Д. Ганбаатар
/ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв. Магистр/
Шинэ толь №71, 2011
Түлхүүр үг: Хятадын бодлого, эдийн засгийн бодлого, чөлөөт бүс, тусгай бүс, асуудал бэрхшээл, эдийн засгийн өсөлт, ҮНБ, ДНБ
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Оршил
БНХАУ нь эдийн засгийн хөгжлөөрөө хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэнэ. Энэ үйл явцын гол мөн чанар нь тухайн улс орны зөв бодлого, хөтөлбөр гэж үзэж болно. БНХАУ нь зөвхөн чөлөөт бүсийг зөв оновчтой байгуулснаар өндөр хөгжсөн гэж үздэг. 1970 оны үед Япон болон Азийн бар улсуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн туршлага нь дэлхийн бусад улсууд эдийн засгийн хөгжлийн замаа сонгоход чухал нөлөөлөл үзүүлэв. 1970 оны сүүл үед Хятад улсын эдийн засаг үндсэндээ уналтад ороод байв. Социалист эдийн засгийн бүтцийг өөрчлөхгүйгээр улсын эдийн засгийн хөгжлийн ямар ч боломж нөхцөл Хятад улсын хувьд үгүй байв. Энэ удаа БНХАУ-ын чөлөөт бүсийн хөгжлийн талаар бичихийг зорилоо.
БНХАУ-ын төрийн бодлого
1978 онд хуралдсан Хятадын Коммунист намын 11-р Их хурлын 3-р Бүгд хурал нь Хятадын өөрчлөн байгуулах их хувьсгалын түүхэн хуудсыг нээв. “Хятад улс даяар нэгдсэн бодлого хэрэгжүүлэхийн өмнө эхлээд нэг хэсэг нутгаас эхлэх ёстой. Нэг газар нутгаас, Нэг салбараас эхний алхмыг хийж, хөгжлийн зөв замыг аажмаар олох ёстой” гэсэн номлолыг Хятад улсын их удирдагч Дэн Сяопин дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэх ажил эхэлжээ.
1980 оны 8-р сарын 26-ны өдөр хуралдсан бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 15 дахь удаагийн чуулганаар “Гуандун мужийн эдийн засгийн тусгай бүсийн тухай журам”-ыг баталсан нь урьд өмнө Хятад улсын түүхэнд байгаагүй “ТУСГАЙ БҮС” гэдэг нэр товъёог бий болгожээ.
Хятад улсын засгийн газраас тусгай бүсийн талаар дээрх журмаас өөр шинээр дахин хууль, журам батлан гаргаагүй бөгөөд энэхүү журмыг үндэслэн орон нутгийн захиргаа тухайн тусгай бүсийн холбогдох журам дүрмийг өөрсдөө батлан гаргадаг болжээ.
Хятад улсын анхны чөлөөт бүс болох Шэнжэнь хотын ард иргэд Хятад улсын түүхэнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн “Анхны” гэсэн тодотголтой зүйлсийг бий болгожээ. Ажиллах хүч шалгаруулан авах, ажлын талбар дээр ур чадварын өрсөлдөөн бий болгох, гэрээгээр ажиллах, хувьцаа худалдах, “Цаг бол алт, үр дүн бол амт”… гэх мэт зах зээлийн ойлголт, ухагдахууныг хүмүүст ойлгууллаа.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Шэнжэний тусгай бүсийн ДНБ жилд дунджаар 31.25%-р өсөж Ази төдийгүй дэлхийн хамгийн үсрэнгүй хурдтай хөгжлийн бүс болж чадлаа. Тиймдээ ч 2000 онд “Дэлхийн цэцэрлэг хот” гэсэн хүндтэй нэр алдрыг хүртлээ.
- Финдуны “Өндөр технологийн”,
- Хайнаны “Жижиг засгийн газар, том нийгэм”,
- Сьямэний “Санхүү, татвар, төлөвлөгөөт хөгжил,
- Жухайн “Дэд бүтэц ба газар тариалан” зэрэг олон чиглэл салбараар хөгжүүлсэн тусгай бүсүүд хятад улсын хөгжлийн зөв замаа богино хугацаанд олж авах их туршилтын талбар болсон байна.
Шэнжэнь, Финдун, Сьямэн, Хайнан, Жухайн зэрэг 5 бүсийн эдийн засаг сүүлийн 10 жилд 100 дахин өслөө. Дээрхи 5 бүсэд нийт 50 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт ороод байна. Хятад улсад орсон гадаадын нийт хөрөнгө оруулалтын 13 хувь дээрх 5 бүсэд орсноос гадна экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувь эдгээр бүсэд үйлдвэрлэгдэж байна. Хятад улсын хэмжээний өндөр технологийн хөрөнгө оруулалтын 50 гаруй хувь нь дан ганц Шэнжэний чөлөөт бүсэд ороод байна.
Тусгай бүсийн бий болгосон хувь нэмрийг дан ганц нийгмийн хөгжил, хотын хөгжил, дэд бүтцээр хэмжиж болохгүй юм. Тусгай бүс нь Дэн Сяопиний “Хүн оюун ухааныхаа хаалгыг нээх ёстой” гэсэн номлолыг хэрэгжүүлсэн их гавьяатай.
Тусгай бүс нь байнгын туршилтын явцад хөгжиж иржээ. Нийгмийн баялгийг бүтээн босгох “туршилт”, хувьцааг худалдаалах “туршилт”, зах зээлийг нээлттэй болгох “туршилт” үнийг чөлөөлөх “туршилт”, боловсон хүчнийг сонгон шалгаруулах “туршилт”, аж ахуй нэгжийг өөрчлөн байгуулах “туршилт”, ард түмнийг өмчтэй болгох туршилт гэх мэт маш олон “туршилтын талбар” болж иржээ.
БНХАУ-ын чөлөөт бүсийг байгуулсан үе шат
Үүнд: 1. 1980-1985 он буюу хөгжлийн эхэн үе
Энэ хугацаанд дэд бүтцийг бий болгохыг голлон анхаарсан. Хөрөнгө их шаардагдсан ажил хийгдсэн. Гэхдээ засгийн газраас мөнгө өгөөгүй, зөвхөн бодлого өгсөн. Банкны зээл, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалт гэсэн 3 эх үүсвэрээр мөнгө орж ирсэн. Шэнжэний чөлөөт бүсийг байгуулахад улсаас анх 300 сая юань гаргасан бөгөөд энэхүү мөнгийг Шэнжэний засаг захиргааны зардалд болон Гонконг Шэнжэнийг холбосон гүүрийг Хятад улсын мэдэлд худалдан авахад зарцуулсан байна.
- 1985-1990 он буюу хөгжлийн 2-р үе
Энэ хугацаанд чөлөөт бүсийн хэлбэр бүрэлдэн тогтсон. Гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийн хэмжээ хурдтай өссөн. Гадаад худалдаа өндөр ашигтай гарсан. Энэ бүгдийг татварын хөнгөлөлттэй зөв бодлогоор дэмжиж чаджээ. Энэ хугацаанд хувцас, гэр ахуйн цахилгаан бараа хүнсний үйлдвэрлэл голлон хөгжлөө.
- 1990 оноос хойш үе буюу хөгжлийн 3-р үе
Энэ үед тусгай бүсийн шинэ үе эхэлсэн. Хөгжлөө дагаад олон шинэ асуудал гарч ирсэн байна. Тусгай бүс өргөжиж улсын бүх нутгийг хамарч бусад орон нутагт үзүүлэх хөнгөлөлтүүд нэмэгдсэн нь тусгай бүс орон нутгийн хоорондын ялгааг багасгалаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид заавал тусгай бүс гэлтгүй бусад орон нутгийг сонгож эхэлжээ.
Техник, технологи, мэдээлэл холбооны хөрөнгө оруулалт нэмэгдэж хувцас хүнс, гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлийн хэмжээ багасч аажмаар эх газарт шилжиж эхэллээ.
БНХАУ-ын эдийн засгийн бодлого
- Зээлийн бодлого
Банкнаас аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн 50 хүртэл хувийг засгийн газар өөрөө хариуцсан. Бага хүүтэй зээл олгох бодлогыг хэрэгжүүлсэн.
- Татварын мөнгийг захиран зарцуулах бодлого
Орон нутгийн захиргаа болон төв засгийн газарт тусгай бүсийн захиргаа нь татвар төлөхгүй. Тусгай бүсийн дотор авсан татварыг тусгай бүсийн дотор зарцуулах эрхийг тодорхой нөхцөлтэйгээр тусгай бүсийн захиргаанд өгчээ.
- Татварыг дэмжсэн бодлого
Тусгай бүсийн дотор үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн түүхий эд тоног төхөөрөмжөөс эхний 8 жилд гаалийн татваргүй байна. Хятад улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 33% бол тусгай бүсийн хувьд 15% байна. 20 жилийн өмнө Хятад улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 55% байсан. Тэр үед аж ахуйн нэгжүүд тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэн ихээхэн ашигтай байлаа. Аж ахуйн нэгжээс орлогын албан татварыг эхний 2 жилд ногдуулахгүй дараагийн 3-5 жилд 7,5 хувийн 5 жилийн дараа 15% татвар ногдуулдаг байна. НӨАТ-ийг тусгай бүсийн дотор ногдуулахгүй.
- Шуурхай үйлчилгээ үзүүлэх бодлого
Гаалийн үйлчилгээг шуурхай болголоо. Гадаадын хөрөнгө оруулагчид хилээр олон дахин нэвтрэх виз олгодог болсон. Зарим орны иргэдэд хилийн олон дахин нэвтрэх виз олгодог болов. Гадаадын хөрөнгө оруулагчид 30 сая ам доллараас бага хэмжээний хөрөнгө оруулалт хийх нөхцөлд холбогдох зөвшөөрлийг орон нутгийн захиргаа олгох эрхтэй болсон. Тусгай бүсийн захиргаанд эдийн засгийн болон захиргааны өөрчлөлтийг хийх эрхийг олгов.
Хятад улсын тусгай бүс бусад улсуудын тусгай бүс хоорондын ялгаатай талууд
Хятад улсын тусгай бүс нутаг нь дэлхийн бусад орны тусгай бүсүүдтэй адилгүй өөрийн гэсэн онцлогтой. Бусад улс тусгай бүсүүдийг хэрэгжүүлсэн туршлага болон
Хятад улсын онцлог байдалд тулгуурлаж тусгай бүсийг байгуулжээ.
- Тусгай бүсийн эзлэх талбайн хэмжээ том. Ихэнх улсын тусгай бүс дунджаар 1 кв.км талбайтай байдаг бол Хятад улсын хувьд энэ нь 100 кв.км, түүнээс дээш талбайг эзэлдэг байна. Тухайлбал, Шэнжэний чөлөөт бүс нийтдээ 327.5 кв.км нутгийг эзэлдэг бол Жухай, Шантао, Сьямэний тусгай бүсүүд дунджаар 150 орчим кв.км нутгийг эзэлдэг байна.
- Хот дотор тусгай бүсийг олноор байгуулав. Энэ нь үйлдвэрлэл, ажиллах хүч үйлчилгээг ойртуулах давуу талтай.
- Хагас хаалттай тусгай бүс. Шэнжэний эдийн засгийн тусгай бүсээс бусад бүх бүс хагас хаалттай бүсэд хамаарагдана. Өөрөөр хэлбэл, Шэнжэний бүсээс бусад бүсийг хашаагаар хүрээлж тор татаагүй. Энэ нь тухайн орон нутгийн эдийн засгийн харилцааг дэмжих давуу талтай.
- Тусгай бүсийн дотор явуулдаг үйл ажиллагааны төрөл олон. Экспортыг дэмжих, дотоодын импортыг орлосон хослолтой хэлбэртэй.
Хятадын чөлөөт бүсийг дотор нь долоон төрөлд хуваадаг. Үүнд:
- Эдийн засгийн чиглэлийн бүс (SEZ)
- Эдийн засаг, технологийн хөгжлийн бүс (ETDZ)
- Өндөр технологи, үйлдвэрлэлийн хөгжлийн бүс (HIDZ)
- Худалдааны чөлөөт бүс (FTZ)
- Экспортын чиглэлийн бүс (EPS)
- Хязгаар нутгийн эдийн засгийн хамтын бүс (BECZ)
- Тайваны хөрөнгө оруулалтын бүс (TIZ)
Эдийн засгийн чиглэлийн бүс:
Хятадад нийт 5 эдийн засгийн чиглэлийн бүс байдаг бөгөөд үүнд 4 хот, 1 муж хамаардаг.
- Гуандун мужийн Шэньжин хот
- Гуандун мужийн Жухай хот
- Гуандун мужийн Шаньтоу хот
- Гуандун мужийн Сьямэн хот
- Хайнан муж
1988 онд БНХАУ-ын далайн эрэг орчмын нээлттэй 14 хотын 12 нь эдийн засгийн онцгой бүс нээн ажиллуулж байсан. Энэ үеийн онцгой бүсүүд нь хотоосоо зайдуу оршдог бөгөөд тухайн хотынхоо зам харилцаа, тээвэр, үйлчилгээ, байгалын баялаг зэргийг түшиглэн байгуулдаг байна. Эдгээрийн дотроос хөгжил, эдийн засаг, үйлдвэрлэлийн үр ашгаараа хамгийн тэргүүнийх нь Ляонин мужийн Далянь хот юм.
БНХАУ-ын төрийн зөвлөлийн 1984 оны аравдугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Далянь хотын эдийн засгийн онцгой бүсийг байгуулжээ. Энэ бүсийг урьд нь тосгон байсан газарт нэг гүвээг тойруулан далайн эргийн ойролцоо байгуулсан бөгөөд нутаг дэвсгэр нь 20 км.кв бөгөөд аж үйлдвэр, ахуй үйлчилгээ, орон сууцны гэсэн 3 районоос бүрджээ. Дээрх онцгой бүсэд хятад-гадаадын хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалтаар барьсан болон барьж буй үйлдвэр, зочид буудал, соёл ахуй үйлчилгээний барилга байгууламж байна.
Энд нийт 215 үйлдвэр объект барихаас одоогоор 80- ыг бариад байгаагийн 30 нь Хятад-гадаадын болон гадаадын дагнасан үйлдвэр байна. Хамтарсан үйлдвэр Объектын хөрөнгө оруулалтын ихэнхийг Хятадын тал гаргадаг бөгөөд 25-30 хувийг нь гадаадаас оруулдаг байна. Оруулсан хөрөнгийнхөө хувиар орлогоо хуваадаг ажээ.
Далянь хот нь эдийн засгийн онцгой бүс бөгөөд Хар мөрөн, Гирин, Өвөрмонголд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлж байгаа гэнэ. Энд хамтарсан үйлдвэр объектын ихэнхийг Японтой хөрөнгө хоршин барьж байна. Японоос гадна Гонконг, АНУ, ХБНГУ, Итали, Сингапур, Франц улс хөрөнгө оруулж байна.
Хамтарсан болон дагнасан үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ 50-иас доошгүй хувийг гадаадад гаргаж байгаа бөгөөд гол нь электрон тооцоолон бодох багаж хэрэгсэл, химийн болон нэхмэлийн бүтээгдэхүүн, хүнсний зүйл, бэлэн хувцас зэрэг барааг үйлдвэрлэж Япон, АНУ, Гонконг, ЗӨА-ийн орнуудад гаргаж байна. БНХАУ нь 1988 оны үед социалист орнуудтай хамтарсан үйлдвэр, объект барьж хөрөнгө оруулалт хийгээгүй байжээ. Харин хуучнаар ЗХУ- аас техник, тоног төхөөрөмж (2 сая юанийн) худалдааны шугамаар авахаар холбогдох контракт байгуулж байжээ. Энэ нь социалист систем задарч байсантай холбоотой Хятад улсын бодлого байжээ. Ер нь хамтарсан болон дагнасан үйлдвэрийг гэрээ хэлэлцээний үндсэн дээр 20-30 жилийн хугацаатайгаар байгуулж байгаа бөгөөд уг үйлдвэрийг цаашид хамтран ажиллах эсэх, Хятадын болгох буюу үйлдвэрийн ажиллагааг зогсоох зэрэг асуудлуудыг гэрээний хугацаа дуусах үед нь ярилцаж шийдэх ёстой юм байна.
Хамтарсан үйлдвэрийн тухай 1986 онд төрийн зөвлөлөөс гаргасан 22 зүйлт дүрмийн наймыг нь Даляньд орон нутгийнхаа байдалд тохируулан өөрчилж, бусдыг нь хэвээр мөрдөж байгаа ажээ. Тухайлбал, дээрх хуульд хамтарсан буюу дагнасан үйлдвэрийн газараас эхний 2-3 жилд татвар авахгүй, дараагийн 3 жилд 10 хувийн, 7 жилээс цааш 15 хувийн татвар авах ёстой боловч бүтээгдэхүүнийхээ70-аас дээш хувийг экспортод гаргасан, мөн түүхий эдээ өөрсдөө авчирсан, орчин үеийн хамгийн тэргүүний техник төхөөрөмж нийлүүлсэн зэрэг нөхцөлд тухайн үйлдвэрийг татвараас бүрмөсөн чөлөөлөх зэрэг урамшууллын аргыг энд хэрэглэдэг байна. Татварыг заавал Америк доллараар гэхгүй, юанаар авч болох бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг давж биелүүлбэл татварын хөнгөлөлт үзүүлдэг байна. Түүнчлэн газрын түрээсэнд нэг хавтгай дөрвөлжин метр газраас 6-7 юань жилд авч байгаа нь хямд гэж үзэж буй боловч цаашдаа үнийг нь нэмэхгүй харин хорогдуулах чигтэй ажээ. Эдгээр аргыг хэрэглэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ, техник тоног төхөөрөмжийн чанар нэмэгдэж үр ашиг дээшилж байгаа гэнэ.
Далянь хотын эдийн засгийн онцгой үйлдвэрийн газруудын үр ашиг, бүтээгдэхүүний чанар дээшилж, бүтээгдэхүүнийхээ 70-аас дээш хувийг гадаадад гаргадаг үйлдвэрийн тоо олширч байгаа гэнэ.
Үүнтэй уялдан орлого нь нэмэгдэж байгаа учраас хэтийн төлөв сайн байгаа ажээ. Эдгээр үйлдвэрт ажиллагсдын мэргэжил, чадвар харьцангуй өндөр, хэд хэдэн хүний хийх ёстой ажлыг нэг хүн гүйцэтгэдэг учир ажилчдын цалин өндөр байдаг ажээ. Жишээ нь: цахилгаан станц, химийн үйлдвэрт хэрэглэх ган төхөөрөмж үйлдвэрлэж Япон, Пакистан, Ойрх Дорнодын орнуудад бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг, Японы Ёмото компанитай хамтарсан үйлдвэрийн ажилчид сард 7000 хүртэл юанийн цалин авдаг байв. Тус үйлдвэрт 220 хүн ажилладаг бөгөөд Хятадын өөрийнх нь ийм үйлдвэрт бол 1500 хүн ажиллах ёстой гэнэ. Хамтарсан үйлдвэрт ажиллагсдыг гэрээний үндсэн дээр сонгон авч ажиллуулдаг бөгөөд гадаадын мэргэжилтнүүдийг дагалдуулан сургах ажил зохиож, заримыг нь гадаадад сургууль курст явуулж мэргэжлийг нь дээшлүүлдэг байна.
Эдийн засгийн тусгай бүс дэх хамтарсан буюу дагнасан үйлдвэрийг гадаадынханд үзүүлэхдээ дургүй юм. Олон хоногийн өмнөөс асуудал тавивал зохицуулж болох бөгөөд өдөрт 7-8 хүн зөвхөн үйлдвэр үзүүлж танилцуулах боловч ажил эрхэлдэг нь ажилд саадтай тул үйлдвэрээ аль болохоор үзүүлэхгүй байх чигтэй байдаг.
Хамтарсан үйлдвэрийн удирдлагын хувьд үйлдвэрийн дарга нь хятад хүн байвал орлогч нь гадаадын хүн байдаг. Дарга нь гадаадын хүн бол орлогч дарга нь хятад хүн байх жишээтэй.
Үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдсон томоохон асуудлыг Хятад гадаадын хамтарсан удирдлагын зөвлөгөөнөөр шийддэг байна.
Эдгээр үйлдвэрт ажиллагсдын 10 орчим хувь нь намын гишүүн байдаг ба намын үүрэгтэй. Намын байгууллага зөвхөн Хятад ажилчдын дунд зохиох намын улс төр, үзэл суртал, дотоод ажлыг хариуцахаас биш, үйлдвэрийн ажилтай холбогдсон асуудалд оролцох ёсгүй гэнэ.
Тохиолдож буй гол бэрхшээл гэвэл:
Онцгой бүсийг нээн ажиллуулаад удаагүй, 4 жил болж байгаа тул туршлага дутах, боловсон хүчний хангалт сайнгүй, тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэр объект барихад бүх хөрөнгө мөнгөө зарцуулсан тул валют санхүүгийн нөөц хомс болсон. Зарим үйлдвэрийн газрууд бүтээгдэхүүнийхээ валютаар борлуулах зах зээл ховор тул дотооддоо гаргаж байгаа нь зохисгүй үзэгдэл гэж үздэг байна.
Үйлдвэрийн удирдлага зэрэг зарим хүмүүсийн тархи толгой дахь хуучин үзэл бодол арилаагүй нь ажилд муу нөлөө үзүүлж байгаа ажээ.
Гэхдээ цаашдын төлөв сайн байгаа бөгөөд өнгөрсөн 4 жилд гол бэрхшээлүүдийг даван туулсан гэж холбогдох хүмүүс ярьж байжээ.
Далянь хотын эдийн засгийн онцгой бүс 1990-2000 он буюу 10 жилд эдийн засаг, худалдаа, зам тээвэр, соёл ахуй үйлчилгээний биеэ даасан томоохон төв болох төдийгүй жуулчны том бааз болж байгаа бөгөөд Далянь хотод ийнхүү эдийн засгийн онцгой бүс нээснээр тус хотын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 10 жилийн дотор 10 тэрбум юаньд хүрэх ба 10 жилийн дараа энэхүү онцгой бүс бүх Далянь хотын хэмжээгээр одоо гаргаж буй бүтээгдэхүүнтэй тэнцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.
Энэ бүст цаашдаа цахилгаан станц химийн үйлдвэр, усан боомт зэрэг томоохон барилга байгууламж барих төлөвлөгөөтэй байжээ. Энэ усан боомт нь л гэхэд жилд 60 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий 1988 оны Далянь хотын усан боомтоос хоёр дахин илүү ачаа оруулж гаргах хүчин чадалтай дэлхийд дээгүүрт орохоор орчин үеийн боомт байх ажээ. Уг боомтыг дэлхийн банкны зээлээр барьсан бөгөөд 1991 онд гол хэсгийг нь ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байжээ. Одоогоор энэхүү шинэ боомт Япон, Солонгос, Тайвань, ЗӨА-ийн болон Африк, Европын орнуудтай хийх худалдаа болон зорчигч, жуулчдыг тээвэрлэхэд ашигладаг байна. Тухайн үедээ БНХАУ-ын тооцоолж байснаар гурван саад арилбал ЗХУ (хуучнаар)-тай төмөр замаар хийж буй ачааны үнэ хөлс 1/3-ээр хямдарна. Иймд Япон, Гонконг, Өмнөд Солонгос, ЗӨА-ийн орнууд энэ боомтыг их сонирхож байжээ.
Далянь хотын эдийн засгийн онцгой бүсийн барилга байгууламжид зориулан Америк, Япон, Өмнөд Солонгос, Гонконг, Тайваний хүмүүс хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг эрхлэхээр дээрх орнуудаас 60 өрх айл ирж тус бүсэд оршин сууж байжээ. Хятадын төв, орон нутгаас онцгой бүсийн ажил байдалтай танилцах, туршлага судлахаар олон хүн, групп явуулдаг байв.
Хятадын далайн эрэг орчмын нээлттэй хотуудад эдийн засгийн онцгой бүс байгуулан ажиллаад төдий л удаагүй боловч үр дүн, ашиг өгөөж нь сайн байгаа нь Далянь хотын эдийн засгийн онцгой жишээн дээр харагдаж байна.
Ийм бүс байгуулан ажиллаж байгаа нь тухайн хотынхоо нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилд томоохон түлхэц өгөх төдийгүй, эрдэм шинжилгээ судалгааны ажилд ч тус дөхөм үзүүлэх талтай байдаг байна. Түүнчлэн нийт улс орны эдийн засаг, зам тээвэрт нааштай нөлөө үзүүлж байгаа нь өнөөдрийн байдлаас тодорхой харагдаж байна. Цаашдаа ийм бүсийн тоог олшруулах бодлоготой байгаа бөгөөд Шаньдун мужид эдийн засгийн онцгой бүс байгуулсан нь мөн л өндөр хөгжиж байна.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төрийн бодлого
БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн үечлэл дараах байдалтай байна. Энэ нь:
- 1980-1990 он хүртэлх хугацаа (ДНБ-г 1 дахин өсгөхөөр зорьсон)
- 1990-2000 он хүртэлх хугацаа
- Энэ зууны дунд хугацаанд ирэхэд БНХАУ-ыг дэлхийн өндөр хөгжилтэй орон болгох.
Харин энэ онд ҮНБ-ийг 1978 оныхтой харьцуулбал жилийн бодит дундаж өсөлт 9.7%-иар өссөн байна. 2003 он гэхэд ҮНБ-ний хэмжээ 11 триллион 661 тэрбум юань байлаа. 1 хүнд ногдох ҮНБ 1090 ам доллар байна. Шилжилтийн болон нээлттэй эдийн засгийн бодлого нь хоёулаа чухал ач холбогдолтой 1 зэрэг хэрэгжүүлэх хоёр арга юм. Экспортын хэмжээ 400 тэрбум юань.
Дэлхийн нийт цементийн хэрэглээний 50%-ийг, дэлхийн нүүрсний ашиглалтын 30%-ийг, гангийн 36%-ийг БНХАУ дангаараа ашиглаж байна. Эдийн засгийг үсрэлттэй байдлаар хөгжүүлж, хөгжиж байгаа орноос хөгжингүй оронд шилжүүлэх, төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх бодлого баримталж байна. 1978-аас 1991 онд аливаа эрхийг доод шатанд шилжүүлж хууль эрх зүйн шинэчлэлт хийсэн онцгой үе юм. 1991-2001 он нь зах зээлийн орчинг буй болгосон 2-р үе шат юм. Энэ үед нийгмийн байдал, нийтийн журмууд БНХАУ-ын хуучин төрийн улбаа, бодлоготой харшилдсан боловч үүнийг сайн уялдуулан зохицуулж чадсан.
2003 онд “Социалист нийгэмд нийцсэн эдийн засгийн зах зээлийн системийг бүрдүүлэх” чиглэлийг баталсан.
Хөдөө тосгоны өөрчлөлт зах зээлийн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтэд онцгой үүрэгтэй байжээ (хамтрал нэгтгэл тарсан г.м). Татвар хураамжийн нэр төрөл тоо хэмжээг цөөлсөн (тариачдаас авах).
Бүх үнэ ханш засгийн газраас тогтоогдож байсан нь зах зээлийн үнэ ханштай тохирохгүй байлаа. Ингээд зарим барааны үнэ ханшийг өсгөх гэх мэтээр зах зээлийн үнэ ханшны системд шилжүүлсэн. Үнэ ханшийг 2 төрлийн аргаар тогтоосон. Өргөн хэрэглээний барааны үнийг засгийн газраас бусад барааны үнийг зах зээлийн ханшаар тус тус тогтоох болсон. Ингээд одоо засгийн газрын бонд, үнэт цаасны зах зээл хөгжсөнөөр гадаад зах зээлд Хятадын 1300 гаруй ААН-үүдийн хувьцаа зарагдах болжээ.
Технологийн зах зээлийн систем бүрдсэнээр оюуны эд хөрөнгийн эрх хамгаалагдах болсон. Мөн газар, үл хөдлөх хөрөнгө зах зээлд орж хуульчилснаар газрыг түрээсэлж эргэлтэд оруулах болсон. Дэлхийн хамгийн түрээслэгдэж буй газар Гонконгд байна.
БНХАУ-д анх удаа Шинжинд эдийн засгийн тусгай бүс байгуулснаар газрыг бусдад шилжүүлэх эрх, түрээсийн тухайд чөлөөтэй болж газрын цоо шинэ томоохон зах зээл үүссэн. Газар түрээслэх хамгийн урт хугацаа 70 жил байна. Газрыг тендер, дуудлага худалдаагаар түрээсэлж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын чөлөөт бүсүүд
Хөнгөлөлт чөлөөлөлтийн бүсүүд нь хөгжлийн болон чөлөөт гэсэн үндсэн 2 төрөлтэйгөөр хөгжиж байна. Хөгжлийн бүс нь харьцангуй том газар нутагтай, цогцолбор байдалтай, дотроо чөлөөт бүсүүдийг байршуулж болдог онцлогтой байхад чөлөөт бүс нь ихэвчлэн (худалдааны, экспортын гэх мэт) дагнасан байдалтай байдаг. Хөгжлийн бүс нь орж гарахад нээлттэй бол чөлөөт бүс нь хашаа харуул хамгаалалттай. Гэвч хоёулаа л адилхан гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, дийлэнх үйлдвэрлэл үйл ажиллагаа нь экспортын чиг хандлагатай, газрын түрээс, татварын тусгай дэглэмтэй юм.
БНХАУ-ын чөлөөт бүсүүд нь дараах төрөл хэлбэрүүдтэй байдаг байна. Үүнд:
- Чөлөөт боомт (Нээлттэй худалдааны бөөний хилийн захын хэлбэртэй)
- Худалдааны чөлөөт бүс буюу гаалийн баталгаат бүс
- Экспортын боловсруулалт (бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн) бүс
- Шинжлэх ухаан технологийн парк
- Эдийн засгийн тусгай (онцгой район) бүс
- Эдийн засгийн хөгжлийн бүс
гэсэн үндсэн 6 төрөлтэй. Дэлхийн түгээмэл хамгийн том 6 хэлбэр эд юм.
1990-ээд оноос далайн боомтын чөлөөт бүсээс гадна нутгийн гүнд чөлөөт бүс байгуулагдаж эхэлсэн. 2000 онд дэлхийн худалдааны байгууллагад БНХАУ гишүүнээр элсэн орсноор чөлөөт бүсийн худалдаа наймааны эрчимжилт улам дээд шатандаа орсон.
Дүгнэлт
БНХАУ нь чөлөөт бүсийг сүүлийн 20-иод жилийн хугацаанд эрчимтэй хөгжүүлж байгаа улс орны тоонд зүй ёсоор тооцогдоно. Чөлөөт бүсийг хөгжүүлсэн энэ амжилт нь төрийн бодлого болон хууль эрх зүйн орчинтой нягт холбоотой. Мөн БНХАУ-ын чөлөөт бүс нь өөрийн гэсэн дүр төрх, онцлоготойгоор хөгжсөн гэж үзэж болно.
Учир нь улс орнууд чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ тодорхой газар нутгийг Чөлөөт бүс болгон зарладаг. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулалт нүсэр бүтцийг араасаа дагуулдаг. Харин БНХАУ нь чөлөөт бүсийг хөгжүүлэхдээ subzone буюу дэд бүс, тусгай бүс гэсэн ойлголтоор байгуулан хөгжүүлсэн байна.
Ашигласан материал:
- “Алтан булаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны чөлөөт бүсийн судалгааны ажил.
- “Алтан булаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба: Алтан булаг худалдааны төвийн Мастер төлөвлөгөө.
- “Алтан булаг” худалдааны чөлөөт бүс: БНХАУ-д явагдсан “Эдийн засгийн чөлөөт бүс” сэдэвт судалгааны материал.
- Хүрэлбаатар.Т. “БНХАУ-д гадаад худалдаа хийх боломжууд”. Бизнесийн мэдээ. 2005.09.18. №29.
- Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 он.
- “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, 2003 он.
- Free Trade Zones Law of China, 1985.
- http://www.Free Trade Zone.org