Ц. Одгэрэл
/МУИС-ийн докторант/
Шинэ толь №64, 2009
Түлхүүр үг:
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхий даяар өргөн тархсан бөгөөд тухайн нийгмийн хөгжлийн түвшин, нийгмийн анги бүлгээс үл хамаарсан нийтлэг шинжтэй сөрөг үзэгдлүүдийн нэг билээ. Хэдийгээр дэлхий даяар эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн зөрчил болох талаас нь анхаарч тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо буурахгүй хэвээр байна. Нийт эмэгтэйчүүдийн 20-50 хувь нь эрэгтэйчүүдийн зүгээс халдсан хүчирхийлэлд өртсөн тухай илрүүлээд байна[1].
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь нэг талаас нийгмийн бүтэц, тодруулбал, эрх мэдлийн бүтцээс хамаарч байна. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн шинжтэй үйлдлийг хүчирхийллийн бус гэж үзэх, эсхүл хайнга хандах соёлын итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцооноос буюу соёлоос хамаарч байна. Эцгийн эрхэт ёс бүхий ихэнх нийгмүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл байсаар байгаагийн суурь шалтгааныг соёлын уламжлал, шашинтай холбон тайлбарлаж байна. Иймд нүүдэлчний амьдралын хэв маяг хийгээд буддын шашны итгэл үнэмшилд суурилсан Монголчуудын уламжлалт зан заншил, шашны эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд түлхэц үзүүлж буй байдлыг тодорхойлон улмаар бурангуй үзэл хандлагыг өөрчлөхөд үр нөлөө бүхий арга замыг судлан тодорхойлох шаардлагатай байна.
Энэхүү өгүүллээрээ Монголчуудын уламжлалт зан заншил, шашны эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд түлхэц үзүүлж буй талуудыг тодруулан хэлэлцүүлэхэд чиглэлээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлыг уламжлалт соёл зан заншилтай холбон авч үзэх нь суурь судалгааны асуудал бөгөөд маш их хэмжээний баримт мэдээлэл, түүнийг цуглуулахад ихээхэн хэмжээний цаг хугацаа шаардсан ажил билээ. Иймд богино хугацаанд уг судалгааны ажлыг хийхдээ цөөн тооны түүхэн баримт бичиг, холбогдох бүтээл туурвил, аман зохиолын эх сурвалжууд, судлаачдын хоёрдогч мэдээлэлд тулгуурлан авч үзлээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хамгийн түгээмэл хэлбэр болох хүчингийн гэмт хэрэгт монголчууд бид хэрхэн ханддаг байсан бэ? Чингис хааны “Их засаг хууль’’-д шалиг буруу хурьцал үйлдсэн этгээдийг цаазалдаг байснаас нь харахад эмэгтэйчүүдийг хүчиндэх хэргийг ихээхэн буруушааж байсныг харуулах юм. Алив хүн бусадтай садарласныг гэрлэсэн эсэхийг ялгаварлалгүйгээр цаазаар аваачмой[2] хэмээн заасан байдаг аж. 17-19-р зууны хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Халх журам хуульд “ноёд ноёдын хатанд, ноён харц хүний эмд, харц хүн харцын эмд орох, эм хүн эр хүний өвөрт орох, хөнжлийн захаас татах гэм үйлдвээс торгон шийтгэнэ” гэж заасныг харахад хүчирхийлэл үйлдэгчид оногдуулах ял зэм нэлээд хөнгөрсөн байна.
Гэвч хожмоо энэ байдал нэлээд өөрчлөгдсөн бололтой. XX зууны эхээр И.М.Майский монгол эмэгтэйчүүд өөр хаана ч байхгүй өвөр султай гээд хүчингийн гэмт хэргийг хэрхэн ялладаг тухай асуухад тэр үеийн нэгэн номтой лам “За да манайд ч ийм гэмт хэрэг байдаггүй, манай хүүхнүүд ердөө ч татгалздаггүй амьтад шүү дээ” хэмээн хариулсаныг бичжээ. Ийнхүү бичсэн нь хоёр утгатай. Эхнийх нь шууд ойлгогдох утга. Харин хоёр дахь нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг хүчирхийлэл гэж үл тоох, хайнга хандаж байгааг илтгэнэ. Түүнчлэн Ховдын хязгаарт хүчингийн хэрэг үйлдэгчээс эмээлтэй морийг нь авах шийтгэл оногдуулаад өнгөрдөг байсан тухай И.М.Майский өгүүлсэн байна[3].
Халх журамд Монголын нийгэм, эдийн засаг, эрхийн харилцаа, угсаатны зүй зэрэг монголын нийгмийн бүхий л талыг хамарчээ. Энэ хууль цаазаар бусадтай явалдах, угсаатан гаралтай хүн дорд гаралтай эмд орох, харц хүн харц гаралтай эмд орох, ноёд хүүхдээ гэрлүүлчихээд өөр угсаа гаралтай хүнд өгвөл торгох, ташуурдах, хятадад боол болгох, мал эд хөрөнгийг нь хураах зэрэг шийтгэлүүдийг хэрэглэж байжээ. Энэ нь кастын шинжтэй харилцаа байсныг харуулж байна. Тухайн үедээ энэ нь хуулиар зохицуулсан хүний ёсноос харш эр эмийн харилцаа, зан байдал, садар самуун, хүчирхийллийн эсрэг авч байсан арга хэмжээнүүд байсан байна. “Ойрд цааз” хуульд эмэгтэй хүний хөх барих буюу үнссэн хүний бэлэг эрхтнийг ил гаргаж, жанчих гэсэн заалт байдаг байна.
Ер нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг буруушаадаггүй нийгмүүдэд хүчингийн хэрэг бүртгэгддэггүй бөгөөд харин эмэгтэйчүүд нь завхай, өвөр султайдаа биш бололтой. Хүчингийн хэргийг үл хэрэгсэх газар иймэрхүү үйлдэл нь хэвийн зан үйлийн адил төлөвшиж, оршин буй жендэрийн эрх мэдлийг бүтцийг хадгалан дэмжиж, хохирогч нь өөрийгөө хүчирхийлүүлж байна гэж үздэггүй талтай. Соёлын релятивист хандлагын үүднээс уламжлалт соёлын хувьд энэ үйлдэл нь хүчингийн гэмт хэрэг биш байж магад ч олон улсад тогтсон хүний эрхийн үүднээс авч үзвэл арай өөрөөр хандах ёстой болов уу. Соёлын релятивист хандлага нь олон соёл бүхий үндэстнүүд зэрэгцэн амьдран байгааг хүлээн зөвшөөрсөн нэгэн дэвшил байсан хэдий ч, хүний эрхэд халдсан аливаа үйлдлийг авч үзэхдээ уг хандлагаар авч үзэх нь учир дутагдалтай юм.
Богтлох, хулгайлах, хүчээр бэр буулгах ёс байсан нь эмэгтэйчүүдийн дарлагдсан байдлын илэрхийлэл хэмээн социализмын үед авч үзэж байсан бөгөөд энэ нь ч зүй ёсны зүйл билээ. Уламжлалт зан заншил талаас авч үзвэл эдгээр ёс нь зан заншлын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бол өнөөдрийн хүний эрхийн үзэл баримтлалын үүднээс авч үзвэл насан туршид нь биеийг нь үнэлүүлж буй эсхүл насан туршид нь хүчирхийлж буй ноцтой үйлдэл. Судлаач Чимидцэрэн эмэгтэйчүүдэд чиглэсэн эдгээр бурангуй ёсыг халахад социалист төр ихээхэн анхаарал тавин ажиллаж, амжилтад хүрсэн[4] тухай өгүүлсэн байдаг. Үнэхээр социализмын үед гэр бүл болох богтлох, хулгайлах, наймаалах зэрэг бурангуй ёсыг маш бага түвшинд хүртэл буулгаж чадсан билээ.
Антропологичдын үзэж байгаагаар гэрлэлтийн полигами харилцаа нь хаад, ноёд, ихэс дээдсийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн харилцаа байжээ. Гэхдээ тэжээгчээ буюу нөхрөө алдсан эхнэр, хүүхдийг нөхрийнх нь эцэг, ах, дүү гэх мэт хамаатны хэн нэгэн эрэгтэй эсхүл итгэж дааж үлдээсэн эрийн мэдэлд үлдээдэг байсан нь полигами харилцааны хүрээнд багтах болов уу.
Эрэгтэй, эмэгтэй хүний талаар уламжлалт соёлын хувьд хэрхэн тодорхойлж байсныг зан заншлын тайлбар толь тодорхойлсонд тулгуурлан авч үзье.
Хүснэгтээс харахад эцэг хүнийг өрх гэрийн өмөг түшиг бөгөөд төлөв түвшин, ухаалаг, аж төрөх ёс, овсгоог хослуулсан эрхэм хүн гэжээ. Харин эх хүний талаар нэг талаас сайн ээж байх, хоёрт цэвэр цэмцгэр байх, гуравт, бусдад ялангуяа нөхөрт халамжтай, хайр энэрэлтэй байх талаас нь тусгажээ. Тодруулбал. нөхрийг эхнэрээ өвдөж зовох үед нь халамжлах ёстой хэмээн үздэг байсныг холбогдох эх сурвалжуудад дурьджээ.
Манай уламжлалт зан заншилд нүүдэл суудал хийх, буурь бууц сонгох, наймаа арилжаа хийхдээ нөхөр нь эхнэртэйгээ зөвлөдөг[1], хамтран шийддэг байсан нь эрт дээр цагаас эхнэр, нөхөр хоёр эвтэй найртай байж бие биенээ хүндэтгэдэг байсныг гэрчлэхээс гадна өрхийн эдийн засгийн шийдвэрийг хамтран гаргадаг байсныг илтгэх юм. Ийнхүү нүүдэлчин эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл бусад патриархат нийгмүүдийн хаана ч байгаагүйгээр өндөр байсан хэмээн судлаачдын өгүүлснийг баталж байна.
Ардын хувьсгалаас өмнө айлд бэр орсон эмэгтэй хадам эцгийнхээ гал голомтонд мөргөдөг ба хадам эцэгтэйгээ нэг хотонд амьдардаг бол өглөө эрт босож өрхийг нь татаж цай чанаж өгдөг, хадам эцгийнхээ тоононы голоос хол гардаггүй байжээ[2]. Энэ нь зөвхөн өөрийн эр нөхөр, үр хүүхдээ халамжлах бус, хадам эцэг эхээ халамжлах үүргийг давхар хүлээж байсныг гэрчлэх юм. Хоол унд бэлдэх, тоононы голоос дээш гардаггүй явдал нь бэр хүн гол тогооны хүн гэдэг үүднээс хандаж байсныг харуулах болов уу.
Монголд эрт дээр үеэс тогтож байсан зан заншилд хадам эцэг, бэрийн харилцаа нарийн байсныг олон ном бүтээл, эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг нь сонирхолтой. Тухайлбал, Монгол ёс зан заншлын дунд тайлбар тольд хадам эцэг бэрийн сэтгэлд сэв сууна, бэрийг зовооно гэж ажил төрөл хийж байх үед, үс гэзгээ янзалж байх үед нь аль болохоор үзэгдэхгүй байх, саад болохгүйг хичээдэг байсан ба ер нь хадам эцэг хүүгийнхээ гэрээр цөөн орох ёстой гэжээ. Хэрэв бэр хадам эцэгтэйгээ нэг хотонд амьдардаг бол өглөө эрт босч хадмынхаа өрхийг татан цайг нь чанаж өгдөг ба хадмын гэрийн баруун талаар эргэж тойрч явахыг эрс хатуу цээрлэдэг байсан байна[3]. Энэ нь монголчуудын баруун талыг дээдлэх ёстой нь холбоотой бөгөөд баруун талыг төрийн хар хүн, өрхийн тэргүүний тал гэж үзэж ханддаг байсан нь эх сурвалжуудад хийсэн дүн шинжилгээнээс харагдаж байгаа билээ. Энэ байдал нь “Бэр хадам эцгийнхээ ороод суу гэхээс өмнө дур мэдэн суухгүй, суу гэсэн тохиолдолд гэрийн зүүн талд, хадам эхийн доод талд суудаг ёстой” байжээ. Үүний нэг жишээ нь Урианхайн ёсонд бэр хүний суух суудал, хадам болон ахмад хүмүүстэй харилцах ёс зан заншил хатуу зан заншилтай байжээ. Жишээ нь, бэр хүнийг дархлах ёсонд буюу бэрийн цээр тайлагдах хүртэл бэр хүн “хадмуудаа суусны дараа суух ба суухдаа тоононы зүүн цагиргаас дээш гарахгүй, хадам аавдаа аягалсан цайгаа гараараа өгөхгүй бусдаар дамжуулж өгнө, өглөө эрт босож хадам аавынхаа өрхийг татаж, галыг нь түлнэ, хадам ээжийнхээ орыг засаж хөлийг нь хучна, ингэхдээ хадам аавынхаа оронд ер ойртохгүй, гэрийн бүх хүн хэвтэж амарсны дараа амарна, хадам аав, ээж болон ахмад хүмүүсийн нэрийг хэлэхийг хатуу цээрлэдэг[4] заншилтай байжээ. Монголчуудын дунд бүсгүй хүнийг “айлын хүн” хэмээн нэрийддэгийн учир нь нөхөрт гарсаны дараагаар нөхөр, үр хүүхэд, хадам эцэг эхийг халамжлах үүргийг хүлээн амьдардагтай нь холбоотой юм.
Гэхдээ монголын үлгэр туульст эмэгтэйчүүдийг цэцэн бэр бол ёгт далд утгыг сэтгэж тайлдаг, ёрлосон муу үйлийг сэрэмжлэн зайлуулдаг, нөхрийнхөө болон хадамынхаа саар талыг эерэгээр мэдрүүлж, сайн явдлыг урамшуулан дэмждэг сэтгэлийн тэнгэр, ухааны наран гэжээ. Цэцэн бэрийн эрдэм өрх гэртээ төдийгүй түмэн олон, төр улсдаа түшиг тулгуур болдгийг үлгэрт мөнхжүүлж түүхэнд үлдээснээс харвал эмэгтэй хүний оюун ухааны ур чадварыг эрэгтэйчүүдээс дор биш харин ч илүү гэдэг талаас тодорхойлж байжээ гэж үзэх үндэс байна. Мөн ухаалаг эмэгтэйн оролцоог хүлээн зөвшөөрч байсныг илтгэх юм.
Гэрийн эзэн гоёлын хувцсаа өмсөөд, бүрэн хэрэглэлтэй эмээлээ тохож ачааг хөтөлдөг заншилтай. Нүүх өглөөгөө эхнэр нь эртлэн босоод цайгаа чанаж, үнээ малаа саагаад өлзийгөө өгсөн нутаг хэмээн хангай дэлхийдээ дээж өргөж дараа нь цайлцаад нүүдэг. Ийнхүү нүүдлийн МАА эрхэлж ирсэн монгол орны нөхцөлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хооронд тодорхой зааг үүсэж олон жилээр уламжлагдсаар ирсэн билээ. Эрэгтэйчүүд ихэвчлэн бод малын хариулга, арчилгаа, маллагаа, уналга эдэлгээнд сургах, хашаа саравч барих, худаг ус гаргах, өвс тэжээл бэлтгэх[5] зэрэг ажил эрхэлдэг байсан бол эмэгтэйчүүд бог мал хариулах, мал саах зэргээр мал маллах ажиллагаанд оролцож иржээ. Мөн То Вангийн сургаалд өрхийн доторх гишүүдийн тухайлбал нөхөр, эхнэрийн үүргийг тодорхойгоор заасан байна. Нөхөр нь “Мал адуулан аргал түүх зэргээр үйлдвэрт явж” байх ба харин эхнэр нь оёх, засах сэлбэх, малын хэвтэр засах зэргээс гадна үр хүүхдээ гэр малын ажилд сургах зэргээр хүмүүжүүлэх үүрэгтэй гэжээ. Мөн То Вангийн сургаалд хошуу, харц ардууд харилцан гэр бүл бололцохдоо хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн сүй бэлэг өгч авалцахыг цаазалж байсан ба эхнэрээ хаях, олон удаа эхнэр авахыг хориглож байжээ[6].
Эрт дээр үеэс Монголчууд эрэгтэй хүүхдээ төрийн хар хүн болгон 10-12 настайд нь өдөр судар үзэн байж нутаг усандаа хүндтэй хүнээр “гэзэг” тавиулахдаа дараахь ерөөлийг тавьж хадаг өгдөг заншилтай ажээ.
Албаны ихийг үзэж
Манзны ихийг чанаж
Айл хүний ахлагч болж
Аймаг түрүүний түрүүч болж яваарай
Энэхүү төрийн хар хүн нь өрхийн тэргүүлэгч байдаг бөгөөд энэ хүн бол эрэгтэй хүн билээ. Ингэхээр төрийн үйл хэргийг эрэгтэй хүний үйл хэрэг гэдэг үүднээс харж байсныг илтгэх юм. Мөн төрийн хар хүн гэртээ зүүн хойморь суух ба малгай, дээл, бүс, гутлаа өмсөх, тайлах, тавих тогтсон ёстой байжээ. Тэгэхээр гэр бүл дэх эхнэр нөхрийн эрх мэдлийн харилцаа нь төрийн эрх мэдлийн бүтцэд хүргэж байна.
Жишээ:
· Сайн бэр айлд ирээд галд нь 3 мөргөдөг.· Гэрийн эзэгтэй цайны дээжийг уул хангай, бурхан шүтээндээ өргөдөг.· Гэрийн эзэгтэй хоол цайныхаа дээжийг зочиндоо өгөхөөсөө өмнө гэрийн эзэнд өгдөг. Гэрийн эзэн үгүй бол дээжийг нь аяганд үлдээнэ.· Лам хүний орон дээр хүн суудаггүй, эмэгтэй хүний орон дээр эрэгтэй хүн суудаггүй· Давхар малгай өмсдөггүй, хоёр эхнэр авбал муу ёр гэж үздэг· Эмэгтэй хүн эр хүний дэргэд үсээ самнахыг цээрлэдэг· Эр хүн эмэгтэй хүний дэргэд бэлэггүй үг, хараал хатуу үг хэлэхийг цээрлэдэг· 18 нас хүрээгүй хүн айлд ороод тооны голоос өнгөрч суудаггүйгээс гадна эмэгтэй хүн айлын хоймор голлон суудаггүй· Жирийн хүн ахмад хүний, эм хүн эр хүний урдуур гардаггүй· Эм хүн эр хүнд бардамнахыг, эр хүн эм хүнд бярлахахыг цээрлэдэг |
Эх сурвалж: Монголын ёс заншлын товчооноос
Монголын уламжлалт зан заншил болон тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн баримт бичгүүдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн үүрэг хуваарь, эмэгтэй хүний болон эрэгтэй хүний сайн болон муу шинжүүд, хадам бэрийн харилцаа, бэрийн сахих ёс, эр эмийн ёс, ёс бус харилцаа, хүлээх хариуцлага, шийтгэл зэргийн талаар ихэвчлэн авч үзсэн байна. Эдгээр баримт бичигт өгүүлсэн зарим зан заншил одоо ч Монголын нийгмийн амьдралд үйлчилж байгаа. Тухайлбал, эцгийн эрхэт ёсны хандлага, эрэгтэй, эмэгтэй хүний шинжүүдийн талаарх ойлголт хандлагууд одоо ч байсаар байна. Жишээ нь, “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт хандлага” судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын дийлэнх нь эмэггэй хүн бол гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ түшигтэй, гэр орноо авч явдаг, үйлэнд уран, унд хоол сайтай, олсон мөнгийг зөв зарцуулдаг зэрэг байх үзүүлэлтүүдийг эмэгтэй хүний сайн шинжүүд гэж үзэж байсан билээ. Энэхүү хандлага нь эмэгтэй хүний тухай, эрэгтэй эмэгтэйчүүдийн талаарх баримталж ирсэн үнэлэмж баримжаалалтай холбогдож байна.
- Тогоо хагаравч тулган дотроо
- Эр эм цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ.
- Эр эмийн хооронд илжиг бүү жороол
- Эхнэр, ямаа хоёрыг сардаа нэг зод.
- Хүүхдээ зодох нь барцадыг нь арилгадаг.
- Эр муу эмийн дээр
- Шувуу хэдий жигүүртэн ч үрээ тэжээдэг. Эр хэдий муу ч эмээ тэжээдэг.
- Эмэгтэй хүний үс урт ухаан богино.
- Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй.
- Эмэгтэй хүний үг үг биш, илжиг луусын жороо жороо биш.
- Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гарна.
Одоо Монгол ардын зүйр цэцэн үгс дотроос эмэгтэйчүүд, жендэрийн харилцаатай холбогдох үгсийг авч үзье. Тогоо хагаравч тулган дотроо, эр эм цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ, Эр эмийн хооронд илжиг бүү жороол, Эхнэр, ямаа хоёрыг сардаа нэг зод, Хүүхдээ зодох нь барцадыг нь арилгадаг, Эр муу эмийн дээр зэрэг зүйр цэцэн үгс нь хүүхэд болон эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлыг зөвтгөсөн, гэр бүлийн дотоодын хэрэг болох талаас нь анхаарчээ. Эдгээр зүйр цэцэн үгс нь өнөө хэр жирийн иргэдийн дунд өдөр тутамд хэрэглэгдсэн хэвээр байгаа нь анхаарал татаж байгаа ба судалгааны дүнгээс харахад хүлээн зөвшөөрөх явдал нэлээдгүй байгаа[7] нь харагдаж байгаа билээ.
Шувуу хэдий жигүүртэн ч үрээ тэжээдэг, Эр хэдий муу ч эмээ тэжээдэг, Эмэгтэй хүний үс урт ухаан богино, Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй, Эмэгтэй хүний үг үг биш, илжиг луусын жороо жороо биш, Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гарна зэрэг үгс нь “Нөхөр бол тэжээгч”, “эмэгтэй хүний амьдрал нөхрөө дагадаг”, “эмэгтэй хүний гол үүрэг бол гэр орны ажил” гэх мэтчлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үүргийг тодорхойлсноос гадна эмэгтэй хүний оюуны чадавхийг дорд үзсэн утгыг илэрхийлж байна. Мөн эдгээр үгс нь өнөө хэр олон нийтийн дунд нийтлэг хэрэглэгдсэн хэвээр байна[8].
Дүгнэлт
Нүүдэлчин монголчуудын уламжлалт соёл, зан заншлын хувьд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг ихэд буруушаан, хүнд ял тулгадаг эртний уламжлалтай байсан хэдий ч, түүхэн өөрчлөлтийн явцад гээгдэж, улмаар үл хайхрах хандлага дэлгэрэх болжээ. Уламжлалт соёлын хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэлээд нарийвчлан тодорхойлсон бөгөөд гэр бүл дэх жендэрийн бүтэц буюу хөдөлмөрийн хуваарь, эрх мэдлийн бүтэц нь төрийн институцид шууд илэрч байна. Түүнчлэн монгол эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн эрх мэдэл бусад патриархат нийгмүүдийнхээс давуу байгаа нь нэгэн онцлог бололтой. Гэхдээ уламжлалт соёлд эмэгтэй хүн үр хүүхдээ төдийгүй, нөхөр, хадам эцэг эхийг асрамжлагчийн үүрэгтэй байгаа нь онцлог байна. Хэдийгээр цэцэн бэрийн домог зэргээр эмэгтэйчүүдийн оюуны чадавхийг үнэлж байсны зэрэгцээ дорд үзэх, сул дорой гэж тооцох хэлц үгс нэлээдгүй байсан бөгөөд тэдгээр үгсийн утгыг зөвшөөрөх хандлага өнөө хэр олон нийтийн дунд түгээмэл байгаа нь харамсалтай. Түүнчлэн “Нөхөр бол тэжээгч”, “эмэгтэй хүний амьдрал нөхрөө дагадаг”, “эмэгтэй хүний гол үүрэг бол гэр орны ажил” зэргээр жендэрийн бүтцийг илэрхийлсэн хэлц үгс ч байна.
Ийнхүү эцэст нь нэгтгэн дүгнэхэд аж ахүй дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, ачаалал өндөр байгаа ч, эрх мэдлийн хувьд доогуур буюу эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдээс хамаарал бүхий уламжлалт соёл оршин байсан нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл хайхрах хандлага бүрэлдэн тогтох үндэс суурь болжээ. Энэ нь өнөө хэр тодорхой хэмжээгээр үргэлжилсээр байна.
Ном зүй
- Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын бага тайлбар толь. УБ., 1990
- Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын дунд тайлбар толь. УБ., 1990
- Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын их тайлбар толь. УБ., 1992
- И.Майский. Орчин үеийн Монгол (Автономит Монгол XX зууны гараан дээр) орч. УБ., 2001
- Ш.Нацагдорж То вангийн сургаал. УБ. 1968
- Б.Онон. Соёл уламжлал: эмэгтэйчүүдийн хүний эрх. Хүний эрх сэтгүүл: 2006\3
- И.Риоко. Монгол улс дахь эмэгтэйчүүдийн талаархи судалгааны чиг хандлага ба судалгааны танилцуулга.
- Б.Тогтохбаяр. Жендэрийн тэгш эрхийн онолын асуудал ба Монголын соёл уламжлал хэвлэл мэдээллийн бодлогод нөлөөлж байгаа нь. Хүний эрх сэтгүүл: 2006\3
- ХЭХТ. Олон нийтийн ЭЭХ-ийн асуудлаархи ойлголт, хандлагыг тандан шинжлэх нь. Хэвлэгдээгүй. 2008
- Чимидцэрэн Э. БНМАУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөлөлт ба түүх УБ., (1971)
- WHO. Multi-country study on Women’s Health and Domestic violence against women. 2005
[1] WHO. Multi-country study on Women’s Health and Domestic violence against women. 2005
[2] Майский И. Орчин үеийн Монгол: Автономит Монгол XX зууны гараан дээр. УБ. 2001: 55-56
[3] Майский И. Орчин үеийн Монгол: Автономит Монгол XX зууны гараан дээр. УБ. 2001: 55-56
[4] Чимидцэрэн Э. БНМАУ-ын эмэгтэйчүүдийн чөлөөлөлт ба түүх УБ., 1971
[5] Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын бага тайлбар толь УБ., 1990: 127
[6] Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын дунд тайлбар толь. УБ 1990: 74
[7] Мөн тэнд: 262
[8] Мөн тэнд: 351
[9] Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу. Монгол ёс заншлын дунд тайлбар толь. УБ., 1990
[10] Ш.Нацагдорж То вангийн сургаал. УБ. 1968, 69-70, 79
[11] ХЭХТ. Олон нийтийн ЭЭХ-ийн асуудлаархи ойлголт, хандлагыг тандан шинжлэх нь. Хэвлэгдээгүй. 2008
[12] Мөн тэнд