Э.Бат-Үүл
/Улсын Их Хурлын гишүүн/
Шинэ толь №68, 2010
Түлхүүр үг: Ардчилсан хувьсгал, Эрх чөлөө, Үндсэн хууль, Сонгууль, Төрийн эрх мэдэл
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Анхны цуглааныг зохион байгуулахаар бидний хэдэн нөхөд хэлэлцэхэд надад хэвлэлийн эрх чөлөөний талаар үг хэлэх үүрэг оногдуулж билээ.
Харин би яасан гээч. Олны өмнө үг хэлнэ гэж бодохоор хэл минь ээдэрч, хөл минь чичирч, хөлс минь бурзайж байлаа. Шулуухан хэлэхэд балмагдан сандарч байж билээ.
Шинэ үе нууц бүлгэмийг байгуулалцан Шинжлэх ухааны академийн одон орны хүрээлэнгийн бичгийн машинаар ухуулах хуудас бичиж байхад гар минь чичирч байсангүй. Шөнө дөлөөр ухуулах хуудсаа нааж байхад зүрх минь оволзоогүй. Тагнуулын албаны офицерт байцаагдан, нам, төрд тэрсэлсэн чамд мууг буудаж алах нь юу ч биш гэж хашхичиж байхад нь би, алдвал алдаг л юм байгаа биз, амархан л баригдчихлаа даа гэж бодож сууж билээ.
Гэтэл олон хүний өмнө үг хэлнэ гэхээр хөлс бажгадаад байдаг. Би үг хэлэхээс “мултрахын тулд тухайн үед олонд танигдан, нэрд гарч байсан Базаррагчаа гэдэг жүжигчин залууг гуйж “адаглан” тэр маань миний бэлдэж өгсөн үгийг хэлж байж билээ.
Тэр цуглаан дээр сонордуулсан 14 зүйлт шаардлага ямар оносон зорилт дэвшүүлж байсан нь он одоо эргээд хархад гайхмаар байдаг. Гайхахын учир гэвэл тухай бид ардчиллын тухай Маркс, Лениний сургаалаас өөр үзэл онолыг мэддэггүй байсан. Америк тэргүүтэй ардчилсан улс орнуудын тухай удахгүй мөхөх гэж байгаа зэрэг ер бусын гуйвуулаг мэдээ мэдээллээс өөр мэдээ сонсоогүй юм.
Гэсэн хэдий ч Монголын залуу үеийн нэг хэсэг байсан бидэнд улс маань харийн гүрний хавсарга дагуул, зөвлөлтийг маг дуулахаас бусад мэдээлэл хаалттай, дэлгүүрийн лангуун дээр тавих бараагүй болтлоо дампуурсан эдийн засаг ийм орчинд цаашид байх аргагүй гэдгийг ойлгосон мэдрэмж үүнийг өөрчлөх чин хүсэл тэмүүлэл маань 14 зүйлт шаардлага гаргахад хүргэсэн юм.
Би хувьдаа ардчилсан өөрчлөлтийн төлөө зорин тэмүүлж буй эл 20 жилийг хоёр үед хуваадаг.
Эхний үе нь Монголын нийслэлд шинэ үе нууц бүлгэм ухуулах хуудас нааж эхэлснээс эхлэн, Монгол улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан, ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оныг хамарна.
Монголчууд ардчилсан хувьсгалаа хүчирхийлэлгүйгээр хийж чадсан нь энэ үеийн гол онцлог. Монголын ард түмний хүчирхийлэлгүй хувьсгалыг бахдаж АНУ-ын конгресс Дэлхийд үлгэр жишээ болохуйц ардчилсан хувьсгалыг монголчууд хийлээ гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Европын парламент ч мөн ийм утга бүхий тогтоол гаргаж байлаа. Тэд тогтоол гаргаад зогсохгүй ардчиллын зам руу шуурхайлан орсон манай улсыг бодитойгоор дэмжиж эхэлснийг нэхэн санахад таатай байна.
Бид богино хугацаанд ямар ч хүчирхийллийн ул мөргүй хувьсгал хийж чадсаны учир нь юу вэ гэдгийг янз бүрээр л ярьж бичдэг.
Миний бодоход асуудлын гол нь ардчилсан хүчний удирдагчид хувьсгалыг хүч хэрэглэхгүй хийх зарчмыг тууштай баримталж байв. Энэ нь 3-р сарын 9, 4-р сарын 27-ны эгзэгтэй үед тод харагдаж байсан билээ. Мөн нөгөөтээгүүр тухайн үеийн эрх баригчид шинээр гарч ирсэн ардчилсан хүчинтэй зөвшилцөж нийгмийн санаа бодлыг дагасных. Тэд ардчилсан хүчин тэднийг дэмжигчдийн нэгэн адил Монгол орноо Зөвлөлт Холбоот Улсын дагуул гүрэн, Москвагаас удирдагддаг байлгахгүй байх цорын ганц арга зам нь ард түмэн чөлөөт ардчилсан сонгуулиар өөрийн хүссэн төр засгаа байгуулдаг ардчилсан тогтолцоо юм байна гэдгийг ойлгосон байсан.
1990 оны V сард бид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж нэг намт улс төрийн тогтолцоог халав. 1990 оны VII сард Монголд анх удаа чөлөөт сонгууль явуулан, байнгын ажиллагаатай парламент (Улсын Бага Хурал)-ыг байгуулж, ардчилсан шинэ үндсэн хуультай болох хүртэл үндэсний эвлэлийг сахих үүднээс, сонгуульд ялсан МАХН-ын ерөнхий сайд Д.Бямбасүрэн ардчилсан хүчний төлөөлөлтэй хамтарсан засгийн газар байгуулав. Энэ засгийн газар өмч хувьчлалыг явуулж, үнэ чөлөөлөх зэргээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг эрчимтэй эxүүлсэн. 1992 оны 1 дүгээр сарын 14-нд тухайн үеийн парламентын дээд танхим болох Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан билээ. Ингэж нийгмийг ардчилах эхний үе амжилттай өндөрлөсөн.
Дараагийн үе нь ардчилсан шинэ үндсэн хууль буюу нийгмийн шинэ гэрээгээ амьдрал хэрэгжүүлэх ёстой үе байсан. Харамсалтай нь өнгөрсөн он жилүүдийг эргээд харахад бид демократ төрийн байгууламжаас аажмаар олигарх төрийн хэлбэрлүү шилжсээр байна. Мөнгөний босготой сонгуулийг бий болгосон нь ийм гай гамшгийг даллан авчраад байна. Өмчлөх эрхийн хязгаарлалтан дээр үндэслэсэн засаглалын хэлбэрийг Плато, Аристотель нар олигарх гэж хэлсэн билээ.
Яагаад бид ардчилсан чөлөөт сонгуулиас, сонгогдох мөнгөний босгоор хаасан сонгуулийн хэлбэрт шилжчих вэ?
Шинэ Үндсэн хуулиар тухайн үеийн парламентын дээд танхим болох Ардын Их Хурал үгүй болж 76-хан гишүүнтэй, нэг танхимтай парламенттай болсон. Цөөхөн гишүүнтэй парламент учраас нэг мандатад маш их том нутаг дэвсгэрт тойрог ногдоход хүрсэн. Мэдээж ийм тойрогт их хэмжээн мөнгө зарахад хүрнэ. Засгийн эрхийн төлөө өрсөлдөн, сонгуульд оролцож буй намууд санхүүгийн чадавхаа хүрэлцэхүйц болгохын тулд нэр дэвшигч нартаа зөвхөн нэр дэвшсэний нь төлөө мөнгөний босго тавьсан. Өнөөдөр тэр нь 20 сая төгрөг хүрээд байна. Энэ босго мөнгийг нэр дэвшигч нар ихэвчлэн хувиасаа өгдөг. Мөн тухайн тойрог дээр хийгдэх сонгуулийн ажлын зардлыг өөрөөсөө гаргадаг. Өнгөрсөн сонгуулийн үеэр тойрог дээрх сонгуулийн ажилдаа тэрбумаар нь мөнгө зарсан гэх нэр дэвшигчид цөөнгүй гарч байсан.
2004 оны УИХ-ын сонгуулиар Монголдоо толгой цохих том бизнес эрхлэгчид сонгогдож гишүүн болцгоосон юм. Миний хувьд бизнес эрхлэгчид УИХ-д олноороо орж ирсэнд ихэд олзуурхаж одоо л тэд эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгаж, зах зээлийг эрчимтэй либералчлан, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ажлыг хийнэ хэмээн бодож байлаа. Эдийн засгийн салбарт хоёр дахь “хувьсгал” хийгдэнэ гэдэгт найдаж байв. Ийм хувьсгал шаардлагатай байсан юм. Гэтэл хараад байсан чинь УИХ-д орж ирсэн бизнес эрхлэгчид “хувьсгал” хийх нь битгий хэл төрийн зүгээс үндэсний бизнест халдаж буй өргөн хэмжээний түрэмгийлэлд хувь нэмрээ оруулах янзтай болсон нь намайг цочоож орхисон билээ. Их хэмжээний хөрөнгө мөнгө цацан байж төрд орж ирсэн бизнесийнхний энэ үйлдлийн учир шалтгаан юу байв.
Нэг. Монгол Улс байгалийн маш их баялагтай, үнэндээ стратегийн том ордуудыг эзэмших эрх хийгээд борлуулалтаас олох орлогыг төр хуваарилж байна. Энэ том ордууд дээр төрөөр дамжуулан өөрийн хяналтаа тогтоох гэсэн бизнес эрхлэгчид шийдвэр гаргах эрх мэдлийг өөрийн хяналтад авахын тулд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохоор өрсөлдөж байна. Тэд Монголын байгалийн баялагт хяналтаа тогтоож чадвал сонгуульд зарсан мөнгөнөөсөө хэдэн арав дахин их мөнгө олох нь мэдээжийн асуудал.
Хоёр. Монгол улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 47 хувийг буюу Азийн хөгжлийн банкны гаргасан дүгнэлтээр Азид хамгийн өндөр нь юм. Азийн хамгийн жижиг орон хамгийн том төсвийн зарлагатай байдаг байна. Төрийн эдийн засагт эзлэх энэ жингээр бид Хятадтай зэрэгцүүлэхэд “их гүрэн” ажгуу. Ийм нүсэр төсвийн зарлагыг нь бодоод үзсэн ч төрийн мэдлийн “Эрдэнэт”, “Багануур”, “Төвийн эрчим хүч”, “МИАТ” зэрэг том том улсын үйлдвэрийн газруудын хэрэглээг тооцоод үзсэн ч манай төр зах зээл дээрх эгнэшгүй хэрэглэгч юм. Энэ аварга хэрэглэгчтэй түншлэх нь манай том бизнесменүүдийн бас нэг улс төрийн зорилго билээ.
Гурав. Зах зээлийн шударга өрсөлдөөн нь бизнес эрхлэгчээс байнга их хүч хөдөлмөр шаардана. Энэ их хүч хөдөлмөр гэдэгт нь хөдөлмөрлөх зориг тэвчээр, ухаан, боловсрол, овсгоо, хурд, мэдрэмж бүгд багтана. Эдгээр чанар, хүссэн бүхэнд байдаггүйгээр барахгүй саяхан бизнес хийх эрх чөлөөгөө олж авсан манайханд бүр дутмаг. Өдөр бүр өмнө нь шинэ сорилт, шинэ даалгавар тавих зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн тэрхүү сул талыг нь ямагт хөндөж байгаагаас сэтгэл түгшсэн бизнес эрхлэгчид төрийн дэмжлэгтэйгээр зах зээл дээр өөрийн давуу байдлыг тогтоохыг чармайж байна. Тиймээс төрд найр тавьж түншлэн, чөлөөт эдийн засгийн тогтолцооруугаа дайрч байгаа юм. Энэ нь хоол иддэг тогооруугаа нулимахтай адил хэрэг биш үү. Өмнө нь бизнес эрхэлж байсан гишүүд зарим салбарын бизнесийг дэндүү их ашиг олж сувдаг байна гэх зэргээр УИХ дээр дайрч байгаа нь төрийн индрийг ашигласан зальхай зан билээ. Их ашгийн төлөө явах нь чөлөөт эдийн засаг дахь бизнесийн нэгдүгээр дүрэм биз дээ? Өөрийнхөө эрхэлдэг бизнесийн тухай хэзээ ч тэд ингэж хэлж зүрхлэхгүй. Татвар, цагдаа, хяналтынхантай хавсайдан бусад өрсөлдөгчдөө дарамтлан бизнесийг нь шахдаг явдал газар авсан нь нууц биш ээ. Арга нь татвараас нуугдан олсон ашгаа татвар цагдаагийнханд хувь болгон хуваа өгөөд, бусад өрсөлдөгчөө хуулинд заасан татварыг ёсчлон төлүүлэхийг шахан шаардуулах явдал. Татвар нь төлөгдөөд барааны үнэ, татвар нь ёсчлон төлөгдсөн барааны үнэ хоёрын хооронд ямар өрсөлдөөн байх вэ! Ийнхүү төртэй хамтран төрийн хүчээр зах зээл дээр давуу эрх олж авч байгаа нь мөсөн уул мэт үйл явцын харагдаж байгаа орой нь л юм.
Дөрөв. Ногоон гэрлийн компани ч гэх шиг, өндөр технологийн салбар ч гэх шиг манай төр бизнес эрхлэгчийг төлсөн татварын хэмжээ, эрхэлж буй салбарынх нь төрлөөр ялгаварлан гадуурхдаг нь бизнесүүдийг төртэй түншлэх дурыг бий болгодог. Мэдээж төр нь энэ бизнес сайн, энэ бизнес бур Өхөөрдөм, тэр бизнес муу, тэр бизнес бүр адгийн гэх зэргээр ялгаварлаад ирэхээр УИХ-д эзэд нь орж ирээд өөрийнхөө бизнесийг өхөөрдүүлэхийг хүсэлгүй яахав.
Бизнес эрхлэгчид өөрсдөө улс төрд биечлэн оролцож төрийн түшээ, Засгийн газрын гишүүн болох гэж улайран гүйдгийн учир шалтгаанууд энэ бөлгөө. Амин хувийн явцуу сонирхолтой бизнесменүүд төрийн хийгээд улс төрийн хэрэгт хутгалдсанаар улс төрийн харилцаа нь үнэ тохирч бараа солилцож байгаа арилжаа мэт болсон. Өмнө нь хэн нэгийг сайд зэрэг төрийн хариуцлагатай албанд томилохдоо хариуцсан асуудлаар төрийн бодлогыг хэрхэн явуулах хийгээд тухайн албандаа тэнцэх, хувийн зан чанарыг нь байцаан хэлэлцэж, шүүн тунгаадаг сан. Одоо бол тохирсон юм гэх буюу, захын хэллэгээр бол, үнэ тохирч наймаа явгадчихсан гээд ороод ирдэг болсон.
Демократ төрийн хэлбэрээс олигарх төрийн хэлбэр лүү шилжиж буй энэ байдлыг хэрхэн таслан зогсоох вэ? Нэг арга зам нь байнгын бус ажиллагаатай боловч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа цөөнхийг ард түмэн, татвар төлөгчдийн нэрийн өмнөөс хянаж, зохисгvй санаархал бүрийг нь таслан зогсоох үүрэгтэй парламентын дээд танхим болох АИХ-ыг сэргээн байгуулах хэрэгтэй санагдана.
Өнгөрсөн он жилийн сургамжаас үүдсэн зарим нэг үндэслэлийг тоочъё.
Нэг. Төрийн дээд эрх мэдлийг харьцангуй цөөн хүний гарт өгөхдөө шийдвэр гаргах хvний тоо хэчнээн цөөн байх тусмаа ашиг сонирхлоо нийцүүлэн, хуйвалдан тохиролцох бололцоог тэдэнд олгож, төр олигархижих аюултайг тооцоогvй ажээ. Тухайлбал, 430 хүнийг бодвол, 76 хvн хуйвалдан тохиролцох боломж олон дахин их гэдгийг 1997 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, Үндсэн хууль зөрчсөн зөвшилцлийн олон гэрээ хийгдсэн, намууд нэг нь нөгөөдөө дагаар орж гардаг болсон, төрийн ажлын туршлага, ёс зүй байтугай үсэг бичиг мэдэхгүй шахуу этгээдийг сайдаар томилж байсан. Нэг тэрбум төгрөгийг тойрог тойрогтоо хуваарилсан зэрэг олон хэргүүд нотолно. Харин ийм том том хуйвалдаан хийгдэх боломж 430 гаруй хүнтэй АИХ-д бараг байсангvй. Эл зүй тогтлыг Р.Амаржаргал гишүүн “Тооны үйлчлэлийн хууль” гэж онож нэрлэсэн юм.
Хоёр. Парламентын гишүүдийг цөөдүүлсэн нь тойргийн хэмжээ орон зайн хувьд ч сонгогчдын тооны хувьд томрох шалтгаан болжээ. Өнөөдөр УИХ-ын нэг тойргийн газар нутаг Европын дундаж улсын газар нутгийн хэмжээтэй тэнцүү байна. Нутаг дэвсгэр том, хvн ам нь тархай суурьшсан ийм тойрогт сонгуулийн зардал их байх нь ойлгомжтой бөгөөд мөнгөтэй хүн л нэр дэвшиж өрсөлдөх боломжтой юм. Хангалттай мөнгөгүй хүн нэр дэвшиж өрсөлдөхийн тухайд санахын ч хэрэггүй болсон байна. Энэ бол төр олигархижиж байгаагийн бас нэг шалтгаан.
Гурав. Нэг тойргийн хүн амын тоо дунджаар 30 мянга орчим байгаа нь сонгогчдоос нэр дэвшигчээ таньж мэдэн сонголт хийх чадавхыг ноцтой сулруулж байгаа нь ажиглагдах болсон. Бидний цаашлуулдгаар жалга довны гэгдэх нэг хороо, сумынхан нэр дэвшигчдээ таньж мэдэх, салгаж ялгах чадвар нь томорсон тойргийн сонгогчдыг бодвол хол илүү байсан. Хүмүүсийн ямар ч муу хамтлагийн гишүүд бие биеэ таньж мэдэх бололцоотой болоод сонголт хийхдээ тулбал хамгийн итгэл даах хариуцлагатай, ухаалаг нэгнээ сонгодог нь байгалийн жам юм. Магадгүй, төрлийн холбоо, ангийн найзууд нэр дэвшүүлэгч намын нөхөд, гарын бэлэг зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөх боловч сум, хорооныхон сүүлийн мөчид таньж мэддэг учраас чансаатай нэгнээ нэг их намчирхахгүйгээр сонгодгийг 1990 оны АИХ-ын сонгуулийн дүн харуулсан. Тэр АИХ-д Монголын түүхийн тун эгзэгтэй үед ардчилсан Үндсэн хуулийг баталж чадсан юм. Өнөөдөр УИХ-ын сонгуулийн тойргийн сонгогчдын тоо хэт олширсноос сонгогчид хүнийг танин мэдэх боломжоо алдаж, хэн сайн гар цайлгаж, хэн сайн яруу сайхнаар илтгэж, хэн сайн бэлэн амлаж, хэн сайн шоудаж чадаж байгаагийг нь намаар нь онилсхийж байгаад сонгодог болжээ.
Дөрөв. Тухайн үедээ парламентын доод танхим болох УБХ нь бүхэлдээ ард түмний шууд төлөөлөл болох АИХ-аас томилогдож, зөвхөн тэдний өмнө тайлагнадаг байсан тул ямар нэг тойргийн сонгогчдоос хамаарах улс төрийн барьцаанаас чөлөөтэй байж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоогоор үнэмлэхүй хангагдсан байжээ. УБХ маш чадварлаг хууль тогтоогч байсан юм. Өнөөгийн УИХ- ын гишүүд нийт үндэсний эрх ашиг, өөрийн сонгогчдын эрх ашгийг алийг нь урьтал болгох вэ гэдэг ацан шалаанд унаж, сүүлийн мөчид дараа нүүр тулах учрал буй тул сонгогчдодоо ая тал засан хууль тогтоох, улсын бодлого боловсруулах зэрэг үндсэн ажлаа цалгардуулахаас аргагүйд хүрчээ.
Тав. Ардчиллын нэн гоц шинж болох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваан хуваарилж, харилцан хянан тэнцвэржүүлэх зорилготой төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим нь Үндсэн хуулийн утгыг ухан хүртэж чадаагүйн уршгаар дорвитой хэрэгжсэнгvй. Парламентад сөрөг хүчин жинтэй оролцогч болоход хууль тогтоох эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдлээ дарамтлан тэвдүүлж, доройтуулан сулруулж байв. Гүйцэтгэх эрх мэдлийн сулрал нь төрийн чадамжийг бууруулж байв. Үүнийг 1996-2000 оны болон 2004 оноос эхтэй өнөөгийн төрийн үйл ажиллагаанаас харж болно. Харин УИХ-д сөрөг хүчин гэх юм үгүй vед хууль тогтоох байгууллага нь Засгийн газартаа дагаар орон, түүний хуулийн алба мэт ажиллаж байв. Үүнийг 1992-1996 он, 2000-2004 оны төрийн үйл ажиллагаанаас харж болно. Шүүх эрх мэдэл нь Ерөнхийлөгч болон төсвөөр дамжин гүйцэтгэх эрх мэдлийн дор хагас автономи эрхтэй оршсоор ирсэн. Ийнхүү төрийн эрх мэдэл бие биеэ хянан тэнцвэржүүлэх чадваргүй байгаа нь олигархыг улам гааруулдаг. Гэтэл АИХ-тай байсан хоёр жил төрийн эрх мэдэл хуваах зарчим яв цав хэрэгжиж байсан юм. Учир нь эрх мэдлийн салаа мөчрүүд нь бүгд ижилхэн АИХ-аас томилогддог тул нэг нэгэндээ томорч хэн нэгнийгээ дагаар оруулах боломж байгаагүй ажээ.
Зургаа. Парламентын дээд танхим АИХ байх үед депутат хэмээх мэдээллийн байнгын амьд уг сурвалжаар дамжуулан олон тvмэн төрийн бодлогын нарийн ширийнийг мэдэж, ойлгож авах боломж өргөн байсан. Депутат нь ч угаасаа тухайн хороо, тухайн сумынх тул сонгогчтойгоо нэг бүрчлэн уулзаж бодлого зорилтоо тайлбарлахад саадгvй байв. Үүгээрээ АИХ нь УИХ- аас илүү нягтаар ард түмнийг төртэй холбож байжээ.
Эцэст нь хэлэхэд хүн төрөлхтний түүхэнд ардчилсан төрийн байгууламж нь олигарх руу шилжиж, олигарх нь дарангуйллын засаглалруу гулссан түүх ихэд түгээмэл байдаг. Гэхдээ монголчууд бид яав ч ийм шилжилтийг зөвшөөрч болохгүй юм. Яагаад гэвэл бид либерал ардчилалд ихээхэн элэг муутай ханддаг хоёр их хөршийн дунд байдаг бөгөөд баяжих хөрөнгөжих хүслээ төрийн эрх мэдлээр дамжуулан гүйцэтгэх донтой манай олигархууд тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг маань худалдаж мэднэ.