Э. Тамир
/МУБИС-ийн багш, доктор (Ph.D), профессор/
Шинэ толь №70, 2010
Түлхүүр үгс: Улс төрийн соёл, улс төрийн засаглал, харьцуулсан улс төр, улс төрийн зөн билэг, мэдрэмж, улс төрийн үнэлэмж, улс төрийн үнэт чанар, оюуны чадамж, концепци, улс төрийн үйл явц ба үзэгдэл, улс төрийн систем дэх залгамж чанар, улс төрийн соёл судлал дахь онолын гажилт
“Улс төрийн соёл” нэр томъёог 18-р зуунд Германы И.Гердер эргэлтэнд оруулсан. Гэхдээ энэ нэр томъёог улс төрийн талаас нь хэрэглээгүй байна. “Улс төрийн соёл” гэх улс төр судлалын үндсэн ойлголт нь дэлхийн II дайны дараа дэлхийн улс төрийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Орос, Канад болон бусад бүс нутгуудад дорвитой судлагдах болов.
Улс төрийн соёл гэх ойлголт нь олон талтай, өргөн хүрээг хамарсан, гүн гүнзгий утга агуулгатай, цаашид баяжин хөгжигч “амьд организм” гэлтэй. Улс төрийн соёлын талаарх анхны концепци 1956 онд Америкийн судлаач Х.Пайнерийн “Европын хүчирхэг орнуудын засаглалын тогтолцоо” номонд эргэлтэнд орж Их Британи, Франц, Герман, ЗХУ-ын улс төрийн засаглал ба улс төрийн соёлын талаарх харьцуулсан судалгааг авч үзэж дүгнэлт өгсөн боловч “улс төрийн соёл” гэсэн ойлголтын талаар тодорхойлолт өгөгдөөгүй юм.
Улс төрийн соёлын талаарх анхны цогц үзэл баримтлал боловсруулах оролдлогыг АНУ-ын улс төр судлаач Г.Алмонд 1956 онд хэвлүүлсэн “Харьцуулсан улс төрийн тогтолцоо” хэмээх өгүүлэлдээ өгсөн юм. Г.Алмонд улс төрийн соёлын нийгмийн үүрэг байр суурийн хандлагыг голлон анхаарч нийгмийн психологи, улс төр судлалын заагт концепцээ авч үзээд “… улс төрийн систем бүр улс төрийн үйл явцыг тодорхойлон баримжаалах чиг баримжаа – хандлагын онцгой хэв шинжийг агуулдаг. Үүнийг улс төрийн соёл” хэмээн үзэх нь зүйтэй” хэмээжээ.
Г.Алмонд нарынхаар хүний улс төрийн байр суурь, чиг баримжаа нь танин мэдэхүйн болон улс төрийн мэдрэмжийн, улс төрийн үнэлэмж ба үнэт чанарын, үзэл суртал – сүсэг бишрэлийн, чин сүсэглэлийн илэрхийлэл юм. Ийнхүү улс төрийн соёлыг анхлан судлагчид нь хүний асуудлыг нийгмийн тогтолцооны “төвд” тавьж төр ба иргэний харилцааны асуудлыг “улс төрийн соёл”- той холбон үзэж “иргэн”-ийг халамжлах, хүний хувийн ашиг сонирхол, сэтгэлийн хөдөлгөөний хэв шинж – загварыг судалсан байна.
Г.Алмондын үзэл баримтлалд тулгуурлан авч үзвэл Аристотель анх нийгмийн тогтвортой байдал ба нийгмийн хөдөлгөөн өөрчлөлтөд гол төлөөлөгч хүчин зүйл болох “хүний оюуны чадамжит байдал’’-ын тухай онолоо боловсруулсан хэмээн үзэх нь зүйд нийцтэй юм.
Улмаар Г.Алмонд “Орчин үеийн харьцуулсан улс төрийн тогтолцоо” бүтээлдээ улстөрийн системийн харьцуулсан анализ ба улс төрийн соёлын зарчмуудыг цогц байдлаар судалсан нь улс төрийн системийн судалгаанд нэн ач холбогдолтой болов.
Г.Алмондын концепцийг хөгжүүлэхэд Г.Алмонд, С.Верба нарын хамтын бүтээл болох “Иргэний соёл” 1963, “Улс төрийн соёл ба улс төрийн хөгжилт” (1965) нь нэн ач холбогдолтой болсон байна.
Г.Алмонд, С.Верба нарын хамтын бүтээл “Иргэний соёл” 1963, “Улс төрийн соёл ба улс төрийн хөгжилт” (1965) номд Европын 13 орны улс төрийн тогтолцоо болон улс төрийн соёлыг харьцуулан судалж улс төрийн соёлыг тодорхойлсон. Г.Алмонд, С.Верба нар “… улс төрийн соёл бол улс төрийн системийн болон улс төрийн янз бүрийн хэсгүүдийн харилцаан дахь улс төрийн өвөрмөц чиг баримжаа, улс төрийн чиг баримтлал” гэж ойлговол зохино хэмээгээд танин мэдэхүйн, зан авирын үнэлэмжийн чиг баримжаа гэж ангилан улс төрийн систем, улс төрийн үйл ажиллагааны мэдрэмж, улс төрийн итгэл үнэмшил- улс төрийн үзэл санааг багтаан судалсан байна.
Ийнхүү АНУ-д анхлан дорвитой байдлаар судлагдсан “улс төрийн соёл”-д улс төрийн үйл явц, улс төрийн үзэгдэл, нийгмийн дорвитой байдлыг хангах үйл явц, улс төр, нийгмийн үнэт зүйлс, нийгмийн үйл явц дахь сэтгэл санааны тал, төр ба иргэний, хүн ба шашны харилцаа, хүний эрх- ардчилал, эрх чөлөөний асуудлыг багтаан судлав. Ер нь II дайны дараа, улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн соёлын хийгээд хүн судлалын соёлын номлол хөгжсөн юм.
1950-1960-аад онд АНУ-ын улс төр судлалын шинжлэх ухаанд түрж орж ирсэн судалгааны бихевиоризм нь төр ба иргэний, нийгмийн харилцааны асуудлыг судалж байгалийн шинжлэх ухааны судалгааны аргуудыг өргөн хэрэглэсэн төдийгүй үндэстний болон бүс нутгийн шинжтэй бүтээлүүд олноор хэвлэгдэж гарсантай холбоотойгоор улс төрийн соёлын харьцуулсан судалгаанд улс төр социологийн судалгааны аргууд, үзэл санаа, онол баримтлалыг өргөн тусгасан юм.
Канадын улс төр судлаач Г.Патрикийн үзсэнээр (1976 оны байдлаар) улс төрийн соёлын талаарх тодорхойлолт 40 гаруй буй юм. “Улс төрийн соёл” гэх тодорхойлолтын үзэл санаа нь баяжин хөгжиж улам бүр олон янз байдлыг агуулж байна.
Тухайлбал, Х.Пайнер “Европын их гүрнүүдийн засаглалын тогтолцоо” (1956) номдоо Их Британи, Франц, Герман, ЗХУ- ын улс төрийн соёлын систем ба засаглалын тогтолцоог харьцуулан судалсан бол АНУ-ын судлаач В.Ки, Р.Маркридж, У.Нойман, Д.Марвик нар Америкийн улс төрийн үйл явц – үзэгдлийг, М.Вебер (улс төрийн философич – политологич), улс төрийн бүтцийн төлөвшил үйлчлэлд шашин, үнэт зүйлсийн нөлөөлөлтэйг, А.Токвиль нийгмийн тогтвортой байдлын өөрчлөлтийг хангахад улс төрийн үнэт зүйлс, сэтгэл санааны байдлын нөлөөллийг; Английн улс төр судлаач Кэбенега улс төрийн соёл нь улс төрийн хуучин үзэл санааг тодорхойлсон хууль ёсны үндэслэл мөнийг; Канадын политологич Р.Престус улс төрийн соёл бол үнэт зүйлс институтчилэгдсэн бүтэц гэж үзээд улс төрийн харилцаа, улс төрийн хэм хэмжээ оролцоо, элитүүдийн улс төрийг эзэмшсэн байдал, улс төрийн бодлогын үр дүн, улс төрийн системийн доторх дэд бүтцийг судлагдахуун болгож улс төрийн институтуудын бүтцийг улс төрийн үйл явцад оролцож буй хэм хэмжээгээр нь улс төрийн соёлын элементүүд болохыг, А.Пай улс төрийн соёл бол улс төрийн үзэл суртал, үндэстний шинж, оюун санаа, үндэстний улс төрийн сэтгэл зүйн үнэт зүйлс болохыг – улс төрийн соёл нь улс төрийн хүрээн дэх хүмүүсийн зан авирыг тодорхойлогч ойлголт хэм хэмжээ бөгөөд улс төрийн үйл явц – үзэгдлийн утга санааг илэрхийлэх чиг баримжаа, итгэл, үнэмшил, үзэл санааны цогц ойлголт болохыг, энэ утгаараа улс төрийн соёл нь улс төрийн хүрээн дэх улс төрийн зан үйлийн болон “тоглоомын дүрэм”-ийн хэм хэмжээг тодорхойлдогийг, К.Гартын улс төрийн соёл нь ач холбогдлуудын систем болох үндэстний соёл, түүх, үндэстний сэтгэл зүйн уламжлал, зан заншил, итгэл үнэмшлийн хэв загвар, ертөнцийг үзэх үзэл – шашинтай холбоотойг авч үзжээ. Иргэдийн улс төрд оролцох нь нийгмийн ач холбогдлоороо хүсэл сонирхлоо хэрэгжүүлэх байдлаар нөхцөлддөг.
Улс төрийн аливаа институт-тэдгээрийн нийгмийн үүрэг, зорилго, засаглалын болон хүмүүсийн өөр хоорондын харилцааны хэлбэрүүд нь нийгмийн улс төрийн соёлоор тодорхойлогдож байдаг. Нийгмийн соёл нь өргөн утгаараа нийгмийн амьдралыг нэгдмэл, бүхэллэг шинжтэй болгодог шиг улс төрийн хүрээг нэгдмэл-бүхэллэг шинжтэй болгодог. Улс төрийн соёлын үнэт зүйлс нь нийгмийн улс төрийн системд амин чухал бөгөөд улс төрийн тогголцооны “залгамж чанар’’-ыг хадгалахад нөлөөлнө. Энэ нь иргэдийн улс төрийн баримжааллын онцгой хэлбэрүүдийг өөртөө агуулж байдаг тул улс төрийн соёлыг үндэстний, өргөн хүрээтэй, гүн утга агуулгатай, соёлын салшгүй хэсэг гэж үзэх нь зүйтэй юм.
Зарим судлаачдын үзэл баримтлалаар улс төрийн соёл нь улс төрийн үнэт зүйлс, үзэл баримтлал, чиг хандлага болон улс төрийн туршлагыг эмхлэн цэгцлэх – улс төрийн зан үйлийг зохицуулахад үйлчилдэг билэг тэмдгийн цогц хэмээгээд түүндээ улс төрийн чин хүслэн, үнэт зүйлс, үзэл баримтлал, улс төрийн амьдралын хэм хэмжээ төдийгүй улс төрийн засаглалын болон хувь хүн – нийгмийн хэв шинжит загвар, улс төрийн зан үйл, улс төрийн харилцааны загвар юм.
Үндэсний төрийн билэг тэмдэг нь төрийн “төлөвшил” хөгжлийн салшгүй хэсэг төдийгүй улс төрийн соёлын элементүүдийн нэгдэл байдаг. О.Шпенглерийнхээр “Аливаа соёлын нэгдэл нь үндэстний билэг тэмдгийн нэгдэлд тусгалаа олдог” юм.
Улс төрийн соёл судлаачдын олонх нь улс төрийн үйл ажиллагааны төвд хүний үзэл бодол, санаа сэтгэл зэргийг тавьж гол судлагдахуун болгон засаглал, үндсэн хуулийн эрх зүйн тогтолцооны хэлбэр – хэм хэмжээг судлан нийгмийн улс төрийн тогтвортой байдал ба нийгмийн улс төрийн хөгжлийн түвшинг сайжруулах арга механизмыг илрүүлэн тогтооход улс төрийн бодлогын хувьд нэгдмэл байх, засаглалд хандах иргэдийн сэтгэл санааны байдал, нийгмийн сэтгэл зүйн харилцан хамаарлын талаар анализ хийхэд анхаарч нийгэм, нийгмийн улс төрийн системийн тогтвортой байдалд нөлөөлөх эерэг ба сөрөг хүчин зүйлс; үндэстний хөгжилд нөлөөлөх улс төрийн соёлын элементүүдийг цэгцлэн судлав.
Улс төрийн соёлыг судлах судалгааны бихевиорист арга 1960- аад оноос АНУ-ын улс төр судлалын салбарт эргэлтэнд орсон юм. Уламжлалт улс төрийн шинжлэх ухаан нь олонх тохиолдолд төрийн институтчлэгдсэн хэлбэрийн төдий бүтцийг судалж байсан бол улс төрийн шинжлэх ухаанд бихевиорист арга нэвтэрснээр нийгмийн харилцаа улмаар төртэй холбогдох харилцан хамаарлыг өргөн цар хүрээтэй судлах боломжтой болов. Улс төрийн шинжлэх ухаанд байгалийн шинжлэх ухааны судалгааны арга, аргуудын загварыг зээлдэн хэрэглэх болсноор нийгэм улс төрийн үйл явц, улс төрийн үзэгдлийг судлахад хэрэглэж улмаар бихевиорист аргын гол зарчим болох улс төрийн үйл явц, улс төрийн үзэгдэл дэх оролцогчдын сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, санаа бодол, үзэл баримтлал – учир шалтгааны зорилгыг илрүүлэх боломж олдсон.
Бихевиорист аргыг улс төрийн шинжпэх ухаанд хэрэглэснээр соёлын антропологи, психилоги, социологи, түүх гэх мэт шинжпэх ухаантай интеграцчилагдаж нийгмийн салбар шинжлэх ухаануудын холбоо бэхжсэн байна.
Политологи нь нийгмийн салбар ухаанууд болон байгалийн шинжлэх ухааны, олон улсын харилцааны салбар ухаануудын солбилцол дээр хөгжсөн байна. Улмаар политологи нь олон нийтийн хөдөлгөөн, нийгмийн олон талт үйл явц, үзэгдлийг олон талаас нь “цогц” байдлаар өргөн ба явцуу хүрээгээр судлах болов.
“Улс төрийн соёл”-ыг судлах хандлага үүсч хөгжихөд II дайны дараах соёлын түүх болон соёлын антропологи хөгжсөн нь ихэд нөлөөлөв. Улс төрийн соёлын антропологийг анх антропологич соёл судлаач К.Клакхон, А.Кребер, Б.Малиновский нар судалж улс төрийн соёлын концепцийг боловсруулах оролдлого хийж улс төрийн үйл явц, үзэгдлийг соёлын, нийгэм соёлын; нийгэм- психологийн салбаруудын солбилцол дээр авч үзэх оролдлогыг хийв, Улс төрийн соёлыг судлах шинэлэг хандлага нь социологийг соёлын антропологитой; нийгмийн сэтгэл зүйг улс төрийн салбар ухаануудтай интеграцчилав. Улс төрийн соёлыг судлах, судалгааны шинэ хандлагын онцлог нь тухайлсан улс төрийн тогтолцоог үндэстний уламжлал, улс төрийн психологи, улс төрийн үзэл сурталтай холбон судлах боломж нээгдсэн юм.
Улс төрийн соёл судлал дахь судалгааны ажилд үүссэн гажилт
Улс төр судлаачид зарим тохиолдолд улс төрийн соёлын асуудлыг судлахдаа гажилт үүсгэсэн юм. Тухайлбал, Л.Дитмер “… Улс төрийн соёлыг үндэсний зан байдал, үндэстэнд нөлөөлөх хөгжлийн түүхэн туршлага, төр-иргэний харилцааны хэм хэмжээ, төрийн харилцаан дахь психологийн талыг хэт туйлшруулан” авч үзсэн нь бий.
Р.Путнем “… Улс төрийн соёл нь хүний мөн чанар юунд оршдог, нийгэм гэж юу болох-түүнийг хэрхэн тайлбарлах, нийгэм оршихуйн үндэс, улс төрийн системийг тодорхойлох зэргээр нийгмийн философийн асуудалтай хэт хутгаж улс төрийн соёлын агуулгыг оновч муутай томъёолж хийсвэр дүгнэлт хийсэн байна. Түүнийхээр дээрх ойлголтуудын цогц нь улс төрийн соёл гэж тодорхойлсон.
Улс төрийн соёл нь улс төрийн тогтолцоо, үндэстний шинж чанар, нийгмийг үзэх философийн ойлголтуудтай давхцуулсан нь улс төрийн ертөнцийг тайлбарлах бие даасан “утга”-ыг нь алдагдуулж буй юм.
Улс төр судлал дахь ийм хандлага Оросын зарим улс төр судлаачдын бүтээлүүдэд ч байсан. Тухайлбал, 1989 онд Москвад хэвлэгдсэн “Орчин үеийн нийгмийн философи ба улс төр” хамтын бүтээлд улс төрийн соёлын ангиллыг формацын шинжээр нь, ангийн шинжээр нь, үзэл суртлаар нь, нийгмийн дэвшлийн хувьд нь (хувьсгалт ба хувьсгалын эсрэг, дэвшилт ба харгис, хөдөлгөөнт ба зогсонги, өөдрөг ба гутранги, оюунлаг ба оюунлаг бус), улс төрийн соёл, ардчилалд хандах хандлагаар нь эгалитари ба элитари, төвлөрсөн ба төвлөрсөн бус, авторитари, тоталитари, олон улсын харилцааны хүрээгээр нь интернационалист, шовинист, энхийг эрхэмлэгч, ноёлогч улс төрийн соёл гэх мэтээр ангилсан ба уг бүтээлд олон улсын янз бүрийн байгууллагуудын, олон улсын улс төрийн хөдөлгөөнүүдийн улс төрийн соёлыг гарган тавьж улс төрийн хэв маягийг нас, хүйс, боловсролын түвшин гэх зэрэг хүн ам зүйн тодорхойлолтууд, субъектүүдийн үндсэн дээр боловсруулалт хийсэн байна. Уг учир шалтгааны баримтууд нь улс төрийн дэд тогтолцоонуудын бие даасан салбар гэж ойлгогддог “Улс төрийн соёл” хэмээх ойлголтын утга зүйд үл нийцэх асуудлыг хөндөж буй юм.
Улс төрийн соёлыг ангийн улс төрийн ухамсар үзэл сурталтай адилтгаж үзсэн нь ч бий. Тухайлбал, В.И.Ленин 1919 онд өргөн олон түмэнд улс төрийн ухамсар суулгаж хувьсгалт идэвхийг өрнүүлж хүмүүжүүлэх, олон түмэн ба иргэн нэг бүрийг улс төрийн идэвхтэй ухамсартай амьдралд татан оролцуулж төрөөс олон түмнийг удирдах явдлыг нийгмийн хөгжлийн бүтэц зүй тогтол болохыг социалист улс төрийн бодлогын гол асуудал болгон тавиад бүх оросын губерн уездын ардын гэгээрлийн хэлтсүүдийн улс төр гэгээрлийн ажилтны зөвлөлгөөн дээр улс төрийн соёлын агуулга ба зорилтыг тодорхойлж “… улс төрийн соёл, улс төрийн боловсролын зорилго бол хуурамч муу суртлыг ялж, улс төрийн байгуулалтын ажлыг хийхэд хөдөлмөрчин олон түмэнд тусалж чадах хүмүүсийг хүмүүжүүлэх … одоо амьдралд улс төрийн зохих туршлагыг эзэмших зорилт буюу улс төрийн соёлын зорилт …” болох улс төрийн боловсрол хүмүүжил, соёл эзэмшүүлэх зорилт тулгарч байна” гэжээ.
Улс төрийн соёл судлалд үүссэн судалгааны ажлын энэхүү шилжилт нь улс төрийн “цогц” бүрдэлтийг авч үзэхдээ хүний боловсрол болон соёлын түвшин, биеэ авч явах байдал, өөрийнхөө улс төрийн байр суурийг оновчтой, товч тодорхой гаргаж тавих чадвар зэрэгтэй хутган ойлгож байгааг илэрхийлж байна.
Харин улс төрийн соёлын асуудлыг нийт үндэстний соёл болох талаас нь үндэстний улс төрийн дэд тогтолцоонд эзлэх байр суурь үнэлэмжээр нь нийгмийн ухамсарт холбогдох холбоо, харилцан хамааралтай байх шинжээр нь судлах нь ховор буй юм.
“Философи ба ухамсрын үнэт зүйлсийн хэлбэрүүд” (М., 1986) бүтээлд “үнэт зүйлс” түүний хэлбэрт нийгмийн ухамсрын хэлбэрүүд, түүхийн философи ёс суртахуун, эрх зүй, шашин, соёлыг багтааж эдгээр нь улс төрийн соёлын үнэт зүйлс гэжээ. Ингэснээр ойлголт ба категорийг хутган ойлгож гажилт үүсгэсэн байна гэж ойлгогдохоор байгаа юм.
Дээрх бүтээлүүдэд нийгмийн ухамсрын бүтцийн элемент ба агуулгын суурь ойлголтыг орхигдуулж нийгмийн ухамсрын хэлбэрүүдийн түвшнийг тодорхойлолгүй, хэдийгээр нийгэм-сэтгэл зүйн, үзэл суртал ба шинжлэх ухааны онолын бусад түвшнийг тодорхойлсон ч ялангуяа улс төрийн ухамсрын түвшний асуудлыг орхигдуулж байгаа юм…
Үргэлжлэл бий…
Ном зүй
- Leo Strauss. Introduction to Political Philosophy. L., 1992.
- VWolff. Introduction to Political Philosophy. h., 1992.
- Hampsher. A history of modern Political Thought.
- Micheal Lessnof. Political Philosophers of the XX century.
- Баталов Э. Политическая культура как социальный феномен. Вестник МГУ. (сер. 12) М., 1995, №5.
- Баталов Э. Политическая культура современного Американского общества. М., 1999.
- Бирюков Н. Сергеев В. “Парламентская деятельность и политическая культура” общественные науки и современность. М., 1995. Ne02.
- Владикова Ю. “Культура и политическая культура” Философия в современном мире. М., 1989.
- Гадржиев К. Политическая культура концептуальный аспект. Аолис. 1991, No6.
- Камалов М. Демократическая политическая культура: Американский опыт. Вестник МГУ. Сер 12. 1991. No5.
- Улс төрийн шинжлэх ухаан. УБ., 1996.
- Харьцуулсан улс төр судлал. УБ., 2006.
- Улс төрийн философи. УБ., 2007.
- Монголын сэхээтний улс төрийн ухамсар соёлын төлөвшлийн зарим асуудал (багш сэхээтний жишээн дээр) УБ., 1993. 28