжээг хангахад иргэд, тэдний бүлгүүдийн оролцоо, хөндлөнгийн хяналтыг хангах эрх зүйн болон бүтцийн зохицуулалтыг төрийн зүгээс боловсруулж хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байдаг.
Төрийн ил тод байдлын үзүүлэлтэд дараах зарчмуудыг хамруулан авч үзэж болно. Үүнд:
- Мэдээллийн ил тод байдал: төрийн нууцад хамаарахаас бусад бүх мэдээллийг хүссэн иргэн хүссэн хэлбэрээрээ авах боломжтой байх;
- Үйл ажиллагааны нээлттэй байдал: Төрийн байгууллагуудын аливаа шийдвэр, шийдвэрийн төсөл болон шийдвэр гаргах үйл явцтай холбоо бүхий үйл явцыг баримт бичиг, хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэрээр дамжуулан болон биеэр оролцон ажиглах, санал бодлоо тусгуулах эрхтэй байх;
- Иргэдийн оролцоо: Иргэдийн идэвхтэй оролцоо нь нэг талаас, төрийн үйл ажиллагааны ил тод байдлын илэрхийлэл, нөгөө талаас иргэдийн улс төрийн идэвхийг дэмжих гол хөшүүрэг болдог.
Манай улсад сүүлийн жилүүдэд ардчилсан үйл явцыг дэмжих, төрийн ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн алхмууд нилээд хийгдэж байна. Төрийн үйл ажиллагаа ил тод байх шаардлагыг хүлээн зөвшөөрч, төрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон гол гол хууль тогтоомжид ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Тухайлбал, Монгол улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Авлигын эсрэг хууль, УИХ-ын 2004-2008 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, УИХ-ын 2004 оны 24 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн баримт бичиг зэргийг дурьдаж болно. Мөн “Төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх”, “Сайн засаглал”, “Ардчилсан парламентын чадавхийг бэхжүүлэх нь” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын тухай асуудал ямар нэгэн хэмжээгээр тусгагдаж ирсэн. (Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлын эрх зүйн зохицуулалтын талаар дараагийн дугаарт авч үзэх болно).
Иргэний нийгмийн байгууллагуудаас, тухайлбал Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод, нээлттэй байдлын асуудалд ач холбогдол өгч “Төрийн ил тод байдал” сэдвийн хүрээнд төрийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчны зохицуулалт, улсын төсвийн ил тод байдал, газар олголтын ил тод байдал, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, сонгуулийн ил тод, шударга байдал сэдэвт форумыг удаа дараа зохион байгуулж, зөвлөмж гарган, түүний хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хөндлөнгийн хяналт хийж байгаа нь сайшаалтай юм.
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудад 2007 оны 4-р сард “Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах” талаар 18 зүйл бүхий зөвлөмж гарган хүргүүлсэн байна. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилтэд Авлигатай тэмцэх газрын захиалга, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр Глоб интернэшнл ТББ- аас мониторинг хийж 107 төрийн байгууллага, 104 албан тушаалтан, 106 ажилтан, 319 иргэнийг хамруулжээ.
Төрийн ил тод байдлыг мэдээллийн ил тод байдал, хүртээмж, үйл ажиллагааны нээлттэй байдал, иргэдийн оролцооны чиглэлээр дэлгэрүүлэн авч үзье.
[1]. Мэдээллийн хүртээмж, ил тод байдал: Ил тод, хариуцлагатай ардчилал нь мэдээллийн эрх чөлөөг хүлээн зөвшөөрч баталгаажуулахтай салшгүй холбоотой бөгөөд анх 1766 онд Шведэд төрөөс мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хууль батлагдаж, төрийн ил тод байдлыг хангахад чухал алхам болсон ба иргэддээ мэдээллээр үйлчлэх нь ардчилсан төрийн салшгүй шинж болж ирсэн. Энэхүү хуулийн дагуу Шведийн нийт иргэд өөрсдийн хүсч буй албан бичиг, баримтыг чөлөөтэй уншиж танилцах эрхтэй, төрийн бүх байгууллагууд тэдний хүссэн мэдээллийг өгөх үүрэг хүлээх болсон. Өөрөөр хэлбэл, “санал бодлоо чөлөөтэй солилцох, бүх төрлийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд Шведийн иргэн бүр албаны бичиг баримтыг үзэх эрхтэй”[4] хэмээн хуулиндаа заасан байна.
Манай улсад одоо мөрдөгдөж буй зарим хууль тогтоомжид мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалт байгаа хэдий ч энэ нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийг хэрэглэх, мөрдүүлэхэд зориулагдсанаас бус, иргэд хүссэн мэдээллээ олж авахад зориулагдаагүй гэж үзэж болохоор байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар хэрхэн мэдээлэх тухай тодорхой зохицуулалт байхгүй байна.
Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өргөн баригддаг ч одоо болтол батлагдаагүй, байгууллага нууцдаа хамаарах асуудлын жагсаалтыг өөрсдөө гаргадаг, төрийн байгууллагын хэвлэлийн алба, хэвлэлийн төлөөлөгчид нь байгууллагынхаа талаар олон нийтэд мэдээлэл өгөх гол үүргээ хэрэгжүүлэхийн оронддарга, албан тушаалтныг сурталчилж, тэднийг хамгаалсан үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд хүргэх шаардлагатай зарим мэдээллийг байгууллагын нууц нэрээр иргэд, хэвлэлийн байгууллагад өгөхгүй байх зэрэг явдал газар авах шинжтэй болж байна[5].
Иргэдийн мэдээлэл олж авах боломж ямар байгааг дорх судалгаанаас[6] харья.
Зураг1
Та төр засгийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээллийг хүссэн цагтаа авч чаддаг уу? (боловсролын түвшнөөр)
Глоб интернэшнл ТББ-аас хийсэн судалгаанд хамрагдсан төрийн байгууллагуудын 52 хувь нь иргэдийг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор вэб сайттай болсон боловч эдгээрийн 20 хувь ажилладаггүй, 21 хувь нь л тогтмол мэдээллээ шинэчилдэг, 17 хувь нь шинэчлэлт өөрчлөлт хийдэггүй, үлдсэн 45 хувь нь 2 сараас 2 жилийн өмнөх мэдээлэлтэй байна[1]. Судалгаанаас мэдээллийн олдоц, хүртээмж хангалтгүй, иргэд хүссэн цагтаа хэрэгцээтэй мэдээллээ олж авч чаддаггүй нь харагдаж байна.
- Үйл ажиллагааны нээлттэй байдал: Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах үйл ажиллагаа, шийдвэрийн төсөл, гарсан шийдвэрүүд иргэдэд нээлттэй байх боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах талаар Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжид “байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тухайн байгууллагын ажилтнуудад нээлттэй байх, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэд, хуулийн этгээдэд нээлттэй болгох” хэмээн тусгажээ.
Мөн УИХ-ын чуулганы ажиллагаа болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудал, иргэдийн амьдралын чухал асуудлыг шийдэх эрх бүхий нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, иргэд тухайн хурлын хуралдааныг хөндлөнгөөс чөлөөтэй ажиглах эрхтэй байна. Энэ талаар УИХ-ын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан байна.
Төрийн байгууллагуудын эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг үйл ажиллагаа ил тод байж, энэ тухай шийдвэр, холбогдох мэдээллийг иргэд, сонирхогч талуудад хүссэн үед нь танилцуулах, нээлттэй байдлыг бүрдүүлэх хэрэгтэй юм. Глоб интернэшнл ТББ-аас явуулсан судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан 110 байгууллагын 8 хувь нь хууль тогтоомжоороо тус байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг ил тод явуулахыг хориглосон, 92 хувь нь олон нийтэд ил тод байлгаж, танилцах боломжоор хангасан байна. Харин гадаад харилцааны албад, газрын албад, АМГТХЭГ, мөрдөн шалгах, цагдаагийн байгууллага, тамгын газруудад энэ нь хэрэгжихгүй байна[2] гэсэн дүгнэлт гарчээ.
- Иргэдийн оролцоо: Шийдвэр гаргах болон бодлого боловсруулах явц дахь иргэдийн оролцоо нь ил тод байдлыг хангах нэгэн арга хэрэгслэл юм. Иргэдийн идэвхтэй оролцоо гэдэг нь бодлого боловсруулах асуудлаар санал солилцоход иргэд, тухайлбал, бодлогын хувилбаруудыг санал болгох зэргээр тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг хэлнэ[3]. Бодлого тодорхойлох, эцсийн шийдвэр гаргах эрхийг төр өөрөө эдэлнэ. Иймээс бодлого боловсруулах явцад иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно.
УИХ-аас хуулийн төсөлд иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгахын тулд хурал, семинар зохион байгуулах, төслийг интернетэд байрлуулж санал авах, олон нийтийн санал асуулга явуулах, иргэд, иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулан хамтран ажиллах зэрэг арга хэлбэрээр олон нийтийн саналыг тусгах ажил тодорхой хэмжээгээр хийгдэж байна.
Америкчууд 7 хоног тутмын ажлын 5 өдөр хэвлэгдэн гардаг Федерал Режистр сониноор дамжуулан батлахаар төлөвлөж буй хууль дүрмийн төсөлтэй танилцдаг. Хуулинд заасны дагуу хүссэн хүн бүхэн уг асуудлын талаар саналаа чөлөөтэй илэрхийлж, бичгээр, и-мэйлээр болон өөрийн биеэр танилцах боломжийг олгох ба хэрхэн саналаа өгөх талаар дэлгэрэнгүй заавар өгсөн байна. Санал авах хугацаа дууссаны дараа тухайн ард иргэдээс авсан саналууд, түүнийг шийдвэрт хэрхэн тусгасан талаар дээрх сониноор эргэж мэдээлдэг байна. Сонины дугаар бүрийг олж авах боломж нээлттэй бөгөөд сонины хуулбарыг нийтийн номын сан болон коллеж, түүнчлэн интернетээс олж үзэж болдог байна. Р.Бурмаа, Хууль тогтоох үйл явцын ил тод байдал, Төрийн ил тод байдал эмхэтгэл, УБ, 2006 он, 26 дахь тал
Иргэдийн оролцооны нэг чухал хэлбэр нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, хүсэлтээ гаргах явдал юм. Энэ асуудлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Дүгнэлт
Төрийн ил тод, нээлттэй байдлын тухай асуудал нь өнөөдөр зайлшгүй хөндөгдөх чухал асуудал болоод байна. Учир нь энэ нь ардчилсан төрийг төлөвшүүлэх үндэс юм.
Манай улсад энэ чиглэлээр хийгдэж буй ажлууд, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, хуулийн зарим зохицуулалт байгаа ч энэ нь эхлэлийн төдий, хуулийн зохицуулалт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхойгүй зэрэг асуудлууд тулгамдаж байгаа тул цаашид иж бүрэн судалгааны ажил хийж, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, хянах механизм бүрдүүлэх хэрэгтэй байна.
Мөн төрийн байгууллага үйл ажиллагаагаа нээлттэй, иргэдийн сонирхолд нийцсэн хэлбэрээр явуулж буй эсэхэд хяналт тавихад иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоо, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байна.
Ашигласан материалын жагсаалт:
- Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь, УБ., 2006 он
- Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ, УБ., 2006 он
- Д.Лүндээжанцан, Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, Нээлттэй нийгэм форум, Төрийн ил тод байдал эмхтгэл, УБ, 2006 он
- Төрийн ил тод байдал: нийгмийн баялгийн хуваарилалт форумын эмхтгэл, Нээлттэй нийгэм форум, УБ., 2006 он
- Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал: Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн мониторинг, Глоб Интернэшнл ТББ, УБ., 2007 он
- Төр, иргэний түншлэл, Нээлттэй нийгэм форум, ЭЗХАХБ., УБ.,2007 он
- Шведийн Хэвлэлийн эрх чөлөөний тухай акт
- icnrd5-mongolia.mn
[1] Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал: Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн мониторинг, Глоб Интернэшнл ТББ, УБ., 2007 он, 11 дэх тал
[2] Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал: Авлигатай тэмцэх газраас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн мониторинг, Глоб Интернэшнл ТББ, УБ., 2007 он, 9 дэх тал
[3] Төр, иргэний түншлэл, Нээлттэй нийгэм форум, ЭЗХАХБ., УБ., 2007 он, 18 дахь тал
[1] Д.Лүндээжанцан. “Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал”, Нээлттэй нийгэм форум, Төрийн ил тод байдал эмхэтгэл, УБ, 2006 он, 9 дахь тал
[2] Ардчилсан засаглал, нээлттэй нийгмийн нэр томъёоны тайлбар толь, УБ., 2006 он, 59 дэх тал
[3] Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ, УБ., 2006 он, 7 дахь тал
[4] Шведийн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай акт”, 2-р бүлгийн 1 дэх заалт
[5] Д.Лүндээжанцан, “Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал”, Нээлттэй нийгэм форум, Төрийн ил тод байдал эмхэтгэл, УБ, 2006 он, 13 дахь тал
[6] www.icnrd5-mongolia.mn