Б. Нармандах
/UBS телевизийн санхүү хариуцсан захирал, Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №66, 2009
Оршил
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш амралт, аялал жуулчлалын салбар маш хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд дэлхий дахинаа аялал жуулчлалыг XX зууны хамгийн эрчимтэй хөгжсөн салбар гэж үзэх болсон билээ. Өнөөдөр аялал жуулчлалын салбар нь дэлхийн үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувь, худалдаа үйлчилгээний 30 хувь, хөрөнгө оруулалтын 7 хувь, хэрэглээний зардлын 11 хувь, татварын орлогын 5 хувь, экспортын 10 хувийг эзэлж хөгжлийн хурдцаараа нефть, автомашины үйлдвэрлэлийн дараа гуравдугаарт орж байна. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл дэлхийн эдийн засаг, мөнгөний эргэлтийг хөдөлгөгч нийгмийн хөдөлгүүр нь аялал жуулчлал болж байна.
Дэлхийн хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 205 сая хүн ажилаж байгаа нь арван ажлын байр тутмын нэг нь энэ салбарт оногдож байна гэсэн үг юм. Аливаа улс оронд нэг жуулчин ирэхэд 20 хүний ажлын байр идэвхждэг байна. Олон улсын аялал жуулчлал сүүлийн 50 жилд 30 дахин өссөн ба 2006 онд 842,2 сая жуулчин аялж 2005 оныхоос 36 саяар нэмэгдсэн байна. Одоогоор дэлхийн хэмжээгээр аялалд жуулчлалд жилд 453 тэрбум ам.доллар зарцуулж байгаа ба 2020 он гэхэд өдөрт 5 тэрбум доллар зарцуулах бөгөөд нийт орлого нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэх хүртлээ өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Манай улсад аялал жуулчлалыг эдийн засгийн нэг гол салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг үе үеийн Засгийн газрууд тодорхойлж, энэ талаар тодорхой алхмуудыг хийж ирсэн. 1990 оноос хойш аялал жуулчлал нь хувийн хэвшлийн үүсгэл, санаачилга, идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд хөгжлийн тодорхой түвшинд хүрсэн билээ.
- Аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлогод хийсэн шинжилгээ
Дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг олноор бий болгодог, байгаль орчинд хор хөнөөл багатай “Утаагүй үйлдвэрлэл” болохын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Монгол улсын төрөөс энэ салбарыг хөгжүүлэх талаар анхаарч ирсэн.
Аялал жуулчлалтай холбоотой бодлогыг Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар, яамдын түвшинд тодорхойлж, хэрэгжүүлж байна. Бодлого тодорхойлох эрх бүхий байгууллагуудаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дараахь бодлого, хөтөлбөрийг батлан гаргасан байна:
- УИХ-аас 23 хууль, мөн тогтоолоор 2 үзэл баримтлал, 2 стратеги, 2 бодлого, 3 хөтөлбөр;
- Ерөнхийлөгчийн зарлигаар 8 бодлогын баримт бичиг;
- Засгийн газраас 2 үндсэн чиглэл, 5 журам, 8 хөтөлбөр, 4 жагсаалт, 1 төлөвлөгөө;
- Асуудал эрхэлсэн Сайдын тушаалаар 9 дүрэм, журам батлан мөрдүүлж байна.
Бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийхэд төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлого дараахь чиглэлтэй байна:
1/ Аялал жуулчлалын бодлого боловсруулахдаа дараахь асуудалд тулгуурлан боловсруулсан байна. Үүнд
Зураг 1.
Баримт бичгийн ангилал, он цаг тоолол
- Монгол улсын нийгмийн үнэт зүйл болох түүх, соёлын өвийг хадгалан хөгжүүлэх;
- Байгаль орчныг хамгаалах;
- Нийгмийн эмзэг бүлэг, орлого багатай өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах;
- Шударга өрсөлдөөнийг дэмжих.
2/ Аялал жуулчлалын бодлого дараахь чиглэлээр тодорхойлогдож
байна:
- Хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;
- Аялал жуулчлалын хөгжлийг төрийн бодлогоор дэмжих;
- Байгаль, түүх соёлын дурсгал, соёлын өв зэрэг аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах харилцааг зохицуулах;
- Газрын харилцааг зохицуулах;
- Дэд бүтцийг хөгжүүлэх.
3/ Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
- Аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгосон.
- Экспортын чиглэлийн үйлдвэртэй адилтгаж үзэн, экспортыг дэмжих бодлогод хамруулсан.
- Татварын механизмаар дэмжих бодлого барьж байна. /НӨАТ- ын хөнгөлөлт, ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт/
- Маркетинг, сурталчилгааны бодлогод анхаарч байна.
Аялал жуулчлалын бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтод хийсэн судалгаа:
Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс батлан гаргасан дээр дурьдсан бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг судлан, эдгээр баримт бичгүүдэд 3-аас дээш удаа давтагдсан зорилтыг дор харууллаа. Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж ирсэн бодлого дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна.
Эндээс үзэхэд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж, нэр төрлийг олшруулах зорилтыг хамгийн олон удаа дэвшүүлсэн байна. Мөн жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлалын гадаад харилцаа, сурталчилгаанд илүүтэй анхаарч байна гэсэн үг юм.
Төрөөс аялал жуулчлалын талаар баримталж буй бодлогын үр нөлөө аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд тусгалаа олж байдаг. Үнэхээр дэмжиж чадаж байна уу, ямар асуудлыг шийдвэрлэж, юуг нь орхигдуулж байна, бодлого хэрэгжилтийн шатандаа ямар байна гэдэг нь салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдлаас тодорхой хэмжээгээр харагдана.
- Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал
Хүснэгт 2
Аялал жуулчлалын салбарын SWOT шинжилгээ
Хүснэгт 3
Жуулчны байгуулгын тоо
Аялал жуулчлалын салбарын орлого
Аялал жуулчлалын орлого жил бүр өсч 2000 онд 95.7 сая ам.доллар байсан бол 2007 онд 301 сая ам.долларт хүрч ДНБ-ий 10.2 хувийг бүрдүүлэх болсон байна. Энэ нь аялал жуулчлалын салбар улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тэргүүлэх салбарын нэг болсныг харуулж байна.
Зураг 2.
Монгол улсын аялал жуулчлалын салбарын орлого (сая ам доллар)
Аялал жуулчлалын үйл ажиллагааны төсвийн байдал
Аялал жуулчлалын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсаас олгох төсөв зайлшгүй шаардлагатай.
Зураг 3.
Аялал жуулчлалын үйл ажиллагааны төсвийн байдал (сая төгрөг)
Маркетингийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд шаардагдах тогтвортой төсөв одоогоор байхгүй байна. Иймд Монголыг олон улсын аялал жуулчлалын идэвхитэй өрсөлдөгч газар нутаг болгохын тулд санхүүгийн болон бусад нөөц бололцоог бүрэн ашиглан төр, хувийн хэвшлүүд хамтран ажиллах шаардлагатай байна.
Монголд ирж буй гадаадын жуулчид
Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлыг үнэлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулахад Монголд ирж буй гадаадын жуулчдын тоо чухал үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтээс жуулчны тооны өөрчлөлт, голлох зах зээл, аялалын зорилго, улирлын хамаарлыг тодорхойлох боломжтой.
Хүснэгт 4
Монгол Улсад ирсэн жуулчид бүс нутгаар
2000-2007 онд Монголд ирсэн жуулчдын судалгаа(голлох зах зээлийн орноор)
Жуулчдын судалгаа (голлох зах зээлийн орноор)
Дээрх мэдээллээс үзэхэд аялал жуулчлалын голлох зах зээл нь Зүүн Азийн орнууд, үүн дотроо БНХАУ, БНСУ, Япон улсууд орж байна. Энд нэг зүйлийг онцлоход жуулчдын тоог Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож байгаа тул БНХАУ-ын жуулчдын тоонд жуулчдаас гадна барилгын ажилчид орж жуулчдын тоог өсгөж харагдуулж байна. Иймд жинхэнэ жуулчлалын зорилгоор ирж буй тоо мэдээг гаргаж байх нь зүйтэй.
Аялал жуулчлалын зах зээлийг ийнхүү бүс нутаг болон голлох орноор гаргаснаар тэргүүлэх зах зээлийг тодорхойлж тэдний аялал жуулчлалын сэтгэлзүйн онцлог, эрэлт хэрэгцээг аялал жуулчлалын бодлогод тусгахад ач холбогдолтой юм.
Жуулчдын урсгал сараар
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтайн дээр дэд бүтэц, нэн ялангуяа зам тээвэр сул хөгжсөн. Аялал жуулчлалын улирлын онцлог бүхий бүтээгдэхүүн, эвент маш цөөн, сонирхол татахуйц бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгохгүй байгаа зэрэг нь Аялал жуулчлалын эрэлтийг улирлын шинжтэй болгож байна. Аялал жуулчлалын оргил үе нь 7 – 9 сарууд байдаг.
Сүүлийн жилүүдэд жуулчны улирлыг уртасгах эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлснээр өвлийн улиралд ирж буй жуулчдын дундаж өсөлтийн хувь 13.2 хувьд хүрсэн байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ба аялал жуулчлалын улирлыг уртасгахад чиглэгдсэн арга хэмжээнүүд
Байрлуулах салбарын үйлчилгээ
Манай оронд одоогоор зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, сувиллын газар гэсэн байрлуулах үйлчилгээний төрлүүд байна. Ресорт, мотелийн тухай ойлголт бүрхэг байгаа ч цаашдаа бий болох хандлага байна.
Зочид буудал, жуулчны бааз: 2007 оны байдлаар 320 зочид буудал, 317 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4588:2004 стандартын дагуу зочид буудлуудад 5 хүртэл одоор зэрэглэдэг. Ажиллаж буй зочид буудлын 55 нь одны зэрэглэлтэй байна. Зэрэглэлтэй зочид буудал нь нийт зочид буудлын 17.1%- ийг эзэлж байна.
Зочид буудал, зоогийн газрын салбарын нийт үйлдвэрлэлт, оны үнээр
Зочид буудал, зоогийн газрын салбарын нийт ажиллагчдын тоо, оны эцэст
2007 оны гүйцэтгэлээр зочид буудлын салбарын нийт үйлдвэрлэлт оны үнээр 39.7 тэрбум төгрөгт хүрч, 2006 оныхоос 6.6 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ салбарт 2007 оны жилийн эцсийн байдлаар нийт 4.9 мянган хүн ажилласан нь 2006 оныхоос 18.5 хувь буюу 757 хүнээр илүү байна.
Жуулчны баазын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4934:2002 стандартын дагуу жуулчны баазуудад 1-2 цэцгийн зэрэглэл олгодог бөгөөд 2007 онд улсын хэмжээнд 317 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаагаас зэрэглэлтэй 65 жуулчны бааз байна. Цэцгийн зэрэглэлтэй жуулчны бааз нь нийт жуулчны баазын 20.5%-ийг эзэлж байна.
- 2 цэцгийн зэрэглэлтэй -37 бааз /1-р зэрэглэл/
- 1 цэцгийн зэрэглэлтэй -28 бааз /2-р зэрэглэл
Зоогийн газрын үйлчилгээ: 2007 оны урьдчилсан гүйцэтгэлээр зоогийн газрын салбарын нийт үйлдвзрлэлт 49.3 тэрбум төгрөгт хүрч, 2006 оныхоос 7.4 тэрбум төгрөг буюу 17.7 хувиар өсжээ. Энэ салбарт 2007 оны жилийн эцсийн байдлаар нийт 5.6 мянган хүн ажиллах болсон нь 2006 оныхоос 1.8 хувь буюу 99 хүнээр нэмэгдэв.
Гадаадын хөрөнгө оруулалт
Гадаадын хөрөнгө оруулалттай ААН
Сүүлийн жилүүдэд Монголд ирж байгаа гадаадын жуулчдын тоо, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, тур операторуудын тоо тогтвортой өсч байгаа нь аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байгааг илтгэх нэг үзүүлэлт болж байна.
- Аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, энэ салбарын тулгамдсан асуудлын талаарх судалгааны дүн
Аялал жуулчлалын талаар төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар энэ салбарт олон жил ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй ганцаарчилсан ярилцлага, анкетын аргаар судалгаа явуулсан болно. Энэхүү судалгааны дүнгээс нэгтгэн авч үзвэл:
- Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын талаар:
- Төрийн бодлогын хэрэгжилт сайн, ер нь хэрэгжиж байгаа гэж 17 хувь, дунд зэрэг гэж 50 хувь, муу, тунхагийн шинжтэй гэж 33 хувь нь үзсэн байна.
- Судалгаанд оролцогчдын 50 хувь нь аялал жуулчлалын талаар баримталж буй төрийн бодлого тодорхой биш, ямар бодлого баримталж буй нь мэдэгддэггүй, 50 хувь нь Төрөөс баримталж буй бодлогоо сурталчилж мэдээлж байх хэрэгтэй гэсэн байна.
- Оролцогчдын 25 хувь нь төрөөс баримталж буй бодлого аялал жуулчлалын салбарыг дэмжиж чаддаг, 47 хувь нь бодлогын үр нөлөө мэдрэгддэггүй, 14 хувь нь төрийн бодлого дэмжиж чаддаггүй, 14 хувь нь төрөөс баримталж буй бодлого харин ч чөдөр тушаа болдог гэж хариулжээ.
- Хамгийн сүүлд батлагдсан бодлогын баримт бичиг болох “Монгол Улсын аялал жуулчлалын хөгжлийн стратеги /2007- 2011/” баримт бичигтэй оролцогчдын дөнгөж 28 хувь нь танилцсан бөгөөд сайн болж чадаагүй гэж дүгнэсэн байна. Харин үлдэх 72 хувь нь танилцаж чадаагүй, тийм төлөвлөгөө батлагдсаныг огт мэдээгүй буюу олж авах боломжгүй гэж хариулжээ.
- Аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг дараахь байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
3. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс юу хийвэл зохистой талаар:
4. Монголд ямар төрлийн аяпал жуулчлал зохистой талаар:
- Аялал жуулчлалыг дэмжих талаар зарим санал
Аливаа бодлого үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулагддаг тул тулгамдсан асуудлыг шийдэх төрийн бодлогод зарим саналыг дараахь байдлаар дэвшүүлж байна.
1/. Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын зорилгоо зөв, оновчтой тодорхойлох.
2/. Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй ААН, ТББ-уудын дунд өргөн хүрээтэй судалгаа, хэлэлцүүлэг явуулсны дүнд Аялал жуулчлалын тухай хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Дараахь заалтуудыг тусгах, боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд:
- Тур оператор, тур агентын үйлчилгээ болон жижиг дунд үйлчилгээний байгууллагад гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон заалт оруулах, эсвэл тодорхой нөхцөл заах;
- Шинээр үүсгэн байгуулагдаж буй аялал жуулчлалын болон жуулчны үйлчилгээний байгууллагуудыг Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор бүртгүүлдэг болох хуулийн заалт оруулах;
- Аялал жуулчлалын санг бүрдүүлэх эх үүсвэрийг хуулинд тодорхой заах. Тухайлбал, нисэх буудлын хураамжийн тэдэн хувийг Аялал жуулчлалын санд төвлөрүүлнэ гэж тодорхой оруулж өгөх;
- Агаарын болон төмөр замын тээврийн үйлчилгээний хуваарь, тарифыг аялал жуулчлалын улирал эхлэхээс тодорхой хугацааны өмнө зарлаж, тогтвортой мөрдөж байх тухай хуулинд тусгаж өгөх.
3/. Аялал жуучлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага, бүтцийг оновчтой болгох:
- Аялал жуулчлалын хэрэгжүүлэгч агентлаг байгуулж, салбарын өнөөгийн байдал, дэлхийн чиг хандлагын судалгаа явуулж, бодлогын хэрэгжилтийг хангаж, хууль, дүрэм, журам, стандартын биелэлтийг хянадаг байх;
- Аялал жуулчлалын гол бүс нутаг, бүсийн төвүүдэд аялал жуулчлалын асуудал хариуцсан алба, хэлтсийг нутгийн захиргааны байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгуулах;
4/. Салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлээр тер болон хувийн хэвшлийн уялдааг сайжруулах:
- Аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлыг тодорхойлох, аялал жуулчлалын бодлогыг боловсронгуй болгож, салбарын хөгжлийн хурдацтай хөл нийлүүлж байх зорилгоор аялал жуулчлалын салбарт оролцогч талуудын дунд тодорхой хугацааны давтамжтайгаар судалгаа явуулж байх;
- Монгол орныг бүхэлд нь сурталчилж Монголыг аялал жуулчлалын зорих газар болгоход хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.
5/. Төрийн бодлогыг боловсруулахдаа дараахь хүчин зүйлсийг анхаарах:
- Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагыг харгалзаж, тусгах;
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоо оновчтой тодорхойлох;
- Оролцогч талуудын эрх үүрэг, ашиг сонирхлыг зөв томъёолж, тэдний сонирхлын тэнцвэрийг хангасан бодлого боловсруулах;
- Зорилго, үйл ажиллагааны хөтөлбөрийг санхүүгийн эх үүсвэртэйгээр батлуулж байх;
- Хувийн хэвшлийн санал оролцоог авч, зөвлөж, санал бодлыг нь тусгаж байх
6/ Төрийн бодлого, гарч буй шийдвэрийг салбарын оролцогч талууд, нийт иргэдэд мэдээлж, сурталчилж байх:
- Бодлогын баримт бичгүүдийг холбогдох сайтаас шууд татаж авахуйцаар байрлуулж, мэдээллийг байнга шинэчилж байх.
7/. Монгол орныхоо онцлог, жуулчдын сэтгэлийг татах арга замыг олж өөрийн орны аялал жуулчлалын брэндийг бүтээх.
Дүгнэлт
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа эхлэн амьдран байгаа орон газраасаа өөр, илүү сайхан газрыг сонирхох, эрэн хайх сэтгэлзүйн тэмүүлэлтэй байсан ба тэрхүү сониуч, уламжлалт сэтгэлгээнд тулгуурлан аялал жуулчлал үүсч хөгжсөн байж болох юм. Өнөөдрийн байдлаар аялал жуулчлал нь дэлхийн улс орнуудын эдийн засагт тогтвортой, томоохон хувь нэмэр оруулдаг тэргүүлэх салбар, “Утаагүй үйлдвэрлэл” болтлоо хөгжсөн байна. Аялал жуулчлал нь өөртөө тодорхой ойлголт, үзэл баримтлалыг агуулж байдаг олон хэлбэр, үр нөлөө, олон салбар, зорих газар, бүтээгдэхүүн бүхий олон улсын чанартай, нийгмийг бүхэлд нь хамарсан үйлдвэрлэл судалгааны объект юм.
Манай улсад 1992 онд Монгол улсын Үндсэн хууль батлагдаж Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр болон гадаадад хувийн хэргээр зорчих эрхтэйг хуульчилснаар аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын шинэ үе эхэлсэн байна. Аялал жуулчлалын талаар төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүдэд шинжилгээ хийхэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь төрийн болон хувийн хэвшлийн хэмжээнд зохицуулах, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах, аялал жуулчлалын нөөцүүд болох байгаль орчин, түүх соёлыг хамгаалах, зөв зүйтэй ашиглах, түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах, байгаль, түүх, соёлын өвийг дэмжих дэд бүтцийг сайжруулахад чиглэгдсэн байна.
Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлаас дүгнэхэд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийн тоо тогтмол өсч 320 зочид буудал, 200 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын жуулчдын тоо 1999 онд 137961 байсан бол 2007 оны байдлаар 385989 болж 3 дахин өссөн байна. Ийнхүү аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тоо, жуулчдын тоо нэмэгдсэн нь аялал жуулчлал хөгжих орчин тодорхой түвшинд бүрдэж байгааг харуулж байна. Гэхдээ энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарах тулгамдсан олон асуудлууд байгааг анхаарч, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, аялал жуулчлалын талаар цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр манай улсын эдийн засагт тус салбарын оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэх болно.
Ашигласан материалын жагсаалт
- Аялал жуулчлалын тухай Монгол улсын хууль
- Аялал жуулчлалтай холбогдсон эрх зүйн баримт бичгийн эмхэтгзл. ХЗДХЯ, ЗТАЖЯ. УБ„ 2006.
- Аялал жуулчлалын статистикийн мэдээллийн эмхэтгэл 2000-2005. ЗТАЖЯ УБ., 2006
- Аялал жуулчлалын статистикийн мэдээллийн эмхэтгэл. ЗТАЖЯ УБ„ 2008.
- Г.Бизъяа. Аялал жуулчлалын маркетинг. УБ„ 2005.
- М.Билэгсайхан, Д.Чингүүн. Аялал жуулчлалын онол, практик, технологийн асуудалд. Цуврал 1,2. УБ„ 2005.
- ГТХАН, Аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөө. УБ„ 2006.
- Жайка. Аялал жуулчлалыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр. УБ.,1999.
- Сатистикийн мэдээллийн эмхэтгэл. 2007. УБ„ 2008.